Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2021/03046

 

2021 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2021/03046

Улаанбаатар хот

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- Сүхбаатар дүүрэг,*******,*******,*******, Боржигин овогт Зундуй Отгончимэг /ХЗ61100306/-н нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол,*******, Боржигон овогт Гэлэнхүүгийн Баяр-Отгон /УГ66120301/-д холбогдох,

бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгө гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Отгончимэг, хариуцагч Г.Баяр-Отгон, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг /ӨҮ-0253/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хариуцагч Г.Баяр-Отгоны өмчлөлийн Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, 103-р байрны 101 тоотод байрлах, орон сууцыг 2014 оны 5 дугаар сараас 2015-03-06-ны өдрийг хүртэлх хугацаанд түрээслэн суугаад гарахдаа өөрийн хэрэглэж байсан эд зүйлс, хувцас, гэр ахуйн зүйлсийг орхиж гарсан, эдгээр эд зүйлсийг хариуцагч өгөхгүй байгаа тул шүүхэд хандсан. Манай гэрийн эд хогшил бүгд энэ хүнд байгаа. Тиймээс крисл 650.000 төгрөг, сунадаг буйдан 780.000 төгрөг, хувцасны шкаб 2 ширхэг тус бүр нь 400.000 төгрөг, хөлдөөгч 280.000 төгрөг, хуучны хөргөгч 80.000 төгрөг, хуучны модон авдар 2 ширхэг ааваас минь өвөлж ирсэн учир би хэдэн төгрөгөөр үнэлхээ мэдэхгүй байна, хоолны ширээ 150.000 төгрөг, оёдлын машин ээжээс минь өвөлж ирсэн учир би хэдэн төгрөгөөр үнэлхээ мэдэхгүй байна, угаалгын машин 80.000 төгрөг, хуучны жижиг өнгөт зурагт 80.000 төгрөг, 21 инчийн өнгөт зурагт 200.000 төгрөг, 2х3, болон 3х4 харьцаатай хивс 80.000 төгрөг, модон шогол доторх судрууд, хүрд, цөгцнүүд 7, 8 ширхэг, аав, ээжийн хэрэглэж байсан эрх, будаа агшаагч 80.000 төгрөг, цахилгаан тогоо 60.000 төгрөг, халбага сэрээ, аяга, таваг гэх мэт бусад гал тогооны нарийн хэрэгсэл 200.000 төгрөг, банны өрөөний тавиур 40.000 төгрөг, үйтэн хуаран дээл 570.000 төгрөг, цамц 190.000 төгрөг, эрэгтэй ноолууран цамц 170.000 төгрөг, эрэгтэй богино савхин дээл 210.000 төгрөг, мөнгөн ээмэг бөгж 130.000 төгрөгний үнэ бүхий эд зүйлсийн хариуцагч И.Баяр-Отгоноос нэхэмжилж байна.

Би 2 долоо хоногийн өмнө Баяр-Отгонтой таарч эгч нь утсаар яриад мөнгөө өгчихөөд эд зүйлээ аваарай гэж хэлсэн талаар хэлэхэд би эгчээсээ асууя гэж хэлсэн, намайг залгахаар утсаа ав гэдгийг хэлсэн, тухайн үед түрээсийн мөнгө өгөөгүйгээс ийм зүйл болсон гэдгийг хэлсэн, ээж, аавын бурхан судар авдар савыг өгчих гэхэд эгчээс асууя гэдэг зүйлийг л хэлсэн байгаа гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хүнийг байрандаа түрээсээр оруулснаар надад нийтдээ 3 сарын түрээс төлж, түрээсийн төлбөрийг бөөнд нь өгнө гэж явсаар төлөөгүй, тогны мөнгөө төлөхгүй байгаад салгахаар өөрсдөө гараад залгачихдаг байсан. Ингээд түрээсийн төлбөр тооцоогоо хийхгүй байсан тул байр чөлөөлж, төлбөр тооцоо хийхийг хэлэхэд хүү нь өөрийнхөө жолооны үнэмлэхээ үлдээж, би төлбөр тооцоогоо дуусгачихаад үнэмлэхээ авна гэсэн боловч аваагүй, утасаа ч авахаа больсон. Ингээд сарын дараа гэрт эзэнгүй хүүхдүүд байхад ирээд бүх өөрийн эд зүйлээ аваад явсан байсан. Гэтэл одоо гэнэт эд зүйлээ нэхэж байгааг ойлгохгүй байна. Надад байрны түрээсийн төлбөрөө төлөөгүй, би өгөхгүй нь тодорхой болсон гэж ойлгоод мөнгөө нэхээгүй орхисон. Энэ үйл явдал 5 жилийн өмнө болсон. Энэ хүний нэхэмжилж байгаа эд зүйлс надад байхгүй. Өөрөө юу ч үлдээлгүй бүгдийг нь аваад явсан.

Бүтэн жил төлбөрөө төлөөгүй байхдаа өдөр бүр худлаа хэлж байсан, би итгэж явсаар өдийг хүрсэн бүх зүйлээ өөрөө авч явсан. Би нэхэмжлэгчтэй уулзаж ярилцаад эд зүйлсийг би аваагүй гэдгийг хэлсэн. Гэтэл эгч чинь гэж яриад байгаа боловч би өөрөө очиж эд зүйлсийг шалгасан, Отгончимэг эд зүйлээ өөрөө авч явсан, энд манай эгч оролцоогүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй, шаардлага нь эд хөрөнгө гаргуулах гэж байгаа боловч хариуцагчид түүний эд хөрөнгө байгаа гэх үндэслэлээ нотлож чадахгүй байна. Баянгол дүүргийн цагдаагийн газраас ирүүлэн баримт 2015-12-14-ний өдрийн огноотой, Отгончимэгийн гомдлоор хэл амаар доромжилсон талаарх баримт байна. Мөн нэхэмжлэгчийн гомдлын шаардлага гаргах хугацаа өнгөрсөн байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч З.Отгончимэг нь хариуцагч Г.Баяр-Отгонд холбогдуулан түүний хууль бус эзэмшлээс өөрийн хэрэглэж байсан эд зүйлс, хувцас, гэр ахуйн хэрэглээний эд зүйлсийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д ...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй... бөгөөд нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх учиртай.

 

Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т нэхэмжлэлийн бүрдүүлбэрт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой тусгасан байхыг шаарддаг нь шүүх хөндлөнгийн байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимтай холбоотой бөгөөд нэхэмжлэгчийн хүсээгүй зүйлийг шүүх шийдвэрлэх эрх хэмжээ хуулиар байхгүй юм.

 

Тиймээс зохигчдын тайлбар өөрөө нотлох баримт болох хэдий ч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал үгүйсгэж байгаа тохиолдолд үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох, нотлосон баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хариуцагч Баяр-Отгоны өмчлөлийн Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 103-р байрны 101 тоотод байрлах орон сууцыг 2014 оны 5 дугаар сараас 2015 оны 03-р сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд хөлслөн суусан, Баяр-Отгон 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хаалганы цожны голыг солисноор тухайн байранд орж чадахгүй болж, өөрийн хэрэглэж байсан 650.000 төгрөгийн үнэтэй крисл 1 ширхэг, 780.000 төгрөгийн үнэтэй сунадаг буйдан 1 ширхэг, тус бүр нь 400.000 төгрөгийн үнэтэй хувцасны шкаб 2 ширхэг, 280.000 төгрөгийн үнэтэй хөлдөөгч, 80.000 төгрөгийн үнэтэй хуучны хөргөгч 1 ширхэг, 150.000 төгрөгийн үнэтэй хоолны ширээ 1 ширхэг, 80.000 төгрөгийн үнэтэй угаалгын машин 1 ширхэг, 80.000 төгрөгийн үнэтэй хуучны жижиг өнгөт зурагт 1 ширхэг, 200.000 төгрөгийн үнэтэй 21 инчийн өнгөт зурагт 1 ширхэг, тус бүр нь 80.000 төгрөгийн үнэтэй 2х3, 3х4 харьцаатай хивс 2 ширхэг, 80.000 төгрөгийн үнэтэй будаа агшаагч 1 ширхэг, 60.000 төгрөгийн үнэтэй цахилгаан тогоо 1 ширхэг, 200.000 төгрөгийн үнэтэй халбага сэрээ, аяга, таваг, гал тогооны нарийн хэрэгсэл, 40.000 төгрөгийн үнэтэй банны өрөөний тавиур 1 ширхэг, 570.000 төгрөгийн үнэтэй үйтэн хуаран дээл 1 ширхэг, 190.000 төгрөгийн үнэтэй цамц 1 ширхэг, 170.000 төгрөгийн үнэтэй эрэгтэй ноолууран цамц 1 ширхэг, 210.000 төгрөгийн үнэтэй эрэгтэй богино савхин дээл 1 ширхэг, 130.000 төгрөгийн үнэтэй мөнгөн ээмэг бөгж, хуучны модон авдар 2 ширхэг, ээжээс нь өвөлж ирсэн оёдлын машин, модон шогол доторх судрууд, хүрд, цөгцнүүд 7, 8 ширхэг, аав, ээжийн хэрэглэж байсан эрх зэргийг орхин гарсан гэж тайлбарласан.

 

Хариуцагч нь түрээсийн төлбөрөө төлөхгүй байсан тул байр чөлөөлж, төлбөр тооцоо хийхийг хэлэхэд хүү нь өөрийнхөө жолооны үнэмлэхээ үлдээж, би төлбөр тооцоогоо дуусгачихаад үнэмлэхээ авна гэсэн боловч аваагүй, гэрт том хүн байхгүй, хүүхдүүд байхад Отгончимэг нь ирээд бүх өөрийн эд зүйлсээ аваад явсан байсан. Надад байрны түрээсийн төлбөрөө төлөөгүй, би өгөхгүй нь тодорхой болсон гэж ойлгоод мөнгөө нэхээгүй орхисон. Энэ үйл явдал 5 жилийн өмнө болсон. Энэ хүний нэхэмжилж байгаа эд зүйлс надад байхгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020-4-15-ны өдрийн 181/ШШ2020/00985 дугаар шийдвэрээр Гэлэнхүүгийн Баяр-Отгоныг нэхэмжлэгч З.Отгончмиэгийн хүсэлтээр эрэн сурвалжлахаар шийдвэрлэсэн /хх-39/, 2015-6-12-ны өдөр Отгончимэгээс байрны түрээс гэж 500.000 төгрөгийг Г.Баяр-Отгонд шилжүүлсэн /хх-40/, Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2021-10-07-ны өдрийн албан бичгээр ирүүлсэн мэдээлэлд 2015-12-14-ний өдөр Баянгол дүүрэг, 7-р хороо Отгончимэгийг Баяр-Отгон нь хэл амаар доромжилж танхайрсан гээд 15.000 төгрөгөөр торгосон /хх-71-72/ талаарх баримтыг ирүүлсэн байна.

 

Дээрх баримтуудаар нэхэмжлэгч З.Отгончимэг нь хариуцагч Г.Баяр-Отгоны Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 103-р байрны 101 тоотод байрлах орон сууцыг 2014 оны 5 дугаар сараас 2015 оны 03-р сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд хөлслөн суусан, орон сууц хөлсөлсөн төлбөрийн тооцоотой байсан үйл баримтад талууд маргаагүй тул зохигчийн хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хэдийгээр талуудын хооронд байгуулсан гэх орон сууц хөлслөх гэрээ хэрэгт нотлох баримтаар авагдаагүй боловч зохигчид гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар маргаагүй бөгөөд дээрх орон сууцны хаалганы цоожийг хариуцагч сольсноор нэхэмжлэгч 2015 оны 03-р сарын 06-ны өдрөөс тухай орон сууцандаа орж хувийн эд зүйлээ авч чадаагүй гэж тайлбарласан тул өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх нь хөөн хэлэлцэх хугацаатай байхаар Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасан бөгөөд гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь гурван жил байхаар Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан.

 

Нэхэмжлэгчийн хөлслөн амьдарч байсан орон сууцны хаалганы цоожийг хариуцагч 2015-3-06-ны өдөр сольсноор, хариуцагч эд зүйлээ авч чадаагүй, хариуцагчтай уулзалдаж чадаагүй талаар тайлбарлаж байх боловч 2015-12-14-нд нэхэмжлэгчийн гомдлоор хариуцагчид торгууль ногдуулсан болох нь Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн албан бичгээр нотлогдож байх тул нэхэмжлэгч эрхээ зөрчигдсөн болохыг 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс мэдсэн байх тул хариуцагчид холбогдуулан шаардлагаа гаргах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, 76.2-д ...шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, ...үеэс үүснэ гэж зааснаар байх тул гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, түр зогссон гэх байдал хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй, нэхэмжлэгчийн нэрлэн заасан эд хөрөнгө, хувийн эд зүйлс нь хариуцагчийн эзэмшил, ашиглалтад байгаа болох нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д газар, байшин болон орон сууц хөлслүүлэгч нь эд хөрөнгө хөлслөх гэрээг биелүүлэхтэй холбоотой шаардлагаа хангуулах зорилгоор тухайн газар, байшин орон сууцанд байгаа хөлслөгчийн эд хөрөнгийг саатуулан барих эрхтэй гэж заасан.

 

Иймд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг тул хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэгч эрхээ зөрчигдснийг мэдсэн, мэдсэн өдрөөс хойш шаардлага гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, ингэж хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн урьдчилан 2020-12-14-ний өдөр төлсөн 169.510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1, 302 дугаар зүйлийн 302.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Г.Баяр-Отгоны хууль бус эзэмшлээс 650.000 төгрөгийн үнэтэй крисл 1 ширхэг, 780.000 төгрөгийн үнэтэй сунадаг буйдан 1 ширхэг, тус бүр нь 400.000 төгрөгийн үнэтэй хувцасны шкаб 2 ширхэг, 280.000 төгрөгийн үнэтэй хөлдөөгч, 80.000 төгрөгийн үнэтэй хуучны хөргөгч 1 ширхэг, 150.000 төгрөгийн үнэтэй хоолны ширээ 1 ширхэг, 80.000 төгрөгийн үнэтэй угаалгын машин 1 ширхэг, 80.000 төгрөгийн үнэтэй хуучны жижиг өнгөт зурагт 1 ширхэг, 200.000 төгрөгийн үнэтэй 21 инчийн өнгөт зурагт 1 ширхэг, тус бүр нь 80.000 төгрөгийн үнэтэй 2х3, 3х4 харьцаатай хивс 2 ширхэг, 80.000 төгрөгийн үнэтэй будаа агшаагч 1 ширхэг, 60.000 төгрөгийн үнэтэй цахилгаан тогоо 1 ширхэг, 200.000 төгрөгийн үнэтэй халбага сэрээ, аяга, таваг, гал тогооны нарийн хэрэгсэл, 40.000 төгрөгийн үнэтэй банны өрөөний тавиур 1 ширхэг, 570.000 төгрөгийн үнэтэй үйтэн хуаран дээл 1 ширхэг, 190.000 төгрөгийн үнэтэй цамц 1 ширхэг, 170.000 төгрөгийн үнэтэй эрэгтэй ноолууран цамц 1 ширхэг, 210.000 төгрөгийн үнэтэй эрэгтэй богино савхин дээл 1 ширхэг, 130.000 төгрөгийн үнэтэй мөнгөн ээмэг бөгж, хуучны модон авдар 2 ширхэг, ээжээс нь өвөлж ирсэн оёдлын машин, модон шогол доторх судрууд, хүрд, цөгцнүүд 7, 8 ширхэг, аав, ээжийн хэрэглэж байсан эрх зэрэг эд зүйлс гаргуулахыг хүссэн З.Отгончимэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 169.510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ