| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 316/2025/0059/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/82 |
| Огноо | 2025-04-09 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 2025/ШЦТ/82
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ****
Улсын яллагч ****
Шүүгдэгч *****нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт *******холбогдох эрүүгийн *****дугаар хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдснээр/
Шүүгдэгч **** нь ****аймаг *****сум 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах *******рүү явах замд 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ***** ***улсын дугаартай *** загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.2-т Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна. 11.3-т Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэж заасныг тус тус зөрчин ****жолоодон явсан ********улсын дугаартай Хьюндай ****загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч ***** биед зүүн хөлийн улны шивнүүрийн хугарал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***** “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:
1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 4-12 хуудас/,
2.Хохирогч ***** "... Би ажлын газрын ****, ****нарын хамт ажлын байрныхаа хаяг хаягдлыг ***дээр ачаад Корпод байдаг хогийн цэг дээр хаяхаар явж байсан. Тэгээд хогийн ордог тойргоор эргэж байтал урдаас цагаан өнгийн портер ирээд шууд мөргөсөн. Осол болсны дараа хэсэг манарч байхад мөргөсөн жолооч хүү бууж ирээд зам дээр хог байхаар нь тойрч гарах гэж байгаад мөргөчихлөө гэж ярьж байсан." гэх мэдүүлэг, /хх-ийн 19, 21-р хуудас/
3.Гэрч, иргэний нэхэмжлэгч ***** "... Би хамт ажилладаг ****, *****нарын хамт байгууллагын хогоо хаяхаар ****аймгийн ****сумын ****дүгээр багт байдаг хогийн цэг рүү явж байсан. Хогийн цэг рүү явж байх зам жаахан өгсүүр тойрог байсан тэгээд би 2-р араагаараа явж байсан. Тэгээд тойргоороо эргэх гээд рүллээ дарж байтал тойргийн эсрэг талаас буюу миний өөдөөс цагаан өнгийн портер ороод ирсэн тэгээд маш хурдан болж өнгөрсөн би зайлуулах гээд баруун гар тал руугаа нөгөө машинаас бултах гээд дартал гүйцэтгэж чадалгүй мөргөлдсөн юм. Манай портер бүтэн эргэж харсан. Тэгээд ослын дараа зам дээр хог байхаар нь тойрч гарч байгаад шууд ороод ирлээ гээд хэлээд байсан тухайн үед толгойгоо цохисон байсан болохоор жаахан дүнг байсан." гэх мэдүүлэг, /хх-ийн 23 хуудас/
4. Гэрч, иргэний нэхэмжлэгч ***** "... Би хамт ажилладаг ****, *****нарын хамт байгууллагынхаа хогийг асгахаар өөрийн эзэмшлийн портероо ажлын дүү болох *****р жолоодуулаад явж байсан юм. Тэгээд хогийн явах замд жижиг өгсүүр эргэлт байсан тэгээд тойргоор яг эргэх үйлдлээ жолооч хийж байтал эсрэг талаас урсгал сөрөөд бидний явж байсан эгнээ рүү шууд орж ирээд мөргөлдсөн." гэх мэдүүлэг, /хх-ийн 25, 33 хуудас/
5.Иргэний нэхэмжлэгч ***** “...Намайг 2025 оны 02 дугаар сарын 12-ний өдөр Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан **** дугаартай хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцоход татгалзах зүйл байхгүй. Би энэ хэргийн улмаас хохирогч биед гэмтэл учирсантай холбоотойгоор хохирогч *****, ***** нарын эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт эдэлсэн төлбөрийг нэхэмжилмээр байна. Тухайн төлбөрийг Төрийн сан банкны *****"Эрүүл мэндийн даатгалын сангийн данс" төлбөрийг төлөхдөө гүйлгээний утгыг хохирогчийн нэр регистрын дугаартай гэм буруутай төлж байгаа этгээдийн нэрийн бичиж хийлгэнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 47 хуудас/
6. Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч ***** 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан *****дугаартай "... ******биед зүүн хөлийн улны шивнүүрийн хугарал гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна.
Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийн удаан хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо." гэсэн дүгнэлт, /хх-ийн 50-51 хуудас/
7. ****аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч ***** 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан ***дугаартай "...***** биед зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийн удаан хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоодохгүй." гэсэн дүгнэлт, /хх-ийн 58-59 хуудас/
8. *****аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч *****2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ***дугаартай "...***** биед гэмтэл тогтоогдсонгүй." гэсэн дүгнэлт, /хх-ийн 66 хуудас/
9.Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч ***** 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ****дугаартай "... ***** биед зүүн нүдний дээд доод зовхи цус хуралт, зүүн нүдний ухархайн хана цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийн удаан хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо." гэх дүгнэлт /хх-ийн 70-71 хуудас/
10. *****аймгийн "***” ХХК-ний шинжээч *****2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02 дугаартай "*** ***улсын дугаартай Киа Бонго 3 загварын тээврийн хэрэгсэл жолоодож явсан *****, ***Хюндай Портер загварын тээврийн хэрэгсэл жолоодож явсан ****нар нь хоорондоо мөргөлдсөн үйлдэл нь зам тээврийн осол мөн гэж үзэж байна.
***** УЛСЫн дугаартай Киа Бонго 3 загварын тээврийн хэрэгсэл жолоодож явсан ***** нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн Тээврийн хэрэгсэл байрлан явах:
11.Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хacar дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна.
Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэд түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна" гэх дүгнэлт /хх-ийн 96-97 хуудас/
12. ******ХХК-ны үнэлгээчин *****2025 оны 01 дүгээр сарын 24- ний өдөр гаргасан ****дугаартай үнэлгээ, /хх-ийн 107-111 хуудас/
13. ****-ны үнэлгээчин **** 2025 оны 01 дүгээр сарын 24- ний өдөр гаргасан **** дугаартай үнэлгээ, /хх-ийн 117-118 хуудас/
14. Шүүх шинжилгээний ерөнхий газрын ***** хэлтсийн шинжээч **** 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ***** дугаартай дүгнэлт. /хх-ийн 86-87 хуудас/
15. Шүүх шинжилгээний ерөнхий газрын **** хэлтсийн шинжээч***** 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн *****дугаартай дүгнэлт, /хх-ийн 77-78 хуудас/
16. 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ****аймгийн Нэгдсэн эмнэлгийн **** дугаартай яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 53,61,72 хуудас/ зэргийг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ***** хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн “... Гэм буруу дээр маргах зүйл байхгүй би хүлээн зөвшөөрч байна. Хохирогч талуудтай уулзаж эвлэрсэн, уучлалт гуйсан. ***** эрүүл мэндэд 306.135 төгрөг, *****эрүүл мэндийн хохиролд 338.635 төгрөгийн хохирол учруулсанаа эрүүл мэндийн даатгалын санд төлж баримтыг хэрэг өгсөн. Хохирогч ***** *****улсын дугаартай тээврийн хэрэгслийг янзлахаар засварт өгсөн байгаа... гэх мэдүүлэг, хохирогч *****мэдүүлэг, /хх-ийн 19-р хуудас/, Гэрч, иргэний нэхэмжлэгч *****мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,гэрч, иргэний нэхэмжлэгч ****** мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/, ****аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч **** 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан ****дугаартай дүгнэлт /хх-ийн 50-51-р хуудас/, ****аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч ***** 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан ****дугаартай дүгнэлт /хх-ийн 58-59-р хуудас/, ****аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч ***** 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан ****дугаартай дүгнэлт /хх-ийн 66-р хуудас/, *****аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч **** 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан ****дугаартай дүгнэлт /хх-ийн 70-71-р хуудас/, ****аймгийн "****" ХХК-ний шинжээч **** 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ****дугаартай дүгнэлт /хх-ийн 96-97-р хуудас/, "****" ХХК-ний үнэлгээчин *****2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан *****дугаартай үнэлгээ /хх-ийн 107-111-р хуудас/, "*****" ХХК-ний үнэлгээчин ***** 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан *****дугаартай үнэлгээ /хх-ийн 117-118-р хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын **** хэлтсийн шинжээч ***** 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ***** дугаартай дүгнэлт /хх-ийн 86-87-р хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын ***** хэлтсийн шинжээч ****2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн *****дугаартай дүгнэлт, /хх-ийн 77-78 тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл
журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч ****Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.2-т Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна. 11.3-т Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөн байна.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болно.
Иймд шүүгдэгч**** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул шүүгдэгч ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч шүүх хуралдаанд “...Шүүгдэгч ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргав.
Шүүгдэгч **** Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болно.
Шүүхээс шүүгдэгч **** хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
Мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч *****үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч ******Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2.700.000 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *****оногдуулсан 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 нэг буюу 12 /арван хоёр / сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ***** эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гурав. Хохирол хор уршгийн талаар:
“Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тодорхойлж хуульчилсан.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсгийн 2.1.1-т гэмт хэргийн улмаас хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр тус зүйл ангийг тусгасан боловч хохирогч ***** “...Гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт, “...сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй...” гэх,
Хавтаст хэргийн 159-160 дугаар талд авагдсан Иргэний нэхэмжлэгч ***** “... миний эрүүл мэндэд учруулсан хохирол 338.635 төгрөгийг ****** нь бүрэн төлж барагдуулсан нь үнэн тул цаашид ямар нэгэн санал гомдолгүй...” гэх тодорхойлолт,
Хавтаст хэргийн 161-162 дугаар талд авагдсан Иргэний нэхэмжлэгч ***** “... эрүүл мэндэд учруулсан хохиролд 306.135 төгрөгийг ***** нь бүрэн гүйцэд төлж барагдуулсан тул санал гомдолгүй...” гэх тодорхойлолт тус тус хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч ***** бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй байна.
Түүнчлэн иргэний нэхэмжлэгч ***** нь мөрдөн шалгах ажиллагаанд “...үнэлгээ дээр байгаа мөнгөн дүнг би шаардаж нэхэмжлэхгүй. Эвдэрсэн гэмтлийг янзлаад хэвийн явдаг болгоод өгөхөд болно. Өөр гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг өгсөн байх боловч хэрэгт ****** улсын дугаартай “Хюундай портер” маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтлийг засварласан баримтыг гаргаж өгөөгүй байна.
Мөн хохирогч ****** нь мөрдөн шалгах ажиллагаанд “... надад хэргийн материалд хавсаргах баримт байхгүй. Осол гарсан цагаас хойш миний хөл бүрэн гүйцэт эдгээгүй байна. Ажилдаа одоог хүртэл яваагүй байгаа. Тийм учир би ажлын цагийнхаа тодорхойлолтыг хэргийн материалд хавсаргуулж, нэг сарын цалингаа нэхэмжилж байна” гэх мэдүүлэг өгч улмаар Улаанбаатар төмөр зам Сүхбаатар Депогийн даргын 2025 оны 02 дугаар сарын 07-ний өдрийн “... ****овогтой*****нь манай байгууллагад 2014 оноос хойш ажиллаж байгаа 2,610,000 төгрөгийн дундаж цалинтай. Сантехник тоног төхөөрөмжийн засварчингаар ажилладаг нь үнэн болно” гэх тодорхойлолтыг Цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн байх боловч энэ баримтаар хохирогчийг 1 сарын хугацаанд ажилгүй байсан гэж үзэх боломжгүй тул*****, ****** нарыг Иргэний журмаар хохирлоо жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, энэхүү нэхэмжлэлийг гаргахад энэ шийтгэх тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Дөрөв: Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ***** нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *****авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ***** ургийн овогт **** *****“Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *****Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2.700.000 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000/ хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 12 сар буюу 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шүүгдэгч ****** цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, бусад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ