| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 101/2021/02683/И |
| Дугаар | 101/ШШ2021/04133 |
| Огноо | 2021-12-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 101/ШШ2021/04133
2021 12 09 101/ШШ2021/04133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч- Баянгол дүүрэг,*******,*******,*******,*******,
хариуцагч- Баянзүрх дүүрэг,*******,*******,*******,
зээлийн гэрээний үүрэгт 328,000,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сэлэнгэ, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Билгүүнсаран нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Буянбадрах нь 2010 оны 10-р сарын 7-ны өдөр манай банк бус санхүүгийн байгууллагатай 300,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээгээр нийт 6 сарын хугацаатай, нэг сарын 2,8 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү нь 30 хоногт 0,56 хувийн хүүтэй, эргэн төлөхөөр тохиролцсон.
Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар улсын бүртгэлийн Ү-2206059752 дугаартай, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Хүннү-2222, Их монгол улс гудамж, 103-р байрны 1601 тоот дахь орон сууцны зориулалттай үл хөдлөх, улсын бүртгэлийн Ү-2206059749 дугаартай, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Хүннү-2222, Их монгол улс гудамж, 102-р байрны 1401 тоот дахь орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-2206059736 дугаартай, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Хүннү-2222, Их монгол улс гудамж, 120-р байрны Г1 давхар R-172 тоот авто зогсоол, улсын бүртгэлийн Ү-2206059735 дугаартай, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Хүннү-2222, Их монгол улс гудамж, 120-р байрны Г1 давхар R-33 тоот авто зогсоол, улсын бүртгэлийн Ү-2203030866 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13-р хороолол, Юнеско гудамж 11-р байрны зоорийн давхар 16 тоотын авто зогсоол зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалан барьцааны гэрээ байгуулсан.
Д.Буянбадрах нь зээлийн хүүний 43,120,000 төгрөгийг төлбөрийн хувиар зөрчиж төлсөн ба өнөөдрийг хүртэл зээлийн үндсэн төлбөр болон хүүний үлдэгдлийг төлөөгүй тул үндсэн зээлийн 300,000,000 төгрөг, хүүгийн 28,000,000 төгрөг, нийт 328,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Төлбөрийг сайн дураар төлөхгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангаж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч МТС финанс ББСБ ХХК нь хариуцагч Д.Буянбадрахад холбогдуулан 2020 оны 10-р сарын 07-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт үндсэн зээлд 300,000,000 төгрөг, зээлийн хүү 28,000,000 төгрөг, нийт 328.000.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч Д.Буянбадрахад дээрх нэхэмжлэлийн хувийг шүүх 2021 оны 09-р сарын 20-ны өдөр гардуулан өгч /хх-38/, мөн өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэгжүүлэх хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлан танилцуулсан /хх-39/ боловч хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа гаргах үүргээ биелүүлээгүй, мөн шүүх хуралдааны товыг 2021 оны 12-р сарын 2-ны өдөр хүргүүлснийг хариуцагчийн хаягт байгаа этгээд гардан авсан /хх-57, 25/ боловч хариуцагч Д.Буянбадрах нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж тус тус заасныг үндэслэн хариуцагч Д.Буянбадрахыг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэстэй байна.
Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч буюу хариуцагч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар ...хэргийн материалтай танилцах, ...шүүх хуралдаанд оролцох... нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй.
Энэ өдөр хянан хэлэлцэхээр товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагч Д.Буянбадрахын шүүхээс нэхэмжлэл гардан авахдаа мэдүүлсэн Баянзүрх дүүрэг,*******, энканто таун 210 байр 44 тоотын хаягаар хүргүүлснийг Туул гэж гардан авсан, тухайн иргэн 2021-6-29-ний мэдэгдэх хуудсанд эхнэр нь гэж тэмдэглэгдсэн байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т шүүхийн мэдэгдэх хуудсыг зохигч талын оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ гэж, 77.5-д мэдэгдэх хуудсыг түүнд заасан хүлээн авагчид гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан огноо, цагийг тэмдэглэнэ. Хуулийн этгээдэд өгөх мэдэгдэх хуудсыг удирдах албан тушаалтан буюу холбогдох ажилтанд гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан огноо, цагийг тэмдэглэнэ гэж, 77.6-д мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих иргэн оршин суугаа газартаа буюу ажлынхаа газарт байхгүй бол уг хуудсыг түүний хамт амьдардаг насанд хүрсэн иргэн, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд буюу ажлын газрынх нь захиргаанд хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулна гэж тус тус зааснаар хариуцагчид шүүх хуралдааны товыг зохих журмын дагуу мэдэгдэж, баталгаажуулсан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагчийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн болно.
Зохигчдын хооронд 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ЗГ2020/10/94 дугаартай зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан байх бөгөөд гэрээний зүйл болох 300,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 30 хоногт 2,8 хувийн хүүтэй зээлдүүлж, төлөгдөөгүй зээлийн үндсэн өрийн үлдэгдэлээс 30 хоногт 0,56 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор гэрээний талууд харилцан тохиролцжээ /хх-7-9/.
Түүнчлэн зохигчид уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар хариуцагч Д.Буянбадрахын өмчлөлийн
улсын бүртгэлийн Ү-2206059752 дугаартай, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Хүннү-2222, Их монгол улс гудамж, 103-р байрны 1601 тоотод байрлах, 55,04 м.кв талбайтай орон сууцны зориулалттай,
улсын бүртгэлийн Ү-2206059749 дугаартай, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Хүннү-2222, Их монгол улс гудамж, 102-р байрны 1401 тоотод байрлах, 55,04 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай,
улсын бүртгэлийн Ү-2206059736 дугаартай, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Хүннү-2222, Их монгол улс гудамж, 120-р байрны Г1 давхар R-172 тоотын 15,12 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай,
улсын бүртгэлийн Ү-2206059735 дугаартай, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Хүннү-2222, Их монгол улс гудамж, 120-р байрны Г1 давхар R-33 тоотын 15,12 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай,
улсын бүртгэлийн Ү-2203030866 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13-р хороолол, Юнеско гудамж 11-р байрны зоорийн давхар 16 тоотын 20 м.кв талбай бүхий автозогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан байна /хх-11-14, 17-21/.
Талуудын байгуулсан зээлийн гэрээний 1.1-д зээлийн гэрээний зүйлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлдүүлж, гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг кассын зарлагын баримтаар хариуцагчид бэлнээр гаргасан болохыг нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд тайлбарласан.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.
Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч МТС Финанс ББСБ ХХК-иас гэрээний зүйл болох 300,000,000 төгрөгийг зээлдэгч Д.Буянбадрахад шилжүүлэх, зээлдэгч нь зээлийг зориулалтын дагуу ашиглаж, тохирсон хүүг төлөх үүрэг хүлээсэн байна.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж зааснаар зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн этгээд үүргээ тогтоосон хугацаанд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг хугацаанд үүргээ аливаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээр байна.
Гэтэл хариуцагч Д.Буянбадрахыг зээлийн хүүгийн төлбөрт 43,120,000 төгрөгийг төлсөн талаар нэхэмжлэлд дурдсан байх боловч хариуцагчийн зүгээс дээрх зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой ямар нэгэн тайлбарыг шүүхэд гаргаагүй ба зээлийн гэрээний хугацаа 2021 оны 4-р сарын 10-ны өдөр дуусгавар болсноор нэхэмжлэгч тал 2021 оны 6-р сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Д.Буянбадрахад зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Банк, эрхий бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны журмын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж зохицуулсан.
Иймд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар зохигч гагцхүү бодит үнэнд нийцсэн тайлбар гаргах, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Мөн Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж зохицуулсан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчдын хооронд байгуулсан барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгүүд нь зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч Д.Буянбадрахын өмчлөлийн хөрөнгө байна.
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ гэж, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д Барьцааны гэрээг бичгээр байгуулна гэж, 156.2-т Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж тус тус зааснаар барьцааны БГ2020/10/94 дугаартай гэрээг улсын бүртгэлд 2020 оны 10-р сарын 7-ны өдөр бүртгүүлсэн, хүчин төгөлдөр гэрээ байна /хх-11/.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж, хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж мөн зохицуулсан.
Үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгч Д.Буянбадрах зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй, зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгчийн зүгээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардсан тул барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Д.Буянбадрахаас үндсэн зээлийн 300,000,000 төгрөг, зээлийн хүү 28,000,000 төгрөг, нийт 328,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 1,868,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,868,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Тугчин овогт Дагва Буянбадрах /ХЕ81072218/-аас 328,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч МТС Финанс ББСБ ХХК 5967074/-д олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар дээрх үүргийг хариуцагч Д.Буянбадрах сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох түүний өмчлөлийн
улсын бүртгэлийн Ү-2206059752 дугаартай, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Хүннү-2222, Их монгол улс гудамж, 103-р байрны 1601 тоотод байрлах, 55,04 м.кв талбайтай орон сууцны зориулалттай,
улсын бүртгэлийн Ү-2206059749 дугаартай, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Хүннү-2222, Их монгол улс гудамж, 102-р байрны 1401 тоотод байрлах, 55,04 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай,
улсын бүртгэлийн Ү-2206059736 дугаартай, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Хүннү-2222, Их монгол улс гудамж, 120-р байрны Г1 давхар R-172 тоотын 15,12 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай,
улсын бүртгэлийн Ү-2206059735 дугаартай, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Хүннү-2222, Их монгол улс гудамж, 120-р байрны Г1 давхар R-33 тоотын 15,12 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай,
улсын бүртгэлийн Ү-2203030866 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13-р хороолол, Юнеско гудамж 11-р байрны зоорийн давхар 16 тоотын 20 м.кв талбай бүхий автозогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 1,868,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Буянбадрахаас 1,868,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч МТС Финанс ББСБ ХХК 5967074/-д олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ