Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2022/01472

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр /17040/ Чингисийн өргөнө чөлөө 37/1 тоотод байрлах, Жи Эс Би Капитал ББСБ ХХК /5416078/-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянзүрх дүүрэг, 5-р хороо, Монел 12-р гудамж, 232 тоотод хаягийн бүртгэлтэй, одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харья Хорих 407 дугаар ангид ял эдэлж буй, Чой овогт Ёндонжунай Цэцэгмаа /ХЗ70122062/-д холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 15,255,999,9 төгрөг, нотариатын зардалд 18,000 төгрөг тус тус гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батчимэг,

Хариуцагч Ё.Цэцэгмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Пүрэвдагва нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Жи Эс Би Капитал ББСБ ХХК нь Ё.Цэцэгмаад холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт үндсэн зээл 10,000,000 төгрөг, үндсэн хүү 4,773,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 482,999,99 төгрөг, нотариатын зардалд 18,000 төгрөг, нийт 15,273,999.99 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан ЗГ0303180231 дугаартай зээлийн гэрээ, уг гэрээгээр 10,000,000 төгрөгийг, 1 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, төлбөрийн зориулалттай олгосон боловч гэрээний үүрэгт 890,000 төгрөг төлснийг гэрээгээр тохирсон нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн дээл гэсэн дараалаар суутгасан гэж тодорхойлон тайлбарласан.

 

3. Хариуцагч хариу тайлбартаа автомашин худалдан авах зорилгоор нэхэмжлэгчээс зээл авч, 13.000.000 төгрөгөөр приүс-20 маркийн автомашин худалдан авч, уг машины өмчлөлийг нэхэмжлэгч Жи Эс Би капитал ББСБ ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. Тухайн үед зээлийн гэрээг нэг сарын хугацаатай хийсэн боловч жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон. Ингэж зээл авах үед би эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаад 7 жилийн хорих ял авснаар эрхээ хязгаарлуулсан. Энэ эрүүгийн хэрэгт шалгагдаж байхад өөрийн хашаа байшингийг зээлийг Давхарбаяр гэдэг хүнээр чөлөөлүүлсэн бөгөөд тэр хүн миний зээлээр авсан унаж байсан автомашиныг авсан. Би Жи эс би капиталд 500.000 төгрөгийн зээл төлсөн санагдаж байна. Эрүүгийн хэрэг шийдвэрлэгдсэний дараа Давхарбаяр гэдэг хүн надаас мөнгөө авахаар нэхэмжилсэн. Саяхан тэр асуудлаар эрүүгийн журмаар шалгагдаж байхдаа Жи Эс Би капитал ББСБ ХХК-г иргэний хариуцагчаар татаж, машиныг Давхарбаяраас гаргуулж авах хүсэлтийг мөрдөн байцаагчид гаргасан. Надад төлбөрийг төлөх боломж байхгүй учираас эрүүгийн хэрэгт нэхэмжлэгчийг иргэний хариуцагчаар татаж, Давхарбаяраас машиныг авч Жи Эс Би Капитал ББСБ ХХК-нд өгч төлбөрийг барагдуулах хүсэлтэй байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

4. Нэхэмжлэгчээс ТЗ101/210 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Монголын нотариатын танхимын 18,000 төгрөгийн мөнгөний тасалбар, иргэдийн зээлийн хүсэлтийн тухай мэдээлэл, 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн ЗГ0303180231 дугаартай зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Ё.Цэцэгмаагийн иргэний үнэмлэхний хуулбар, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Жи Эс Би Капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлээс 15,045,446 төгрөгийн шаардлагыг хангаж, 228,553.99 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн ЗГ0303180231 дугаартай зээлийн гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагч Ё.Цэцэгмаад 10,000,000 төгрөгийг, сарын 3,5 хувийн хүүтэй, 1 /нэг/ сарын хугацаатай зээлдүүлсэн байна.

 

3. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зээлийн гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр байна.

 

4. Нэхэмжлэгч нь хариуцагчид зээлдүүлсэн 10,000,000 төгрөгийг түүнд бэлнээр өгөхөөр гэрээний 3.1.2-т тохирсон байх бөгөөд уг зээлийн мөнгөн хөрөнгөөр хариуцагч нь приус-20 маркийн автомашин худалдан авсан болохыг тайлбарласнаар гэрээний мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ нэхэмжлэгч гүйцэтгэсэн талаар зохигчид маргаагүй тул хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

 

5. Нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн зээлийн 10,000,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 4,773,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 482,999.99 төгрөг, нийт 15,255,999.99 төгрөг нэхэмжилснийг хариуцагч зээлийн гэрээ байгуулж, зээл авсан үйл баримтын талаар маргаагүй боловч уг зээлийн мөнгөн хөрөнгөөр худалдан авсан автомашиныг иргэн Давхарбаяр авсан тул уг зээлийн төлбөрийг төлөх боломжгүй, 7 жилийн хорих ял сонссон учраас эрүүгийн хэрэгт Жи Эс Би Капитал ББСБ ХХК-ийг иргэний нэхэмжлэгчээр татаж, Давхарбаяраас машиныг авч нэхэмжлэгчид шилжүүлж төлбөрийг барагдуулахаар тайлбар гаргаж маргасан.

 

6. Шүүх хариуцагчид 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, түүнд хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан танилцуулснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй.

 

7. Дээрх зээлийн гэрээгээр хариуцагч Ё.Цэцэгмаа нь 10,000,000 төгрөгийг нэг сарын хугацаатай буюу 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд ашиглаж, зээлийн хүү төлөх үүрэг хүлээсэн байна.

 

8. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь гэрээний төлбөрийг тохирсон хугацаанд заавал төлөх үүрэгтэй бөгөөд энэхүү гэрээгээр үүрэг хүлээсэн үүргээ аливаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

 

9. Хариуцагч нь зээлийн гэрээний 3.1.5-д зааснаар 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 10,000,000 төгрөгийг хүүгийн хамт бүрэн төлж дуусгах үүрэг хүлээсэн байх боловч хэрэгт авагдсан зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгтээр хариуцагчийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 407,000 төгрөгийг хүүгийн төлбөрт, 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 140,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 250,000 төгрөг, 93,000 төгрөгийг тус тус нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт суутгаж, үүнээс хойш ямар нэгэн төлөлт хийгээгүй байна.

 

10. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж,

мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж,

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж тус тус заасан.

 

11. Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг дээрх хуульд заасан үндэслэлээр шаардах эрхтэй ч талуудын байгуулсан гэрээний 4.3-т гэрээний хугацаа дуусгавар болсон нь зээлдэгчийг зээл, түүний үндсэн болон нэмэгдүүлсэн хүүнээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж, 7.1.5-д зээлдүүлэгч нь гэрээг дангаар цуцалсан тохиолдолд зээл, түүний үндсэн хүүг хугацаанаас нь өмнө төлөх болон хугацаа хэтэрсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг давхар төлөхийг зээлдэгчээс шаардах эрхтэй гэж тохиролцсон.

 

12. Хариуцагч тал гэрээний хугацаа дуусгавар болсон талаар маргаагүй боловч эрхээ хасуулж хорих ял эдэлж байгаа тул төлбөрийг төлөх боломжгүй, уг зээлийн мөнгөн хөрөнгөөр авсан автомашиныг нэхэмжлэгч авах боломжтой гэж татгалзсан тайлбарыг гаргасан боловч тухайн автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн эсэх талуудын хооронд фидуцийн гэрээний харилцаа үүссэн эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримтыг зохигчид шүүхэд гаргаагүй, нэхэмжлэгчийн зүгээс гэрээний хугацаа дуусгавар болсноор хариуцагчид зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

13. Талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.1.5, 3.1.3-3.1.5 болон зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зааснаар зээлийн хүүг сарын 3,5 хувиар, нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиар тооцох, зээлдэгч зээлийн төлбөрийг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд төлөх, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус тохирсон байх боловч зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлээгүй байна.

 

14. Шүүх хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийг хууль болон зээлийн гэрээнд нийцүүлэн тогтоох нь зүйтэй бөгөөд зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хариуцагчийн төлсөн 407,000 төгрөгийг хүүд, 483,000 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүд тус тус тооцсон нь зээлийн гэрээний 3.3-т заасан дарааллыг зөрчөөгүй, нэхэмжлэгч нь 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр хүүг зогсоосон болохыг тайлбарласан.

 

15. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно гэж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх нь зээлдэгчийн үүрэг байна.

 

16. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар зохигч гагцхүү бодит үнэнд нийцсэн тайлбар гаргах, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй тул нэхэмжлэгчийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг гэж тодорхойлсон шаардлагын хүрээнд зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

17. Хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийг тооцоход үндсэн зээлийн дүн 10,000,000 төгрөгх3,5%=350,000 төгрөг /нэг сарын хүү/ х12 сар=4,200,000 /нэг жилийн хүү/ : 365 хоног=11,506.8 төгрөг /нэг өдрийн хүү/ 396,5 хоног /2018 оны 9-р сарын 12-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх 13 сарх30,5=396,5 хоног/ =4,562,446.2 төгрөг /төлөгдөөгүй хүү/, нэмэгдүүлсэн хүүний хувьд зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл тооцогдсон 966,199,9 төгрөгөөс төлөгдсөн 483,000 төгрөгийг хасаж тооцон 482,999,9 төгрөг байна.

18. Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотой гарсан нотариатын зардалд 18,000 төгрөгийг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасан үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй боловч хэрэгт авагдсан Монголын нотариатын танхим, 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 18,000 гэж бичигдсэн мөнгөний тасалбар бүхий баримтад тушаагчийн гарын үсэг зурагдаагүй, уг зардал нэхэмжлэгчээс бодитой гарсан болох нь эргэлзээгүйгээр нотлогдохгүй байх тул үүрэг гүйцэтгүүлэгчид учирсан хохиролд тооцох үндэслэлгүй байна.

 

19. Иймд дурдсан нөхцөл байдлыг үндэслэн хариуцагчаас үндсэн зээл 10,000,000 төгрөг, зээлийн хүүнд 4,562,446.2 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 482,999.9 төгрөг, нийт 15,045,446 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 228,553.99 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

20. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 234,320 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 233,177 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ё.Цэцэгмаагаас 15,045,446 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Жи Эс Би Капитал ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 228,553.99 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 234,320 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ё.Цэцэгмаагаас 233,177 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Жи Эс Би Капитал ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ