Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/93

 

 

 

 

 

     

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч, хяналтын прокурор Д.Дашням,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дашнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******од яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2530000140032 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, ******* төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, ахын хамт амьдрах, С*******,******* оршин суух хаягтай, ******* регистрийн дугаартай,

Урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2, 60 дугаар зүйлийн 60.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 120 цагийн албадан ажил хийлгэх ял,

 Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 256 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссэн, *******.

 

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтээр):

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ******* бүрэн дунд сургуулийн нэг давхрын сандал дээр ******* гээгдүүлсэн Самсунг А04 маркийн гар утсыг олж, тухайн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 485,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

- Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Би тэр өдөр хамаатныхаа ах эгч хоёртой бүжигт орсон юм. Бүжигт орохдоо би куртикээ үүдний цонхон дээр тавьчихсан байсан. Тэгээд бүжгийн дундуур гараад явах гэтэл куртикний хажуу талд нэг утас байсныг авсан. Би тэр утсыг аваад хаана яаснаа ч мэдэхгүй байгаа юм. Утасны эзэнд мөнгийг нь өгч хохирлыг барагдуулсан. Би хийсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...гэв.

 

Эрүүгийн 2530000140032 дугаартай хэргээс:

 

- Шүүгдэгч *******ын: 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 17 цаг өнгөрч байх таньдаг хуурай ах, эгч хоёртойгоо хамт 1 дүгээр сургуулийн урлагийн зааланд болсон ахмадын бүжигт хамт орсон юм. Би өмсөж явсан гадуур хувцсаа урлагийн заалны үүдний коридорт сандал дээр тавьчихсан байсан. Дотор хэсэг бүжиглэж байгаад явахаар болоод гарч ирээд үүдний коридорын сандал дээрээс куртикээ авах гэтэл миний куртикний хажууд сандал дээр хар өнгийн, нимгэн хавтгай гар утас байсан. Коридорт надаас өөр хүн байгаагүй. Тэгэхээр нь би гар утсыг авч халаасандаа хийгээд авч гарсан. Сургуулиас гараад төв рүү яваад "Ундрах-18" худалдааны төв ороод 0.75 литрийн хараа нэртэй нэг шил архи аваад гараад явж байтал миний таньдаг хүн таараад авсан архиа 2-лаа Авто зогсоолын сандал дээр суугаад хувааж уусан. Тухайн архийг уугаад би нэлээн согтоод ухаан санаа орж гараад эгчийнхээ гэр рүү нь харьсан байсан. Маргааш өглөө нь босоод би нөгөө олсон гар утсаа халаасандаа үзтэл байхгүй байсан. Би согтчихоод тухайн гар утсыг хаячихсан байсан. Намайг тухайн өдөр эгчийндээ байж байтал танихгүй дугаараас хүн залгахаар нь аваад ярьсан чинь цагдаагаас залгасан байсан. Намайг камерын бичлэгт хүний гээсэн гар утсыг аваад гарч байгаа дүрс бичигдсэн байна, ирж уулз гэж ярьсан. Би тухайн цагдаагийн алба хаагчид болсон асуудлаа үнэн зөвөөр нь хэлж гар утасны эзэн болох 60 орчим насны гэх ахад гар утасных нь мөнгийг нь бэлнээр өгч хохирлоо барагдуулсан. Би 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гэх хүнд гар утасных нь үнэ болох 550,000 төгрөг бэлнээр төлж уучлалт гуйж учруулсан хохирлоо барагдуулсан…гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 39-41 дүгээр хуудас),

 

- Хохирогч *******: Би 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуульд зохион байгуулагдсан “Ахмадын шинэ жил” баярын арга хэмжээнд оролцсон юм. Би тус сургуулийн нэг давхарт байх сандал дээр сууж байх үедээ өөрийн эзэмшлийн Самсунг галакси А04Е загварын гар утсаа алдчихсан. Сүхбаатар аймгийн Сайн нэртэй дэлгүүрээс 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 499,900 төгрөгөөр худалдан авч байсан.******* нь 2025 оны 01 дүгээр сарын дундуур ээжийнхээ хамт ирээд надаас уучлалт гуйгаад миний утасны хохирол болох 500,000 төгрөг бэлнээр өгч миний хохирлыг барагдуулсан. Одоо миний зүгээс гэх хүнд гаргах гомдол санал байхгүй. Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй…гэх мэдүүлгүүд (хавтаст хэргийн 12-13, 16 дугаар хуудас),

- Хөрөнгийн үнэлгээний Болор үнэлгээ ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2402353 дугаартай “Самсунг А04 гар утасны үнэ 485,000” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 22-26 дугаар хуудас),

 

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “хохирогч нь сандлаас босох үедээ өөрийн эзэмшлийн гар утсаа үлдээсэн байх ба тус гар утсыг хар өнгийн саравчтай малгайтай, ногоон өнгийн юүдэнтэй куртиктэй, ногоон өнгийн өмдтэй, саарал өнгийн цамцтай, хагас түрийтэй хар өнгийн гуталтай, 40 орчим насны эрэгтэй хүн авч байгаа талаар дүрс бичигдсэн байв” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 6 дугаар хуудас),

 

- Эд мөрийн баримтаар тооцох тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 7 дугаарр хуудас),

 

- *******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 44-р хуудас),

 

- *******ын Иргэний үнэмлэхийн лавлагаа, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, (хавтаст хэргийн 48-49-р хуудас)

 

- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 53-56-р хуудас)

 

- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 57-65-р хуудас)

 

- Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 256 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 70-75-р хуудас) зэрэг болно.

 

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай хийгээд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

 

Гэм буруугийн талаар:

 

1. Шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ... цагийн орчимд иргэн ******* Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт байх Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн нэг давхрын урлагын заалны хонгилын сандал дээр орхиж, гээгдүүлсэн Самсунг А04 маркийн гар утсыг олж, тухайн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 485,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь :

шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд дээрх үйлдлийг зөвшөөрч мэдүүлсэн  “2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 17 цаг өнгөрч байхад таньдаг хуурай ах, эгч хоёртойгоо хамт 1 дүгээр сургуулийн урлагийн зааланд болсон ахмадын бүжигт хамт орсон юм. Би өмсөж явсан гадуур хувцсаа урлагийн заалны үүдний коридорт сандал дээр тавьчихсан байсан. Дотор хэсэг бүжиглэж байгаад явахаар болоод сандал дээрээс куртикээ авах гэтэл миний куртикний хажууд сандал дээр хар өнгийн, нимгэн хавтгай гар утас байсныг халаасандаа хийгээд авч гарсан. Коридорт надаас өөр хүн байгаагүй. Сургуулиас гараад төв рүү яваад "Ундрах-18" худалдааны төв ороод 0.75 литрийн хараа нэртэй нэг шил архи аваад гараад явж байтал миний таньдаг хүн таараад авсан архиа 2-лаа Авто зогсоолын сандал дээр суугаад хувааж уусан. Тухайн архийг уугаад би нэлээн согтоод ухаан санаа орж гараад эгчийнхээ гэр рүү нь харьсан байсан. Маргааш өглөө нь босоод би нөгөө олсон гар утсаа халаасандаа үзтэл байхгүй байсан” гэх,

хохирогч ******* “.Би 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баруун-Урт сумын 7 дугаар багт байх Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуульд зохион байгуулагдсан “Ахмадын шинэ жил” баярын арга хэмжээнд оролцсон юм. Сургуулийн нэг давхарт байх сандал дээр сууж байх үедээ өөрийн эзэмшлийн Самсунг галакси А04Е загварын гар утсаа алдчихсан. Сүхбаатар аймгийн Сайн нэртэй дэлгүүрээс 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 499,900 төгрөгөөр худалдан авч байсан. ******* нь 2025 оны 01 дүгээр сарын дундуур ээжийнхээ хамт ирээд надаас уучлалт гуйгаад миний утасны хохирол болох 500,000 төгрөг бэлнээр өгч миний хохирлыг барагдуулсан. Одоо миний зүгээс гэх хүнд гаргах гомдол санал байхгүй. Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэх мэдүүлгүүд,

хөрөнгийн үнэлгээний Болор үнэлгээ ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2402353 дугаартай “Самсунг А04 гар утасны үнэ 485,000 төгрөг” гэх дүгнэлт,

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “…хохирогч нь сандлаас босох үедээ өөрийн эзэмшлийн гар утсаа үлдээсэн байх ба тус гар утсыг хар өнгийн саравчтай малгайтай, ногоон өнгийн юүдэнтэй куртиктэй, ногоон өнгийн өмдтэй, саарал өнгийн цамцтай, хагас түрийтэй хар өнгийн гуталтай, 40 орчим насны эрэгтэй хүн авч байгаа талаар дүрс бичигдсэн байв” гэх тэмдэглэл

Эд мөрийн баримтаар тооцох тухай тэмдэглэл зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хэрэгт нотлогдож байна.

 

2. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчөөс хохирогч д учирсан хохирлыг тогтоолгохоор шинжээчийн дүгнэлт гаргуулсан нь үндэслэл бүхий, хууль зөрчөөгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтад нийцсэн хийгээд хохирогч ******* Самсунг А04 гар утасыг 485,000 төгрөгөөр тогтоосон хөрөнгийн үнэлгээний Болор үнэлгээ ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийн талаар хохирогч , шүүгдэгч ******* нараас маргаагүй байна. 

 

Дээрх эд хөрөнгийн үнэлгээ нь тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх зэрэг хуулийн шаардлагад нийцсэн байгааг дурдъя.

 

            3. “Гээгдэл эд хөрөнгө” гэдэг нь гэм буруутай этгээдийн ямар нэг оролцоогүй, өмчлөгч буюу эзэмшигч, ашиглагчийн хайхрамж, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж, орхигдсон, тухайн үед эзэн нь хэн болох нь мэдэгдэхгүй эд зүйл, эд хөрөнгийг ойлгодог.

Гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэргийн объектив тал нь өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур хаягдсан эд хөрөнгийг олж авсан этгээд өөрийн өмч мэт захиран зарцуулах эрхтэй болж, ашиглан завшиж байгаа шууд санаатай үйлдлээр илрэх бөгөөд энэ хэргийн объект нь бусдын өмчлөх эрх байдаг.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ” ойлгохоор тодорхойлсон ба хуулийн дээрх зохицуулалтаар шүүгдэгч *******ын,  иргэн ******* “Самсунг А04” загварын гар утсыг завшсаны улмаас учруулсан 485,000 төгрөгийн хохирол нь бага хэмжээнээс дээш хохиролд хамаарч байна.

 

Иргэний хуулийн 116.1-д “Гээгдэл эд хөрөнгө олсон этгээд тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх үүрэгтэй. Хэрэв тийм этгээд байхгүй бол орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тухайн эд хөрөнгийг хадгалж хамгаалах, эсхүл тэдгээр байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” гэж зохицуулжээ.

 

4. Хэргийн баримтаар шүүгдэгч ******* нь бусдын гээгдүүлсэн гар утасыг олсон атлаа Иргэний хуулийн 116.1 дэх хэсэгт заасан дээрх үүргээ биелүүлэлгүй ******* “Самсунг А04” загварын гар утсыг бусдын өмчлөлийнх болохыг мэдсээр байж өөртөө завшиж 485,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт хангалттай нотлогдсон хийгээд шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас түүнд холбогдох дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу гээгдэл хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч ******* хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдъя.

 

5. Шүүгдэгч ******* дээрх гэмт хэргийг шунахайн сэдэлтээр гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

 

Тэрээр бусдын бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу тухайн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг ухамсарлаж мэдсээр атлаа хувийн хэрэгцээгээ хангахаар хохирогч ******* гээгдүүлсэн “Самсунг А04” гар утсыг завшиж хохирогчийн эд хөрөнгөд зориуд хохирол учруулжээ.

 

6. Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэх бөгөөд шүүгдэгч *******ын, иргэн ******* гээгдүүлсэн “Самсунг А04” загварын гар утсыг завшсаны улмаас хохирогчид 485,000 төгрөгийн т хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.

 

Гэм хор, хохирлын талаар:

 

Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч д 485,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгчийн зүгээс “Самсунг А04” загварын гар утасны үнийг төлж хохирлыг нөхөн төлсөн нь Эд зүйл буцаан өгсөн мөрдөгчийн тэмдэглэлээр тогтоогдох тул түүний бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ” ялтай.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Д.Дашнямаас “Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогоогүй, бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах”  дүгнэлтийг гаргав.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэх учиртай.

 

Шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах, Эрүүгийн хуулийн ерөнхий 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогоогүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр тогтоолоо.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү болно.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана” гэжээ.

 

*******ын зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.

 

Бусад:

 

Шүүгдэгч ******* нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй бөгөөд хэрэгт ирүүлсэн 2 минут 38 секундын бичлэг бүхий саарал өнгийн Сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалах болохыг тус тус дурдъя.

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 600 (зургаа зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар ялтан ******* дээрх торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нар торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг сануулсугай.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******од таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, иргэний нэхэмжлэгчид учирсан хохирол нөхөн төлөгдсөн, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 2 минут 38 секундын бичлэг бүхий саарал өнгийн Сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалахыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       С.НАСАНБУЯН