2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1103

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            

          Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Төгөлдөр

          Улсын яллагч М.Нямжав

          Хохирогч Д.Б*******

          Шүүгдэгч Б.Б******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******-ын *******-д холбогдох эрүүгийн 2406 02047 0191 дугаар 1 хавтаст хэргийг 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 20** оны 8 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Налайх дүүргийн ******* тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн ******* тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

******* овогт *******-ын ******* /РД:*******/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 4 дүгээр сарын 5-наас 6-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” төвийн автомат төгрөгийн машин /АТМ/-нд хохирогч  *******-ийн банкны картыг уншуулж 1.680.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Хэрэг болсноос хойш одоо л ах хүүтэй анх удаа уулзаж байна. Тухайн өдөр ах хүү согтуу байсан. Би эрүүл байсан. Би тухайн өдөр таксинд явж байсан. Ах хүү миний бараг 10 дахь үйлчлүүлэгч байсан байх аа. Ах өөрөө намайг түрүүвч биш нэг ийм жижигхэн /гараараа дүрсэлж харуулав/ баахан карттай түрүүвчээ надад өгөөд “АТМ-с 1.700.000 төгрөг аваад өг” гэсэн. Тэгэхээр нь би АТМ-рүү ороод мөнгийг нь аваад карт, мөнгийг нь өгсөн. Тэгээд *******-р буудлын гэрлэн дохионы ойролцоо байх “МТ” колонк дээр бууна гэсэн. Энэ үед ах 2-3 удаа машинаас шээх, бөөлжих зэргээр буусан. Ингэх үедээ мөнгөө шалавч нь дээр унагаасан байсан. Тэрээр өөрөө тасарчихсан байсан. Тэгээд би хамгийн сүүлд мөнгийг нь авсан. Ах өөрөө *******-р буудлын гэрлэн дохио нь дээр буух гэж байгаад гар утасныхаа зурвасыг хараад 1.700.000 төгрөгийн зарлага гарсан байхаар нь надтай хамт цагдаа орсон. Цагдаагийн газар очоод би “тухайн үед мөнгөний хэрэг үнэхээр их байсан юм аа, уучлаарай” гэж хэлсэн. Тэгээд би ахтай хамт цагдаа руу ороод “би ахын мөнгийг аваагүй ээ, энэ ах согтуу байна” гэж хэлээд үлдээгээд явсан. Цагдаагийн албан хаагчид худлаа хэлсэн нь миний буруу.” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: “Тухайн өдөр би огт бэлэн мөнгөгүй явж байсан бөгөөд энэ залуу /шүүгдэгч/ намайг 03 цагийн орчим ******* худалдааны төв орчмоос авсан бөгөөд 03 цаг 30 минутын орчим би өөрийн интернэт банкийг блок хийсэн байсан. Тэгээд таксины мөнгөө боломжгүй болсон учир өөрийн картыг пин кодын хамт өгсөн. Энэ залуу надад 4 ширхэг 5000 төгрөг, картын хамт өгсөн. Утсанд ирсэн зарлагын зурвасыг харалгүй байж байгаад 2 буудал өнгөрөөд явж байгаад харсан. Шүүгдэгчид хандаад “ахынх нь данснаас зарлага гарсан байна. Чи ахыгаа хэдэн цагийн үед авсан бэ?” гэхэд “3 цагийн үед авсан” гээд надад үнэнээ хэлсэн. Тэгээд хартал би интернэт банкаа 03 цаг өнгөрч байхад блок хийсэн байсан тул мөнгө гарах үед энэ залуутай хамт байсан юм байна гэж бодож байтал яг урд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс байсан тул хамт орсон. Түүнээс биш энэ залуугийн хэлж байгаа шиг машинаасаа хэд хэдэн удаа буугаад унагасан мөнгийг энэ залуу авсан гэсэн зүйл болоогүй. Шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлж мэдүүлэг өгөх эрхтэй гэсэн хэдий ч арай л өрөөсгөл ойлголт байна. Бүх зүйл камерын бичлэгт тодорхой харагддаг. Тус бичлэгт шүүгдэгч нь 170 ширхэг 10.000 төгрөгийн дэвсгэртийг аваад өмднийхөө зүүн халаас руу хийж байгаа нь харагддаг. Шөнийн бичлэг учир надад хэдэн төгрөг өгч байгаа нь сайн харагддаггүй. Тэгээд надтай хамт цагдаагийн газар руу орчхоод мөн л худлаа ярьсан. Тодруулбал “би энэ ахыг АТМ-н үүднээс авсан” гэж хэлдэг. Мөн “би нялх хүүхэдтэй, анх удаа таксинд явж байна” гэх зэргээр жүжиглэсээр байгаад л явсан.” гэжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9-10 дугаар тал/, хохирогч ******* мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар тал/, гэрч ******* мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/, гэрч ******* мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар тал/, ******* эзэмшлийн хаан банкны ******* тоот дансны хуулга /хх-ийн 30 дугаар тал/, Хаан банкны 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 29/4455 дугаар албан тоот /хх-ийн 32 дугаар тал/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 34-37 дугаар тал/, хаан банкны дансны мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 39-40 дүгээр тал/ зэргийг шинжлэн судлав.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч ******* нь 2024 оны 4 дүгээр сарын 5-наас 6-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” төвийн автомат төгрөгийн машин /АТМ/-нд хохирогч  ******* банкны картыг уншуулж 1.680.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна. Дээр дурьдсан үйл баримт дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9-10 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ******* өгсөн: “... би 2024 оны 4 дүгээр сарын 5-с 6-нд шилжих шөнө найзуудтайгаа сууж жаахан согтууруулах ундааны зүйл хэрэглээд гэртээ харихаар ******* урдаас таксинд суугаад явж байхдаа муудаад хэсэг зуурын үйл явдлыг сайн санахгүй байгаа нэг сэрсэн чинь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр ******* ******* уулзвар орох замд Сод монгол колонкийн харалдаа явж байсан би сэрээд өөрийн гар утсаа шалгахад 04:05 минут болж байсан бас хаан банкны орлого, зарлагын мэдээлэл гээд 1.700.000 төгрөг зарлагын гүйлгээ гарсан байсан 03:51 минутад мессэжээр миний утсанд ирсэн байсан би тэгээд “ямар учиртай гүйлгээ вэ?” гэж бодоод сууж явсан машины жолоочоос “ах нь чамтай хэдэн цагаас хойш хамт явсан бэ?” гэж асуухад тус машины жолооч “та надтай 03 цагаас хойш явж байна” гэсэн би жолоочоос “ах нь хаанаас чиний машинд суусан бэ?” гэхэд жолооч залуу “таныг ******* авсан” гэх хэлсэн би тэгээд сэжигтэй санагдаад жолооч залууд “ахынх нь данснаас мөнгө гарсан байна” гэхэд “тийм үү, ахаа би мэдэхгүй. Юун мөнгө гарсан юм бол” гэж хэлсэн би тэгээд жолооч залууд “хоёулаа цагдаагийн газарт очьё” гэж хэлээд Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтэс дээр очоод жижүүрийн цагдаад болсон явдлыг хэлэхэд цагдаа намайг Хаан банк руу яриулсан би Хаан банкны лавлах руу залгаад миний данснаас гарсан зарлагын талаар асуухад “таны картаас гарсан 1.700.000 төгрөгийн зарлагын гүйлгээ Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо ******* төвийн АТМ-с гарсан байна” гэж хэлсэн. Тэгээд Чингэлтэй дүүргийн цагдаа намайг “Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст хандаарай” гэж хэлсэн. Харин нөгөө таксины жолоочийг явуулчихсан. Тэгээд би 102 тусгай дугаарт дуудлага өгөөд Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст биеэр ирж гомдол гаргасан. Би таксины жолоочид карт өгөөгүй намайг хэсэг зуур биеэ удирдах чадваргүй муудсан байхад миний картыг аваад согтуу байгааг далимдуулаад картын нууц дугаарыг тус жолоочид хэлсэн байх гэж бодож байна. Намайг сэрэхэд миний куртикний энгэрийн дотор талын халаасанд миний картын хавтас, банкны карт болон бэлнээр 4 ширхэг 5000 төгрөгийн дэвсгэрт байсан. Тухайн өдөр би бэлэн мөнгөгүй байсан. Би ер нь бэлэн мөнгө хэрэглэдэггүй юм. Би тэр 4 ширхэг 5000 төгрөгийг яаж миний халаасанд орсон гэдгийг бас мэдэхгүй байсан. Харин дараа нь мөрдөгч надад банкны АТМ-н хяналтын камерын бичлэгийг үзүүлсэн тэгэхэд тус таксины жолооч залуу АТМ-с 1.700.000 төгрөг уншуулаад бэлнээр авахдаа АТМ дотор байхдаа 1 гартаа 4 ширхэг 5000 төгрөг болон миний халаасанд байсан карттай хавтас зэргийг бариад нөгөө гартаа АТМ-с гарсан мөнгөний үлдсэн хэсгийг бариад өмднийхөө зүүн талын урд халаасанд хийгээд АТМ-с гарч байгаа нь харагдаж байсан. Намайг сэрэхэд миний халаасанд байсан 4 ширхэг 5000 төгрөгийг таксины жолооч намайг хэсэг муудсан хойгуур таксины жолооч миний картаас мөнгө авчхаад буцаагаад хийсэн гэж бодож байна. Тухайн үед таксины жолоочтой хамт Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр очиход тус жолооч “би яараад байна, нялх хүүхэдтэй, би явмаар байна. Би анх удаа таксинд явж байгаа” гээд их тэвдээд байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ******* өгсөн: “Би хэдний өдөр гэдгээ санахгүй байна ямар ч байсан ажил дээрээ буюу ЧДЦГ-н хоёрдугаар хэлтэст жижүүрийн эрүүгийн мөрдөгчөөр үүрэг гүйцэтгэж байх үед 00 цаг өнгөрсөн байх үед гаднаас сургуульд ажилладаг гэх хүн энэ таксины жолооч гэх залууг гомдол гаргах байсан залуугаас салгаж уулзаад “миний дүү энэ хүний мөнгийг авсан бол гаргаад өгчих” гэж хэлэхэд таксины жолооч “би юу гэж мөнгө авах вэ” гэсэн тэгээд би “тэгвэл юу болсон талаар яриарай” гэхэд таксины жолооч “би энэ хүнийг таксинд явж байгаад аваад тэгээд дарь эхийн шинэ буудалд байх Хаан банкны АТМ-с энэ ах өөрөө буугаад мөнгө авсан. Би бол энэ хүний мөнгийг аваагүй” гэж хэлэхээр нь би “энэ хэрэг нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт болсон байна. Та 2 Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст хандаарай” гэж хэлээд таксины жолооч болон таксигаар үйлчлүүлсэн гэх залуу хоёрын регистрийн дугаар тэмдэглэж үйлдсэн. Тухайн үед таксины жолооч гэх залуу “би жаахан хүүхэдтэй, гэртээ харилаа” гээд уурлаад байсан би тухайн жолоочид “асуудлаа одоо шийдвэрлүүлээрэй” гэж сануулж хэлсэн. Тэгээд тэр 2 Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс рүү явлаа гээд гараад явсан. Дараа нь хэзээ гэдгийг нь санахгүй байна. Миний ******* гэх дугаар руу Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс холбогдож байна гээд тухайн 2 хүний бүртгэлийн мэдээллийг асуухаар нь би болсон зүйлийн талаар хэлж тус 2 хүний регистрийн дугаарыг хэлж өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ******* өгсөн: “... Хаан банканд ашиглагдаж байгаа бүх компьютер, программ, техник хэрэгслүүдийн цаг нь бодит цагийн горимтой таарсан байдаг. Өдөр болон шөнийн цагаар автомат гүйлгээнүүд хийгддэг. Тухайн өдрийн ачааллаас хамааран шөнө хийгдсэн зарим нэгэн гүйлгээнүүдийн хуулган дээрх цаг зөрөх тохиолдол гардаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар тал/,

******* овогтой ******* эзэмшлийн хаан банкны ******* тоот дансны хуулга /хх-ийн 30 дугаар тал/,

 Хаан банкны 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 29/4455 дугаар албан тоот /хх-ийн 32 дугаар тал/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: “... шар өнгийн хүрэм, саарал өнгийн бэлтгэлийн өмд, цагаан өнгийн пүүзтэй эрэгтэй хүн АТМ дотор орж ирэн ногоон өнгийн банкны карт бэлэн мөнгөний машин руу хийж байгаа. Тухайн эрэгтэй хүн нь картын нууц үгийг хийж байгаа дүрс бичлэг байв. Тухайн эрэгтэй хүн нь бэлэн мөнгөний машинд 1.700.000 гэж бичиж байгаа дүрс бичлэг, бэлэн мөнгөний машинаас ногоон өнгийн банкны карт авч байгаа. Бэлэн мөнгөний машинаас мөнгө авч байгаа дүрс бичлэг” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 34-37 дугаар тал/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Хохирогч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараагийн мэдүүлгээ хуульд заасан үндэслэл, журмын дагуу аливаа шахалт, албадлагагүй өгсөн нь хэргийн талаар бодитой мэдээлэл агуулсан, хэрэгт ач холбогдолтой хэвээр байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсныг тэмдэглэж байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******-ын зүгээс: “... АТМ-с 1.700.000 төгрөг авсан гэхдээ дээрх мөнгөнөөс такси үйлчилгээний хөлс болох 20.000 төгрөгийг л авсан. Хохирогч нь өөрөө бие засах, бөөлжих зэрэг үйлдлийг хийж машинаас хэд хэдэн удаа бууж суухдаа мөнгөө шалавч нь дээр унагаасан байсан.” гэх тайлбарыг гарган мэтгэлцэх боловч уг тогтоолын тодорхойлох хэсэг болох дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм бурууг хангалттай нотолсон гэж үзсэн тул хураангуйлан дараах байдлаар шүүх няцаалт өгсөн болно.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан тэднийг нягт нямбай хянасны үндсэн дээр гэмт хэргийг сэргээн дүрслэх замаар хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн бодитой тогтоож энэ тухай хууль зүйн дүгнэлт гаргадаг.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 4 дүгээр сарын 5-наас 6-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” төвийн автомат төгрөгийн машин /АТМ/-нд хохирогч  *******-ийн банкны картыг уншуулж 1.680.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч *******-ийн өгсөн: “... би сэрээд өөрийн гар утсаа шалгахад 04:05 минут болж байсан бас хаан банкны орлого, зарлагын мэдээлэл гээд 1.700.000 төгрөг зарлагын гүйлгээ гарсан байсан 03:51 минутад мессэжээр миний утсанд ирсэн байсан би тэгээд “ямар учиртай гүйлгээ вэ?” гэж бодоод сууж явсан машины жолоочоос “ах нь чамтай хэдэн цагаас хойш хамт явсан бэ?” гэж асуухад тус машины жолооч “та надтай 03 цагаас хойш явж байна” гэсэн би жолоочоос “ах нь хаанаас чиний машинд суусан бэ?” гэхэд жолооч залуу “таныг *******-ээс авсан” гэх хэлсэн би тэгээд сэжигтэй санагдаад жолооч залууд “ахынх нь данснаас мөнгө гарсан байна” гэхэд “тийм үү, ахаа би мэдэхгүй. Юун мөнгө гарсан юм бол” гэж хэлсэн би тэгээд жолооч залууд “хоёулаа цагдаагийн газарт очьё” гэж хэлээд Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтэс дээр очоод жижүүрийн цагдаад болсон явдлыг хэлэхэд цагдаа намайг Хаан банк руу яриулсан би Хаан банкны лавлах руу залгаад миний данснаас гарсан зарлагын талаар асуухад “таны картаас гарсан 1.700.000 төгрөгийн зарлагын гүйлгээ Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо ******* төвийн АТМ-с гарсан байна” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *******-ын өгсөн: “... Хаан банканд ашиглагдаж байгаа бүх компьютер, программ, техник хэрэгслүүдийн цаг нь бодит цагийн горимтой таарсан байдаг. Өдөр болон шөнийн цагаар автомат гүйлгээнүүд хийгддэг. Тухайн өдрийн ачааллаас хамааран шөнө хийгдсэн зарим нэгэн гүйлгээнүүдийн хуулган дээрх цаг зөрөх тохиолдол гардаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар тал/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: “... шар өнгийн хүрэм, саарал өнгийн бэлтгэлийн өмд, цагаан өнгийн пүүзтэй эрэгтэй хүн АТМ дотор орж ирэн ногоон өнгийн банкны карт бэлэн мөнгөний машин руу хийж байгаа. Тухайн эрэгтэй хүн нь картын нууц үгийг хийж байгаа дүрс бичлэг байв. Тухайн эрэгтэй хүн нь бэлэн мөнгөний машинд 1.700.000 гэж бичиж байгаа дүрс бичлэг, бэлэн мөнгөний машинаас ногоон өнгийн банкны карт авч байгаа. Бэлэн мөнгөний машинаас мөнгө авч байгаа дүрс бичлэг” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 34-37 дугаар тал/ зэрэг болон бусад хавтаст авагдсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд тус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө..”  гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ******* нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* нь 1.680.000 төгрөг нэхэмжилсэн байх тул үүнийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэлээ.

Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм.

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан байдлаар шүүгдэгч *******-ын гэм буруутай үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул  түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчийн зүгээс: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна” гэх саналыг гаргасан бол шүүгдэгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 57 дугаар тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 58 дугаар тал/, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүний иргэний тодорхойлолт /хх-ийн 59 дүгээр тал/, эрүүл мэндийн даатгалын төлөлтийн талаарх лавлагаа /хх-ийн 60-61 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорих цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульчилжээ.

Шүүхээс шүүгдэгч *******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын тайлбар, мэдүүлэг зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй байна.

Улсын яллагчийн зүгээс “нийтэд тустай ажил хийлгэх” ял оногдуулах санал гаргасныг шүүхээс хүлээн авах боломжгүй байна.

Учир нь гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч ******* нь өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг тэмдэглэв.  

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч *******-ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

           2. Шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******-аас 1.680.000 төгрөгийг гаргуулж хохирогч *******-д олгосугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

            6. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                  

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС