| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 320/2025/0068/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/127 |
| Огноо | 2025-04-17 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Э.Гэрэлтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/127
2025 04 17 2025/ШЦТ/127
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,
Улсын яллагч Э.Гэрэлтуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,
Шүүгдэгч ***************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х******ын Б**********д холбогдох эрүүгийн 2538********* дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ***************** нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 01 дүгээр багийн нутаг “Э******ийн хөндий” гэх газраас 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-ны өдрүүдэд Ж.Н**********ийн малын хашааны модыг 6***** ХӨҮ улсын дугаартай Портер загварын тээврийн хэрэгсэл ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 800,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ***************** нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 01 дүгээр багийн нутаг “Э******ийн хөндий” гэх газраас 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-ны өдрүүдэд Ж.Н**********ийн малын хашааны модыг 6***** ХӨҮ улсын дугаартай Портер загварын тээврийн хэрэгсэл ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 800,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2538********* дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *****************ы мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр би Баянзүрх сумаас Мөрөн сум руу буцаж явах замдаа Э******ийн хөндийд малын эзэнгүй нурчихсан хашаа байхыг хараад маргааш өдөр буюу 2024 оны 11 сарын 18-ны өдөр буцаж очоод хашааны модыг ачаад Мөрөн сум руу оруулж ирсэн. Би тухайн хашааны шургааг модыг төрсөн ах Б************эгийн эзэмшлийн 6***** ХӨҮ улсын дугаартай хөх өнгийн портер маркийн автомашинаар ачиж өөрийн Мөрөн сумын 01 дүгээр баг 3**** тоот хашаанд буулгачихсан. Харин намайг шургааг мод ачиж явсныг цагдаа нар мэдээд цагдаагийн газарт авч ирээд асуухаар нь би хэний хашааны мод гэдгийг нь мэдээгүй авчихсан гэдгээ хэлсэн...” гэх мэдүүлэг,
Хохирогч Ж.Н**********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өглөө өөрийн эзэмшлийн тус аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр баг Э******ийн хөндий гэх газарт байх малын хашаан дээрээ ирсэн чинь малын хашааны талыг аваад ачаад явсан байсан ба талыг ачаад аваад явахаар бэлдсэн байсан. Тэгээд орой нь буюу 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 23 цаг өнгөрч байхад өөрийн машинтайгаа өөрийн малын хашаан дээрээ очиход тухайн газрын ойролцоо 6***** ХӨҮ гэсэн улсын дугаартай цэнхэр өнгийн Портер машин байсан. Би тухайн газраас холдоод 30-40 минутын орчим болоод буцаж хашаан дээр ирсэн чинь бэлдээд тавьсан малын хашааг ачаад явсан байсан. Миний бодлоор тухайн тээврийн хэрэгсэл ачаад явсан байх. Тухайн алга болсон хашаа буюу шургааг нь портер дээр хоёр удаа ачих боломжтой. Алга болсон хашаа буюу шургааг нь 20-30 см өргөнтэй, нэг байрандаа 10-15 ширхэг шургааг ордог, шургаагийн урт нь 4м байсан ба 80 гаран ширхэг шургааг байгаа. ...Би хохирлоо бүрэн барагдуулж авсан. Өөрөөр хэлбэл модоо буцаагаад авчихсан. Надад одоо ямар нэгэн гомдол, санал хүсэлт болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 28-29, 32-р хуудас),
Гэрч *******************эгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...6***** ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Би тухайн тээврийн хэрэгслийг 5 жилийн өмнө худалдан авч байсан. Би өөрөө бие муутай тул тухайн машиныг унахгүй байгаа. Манай төрсөн дүү ***************** унаж хэрэглэж байгаа. Манай дүү ***************** нь хөдөө яваад ирэхдээ хүний хашааны мод ачаад ирсэн юм шиг байсан. Тэгээд тухайн хүмүүстээ хэлээд уучлалт гуйгаад хохиролгүй болгосон гэж надад өөрөө хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 35-36-р хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 4-р хуудас),
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 9-13-р хуудас),
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 14-16-р хуудас),
Модонд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 17-20-р хуудас),
Хөвсгөл аймгийн Автотээврийн төвийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн албан бичиг (хх-ийн 22-23-р хуудас),
2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 13 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 45-46-р хуудас),
Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1001980 дугаартай: “...Porter маркийн автомашины ...2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 2,000,000-н төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт (хх-ийн 54-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 69-р хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 70-р хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-ийн 71-р хуудас), үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (хх-ийн 72-р хуудас), Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх багийн Засаг даргын тодорхойлолт (хх-ийн 73-р хуудас), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 74-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2538********* дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *****************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.
Шүүгдэгч ***************** нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч ***************** нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 01 дүгээр багийн нутаг “Э******ийн хөндий” гэх газраас 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-ны өдрүүдэд Ж.Н**********ийн малын хашааны модыг 6***** ХӨҮ улсын дугаартай Портер загварын тээврийн хэрэгсэл ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 800,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч *****************ы мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч Ж.Н**********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 28-29, 32-р хуудас), гэрч *******************эгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 35-36-р хуудас), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 4-р хуудас), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 9-13-р хуудас), тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 14-16-р хуудас), модонд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 17-20-р хуудас), Хөвсгөл аймгийн Автотээврийн төвийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн албан бичиг (хх-ийн 22-23-р хуудас), 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 13 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 45-46-р хуудас), Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1001980 дугаартай дүгнэлт (хх-ийн 54-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.
Шүүгдэгч ***************** нь хохирогч Ж.Н**********ийн малын хашааны модыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 800,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд өмчлөх эрхэд хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч *****************ы үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал /нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч *****************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, хохирогчийн зүгээс эд хөрөнгөө ил задгай орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч ***************** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч ***************** нь хохирогч Ж.Н**********ийн малын хашааны модыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 800,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчид модыг буцаан өгсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгч *****************ыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч *****************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ***************** нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 74-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2005 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 177 дугаар шийтгэх тогтоолын хуулбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 135а дугаартай тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүгдэгч нь ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч *****************д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, ...албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 2,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий Портер маркийн 6***** ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь *******************эгийнх мөн болох гэрч *******************эгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *****************ы гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан Портер маркийн 6***** ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 2,000,000 төгрөгийг шүүгдэгч *****************аас гаргуулж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2538********* дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М****** овогт Х******ын Б**********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Х******ын Б**********ыг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****************д оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *****************ы гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан Портер маркийн 6***** ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 2,000,000 (хоёр сая) төгрөгийг шүүгдэгч *****************аас гаргуулж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн 2538********* дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *****************д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР