Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2022/01371

 

2022 03 25 101/ШШ2022/01371

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- Чингэлтэй дүүрэг,*******,*******,*******,

хариуцагч- Баянзүрх дүүрэг,*******,*******,*******,*******,

гэрээний үүрэгт 12,259,585 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнх-Оргил, хариуцагч Д.Оюунчимэг, түүний өмгөөлөгч А.Ганбат, гэрч Г.Мандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамгарав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Байси ХХК нь Д.Оюунчимэгт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 12,259,585 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

2. Нэхэмжлэгч дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2014 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр байгуулсан 706 дугаартай зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 4,288,000 төгрөг, өөрийн хамаатан н.Алтанцэцэгийн авсан ам.долларын зээлийн үлдэгдэл 2.798 ам.долларыг хариуцагч Д.Оюунчимэг өөрөө зээлсэн гэдгээ илэрхийлж байсан тул 7,971,585 төгрөгийг тус тус нэхэмжилж байна гэж тодорхойлон тайлбарласан.

 

3. Хариуцагч хариу тайлбартаа 10 сая төгрөгийн зээл авснаас 5.400.000 төгрөгийг өөрөө төлж, үлдэх 4.600.000 төгрөгийг миний өмчлөлийн Шилэн захад байрлах лангууг түрээслэж байсан түрээслэгч нараас өдөр бүр авдаг байсан учраас Байси ХХК-нд төлөх төлбөрийн үлдэгдэл байхгүй. Мөн Байси ХХК-иас 2800 ам.долларын зээл аваагүй, ийм гэрээнд гарын үсэг зураагүй, аваагүй учраас би төлөхгүй гэж татгалзсан.

 

4. Нэхэмжлэгчээс 2014 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн огноотой, Д.Оюунчимэг гэж бичсэн, NШ-706 дугаартай, 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээ /хх-4, 36/, 2014 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн огноотой, Байси ХХК-нд гэж хаягласан Д.Оюунчимэгийн хүсэлт /хх-5/, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн архивын тэмдэг дарсан Батбуянт фаянэнс ХЗХ барьцаат зээлийн гэрээ Ш-706 /хх-35/, хариуцагчаас нийт Туяамаагаас авсан түрээс гэж бичигдсэн бичвэр /хх-22/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

 

2. Нэхэмжлэгч шаардах эрхээ 2014 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн огноотой, NШ-706 дугаартай зээлийн гэрээ, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн архивын тэмдэг дарсан Батбуянт фаянэнс ХЗХ барьцаат зээлийн гэрээ Ш-706 дугаартай баримтаар тодорхойлсонд хариуцагч тал 10,000,000 төгрөгийн зээл авсан боловч 5,600,000 төгрөгийг өөрөө төлж, үлдэх төлбөрийг миний Шилэн зах дээрх лангууг түрээслэж байсан Батчимэг, Туяамаа нараас өдөр бүр нэхэмжлэгч компаний ажилтан авснаар уг зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэж маргасан.

 

3. Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн шаардах эрхээ тодорхойлсон 2014 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн огноотой, NШ-706 дугаартай зээлийн гэрээнд зээлдэгч Д.Оюунчимэг гээд 10,000,000 төгрөгийг 2014 оны 9 дүгээр сарын 6-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийг хүртэл нэг сарын 4,5 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, зээлдэгч Д.Оюунчимэг нь 2014 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр зээлээ төлөхөөр тохиролцсон байна.

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн архивын тэмдэг дарсан Батбуянт фаянэнс ХЗХ барьцаат зээлийн гэрээ Ш-706 дугаартай баримтад ...12 сарын 30-нд үндсэн мөнгөнөөс хасалт хийлгэнэ гэж 5,400,000 төгрөг өгөв,сунгалт хийгээгүй гэж, 10,000,000-5,400,000=4,600,000, 10-р сарын 8-нд 450,000, 455 кодтой баримтаа 10,000,000-р хааснаа 8 саяаар хаасан гэж Оюунчимэг бодоод андуураад 10 саяаа үлдсэн 2 саяыг 706 кодтой баримтаас хасна гэж Оюунчимэг хасалт хийлгэж бичүүлсэн боловч 455 кодтой баримтыг нийт 10 саяар хааж 706 кодтой баримтын үлдэгдэл 4,600,000 гэж... бичигдсэн байна.

 

4. Хариуцагч татгалзлаа нотлохоор гаргасан ...нийт Туяамаагаас авсан түрээс 2017-9-20-с 2018-9-20 хүртэл 3,986,000 төгрөг авав, 2018-03-19-нд цагаан сарын амралт хасаад 220,000, 2018-7-21-нд наадам амралт хасаад 246,000 авав, үүнээс бусад үед тогтмол 320,000 өгөв. Оюунчимэг 4,600,000, Эрхэмээ, Болороо 1,000,000, Мөнгөнчимэг 6,000,000, Алтанзул 2800$-1547$... гэх бичвэр бүхий баримтыг нотлох баримтаар гаргасан баримтыг нэхэмжлэгчийн хүсэлтээр оролцсон гэрч Г.Мандах нь хариуцагчийн ээж Пүрэвсүрэн гэх хүнд бичиж өгсөн болохыг мэдүүлсэн.

 

5. Нэхэмжлэгч талын шаардлагын үндэслэл болсон 2014-9-6-ны өдрийн 706 дугаартай зээлийн гэрээнээс үзэхэд тухайн гэрээний агуулга нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний агуулгад нийцэж байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчид мөнгө буюу эд хөрөнгийг шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохоор заасан.

 

6. Хариуцагч нь нэхэмжлэгчээс 10,000,000 төгрөгийн зээлийг дээрх гэрээний дагуу авсан талаар маргаагүй боловч уг төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэж маргаж, 5,600,000 төгрөгийг өөрөө төлсөн болохыг тайлбарласанд нэхэмжлэгч тал маргаагүй бөгөөд энэ талаар нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргасан Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн архивын тэмдэг дарсан Батбуянт фаянэнс ХЗХ барьцаат зээлийн гэрээ Ш-706 дугаартай баримтад бичигдсэн байна.

 

7. Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх хуралдаанд оролцсон гэрч Г.Мандах нь ...Байси ХХК-ийн Нарантуул захын хойно байрлах шилэн захад байрлах ломбарданд ажиллаж байхдаа хариуцагч Д.Оюунчимэг, түүний ээж Пүрэвсүрэн нарын зөвшөөрлөөр тэдгээрийн лангууг түрээслэж байсан Батчимэг, Туяамаа гэх иргэдээс өдөр бүрийн төлбөрийг авч, сар бүрийн эцэст Байси ХХК-ийн захирал Бат-Энхийн эхнэрийн дансанд шилжүүлдэг болохыг,

Н.Туяамаагаас түрээсийн төлбөр 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл 2.370.000 төгрөг, н.Батчимэгээс 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 480.000 төгрөг, 2018-11-10-ны өдөр хариуцагчийн ээж н.Пүрэвсүрэн 20.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл н.Батчимэгээс 480.000 төгрөг, 2018-12-13-нд Пүрэвсүрэн 20.000 төгрөг, н.Батчимэгээс 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 480.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр н.Пүрэвсүрэн 20.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр н.Батчимэгийн түрээс 400.000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүртэл н.Батчимэгийн түрээс 400.000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл 400.000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацааны түрээсийн төлбөрт 400.000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 400.000 төгрөгийг авсан талаар мэдүүлсэн.

 

Гэрчийн дээрх цаг хугацаа болон төлбөрийн дүнг өөрийн дэвтэрт бичсэн тооцоог нэгтгэн мэдүүлж байгаа талаар шүүх хуралдаанд тайлбарлаж, эдгээр төлбөрийг 2800 долларын зээлийн гэрээний үүрэгт авсан гэж тайлбарласан.

 

8. Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан хэлцлийн үндсэн дээр үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн байх боловч хариуцагч зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал 5,600,000 төгрөгийг хариуцагч Д.Оюунчимэг төлсөнд маргаагүй, түүний лангууг түрээслэж байсан н.Батчимэг, н.Туяамаа гэх иргэдээс өдөр бүр төлбөр авч байсан болохыг нэхэмжлэгч компаний ажилтан Г.Мандах шүүх хуралдаанд мэдүүлсэн дүнгээр 5,878,000 төгрөгийг хариуцагч төлсөн гэж үзэхээр байна.

 

Хариуцагч Д.Оюунчимэг нь 2014-9-6-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг 2014 оны 12-р сараас 2019 оны 6 дугаар хүртэлх хугацаанд гүйцэтгэсэн болох нь зохигчийн тайлбар болон гэрчийн мэдүүлэгээр тогтоогдож, хариуцагч тал гэрээний үүрэг гүйцэтгэхтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

9. Гэрч Г.Мандахын өдөр бүр хураан авч байсан 5,878,000 төгрөгийг 2800 долларын зээлийн гэрээний үүрэгт суутгаж байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

Байси ХХК болон хариуцагч Д.Оюунчимэг нарын хооронд 2800 ам.долларын зээлийн болон батлан даалтын гэрээний харилцаа үүссэн болох нь уг гэрээний дагуу 2800 ам.долларыг хариуцагчид эсхүл түүний батлан даасан н.Алтанзул гэх иргэнд шилжүүлсэн болохоо нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас 2798 ам.долларын зээлийн гэрээний үүрэг шаардах эрхтэй гэж дүгнэх үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 459 дүгээр зүйлийн 459.1-д зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол батлан даалтын гэрээг бичгээр байгуулахаар байх бөгөөд үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд түүний өмнөөс батлан даагчийн хүлээх хариуцлагын дээд хэмжээг батлан даалтын гэрээнд тусгахаар хуулийн 459.3-т заасан байна.

 

Иймд дурдсан үндэслэлүүдээр хариуцагч П.Оюунчимэгээс зээлийн гэрээний үүрэгт 12,259,585 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэгч Байси ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 211,103 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Оюунчимэгээс 12,259,585 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Байси ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 211,103 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ