Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2022/00508

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- Чингэлтэй дүүрэг,*******,*******,*******,*******,*******,*******,*******,

хариуцагч- Баянзүрх дүүрэг,,,,*******,*******,*******,,,

1,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамгарав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Д.Лид холбогдуулан 1,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, уг шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлон тайлбарлаж байна.

Би Д.Л гэдэг хүний хамаатан садан хамаарал бүхий хүн гэж өөрийнх нь танилцуулснаар 2 айлын газрыг 5.500.000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед ковидын хөл хорионы үе байсан учраас газрын албаар шалгуулж чадалгүй, бичиг баримтаа нотариатаар гэрчлүүлж гэрээ байгуулснаар нэрээ шилжүүлэхээр газрын албанд очиход тухайн газрыг олгохгүй, уг газрыг хууль бусаар олгосон газрын гэрчилгээг хүчингүй болгох гэж байгаа учраас гэрчилгээний нэр шилжүүлэх боломжгүй гэсэн тайлбар өгсөн.

Ингээд зохих шатны бүх байгууллагуудаар явж, Д.Л гэдэг хүнтэй уулзаж газар худалдаж авсан 5 сая төгрөгөө буцааж авъя гэхэд буцаагаад мөнгийг чинь өгье гээд 3,000,000 төгрөгийг өгсөн, дараа нь 1.500.000 төгрөг өгөөд одоо 1,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа.

Хариуцагчийн тайлбарт дурдсан шагналын мөнгө өгөхөөр амласан зүйл байхгүй, Д.Л гуайн танилцуулснаар хамаатных нь хүн газраа зарах гэж байгаа гэж хэлснээр тухайн хүмүүстэй уулзаж, бид нотариатын газарт хамт очиж гэрээгээ баталгаажуулсан. Энэ үед тухайн газрын эздэд мөнгийг шилжүүлж өгөх боломж байсан боловч Д.Л гуай наад хүүхдүүдийн ээж нь миний хамаатан, 2 охин нэг хүүтэй байгаад хүү нь нас барсан сэтгэлийн шархтай, хүүхдүүд нь хүнтэй суугаад хол хаяад явсан, харж үздэггүй тул газрын үнээс 3,000,000 төгрөгийг хүүхдүүдэд нь өгье, 2.500.000 төгрөгийг энэ хөгшинд өгье гэж хэлсэн тул итгэж худалдан авсан газрын төлбөрийг Д.Л гуайн данс руу шилжүүлсэн байсан.

Ингээд газар миний нэр дээр шилжиж ирэх боломжгүй болсноор би мөнгөө авъя гэхэд Д.Л нь манай эгч рүү битгий яриарай даралт өндөртэй хүн харавчихна, тэтгэврээ буухаар өгнө гэсэн гэж хэлээд өгөхгүй удсан тул би 09 дүгээр сард Д.Лтой холбогдож таныг шүүхэд өглөө гэхэд надад 1.500.000 төгрөгийг өгч, үлдэгдэл мөнгийг өгөхгүй байсан тул газраа зарсан хүүхдүүдтэй холбогдож хэлэхэд бид нар Л гэдэг хүнийг танихгүй, ээж ганцаараа байдаг болохоор ээжид хааяа тусалдаг гэсэн, та манай ээжтэй очоод уулз гэснээр очиж уулзаад Д.Л гуайтай уулзахаар гэрт нь очиход эхнэр, хүүхдүүд нь байсан бөгөөд Д.Лтой утсаар ярьж яагаад худлаа ярьж байгаа юм гэж загнасан.

Ингээд Д.Л нь хоёр талд худлаа яриад явсан болохыг мэдсэн. Надад газраа зарсан хүүхдүүд 3,000,000 төгрөгийг, Д.Л нь 1,500,000 төгрөгийг шилжүүлсэн тул үлдэгдэл 1,000,000 төгрөгийг Д.Лоос нэхэмжилж байгаа гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 1,000,000 төгрөгийг Д.Л нь 2 хүний хоорондын газрыг зуучилж өгснөөрөө нэг тал нь газар зарж өгсөнд баярлалаа гээд 500.000 төгрөг нөгөө тал нь газар олж өгсөнд баярлалаа гээд 500.000 төгрөг, нийт 1.000.000 төгрөг өгсөн. Энэ нь миний шагналын мөнгө учраас 2 хүний хоорондох наймаа буцсан нь надад хамаагүй, уг мөнгийг шагналд авсан гэж тайлбарлаж нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Нэхэмжлэгч талаас өөрийн Хаан банкны дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-3/ баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Дийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагчаар Д.Лийг тодорхойлон татаж, түүнд холбогдуулан 2021-4-7-ны өдөр шилжүүлсэн 5,500,000 төгрөгийн үлдэгдэл 1.000.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ Д.Лийн танилцуулсан хүнээс газар худалдан авахаар болж бид нотариатын газарт очиж гэрээ байгуулсан ч газрын үнийг Д.Л гуай өөрийн дансанд авах хүсэлт гаргаж, хэлэхдээ наад хүүхдүүдийн ээж нь миний хамаатан, хүүхдүүд нь хүнтэй суугаад хол хаяад явсан, харж үздэггүй тул газрын үнээс 3,000,000 төгрөгийг газраа худалдсан хүүхдүүдэд нь өгье, 2.500.000 төгрөгийг энэ хөгшинд өгье гэж хэлсэнд нь итгэж худалдан авсан газрын төлбөр болох 5,500,000 төгрөгийг Д.Л гуайн данс руу шилжүүлсэн.

Худалдан авсан газрыг нэр дээр шилжүүлэх боломжгүй болсноор мөнгөө авъя гэхэд надад газраа худалдсан хүүхдүүдээс 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн, газрын эздийн ээжид нь 2,5 сая төгрөг өгөөгүй гэдгийг тухайн хүмүүс хэлснээр Д.Лийг шүүхэд өгнө гэж хэлсэн өдрийн орой 1,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Д.Л нь хоёр талд худлаа яриад явсан болохыг мэдсэн. Би түүнд газар худалдан авснаар шагналд мөнгө өгөхөөр амласан зүйл байхгүй гэж тодорхойлон, тайлбарласан.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа 5,500,000 төгрөгийг өөрийн дансаараа хүлээж авсан нь үнэн, үүний 1,000,000 төгрөгийг газар худалдсан, худалдан авсан хүмүүс 500,000, 500,000 төгрөгөөр шагналын мөнгө гэж өгсөн учраас зөвшөөрөхгүй гэж татгалзсан тайлбар гаргаж маргасан.

 

Нэхэмжлэгч Д.Д нь 5021152283 тоот данс руу 2021 оны 4-р сарын 7-ны өдөр 5,500,000 төгрөгийг газар төлбөр, худалдан авсан гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдож, уг данс нь хариуцагч Д.Лийн данс мөн болохыг хариуцагч тал хүлээн зөвшөөрч, маргаагүй.

 

Харин хариуцагч нь дээрх шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн 1,000,000 төгрөгийг газар худалдан авахад нь зуучилсан, газраа худалдсан, газар худалдан авсан хүмүүсээс өгсөн шагнал гэж маргаж байгаа тохиолдолд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээний харилцаа үүссэн эсэх, мөн хуулийн 420 дугаар зүйлд зааснаар шагнал олгохоор нэхэмжлэгч нийтэд амласан эсэхийг хариуцагч тал өөрөө нотлох үүрэгтэй.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

 

Тиймээс талуудын хооронд зуучлалын гэрээ байгуулагдсан баримтгүй байх тул зохигчдын хооронд үүрэг үүсээгүй, нэхэмжлэгч нь тодорхой үйлдэл хийсэн, эсхүл тодорхой үр дүн бий болгосон этгээдэд шагнал олгохоор амласан гэх байдал хэргийн баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Доос хариуцагч Д.Лид 5,500,000 төгрөг шилжүүлснээс 4,500,000 төгрөгийг буцаан авсан болохыг зохигчид тайлбарлаж, хариуцагч маргаагүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасан үндэслэлээр 1,000,0000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг бөгөөд зохигчдын тайлбар өөрөө нотлох баримт болох хэдий ч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал үгүйсгэж байгаа тохиолдолд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар татгалзлын үндэслэлээ нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болно. 

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 28,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 550 төгрөгийг гаргуулан нэмж гаргуулан улсын орлогод оруулах, хариуцагчаас 28,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Л /ЦЕ70041211/-с 1,000,000 /нэг сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Д //-д олгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Доос 550 /таван зуун тавин/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 28,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Лоос 28,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Д-д олгосугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ