Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2022/00345

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- Сонгинохайрхан дүүрэг,*******,*******, 41 тоотод оршин суух,*******,

нэхэмжлэгч- Хан-Уул дүүрэг,*******,*******,*******,,*******,, 41 тоотод оршин суух, Угалз овогт Л У //,

нэхэмжлэгч- Баянзүрх дүүрэг,,, 25-р байр 52 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй,,,,,

хариуцагч- Чингэлтэй дүүрэг,,,,,,,, Мэргэд овогт Дүгэржав Д //,

хариуцагч- Чингэлтэй дүүрэг,,,, одоо Баянзүрх дүүрэг,,,, Мэнд сартуул овогт М Б // нарт холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 644.558.214 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

С.Бямбажав, Д.Д нарын хооронд 2010 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан 2010/028 дугаартай зээлийн гэрээний 2.4, 3.1.3 дэх заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, үндэслэлгүй авсан 75,770.58 ам.долларыг нэхэмжлэгч Б.Э, Л.У нараас гаргуулах, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага Тойруу 12А-15 тоот хаягт байршилтай, 113 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг хууль бусаар худалдан борлуулсны хохиролд 230,520,000 төгрөг гаргуулах сөрөг шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э, С.Бямбажав, түүний өмгөөлөгч С.Батцэрэн, нэхэмжлэгч Л.Уийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга, хариуцагч М.Б, хариуцагч Д.Д, түүний өмгөөлөгч Ц.Одончимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Энхболор нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э, С.Бямбажав, Л.У нар хариуцагч Д.Д, М.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 644,558,214 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлон тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч Л.Уийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч Б.Эийн амаар өгсөн зөвшөөрлийн дагуу анх 2010-4-28-ны өдөр 60,000 долларыг өгсөн, үүний дараа 40,000 долларыг 2012-9-5-ны өдөр, 16,550 долларыг 2012-11-01-ний өдөр, 18,083 долларыг 2013-12-30-ны өдөр тус тус гэрээ байгуулж өгсөн. Тиймээс 2010-4-28-ны өдрийн гэрээ үргэлжилж яваад 2015-6-11-ний өдөр бүх мөнгөө нийлүүлээд 156,604 ам.доллар шүү гээд 2015-12-31-ний өдрийн дотор төлөхөөр дахин гэрээ байгуулсан байгаа. Гэрээ болон сунгалтыг тухай бүрт нотариатаар орж баталгаажуулж явсан байдаг. Хамгийн сүүлд 2018-8-16-ны өдөр хариуцагч нар болон нэхэмжлэгч Б.Эийн хэлснээр 1 жилээр сунгасан. Хариуцагч нар зээлийн хүү төлөөд явсан тул харилцан тохиролцоод гэрээ хугацааг сунгаад, 2015-6-11-ний өдрийн гэрээг 2019-6-5-ны өдрийг дуусталх хугацаагаар сунгасан тул хариуцагч нарын хүсэлтээр хүүг 1,5 хувь болгож бууруулсан.

Хариуцагч нар 2018 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд 133,633 ам.долларыг бэлнээр авсан, үндсэн зээлд 39,804 долларыг хасаад 94,829 ам.доллар, хүү багасгасан хэлцлээр 2018-8-16-ны өдрөөс 10 сарын хүү 14,220 өм.доллар, 2019-6-5-ны өдрөөс хойш шүүхэд хандах хүртэлх хугацааны алданги нь 47,414 ам.доллар байгаа. Сунгасан гэрээгээр талууд хуримтлагдсан хүү төлөхөөр хийсэн тохиролцоо нь 2018-8-16-ны өдрийн байдлаарх төлөгдөөгүй хүү 57,897 ам.доллар, нийтдээ 214,360 ам.доллар буюу 2021-11-2-ны өдрийн ханшаар тооцож 610,711,640 төгрөгийг гэр бүлийн дундын хөрөнгө гэж үзэн гэр бүлийн хөрөнгө хамгаалахаар нэхэмжлэл гаргасан гэж тодорхойлон тайлбарласан.

 

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Д.Дыг 2006 оноос хойш танина, мөнгө зээлэх талаар надаас эхэлж гуйж байсан тул гэр бүлийн хөрөнгө болох долларыг зээлэх талаар эхнэр Л.Ут амаар хэлж, би амаар зөвшөөрөл өгснөөр 100 хувь итгэлцлийн үндсэн дээр зээлсэн. Д эхэлж 60,000 ам.доллар авсны дараа зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, зээлийг барьцаа хөрөнгөгүйгээр 10 жил ашиглаж байна. Зээлсэн мөнгөн дүнг дахин давтан хэлэх шаардлагагүй, бүхэлд нь шаардлагаа дэмжиж байгаа. Энэ мөнгийг би банканд хадгалуулсан бол илүү их ашиг орлого олох байсан гэж тайлбарласан.

 

Нэхэмжлэгч С.Бямбажав нь би нэхэмжлэгч Б.Эийн Баялаг билд инвест монгол керамик компанид 22 дахь жилдээ ажиллаж байна. Захирал Б.Э нь хариуцагч Д.Дтай ирээд энэ хүнд энэ мөнгө өгөөд гэрээ байгуул, байр барьцаална гэж хэлэхэд нь нотариатаар орох эсэхийг асуухад захирал хэрэггүй, сайн таньдаг хүн гэж хэлснээр эхний удаад 60,000 ам.доллар, дараа нь 40,000 ам.долларыг өгсөн. 16,000 ам.долларыг хүүхдийн гадаадад сурдаг сургалтын төлбөр тухай хэлснээр Б.Э захиралтай утсаар аман зөвшөөрөл аваад өгсөн. Зээлийн гэрээнд оролцож гарын үсэг зурсан учраас гэрээний нэг тал гэж үзээд нэхэмжлэгчээр оролцож байгаа. Зээлдүүлсэн мөнгөн хөрөнгө нь миний хувийн хөрөнгө биш, нэхэмжлэлд дурдагдаад байгаа дүн нь нэхэмжлэгч Б.Э болон түүний гэр бүлд олгоход мөнгө учраас иргэн надад иргэний хувиар нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Тиймээс нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж нэхэмжлэгчээр оролцож байгаа гэж тайлбарласан.

 

Хариуцагч Д.Д хариу тайлбартаа С.Бямбажав гэх хүнээс анх 60,000 ам.долларыг зээлсэн, өөр бусад дурдагдаад байгаа долларыг аваагүй. 2010-4-28-ны өдөр байгуулсан гэрээгээр 60,000 долларыг сарын 2 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай авсан. Гэрээний дагуу 2018-2-5-ны өдрийг хүртэлх хугацаанд 56 удаагийн төлөлтөөр нийт 150,170 ам.долларыг төлсөн. Үүнд

2010 онд 2010-6-2-ны өдөр 1200, 2010-6-30 1200, 2010-7-20-1200, 2010-9-8-1200, 2010-9-30-1200, 2010-11-01-1200,

2011 онд 2011-2-8-3600, 2011-2-28-1200, 2011-4-13-1200, 2011-6-15-2400, 2011-6-28-1200, 2011-8-5-1200, 2011-9-13-1200, 2011-10-8-1200, 2011-12-30-3600,

2012 онд 2012-2-29-2400, 2012-4-10-2400, 2012-8-1-3600, 2012-9-5-3500,

2013 онд 2013-9-9-20,000, 2013-12-30-10,000,

2014 онд 2014-8-6-30,000,

2015 онд 2015-10-07-6650, 2015-10-23-3000, 2015-12-01-1000, 2015-12-14-4250, 2015-12-15-1000, 2015-12-16-900,

2016 онд 2016-1-16-2000, 2016-1-17-3000, 2016-1-28-4000, 2016-2-4-2700, 2016-2-5-1734, 2016-2-25-1000, 2016-4-10-986,71, 2016-5-7-1192,72, 2016-5-9-494,71, 2016-5-13-2496,24, 2016-6-22-500, 2016-6-25-495, 2016-7-8-495,65, 2016-7-10-247,82, 2016-7-20-497,80, 2016-7-22-976,21, 2016-8-02-1197,54, 2016-8-15-4343,10, 2016-8-20-1236,91, 2016-9-6-451,95, 2016-10-14-436,51, 2016-10-17-650,36, 2016-10-28-4100, 2016-10-31-281,72,

2017 онд 2017-12-22-1236,39, 2017-4-01-167,52, 2017-4-30-143,66,

2018 онд 2018-2-5-414,11 ам.доллароор нийт 56 удаагийн төлөлт хийсэн.

Харин нэхэмжлэгч нар 2010-4-28-ны өдрийн зээлийн гэрээний 2.4, 3.1-д нэмэгдүүлсэн хүү авахаар зааснаар үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө буюу 75,770.58 ам.долларыг надаас хууль бусаар авч үндэслэлгүй хөрөнгөжсөн байна. Дээрх мөнгийг бэлнээр авах болон 40,000 ам.доллар нэмж зээлдүүлсэн мэтээр зээлийн гэрээ байгуулсан, эдгээр гэрээнд дурдсан ам.долларыг би аваагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч М.Б хариу тайлбартаа би нэхэмжлэгч нартай зээлийн гэрээний харилцаанд орж байгаагүй, оюутан байхад миний данснаас нэхэмжлэгч Л.У болон Сувд гэх хүний данс руу мөнгө шилжүүлсэн байдаг. Зээлтэй холбоотой итгэмжлэл дээр гарын үсэг зурна гэснээр хороололд нэг нотариатч дээр очиж гарын үсэг зурсан боловч юун дээр гарын үсэг зурж байгаагаа уншиж танилцаагүй зурсан учраас өнөөдөр хариуцагч болсон. Тиймээс эдгээр хүмүүсээс мөнгө зээлж авсан зүйл байхгүй тул нэхэмжилж байгаа төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч Д.Даас нэхэмжлэгч нарт холбогдуулан 2010 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан 2010/028 дугаартай зээлийн гэрээний 2.4, 3.1.3 дэх заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, үндэслэлгүй авсан 75,770.58 ам.долларыг нэхэмжлэгч Б.Э, Л.У нараас гаргуулах, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага Тойруу 12А-15 тоот хаягт байршилтай, 113 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг хууль бусаар худалдан борлуулсны хохиролд 230,520,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан.

 

Хариуцагч Д.Д нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Э нэхэмжлэгчээр орж ирсэн. Нэхэмжлэгч С.Бямбажавын 2010-4-28-ны өдөр надтай гэрээ байгуулсан гэрээний 2.4, 3.1 дэх заалт нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 15.3-т заасныг илтэд зөрчсөн буюу иргэд хоорондын зээлийн гэрээнд нэмэгдүүлсэн хүү тооцсон байх тул гэрээний 2.4, 3.3 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох. Уг хүчин төгөлдөр бус гэрээний зохицуулалтаар Б.Э, Л.У нар надаас 75,000 ам.долларыг илүү авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна.

Мөн 2013, 2015 онд хууль бус зээлийн гэрэ байгуулж, миний өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага Тойруу 12А-15 тоот хаягт байршилтай, 113 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд тавих, бусдад түрээслэн хүү тооцно гэснээр хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх хүсэлт гаргаж, түүнд зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зурах эрхийг итгэмжлэлээр олгосон байхад миний өмчлөлийн орон сууцыг бусдад худалдсан болохыг, Б.Эийн мэдүүлэг, тайлбараар Дд зээлдүүлсэн мөнгөний хүүд тухайн орон сууцыг авсан болох нь нотлогдсон.

Түүнчлэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус хэлцлийг байгуулж, Сувд нь орон сууц худалдах худалдан авах гэрээг иргэн Л.Болдтой байгуулж, миний өмчлөлийн орон сууцыг 80 сая төгрөгөөр худалдаж, өмчлөх эрхийг шилжүүлснээр дараа дараагийн хүмүүст өмчлөх эрх шилжсэн байгаа тул нэхэмжлэгч Б.Э, Л.У нарыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзээд орон сууцны үнэнд 230,520,000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.

 

Нэхэмжлэгч талаас 2010-4-28-ны өдрийн 60,000 ам.долларын бэлэн мөнгөний зарлагын баримт /1-р хх-7/, 2010-4-28-ны өдрийн 2010/28 дугаартай 60,00 ам.долларын зээлийн гэрээ /1-р хх-8-9/, 2010/028 тоот зээлийн гэрээний сунгалт /1-р хх-11/, 2012-09-5-ны өдрийн 40,000 ам.долларын бэлэн мөнгөний зарлагын баримт /1-р хх-12/, 2012-9-5-ны өдрийн 40,000 ам.долларын зээлийн гэрээ /1-р хх-13/, 2013-12-30-ны өдрийн 137,380 ам.долларын зээлийн гэрээ /1-р хх-14/, 2013-12-30-ны өдрийн барьцааны гэрээ /1-р хх-15/, Хан-Уул дүүрэг, 1-р хороо, стадион оргил, М.Гандигийн 17-р байрны 88 тоотод байршилтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Д.Д гэж бүртгүүлсэн гэрчилгээ /1-р хх-16/, 137,380 ам.доллар эргэн төлөх хуваар /1-р хх-17/, Д.Д, Э.Өлзийбаяр нарын иргэний үнэмлэх хуулбар /1-р хх-18/, зээлийн гэрээний хугацаа сунгалт нэмэлт гэрээ /1-р хх-19/, 2015-6-11-ний өдрийн 156,604 ам.долларын зээлийн гэрээ /1-р хх-20/, 2015-6-11-ний өдрийн барьцааны гэрээ /1-р хх-21/, 2016-01-16-ны өдрийн 156,604 ам.долларын зээлийн гэрээ /1-р хх-22/, зээл эргэн төлөх хуваар /1-р хх-23/, Д.Д, М.Б нарын иргэний үнэмлэх хуулбар /1-р хх-24/, 2014-8-6-ны өдрийн 30,000 ам долларын бэлэн мөнгөний орлогын баримт /1-р хх-25/, 2017-6-5-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа сунгалт нэмэлт гэрээ /1-р хх-26/, Б.Сувдын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-130, 138/, Б.Сувдын Голомт банкны дансны хуулга /1-р хх-131-137, 139-140/, 2012-11-01-ний өдрийн 16,550 ам.долларын зээлийн гэрээ /1-р хх-197/, 2012-09-5-ны өдрийн 40,000 ам.долларын бэлэн мөнгөний зарлагын баримт /1-р хх-198/, 2010-4-28-ны өдрийн 60,000 ам.долларын бэлэн мөнгөний зарлагын баримт /1-р хх-199/, 2012-11-01-ний өдрийн 16,550 ам.долларын бэлэн мөнгөний зарлагын баримт /1-р хх-200/, 2018-8-16-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа сунгалт нэмэлт гэрээ /2-р хх-106-107/, 2018-8-13-ны өдрийн Дтай зээл, зээлийн төлөлтийн талаарх уулзалтын тэмдэглэлийн гар бичмэл /2-р хх-108/, 2016-01-16-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт /2-р хх-199/, зээл эргэн төлөх хуваарь /2-р хх-200/, 2016-11-01-ний өдрийн Дынд уулзав гэж гараар бичсэн бичвэр /2-р хх-201/,

хариуцагчаас Д.Дын Голомт банкны дансны хуулга /1-р хх-201-209/, М.Бгийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /1-р хх-210-211/, Чингэлтэй дүүргийн, бага тойруу 12/А дугаар байрны 15 тоот хаягт байрлах 113 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийн талаарх тодорхойлолт /2-р хх-147/,

бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс Б.Ариунаагийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-5-15/, Б.Ариунаагийн худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /2-р хх-16/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Б.Эээс авсан гэрчийн мэдүүлэг /1-р хх-215-218/, хариуцагч нарын хүсэлтээр Чингэлтэй дүүргийн, бага тойруу 12/А дугаар байрны 15 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн талаарх нотлох баримтуудыг /1-р хх-51-79, 2-р хх-85-93/, хариуцагч Д.Дын Iphone 5s утасны vibert хариуцагч Д.Дын хүсэлтээр хийсэн үзлэгийн тэмдэглэл /1-р хх-168-179/ шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч Б.Э, Л.У, С.Бямбажав нарын нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

Хариуцагч Д.Д нь нэхэмжлэгч С.Бямбажав 60,000, 40,000, 16,550, 18,083 ам.долларыг нэхэмжлэгч Б.Эийн амаар өгсөн зөвшөөрлийн дагуу хариуцагч Д.Дд бэлнээр өгсөн, зээлдүүлсэн мөнгөн хөрөнгө нь нэхэмжлэгч Б.Э, Л.У, Э.Өлзийбаяр нарын гэр бүлийн дундын хөрөнгө учраас нэхэмжлэгч Б.Эийн эхнэр Л.У, тэдгээрийн ажилтан С.Бямбажав нар зээлийн гэрээний нэг тал болж гэрээнд гарын үсэг зурсан учраас нэхэмжлэгчийн байр сууринаас оролцож байгаа, хариуцагч нарын хүсэлтээр зээлийн гэрээний хугацаа сунгасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлага болох мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч Б.Эт олгуулахаар шаардаж байгаа болохыг нэхэмжлэгч Л.У, С.Бямбажав нар тайлбарласан.

Хариуцагч нараас үндсэн зээлд 94,829 ам.доллар, хүү багасгасан хэлцлээр тооцож 2018-8-16-ны өдрөөс 10 сарын хүү 14,220 доллар, 2019-6-5-ны өдрөөс хойш шүүхэд хандах хүртэлх хугацааны алданги 47,414 доллар, 2018-8-16-ны өдрийн байдлаарх төлөгдөөгүй байсан хүү 57,897 доллар, нийт 214,360 ам.долларыг 2021-11-2-ны өдрийн Монгол банкны ханшаар тооцож 610,711,640 төгрөгийг адил тэнцүү гаргуулахаар нэхэмжилсэн болохыг тодорхойлон тайлбарласан.

 

Хариуцагч Д.Д нэхэмжлэлийг үгүйсгэсэн үндэслэлээ нэхэмжлэгч С.Бямбажаваас 60,000 ам.долларыг зээлж бэлнээр авснаас өөр нэрлэн зааж дурдагдаад байгаа долларыг зээлж, биетээр аваагүй. 2010-4-28-ны өдөр байгуулсан 60,000 долларын гэрээний хугацаа 1 жилийн хугацаа байсан боловч гэрээний төлбөрт 2018-2-5-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 56 удаагийн төлөлтөөр 150,170.58 ам.долларыг төлсөн.

Иргэд хоорондын зээлийн гэрээнд нэмэгдүүлсэн хүү тооцохоор гэрээнд тусгаж, надаас үндэслэлгүйгээр их хэмжээний долларыг авч хууль бусаар хөрөнгөжсөн. Мөн зээлийн гэрээнд бичигдсэн долларыг бэлнээр өгсөн болон 40,000 долларыг нэмж зээлүүлсэн мэтээр зээлийн гэрээ байгуулсан боловч тухайн гэрээнд дурдсан долларыг зээлж аваагүй, анх авсан 60,000 долларт нэмэгдүүлсэн хүү тооцох замаар гэрээ байгуулсан.

Дээрх хууль бус зээлийн гэрээнд үндэслэн миний өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 113 м.кв талбайтай орон сууцыг зээлийн барьцаанд тавих гэрээ байгуулж, гэрээний баталгаа болгож итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сувдыг хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн боловч уг байрыг худалдан борлуулж зарсан болохыг шүүхийн ажиллагааны явцад мэдсэн. Тиймээс анх авсан 60,000 долларыг аваад илүү төлсөн гэж тайлбарласан.

 

Хариуцагч Д.Д сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг 2010-4-28-ны өдөр надтай гэрээ байгуулсан гэрээний 2.4, 3.1 дэх зохицуулалт нь Банк эрх бүхий этгээд мөнгөн хадгаламж тухай хуулийн 15.3-г заасны илтэд зөрчиж иргэд хоорондын зээлийн гэрээнд нэмэгдүүлсэн хүү тооцсон байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох. Нэхэмжлэгч Б.Э, Л.У нар надтай зээлийн гэрээ байгуулаагүй атлаа надаас 75,000 ам долларыг илүү авч үндэслэлгүй хөрөнгөжсөн.

Миний өмчлөлийн Чингэлтэй дүүргийн, бага тойруу 12/А дугаар байрны 15 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бусдад түрээслэх зорилгоор хамтран өмчлөгчөөр Б.Сувдыг бүртгүүлсэн атлаа уг орон сууцыг бусдад худалдаж үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж тодорхойлсон.

 

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Д.Дын гаргасан сөрөг нэхэмжлэлийг Д.Д нь гарын үсгээ зураад долларыг зээлж авсан, зээлийн хүүгийн төлбөр төлж байсан тул уг зээлийн гэрээг гардаж хийсэн санхүүгийн хүнийг нэхэмжлэгчээр оролцуулж байгаа. Байрны асуудал дээр хариуцагч Д.Д нь Хурдын оргил хотхонд амьдарч байсан байраа барьцаанд тавина гэж хэлж байсан боловч сүүлд сонсоход тэр байраа барьцаанд тавьсан байгаад манай хуульч Б.Сувдтай уулзаж байсан. Би тэр байрны асуудалд оролцоогүй, манай хуульч Б.Сувдтай уулзаж байсан гэсэн үндэслэлээр няцаасан.

 

Нэхэмжлэгч Л.Уийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Д.Дын гаргасан сөрөг нэхэмжлэлийг 2010-4-28-ны өдрийн гэрээг талууд аман тохиролцоог бичгээр буулгахдаа нэхэмжлэгч С.Бямбажав гэрээнд нэмэгдүүлсэн хүү гэж бичсэн байдаг боловч бодит байдал дээр нэмэгдүүлсэн хүү тооцсон зүйл байхгүй.

Орон сууцыг худалдах зөвшөөрөл өгөөгүй гэж байгаа боловч эрх зүйн чадамжтай тухайн үйл баримт болж байгаа цаг хугацаанд хариуцагч Д.Д нь нэхэмжлэгч Б.Этэй тохиролцохдоо худалдах зарах эрхээ хууль ёсны дагуу шилжүүлснээр 2016-12-3-ны өдөр уг орон сууцыг худалдах гэрээ явагдсан байдаг. Энэ талаар Д.Д мэдэж байгаа тул шүүхэд илт худал тайлбар хэлж байна. Д.Д нь 2010-6-20-ны өдрөөс 2018-2-5-ны өдрийг хүртэлх хугацааны төлөлт хийсэн байгаа дүн нь бидний хөтөлсөн төлбөртэй тохирч байгаа. Тухайн цаг хугацаанд хариуцагч Д.Д өөрөө зөвшөөрөөд төлбөр төлөөд явсан байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй гэж тайлбар гаргасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021-6-07, 2021-6-11-ний өдрүүдэд нэхэмжлэлийн шаардлагын тодруулга /2-р хх-59, 80/, 2021-11-2-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, шаардлага үндэслэлийн тодруулга /2-р хх-104-105/, хариуцагч Д.Даас 2021-11-24-ний өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг өөрчлөх тухай /2-р хх-142-144/ хүсэлт тус тус гаргасан байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

2010-4-28-ны өдөр нэхэмжлэгч С.Бямбажав, хариуцагч Д.Д нарын хооронд байгуулагдсан, 60,000 ам.долларын гэрээг 6 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй зээлдүүлсэн 2010/028 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж /1-р хх-8/, гэрээний сунгалт нь 2010-10-28-ны өдрөөс 2011-4-28-ны өдрийг хүртэл сунгасан хэсэгт зээлдүүлэгч С.Бямбажав, зээлдэгч Д.Д нар гарын үсэг зурсан байх боловч 2011-4-28-ны өдрөөс 2012-4-28-ны өдрийг хүртэл сунгасан хэсэгт зээлдүүлэгч С.Бямбажав гарын үсэг зурж, зээлдэгчийн гарын үсэг зурагдаагүй /1-р хх-11/, 2010-4-28-ны өдрийн 60,000 ам.долларын бэлэн мөнгөний зарлагын баримтад авсан хүний гарын үсэг, олгосон нярав хэсэгт гарын үсэг зурагдсан /1-р хх-7, 199/ байна.

 

2012-9-5-ны өдөр нэхэмжлэгч С.Бямбажав, хариуцагч Д.Д нарын хооронд байгуулагдсан 40,000 ам.долларын гэрээг 12 сарын хугацаатай, 2,8 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулагдаж, 2012-9-5-ны өдрийн 40,000 ам.долларын бэлэн мөнгөний зарлагын баримтад авсан хүний гарын үсэг, олгосон нярав хэсэгт гарын үсэг зурагдсан /1-р хх-12, 198/ байна.

 

2012-11-01-ний өдөр нэхэмжлэгч С.Бямбажав, хариуцагч Д.Д нарын хооронд байгуулагдсан, 16,550 ам.долларын гэрээг 2013-11-01-ний өдрийг хүртэл 2,8 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулагдаж /1-р хх-197/, бэлэн мөнгөний 16,550 долларын зарлагын баримтад олгосон нярвын гарын үсэг зурагдсан байна /1-р хх-200/.

 

2013-12-30-ны өдөр Э.Өлзийбаяр, хариуцагч Д.Д нарын хооронд байгуулагдсан, 137,380 ам.долларыг 2014-12-30-ны өдрийг хүртэл 2,5 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулагдаж /1-р хх-14/, гэрээний сунгалт 2015-12-30-ны өдрийг хүртэл сунгахаар тохиролцож, 2015-3-15-ны өдөр нээж 18,083 ам.долларыг нэмж зээлсэн талаар бичилт хийгдсэн гэрээг нотариатч 2015-3-15-ны өдөр гэрээний үнэн зөвийг гэрчилсэн /1-р хх-19/ байна.

 

Харин 2013-12-30-ны өдөр барьцааны гэрээ байгуулагдаж, 137,380 ам.долларын зээлийн гэрээний барьцаанд 294,100 ам.долларын үнэ бүхий Хан-Уул дүүрэг, 1-р хороо, стадион оргил М.Ганди 17-88 тоот 147,05 м.кв 5 өрөө орон сууцыг барьцаалсан талаар дурдаж, нотариатын гэрээний үнэн зөвийг гэрчилсэн тэмдэг дарсан байх боловч огноо нь тодорхойгүй бичигдсэн /1-р хх-15/ байна.

 

2015-6-11-ний өдөр нэхэмжлэгч Л.У, хариуцагч Д.Д, М.Б нарын хооронд байгуулагдсан, 156,604 ам.долларын зээлийн гэрээ байгуулагдаж, 2015-12-30-ны өдрийг хүртэл сарын 2,5 хувийн хүүтэй байхаар /1-р хх-20/, мөн өдөр Чингэлтэй дүүрэг,, бага тойруу 12А 15-113 м.кв орон сууц барьцаалсан барьцааны гэрээ хийгдсэн /1-р хх-21/ байна.

 

2016-01-16-ны өдөр нэхэмжлэгч Л.У, хариуцагч Д.Д, М.Б нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт нэртэй гэрээ байгуулагдаж, 2015-6-11-ний өдөр байгуулсан 156,604 ам.долларын зээлийн гэрээний хугацааг 2015-12-31-ний өдрийг хүртэл сунгасан талаар бичсэн байна /1-р хх-22, 2-р хх-199/.

 

2017-6-5-ны өдөр нэхэмжлэгч Л.У, хариуцагч Д.Д, М.Б нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа сунгалт нэмэлт гэрээнд 2015-6-11-нд байгуулагдсан 156,604 долларын зээлийн гэрээний хугацааг 2018-6-5-ны өдрийг хүртэлх хугацаагаар сунгахаар тохиролцжээ /1-р хх-26/.

 

2018-8-16-ны өдөр нэхэмжлэгч Л.У, хариуцагч Д.Д, М.Б нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа сунгалт нэмэлт гэрээнд 2015-6-11-нд байгуулагдсан 156,604 долларын зээлийн гэрээний хугацааг 2019-6-5-ны өдрийг дуустал сунгав, уг гэрээний зээлийн хүүг 2018-8-15-ны өдрөө эхлэн 1,5 хувь болгон бууруулав, 2018-8-15-ны өдрийг хүртэл хуримтлагдсан 57,897 ам долларын хүүд өөрчлөлт орохгүй, эн өдрөөс хойш 1 жилийн хугацаанд төлж барагдуулна, үндсэн зээл болон 2018-8-15-ны өдрөөс хойш тооцогдох зээлийн хүүг 2019-8-15-ны өдөр гэхэд төлж барагдуулсан байхаар тохиролцжээ /1-р хх-24-р хуудас арын нүүр, 106/.

 

Дтай зээл, зээлийн төлөлтийн талаарх уулзалт нэртэй 2018-8-13-ны өдрийн бичвэрт Д.Д, Б.Э гээд 2018-8-14 гэж гарын үсэг зурсан /хх-28, 108/ байна.

 

Дээрх зээлийн гэрээнд бичигдсэн мөнгөн хөрөнгөөс 2010-4-28-ны өдрийн нэхэмжлэгч С.Бямбажавтай байгуулсан гэрээний дагуу 60,000 ам.долларыг бэлнээр авсан болохыг хариуцагч Д.Д хүлээн зөвшөөрч бусад гэрээнд дурдагдсан ам.долларыг зээлж, биетээр хүлээж аваагүй, анхны гэрээний хугацаа сунгалт, төлөх үндсэн зээл, хүүг тооцож байгуулсан гэрээнүүд гэж хариуцагч Д.Д маргасан.

 

Харин хариуцагч М.Б нэхэмжлэгч нартай зээлийн гэрээний харилцаанд оролцоогүй, Д.Дын дуудсанаар нотариатын газарт очиход зээлийн гэрээнд гарын үсэг зуруулснаар хариуцагчаар татагдсан, нэхэмжлэгч нараас зээлийн гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг биетээр хүлээн аваагүй гэж маргасан.

 

Аливаа хэлцэл, гэрээ хүчин төгөлдөр болоход тавигдах шалгуур нь субъект, агуулга, хэлбэр болон субьектив талын шинжүүд байх тул талуудын хооронд байгуулсан дээрх хэлцэл нь агуулгын хувьд хууль зөрчөөгүй, хэлбэрийн хувьд талуудын гарын үсэг зурагдсан энгийн хэлбэртэй бичгийн хэлцлийн шаардлагыг тус тус хангасан байна.

 

Тиймээс нэхэмжлэгч нар зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн эсэхэд хариуцагч нар маргаж байх тул энэ харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийн зохицуулалт, тус гэрээг байгуулсан гэж үзэх үндэслэл, талуудын хүсэл зоригийн илэрхийлэлд дүгнэлт хийх нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.

 

Дээрх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдахад тавих гол шаардлага нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл болсон зээлийн гэрээний зүйл болох 214,360 ам.долларыг нэхэмжлэгч нараас хариуцагч нарт хүлээлгэн өгсөн байх ёстой.

 

Тиймээс хуульд зааснаар, гэрээний гол нөхцөл тохиролцоог зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэг үүсгэх харилцан хүсэл зоригийн илэрхийлэл нэгдсэн байхыг ойлгоно.

 

Нэхэмжлэгч талаас шаардлагын үндэслэлээ нотлохоор 2010-4-28-ны өдрийн 60,000 ам.долларын бэлэн мөнгөний зарлагын баримт, 60,000 ам.долларын зээл, зээлийн хүү төлөлтийн график, 2012-9-5-ны өдрийн 40,000 ам.долларын бэлэн мөнгөний зарлагын баримт, 2012-11-01-ний өдрийн 16,550 ам.долларын бэлэн мөнгөний зарлагын баримт, 137,380 ам.долларын зээл эргэн төлөх хуваарь, 156,604 ам.долларын зээл эргэн төлөх хуваарь, Б.Сувдын дансанд хариуцагч Д.Д, М.Б нараас зээлийн төлөлт хийсэн талаарх түүний Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Голомт банкны дансны хуулга, гэрээний хугацаа сунгалт зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан.

 

Дээрх баримтуудаас үзэхэд 2010-4-28-ны өдрийн 60,000 ам.долларын бэлэн мөнгөний зарлагын баримтад хариуцагч Д.Д гарын үсэг зурсан буюу уг долларыг зээлж авсан үйл баримтад маргаагүй бөгөөд маргаж буй бэлэн мөнгөний зарлагын 2012-9-5-ны өдрийн 40,000 ам.долларын баримтад /1-р хх-12/, мөн өдрийн огноотой зээлийн гэрээнд /1-р хх-13/ хариуцагч Д.Д гарын үсэг зурсан, 207 тамганы дугаартай нотариатчийн 2015-3-15-ны өдөр гэрээний үнэн зөвийг гэрчилсэн зээлийн гэрээний хугацаа сунгалт нэмэлт гэрээнд 18,083 ам.долларыг хүлээн авсан гэж гараар бичиж, хариуцагч Д.Д гарын үсэг зурсан байна /1-р хх-19/.

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан бөгөөд эрх зүйн чадамжтай насанд хүрсэн иргэн бэлэн мөнгөний зарлагын баримт, зээлийн гэрээний агуулгыг зөвшөөрч гарын үсэг зурсан, тухайн гарын үсэг бүхий бичиглэл өөрийнх нь биш гэж хариуцагч Д.Д, М.Б нар маргаагүй болно.

 

Мөн 2018-8-13-ны өдрийн уулзалтын тэмдэглэлд үндсэн зээл, хүү 57,897 ам.долларыг 1 жилийн хугацаанд төлөх хүсэлтийг хариуцагч Д.Д гаргаснаар гэрээг 1,5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаагаар сунгахаар нэхэмжлэгч Б.Этэй тохиролцжээ /2-р хх-108/.

 

Түүнчлэн нэхэмжлэгч С.Бямбажав өөрийн мөнгөн хөрөнгийг хариуцагч нарт зээлдүүлээгүй болохыг, нэхэмжлэгч Л.У нь гэр бүлийн мөнгөн хөрөнгөө хамгаалахаар нэхэмжлэл гаргасан болохыг тус тус тайлбарлаж, мэдүүлсэн.

 

Иймд дээрх бичмэл нотлох баримт, зээлдэгч Д.Дын тайлбар, бичгээр илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл, уулзалтын тэмдэглэл зэргийг харьцуулан үзэхэд тэрээр 2010-4-28-ны өдрийн 60,000 ам.доллар, 2012-9-5-ны өдрийн 40,000 ам.долларын зээлийн гэрээнд дурдсан мөнгөн хөрөнгийг өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авсан нь нотлогдож байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан үндэслэлээр уг зээлийн төлбөрийг хариуцан төлөх үндэслэлтэй.

 

Тиймээс хариуцагч Д.Д нь 2010-4-28-ны өдөр нэхэмжлэгч С.Бямбажавтай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 60,000 ам.доллар, хүүд 14,400 ам.доллар, нийт 74,400 ам.долларыг, 2012-9-5-ны өдөр нэхэмжлэгч С.Бямбажавтай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 40,000 ам.доллар, зээлийн хүү 1120 ам.доллар, алданги 20,560 ам.доллар, нийт 61,680 ам.долларын үүргийг тус тус төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагч Д.Д нь нийт 56 удаагийн шилжүүлэг болон бэлэн төлөлтөөр нийт 150,170.58 ам.доллар төлсөн болохыг нэхэмжлэгч нар хүлээн зөвшөөрч маргаагүй бөгөөд уг төлбөрийг гагцхүү зээлийн хүүгийн төлбөрт суутган авсан болохыг нэхэмжлэгч Б.Э тайлбарласан тул хариуцагч Д.Д нь 2010-4-28, 2012-9-5-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний нийт үүрэг 136,080 ам.долларын үүргийг гүйцэтгэсэн байна гэж үзэв.

 

Учир нь 2010-4-28-ны өдрийн зээлийн гэрээний 3.1.2-т зээлдэгч хүлээсэн үүргээ гүйцэтгэхдээ эхний ээлжинд нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, зээлийн үндсэн төлбөрийг төлөх дарааллыг баримтлахаар тохиролцсон байх боловч энэхүү гэрээний хугацаа 2011 оны 4-р сарын 28-ны өдрөөр дуусгавар болсон, 2012-9-5-ны өдрийн зээлийн гэрээнд үүрэг гүйцэтгэх дарааллын талаар гэрээнд оролцогч талууд тохиролцоо хийгээгүй байна.

 

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-д Үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй. Үүрэг гүйцэтгэгч ийм сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлнэ гэж, хуулийн 216.4-т Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж тус тус зохицуулсан.

 

Тиймээс хариуцагч Д.Дын зээлийн гэрээний үүрэгт төлсөн 150,170.58 ам.долларыг зөвхөн зээлийн хүүд тооцсон гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

Харин 2010-4-28-ны өдрийн зээлийн гэрээг 2011-4-28-ны өдрөөс 2012-4-28-ны өдрийг хүртэл сунгасан хэсэгт зээлдэгч Д.Д гарын үсэг зураагүй, 2012-11-01-ний өдрийн 16,550 ам.долларын зээлийн гэрээнд, бэлэн мөнгөний зарлагын 16,550 долларын баримтад зээлдэгч буюу хариуцагч Д.Д гарын үсэг зураагүй байна.

 

Түүнчлэн 2013-12-30-ны өдрийн 137,380 ам.долларын гэрээ, 2015-3-15-ны өдөр зээлдүүлсэн 18,083 ам.долларыг зээлдэгчид шилжүүлсэн гэх шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүрэгтэй.

 

Харин 2015-6-11-ний өдрийн 156,604 ам.долларын гэрээ нь өмнөх гэрээг дүгнэж, үүргийн хэмжээг тодорхойлж, төлбөрийн үлдэгдлийн талаар байгуулагдсан гэрээ болохыг, уг гэрээнд дурдсан 156,604 ам.долларыг хариуцагч нарт биетээр шилжүүлээгүй болохыг зохигчид тайлбарласан бөгөөд энэхүү гэрээний хугацааг 2015-12-30-ны өдрийг хүртэл гэж тогтоосон байхад 2016-01-16-ны өдрийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр хугацааг 2016-12-31-ний өдрийг дуустал гэж, 2017-6-5-ны өдрийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр 2018-6-5-ны өдрийг хүртэл гэж, 2018-8-16-ны өдрийн гэрээний хугацаа сунгалт нэмэлт гэрээгээр 2019-6-5-ны өдрийг дуусталх гэж заасан нь нэхэмжлэгч нарын хүсэлтээр хийгдсэн гэрээ гэх хариуцагч Д.Дын тайлбар үндэслэлтэй байна.

 

Дээрх бичмэл нотлох баримтыг үнэлж үзэхэд талуудын зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд зээлдэгч болох хариуцагч Д.Д нь 2010-4-28, 2012-9-5-ны өдрийн зээлийн гэрээний нийт үүрэг болох 136,080 ам.долларын үүргийг гүйцэтгэсэн байна.

 

Харин хариуцагч М.Бд зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч нар шилжүүлсэн гэх байдал, тэдгээрийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх байдал хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд

 

Хариуцагч Д.Дын сөрөг нэхэмжлэлээс 2010-4-28-ны өдөр нэхэмжлэгч С.Бямбажавтай байгуулсан зээлийн гэрээний зарим заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж шаардсан 75,770.58 ам.доллар, орон сууцны үнэ гэж шаардсан 230,520,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч С.Бямбажав, хариуцагч Д.Д нарын хооронд 2010-4-28-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний 2.4-т үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдаж дуусах хүртэл төлнө гэж, 3.1.2-т зээлдэгч нь хүлээсэн үүргээ гүйцэтгэхдээ эхний ээлжинд нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, зээлийн үндсэн төлбөрийг төлөх дарааллыг баримтлах үүрэгтэй гэж, 3.1.3-т төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд графикт хугацаа дууссан өдрөөс эхлэн зээлийн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй гэж тохиролцжээ.

 

Энэхүү гэрээ нь иргэн С.Бямбажав, иргэн Д.Д нарын хооронд буюу иргэд хоорондын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байхад мөн хуулийн 451 дүгээр зүйлийн банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний зохицуулалт буюу хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж зааснаар зээлдэгчээр нэмэгдүүлсэн хүү төлүүлэх тохиролцоо хийгдсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус байх үндэслэлд хамаарч байна.

 

Иймд нэхэмжлэгч С.Бямбажав, хариуцагч Д.Д нарын хооронд 2010-4-28-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний 2.4, 3.1.2 дахь хэсэгт заасан зээлдэгч нэмэгдүүлсэн хүү төлөхөөр үүрэг хүлээсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус гэж үзэхээр байна.

 

Харин хариуцагч Д.Д 75,770.58 ам.долларыг нэхэмжлэгч Б.Э, Л.У нарт илүү шилжүүлсэн болох нь, нэхэмжлэгч нэр энэхүү төлбөрийг нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт суутган авсан болох нь нотлогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж, 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон, 492.1.2-т үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай гэж заажээ.

 

Харин бусдад шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардаж болохгүй тохиолдлыг мөн хуулийн 492.2.1-д үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн явдал нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцсэн, 492.2.2-т шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, 492.2.3-т хүчин төгөлдөр бус болсон үүргийн хувьд өмнө нь гүйцэтгэсэн үүрэг ёсоор шилжүүлсэн өр төлбөрийн гэрээг гүйцэтгэх үед хөрөнгөө буцаан шаардах шаардлага нь хуульд харшилж байвал, 492.2.4-т хөөн хэлэлцэх хугацаа дууссаныг мэдэлгүйгээр нэг тал нөгөөдөө үүргийн гүйцэтгэл болгон хөрөнгө шилжүүлсэн гэж тус тус зохицуулсан байна.

 

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэг нь хэн нэгэн этгээд эрх зүйн үндэслэлгүйгээр илүү хөрөнгөтэй болсон бол тэрийгээ буцааж өгөх зохицуулалт буюу санамсаргүйгээр бий болсон харилцаа юм.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох ба хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдахыг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан зохицуулалт нь гагцхүү зээлдүүлэгчид хамааралтай.

 

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар ...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй... тул нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлдог.

 

Ийнхүү тодорхойлон гаргасан шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангасан эсэхийг шалгах нь шүүхийн үүрэг тул хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар нэхэмжлэлд тусгана гэж нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн талаар хуульчилсан нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх ёстой ба нэхэмжлэлийн шаардлага нь тухайн үндэслэлд тулгуурлан нэхэмжлэгч шүүхээс юу хүсэж байгааг илэрхийлэх бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл хоёрыг ялган зааглаж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулснаар нэхэмжлэгч ямар шаардлага гаргах, улмаар шүүх зөрчигдсөн эрхийг сэргээх асуудлыг шүүх шийдвэрлэх боломжтой.

 

Тиймээс нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд байх, хэний нэхэмжлэлтэй хэнд холбогдох маргааныг шүүх шийдвэрлэхийг тодорхойлохоос гадна хариуцагчийн зүгээс нэхэмжлэл түүний үндэслэл, шаардлагын дагуу мэтгэлцэх, шүүхийн шийдвэр тодорхой буюу ойлгомжтой, биелэгдэх боломж зэрэгтэй шууд холбоотой байдаг.

 

Хариуцагч Д.Д нь нэхэмжлэгч Б.Э, Л.У нараас 75,770.58 ам.долларыг зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн гэж буцаан шаардаж буй үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байх тул энэ тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

Орон сууцны үнэнд 230,520,000 төгрөг гаргуулах сөрөг шаардлагын тухайд

 

Нэхэмжлэгч Л.Утэй 2015 оны 6-р сарын 11-ний өдөр хариуцагч Д.Д, М.Б нарын байгуулсан барьцааны гэрээнд Чингэлтэй дүүрэг,, бага тойруу, 12 15-113 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгө гэж бичигдсэн /1-р хх-21/ байх боловч энэхүү барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэх талаарх тэмдэглэгээ хийгдээгүй, 207 тамганы дугаартай нотариатчийн тэмдэг дарсан байна.

 

Хариуцагч нарын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримтаас үзэхэд Чингэлтэй дүүрэг,, Бага тойруу, 12/А байрны 15 тоот хаягт байрлах, 113 ам.метр талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь хариуцагч Д.Д, М.Б нарын өмчлөлд бүртгэлтэй байгаад /1-р хх-58/ хариуцагч М.Б өмчлөгчөөс хасагдах хэлцлийг 2016-11-28-ны өдөр /1-р хх-62/, хамтран өмчлөгч нэмүүлэх хэлцлийг 2016-11-28-ны өдөр хариуцагч Д.Д болон иргэн Б.Сувд нар гаргасан /1-р хх-64/ нар гаргаснаар дээрх орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Д.Д, Б.Сувд нар 2016-11-29-ний өдөр бүртгэгдэж гэрчилгээ гарсан байна /1-р хх-67/.

 

Харин хариуцагч Д.Д нь 2016-12-03-ны өдөр Чингэлтэй дүүрэг,, Бага тойруу, 12/А байрны 15 тоот хаягт байрлах, 113 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны надад оногдох хэсгийг бусдад худалдах ба худалдан авах гэрээнд, барьцаалж зээл авахыг зөвшөөрч байгаа тул холбогдох зээлийн болон барьцааны гэрээ, барьцаалбарт намайг төлөөлж гарын үсэг зурах эрхийг гурван жилийн хугацаатай Б.Сувдад итгэмжлэлээр олгосон байна /1-р хх-72/.

 

Иргэн Б.Сувд нь Чингэлтэй дүүрэг,, Бага тойруу, 12/А байрны 15 тоот хаягт байрлах, 113 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг 2016-12-26-ны өдөр иргэн Л.Болдтой байгуулснаар /1-р хх-71/ энэхүү орон сууцны өмчлөгч нь 2016-12-28-ны өдөр Л.Болд болсон байна /1-р хх-74/.

 

Харин иргэн Л.Болдоос 2017-10-13-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр дээрх орон сууцыг Б.Ариунаад бэлэглэж /1-р хх-77/, Б.Ариунаагаас 2020-7-20-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр иргэн Н.Батбуян, Б.Нарантуяа нарын өмчлөлд дээрх үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдсэн байна /2-р хх-85/.

 

Дээрх баримтуудаас үзэхэд хариуцагч нар Чингэлтэй дүүрэг,, Бага тойруу, 12/А байрны 15 тоот хаягт байрлах, 113 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Л.Ут 2015-6-11-ний өдрийн барьцааны гэрээнд барьцаалсан байх боловч уг орон сууцны өмчлөгчөөр 2016-11-29-ний өдөр Д.Д, Б.Сувд нар бүртгэгдэж, 2016-12-28-ны өдөр Л.Болд, 2020-7-20-ны өдөр Н.Батбуян, Б.Нарантуяа нар тус тус бүртгэгдсэн байна.

 

Өөрөөр хэлбэл дээрх орон сууцны өмчлөгч хасагдаж, нэмэгдсэн хэлцэл нь хариуцагч Д.Д, М.Б, иргэн Б.Сувд нарын хооронд хийгдсэн байх бөгөөд энэхүү харилцаанд нэхэмжлэгч Б.Э, Л.У нар оролцсон гэх байдал тухайн орон сууцыг эдгээр нэхэмжлэгч нар худалдан борлуулсан гэх байдал хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж, 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон, 492.1.2-т үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай гэж заажээ.

 

Харин бусдад шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардаж болохгүй тохиолдлыг мөн хуулийн 492.2.1-д үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн явдал нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцсэн, 492.2.2-т шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, 492.2.3-т хүчин төгөлдөр бус болсон үүргийн хувьд өмнө нь гүйцэтгэсэн үүрэг ёсоор шилжүүлсэн өр төлбөрийн гэрээг гүйцэтгэх үед хөрөнгөө буцаан шаардах шаардлага нь хуульд харшилж байвал, 492.2.4-т хөөн хэлэлцэх хугацаа дууссаныг мэдэлгүйгээр нэг тал нөгөөдөө үүргийн гүйцэтгэл болгон хөрөнгө шилжүүлсэн гэж тус тус зохицуулсан байна.

 

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэг нь хэн нэгэн этгээд эрх зүйн үндэслэлгүйгээр илүү хөрөнгөтэй болсон бол тэрийгээ буцааж өгөх зохицуулалт буюу санамсаргүйгээр бий болсон харилцаа хамаарах тул нэхэмжлэгч Б.Э, Л.У нараас дээрх орон сууцны үнэнд 230,520,000 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагч Д.Дын сөрөг шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нар шаардлагын үндэслэлээ зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой гэж, хариуцагч Д.Д сөрөг шаардлагын үндэслэлийг хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж тодорхойлсон тул шүүх нэхэмжлэгч нарын болон хариуцагч Д.Дын сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд маргааныг шийдвэрлэх зарчимтай.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, хариуцагч Д.Дын сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт илүү төлсөн 75,770.58 ам.доллар, орон сууцны үнэ 230,520,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.Дын сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 2010-4-28-ны өдрийн зээлийн гэрээний 2.4, 3.1.2 дахь хэсгийн зээлдэгч нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохирсон хэлцлийг хүчин төгөлдөр бус байх болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгч Л.Уээс 2020-3-5-ны өдөр төлсөн 3,381,000 төгрөгийг /1-р хх-3/, хариуцагч Д.Даас 2020-7-20-ны өдөр төлсөн 1,000,000 төгрөг /1-р хх-145/-ийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж,

Хариуцагч Д.Даас шүүгчийн 2020 оны 7-р сарын 20-ны өдрийн 101/ШЗ2020/14085 дугаартай захирамжаар шүүх хэргийг шийдвэрлэх өдөр хүртэл хугацаагаар хойшлуулсан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 827,153 төгрөг /1-р хх-165/, шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШЗ2021/22072 дугаар захирамжаар шүүх хэргийг шийдвэрлэх өдөр хүртэл хугацаагаар хойшлуулсан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 1,310,450 төгрөг, нийт 2,137,603 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 282.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Д, М.Б нараас 214,360 ам.доллар буюу 2021-11-2-ны өдрийн ханшаар тооцож 610,711,640 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Б.Э, Л.У, С.Бямбажав нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Бямбажавтай 2010 оны 4-р сарын 28-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний 2.4, 3.1.2-т заасан зээлдэгч нэмэгдүүлсэн хүү төлөхөөр үүрэг хүлээсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоосугай.

 

3. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Э, Л.У нараас нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт илүү төлсөн 75,770.58 ам.доллар, орон сууцны үнэ 230,520,000 төгрөгийг тус тус гаргуулахыг хүссэн хариуцагч Д.Дын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,381,000 төгрөг, хариуцагч Д.Дын төлсөн 1,000,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т заасныг баримтлан хариуцагч Д.Даас улсын тэмдэгтийн хураамжид 2,137,603 /хоёр сая нэг зуун гучин долоон мянга зургаан зуун гурван/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ