| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 101/2020/03650/И |
| Дугаар | 101/ШШ2021/03739 |
| Огноо | 2021-11-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 101/ШШ2021/03739
2021 11 16 101/ШШ2021/03739
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч- Сүхбаатар дүүрэг,*******,*******,*******,*******,
хариуцагч- Баянзүрх дүүрэг,*******,*******,*******,
28.775.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд, хариуцагчийн төлөөлөгч Г.Энхбаатар, түүний өмгөөлөгч Я.Баярсайхан, гэрч Т.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд харилцан тохиролцож 2020 оны 5-р сарын 15-ны өдөр барилгын өргүүр худалдах, худалдан авах гэрээ байгуулан хамтран ажилласан. Гэрээний дагуу худалдагч талын зүгээс биет байдлын болон эрхийн доголдолгүй, чанарын шаардлага хангасан 2 ширхэг барилгын өргүүрийг гэрээ байгуулснаас хойш 3 хоногийн дотор холбогдох бичиг баримтын хамт худалдан авагч талд хүлээлгэн өгөх, худалдагч талаас 2 ширхэг барилгын өргүүрийн төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн.
Манай компаний зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ цаг тухайд нь биелүүлж 2 ширхэг барилгын өргүүрийн үнэ болох 25,000,000 төгрөгийг Даацын цамхаг ХХК-нд төлсөн боловч тус компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, заасан хугацаанд 2 ширхэг барилгын өргүүрийг нийлүүлээгүй, сар гаруй хугацааны дараа ажилладаггүй, эвдэрхий, ашиглах боломжгүй хуучин 2 ширхэг барилгын өргүүрийг манай компаний хэрэгжүүлж буй төслийн талбайд буулган орхиж явсан. Талуудын байгуулсан гэрээний 5.2-т худалдан авагчид эд ангийн доголдолгүй, улсын бүртгэл, үзлэгт хамрагдсан 2 ширхэг барилгын ачаа өргүүрийг хүлээлгэн өгөх үүрэгтэй гэж заасан боловч худалдан авагч талд хүлээлгэн өгөөгүй, хүлээлгэн өгсөн акт бичиг баримт үйлдээгүй, худалдан авагч талын эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэн өгөөгүйгээр барахгүй, эвдэрхий, шаардлага хангахгүй өргүүр төслийн талбайд авчирж буулгасан байдаг.
Манай компаний зүгээс Даацын цамхаг компаний гэрээний үүргээ биелүүлэн 2 ширхэг барилгын өргүүрийг угсарч суурилуулан хэвийн ажиллагаанд оруулж, худалдан авагч талд гэрээний дагуу актаар хүлээлгэн өгөхийг удаа дараа шаардсан боловч шаардлагыг огт биелүүлээгүй, ямар нэгэн арга хэмжээ аваагүй.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.4-т алдангийн талаар тодорхой тусгасан бөгөөд худалдагч тал болох Даацын цамхаг ХХК-д алданги тооцоход 3,775,000 төгрөг байна. Иймд Даацын цамхаг ХХК-иас 2 ширхэг барилгын өргүүрийн үнэ 25,000,000 төгрөг, гэрээний дагуу тооцсон алданги болох 3,775,000 төгрөг, нийт 28,775,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 5-р сарын 15-ны өдөр барилгын өргүүр худалдах худалдан авах гэрээ байгуулж, худалдан авагч талд техникийг актаар хүлээлгэн өгсөн байгаа. Нью тур компаниас эвдрэлтэй гэж тайлбарлаж байх боловч бид зориулалтын дагуу ашиглах боломжтой, чанарын шаардлага хангасан төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн. Тухайн үед нэхэмжлэгч компаний талбай бэлэн болгоогүйгээс өргүүр хүлээлгэн өгөх боломжгүй байсан. Өргүүрийг мэргэжлийн үнэмлэхтэй этгээд ажилуулахаар байгаа. Гэтэл нэхэмжлэгч компани мэргэжлийн хүнээр тухайн подемийг ажилуулсан эсэх нь тодорхойгүй байна.
Хэрэгт өгсөн байгаа Нью тур компаний албан бичиг нь манай компанид ирж байгаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Бид гэрээнд заасан шаардлага хангасан техник шилжүүлсэн, доголдлын талаарх баримт хэрэгт авагдаагүй байгаа тул гэрээний 2.3-т худалдснаас хойш 15 хоногийн дараа баталгаа олгохоор байгаа тул нэхэмжлэгч компани 2020-6-10-ны өдрөөс хойш барилгын ажил дуусах хүртэл уг подемийг ажиллуулж байсан. Тухайн үед Нью тур ХХК-ийн хүмүүс подем олдохгүй байна гэснээр манай компаний аж ахуйн хашаанд очиж үзснээр эдгээр подемийг үзэж харж сонгож авсан байдаг.
Нью тур ХХК-д гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу 2 ширхэг ачаа өргүүрийг хүлээлгэн өгөх байсан ба худалдан авагч талын барилгын талбай болох Баянзүрх дүүрэг, 11-р хороо, Багатэнгэрийн аман дахь барилгын талбайд хүргэж, 2020 оны 6-р сарын 16-ны өдөр 1 ширхэг ачаа өргүүрийг магадлалын акт үйлдэж Нью тур ХХК-ийн барилгын хяналтын инженер Э.Эрдэнэбилэгт хүлээлгэн өгч, угсарч өгсөн. Подема нь олон хүний хөдөлмөр хөнгөвчилж барилгын ачааг дээш, доош зөөвөрлөх төхөөрөмж тул барилгын ажлаа дууссаны дараа ашиглаж дуусаад ажиллахгүй байгаа гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь хүний ёс зүйд нийцэхгүй үйлдэл гэж үзэж байна гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Нью тур ХХК нь хариуцагч Даацын цамхаг ХХК-нд холбогдуулан 28,775,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан үндэслэлээ 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан барилгын өргүүр худалдах, худалдан авах гэрээний дагуу өргүүрийн худалдан авагчид шилжүүлж өгөөгүй тул шилжүүлсэн 25,000,000 төгрөг, худалдан авагчид төхөөрөмжийг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөөгүй тул алдангид 3,775,000 төгрөгийг тус тус гаргуулна гэж тайлбарласан.
Нэхэмжлэгч Нью тур ХХК нь хариуцагч Даацын цамхаг ХХК-тай 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр барилгын өргүүр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, худалдагч нь биет байдлын болон эрхийн доголдолгүй хоёр ширхэг чанарын шаардлага хангасан барилгын өргүүрийг худалдан авагчид гэрээ байгуулснаас хойш ажлын 3 хоногийн дотор нийлүүлэх, худалдан авагч нь гэрээний үнийн дүн болох 25,000,000 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш ажлын 3 хоногийн дотор худалдагч талд бэлнээр болон шилжүүлгээр төлж барагдуулах, худалдагч тал ачаа өргүүрийг гэрээнд заасан хугацаанд нийлүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан дээрх гэрээ болон зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож, зохигчид гэрээ байгуулсан талаар маргаагүй /хх-6-8/.
Зохигч талууд 2 ширхэг барилгын өргүүр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан талаараа хэн аль нь маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэв.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ гэж заасан.
Харин нэхэмжлэгч талаас гэрээнд заасан барилгын өргүүрийг худалдагч тал хүлээлгэн өгөөгүй, барилгын талбайд буулгасан өргүүр нь чанарын шаардлага хангаагүй тул худалдах худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн төлбөрөө буцаан гаргуулна гэснийг хариуцагч барилгын 2 ширхэг өргүүрийг хүлээлгэн өгсөн тул зөвшөөрөхгүй гэж маргасан.
Зохигчийн нотлох баримтаар гаргасан 137 дугаартай төлбөрийн даалгавараар худалдан авагч нь 25,000,000 төгрөгийг 2020 оны 5-р сарын 22-ны өдөр худалдагчид шилжүүлсэн /хх-10/, магадлалын акт, дүүжинт өргүүрийн техникийн магадлалын акт нь 2020 оны 6-р сарын 16-ны өдрийн огноотой байх бөгөөд түүнд Нью тур ХХК-ийн барилгын хяналтын инженер Э.Эрдэнэбилэг гэж гарын үсэг зурсан /хх-120-121, 122-124/ байна.
Хариуцагчийн нотлох баримтаар гаргасан сиди бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр ...2020 оны 11-р сарын 05, 2020 оны 12-р сарын 5-ны өдөр гээд манай ачааны өргөгч ажлаа гүйцэтгэж, хэвийн ажиллаж байна гэж эрэгтэй хүний ярьсан яриа бичигдэж, дүрсэнд хоёр барилгын гаднах дүрс, өргөгчийн зам, тавцан зэргийг харуулсан, цаг хугацааны хувьд харанхуй үед хийгдсэн бичлэг байв /хх-139-140/.
Мөн нэхэмжлэгчийн 2020-6-17, 2020-06-29, 2020-10-16-ны өдрийн огноотой Даацын цамхаг ХХК-нд хаягласан албан шаардлага хүргүүлэх тухай албан бичгийг /хх-13-16/ хариуцагч тал хүлээн аваагүй болохыг тайлбарлаж, Монгол шуудан ХК-ийн байгууллагад очих баримтад 2021-10-19-ний өдрийн 12 цаг 16 минут гэж бүртгэгдсэн /хх-12/ байх боловч тухайн албан шаардлагыг хариуцагчид гардуулсан гэх байдал нотлогдохгүй, Нью тур ХХК-ийн нэхэмжлэлийг шүүх хүлээн авсан дардасны бүртгэл 2021-10-19-ний өдрийн 13 цаг 30 минут гэж бүртгэгсэн /хх-1-р хуудас арын нүүр/ байна.
Тиймээс Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ гэж, 251.2-т хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэж зохицуулсан.
Талууд барилгын өргүүр худалдах, худалдан авах гэрээний 2.2-т ачаа өргүүр нь чанарын шаардлага хангасан, бүрэн бүтэн, бүх эд анги хэвийн ажиллагаатай байна гэж тохиролцсон байх боловч нэхэмжлэгч тал 2 ширхэг барилгын өргүүрийг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөөгүй, магадлалын актад гарын үсэг зурсан Эрдэнэбилэг нь дагалдан ажилтан байсан тул манай компани өргүүрийг хүлээн аваагүй тул хариуцагч нь гэрээний үүргээ ноцтой зөрчсөн гэж тайлбарласан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, зохигч гагцхүү бодит үнэнд нийцсэн тайлбар гаргах, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй оролцож, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг тул тэдгээрийн тайлбар нь нотолгооны хэрэгсэлд хамаардаг тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох, нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй тул нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл болон тайлбар нь баримтаар тогтоогдохгүй байна.
Түүнчлэн Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д зааснаар худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг худалдан авагч гаргах эрхтэй гэж заасан бөгөөд талуудын байгуулсан гэрээний 2.3-т барилгын ачаа өргүүр нь худалдагдсанаас хойш 15 хоногийн хугацаагаар баталгаа олгоно гэж тусгажээ.
Өөрөөр хэлбэл, талууд барилгын ачаа өргүүрт худалдагдсанаас хойш 15 хоногийн баталгаат хугацааг тогтоосон байх бөгөөд тухайн эд хөрөнгийн хүлээн авч акт үйлдсэнээр баталгаат хугацааг тоолохоор гэрээнд тусгаагүй, нэхэмжлэгч нь аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхэд зориулан барилгын өргүүрийг худалдан авахаар хариуцагчтай гэрээ байгуулсан байх тул худалдан авагчийн хувьд тухайн эд хөрөнгийг нэн даруй шалгаж авах үүргээ хэрэгжүүлсэн гэх байдал тогтоогдохгүй байна.
Худалдан авагчид шилжүүлсэн барилгын өргүүрийн засвар үйлчилгээг Даацын цамхаг ХХК хариуцахаар Нью тур ХХК-ийн төлөөлөгчтэй амаар тохиролцсон, төхөөрөмжийг хүлээлгэн өгснөөс хойш хийгдсэн засвар үйлчилгээний зардлагы төлөөгүйн улмаас тухайн худалдсан техникийн паспортыг хүлээлгэн өгөөгүй болохыг хариуцагчийн төлөөлөгч тайлбарласныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс сиди бичлэг дээр тусгагдсан подеми нь хариуцагч Даацын цамхаг ХХК-ийнх мөн боловч бид ашиглаагүй, манай компани өөр подема буюу өргүүр ашигласан гэх тайлбар нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
Тодруулбал, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь гэрээний зүйл болох барилгын ачаа өргүүр болох подемийг хүлээлгэн өгөөгүй, барилгын талбайд буулгасан гэх ачаа өргүүр нь биет байдлын болон чанарын шаардлага хангаагүй, доголдолтой, хариуцагч талын нотлох баримтаар гаргасан сиди бичлэгт тусгагдсан барилгын өргүүр буюу подемийг ашиглаагүй, нэхэмжлэгч нь өөр барилгын өргүүр буюу подема ашигласан гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Мөн гэрч Т.Батбаяр ...Нью тур компаний худалдан авсан барилгын өргүүрийг Бага тэнгэрийн аманд баригдаж байгаа барилга дээр аваачиж угсарч өгсөн, баруун талын барилгын өргүүрийг угсарч байхад хундам нь буруу байна гэснээр зүүн талыг өргүүр буюу подемийг эхлээд угсарч, дараа нь баруун талын подемийг угсарч дуусган Эрдэнэбилэг гэх инженерт хүлээлгэн өгсөн. Ингэж хүлээлгэн өгснөөс хойш хоёр удаа очиж засвар хийхэд подемийг мэргэжлийн хүн ажиллуулаагүй дуртай хүн нь юм өргөхдөө ажиллуулж байсан талаар хэлсэн, угсарсан подемийн нэг нь шинэ, нөгөөх нь буюу зүүн талын барилгад угсарсан подемийн мотор, насс нь шинэ байсан... гэж мэдүүлсэн.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд худалдан авагч нь баталгаат хугацааны дотор гомдлын шаардлага гаргасан гэх байдал, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зориулалтаар худалдан авсан барилгын өргүүрийг нэн даруй шалган авах үүргээ хэрэгжүүлсэн гэх байдал тогтоогдохгүй байх тул дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 301,825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.6, 255 дугаар зүйлийн 255.1.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч Даацын цамхаг ХХК-иас 28,775,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Нью тур ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 301,825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ