Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2021/ДШМ/329

 

 

 

 

 

  2021            03            31                                         2021/ДШМ/329   

 

Б.У-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор П.Ганбаатар,

шүүгдэгч Б.У-гийн өмгөөлөгч П.Баасанжав, О.Сайнгэрэл,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/1466 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.У-, түүний өмгөөлөгч П.Баасанжав, О.Сайнгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.У-д холбогдох эрүүгийн 1902000000201 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

У-,

 

албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж, өөрийн хамаарал бүхий “*****” ХХК-д Эмийн үйлдвэр барих төсөл”-ийн зориулалтаар урт хугацааны, хөнгөлөлттэй зээл авахын тулд Улсын Их Хурлын гишүүн бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Б-т хууль бусаар нөлөөлөн, “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Б-ийг Төсөл сонгон шалгаруулах хорооны дарга Д.Энхбат, гишүүн С.Т- нарт “тухайн төслийг шалгаруулахад анхаарах, заавал шалгаруулах” гэж хэлж, хууль бус үүрэг, чиглэл өгч нөлөөлөх байдлаар гэмт хэрэг үйлдэхийг удирдаж, хийх ёсгүй үйлдэл хийж, 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн А-141 дугаар тушаалаар “*****” ХХК-д 800.000.000 /найман зуун сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу Б.У-д өөрт нь болон түүний гэр бүлд эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Б.У-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч  улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө буюу бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.У-г нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.У-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараагаас эхлэн тоолохыг, шүүгдэгч Б.У- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол 800.000.000 төгрөгийг төлсөн болохыг, мөн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн А-4 хэмжээтэй цаасан дээр гараар бичсэн баримт 1 хуудсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Б.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.У- давж заалдах гомдолдоо: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Би энэ хэрэгт хамжигчаар оролцсон.

1.Улсын яллагчаас яллах дүгнэлтдээ намайг “ард түмний итгэлийг алдаа” гэж бичсэн байсан. Мөн шүүх намайг “УИХ-д ард түмнийг төлөөлөн сонгогдож, олон нийтийн итгэлийг алдагдуулж иргэдийнхээ төлөө юу ч хийгээгүй гэсэн дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Учир нь:

А. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсэгт санаачлага, идэвхтэй ажиллаж тойрогтоо “Таван толгой түлш” шахмал түлшний үйлдвэр байгуулж, 1200 гаруй ажлын байр бий болсон.

Б. Шинэ цэвэрлэх байгууламжийг барих ажлыг өөрийн тойрог 20 дугаар хороон дээр санаачилж, УИХ-ын тогтоол гарсан. Өмхий үнэр, агаар, хөрс усны бохирдол багасаж, гэр хорооллыг барилгажуулах зэрэг ажлыг хийсэн.

В. 10 орчим жил тог цахилгаангүй байсан 3000 өрх айлыг тог эрчим хүчээр хангаж, дэлхийн жишигт нийцсэн шинэ эмнэлэг, анхны эко сургууль, 9 шинэ цэцэрлэг, 5 сургууль, зам, гэрэлтүүлэг гэх мэт бүтээн байгуулалтыг хийсэн.

1-12 насны бүх хүүхдийг “Үдийн хоол”-той болгох олон хуулиудыг санаачлан иргэдийнхээ итгэлийг дааж ажилласан. Эрүүл мнэдийн шалтгааны улмаас дахин нэр дэвшиж чадаагүй.

2. Шүүх шүүгдэгч миний эрүүл мэнд, хувийн  байдлыг харгалзан үзээгүйд гомдолтой байна. Би цаг, минут тутамд хорт хавдартайгаа тэмцэж байна. Би ОХУ-н Москва хотын Хавдрын төв эмнэлэгт бүдүүн гэдэсний эцсийн 4 дүгээр шатны хавдрын оноштой хагалгаанд орж, бүдүүн гэдэс, мөн s гэдсээ их хэмжээгээр тайруулж, насан туршдаа эмчийн хяналтад байх эмч нарын зөвлөгөөний шийдвэр гарсан. Өвчин минь хүндэрч дахин хоёр удаа хагалгаанд орж, сүүлдээ гэдэс ил уутанцартай болж, хүндэрч, эм тариагаар торгоосон. Хүнд өвчний улмаас хүндрэлүүд үүсэж савны хавдар, дархлаа унаснаас 2013 онд зүүн нүд юм харахаа больж, эрчимт эмчилгээ хийж, одоо эмчийн хяналтад байна. 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр БНСУ-ын Сөүл хотод төвөнхийн хавдар авахуулж /зүүн талдаа/, коронавирусын улмаас хагалгааны дараах эмчилгээ хийлгэж чадаагүй. Одоо хүзүүний баруун талд мэдрэлийн хавдартай тул тогтмол нарийн мэргэжлийн эмчийн хяналтанд байх шаардлагатай. Тайван орчинд эмнэлгийн хяналтад байхгүй, хугацаа алдвал баруун тал мэдээгүй болно гэсэн. Олон дахин хүнд хагалгаанд орсны улмаас зүрхний атак, инфакт болох магадлал маш өндөртэй, зүрхний ишеми өвчтэй гэсэн оноштой. Зүрх судас, амьсгалын эрхтний архаг дутмагшилтай. Даралт байнга 150/100 өндөр байдаг. Захын мэдрэлийн нарийсалттай, бөөрний архаг үрэвсэл, элгээ эмчлүүлэх шаардлагатай байгааг минь харгалзан үзнэ үү. Миний бие гэм буруугаа хүлээж хялбаршуулах журмаар шийдвэрлүүлэхээр өргөдлөө өгсөн байсан. Иймд надад оногдуулсан хорих ялыг өөрчилж торгох ял болгож өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Б.У-гийн өмгөөлөгч П.Баасанжав, О.Сайнгэрэл нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...анхан шатны шүүх Б.У-гийн хувийн байдал, ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн дүгнээгүй юм.

Үүнд: 1. Шүүгдэгч Б.У-гийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлэхээс буюу мөрдөн байцаалтын үе шат болон хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад удаа дараа өөрийн гэм бурууг шударгаар хүлээн зөвшөөрч, чин сэтгэлээсээ гэмшиж, гэмт үйлдэлдээ уучлалт хүсэж байснаас гадна эрүүгийн хэрэг үүсэхээс өмнө “*****” ХХК-ийн авсан зээлийг бүрэн төлж барагдуулсныг цохон тэмдэглэе. Түүнчлэн аливаа байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулаагүй бөгөөд Б.У-г 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр яллагдагчаар татаж, тогтоолыг танилцуулахаар мөрдөгчөөс дуудсан даруйд очиж мэдүүлэг өгч, тайлбараа бичгээр гарган сайн дураар мөрдөн байцаах ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажилласан болно. Мөн мөрдөн байцаах ажиллагааны явцад дөрвөн удаа хүсэлт, гомдол гаргасныг мөрдөгч, прокурор хүлээн авч мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан ба хэргийг шуурхай шийдвэрлүүлэх талаар ч хүсэлт гаргаж байсан.

2. Анхан шатны шүүхийн шүүгдэгч Б.У-г 2 жил 6 сарын хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн хэсэг буюу ялын төрөл, түүний хэмжээ нь түүний хувийн байдалд тохироогүй, оногдуулсан ялыг хөнгөрүүлэн торгох ял оногдуулахыг хүсэж энэхүү гомдлыг гаргаж байна. Шийтгэх тогтоолд “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан авлигын гэмт хэргийн нэг төрөл бөгөөд уг гэмт хэрэг нь төрийн үйл ажиллагаа шударга, хууль ёсны байх эрх зүйт төрийн үнэт зүйлд болон эд хөрөнгийн эрхэд халддаг давхар объекттой гэмт хэрэг бөгөөд уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээний хувьд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх зарчмыг ноцтой зөрчиж төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулж, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн шударгаар хөдөлмөрлөж, сонгон шалгаруулалтад оролцож төрөөс үзүүлж байгаа хөнгөлөлттэй зээл, тусламж дэмжлэг авах эрхэд давхар халдсан байх тул түүнд торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд тохирохгүй, шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэв” гэж дурджээ. Гэвч шүүгдэгчийн зүгээс шүүхийн дээрх дүгнэлттэй дараах үндэслэлээр санал нийлэх боломжгүй байна. Тодруулбал,

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектыг “...төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулсан...” хэмээн дүгнэжээ. Олон нийтийн итгэл болон үнэлэмж гэх асуудлын хувьд хувь хүн тус бүрийн үзэл бодлоос хамаарах дотоод итгэл үнэмшил байдаг бөгөөд энэ нь аливаа нэг этгээдийн үйлдлээс үүдэн бий болдог зүйл биш бөгөөд бодит нөхцөл байдал дээр дээрх сөрөг үр дагавар үүссэн эсэх асуудал тодорхой бус байна.

2. “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн хатгагчид гэмт хэргийн гүйцэтгэгчид оногдуулах ялаас багагүй ял оногдуулна гэж заасан. Дээрх хэргийн гүйцэтгэгч нарт торгуулийн ял оногдуулсан тул иргэн Б. У-д илүү хүнд ял буюу хорих ял оноох нь зүйтэй” гэх дүгнэлтийг хийжээ. Гэвч шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна “...Гүйцэтгэгчид оногдуулах ялаас багагүй...” гэх ойлголтын багагүй гэсэн зохицуулалт нь их буюу өндөр гэсэн санааг огт агуулаагүй болно.Тодруулбал, тухайн гэмт хэргийн гүйцэтгэгчид торгуулийн ял оногдуулсан бол хатгагчид тус торгуулийн ялаас бага хэмжээтэй торгуулийн ял оногдуулж болохгүй гэсэн санаа бөгөөд ижил дүнгээр торгуулийн ял оногдуулах хуулийн зохицуулалт нээлттэй. Олон нийтэд илэрхий болсон хэрэг буюу тухайн гэмт хэргийг зохион байгуулсан этгээд нь шүүгдэгч Б.У-тай ижил зүйл ангиар яллагдсан хэдий ч учруулсан хор уршгийн хувьд ч харилцан адилгүй байхад шүүх 40.000.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулсан байна. Гэтэл тус хэрэгт хатгагчаар оролцсон гэх Б.У-гийн нэг удаагийн үйлдэлд хуулийг буруу тайлбарлан илүү хүнд ял оноосон гэж үзэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй” байхаар зохицуулсан. Гэвч Б.У-д Үндсэн хуулийн дээрх зарчим үйлчилсэнгүй.

3. Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд Шударга ёсны зарчим”-ыг тодорхойлжээ. Тус зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан. Шүүх шүүгдэгч Б.У-гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг хэт дөвийлгөн авч үзжээ. Шүүгдэгч Б.У- дээрх хөнгөлөлттэй зээлийг Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшлийн төлөө үйлдвэр байгуулах зорилгоор авахад тодорхой дэмжлэг үзүүлсэн гэдгээ илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, тухайн гэмт хэрэг нь анхнаасаа нийгэмд хор, уршиг, сөрөг үр дагавар үүсгэх зорилгыг агуулаагүй байхад төрийн үйл ажиллагааг ганхуулсан мэт дүгнэлтийг хийжээ.

4. Шүүхийн тогтоолд “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино" дүгнэжээ. Гэвч шүүгдэгч Б.У-д оногдуулсан ял дээрх зорилгод нийцээгүй гэж үзэж байна. Тухайлбал, анхнаасаа гэмт хэргээ хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа ухаарч, уучлал эрсэн байхад тухайн шүүгдэгчийг нийгэмшүүлэх бус нийгмээс тусгаарлах зорилго бүхий хамгийн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна. Нийгмээс тусгаарлаж хорих ялыг оногдуулахад шүүхийн зүгээс зайлшгүй хорих шаардлага байгаа эсэх, тухайн гэмт хэргийнхээ учир холбогдол, үр дагаврыг ойлгож, өөрийгөө засаж хүмүүжүүлэх боломж нөхцөлийг зайлшгүй харгалзан үзэх ёстой. Монгол Улсын Үндсэн хуульд бид “эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго” болгосон бөгөөд бусдад хүлээлгэх эрүүгийн хариуцлагын хувьд ч гэсэн хүмүүнлэг байх зарчим үйлчлэх учиртай. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт мөн эрүүгийн хариуцлага нь хүнлэг бус байж болохгүй хэмээн зохицуулжээ. Дээрх хуулийн зохицуулалтыг шүүхийн зүгээс анхааран үзсэнгүй.

5. Шүүхээс “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах нь “.. шударга ёсны зарчимд нийцэхгүй. ...” хэмээн дүгнэжээ. Дээрх дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй, өрөөсгөл дүгнэлт болжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохицуулалтын хувьд тус хуулийн тусгай ангид заасан бүх гэмт хэрэгт бүхэлд нь ерөнхий байдлаар үйлчлэхээр зохицуулсан. Зарим тохиолдолд ерөнхий ангид заасан зарчмыг баримтлахгүй тохиолдол гардаг бөгөөд уг тохиолдол бүрийг хуульд нарийвчлан зохицуулсан байна. Шүүгдэгч Б.У-гийн үйлдсэн гэмт хэргийн хувьд 2-8 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан хүнд гэмт хэргийн төрөлд хамаарахаар байна. Энэ хэмжээний эрүүгийн хариуцлага оногдуулах гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөлийг хэрэглэж болохыг тус хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т тодорхой заасан. Эрүүгийн хуульд гэмт хэргийн хөнгөн, хүнд зэрэг хэлбэрээс л хамаарч тус хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх зарчмыг хэрэглэх эсэхийг зохицуулснаас бус гэмт хэргийн төрлөөр буюу Авлигын гэмт хэрэгт тус зарчмыг баримтлахгүй хэмээн зохицуулаагүй болно. Гэтэл шүүх Авлигын гэмт хэргийн төрөлд хамаарах тус гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэхгүй хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

6. Шүүх шүүгдэгчийн хувийн байдлыг бүрэн тогтоож, дүгнэлт өгөөгүй байна. Шүүгдэгч Б.У-д холбогдох гэмт хэргийн эрүүгийн хариуцлагын хувьд сонгох санкцтай буюу торгох эсхүл хорих ялын аль нэгийг оноох боломжтой. Сонгох санкцын хувьд мэдээж тухайн гэмт хэргийн нийгмийн аюул, шинж чанарыг тогтоохоос гадна шүүгдэгчийн хувьд тухайн ялыг эдлэх боломжтой эсэхийг тодорхой хэмжээнд харгалзан үзэж дүгнэх үүрэгтэй.

Тухайлбал, шүүгдэгч Б.У-гийн хувьд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад өөрийгөө олон жилийн турш бүдүүн гэдэсний хорт хавдартай байсан бөгөөд хоёр удаа ОХУ-ын Москва хотод хагалгаанд орж байсан. Мөн 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Солонгос улсад төвөнхийн хавдар авахуулах мэс ажилбар хийлгэсэн ба хүзүү, сээрний хавдрын улмаас байнгын эмчийн хяналт, амбулаторын эмчилгээнд байгаа гэдгээ мэдүүлж, холбогдох эмнэлгийн баримт бичгийг нотлох баримтаар хүргүүлсэн байна. Шүүхийн зүгээс дээрх нөхцөл байдлыг харгалзан үзсэнгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж заажээ. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх гэх ойлголт нь шүүгдэгчийн гэм буруугаас гадна түүний эрүүл мэнд зэрэг хувийн байдлаас нь шалтгаалж заавал хорих бус өөр бусад тохирсон ялыг нь оноож болох тухай ойлголт юм. Хорих ял эдэлж байгаа тохиолдолд, хэдийгээр эмчийн хяналтад байж болох хэдий ч нарийн мэргэжлийн эмчээр, тусгай тоног төхөөрөмжөөр тогтмол эмчилгээ хийлгэх боломжгүй нөхцөл байдал байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага буюу ялын төрлийг өөрчилж, торгох ял оноож өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Б.У-гийн өмгөөлөгч О.Сайнгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...давж заалдах гомдлоо дэмжиж байна. Анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцсон болон хэргийн зүйлчлэл, үйл баримт, хохирол дээр ямар нэг маргаан байхгүй. Зөвхөн хорих ял оногдуулсанд гомдол гаргаж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт давж заалдах шатны шүүхэд дүгнэлт, санал хэлэхдээ ял шийтгүүлсэн этгээдийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой баримтыг гаргаж өгч болно гэсний дагуу Б.У-гийн гурван төрлийн хортой болон хоргүй хавдрын хагалгаанд орсон баримт, мөн хагалгааны дараах эмчилгээ хийлгэсэн эмнэлгийн магадлагаа, 2020 оны 3, 7, 8 дугаар саруудад эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаарх эмчийн магадлагаа зэргийг нотлох баримтын шаардлага ханган гаргаж өгсөн. Шүүгдэгч Б.У- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн, ар түмнээсээ уучлалт гуйсан талаараа шүүх хуралдаанд дэлгэрэнгүй ярьсан. Тэрээр эмэгтэй хүний хувьд гурван төрлийн хүнд хагалгаанд орсон. Цагдан хорих ангийн эмнэлэгт биеийн байдал нь муудаж эмчлүүлж байсан. Гэтэл эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй анхан шатны шүүх хуульд байхгүй үндэслэлээр хүндрүүлж хорих ял оногдуулсан. Прокурор өмнөх хурлуудад “энэ хүн төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан учир заавал хорих ял оногдуулах ёстой, нийгэмд аюултай хүн” гэдэг. Гэтэл дээрх асуудлыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Үндсэн хуулийн цэцийн 147 дугаар тогтоолоор хүн бүр эрх зүйн этгээд мөн бөгөөд албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж үл болно гэх үндэслэлээр Үндсэн хуулийн 1.2, 14.2 дугаар зүйл буюу ялгаварлан гадуурхаж болохгүй гэж хэрэг үүсгэсэн байгаа. Миний үйлчлүүлэгч бүдүүн гэдэсний хорт хавдарын улмаас гэдэс, дотрынхоо талыг нь авахуулсан. Хортой хавдар учир эд, эс, цусанд нь үлдэж хэдэн жилийн дараа умайн хавдартай умайгаа бүтнээр нь авхуулсан. Мөн 2020 оны 2 дугаар сард Бүгд Найрамдах Солонгос Улсын “Хана” чих, хамар хоолойн эмнэлэгт баруун хоолойн хавдар гэсэн оноштойгоор яаралтай хагалгаанд орсон баримтыг эх хувиар нь орчуулж өгсөн. Түүн дээр өмнөх хавдрын хагалгаанаас үүдэлтэй, түүнээс үсэрхийлснээс болж түнх, хоолойн хоргүй хавдар авахуулсан талаар бичсэн. Насанд туршдаа химийн эмчилгээ хийлгэх шаардлагатай, байнгын хавдрын нарийн мэргэжлийн эмчийн хяналтад байдаг, 14 хоног дутам нэг удаа үзүүлдэг. Дэлхий нийтээр тархаад байгаа цар тахал /COVID-19/ өвчин хавдартай, дархлаа султай хүмүүст илүү хүнд тусаад байгаа нөхцөл байдлыг шүүх бүрэлдэхүүн анхааралтай харж үзнэ үү. Мөн Улсын Дээд шүүхийн тогтоолд Б.У-гийн өвчний талаарх баримтыг нотлох баримтын шаардлага хангуулж, орхигдуулсан дүгнэлтийг нөхөн хийлгүүлж, гаргасан зөрчлийг зөвтгүүлэх үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд хэргийг буцаасан байгааг дурдах нь зөв болов уу. Иймд дээр үндэслэлээр шүүгдэгч Б.У-д оногдуулсан хорих ялыг торгох ял болгон өөрчилж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.У-гийн өмгөөлөгч П.Баасанжав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...давж заалдах гомдлоо дэмжиж байна. Гэм буруу дээр маргаагүй, гагцхүү хууль хэрэглээний асуудал байна. Жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас зээл авсан гэх энэ хэрэгт хамтран оролцсон оролцогч тус бүрийн хэргийг тус тусад нь шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотой Б.У-гийн эрх зүйн байдал нь дордож, эрх ашиг нь зөрчигдсөн. Б.У-г хатгагч гэж ялласан. Хатгагчид гүйцэтгэгчид оногдуулсан ялаас багагүй ял оногдуулна гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан. Гэтэл энэ хэргийн зохион байгуулагч н.Батхуяг гэх хүнд хорих ял оногдуулж, гүйцэтгэгч нарт торгох ял оногдуулсан. Гүйцэтгэгч нарт торгох ял оногдуулсан атлаа Б.У-д хорих ял оногдуулж оролцогч нарт харилцан адилгүй ял оногдуулсан. Иймд ялыг хөнгөрүүлж өгнө үү. Прокурор эрүүл мэндийн байдалтай холбоотой асуудал мөрдөн байцаалтын шатанд яригдаж байгаагүй, давж заалдах шатны шүүхэд ийм нотлох баримт гаргаж өгч байна гэдэг. Мөрдөн байцаалтын шатанд 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Солонгос улсад хагалгаанд орсон талаар баримт болон эмнэлгийн картыг нотариатаар гэрчлүүлж гаргаж өгч байсан. Анхан шатны шүүхээс хорих ял оногдуулж, хоригдож байх хугацаандаа өмнө хийлгэж байсан хавдрын хагалгаа сэдэрч цагдан хорих байрны эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, цагдан хорих байрны эмч дүгнэлт гаргаж бидний зүгээс нотлох баримтыг гаргаж өгсөн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хувийн байдалтай холбоотой нотлох баримтыг гаргаж өгөх гэсэн хуулийн заалттай харшлаагүй, хуулийг зөрчөөгүй гэж үзэж байна. Улсын дээд шүүх прокурорын эсэргүүцлийг хэлэлцээд нэг л дүгнэлт хийсэн. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хийсэн дүгнэлт нь нотлох баримтаар хөтөлбөргүй тогтоогдоогүй, үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй байна. Нотлох баримтыг хуулийн шаардлага хангуулан авч хэргийг дахин шийдвэрлүүлж дүгнэлт хийлгэх гэсэн ганцхан дүгнэлтийг хийсэн. Тийм учраас эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтыг нотлох баримтын шаардлага хангаж шүүхэд гаргаж өгсөн. Эдгээр үндэслэлийг харгалзан үзэж шүүгдэгч Б.У-д оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор П.Ганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Б.У-гийн эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтыг Улсын дээд шүүхийн хуралд орохын өмнө гомдолтой хамт хавсаргаж ирүүлсэн тул тухайн үед нь үзэж танилцсан. Албан ёсоор баталгаажуулж хэрэгт хавсаргах нь зүйтэй гэх байдлаар Улсын дээд шүүх шийдвэрлэсэн. Өмгөөлөгч болон Б.У-гийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрдөг. Хүлээн зөвшөөрч байгаа тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно гэж байна. Гэтэл Эрүүгийн хуульд зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэх ойлголт нь дан ганц шүүх хуралдаан болон шүүхийн шатанд яригдах асуудал биш. Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал тогтоогдоогүй учир гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэхгүй байна. Шүүгдэгч Б.У- нь 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгсөн. 2020 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр яллагдагчаар өмгөөлөгч П.Баасанжавын хамт мэдүүлэг өгсөн. Тухайн мэдүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн талаар мэдүүлсэн зүйл байхгүй. Мөн хэрэг шүүхэд шилжсэний дараа ч гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж өгнө үү гэж шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлтийг гаргаж байсан. Хэргийг шүүхэд шилжүүлж, анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруу дээр маргахгүй гэх байр суурийг хэн аль нь илэрхийлж байсан. Гэхдээ улсын яллагчийн зүгээс үйлдсэн гэмт хэргээ чин санаанаасаа, бодитоор хүлээн зөвшөөрсөн гэж үзэхгүй байна. Хэлбэрийн төдий, зөвхөн шүүхээс оногдуулсан ялыг багасгах, хөнгөн ял авах зорилгоор гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх байр суурийг анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлж байсан. Мөрдөн байцаалтын шатанд Б.У-гийн эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтыг өмгөөлөгч нар бүрэн дүүрэн гарган өгч хавтас хэрэгт хавсаргуулаагүй. Солонгос улсад 2020 оны 2 дугаар сард хагалгаа хийлгэсэн гэх нотлох баримтаар үнэлэх боломжгүй баримтыг хүсэлтдээ хавсаргаж ирүүлсэн байсан. Шүүгдэгч Б.У- бүдүүн гэдэсний хорт хавдрыг авах 3 удаагийн хагалгаа хийлгэсэн гэх асуудлыг ярьж байна. ОХУ-ын Эрүүл мэндийг хамгаалах яамны хүрээлэнгийн эмчийн тодорхойлолтыг давж заалдах гомдолдоо хавсаргаж өгсөн. Тухайн тодорхойлолтод бүдүүн гэдэсний хорт хавдрыг тайрсан талаар тусгасан ба хэвлийгээр уут гаргах мэс ажилбарыг хийсэн талаар тусгагдаагүй. Мөн давж заалдах гомдол хавсаргаж ирүүлсэн _Дарханбаатар гэх эмчийн дүгнэлтэд үзлэг хэсэгт “хэвлийгээр сорвитой” гэж тэмдэглэлд тусгасан. Хэвлийгээр уутанцар гаргах мэс ажилбар хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. 2010 онд Франц улсад умайн хүзүүний хор хавдрын мэс ажилбар хийлгэсэн гэх баримт анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлэхэд хэрэгт байгаагүй. 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр төвөнхийн ургацаг авахуулах мэдрэл дагасан хавдрын хагалгаанд орсон гэх баримтыг хүсэлтэд хавсаргаж ирүүлсэн. Тухайн  хагалгааны талаар эмчийн дүгнэлт гэх орчуулгын баримтад эдийн шинжилгээгээр хорт хавдар бус үрэвсэлт өвчний шинж тэмдэг илэрсэн. 2-3 сарын хугацаанд эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн байдаг. Төвөнхийн мэдрэл дагасан хорт хавдар гэдэг нь эмчийн дүгнэлтэд тусгагдаагүй эргэлзээтэй асуудал байна. 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр хүзүүний хорт хавдар гэх оношоор 2020 оны 12 дугаар сард хагалгаанд орсон талаарх баримтыг давж заалдах гомдолдоо хавсаргаж ирүүлсэн байсан. Эрүүл мэндтэй холбоотой асуудлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тусгаагүй  тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцох үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүл мэндийн байдалтай холбоотой өмгөөлөгчийн хэлж байгаа бичиг баримт, эмнэлгийн дүгнэлт нь хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын шатанд мөрдөгч мөрдөн шалгаж ажиллагаа явуулж хууль ёсны дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлээгүй. Хавтас хэрэгт цуглуулж, бэхжүүлээгүй учир анхан шатны шүүх хуралдааны үед нотлох баримт шинжлэн судлах үед шинжлэн судлагдаагүй нотлох баримтыг гарган ирж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар анхан шатны шүүхээр нотлох баримтаар шинжлэн судлагдаагүй нотлох баримтыг давж заалдах шатны шүүх шийдвэр гаргахдаа үндэслэж болохгүй. Иймд өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. Үнэхээр энэ хүний эрүүл мэндийн байдал нь хорих ял эдлүүлэхэд саад учруулна гэж үзвэл давж заалдах шатны шүүх шийдвэрлэх асуудал биш, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулиар зохицуулах асуудал. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

Б.У- нь албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж, өөрийн үүсгэн байгуулсан “Б- групп” ХХК-ийн харьяа “*****” ХХК-ийн охин компани болох “*****” ХХК-д “Хатуу тугнагдсан эмийн үйлдвэр барих төсөл”-ийн зориулалтаар урт хугацааны, хөнгөлөлттэй зээл авахын тулд ****** Б.Б-т хууль бусаар нөлөөлөн, мөн “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Б-ийг Төсөл сонгон шалгаруулах хорооны гишүүн С.Т-, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлийн төслийн хэлтсийн дарга Ж.Б- нарт “тухайн төслийг шалгаруулахад анхаарах, заавал шалгаруулах шаардлагатай” гэж хэлж, хууль бус үүрэг, чиглэл өгч нөлөөлөх байдлаар гэмт хэрэг үйлдэхийг удирдаж, хийх ёсгүй үйлдэл хийж, 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн А-141 дугаар тушаалаар “*****” ХХК-д 800.000.000 /найман зуун сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад буюу Б.У-д өөрт нь болон түүний гэр бүлд эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.У “...“*****” ХХК нь 2018 онд 800.000.000 төгрөгийн хөнгөлттэй зээл авч, авсан зээлээ бүгдийг нь төлж хаасан байгаа. ...” /5хх 66-67/,

гэрч Ч.Б “...*****” ХХК нь “*****” ХХК-ийн охин компани юм. Би 2016 оны сүүлчээр “*****” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. Эмийн үйлдвэрлэл худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манай компани хатуу тугнагдсан буюу капсултай эмийн үйлдвэр барих чиглэлээр төслийн мэргэжилтнүүд төсөл бичсэн. Энэ төсөлд нийт 18.3 тэрбум, өөрийн хөрөнгөөс 17.1 тэрбум төгрөгийг гаргах, ЖДҮ-ийг дэмжих сангаас 1.2 тэрбум төгрөгийн зээл авах шаардлагатай гэж үзсэн. Төсөлд 2016 онд 2 тэрбум төгрөгийг хүсэж зээл авахаар хүсэлтээ өгсөн. Төсөл дэмжигдсэн. Тухайн үед санхүүжилт байхгүй, санхүүжилт олгохоор хувааж өгөх боломжтой гэж байсан. Эхний 700.000.000 төгрөг 2017 оны 2 дугаар сарын 5-ны өдөр манай компанид шилжиж орж ирсэн. Энэ мөнгийг 2018 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр төлж дуусгасан. 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдөр дутуу санхүүжилтийг авахаар дээрх төслөө дахин өгсөн. 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “*****” ХХК-ийн Хаан банкны 5163080019 дугаартай дансаар 800.000.000 төгрөгийг авсан. 800.000.000 төгрөгийг буцаагаад төлчихсөн. Төлсөн шалтгаан бол төслөөс хэрэгжүүлсэн мөнгийг хууль бусаар олгосон, буцааж төл гэсэн шаардлага УИХ, Засгийн газрын хэмжээнд яригдаж байгаа тул манай компани төлсөн. ...” /1хх 74-75/,

С.Т-ийн гэрчээр өгсөн “...би 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр одоогийн ажиллаж байгаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн захирлаар томилогдсон. ...Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Б- 2018 оны 3 дугаар сард А-56 дугаартай тушаал гаргаж төсөл сонгон шалгаруулах хорооны бүрэлдэхүүнийг томилсон. ...Ийнхүү хорооны бүрэлдэхүүнийг томилсны дараа зээлийн ерөнхий нөхцөлийг зээлийн эх үүсвэрийн хүрээнд буюу улсын төсвийн 70 тэрбум төгрөгийн хүрээнд 3 хувийн хүүтэйгээр, 5 жилийн хугацаатайгаар, үндсэн зээлээс 12 сар чөлөөлөхөөр сайдын тушаал гарсан. ... Үүний дараа зээлийн хороо хурлаа хийсэн. ...Хурлын шийдвэрийн дагуу 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдрөөс 17-ны өдрийг хүртэл хугацаанд төслийг хүлээж авсан. ...анхан шатны шалгаруулалт явуулж 498 төслийг шалгаруулж, төсөл сонгон шалгаруулах хороонд танилцуулагдахаар болсон. ... Надад дээрх нэрийг Б.Б- сайд нэг өдөр бүгдийг нь шууд хэлэхгүй л дээ. Нэг хоёроор нь цувуулж увуулаад л хэлдэг байсан. Ямар ч байсан сайд надад хэлэхдээ түүний компани шүү л гэж албан тушаалтны нэр, хуулийн этгээдийн нэрийг хэлдэг. Мөн хорооны дарга буюу Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат хорооны гишүүддээ хандаж хорооны хурал дээр албаны байдлаар дээрээс чиглэлтэй төслүүд байгаа шүү гэж хэлээд хурлыг удирдаад дээрхи төслүүд дэмжигдээд шийдвэрлэгддэг. ...” /1хх 98-100/,

С.Т-ийн сэжигтнээр өгсөн “...Улсын Их хурлын гишүүдээс М.Оюунчимэг, Б.У-, Ё.Баатарбилэг, Н.Учрал, Д.Тэрбишдагва нарын гишүүд над руу утсаар ярьж “сайдад чинь хэлчихсэн байгаа, материалуудыг нь үзээд дутуу зүйл байвал хэлээдэх, хугацаанд нь шийдээдэх, сайд чинь бүтнэ гэсэн байхад та бүтээгээдэх” гэсэн өнгө аястайгаар ярьж байсан. ...” /1хх 196-199/,

С.Т-ийн яллагдагчаар өгсөн “...УИХ-ын гишүүн Б.У-, М.Оюунчимэг нарын гишүүд над руу утсаар ярьж “өөрт хуваарилагдсан мөнгөө авъя” гэдэг байдлаар хэлж байсан. Би яг гишүүн бүрт мөнгө хуваарилагдсан талаар мэдэхгүй. .... ...” /1хх 201-206/,

Ж.Б-ийн яллагдагчаар өгсөн “...Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдрөөс 16-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлж буй төслийг хүлээж авсан. ...Тэрээр надад “би УИХ-ын гишүүн У- байна. Чи яагаад манай төслийг авахгүй байгаа юм бэ? наадахыг чинь намаас гишүүдэд хуваарилсан дүнг би мэдэж байгаа. Би гишүүн юм чинь авах ёстой” гэж хэлсэн. Түүнд би төсөл хүлээж авах хугацаа дууссан, одоо төсөл хүлээж авах боломжгүй гэдгээ хэлснээр бидний дунд утсаар ярьсан яриа дууссан. ...Дээрх байдлаар би Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох зээлийг УИХ-н гишүүдэд хуваарилсан юм байна гэж ойлгосон. Энэ асуудлыг сангийн захирал С.Т-т өрөөнд нь орж хэлэхэд тэрбээр “одоо нэгэнт төсөл хүлээн авах хугацаа дууссан учир төсөл хүлээж авна гэж байхгүй. Ер нь бол УИХ-ын гишүүдэд мөнгө хуваарилсан асуудал байгаа юм шиг байна лээ. Цаашид хэд хэдэн гишүүд ярих юм шиг байна лээ” гэж надад хэлсэн. ...Дээрх байдлаар Б.У- гишүүн над руу утсаар ярихаар үнэхээр тийм асуудал яригдсан юм байна гэж би ойлгосон. Ингээд 70.5 тэрбум төгрөгийг 76 гишүүнд хуваахаар 1 гишүүнд 950.000.000 төгрөг ногдож байсан юм шиг байгаа юм. Дээрх хуваарилалтаас УИХ-ын гишүүн С.Жавхлан, О.Баасанхүү нарыг хасахаар бусад гишүүдийн тойрогт 950.000.000 орчим сая төгрөг хуваарилагдсан юм билээ. Үүнийг УИХ-ын гишүүд тойрогтоо бус надад хуваарилсан гэдэг байдлаар ярьж байсан. ...” /6хх 121/,

Шүүгдэгч Б.У-гийн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй. ...” / 7хх 21, 149-151/ гэх мэдүүлгүүд, 

 

“*****” ХХК-ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга/1хх 28/,

“...Төслийн материалд авагдсан 2016 оны жилийн санхүүгийн тайланд борлуулалтын орлогыг 10.500,0 мянган төгрөгөөр, 2017 оны жилийн санхүүгийн тайланд борлуулалтын орлогыг 0.00 төгрөгөөр тус тус тайлагнасан байна. Энэ нь Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 5.1.5-т контркт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 19-өөс дээшгүй бөгөөд үйлдвэрлэл эрхэлдэг, эсхүл контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 9-өөс дээшгүй бөгөөд худалдаа, үйлчилгээ эрхэлдэг, 50-250.000.000 төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий жижиг үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж, иргэн гэж заасантай нийцэхгүй байна. ...“*****” ХХК нь “Хатуу тугнагдсан эмийн үйлдвэр байгуулах” төсөл хэрэгжүүлэхээр 18.300.000.000 төгрөгийн санхүүжилтийн 7 хувь болох 1.200.000.000 төгрөгийн зээлийн хүсэлтийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд холбогдох материалын хамт 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдөр албан бичгээр хүргүүлсэн. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Б-ийн гаргасан 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн А-141 дүгээр “Төсөлд дэмжлэг үзүүлэх тухай” тушаалаар “*****” ХХК нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн 141//2018/3-64, барьцааны 141/2018/Б-64 гэрээг тус тус байгуулж, 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 338 дугаар төлбөрийн хүсэлтээр “Хаан” банк дахь 5163080019 дугаар дансанд 800.000.000 төгрөгийн зээлийг шилжүүлсэн байна. Шинжээчид ирүүлсэн баримтад “*****” ХХК нь “Хаан” банк дахь 5163080019 дугаар данснаас 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “*****” ХХК-ийн “Хаан” банк дахь 5003009561 тоот дансанд 800.000.000 төгрөгийг “Хоорондын тооцоо” гэх гүйлгээний утгатай шилжүүлсэн байна. “*****” ХХК-ийн “Хаан” банк дахь 5003009561 тоот данснаас төслийн зарцуулалтыг хөөн шалгавал 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 5038067921 тоот долларын зээлийн дансанд 350.354.275,58 төгрөгийг “Зээл хаав ханш-2566” гэх гүйлгээний утгатай шилжүүлж уг зээлийг хаасан. 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 300.000.000 төгрөгийг “Чек 367469 П.Булгантамир АЙ8601210” гэх гүйлгээний утгатай зарлагын гүйлгээ, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 81.200.000 төгрөгийг “Хаан” банк дахь 5038071868 тоот данс руу шилжүүлсэн байна. Төслийн санхүүжилт болох 800.000.000 төгрөгөөс 731.554.275,58 төгрөгийг зарцуулсан ба үлдэх 68,445,724 төгрөгийн зарцуулалтыг тодорхойлох боломжгүй байна. ...“*****” ХХК-ийн 500.000 ширхэг, нэгжийн үнэ нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 500.000.000 төгрөгийн өөрийн хөрөнгөтэй ба 100 хувь “Б- Групп” ХХК эзэмшдэг болохыг тогтоосон. ...” гэх Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-аас хөрөнгийг эрх бүхий нийтийн албан тушаалтан нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад болон өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгон олгосон байж болзошгүй гэх эрүүгийн хэргийн баримтад шинжилгээ хийсэн аудитын шинжилгээний тайлан /1хх 118-131/,

“...“*****” ХХК нь “Б- групп” ХХК-ийн охин компани болохыг тогтоосон. ...” “Б- групп” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигчдийн 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 4 дугаартай тогтоол /2хх 73/, эрх шилжүүлсэн лавлагаа /1хх 242/,

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан ба “*****” ХХК нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ /3хх 51-58/,

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан ба “*****” ХХК нарын хооронд байгуулсан “...Үйлдвэрийн зориулалттай эзэмшлийн газар, “Монгол мах экспо” ХХК, Улаанбаатар, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 3798 мкв газрыг барьцаалсан” үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ /3хх 60-66/,

“*****” ХХК-н улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм /3хх 67, 68-70/,

“*****” ХХК нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан гэх лавлагаа /3хх 88-112/,

“*****” ХХК-ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3хх 115-152/,

“*****” ХХК-ийн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд гаргасан “...“*****” ХХК-ийн охин компани болох “*****” ХХК нь Олон улсын GMP стандартын шаардлагад нийцсэн эмийн үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд Монгол Улсын хүн амд зориулан эрүүл чанартай эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэхээр зорин ажиллаж байна. Уг төслөөр Олон улсын GMP стандартын шаардлагад нийцсэн “Хатуу тугнагдсан эмийн үйлдвэр” нь жилд 50 сая ширхэг шахмал үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд үйлдвэрийн зураг төслийг Солонгос-Монголын чадварлаг инженерүүд хамтран боловсруулсан юм. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зарласан хөнгөлөлттэй зээлийн төслийн шалгаруулалтад “*****” ХХК нь өөрийн хэрэгжүүлж буй “Хатуу тугнагдсан эмийн үйлдвэр” байгуулах төслөөр оролцох хүсэлтэй байгаа тул холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн төслийн материалыг хянан үзэж дэмжлэг үзүүлнэ үү. ...” гэх хүсэлт /5хх 1/,

Монгол Улсын Хүнс хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн А-141 дугаартай “Төсөлд дэмжлэг үзүүлэх тухай” тушаал, санхүүжүүлэх төслийн жагсаалт /5хх 59-60/,

“...“У--Мэйк /Dг Мэйк/” гэж гараар тэмдэглэсэн А4 хэмжээтэй бичгийн цаасыг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /5хх 181/,

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 1/386 дугаартай “...“*****” ХХК /РД:5145368/, 2018-10-11 800.000.000 төлөгдөж дууссан. ...” гэх эргэн төлөлтийн дэлгэрэнгүй мэдээлэл /6хх 82/ болон анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг, тухайлбал, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эрүүгийн хэргийн баримтад шинжилгээ хийсэн аудитын шинжилгээний тайлан зэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, тэдгээрийг бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр анхан шатны шүүх шүүгдэгч Б.У-г албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө буюу бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон үйл баримтыг тогтоож, энэ талаар шийтгэх тогтоолд тодорхой тусган, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Түүний албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдэд давуу байдал бий болгож Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 800.000.000 төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгуулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

*********.

 

Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А-76 дугаартай “Журам батлах тухай” тушаалаар “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-ыг хавсралтаар баталж, мөн тушаалын 2 дахь заалтад “Журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /О.Мөнгөнцэцэг/-д, төсөл сонгон шалгаруулах хороо, дэд хороонд, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Жижиг дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /М.Дондогдорж/-д үүрэг болгосугай.” гэж,

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журмын 1.1-д “Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.2, 14.6 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтыг үндэслэн экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжин, гарааны бизнес эхлүүлэх болон ажлын байр бий болгож, нэмэгдүүлэх зорилгоор Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /цаашид “Сан” гэх/-гаас олгох урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл /цаашид “Зээл” гэх/-ийн төсөл сонгон шалгаруулахтай холбогдон үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.” гэж, 2.5-д “Төслийн нийт санхүүжилтийн 30-аас доошгүй хувийг Жижиг дунд үйлдвэр эрхлэгч өөрийн санхүүгийн эх үүсвэрээр бүрдүүлнэ.” гэж, 2.6-д “Дараах зээл хүссэн Жижиг дунд үйлдвэр эрхлэгч хөнгөлөлттэй зээлд хамрагдахгүй” гэж, 3.2-т “Хороо, дэд хорооны бүрэлдэхүүнийг Жижиг дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар батална” гэж, 3.8.1-д “хороо, дэд хорооны гишүүн нь ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж хувийн ашиг сонирхолд нөлөөлөхүйц шийдвэр гаргах тохиолдолд хуралд оролцохоос татгалзаж, татгалзах хүсэлтээ бичгээр хороо болон дэд хорооны даргад гаргах” гэж, 3.8.2-т “хороо, дэд хорооны гишүүн холбогдох хууль, журам зөрчихгүй байх” гэж, 4.1-д “Зээл хүсэгчийн ирүүлэх төсөл нь үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалт болон хүний нөөцийн удирдлагын тухай мэдээлэл, зах зээлийн судалгаа, эдийн засгийн тооцоо, дүгнэлт, хавсралт гэсэн хэсгээс бүрдсэн байна.” гэж тус тус заажээ.

 

Гэтэл улс төрд нөлөө бүхий этгээд болох шүүгдэгч Б.У- өөрийнх нь үүсгэн байгуулсанБ- групп” ХХК-ийн харьяа “*****” ХХК-ийн /захирал нь Б.У-гийн төрсөн эгч / охин компани болох “*****” ХХК-ийн “Хатуу тугнагдсан эмийн үйлдвэр” байгуулах төсөл нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн урт хугацааны, хөнгөлөлттэй зээл авах хууль, журамд заасан шаардлагыг хангаагүй үндэслэлээр тэнцээгүй, санхүүжилтээс хасагдсан байхад нь 2018 оны 5 дугаар сараас эхлэн тухайн үед Улсын Их Хурлын гишүүн бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Б.Б-т хууль бусаар нөлөөлөн түүнийг хатгаж, улмаар төсөл сонгон шалгаруулах хорооны гишүүн С.Т-, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлийн төслийн хэлтсийн дарга Ж.Б- нарт тухайн төслийг шалгаруулах шаардлагатай гэж хэлж, хууль бус үүрэг чиглэл өгсний дагуу 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн хооронд “*****” ХХК нь төслийн материалаа дахин ирүүлснийг хүлээн авч, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн “Төсөлд дэмжлэг үзүүлэх тухай” А-141 дугаартай тушаал гарч Б.У-гийн хамаарал бүхий “*****” ХХК-д 800.000.000 төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэгдсэн байна.

 

“*****” ХХК-ийн 500.000 ширхэг, нэгжийн үнэ нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 500.000.000 төгрөгийн өөрийн хөрөнгөтэй ба 100 хувь “Б- Групп” ХХК эзэмшиж байсан байна. Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж нь компани, хоршоо, нөхөрлөл гэсэн хэлбэртэй байх бөгөөд энэ хуулийн 5.1-д заасан шаардлагыг хангаж буй эсэхийг тогтоохдоо тухайн хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар, хараат болон охин компанийн холбогдох үзүүлэлтийг оруулж тооцно. “*****” ХХК-ийг 2007 оны 6 дугаар сарын 11-ний өдөр гадаад худалдааны чиглэлээр 500.000 төгрөгийн дүрмийн сантайгаар Батбаярын У- 65.4 хувийн эзэмшилтэйгээр үүсгэн байгуулсан, 2015 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр “Б- групп” ХХК 100 хувь, 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “Б- холдинг” ХХК 100 хувь, 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр “Б- групп” ХХК 100 хувь, 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдөр “*****” ХХК 100 хувь, 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдөр “Б- групп” ХХК 100 хувь, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Санжийжалавын Санаасан 100 хувийн хувьцааг эзэмшиж байсан /1хх 242-250/ зэргээр тус компани нь шүүгдэгч Б.У-тай хамаарал бүхий байна.

 

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан ба *****” ХХК нарын хооронд 800.000.000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 60 сарын хугацаанд хуваарийн дагуу эргэн төлөх нөхцөлтэй зээлийн гэрээ /3хх 51-58/, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан ба “*****” ХХК нарын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ /3хх 60-66/-г тус тус байгуулж, улмаар 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “*****” ХХК-ийн Хаан банкны ********** дугаартай дансаар 800.000.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь гэрч Ч.Б мэдүүлэг /1хх 74-75/, аудитын шинжилгээний тайлан /1хх 118-131/, “*****” ХХК-ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга/1хх 28/ зэргээр давхар нотлогдон тогтоогджээ.

 

Түүнчлэн, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.У “...“*****” ХХК нь 2018 онд 800.000.000 төгрөгийн хөнгөлттэй зээл авснаас зээлээ бүгдийг нь төлж хаасан байгаа. ...” /5хх 66-67/, гэрч Ч.Б “...2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “*****” ХХК-ийн Хаан банкны 5163080019 дугаартай дансаар 800.000.000 төгрөгийг авсан. 800.000.000 төгрөгийг буцаагаад төлчихсөн. Төлсөн шалтгаан бол төслөөс хэрэгжүүлсэн мөнгийг хууль бусаар олгосон, буцааж төл гэсэн шаардлага УИХ, Засгийн газрын хэмжээнд яригдаж байгаа тул манай компани авсан зээлээ төлсөн. ...” /1хх 74-75/ гэх мэдүүлгүүд, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 1/386 дугаартай “...“*****” ХХК /РД:5145368/, 2018-10-11 800.000.000 төлөгдөж дууссан. ...” гэх эргэн төлөлтийн дэлгэрэнгүй мэдээлэл /6хх 82/ зэрэг нотлох баримтуудаар *****” ХХК нь Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр авсан 800.000.000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүү болох 960.000 төгрөгийн хамт буцаан төлж /1хх 28/, улсад учруулсан хохирлоо барагдуулсан байна.

 

Шүүгдэгч Б.У-, түүний өмгөөлөгч П.Баасанжав, О.Сайнгэрэл нар “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо төлсөн болон эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг, шүүгдэгч Б.У-гийн 2001 онд Оросын Холбооны Улсын П.А.Герцена-н нэрэмжит Москвагийн хавдар судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнд бүдүүн гэдэсний хорт хавдар авах мэс засалд орж, химийн эмчилгээ хийлгэж байсан талаарх Оросын Холбооны Улсын П.А.Герцена-н нэрэмжит Москвагийн хавдар судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн амбулаторын карт, эмнэлгээс гаргах эпикри, дүгнэлт /8хх 31-66/, 2007 онд Франц Улсын Леман хотын Жорж Пианта эмнэлэгт /умайн хананы гаднах, умайн дотоод салставчийн доорх болон умайн хананы булчин доторх хавдрууд нь 1.8-7.5 см хэмжээтэй бүхэлд нь тархсан гэх оноштойгоор/ хэвлийн хөндийд байрлах умай авах /сав авах/ хагалгаанд орж байсан талаарх Франц Улсын Леман хотын Жорж Пианта эмнэлгийн Эмэгтэйчүүдийн эмгэг судлалын мэс заслын тайлан, мэдээ /8хх 68-72/, 2020 оны 2 дугаар сард Бүгд Найрамдах Солонгос Улсын “Хана” чих, хамар хоолойн эмнэлэгт баруун хоолойн хавдар гэсэн оноштойгоор яаралтай хагалгаанд орж байсан талаарх Бүгд Найрамдах Солонгос Улсын “Хана” чих, хамар хоолойн эмнэлгийн эмчийн магадлагаа, дүгнэлт, эмчилгээний зардлын баримтууд /8хх 74-141/, мөн 2020 оны 12 дугаар сараас удаа дараагийн хорт хавдрын мэс засал, химийн эмчилгээнээс үүдэлтэйгээр Хавдар судлалын үндэсний төвийн эмчийн хяналтад 14 хоног тутамд үзүүлж, эмчилгээ хийлгэж байгаа талаарх /8хх 142-159/ амбулаториор эмчлүүлэгсдийн карт, артерын даралт ихсэлтийн II дугаар зэрэг, зүрхний архаг цус хомсрох өвчин, бөөрний тэвшинцэрийн архаг үрэвсэл, зүүнбөөрний уйланхай, баруун талын мөрний мэдрэлийн сүлжээний хавдар, хэвлийн наалдацад өвчний улмаас хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэх Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн нэгдсэн эмнэлгийн эмч, ахмад Б.Дарханбатын 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр бичиж, мөн эмнлэгийн Ерөнхий эмч, дэд хурандаа Ш.Баянбаатарын хянасан эрүүл мэндийн тодорхойлолт /7-192хх/ зэрэг баримтуудыг ял шийтгүүлсэн этгээдийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой гаргаж өгчээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж энэ гэмт хэргийг үйлдсэн хүнд торгох болон хорих ялын аль нэгийг сонгон ял шийтгэл оногдуулах боломжтой байдлаар хуульчилжээ.

 

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.У-гийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж хохиролгүй болсон нөхцөл байдал болон 2001 онд бүдүүн гэдэсний хорт хавдрыг тайрч авах, 2007 онд умайн хорт хавдар авах, 2020 оны 2 дугаар сард төвөнхийн ургацаг буюу мэдрэл дагасан төвөнх дээрх хавдрын хагалдаанд орж эдгээрээс үүдэн Хавдар судлалын үндэсний төвийн эмчийн хяналтад 14 хоног тутамд үзүүлж, эмчилгээ хийлгэж байгаа хувийн байдлыг /эрүүл мэндийн/ харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан торгох ялыг сонгож, торгох ялын дээд хэмжээ болох 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 төгрөгөөр торгож, түүний 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 72 хоногийн нэг хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцон 1.080.000 төгрөгийг хасаж, торгох ялын хэмжээг 38.920.000 төгрөгөөр тогтоож, уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Түүнчлэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 1426 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Б-ийг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашиглаж, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас нэр бүхий хуулийн этгээдэд урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, бусдад эдийн засгийн давуу байдал бий болгох гэмт хэргийг зохион байгуулсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан байна /shuukh.mn/.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн зохион байгуулагчийг тухайн гэмт хэргийг хамтран үйлдсэн гүйцэтгэгчид тооцно.” гэж заасан бөгөөд мөн хуулийн 3.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хатгагчийг түүний хатгаснаар үйлдсэн гэмт хэргийн гүйцэтгэгчид оногдуулах ялаас багагүй ял оногдуулна” гэж заасан нь түүний хүсэл зоригийг гардан хэрэгжүүлсэн гүйцэтгэгчид оногдуулж болох ялаас хөнгөн ял хэрэглэхийг хуулиар хориглосон болохоос түүнтэй ижил хэмжээний ял оногдуулахыг хориглосон заалт биш юм.

 

            Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Б.У-, түүний өмгөөлөгч П.Баасанжав, О.Сайнгэрэл нарын “...торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/1466 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.У-д нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.У-г нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 40.000 /дөчин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 /дөчин сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. ...” гэж,

4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.У-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараагаас эхлэн тоолохыг дурдсугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.У-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг дурдсугай. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгосугай. 

 

3. шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-д оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.У-д мэдэгдсүгэй. ...” гэсэн,

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.У-гийн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 72 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон /72х15000=1.080.000/ эдлэх ялаас нь хасаж /40.000.000-1.080.000=38.920.000/, түүний торгох ялыг хэмжээг 38.920.000 төгрөгөөр тогтоосугай.” гэсэн нэмэлт заалт тус тус оруулсугай.

 

4. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.У- нь 72 /далан хоёр/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                                    М.ПҮРЭВСҮРЭН

 

                        ШҮҮГЧ                                                                    Л.ДАРЬСҮРЭН