Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 173

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2017/0172/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.*** даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Хохирогч ***,
Шүүгдэгч ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ***д холбогдох эрүүгийн 201709000106 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, ***, 1976 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт *** тоотод эрхэлсэн тодорхой ажилгүй оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, *** регистрийн дугаартай.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч ***нь эхнэр ***тэй хамт амьдрах хугацаандаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байнга зодсон, улмаар 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 3 сартай жирэмсэн байхад цалингаа аваад өгсөнгүй, гэртээ юм авсангүй гэсэн шалтгаан хэлэн зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

    Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

2017 оны 01 дүгээр сарын 31-ний шөнө эхнэр *** найзуудтайгаа цуг явж байгаад 00 цагт гэртээ ирсэн. Ирэхдээ бага зэрэг уусан бололтой үнэртэж байсан. Манай эхнэр уудаггүй тэр оройноо хэрүүл маргаан болоогүй унтаж амарцгаасан. Маргааш нь буюу 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өглөө нь цалин мөнгөө авчихаад гэртээ юм авахгүй гадуур архи ууж явж болж байгаа юмуу гэсэн чинь *** би өөрийнхөө мөнгөөр ууж байна гээд бид 2 маргалдаж эхэлсэн. Тэгээд маргалдаж байгаад би ***ийн гэдэс рүү нэг жийгээд шилэн хүзүү рүү нь гараараа 2 удаа цохисон. Тэгсэн чинь *** хайруулын таваг аваад намайг цохихоор нь би булааж аваад буцаагаад мөр болон гар руу нь 2 удаа цохиод бас ар шилэн хүзүү рүү нь гараа зангидаж байгаад цохисон. Тэгсэн чинь *** ах *** луугаа яриад намайг зодоод байна гээд дуудсан. Удалгүй ах нь манайд ирээд та нар больцгоо битгий хэрэлдэж зодолдоод бай гэсэн тэгэхэд би гарах гээд хувцасаа өмсөж байсан. Намайг гэрээс гарахад ах *** нь надтай хамт гэрээс гарсан. Тэгээд би гадуур явж байгаад 1 цаг гаран болж байгаад эргээд ирсэн чинь ***ийн найз *** манайд ирчихсэн байснаа тэр хоёр надтай зөрөөд гарсан. Орой нь ирээд 4 хүүхдээ аваад яваад өгсөн. Тэгээд гэртээ ирэлгүй 2 сар гаран болсон. Би өмнө нь эхнэртээ ганц хоёр удаа гар хүрч байсан. Гэхдээ тийм сүртэй биш цагдаа шүүхээр явж байгаагүй. Гэр бүлийн маргалдах бие биенээ цохиж авах асуудал гарч байсан. Би эхнэрээ жирэмсэн гэдгийг мэдээгүй өмнө нь жирэмсэн гэж яриад өнгөрсөн тэгэхэд нь би тоглож байна дахиад хүүхэдтэй болох гэж байгаа юм байх даа гэж бодсон. Нэгэнт эхлүүлсэн амьдралыг цаашид гэр бүлээрээ халуун дулаан уур амьсгалтай байлгая гэж бодож байна гэх мэдүүлэг, 

    Хохирогч ***ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр би ажлаа тараад найз ***тэй хамт нэг газар сууж байгаад орой 23 цаг өнгөрөөгөөд гэртээ харьсан. Тэгэхэд айхтар хэрүүл зодоон болоогүй унтсан. Тэгсэн маргааш өглөө нь буюу 2017.01.31-ний өглөө босоод би цэцэрлэгийн хүүхдээ хүргэж өгчихөөд нийгмийн даатгал орж эрүүл мэндийн даатгалаа төлчихөөд буцаж гэртээ ирээд 10-11 цагийн үед 1-р ангийн хүүхдийнхээ хичээлийг хийлгээд байж байтал манай нөхөр *** унтаж байгаад босч ирээд архичин авгай цалин мөнгө чинь хаана байна цалин авхуулах гэж ажилд оруулсан биш идэж уугаад байна гэж хэлсэн. Тэгэхэд нь би чиний мөнгөөр уугаагүй өөрийнхөө мөнгөөр ууж байна гэж хэлээд бид 2 маргалдаж эхэлсэн. Тэгсэн чинь *** босч ирээд намайг сууж байхад гэдэс рүү жийгээд ташаа руу өшиглөсөн. Тэгэхэд би жирэмсэн ш дээ яаж байнаа гэж хэлсэн чинь *** юу яриад байгаа юм урдахаа яая гэж байж гэсэн. Тэгээд *** миний нуруу руу цохиод байсан тэгэхээр нь би биеэ хамгаалах юм хайсан тэгсэн чинь хайруулын таваг байхаар нь барьж аваад ***ыг 1-2 удаа цохисон тэгсэн *** надаас хайруулын тавгыг булааж аваад буцаагаад миний гар нуруу руу цохисон. Тэгээд нүүр лүү цохих гээд байхаар нь би гараараа нүүрээ хаагаад нэг гараараа гэдсээ дараад доошоо тонгойсон чинь *** миний нүүр лүү тонгойж харсанаа миний дух руу гараараа цохиод ар дагз руу 2-3 удаа цохисон. Тэгээд цохихоо болиод жаахан холдохоор нь утсаа аваад ах *** луу яриад *** намайг зодоод байна гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд утас булаагаад авах байх гэж бодоод утсаа нуугаад суусан. Тэгээд удалгүй манай ах *** ирээд бид хоёрыг больцгоо гэж хэлсэн өөр юм хэлээгүй. Тэгээд ***, *** 2 гэрээс гараад явсан. Араас нь цонхоор харсан чинь *** салаад явж байгаа харагдсан. Удалгүй *** эргэж орж ирсэн тэгтэл манай найз *** манай гэрт ороод ирсэн. Тэгээд *** ***тэй юу ч болоогүй юм шиг мэндлээд байсан би ванны өрөөнд уйлаад сууж байсан. ***ийн гэрт орж цай уучихаад гэр бүлийн хүчирхийллийн төвд хандчихаад буцаж алхаж гэртээ хариад хүүхдүүд хичээлээ тарсан гэхээр нь гэртээ орж ойр зуурын солих хувцас бичиг баримтаа аваад аавынхаа гэрт очсон. Тэр өдөр *** намайг зодох үед бид 2 сар гарантай жирэмсэн байсан. *** миний хэвлийн баруун хэсэг рүү өшиглөхөд би жирэмсэн ш дээ яаж байгаа юм бэ битгий намайг зодоод байгаач болиоч гэж хэлсэн чинь *** үхсэний чинь жирэмсэн урдахаа яая гэж байхад чинь гээд үргэлжлүүлээд хайруулын тавгаар болон гараараа цохиж зодоод байсан. 
*** уураа хүрэхээр өмнө нь юу байна хамаагүй аваад над руу шидээд байдаг. Цаг хугацааны хувьд сайн санахгүй байна ямар ч байсан ер нь байнгын шинжтэй олон удаа давтамжтайгаар зоддог байсан. *** чи маяглаад хүнд үзүүлэхгүй бол би чамайг дандаа далд газар буюу хувцас өмсдөг газарт чинь цохидог гэж хэлдэг. Энэ нь ихэвчлэн ар нуруу, дал, гуя, мөр, гарын булчин хэсэг рүү цохиж зоддог. Нэг удаагийн үйлдэл нь аяга аваад над руу шидээд аяга хагарч шил нь нүүр лүү үсэрч бид нарын нүүр өнгөц зүсэгдэж байсан. Тэгэхэд би аргаа бараад хүүхдүүдээ аваад аавынх руугаа явсан байсан. Бас өмнө нь кабелын утсаар намайг ороолгож байсан. Иймэрхүү байдлаар 1-2 удаагийн цохисоныг бол зодуулсан гэж үзэхээ больсон энэ нь бараг байнгын шинжтэй байдаг. Одоогоос 4 жилийн өмнө манай ээжийг байхад *** намайг зодоод алнаа гээд дайраад байхаар нь би ээжийнхээ утас руу залгаад намайг аллаа гэж хашхирч хэлээд утсаа тасалсан. Тэгэхэд манай ээж цагдаад дуудлага өгсөн байсан. Цагдаа ирээд ***ыг эрүүл юм байна ш дээ гээд ***ыг авалгүй орхиод явсан. Ер нь *** эрүүл байхдаа илүүтэйгээр зодож цохидог. *** намайг жирэмсэн юмуу төрсөний дараа нялх биетэй байхад зодож цохих байдал илүү. Ийм байдалд надад туслах хүн байхгүй байдаг учраас би хутга бариад авахаар *** намайг зодохоо болиод холуур яваад байдаг заримдаа би хутга дэрлэж унтаж өөрийгөө хамгаалдаг. Би зодуулсан талаараа ээждээ л хэлдэг байсан. Манай ээж ***тай хэрэлдэхдээ хэрэлдээд намайг өмөөрдөг байсан. Манай хажуу талын хөршүүд ***ыг намайг зоддог талаар сайн мэдэхгүй ***  хүнд мэдэгдэх дургүй хаалгаа түгжээд цонхоо хаагаад хэрүүл зодоон эхэлдэг. Би ***тай амьдарч байх хугацаандаа ажлын хувцасны оёдлын үйлдвэрт 8-9 жил оёдолчин хийсэн. Сүүлийн жилүүдэд хүүхдүүдээ ойрхон гаргасан тул ажил төрөл хийж чадаагүй гэхдээ хааяа жирэмсэн байх хугацаандаа хүний лангуун дээр сууж ойр зуурын хэрэглээний мөнгөө хийж байна.
 *** зах дээр наймаа хийж лангуун дээр зогсдог байсан. Сард хэдэн төгрөгийн орлого олдог байсныг мэдэхгүй. Намайг гэртээ байдаг юм чинь гээд мөнгө төгрөг өгдөггүй. Хоол унд өгөхгүй өлсгөсөн зүйл байхгүй. Бид нар ер нь гэртээ байнгын түгшүүртэй байдаг. 
2017 оны 01 дүгээр сарын 31-нээс хойш 4 хүүхдийн хамт түрээсийн байраар амьдарч байсан. Түрээсийн мөнгийг манай ах, дүү нар сар сараар гаргаж өгсөн. Би эмчилгээний зардал, хоол хүнс, түрээсийн төлбөр зэрэг 335 975 төгрөгийн зардлаа ***аас гаргуулж авмаар байна. ***д зодуулахдаа 3 сартай жирэмсэн байсан. Хэдийгээр шинжээчийн дүгнэлтээр 2017 оны 01 дүгээр сарын 31-нд зодуулснаас болж ураг зулбасан гэж үзэх боломжгүй гэж үзсэн ч гэсэн миний хувьд зодуулснаас болсон л гэж үзэж байгаа. ***д гомдолтой байна хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсч байна гэх мэдүүлэг, 
 
    Гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн:

2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр би ***ийн ажилладаг *** ломбарданд очиж хамт юм ярьж сууж байгаад ажлыг нь 18 цаг өнгөрөөгөөд тарахад ***тэй хамт ажлаас нь гараад нэг газар орж хоол идээд нэг хүний  хоёр хоёр пиво ууж сууж байгаад салсан. Тэр өдрөөс хойш маргааш нөгөөдөр нь ***тэй утсаар ярьсан чинь надтай уулзсаны маргааш нь нөхөртөө зодуулаад цагдаагаар явж байна гэж хэлсэн. *** урьд өмнө нөхөр ***тай муудалцаж зодуулсан гэж ярьж байсан гэхдээ бид нар харж байгаагүй. ***ийн хувьд өөрөө их дуугүй даруухан хүнтэй хэрүүл маргаан хийх хүн биш. Би том хүүг нь гарснаас хойш таньдаг болсон. *** ажил хийдэггүй хүүхдээ хараад л гэртээ байдаг. Нөхөр нь барилгын материалын дэлгүүртэй байж байгаад дампуураад одоо ажилгүй болсон. *** зодуулаад хөхөрч хавдсан байхыг хараагүй нөхөр нь ил газар зодож цохидоггүй юм шиг байна лээ гэх мэдүүлэг /хх-19/, 

Гэрч П.***ийн мөрдөн байцаалтад өгсөн:

2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 11 цагийн орчимд *** надруу утсаар яриад *** намайг зодчихлоо чи хүрээд ирээч гэж ярьсан. Тэгэхээр нь би нэг их удаагүй 10 минут орчмын дараа ***ийн гэрт очиход *** хүүгийнхээ хичээлийг хийлгээд сууж байсанаа намайг ороод очсон чинь *** уйлаад зодуулсан гээд надад үзүүлсэн тэгэхэд ***ийн нуруу нь битүү улаан хавдчихсан байсан. Тэгээд *** ***ийн гэдэс рүү өшиглөсөн гэхээр нь *** жирэмсэн учраас эмнэлэгт үзүүлье гээд гэрээс нь гарах гэж байтал гаднаас *** орж ирсэн би найзыгаа өмөөрөөд чи яасан аймаар зоддог юм бэ амьдарч чадахгүй бол салаач гэж хэлсэн чинь *** чи өөрөө салаач гээд хэрүүл хийх маягтай байхаар нь юм хэлээгүй *** бид 2 тэдний гэрээс гарсан. 
...багийн засаг дарга дээр очиж уулзчихаад *** аавындаа очино гээд явсан. Би гэртээ харьсан гэх мэдүүлэг /хх-20/, 

Гэрч А.***ын мөрдөн байцаалтад өгсөн:

Би 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өглөө 10 цагийн үед манай дүү *** надруу утсаар яриад *** намайг зодоод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээсээ гараад ***ийн гэрт очсон чинь *** нь намайг зодсон гээд уйлчихсан сууж байсан. *** гадагшаа гарах гэж байгаа бололтой хувцсаа өмсчихсөн зогсож байсан. Тэгэхээр нь би та 2 насанд хүрээгүй хүмүүс байгаа биш олон хүүхэдтэй болчихоод яагаад ингээд байдаг юм больцгоо гэж хэлсэн. Тэгээд би ***ыг гарах гэж байгаа бол гар гээд ***тай хамт гэрээс нь гарсан. Гадаа гараад би ***д зодолдож нүдэлцэхийн оронд хэл амаараа учраа ололцоод болчих асуудал дээр заавал ингэж асуудлыг хүндрүүлэх шаардлагагүй ш дээ гэж хэлсэн. *** хуучин Дархан явлаа гээд надаас салаад явсан. Би гэрлүүгээ явсан. Ийм л зүйл болсон би зодолдоход нь яг хажууд нь байгаагүй учраас яг юу болсон талаар сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-21/, 
Гэрч ***ын мөрдөн байцаалтанд өгсөн:
Би 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн хүлээн авахад түр хугацаагаар ажиллаж байсан. ***ийн хяналтын картыг харахад 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдөр Гэрэлтэй өрхийн эмнэлэг дээр хяналтад орох гэж очиход нь би байхгүй байсан учир манай бага эмч карт нээж хяналтад бүртгэж аваад шинжилгээний бичгийг нь өгөөд нарийн мэргэжлийн эмч болох Ундармаа эмч рүү илгээсэн байна. Дараа нь 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр намайг ажилдаа буцаж очсон байхад ирж үзүүлэхэд 19-20 долоо хоногтой, даралт нь 150/100, 140/90 гэсэн өндөр даралттай, чихрийн шижин өвчтэй, жин ихтэй, 41 настай учраас эрсдэлтэй бүлгийн жирэмсэн эмэгтэй байсан. Жирэмсний 19-20 долоо хоногт стандартын дагуу ургийн хөгжил, гажгийг харуулах ёстой байдаг учраас би ***т эхо-д харуулах бичиг хийж өгөөд, даралтны эм, витамин зэргийг зөвлөж картанд нь бичиж өгөөд явуулсан. Дараа нь 2017 оны 3 дугаар сарын 24-ний өглөө 09:00 цагт *** над дээр ирээд эхо-д ураг амьгүй болсон гэж оншлогдсон гээд уйлчихсан ирсэн. Энэ тохиолдолд эмнэлэгт хэвтэж цэвэрлүүлэх ёстой байдаг учраас ***т яаралтай хэвтэх бичиг хийж өгөөд эмнэлэгт яаралтай хэвтээрэй гэж хэлээд явуулсан. Үүнээс хойш энэ хүн над дээр ирээгүй гэх мэдүүлэг /хх-ийн 36/, 
Насанд хүрээгүй гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн:
Манай аав ***, ээж *** нар хоорондоо ер нь таарамжгүй харилцаатай. Янз бүрийн зүйлээс болж хоорондоо маргалдаж муудалцдаг. Жишээлбэл аав гэрт орж ирээд ээжийн хийсэн хоолыг голж ээжийг илжирсэн гичий, хийсэн хоолыг нь угаадас гэх мэтчилэн бас бид нарыг загнахаар ээж өмөөрөөд хоорондоо хэрэлддэг. Мөнгө төгрөгнөөс болж муудалцаад аав ээж 2 хоорондоо хэрэлдээд тэгээд аав уурлаад ээжийг цохиж зоддог. Аав ээжийг зодохдоо холоос ирж цохих юм бол эхлээд хөлөөрөө өшиглөж жийж ирээд дараа нь толгой нүүр, ар дагз, нуруу зэрэг рүү нь гараараа цохидог. Миний санаж байгаагаар хоёр удаа ээжийг явлаа гээд гэрээс гарах үед нь үснээс нь татаж зууралдаж байсан. Аав ээжийг зодож цохихдоо ихэвчлэн гараа зангидаж байгаад гараараа зоддог. Миний мэдэхийн нэг удаа аав ээжийг зодох гээд дайрч байхад ээж хутга барьж аваад аавыг ойртвол ална шүү гэж байсан. Тэгэхэд аав ээж рүү дайрахаа болиод буцаад явж байсан. Энгийн үедээ аав ээжийг ***ээ гэж дууддаг. Ээжийг хайрлаж халамжилдаггүй гадуур хамт гардаггүй. Хамт явахаараа аав ээжийг загнаад байдаг. Ээж бага дүүг аваад жижиг өрөөнд унтдаг. Би дунд хоёр дүүгээ аваад нөгөө жижиг өрөөнд, аав ганцаараа том өрөөнд унтдаг. Сүүлийн 2-3 жил ингэж унтаж байгаа. Намайг бага байхад аав өөр эмэгтэйтэй уулзаад түүнээс болоод аав, ээж хоёр маргалддаг байсан. Би одоо он сарыг нь санахгүй байна. Миний санаж байгаагаар 2012 онд цагаан сараар эд нар аавын машинтай том ахынд нь хөдөө очоод буцаад наашаа ирж байгаад ээж, аав хоёр маргалдаад аав ээжийн нүүр рүү гараараа 2-3 удаа цохисон тэгэхэд ээжийн нүд хөхөрсөн байсан. Дараа нь манай бага дүү төрсний дараа ээж алдарт эхийн одонгоо авах гээд гэрээсээ гарах гэж байхад аав, ээж хоёр муудалцаад аав ээжийн араас хэд хэд өшиглөөд ээжийн хөл гуя хөхөрчихсөн байсан. Бусад маргалдаж зодолдсоныг нь он сарыг нь санахгүй байна. Ер нь ээж аавд зодуулсны дараа бие нь энэ тэндээ хөхөрчихсөн байдаг. Манай аав байнга архи уудаг. Өдөр гэрээсээ гараад орой гэртээ согтуу орж ирдэг. Бүр тасарчихсан ирэхдээ унтаад өгдөг. Тасраагүй бол гэрт ирээд ээжийг хараагаад хоол нэхээд, хэрүүл өдөөд ээжтэй хэрэлддэг гэх мэдүүлэг /хх-37-38/,
Насанд хүрээгүй гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн: 
Аав ээжтэй дандаа уурлаж харьцдаг. Ээж хааяа аавтай гоё харьцдаг. Аав архи уучихаад ээжид уураа гаргаж ээжийг дандаа муулдаг. Аав найзуудтайгаа нийлж машин дотроо архи уудаг гэх мэдүүлэг /хх-39/, 
    Насанд хүрээгүй гэрч Б*** мөрдөн байцаалтад өгсөн: 
     Аав  ээжийг гараараа цохиод байдаг. Бас хайруулын тавгаар цохидог. Ээж уйлаад би аавын хөлнөөс нь татсан чинь аав цаашаа бай гээд намайг өшиглөөд унагаасан. Аав хайруулын тавгаар ээжийн гар дээр цохиод ээжийн гар аймаар хөхөрчихсөн байсан. Ээжийн бүх газар луу нь бас толгой руу нь зоддог. Гэртээ байхдаа зоддог. Намайг хичээлээ буруу хийсэн муухай бичсэн байна гээд загнадаг зоддоггүй гэх мэдүүлэг /хх-40/,  
гэрч *** /хх-22/, Б.Бат-Эрдэнэ /хх-23/, *** /хх-24/, *** /хх-26/, *** /хх-30/ нарын  мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 02 дугаар сарын 02-ний өдрийн №175 дугаартай шинжээчийн дүгнэлт: 

1.***ийн биед тархи доргилт, баруун мөр, зүүн бугалга, цээжний ар болон өмнө хэсэг, баруун гуяны зөөлөн эдийн цус хуралт, зулгаралтын гэмтэл тогтоогдлоо. 
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 
3.Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 
4.***т учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ /хх-42/, 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн №415 дугаартай шинжээчийн дүгнэлт: 

1.*** нь 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт хэвтэж, ураг амьгүй болсон заалтаар жирэмслэлтийг хожуу зулбуулах мэс ажилбар хийлгэсэн байна. 
2.*** нь 2017 оны 01 дүгээр сарын 31-нд бусдад зодуулснаас 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр ураг зулбасан гэж үзэх боломжгүй. 
3.*** нь артерийн даралт ихдэх өвчин, чихрийн шижин, таргалалтын 1 дүгээр зэрэг гэх мэт архаг хууч өвчтэй байх ба жирэмсний явцад жирэмсний эрт үеийн хордлоготой байсан нь хяналтын карт, өвчний түүх, шинжилгээний хариунаас тогтоогдлоо.
4.Ураг эхийн хэвлийд нас барахад хүргэж болох олон шалтгаан байх ба үүнд: жирэмсний хордлого, эхсийн цусан хамгамжийн саатал, хүй хавчигдаж дарагдах, вирусын халдвар, эх нь архи уух /хордох/ зэрэг бөгөөд ***ийн хувьд ямар шалтгаанаар ураг амьгүй болсоныг нарийвчлан тогтоох боломжгүй.
5.***ийн биед жирэмслэлтийг эмнэлгийн нөхцөлд тасалсан нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ /хх-46/, 

    Эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-11/, нэгдсэн эмнэлгийн ЭХО-ны журнал /хх-32-35/, эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 63-67/, аюулгүйн зэргийн үнэлгээ /хх-ийн 68-69/, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтчийн хуулбар /хх-ийн 71-80/, Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /хх-ийн /82-88/, ял өөрчлөн сонсгосон тогтоол /хх-ийн 120/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-59/ зэрэг болно.  

Шүүгдэгч ***нь эхнэр ***тэй хамт амьдрах хугацаандаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байнга зодсон, улмаар 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 3 сартай жирэмсэн байхад цалингаа аваад өгсөнгүй, гэртээ юм авсангүй гэснээр шалтаглан зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч ***ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч *** /хх-19/, П.*** /хх-20/, А.*** /хх-21/, *** /хх-ийн 36/, насанд хүрээгүй гэрч *** /хх-37-38/, *** /хх-39/, *** /хх-40/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №175 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-42/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.   

Хохирогч *** гэмт хэргийн улмаас байр түрээсэлсний хөлс 220 475 төгрөг, өөрийгөө болон хүүхдээ нааш цааш зөөсөн унааны мөнгө 50 000 төгрөг, шүүх эмнэлгийн төлбөр 3 000 төгрөг, толгой бариулсан 15 000 төгрөг, эмнэлгийн ор хоногийн төлбөр 25 000 төгрөг, ЭХО-д харуулсан 13 000 төгрөг, эмнэлэгт хэвтэхэд хэрэглэсэн 9 500 төгрөг нийт 335 975 төгрөг нэхэмжилснээс байрны түрээсийн төлбөр 220 475 төгрөг, шүүх эмнэлгийн төлбөр 3 000  төгрөг, эмнэлгийн ор хоногийн төлбөр 25 000 төгрөг, ЭХО-д харуулсан 13 000 төгрөг нийт 261 475 төгрөгийг хангаж, үлдэх 74 500 төгрөгийг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 
 
Шүүгдэгч ***д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд баривчлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
   
 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно. 
 
 Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Шүүгдэгч *** ***ыг эхнэр ***ийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар шүүгдэгч ***ыг 4 /дөрөв/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 4 сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

    4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч ***аас 261 475 /хоёр зуун жаран нэгэн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөг гаргуулж *** тоотод оршин суух хохирогч ***н *** /РД:***/-т олгосугай. 

    5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

              6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
                   7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дүгээр зүйлийн 306.1-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.***