Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 172

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2017/0181/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Цуурай
Шүүгдэгч А.***, Б.***, *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, 115 дугаар зүйлийн 115.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ***  ***, ***  ***, *** нарт холбогдох эрүүгийн 201709000220 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, *** ***, 1995 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, *** мэргэжилтэй, ам бүл 2, эцгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн *** тоотод эрхэлсэн тодорхой ажилгүй оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, *** регистрийн дугаартай.

2.Монгол Улсын иргэн, *** ***, *** өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, токарьчин мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт  Дархан-Уул аймгийн Дархан сумын *** тоотод эрхэлсэн тодорхой ажилгүй оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Үүнд:
1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 4 сар 10 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлэхээр шийтгэгдэж, Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 74 дүгээр шүүгчийн захирамжаар 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 28 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, *** регистрийн дугаартай.

3.Монгол Улсын иргэн, ***, *** өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаан, хийн гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 2, эмээгийн хамт  *** тоотод эрхэлсэн тодорхой ажилгүй оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, Үүнд:
1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан,
2. Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-т зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгэгдэн тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, *** регистрийн дугаартай.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Б.***, А.***, *** нар нь 2017 оны 02 дугаар сарын сүүлч 3 дугаар сарын эхээр сэтгэцэд нөлөөлөх делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ агуулсан хогийн олс гэх ургамлыг борлуулах зорилгогүйгээр *** хэсгийн нутаг дэвсгэрээс түүж хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан,
Б.***, А.***, *** нар нь 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр насанд хүрээгүй Я.***ыг /16 нас 03 сар 18 хоногтой/ согтуурал, мансууралд татан оруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

    Шүүгдэгч Б.***гийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

    2017 оны 3 дугаар сарын 08-ны өдөр ***, А.*** бид нар Дархан сумын 15-р багийн Мангиртын 8-р хэсгийн Ховдын хороолол гэх газраас татаж үзэх гээд каннабас гэдэг нэртэй хатсан өвс түүсэн. Тэгээд бид гурав тэр өвсийг манай гэрт хадгалж байсан. Энэ ургамлыг Ховдын хороололд ургадаг гэдгийг *** ах зааж өгсөн тэгээд бид гурав очиж түүсэн. Бид нарыг 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр манайд архи ууж байхдаа түүсэн өвсийг ороож нойлын өрөөнд татаж байхад ***надаас би татаж үзье гээд байхаар нь би татаж байсан өвсөө өгсөн. Тэгсэн чинь ***тэрнээс ганц хоёр сорж байснаа хаячихсан. ***урьд нь тэр хатаасан өвсийг татаж байгаагүй. Анх удаа л бид нарыг татаж байхад сонирхоод татаж үзсэн. Бид урьд өмнө дам хүмүүсээс тэр өвсийг түүж хатааж, тэгээд нунтаглаж шигшээд шигшсэн нунтагаа цаасанд ороож татдаг гэдгийг сонсож байсан. Дахиж ийм өвс ургамал татахгүй гэм буруугаа ойлгож байна гэх мэдүүлэг,  

    Шүүгдэгч А.***гийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

2017 оны 3 дугаар сарын 08-ны өдөр ***, ***  бид гурав Мангиртын 8-р хэсгийн дээшээ ***гэдэг найзаасаа мөнгө зээлэх гээд явж байхдаа тэр хавьд татдаг өвс ургадаг гэж сонсож байсан болохоор би тэр хоёрт түүж үзэх үү гэж хэлсэн. Тэгсэн чинь *** ийшээ их ургадаг юм байна лээ гэж хэлээд нэг эзэнгүй хашаа руу ороход тэнд зөндөө хатсан өвснүүд байсан. Бид гурав тэр ургамлыг түүсэн. 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр ***, ***, *** бид нар Мангирт дэлгүүрээс 2 шил 075 гр-ын Түмний хишиг нэртэй архи аваад Б.***гийн гэрт очиж хоол хийж идэнгээ уусан. Тэгээд бид нар архи ууж байхдаа ***, Б.*** бид гурав урьд нь түүгээд авчирсан байсан ганжи нэртэй өвсийг нойлын өрөөнд ороод би шигшиж нунтаглаад чихрийн цаасны дотор нь байдаг мөнгөлөг цаасан дээр нунтагласан өвсөө тавиад доороос нь асаагуураа төөнөж шатааж утаа гарахаар нь цаасанд ороож утааг нь сорсон. Тэгж байтал *** хүрч ирээд сонирхоод байсан. Тэгэхээр нь бид нар чамд хамаагүй гэсэн чинь сорж үзье гээд байхаар нь Б.*** өөрийнхөө татаж байсан өвсийг ***д өгсөн чинь нэг хоёр сороод хаячихсан. Би урьд нь тэр татдаг гэх өвсийг харж байсан. Тэр өвсний навч нь хэлбэрээ алдсан хатсан байдалтай өнгө нь бор шаргал болчихсон байсан. Тэр өвч бусад өвс ургамлаас ялгарч мэдэгдэж байсан. Бид нар тэр өвсийг татаж үзэх гэж түүсэн. Өөр ямар нэг санаа зорилго байгаагүй. Би урьд нь 2017 оны 2 дугаар сард цагаан сарын өмнө Анагаахын сургуулийн урд уул руу бас Альфагийн урд талд байдаг ногоон хашаан дотроос түүдэг байсан. Би тэнд татдаг өвс ургадаг гэж хүнээс сонсож байсан болохоор сонирхоод хэсгийг түүж үзсэн юм. Тэгээд би тэр түүсэн өвсийг ишнээс нь хатсан навчийг нь татаж салгаад нунтаглаад цаасанд ороож татаж үзсэн. 5-6 удаа л тэгж сорж үзсэн. Дахиж ийм өвс урамлыг татахгүй гэм буруугаа ойлгож байна гэх мэдүүлэг, 

    Шүүгдэгч ***ний мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

2017 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Б.***, А.*** бид гурав Мангиртын 8-р хэсэг Ховдын хорооллын тийшээ явж түүсэн. Тэнд өвс ургадаг гэдгийг хүмүүсийн ярьж байхыг сонсоод тэгээд бид гурав явж байх замдаа үзсэн. Бид гуравыг үзэхэд бор шаргал өнгийн хатсан өвс байсан. Тэгээд бид гурав тэр өвснөөс түүгээд Б.***гийн гэрт нь авчирч тавьсан. 
2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Б.***гийн гэрт А.***, ***, *** бид нар архи уусан. Бид нар ***гийн гар утасыг ломбарданд тавьсан байсныг А.*** ломбард орж тэр мөнгөн дээр нь нэмж 20 000 төгрөг аваад тэр мөнгөөрөө Түмний хишиг нэртй архи 2 шилийг авсан. Тэгээд Б.***гийн гэрт очоод хоол хийж идэнгээ архиа уусан. Тэгээд бид нар архи ууж байхад А.*** хар саарал өнгийн үүрдэг цүнхэнд байсан өвс ургамлыг шигшиж нунтаглаад чихэрийн цаасны дотор байдаг мөнгөлөг цаасан дээр нунтагласан өвсөө тавиад доороос нь асаагуураар төөнөж шатааж утаа гарахаар нь цаасанд ороогоод утааг нь сорсон. Тэгээд би нойлын өрөөнөөс гараад гал тогооны өрөөнд хоол идэх гээд орсон тэгэхэд *** цаад өрөөнд сууж байсан. Тэр өвснөөс татсан эсэхийг мэдэхгүй байна. Би урьд нь татаж байгаагүй. Дахиж ийм өвс урамлыг татахгүй гэм буруугаа ойлгож байна гэх мэдүүлэг,

    Насанд хүрээгүй хохирогч Я.***гийн мөрдөн байцаалтад өгсөн:
    2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 16-17 цагийн үед Дархан сумын 15 дугаар багийн Мангиртын 2-р хэсгийн 3-р брак байранд байдаг Б.***гийн гэрт ***, А.***, Б.*** бид нар хоол хийж идээд миний гар утсыг Баян-Идэр худалдааны төвд байдаг ломбарданд 40 000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Тэгээд бид нар дэлгүүрээс Түмний хишиг архи аваад Б.***гийн гэр очиж уусан. Тэгээд архи ууж байхад А.*** гал тогоонд очиж шигшинэ гэж юм ярьж байгаад ***, хоёр *** ах нар нойлын өрөө рүү орсон. Тэгээд тэд нар сонинд нэг юм ороогоод татаад байсан. Тэгээд тэд нарыг нойлын өрөөнөөс гарч ирэхээр нь хар *** ахаас нэг сорж үзье гэж асуухад *** ах надад сонинд ороосон юм өгсөн. Тэгээд би нойлын өрөөнд ороод нэг сорж үзсэн чинь сонин оргиод байхаар нь хаячихсан гэх мэдүүлэг /хх-ийн 16/,

    Гэрч Э.***ын мөрдөн байцаалтад өгсөн: 

    Намайг гэрт нь хоол хийж байхад хар ***гийн гэрийнх нь гал тогооны өрөөний хаалганы ард газар хар саарал үүргэвчтэй зүйл байсан. Тэгсэн чинь шар *** гал тогооны өрөөнд орж ирээд тэр цүнхнээс гялгар ууттай өвс гаргаж ирээд шигшдэг саван дотор өвсөө хийж байгаад шигшээд шигшигдсэн нунтаг зүйлийг чук гек гэдэг чихрийн цаасны гялгар цаасан дээр тавиад доороос нь асаагуураар төөнөж уйгуулсан. Тэгээд тэр уйгаж байгаа утааг нь мөнгөлөг цаасанд хуйлж байгаад сороод байсан. Хэн нь эхэлж сорсоныг би анзаарч хараагүй. Би хоол хийнгээ тэд нарын хийж өгсөн архинаас нь ууж байсан. Би ургамлын харшилтай болохоор тэр зүйлийг нь үнэрлэж чадахгүй байсан. Ямар учиртай юу болохыг би мэдээгүй. Шар *** бид нар хэд хоногийн өмнө явж түүж ирсэн гэж ярьж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,       
    Гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн: 
    2841 дугаартай шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Энэ өвс ургамлын шинжлэх ухааны нэрээр Cannabisruderalis гэдэг орос нэр нь каннабис монгол нэр нь хогийн олс гэдэг. Энэ ургамал орон байрны гадуур болон замын хажуугаар хаа сайгүй ургадаг. Дарханд хуучин орос цэргийн анги байхад тарималжуулж байсан гэдэг. Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрт Мангирт, Батилон гэх газраар мөн Зулзага явах замд замын хажуугаар ургасан байдаг. Манайханы судалсанаар элбэг тархалттай ургамал гэж үздэг. Энэ ургамал 1 метр орчим өндөртэй ургадаг. Халгай ургамалтай төстэйдүү. Сарвуулаг нийлмэл навчтай ургамал юм. Энэ ургамал мансууруулах төрлийн бодис агуулсан мэдрэлийн үйл ажиллагаанд нөлөөлдөг агууламжтай байдаг гэх мэдүүлэг /хх-19/, 
    Гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн: 
    2017 оны 3 дугаар сарын 13-ны орой 20 цагийн өнгөрч байхад Мангиртад хар ***гийн гэрт нь хонох гэж очсон. Намайг хар ***гийн гэрт очиход тэднийд хар ***, шар ***, ***, ***аа нар байсан. Тэд нар намайг ороход 2 шил Түмний хишиг архи ууж байсан. 21 цагийн үед Мөнхөө ирээд бид нарт нэг шил архины мөнгө байна би айлын хашаа харж хонож байгаа цуг очиж хоноё гэсэн. Тэгээд бид нар 22 цагийн үед ***гийн гэрээс ***х рүү явсан. Намайг ***гийнд ороход тэд нар ямар нэг өвс ургамал татаж байгаагүй харин архи ууж байсан. ***гийн гэрт хатаасан өвс ургамал байдгийг мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-24/, 
    Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 2841 дугаартай шинжээчийн дүгнэлт: 
    1.2.3.Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Цэнхэр өнгийн гялгар уутанд хийсэн бор шаргал өнгийн ургамал мэт зүйл, ногоон өнгийн гялгар уутанд хийсэн бор шаргал өнгийн ургамал мэт зүйл, өнгөгүй гялгар уутад хийсэн бор шаргал өнгийн ургамал мэт зүйл зэргээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн жагсаалтад багтдаг болно гэжээ /хх-27/,  
     Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-3/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-14/, 2841 тоот шинжилгээний гэрэл зураг /хх-28-29/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-75, 76, 77/, шийтгэх тогтоол, магадлалын хуулбар /хх-79-84, 88-91, 93-95/, шүүгчийн захирамжийн хуулбар /хх-84-85/ зэрэг болно. 
Шүүгдэгч Б.***, А.***, *** нар нь 2017 оны 3 дугаар сарын 08-ны өдөр сэтгэцэд нөлөөлөх делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ агуулсан хогийн олс гэх ургамлыг борлуулах зорилгогүйгээр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Мангиртын 8 дугаар хэсгийн нутаг дэвсгэрээс хууль бусаар бэлтгэж, хадгалсан,
Б.***, А.***, *** нар нь согтуугаар 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр насанд хүрээгүй Я.***ыг /16 нас 03 сар 18 хоногтой/ мансууралд татан оруулсан болох нь шүүгдэгч нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.***, А.***, *** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 115 дугаар зүйлийн 115.1, 192 дугаар зүйлийн 192.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.   

Шүүгдэгч А.*** нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 4 сар 10 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлэхээр шийтгүүлж, Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 74 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 28 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж байсан болох шийтгэх тогтоол болон шүүгчийн захирамжийн хуулбараар /хх-79-85/ тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч А.***гийн ялтай байдал нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгох тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.   
    
    Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг хөнгөрүүлэх, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов. 

    Шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 115 дугаар зүйлийн 115.1, 192 дугаар зүйлийн 192.1-т заасан гэмт хэрэг тус бүрт баривчлах ял оногдуулж, оногдуулсан ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн гялгар ууттай бор шаргал өнгийн ургамал мэт зүйл 0,305 гр, ногоон өнгийн гялгар уутанд хийсэн бор шаргал өнгийн ургамал мэт зүйл 0,345 гр, өнгөгүй гялгар уутанд хийсэн бор шаргал өнгийн ургамал мэт зүйл 0,025 гр-ийг  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, 
хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

    Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

    1.Шүүгдэгч ***  ***, ***  ***, *** *** нарыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх ургамлыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, хадгалсан, 
    насанд хүрээгүй хүнийг мансууралд татан оруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

    2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 115 дугаар зүйлийн 115.1-т зааснаар шүүгдэгч А.***, Б.***, *** нарыг тус бүрийг 1 сар /нэг сар/-ын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-т зааснаар шүүгдэгч А.***, Б.***, *** нарыг тус бүрийг 3 сар /гурван сар/-ын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.  

    3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг журамлан шүүгдэгч А.***, Б.***, *** нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-т зааснаар оногдуулсан 3 сарын баривчлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 115 дугаар зүйлийн 115.1-т зааснаар оногдуулсан 1 сарын баривчлах ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч А.***д, Б.***, *** нарын биечлэн эдлэх ялыг 4 сар /дөрвөн сар/-ын хугацаагаар баривчлах ялаар тогтоосугай. 

    4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар шүүгдэгч А.***, Б.***, *** нарт оногдуулсан 4 сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй. 

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн гялгар ууттай 0,305 гр бор шаргал өнгийн ургамал мэт зүйл, ногоон өнгийн гялгар уутанд хийсэн 0,345 гр бор шаргал өнгийн ургамал мэт зүйл, өнгөгүй гялгар уутанд хийсэн 0,025 гр бор шаргал өнгийн ургамал мэт зүйлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дүгээр зүйлийн 306.1-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.***, Б.***, *** нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Т.БАТЖАРГАЛ