Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2025/ШЦТ/68

 

                                      

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Номин,

Улсын яллагч Д.Номин-Эрдэнэ,

Хохирогч Ж.Н.,

Хохирогч Х.Б.,

Хохирогчийн өмгөөлөгч П.Буманзаяа,

Шүүгдэгч Д.Ц.,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариунтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хурлын “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .... овогт Д.Ц. холбогдох эрүүгийн 2........2 дугаартай 316/2025/......../Э индекстэй хэргийг 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19... оны ... дүгээр сарын ...-ний өдөр  ... аймаг, .... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, эхнэр, 4 хүүхдийн хамт, Дархан-Уул аймгийн .......................... тоотод оршин суух хаягтай, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож 450 нэгжээр торгох ялаар шийтгүүлж байсан, .... овогт Д.Ц, РД:/....../,

Хэргийн товч утга:

Шүүгдэгч Д.Ц. нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит  байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч, Х.Б., Ж.Н. нараас 2021 оны 04 дүгээр сард 2-3 хоногийн дараа 7,800,000 төгрөг өгнө гэж” 5 тооны үхэр авсан, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “2000 тооны ямаа худалдаж авах гэж байгаа, ямаа нь бэлэн байна, мөнгөний хэрэг гараад байна, ямаагаа зараад мөнгийг чинь үхрийн мөнгөтэй нь өгнө” гэж Ж.Н. хадгаламж дахь Төрийн банкны 1.....9 тоот данснаас 40,000,000 төгрөгийг Хаан банкны 5......1 тоот дансанд шилжүүлэн авсан.

2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр машинаа 5 сая төгрөгийн барьцаанд тавьсан, чи тал мөнгийг нь өгчихвөл би талыг нь гаргаад нэрийг нь чам дээр шилжүүлээд мөнгөнөөсөө бага ч болов хасуулъя” гэж Ж.Н.г Хаан банкны 5.........4 тоот данснаас 2,400,000 төгрөгийг 88......9 утгаар Хаан банкны 5........6 тоот дансанд шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ц мэдүүлэхдээ:...Мэдүүлэг өгөхгүй...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Н. мэдүүлэхдээ:...Ярих зүйл байхгүй...”

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Б. мэдүүлэхдээ “..мэдүүлэг өгөхгүй...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Х.Б. “...Би эхнэр 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутагт мал маллан амьдардаг юм. Ц., Т. гэх хүмүүсийг таньж мэднэ. Тухайн хүмүүс нь малын ченж хийдэг хүмүүс байгаа юм. 2020, 2021 онуудад манайхаас олон тооны мал авч яваад мөнгийг нь тохиролцсон хугацаандаа асуудалгүй төлдөг байсан. Тэгсэн Ц. манай гэрт 2021 оны 04 дүгээр сарын сүүлээр манай гэрт ирээд надаас 5-н тооны 1-бух 2 шар, 2 сувай үнээ үхрийг 7.800.000 төгрөгт бодож яваад  мөнгийг нь 2-3 хоногийн дараа өгнө гэж хэлээд аваад явсан. Тэгээд 2-3 хоногийн дараа мөнгөө авах санаатай залгахад “удахгүй мөнгөө өгнө” гэсэн хариу өгсөн. Үүнээс хойш мөнгө төгрөгөө өгнө гээд байсан болохоор миний хувьд мөнгөө өгчих байх гэж бодоод хүлээгээд л байсан. Тэгээд тэр явдлаас хойш цаг хугацаа явсаар 2022 оны 01 дүгээр сарын дундуур эхнэр бид хоёр цагаан сарын шаардлагатай зүйлсээ цуглуулахаар явж байх үедээ Сүхбаатар суманд Ц., Т. нартай тааралдаж цуг Алтанбулаг сумын Чөлөөт бүс орж юм цуглуулчхаад буцаж Сүхбаатар суманд орж ирээд архи ууж нэг хоносон тэгтэл Ц.надад "50 сая төгрөг зээлэх боломж байна уу, би 2000 тооны ямаа авах гэж байгаа, ямаа нь бэлэн байгаа, мөнгөний хэрэг гараад байна" гэж асуусан тэгэхээр нь би "чи өмнө авсан үхрийнхээ мөнгийг өгөөгүй байгаа биз дээ" гэсэн чинь надад "хамаагүй ээ, ямаагаа зараад мөнгийг чинь өгнө" гээд байсан болохоор би өөрийн боломжоо харж байгаад 1 сарын хугацаатай 40 сая төгрөг зээлүүлэхээр болоод салцгаасан. Тэгээд би Цагааннуур сумын Төрийн банк руу эхнэрийнхээ хамт очиж байр авахаар хадгалж байсан хадгаламжаа барьцаалан 40 сая төгрөгийн зээл авч Ц. 5....1 тоот данс руу 40 сая төгрөг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр шилжүүлсэн. Тухайн цаг үеэс хойш 1 сарын хугацаа өнгөрч би Ц. рүү залгаад мөнгөө авах гэтэл тэр надад "одоогоор боломжгүй байна, өгнө асуудалгүй" гэж хэлсэн. Тэр цагаас хойш намайг залгах болгон гар утсаа авахгүй байж байгаад 2022 оны 08 дугаар сард утсаа аваад ярихдаа “мөнгө байхгүй ээ, хөдөө аж ахуйн техникийн иж бүрдэл байна тэрийг ав" гэж хэлсэн. Үүнийхэн дагуу би 2022 оны 11 дүгээр сард Дархан-Уул аймагт байрлах гэрт нь очиход гэртээ байгаагүй, хашаанд нь техник ч байгаагүй. Иймд эхнэр Т рүү залгаад "техник хаана байгаа юм бэ" гээд асуухад "техник байхгүй ээ, нөхөр маань зараад мөнгөөр нь мөрийтэй тоглоом тоглоод алдчихсан" гэж хэлсэн. Үүнээс хойш миний болон эхнэрийн маань гар утасны дугаарыг блок хийгээд алга болсон тул цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. 40 сая төгрөгөөсөө бол нэг ч төгрөг эргүүлэн өгөөгүй байгаа. 5-н тооны үхрээс 3-н ширхэг хуц хонь авчирч өгсөн. Тэр үед 1 хуц хонийг нь 250.000 төгрөгөөр бодож авсан. Ингэхээр үлдэгдэл 7.050.000 төгрөгийн үлдэгдэл үлдэж байгаа юм. Банкны 1 сарын хүүгээр бодож 40 сая төгрөг зээлүүлсэн. Миний дансанд байсан мөнгө 1 сар дансандаа байсан бол 3.000.000 төгрөг нэмэгдэх байсан 43.000.000 төгрөг болгон авахаар тохирч байсан. Энэ талаар Ц залгаж хэлэхэд "хамаагүй ээ, болох юм байна" гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /12-13 хуудас/,

Хохирогч Х.Б дахин өгсөн “... Тухайн үед Ц надтай яриад “...би машинаа 5 сая төгрөгийн барьцаанд тавьчихсан байгаа. Талыг нь чи гаргаад өгчих юм бол би талыг нь гаргаад нэрийг нь чам дээр шилжүүлээд мөнгөнөөсөө бага ч болов хасуулъя...” гэж хэлсэн. Ц холбогдсон чинь “...за мөнгөө шилжүүлчих, хэсэг байж байгаад уулзъя ...” гэж хэлэхээр нь би итгээд эхнэрийн данснаас Ц явуулсан данс руу 2,400,000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө шилжсэний дараа Ц дахиж утсаа аваагүй. Тэр чигтээ алга болсон...” гэх мэдүүлэг /161 хуудас/,

Хохирогч Ж.Н “... Би Сэлэнгэ аймгийн ........... гэх газарт нөхөр Х.Баянсан, 4 хүүхдийн хамт мал маллаж амьдардаг юм. Нөхөр бид хоёр Дархан-Уул аймагт оршин суудаг ...ажил хийдэг Д.Ц... 2020, 2021 онуудад 4-5 удаа нийтдээ 100 тооны хонь ямаа зарж бие биеэ мэддэг болцгоосон. Ц.... нь нөхөр бид хоёроос авсан малынхаа тооцоог 3-4 хоногийн дараа асуудалгүй хийчихдэг байсан тул нөхөр бид хоёр түүнд маш их итгэдэг болсон. Тэгтэл 2021 оны 04 дүгээр сарын сүүлээр Ц... өөрийн эхнэр Т.... хамт ирээд манайхаас 2 тооны эр үхэр, 1 тооны эр бух. 2 тооны эм сувай үнээ нийт 5 тооны бод мал аваад мөнгийг нь 2-3 хоногийн дараа асуудалгүй хийчихнэ гэж хэлээд явсан юм. Тухайн өдрөөс хойш хэд хоногийн дараа мөнгөө хийхгүй болохоор нь гар утсаар холбогдоод ярихад “...удахгүй хийнэ” гэж хэлсэн Үүнээс хойш залгах болгонд ямар нэг шалтаг олж хэлсээр байгаад 2021 он гарсан. Тэгээд 2022 оны 1 дүгээр сарын дундуур Сүхбаатар суманд Ц. Т. нартай уулзалдаад бид нар хамтдаа А... сумын Чөлөөт бус рүү очиж цагаан сарын хүнсний зүйлсээ бэлтгэж буцаж Сүхбаатар суманд ирээд хамтдаа архи ууж идэж 1 хоносон. Архи уугаад байж байхад Ц. нөхөр бид хоёрт “50 сая төгрөг зээлээч, 2000 ямаа авч арилжаад мөнгийг чинь яг өгнө” гэж хэлээд гуйсан. Тухайн үед нөхөр маань "... чи өмнө мал авсан тэр мөнгөө өгөөгүй биз дээ, надад 40 сая төгрөг байх нь байна гэхдээ чамд өгмөөргүй байна. Цаг хугацааны хувьд тийм байна. Чи яг хэзээ буцааж өгөх юм..... гэж хэлсэн чинь Ц. "авах ямаа нь бэлэн байгаа, 1 сарын хугацаанд буцаагаад өгнө” гэсэн чинь нөхөр маань Ц. саналыг хүлээн аваад тухайн мөнгийг өгөхөөр болоод салсан. Тэгээд бид хоёр 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Цагааннуур сумынхаа Төрийн банк руу очоод хадгаламжаа барьцаалан 40 сая төгрөгийн зээл авч тэр өдрөө Ц. данс руу нь шилжүүлж өгч байсан. Тухайн мөнгийг уг нь 2022 оны 03 дугаар сард эрүүлэн өгөхөөр байсан боловч эргүүлж өгөөгүй. Тэгээд намайг залгах болгонд утсаа авдаг байсан боловч сүүлдээ утсаа ч авахгүй таг чиг алга болсон. Эхнэртэй нь холбогдоод асуусан чинь надад “би мэдэхгүй байна, тэр мөнгөөр чинь манай нөхөр тоглоом тоглоод дуусгачихсан" гэж хэлсэн. Тэгээд 2022 оны 08 дугаар сард Ц.... холбогдсон чинь "... мөнгө бол байхгүй ээ, хөдөө аж ахуйн техникийн иж бүрдэл байна тэрийг ирээд ав..." гэж хэлсэн. Ингээд мөнгөнийхөө оронд техникийг нь авахаар 2022 оны 11 дүгээр сард Дархан-Уул аймагт очиход тухайн техник нь байгаагүй. Эхнэр Т. рүү нь за...лгаад техникийг хаана байгаа талаар асуухад надад "тэр техник чинь байхгүй ээ, нөхөр маань зараад мөрийтэй тоглоом тоглоод дуусгасан" гэсэн хариу хэлсэн. Мөн дараа нь 2023 оны 01 дүгээр сарын Ц... нөхөр бид хоёртой холбогдоод "...би өөрийнхөө машинаа 5 сая төгрөгийн барьцаанд тавиад мөрийтэй тоглоом тоглоод алдчихсан юм аа, 5 сая төгрөгийн талыг нь гаргаад өгчих юм бол тэр машиныг та хоёрын нэгний чинь нэр дээр шилжүүлээд өгье..." гэж хэлсэн. Тухайн үед нөхөр бид хоёр ярилцаж байгаад 2023 оны 01 дүгээр сарийн 14-ний өдөр 5.........6 тоот данс руу 2,400,000 төгрөгийг хийсэн. Тухайн мөнгийг Сэлэнгэ аймгийн .... суманд байрлах гэрээсээ шилжүүлж байсан. Мөнгөө шилжүүлчхээд Дархан-Уул аймаг руу яваад очсон чинь Ц.... утсаа ч авахгүй таг чиг алга болсон. 40 сая төгрөгийг зээлүүлэхдээ тодорхой өөрт ашиг олох зорилгоор хүүний талаар тохирсон зүйл байхгүй ээ. Зүгээр л Ц... банкнаас зээл аваад өгсөн байсан болохоор банкны хүүтэй нь давхар өгөөрэй л гэж хэлж байсан. Тухайн мөнгийг өмнөх малынхаа мөнгөтэй хамт өнгө гэсэн болохоор итгээд л өгсөн юм. 40 сая төгрөгөөсөө бол нэг ч төгрөг өгөөгүй байгаа. Харин 5 тоон үхрийнхээ мөнгөнөөс бол 3 тооны хуц хонь авчирч өгөөд 750,000 төгрөг хасуулсан. Анхандаа 5 тооны үхрийг нийтэд нь зах зээлийн үнээс доогуур 7,800,000 төгрөгөөр бодож өгч байсан юм. Сүүлд 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр миний данс руу 3,000,000 төгрөг хийсэн байна лээ. 5 тооны үхрийн мөнгө болох 7,800,000 төгрөг, банкнаас зээл аваад 40.000.000 төгрөг өгсөн, мөн 2.400.000 төгрөг гээд нийт 50.200.000 төгрөгийн хохирол учирсан юм. Үүнээс 3.750.000 төгрөг л буцаан өгсөн байгаа” гэх мэдүүлэг /183-184 хуудас/,

Гэрч Ц.Т... "... Цэрэнчимэд бид хоёр гэр бүл болоод дундаасаа 4 хүүхэдтэй, ... аймагт амьдардаг байж байгаад 2011 онд Дархан-Уул аймагт шилжин амьдарсан. Н., Б. гэх хүмүүсийг таньж мэднэ. Нөхөр маань 2011 оноос хойш 2022 онд хүртэл малын ченж хийж байх үедээ Н., Б. нараас мал авдаг байсан. Миний хувьд одоо яригдаад байгаа 5 үхэр, 40.000.000 төгрөгийг сайн мэдэхгүй байна. Нэг өдөр Ц. дансыг нь үзсэн чинь дансанд нь 10 гаруй сая төгрөг байсан болохоор түүнээс асуухад "Баянсангаас мөнгө зээлсэн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэдэн төгрөг зээлсэн юм гээд лавлахад надад "40 сая төгрөг зээлсэн” гэж хэлсэн учир би бусад мөнгө нь хаана байгаа юм гээд дахиад асуухад надад "хүнд байгаа" гэж хэлсэн. Энэ явдлаас хойш 2, 3 хоногийн дараа дахиад дансыг нь үзэхэд дансанд нь мөнгө байгаагүй. Мөн дансны хуулгыг нь аваад харахад дандаа "999 гэсэн утгатайгаар 1 сая, 2 сая төгрөг шилжүүлсээр байгаад дуусгасан байна лээ. Ингээд би нөхөр Ц-с 999 гээд шилжүүлээд дуусгасан байна ямар учиртай юм бэ гээд асуухад "надад цахим мөрийтэй тоглоом тоглоод дуусгасан" гэж хэлсэн. Нөхөр маань Н, Б нараас зээлсэн 40 сая төгрөг байтугай манай гэрийн өмчлөлд байсан суудлын тээврийн хэрэгсэл, ачааны тээврийн хэрэгсэл, 800 гаруй хонь, махны ченж байх үедээ эргэлдүүлж байсан 15-20 сая төгрөг зэргийг бүгдийг нь тоглоод алдсан байсан. Үүнээс болоод нөхөр бид хоёр хоёр талд амьдраад 2 жил болж байна" гэх мэдүүлэг /29 хуудас/,

Гэрч Д.Б “... Миний мэдэж байгаагаар нэлээн тоглодог гадуур, дотуур яваад мөрийтэй тоглоом тоглоод л яваад байдаг байсан. Өнөөдөр Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймгийн цагдаагийн газар руу явах замдаа надад “би Б гээд иргэнээс 40,000,000 төгрөг зээлж аваад цахим тоглоом тоглоод дуусгасан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /27 хуудас/

Гэрч Г.Н “...Би 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Шүтээн пабд өөрийн найз Б-й хамт пиво уугаад сууж байсан чинь зүс мэдэх Ц намайг хаана байгаа юм гэж асууж байгаад миний байгаа газрын заалгаад пабд орж ирсэн. Тэгээд утсаар ярьж байгаад гэнэт надаас "данс руу чинь мөнгө хийлгээд авчихъя" гэж асуусан. Тухайн үед би дотроо ямар нэгэн зүйл бодолгүй "тэг тэг" гэж хэлж зөвшөөрсөн. Тэгтэл миний данс руу 2,400,000 төгрөгийн орлого орсон. Үүний дараа Ц "Ш" пабын 2 дугаар давхарт байрлах зочид буудалд өрөө авсан. Эхэндээ бол пабд нь сууж пиво ууж байгаад 17, 18 цагийн орчимд дээшээ буудлынхан өрөө рүү ороод найз Б бид хоёр үргэлжлүүлж пиво уугаад, Ц утсаараа цахим покер тоглосон. Тоглож байх явцдаа нөгөө 2,400,000 төгрөгөөсөө надаар дамжуулж покерын дансаа цэнэглүүлээд тоглож байгаад алдаад дууссан... “ гэх мэдүүлэг /172-173 хуудас/,

Төрийн банкны Ж.Н нэр дээрх 1....4 тоот дансны Зээлийн дансны харилцагчийн хуулга /4 хуудас/,

Хаан банкны 5.....1 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /38-128 хуудас/

2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Хаан банкны 5.....1 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /32-34 хуудас/,

          Хаан банкны Ж.Н...н нэр дээрх 5...4 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /149 хуудас/,

Хаан банкны Г.Н нэр дээрх 5006351616 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /175-177 хуудас/,

2022 оны Мал тооллогын баримт /193-195 хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой, хүрэлцээтэй, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж хэргийн бодит байдлыг тогтоов.

 

Үйл баримтын талаар:

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хавтаст хэрэгт авагдаж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн дүгнэвэл:

-Шүүгдэгч Д.Ц нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит  байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч, Х.Б, Ж.Н нараас 2021 оны 04 дүгээр сард “...2-3 хоногийн дараа мөнгийг нь өгөхөөр тохиролцон 5 тооны үхрийг 7.800.000 төгрөгөөр тохиролцон авсан...”,

 

2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “...2000 тооны ямаа худалдаж авах гэж байгаа, ямаа нь бэлэн байна, мөнгөний хэрэг гараад байна, ямаагаа зараад мөнгийг чинь үхрийн мөнгөтэй нь өгнө...” гэж Ж.Н хадгаламж дахь Төрийн банкны 1.......9 тоот данснаас 40,000,000 төгрөгийг Хаан банкны 5....1 тоот дансанд шилжүүлэн авсан.

 

2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр “...өөрийн машинаа 5 сая төгрөгийн барьцаанд тавьсан, чи тал мөнгийг нь өгчихвөл би талыг нь гаргаад нэрийг нь чам дээр шилжүүлээд мөнгөнөөсөө бага ч болов хасуулъя...” гэж Ж.Н Хаан банкны 5....4 тоот данснаас 2,400,000 төгрөгийг 8.....9 гэх утгаар Хаан банкны 5.....6 тоот дансанд шилжүүлэн авсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж, шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон болно.

Эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч Д.Ц. нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит  байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч, Х.Б., Ж.Н нараас 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “...2000 тооны ямаа худалдаж авах гэж байгаа, ямаа нь бэлэн байна, мөнгөний хэрэг гараад байна, ямаагаа зараад мөнгийг чинь үхрийн мөнгөтэй нь өгнө...” гэж Ж.Н. хадгаламж дахь Төрийн банкны 1.....9 тоот данснаас 40,000,000 төгрөгийг Хаан банкны 5...1 тоот дансанд шилжүүлэн авсан.

 

2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр “...өөрийн машинаа 5 сая төгрөгийн барьцаанд тавьсан, чи тал мөнгийг нь өгчихвөл би талыг нь гаргаад нэрийг нь чам дээр шилжүүлээд мөнгөнөөсөө бага ч болов хасуулъя...” гэж Ж.Н...н Хаан банкны 5...4 тоот данснаас 2,400,000 төгрөгийг 8....9 гэх утгаар Хаан банкны 5...6 тоот дансанд шилжүүлэн авсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

“Залилах” гэмт хэргийн объектив шинж буюу үйлдлийн аргын хувьд бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авдгаараа бусад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс ялгагддаг онцлогтой төдийгүй, гэм буруугийн санаатай, хэлбэртэй, шунахай сэдэлттэйгээр үйлдэгддэг.

 

Шүүгдэгч Д.Ц. нь “...2000 тооны ямаа худалдаж авах гэж байгаа, ямаа нь бэлэн байна, мөнгөний хэрэг гараад байна, ямаагаа зараад мөнгийг чинь үхрийн мөнгөтэй нь өгнө...” гэж итгүүлэн 40.000,000 төгрөгийг хохирогч Ж.Н. шилжүүлэн авсан ба уг мөнгөөр ямаа худалдан аваагүй, бодит байдал дээр 2000 тооны ямаа байгаагүй нөхцөл байдал тогтоогдсон. Түүнчлэн үргэлжилсэн үйлдлээр “...өөрийн машинаа 5 сая төгрөгийн барьцаанд тавьсан, чи тал мөнгийг нь өгчихвөл би талыг нь гаргаад нэрийг нь чам дээр шилжүүлээд мөнгөнөөсөө бага ч болов хасуулъя...” гэж итгүүлэн Ж.Н 2.400.000 төгрөг шилжүүлэн авсан боловч бодит байдал дээр машин байхгүй болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан баримт, шүүгдэгчийн өөрийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит  байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.   

 

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь гэмт этгээд бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг хэрхэн хууль бусаар хохирогчоос шилжүүлэн авч байгаа үйлдлийн аргаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших болон бусад гэмт хэргүүд болж ялган зүйлчлэгддэг.

 

Харин шүүгдэгч Д.Ц. нь хохирогч, Х.Б, Ж.Н нараас 2021 оны 04 дүгээр сард “...2-3 хоногийн дараа мөнгийг нь өгөхөөр тохиролцон 5 тооны үхрийг 7.800.000 төгрөгөөр тохиролцон авсан...” гэх үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэв. Учир нь:

 

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт “Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ” гэж заасан.

 

Шүүгдэгч Д.Ц махны арилжаа хийдэг ба өмнө нь  Х.Б, Ж.Н нараас мал, мах авч борлуулсны дараагаар үнийг төлдөг байсан, улмаар 2021 оны 04 дүгээр сард 2-3 хоногийн дараа мөнгийг нь өгөхөөр тохиролцон 5 тооны үхрийг 7.800.000 төгрөгөөр тохиролцон авч явсан, энэ хугацаанд хэн аль нь мөнгө өгөх, авах талаар шаардлага тавьж байсан, улмаар 2021 оны зун Д.Ц нь 3 тооны хуц хонийг 750.000 төгрөгөөр бодож үхрийн төлбөрт тооцон хариу төлбөр болгон Х.Б, Ж.Н нарт хүлээлгэн өгсөн талаар хохирогч шүүгдэгч нар мэдүүлж, энэ талаар маргаагүй байна.

 

Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 51 дугаартай тогтоолын 6 дахь хэсэгт  “…Бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн субьектив санаа зорилго гэмт этгээдийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бий болсон байдгаараа залилан мэхлэх гэмт хэрэг нь гэрээний харилцаанаас үүссэн маргаанаас ялгагдана...” гэж зааснаар шүүгдэгч Д.Ц нь дээрх үйлдлийн хувьд анхнаасаа хариу төлбөр огт хийхгүй байх санаа сэдэл төрөөгүй буюу залилах санаа сэдэл агуулаагүй, харин энэ өр төлбөрийн асуудлаараа шалтаглан дараагийн залилах үйлдлээ хэрэгжүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Иймд 2021 оны 04 дүгээр сард 5 тооны үхрийг 7.800.000 төгрөгөөр тохиролцон авч явсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжгүй, иргэд хоорондын хэлцэл гэж дүгнэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Ц холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь  хэсэгт “Залилах гэмт хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэж зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно.

 

Д.Ц дээрх үйлдлийг хэрэгсэхгүй болгосноор нийт хохирлын хэмжээ 42.400.000 төгрөг болж Залилах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангахгүй байх тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй байна.

 

 Хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч Д.Ц үйлдлийн улмаас хохирогч Х.Б, Ж.Н нарт нийт 42.400.000 төгрөгийн хохирол учирсан.

Шүүхийн шатанд шүүгдэгч нь дээрх хохирлыг дансаар болон орон сууц, хашааны газар, 2 толгой үхэр зэргийг оролцуулан нийт 49.900.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй болно.

Шүүгдэгч, хохирогч нар нь хохирлын талаар сайн дураар тохиролцсон, худалдах худалдан авах гэрээ хийсэн нь хуульд харшлахгүй, хохирогч нар гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх байр суурийг илэрхийлсэн тул хохирол төлж барагдуулсанд тооцов.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Д.Ц Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит  байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан зэрэг байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлсөн байдал, хувийн байдал, гэмт хэрэгт үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээсэн байдлыг харгалзан шүүгдэгч Д.Ц Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Ц нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирүүлсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ...... овогт Д.Ц холбогдох “...хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит  байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч, Х.Б, Ж.Н нараас 2021 оны 04 дүгээр сард 2-3 хоногийн дараа 7,800,000 төгрөг өгнө гэж хэлээд 5 тооны үхэр авсан...” гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-д зааснаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Зөөд овогт Д.Ц-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй.

3. Шүүгдэгч .... овогт Д.Ц. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

4. Шүүгдэгч ... овогт Д.Ц. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц. нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирүүлсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй байхыг дурьдаж, мөн хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Р.БАЯРХҮҮ