| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 2003004880443 |
| Дугаар | 2021/ДШМ/276 |
| Огноо | 2021-03-18 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | А.Оюунгэрэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2021/ДШМ/276
2021 3 18 2021/ДШМ/0276
Б.Гад холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.Оюунгэрэл,
шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэцэцэг,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.М, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн,
нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Мын гаргасан давж заалдах гомдлоор Б.Гад холбогдох эрүүгийн 2003 00488 0443 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2 цаг 23 минутын орчимд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо “Жанжин” захын ард талын замд “Тоёото акуа” маркийн 22-89 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, мөн дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Аийг мөргөж, энэ гэмт хэргийн улмаас Б.Аийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Б.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Гыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 4 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Г нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар иргэний хариуцагч Г.Б болон шүүгдэгч Б.Г нар нь гэмт хэргийн улмаас хохирсон хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэж, иргэний хариуцагч Г.Б болон шүүгдэгч Б.Г нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Гад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.М цаашид гарах гэм хорын зардалтай холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.М давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Б.Г гэдэг жолооч нь 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 14 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, “Жанжин” захын арын замд “Тоёото акуа” загварын 22-89 УНА дугаартай машин барьж яваад миний аав Б.Аийг мөргөж амь насыг нь хохироосон юм. Миний аав эрүүл, саруул, өвчин зовлонгүйг гэр орноо, үр хүүхдээ тэжээн тэтгэж ирсэн билээ. Жолооч Б.Г нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3 заалтуудыг зөрчин анхаарал болгоомжгүй явснаар 1 дүгээр эгнээнд явж замаа туулж өнгөрүүлээд 1-2 алхам яваад гарах байсан аавыг минь мөргөсөн юм. Гэтэл анхан шатны шүүх Б.Г гэдэг жолоочид тэнсэн харгалзсан миний бие маш их гомдолтой байна. Учир нь, би жолооч Гыг гэм буруугаа огт ойлгохгүй байна гэж бодож байна. Г нь аавын минь амь насыг хохироогоод бид оршуулгын ажил хийгээд буцаад явж байтал миний ээж, 22 настай дүү Мөнболд хоёрын сууж явсан машиныг эсрэг урсгалаас том машин мөргөж ээж, дүү 2 минь хүнд гэмтэл авч одоо болтол босч чадахгүй байгаа. Ээж, дүү 2 минь хөдөлмөрийн чадваргүй болж группэд орох гэж байна. Үүнээс гадна насанд хүрээгүй 2 дүү минь гэртээ байна. Миний бие эхнэр 2 хүүхэдтэй тусдаа амьдралтай. Хөвсгөл аймагт ажиллаж, амьдардаг 25 настай хүн. Г нь оршуулгын зардал болон бусад зардалд 6 сая төгрөг төлсөн бөгөөд би аавыгаа 6 сая төгрөгний үнэтэй гэж бодохгүй байна. Нөгөө талаар миний насанд хүрээгүй 2 дүү, хөдөлмөрийн чадваргүй 22 настай дүү, хөдөлмөр хийх боломжгүй болсон ээж нараа яах ёстойг мэдэхгүй байгаа. Г гэдэг жолооч нь бидний амьдрал ахуйг нэг мөсөн сүйрүүлж байгаа бөгөөд надтай огт ярихгүй байдагт маш их гомдолтой байна. Иймд давж заалдах шатны шүүх хэргийг дахин хянан шийдвэрлүүлж өгнө үү...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Мын өмгөөлөгч Ж.Хандсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс 4 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсаныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас давж заалдах журмаар гомдол гаргасан. Нийт 6,400,000 төгрөг авсан. Гэмт хэргийн хор уршиг арилаагүй байхад тэнссэн. Давж заалдах журмаар гаргасан гомдлыг дэмжиж байна” гэв.
Шүүгдэгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Оршуулгын зардалд 3.400.000 төгрөг өгсөн. Дараа нь тэтгэврийн зээл авч 3.000.000 төгрөг өгсөн. Тэтгэврээс өөр орлого байдаггүй. Сонсгол муу юм.“ гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Гэм буруугийн талаар маргаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон. 3,400,000 төгрөгийг баримт бүхий хохирол гарсныг анхан шатны шүүх хуралдааны өмнө төлсөн. Уг хуралдааны дараа тэтгэврийн зээл авч 3,000,000 төгрөг өгсөн. Шүүхээс иргэний хариуцагч Б болон Г нарт гэм хорын хохирлыг арилгах үүрэг хүлээлгэсэн. Баримтаа бүрдүүлэн гэм хорын хохирлыг нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа. Тэжээгчээ алдсаны тэтгэмжийг зөрүүг иргэний журмаар нэхэмжлэх боломжтой тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Прокурор А.Оюунгэрэл шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Б.Г гэмт хэрэг үйлдсэн нь зохих журмын дагуу бүрдүүлсэн нотлох баримтаар тогтоогдсон. Прокуророос гаргасан хорих ял оногдуулах санал гаргасан. Анхан шатны шүүх шүүгдэгчийн хувийн байдал, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн эрх хэмжээнийхээ хүрээнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр үүрэг оногдуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Хууль буруу хэрэглэсэн гэх үндэслэл байхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Мын гаргасан давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалд нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан дараах нөхцөл байдлууд тогтоогдож байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Гад холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
Прокуророос шүүгдэгч Б.Гыг тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож авна”, мөн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж тус тус заасныг зөрчин явган зорчигч Б.Аийг мөргөж амь насыг нь хохироосон талаар хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийж, уг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Б.Гыг дээрх үйлдэлд гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 4 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг даалгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж зааснаас үзэхэд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршиг арилсан нөхцөлд уг зохицуулалт үйлчилэхээр байна.
Анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Мод учирсан хохирлыг шүүгдэгч нөхөн төлсөн гэж дүгнэхдээ тухайн илэрхийлэл нь үнэхээр бодитой хэрэгжсэн эсэх, шүүгдэгч хохирлыг төлсөн гэх уг хүсэл зориг, хандлага хэрхэн нотлогдож буйг хангалттай тодорхойлж, дүгнэж чадаагүй байгаа нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлжээ.
Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирч нөхөж баршгүй хор уршиг учирсан, хохирогчийн талаас гомдол санал арилсан, түүнийг гомдолгүй болгосон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх шүүгдэгч Б.Гад ямар үндэслэлээр хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээг хэрэглэсэн нь ойлгомжгүй байх бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.
Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 205 дугаартай мөрдөгчийн “... явган зорчигч А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12-т “Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.” гэсэн магадлагаанд огт дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэжээ.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх гэм буруутай гэж үзэж буй этгээдийн Замын хөдөлгөөний дүрмийн ямар зүйл, заалтыг зөрчсөн талаар дүгнэлтийг хийснээс биш амь хохирогч замын хөдөлгөөнд ямар байдалтайгаар оролцсон, Замын хөдөлгөөний дүрмийн ямар зүйл, заалтыг зөрчсөн талаар дүгнэсэн мөрдөгчийн магадлагаанд огт дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн ... дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл” заасан хуулийн шаардлагыг зөрчсөн буюу шүүгдэгч Б.Гыг гэм буруутайд тооцохдоо мөрдөгчийн магадлагаанд заасан хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг үгүйсгэж, няцааж байгаа талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт огт хийлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрэх тухай хуулийг зөрчсөн байна.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд тухайн хэрэгт авагдсан нотлох баримтуудад бүхэлд нь үнэлэлт, дүгнэлт өгч хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянаж, аль нотлох баримтыг шийдвэрийнхээ үндэслэл болгож, алийг нь няцаан үгүйсгэж байгаа үндэслэлээ тодорхой зааж байх учиртай.
Дээрх хэрэгт ач холбогдолтой нотлох баримтуудыг хэрхэн үгүйсгэсэн талаар дүгнээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзэх үндэслэл болно.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтуудад заасан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэх үндэслэлд хамаарна.
Түүнчлэн, анхан шатны шүүх Б.Гад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.
Учир нь, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЗ/4137 дугаартай захирамжаар Б.Гыг шүүхэд шилжүүлж, түүний гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 14 цагаас улсын яллагч Б.Дэлгэрмаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.М, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн, шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан нээлттэй явуулахаар тогтоосон боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.М шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 10 дугаартай захирамжаар хойшлуулж шүүх хуралдааныг 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 10 цагт хийхээр товлон, шүүх хуралдааны бэлтгэлийг хангаж, товыг оролцогчдод мэдэгдэхийг шүүгчийн туслах Г.Хуланд даалгажээ.
Улмаар, шүүх хуралдааны товыг хэргийн оролцогчдод мэдэгдсэн талаарх баримт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг ямар шалтгаанаар шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн талаарх баримтууд хэрэгт авагдаагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох”, 1.9 дэх заалтад заасан “... гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах” тухай хохирогчийн эрхийг хязгаарлаж, хуралдааны товыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид мэдэгдээгүй, шүүх хуралдаан эхлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх хуралдаанд хохирогч ... хүрэлцэн ирээгүй бол шүүх хуралдаан даргалагч түүнийг оролцуулахгүйгээр хэрэг хэлэлцэж болох эсэхийг улсын яллагч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөс асууж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх, эсхүл хойшлуулах тухай асуудлыг шийдвэрлэнэ” гэсэн ажиллагааг явуулалгүй хуралдааныг үргэлжлүүлсэн нь буруу байна.
Энэхүү хуулийн зохицуулалтыг шүүхээс бүрэн хангаж, оролцогчийн эрхийг эдлүүлснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох зарчим хангагдах учиртай.
Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид шүүх хуралдааны товыг шүүхээс мэдэгдэх үүргээ биелүүлээгүй нь тэдний Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримт, санал, хүсэлт гаргах гэх мэт эрхийг эдлэх боломжгүй байдлыг үүсгэж, тэдгээрийг эрхийг хязгаарласан байна.
Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой, хүний эрхийг зөрчсөн энэхүү алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн үзэх боломжгүй байгааг дурдаж, цаашид хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн ажиллахыг анхааруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд тус хэргийг эцэслэн шийдвэрлээгүй, дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Мын гаргасан гомдлыг хэлэлцэхгүй орхисон болохыг дурдаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Гад холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Гад холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцэх хүртэл шүүгдэгч Б.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ