| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/0073/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/100 |
| Огноо | 2025-04-08 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Д.Дашням |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/100
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Д.Дашням,
Өмгөөлөгч Т.Хүдэр,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дашнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар *******т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2530000000041 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1******* өдөр төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн “Богд-Уул” гэх газар оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* регистрийн дугаартай,
Хардал овогт Монхоолойн *******.
Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтээр):
Шүүгдэгч ******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад заасан зөрчилд холбогдон 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ 2025 оны 01 дүгээр сарын 20-ны шөнө 22 цагийн орчимд ******* маркийн улсын дугаартай саарал өнгийн тээврийн хэрэгслийг 1,65 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2025 оны 01 сарын 20-ны өдөр эхнэр минь бие муутай тул эмнэлэг явах гээд хүнээс мөнгө зээлэх гэж байгаад гэрт нь очоод архи уусан. Би малчин хүн, хүүхэд минь сургуульд сурдаг, би архи уугаад машин барьсан нь үнэн...гэв.
Эрүүгийн 2530000000041 дугаартай хэргээс:
- Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 01 дүгээр сарын 20-ны орой 18 цагийн орчимд би өөрийн улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэлтэй ганцаараа сумын төв орж эхнэр рүүгээ мөнгө шилжүүлэх ажлаар ирсэн юм. гэх найз руугаа мөнгө асууж утсаар ярьсан чинь “надад цөөхөн хэдэн төгрөг байна, ирээд ав” гэхээр нь би найзынх руугаа машинтайгаа очсон. Манай найз надад зориулж 0,5 литрийн Агар нэртэй архи задалсныг хувааж уучхаад орой 22 цагийн орчимд хөдлөөд гудамжны төгсгөл дөнгөж өнгөрөөд явж байтал цагдаагийн алба хаагч нар таарч зогсоож шалгасан. Би тухайн цагдаа нарыг дагаж сумын цагдаагийн хэсэг дээр очиж согтолт хэмжигч багажаар үлээн шалгуулахад 1,65 хувийн согтолттой гэж гарсан.Би ойролцоогоор 800 орчим метр газар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-43 дугаар хуудас),
- Гэрч : 2025 оны 01 дүгээр сарын 20-ны шөнө 22 цаг 26 минутад “Мал мах” нэгдсэн арга хэмжээний хүрээнд олон нийтийн цагдаа хамт багийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдэд хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж ажилласан. Гудамж талбайд эргүүл хяналтын үүрэг гүйцэтгэж байх үед тус сумын , байр гэр хороолол дунд (NISSAN ADVAN) маркийн улсын дугаартай, саарал өнгийн тээврийн хэрэгслийг шалгахад тус сумын 3 дугаар багийн иргэн Монхоолой овогтой ******* нь жолоодох эрхийн үнэмлэх хасагдсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцож явах үед нь зогсоож шалган согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан шалтгаанаар тээврийг хэрэгслийг нь түр саатуулж, *******ыг Цагдаагийн тасгийн мэдүүлэг авах өрөөнд согтуурал хэмжих драйгер багажаар 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 22 цаг 09 минутад үлээлгэхэд согтолтын зэрэг нь 1,65 хувь гарч байсан...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21, 24-25 дугаар хуудас),
- Гэрч Д.ийн: Би Сүхбаатар аймгийн багийн 1602 тоотод амьдардаг юм. 2025 оны 01 дүгээр сарын 20-ны орой 20 цагийн үед намайг гэртээ байхад манай сумын ******* гэх хүн ирээд “Агар” нэртэй 0,5 литрийн архи хамт хувааж уугаад адуу малын тухай юм ярьж суусан. ******* нь гэртээ харилаа гээд 22 цагийн үед манай гэрийн гаднаас өөрийн эзэмшлийн (NISSAN ADVAN) маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэлтэй хөдөлсөн. Би саяхан ******* гэх хүнтэй утсаар ярихад “Тухайн өдөр манай гэрийн гаднаас өөрийнхөө машинтай хөдлөөд байрны хамгийн баруун захаас зүүн зах хүртэл 800 метр газар жолоодож яваад цагдаа зогсоож, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гээд шалгагдаж байгаа” гэж ярьсан...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас),
- Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 04 дүгээр хуудас),
- Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 5 дугаар хуудас),
- *******ын Драйгер багажид үлээлгэж буй гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7 дугаар хуудас),
- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 8 дугаар хуудас),
- Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын Мөнххаан сумын цагдаагийн тасгийн хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч гаргаж өгсөн 23 секундийн бичлэгийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 9 дүгээр хуудас),
- *******ын согтолтын хэмжээг Драйгер багажаар шалгахад хийсэн дуу дүрсний бичлэгээр баримтжуулсан бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 10 дугаар хуудас),
- ALCOTEST-6820 загварын амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч хэмжүүр багаж болон драйгерын бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 11-16-р хуудас),
- *******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 44 дүгээр хуудас),
- *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 47-50 дугаар хуудас)
- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ЗШ/448 дугаартай шийтгэврийн хуулбар (хавтаст хэргийн 56-59 дүгээр хуудас) зэрэг болно.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай хийгээд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Гэм буруугийн талаар:
1.Шүүгдэгч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад заасан зөрчилд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ 2025 оны 01 дүгээр сарын 20-ны шөнө 22 цагийн орчимд Сүхбаатар аймгийн багийн нутаг 1602 тоотын гаднаас 612 тоот хүртэлх зайд Ниссан Эдван (NISSAN ADVAN) загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг амьсгал дахь спиртийн агууламж 1,65 промиль спиртийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь:
*******ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд мэдүүлсэн “ Би 2025 оны 01 дүгээр сарын 20-ны орой 18 цагийн орчимд өөрийн улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэлтэй эхнэр рүүгээ мөнгө шилжүүлэх ажлаар сумын төвд ирсэн. гэх найзаасаа мөнгө авахаар болж гэрт нь очоод, мөнгө зээлж аваад 0,5 литрийн Агар нэртэй архи хувааж уучхаад 22 цагийн орчимд найзынхаа гэрийн гаднаас хөдлөөд гудамжны төгсгөл дөнгөж өнгөрөөд явж байтал цагдаагийн алба хаагч нар таарч зогсоож шалгасан. Согтолт хэмжигч багажаар үлээн шалгуулахад 1,65 хувийн согтолттой гэж гарсан ” гэх,
гэрч “2025 оны 01 дүгээр сарын 20-ны шөнө 22 цаг 26 минутад “Мал мах” арга хэмжээний хүрээнд олон нийтийн цагдаа хамт багийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдэд хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж ажиллахдаа ийн гэр хороолол дунд (NISSAN ADVAN) маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг шалгахад тус сумын 3 дугаар багийн иргэн Монхоолой овогтой ******* нь жолоодох эрхийн үнэмлэх хасагдсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан. *******ыг Цагдаагийн тасгийн мэдүүлэг авах өрөөнд согтуурал хэмжих драйгер багажаар 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 22 цаг 09 минутад үлээлгэхэд согтолтын зэрэг нь 1,65 хувь гарч байсан” гэх,
гэрч Д.ийн “ Би Сүхбаатар аймгийн багийн 1602 тоотод амьдардаг. 2025 оны 01 дүгээр сарын 20-ны орой 20 цагийн үед ******* ирээд “Агар” нэртэй 0,5 литрийн архи хамт хувааж уусан. ******* 22 цагийн үед манай гэрийн гаднаас маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэлтэй хөдөлсөн. Би саяхан *******тай утсаар ярихад “ Тухайн өдөр манай гэрийн гаднаас машинтай хөдлөөд байрны хамгийн баруун захаас зүүн зах хүртэл 800 метр газар жолоодож яваад цагдаа зогсоож, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гээд шалгагдаж байгаа ” гэж ярьсан ” гэх мэдүүлгүүд,
Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл,
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл,
Драйгер багажид үлээлгэсэн гэрэл зургийн үзүүлэлт,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол,
Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын Мөнххаан сумын цагдаагийн тасгийн хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч гаргаж өгсөн 23 секундийн бичлэгийг хүлээн авсан тэмдэглэл,
*******ын согтолтын хэмжээг Драйгер багажаар шалгуулахад дуу дүрсний бичлэгээр баримтжуулсан бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,
ALCOTEST-6820 загварын амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч хэмжүүр багаж болон драйгерын бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” ,
“Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно”,
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэж тус тус тодорхойлжээ.
4. Шүүгдэгч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т “Жолооч согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан ба тухайн гэмт хэрэг үйлдэх үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан этгээд байсан нь Цагдаагийн Ерөнхий газрын 2025.02.03-ны өдрийн “Жолоочийн лавлагаа, мэдээлэл, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ЗШ/448 дугаартай шийтгэврийн хуулбар зэргээр,
тухайн гэмт хэрэг үйлдэх үеийн түүний амьсгал дахь спиртийн агууламж 1,65 промиль байсан нь дээр дурдагдсан “согтуурсан” байдалд хамаарах бөгөөд үүнийг 001797 дугаарын гэрчилгээтэй Alcotest-6820 загварын зориулалтын Драгер багажаар шалган тогтоож, гэрэл зургаар хэрэгт баталгаажуулсан буюу Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зураг зэргээр нотлогдоно.
5. Хэргийн баримтаар, шүүгдэгч ******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад заасан зөрчилд холбогдон 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ 2025 оны 01 дүгээр сарын 20-ны шөнө 22 цагийн үед Сүхбаатар аймгийн багийн нутаг 1602 тоотын гаднаас 612 тоот хүртэлх зайд загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг амьсгал дахь спиртийн агууламж 1,65 промиль спиртийн хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь хэрэгт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд түүний дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Т.Хүдэрээс тухайн хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.
6. Шүүх шүүгдэгч *******ыг тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.
Учир нь тэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ спиртийн агууламж бүхий согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа автомашин жолоодон замын хөдөлгөөнд зориуд оролцож байгаа нь санаатай үйлдэл бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэснээр тодорхойлогдоно.
7. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгодог.
Тухайн хэргийн хувьд шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ спиртийн агууламж бүхий согтууруулах ундаа хэрэглэн авто машин жолоодсон үйлдлийн улмаас хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчигдөж, үүний улмаас нийтийн аюулгүй байдалд хохирол учруулж болохуйц үр дагавар үүсэх боломжтой байжээ.
Гэмт хэргийн хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас бусдад бодит хохирол учраагүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ” ялтай.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагчаас “Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,200,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай ” гэх,
түүний өмгөөлөгч Т.Хүдэрээс “Шүүгдэгч ******* нь 53 настай, бог, бод нийлсэн 300 тооны малтай, зөвхөн малаа маллаж амьдралаа залгуулдаг, өндөр настай, малчин хүн байгаа. Өмгөөлөгчийн зүгээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү, хэрвээ торгуулийн ял оногдуулах юм бол түүнд хамгийн доод хэмжээний торгуулийн ял оногдуулж өгнө үү ” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэрээс гаргасан дээрх санал, дүгнэлтийг хангах хууль зүйн боломжтой гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэг бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагаанаас үнэн зөв мэдүүлэг өгч, тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад шууд, бодит хохирол учраагүй, бусдад төлөх төлбөргүй, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаа, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хувийн мал маллан амьжиргаагаа залгуулдаг хувийн байдал зэргийг үндэслэвэл түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн боломжтой гэж шүүх дүгнэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, энэ тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасны дагуу түүнд дээрх тэнссэн хугацаанд “оршин суугаа газар ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******т авсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг оршин суух харьяаллаар Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгана.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй, эд мөрийн баримтаар ирүүлсэн 23 секундын бичлэг бүхий саарал өнгийн Сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалахыг болохыг тус тус дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хардал овогт Монхоолойн *******ыг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг ) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч *******т дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх ” албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь дээрх тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах зохицуулалттайг анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг тэнсэж, албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүхийн шатанд шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 23 секундын бичлэг бүхий саарал өнгийн Сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалахыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН