| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 316/2025/0016/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/69 |
| Огноо | 2025-04-01 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 2025/ШЦТ/69
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Индра,
иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж
иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т/цахим/
шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..... овогт Э.Б. холбогдох эрүүгийн 2....0 дугаартай, 316/2025/0..../Э индекстэй хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн 19... оны ...дугаар сарын ..-ны өдөр Булган аймгийн .... суманд төрсөн, эрэгтэй, 26 настай, яс үндэс халх, дээд боловсролтой, агрономич мэргэжилтэй, ... ХХК-д ... гэх газар хэсгийн агрономич ажилтай, ам бүл 6, эцэг, эх, дүүгийн хамт, Сэлэнгэ аймаг Зүүнбүрэн сум .......... байранд оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, .... овогт Э.Б, Регистрийн дугаар: ........,
Холбогдсон хэргийн талаар
Яллагдагч Э.Б.ж нь 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр "Сэлэнгэ аймгийн ................. ХХК-ний эзэмшлийн ковшийг жолоодон цас цэвэрлэх ажил хийж туслах замаас гол зам руу нэвтэрч замын хөдөлгөөнд оролцох үйлдэл хийхдээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дүгээр заалт буюу Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө" гэж заасныг зөрчсөний улмаас .... СБА улсын дугаартай Тоёота Ланд Круйкер-300 загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж ... СБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Н.Б... биед бүсэлхий нурууны 1-р нугалмын шахагдсан хугарал, нугасны сувгийн нарийсал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй..” гэжээ,
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч М.Б.: “...Миний хувьд хохирлоо ... ХХК-аар төлүүлэх саналтай байна...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т...: “...Тээврийн хэрэгслийн хувьд бүртгэлгүй, бичиг баримтгүй, хөрөнгө байсан. Э.Б. хувьд зөвшөөрөлгүйгээр тухайн тээврийн хэрэгслийг жолоопсон байх тул хуулийн этгээдийн хариуцлага биш, тухайн хүмүүсийн буруутай үйл ажиллагаа гэж үзэж байна...” гэжээ.
Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж. 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би ... ХХК-д 2016 оноос эхлэн ажиллаж байгаа бөгөөд одоо хийж байгаа атво хэсгийн ахлахын ажлыг 2022 оноос одоог хүртэл хийж, байна. Миний ажлын чиг үүрэг нь техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах мөн жолоочоор хангах үүрэгтэй. Миний бие 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Зүүнбүрэн сумын 2 дугаар баг "..." хэсэгт ажиллаж байсан. Тухайн өдөр цас орсон байсан болохоор цас цэвэрлэх зорилгоор ковшинд цас ханзлагч /цэвэрлэгч/ төмрийг ковшинд зүүгээд ажиллагааг нь шалгах гээд байж байсан чинь манай компани агрономич ажилтай Б... "ах ковшийг жолоодоод явчихъя” гэж хэлсэн. Тухайн үед би нээх их зүйл бодолгүй энэ хоёрын хооронд ойрхон газар юм чинь яавал гэж бодоод "болгоомжтой яваарай" гэж хэлээд явуулчихсан юм. Тэгээд би хэсэг байж байгаад араас нь жижиг машинтай шалгах зорилгоор хөдөлсөн чинь Б... над руу залгаад "Би машинтай мөргөлдчихлөө" гэж хэлсэн. Ингээд намайг очих үед саарал өнгийн ланд загварын тээврийн хэрэгсэл замаас гарсан байдалтай зогсож байсан. Улсын бүртгэлд бүртгэл хийлгэж амжаагүй байсан. Тэр ковшийг .... ХХК ".... ХХК"-аас худалдан авсан байсан. Манай байгууллагад тухайн ковшийн Монгол улсад орж ирсэн гаалийн материал нь л байгаа. Манай байгууллагын жинхэн ажилтан байсан. Үнэлгээтэй холбоотой асуудалд бол санал нийлэхгүй байгаа. Тухайлбал чулак /цоожлогчтой/-г 7.103.200 төгрөгөөр үнэлсэн байна. Зам тээврийн осол хэний буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн гэдэг асуудалд бол маргах зүйл байхгүй байна. Харин эвдрэл гэмтлийн хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,
Хохирогч Н.Б... 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "... Би 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хувийн ажлаар Дархан-Уул аймаг руу явах болсон. Тэр өдөр мөн садан төрлийн Б... гээд хүн Дархан-Уул аймаг руу явах байсан учраас түүнтэй ярьж байгаад машинд нь зээ хүү Ирмүүний хамт дайгдаад суусан. Хүү бид хоёр машины ар талын зорчигчийн суудалд сууж байсан. Тухайн үед зам цастай байсан ба бид 3 Цагааннуур сумаас хөдлөөд Зүүнбүрэн сумын төв өнгөрөөд гангын тохой нэртэй газарт явж байхад туслах замаас цас цэвэрлэгч ковш төв зам руу ороод ирсэн. Ингээд манай машины жолооч маань тухайн ковшийг мөргөхгүйн тулд замын хажуу хэсэг рүү жолоогоо дараад бид нар замын хажуу хэсэг рүү харайгаад зогссон. Машин зогссоны дараа би зээ хүүгээ тэвэрч буугаад биеийн нь үзээд буцаад машинд суух гэтэл нуруу маань болохгүй байсан. Тэгээд л эмнэлэгт дуудлага өгч хүргэгдэн ирсэн. ... Миний нуруу хугарсан зээ хүү И-н биеийн байдал хэвийн байгаа." гэх мэдүүлэг. /хх-ийн 27-28-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч М.Б-с 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хувийн ажлаар Дархан-Уул аймаг руу явах болсон. Намайг явах үед манай худ Н.Б өөрийн зээ хүүгийн хамт машинд маань дайгдаад бид гурав Дархан-Уул аймаг руу миний эзэмшлийн алфальтан саарал өнгийн Ланд Круйкер 300 загварын тээврийн хэрэгсэлтэйгээр 12 цагийн орчимд хөдөлсөн. Тухайн үед гадаа тас орсон зам халтиргаа гулгаатай байсан юм. Ингээд би Цагааннуур сумаас гарч Зүүнбүрэн сум өнгөрөөд гангын тохой нэртэй газар явж байсан. Тэгсэн туслах замаас цас ханзлагч зүүсэн ковш төв зам руу орох гэж байсан. Би тухайн үед надад зам тавьж өгөх байх гэсэн бодолтой явж байсан хэдий ч хаширлаад замын хөвөө хэсэг рүү орсон. Тэгтэл тэр ковш хурдтайгаар миний явж байсан замын урд тал руу ороод ирсэн. Тэр үед би яг шанагыг нь мөргөх байсан боловч хажуу тийш жолоогоо дараад шанаганы баруун ирмэгийг хальт мөргөөд замын хажуу далан дээгүүр харайлгаад зогссон. Тухайн осол болсны дараа би машинаасаа буугаад ковшны жолооч дээр очсон чинь жолооч нь надад нэг ч үг дугарахгүйгээр 1 цаг шахуу уйлаад л суугаад байсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Осол болсны дараа ковшны жолооч бид хоёр Зүүнбүрэн сумын хэсгийн төлөөлөгчийн албан өрөөнд очиж согтуурал хэмжих багаж үлээхэд 0.0% гэж гарч ирсан. Цагдаа ч хүртэл зураг хөрөг дарж баталгаажуулж авсан. Эрүүл архи дарс уугаагүй байсан. Би тухайн үед 30-40 км/цагийн хурдтай л явж байсан. ....СБА улсын дугаартай Тоёота Ланд Круйзер 300 загварын тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр бүртгэлтэй байгаа. Тээврийн хэрэгслээ бүрэн бүтэн авчихвал гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/,
Гэрч Б.Ж. 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Би ... ХХК-нд 2016 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд одоо хийж байгаа авто хэсгийн ахлахын ажлыг 2022 оноос хойш одоош хүртэл хийж байна Миний ажлын чиг үүрэг нь техник хэрэгслийн бурэн бүтэн байдлыг хангах менежер жолоочоор хангах үүрэгтэй байсан. Өнөөдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гадаа цас орсон байсан болохоор цас цэвэрлэх зорилгоор цас цэвэрлэгч төмөрийг болж байгаа эсэхийг нь шалгахаар бэлтгэж байсан чинь манай компанид агрономич ажилтай Б. ковш унаж ирээд "ах аа би чирээд явчихъя" гэж хэлсэн. Тухайн үед би нээх юм бодолгүй энэ хоёрын хооронд ойрхон газар юм чинь яавал гэж бодооод ковшинд төмрийг холбож өгөөд "болгоомжтой яваарай" гэж хэлээд явуулчихсан юм. Тэгээд би хэсэг байж байгаад Б-н араас жижиг машинтай шалгах зорилгоор хөдөлсөн чинь над руу залгаад "би машинтай мөргөлдчихлөө" гэж хэлсэн. Намайг очих үед саарал өнгийн ланд загварын тээврийн хэрэгсэл замаас гарсан байдалтай зогсож байсан. Б нь тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч М.Б-с 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хувийн ажлаар Дархан- Уул аймаг руу явах болсон. Намайг явах үед манай худ Н.Б өөрийн зээ хүүгийн хамт машинд маань дайгдаад бид гурав Дархан-Уул аймаг руу миний эзэмшлийн алфальтан саарал өнгийн Ланд Круйкер 300 загварын тээврийн хэрэгсэлтэйгээр 12 цагийн орчимд хөдөлсөн. Тухайн үед гадаа тас орсон зам халтиргаа гулгаатай байсан юм. Ингээд би Цагааннуур сумаас гарч Зүүнбүрэн сум өнгөрөөд гангын тохой нэртэй газар явж байсан. Тэгсэн туслах замаас цас ханзлагч зүүсэн ковш төв зам руу орох гэж байсан. Би тухайн үед надад зам тавьж өгөх байх гэсэн бодолтой явж байсан хэдий ч хаширлаад замын хөвөө хэсэг рүү орсон. Тэгтэл тэр ковш хурдтайгаар миний явж байсан замын урд тал руу ороод ирсэн. Тэр үед би яг шанагыг нь мөргөх байсан боловч хажуу тийш жолоого дараад шанаганы баруун ирмэгийг хальт мөргөөд замын хажуу далан дээгү харайлгаад зогссон. Тухайн осол болсны дараа би машинаасаа буугаад ковшны жолооч дээр очсон чинь жолооч нь надад нэг ч үг дугарахгүйгээр 1 цаг шахуу уйлаад л суугаа байсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан Осол болсны дараа ковшны жолооч бид хоёр Зүүнбүрэн сумын хэсгийн төлөөлөгчийн албан өрөөнд очиж согтуурал хэмжих багаж үлээхэд 0.0% гэж гарч ирсан. Цагдаа ч хүртэл зураг хөрөг дарж баталгаажуулж авсан. Би тухайн үед 30-40 км/цагийн хурдтай л явж байсан.
... СБА улсын дугаартай Тоёота Ланд Круйзер 300 загварын тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр бүртгэлтэй байгаа. Баруун урд хаалга, баруун урд кирло, гишгүүр, дугуй, обуд гээд баруун талдаа гэмтэлтэй байгаа. Миний эрүүл мэндэд хохирол учраагүй ээ. Харин зорчигч Б-н нуруу нь хугарсан, зээ хүүгийнхэн бие бол хэвийн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч М.Б-с 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Цаг агаарын нөхцөл байдал тогтуун байсан. Гадаа цастай үзэгдэх орчин бага зэрэг муу байсан ч ойрын 50 метр зайд бол чөлөөтэй харагдаж байсан. буруу талын ард буюу зүүн талын ар талын зорчигийн суудалд сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-р хуудас/,
Гэрч Т.С-н 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б- нь 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн А ХХК-ний "..." хэсэгт 2 сарын хугацаатайгаар дадлагажигч агрономичоор хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд орсон. Үүний дараа 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн үндсэн агрономичоор ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулж жинхэлсэн байгаа. Агрономичийн ажил нь улирлын чанартай. Ажлын чиг үүрэг нь бол маш өргөн хүрээтэй талбай дээр байгаа ажилчдыг удирдлага зохион байгуулалтаар хангах, аюулгүй ажиллагааны зааварчилгааг баримтлах, мэдээ мэдээллээр хангах, төлөвлөгөөний дагуу тариалангийн ажлыг явуулах зэрэг маш олон чиг үүрэгтэй боловч түүний ажлын байрны тодорхойлолтод цас цэвэрлэх чиг үүрэг байхгүй ээ.
Б.Ж. нь "А" ХХК-ний төв салбарт ажиллаж байгаад 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн манай салбарт авто хэсгийн ахлах, механик гэсэн албан тушаалд ажиллаж байгаа. Түүнйи ажлын чиг үүрэг нь техник хэрэгслийн бүрэн бүтэн байдал, техник ажиллуулж байгаа жолооч, тракторчинд өдөр тутам заавар зөвлөмж өгч ажлын гүйцэтгэлд хяналт тавих. Машин техник хэрэгсэлтэй холбоотой үйл ажиллагааг хэвийн явуулах чиг үүрэгтэй. Манай "А" ХХК-ний Сэлэнгэ салбарын .... хэсэгт шинээр цас цэвэрлэгч төхөөрөмж туршиж үзэхээр болсон. Тэгээд манай агрономич Б тухайн төхөөрөмжийн ковшинд залгаж цас цэвэрлэх үйлдэл хийж байгаад зам тээврийн осол гаргасан байна лээ. Түүнд М ангилалын эрхийн үнэмлэх байхгүй ээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 383 дугаартай “...М.Б биед гэмтэл тогтоогдоогүй...” гэх дүгнэлт /хх-ийн 68-р хуудас/
“Сүлд үнэлгээ ХХК”-ийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №446 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлангаар “...Тоёота ланд крузер 300 маркийн тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ 44,670,230 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 75-78-р хуудас/,
Тоёота ланд крузер 300 маркийн тээврийн хэрэгсэл сэлбэг засвар хийсэн Таван богд ХХК-ийн үнийн санал /хх-ийн 79-81-р хуудас/,
Шүүх Шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №15060 дугаартай “... Н.Б биед бүсэлхий нурууны 1-р нугалмын шахагдсан хугарал, нугасны сувгийн нарийсал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй….” гэх дүгнэлт /хх-ийн 86-87-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн Цахир гүн ХХК-ийн Мөнгөн хүлэг авто сургуулийн шинжээч С.Оюундэлгэрийн 2024 оны 12 дугаар сарын ...-ны өдрийн №.... дугаартай “…Сэлэнгэ .......... нэртэй газарт 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр "А" ХХК-н ковш .... СБА улсын дугартай Тоёото Ланд круйзер 300 загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж .... СБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Н.Б. биед хүнд гэмтэл учирсан нь зам тээврийн осол мөн гэж үзэж байна. Нэг. Нийтлэг үндэслэл 1.2.17 Зам тээврийн осол гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг: "А" ХХК-н ковшийг жолоодож явж байсан Э.Б нь МУ-н ЗХД- н 15. Уулзвар нэвтрэх: Зохицуулдаггүй уулзвар нэвтрэх 15.9. Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. .... СБА улсын дугаартай Тоёото Ланд круйзер 300 загварын тээврийн хэрэгслийн жолооч М.Б... нь МУ-н ЗХД-н заалыг зөрчөөгүй гэж үзэж байна. "А" ХХК-н ковшийг жолоодож явж байсан Э.Б нь МУ-н ЗХД- н зүйл заалтыг зөрчсөний улмаас тухайн зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. Э.Б нь | ....\ ЦЕГ-н БХТ-өөс олгосон В-... тоот үнэмлэхтэй боловч М ангилал олгогдоогүй учир тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирсон жолоодох эрхийн үнэмлэхгүй гэж үзэж байна. М.Б. нь \....\ ЦЕГ-н БХТ-өөс олгосон В-.... тоот өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлд тохирсон жолоодох эрхийн үнэмлэхтэй гэж үзэж байна...” гэх дүгнэлт /хх-ийн 120-р хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 03 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04-15-р дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч М.Б согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 16-р дугаар хуудас/,
Шүүгдэгч Э.Б согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 17-р дугаар хуудас/,
Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /хх-ийн 18-р дугаар хуудас/,
Иргэний хариуцагчаар А ХХК-ийг томилсон тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 21-р дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгчээр М.Б тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 61-р хуудас/,
Шүүгдэгчийн жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 37-р хуудас/
Иргэний нэхэмжлэгч М.Б жолооны үнэмлэхийн хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 42-р хуудас/
Шүүгдэгч Э.Б хөдөлмөрийн гэрээний хуулбар, ажлын байрны тодорхойлолтын хуулбар /хх-ийн 45-56-р хуудас/
Иргэний хариуцагч Б.Ж хөдөлмөрийн гэрээний хуулбар, ажлын байрны тодорхойлолтын хуулбар /хх-ийн 58-65-р хуудас/
Шүүгдэгчийн Хаан банкан дахь дансны хуулга /хх-ийн 101-102-р хуудас/,
Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 104-р хуудас/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, анх удаа /хх-ийн 105-р хуудас/,
Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 106-р хуудас/,
Шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хх-ийн 107-р хуудас/,
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 108-р хуудас/,
Хохирогч Н.Б эрүүл мэндийн байгууллагаас ямар нэгэн тусламж үйлчилгээ аваагүй гэх Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн албан тоот /хх-ийн 112-р хуудас/ зэрэг болно.
Эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар хавтаст хэрэгт авагдаж, талуудын мэтгэлцээний үндсэнд шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Э.Бямбадорж нь 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр "Сэлэнгэ аймгийн .... гэх газар "А" ХХК-ний эзэмшлийн ковшийг жолоодон цас цэвэрлэх ажил хийж туслах замаас гол зам руу нэвтэрч замын хөдөлгөөнд оролцох үйлдэл хийхдээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дүгээр заалт буюу “...Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө..." гэж заасныг зөрчсөний улмаас ... СБА улсын дугаартай Тоёота Ланд Круйкер-300 загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж ... СБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Н.Б.. биед бүсэлхий нурууны 1-р нугалмын шахагдсан хугарал, нугасны сувгийн нарийсал бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нотлогдон тогтоогдлоо.
Жолооч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээнээс хамаарч тухайн үйлдэл нь гэмт хэрэг, зөрчил аль нь болохыг хуульчилсан байна.
Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, эд хөрөнгөд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.
Тус гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчилхээр хуульчилжээ.
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн гэж тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй хүнийг ойлгоно.
Шүүгдэгч Э.Б хувьд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн болох нь Сэлэнгэ аймгийн Цахир гүн ХХК-ийн Мөнгөн хүлэг авто сургуулийн шинжээч С.Оюундэлгэрийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №17 дугаартай “...Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 15-т Зохицуулдаггүй уулзвар нэвтрэх 15.9-т. Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн...” дүгнэлтээр, ослын улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Н.Б биед бүсэлхий нурууны 1-р нугалмын шахагдсан хугарал, нугасны сувгийн нарийсал бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүх Шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №... дугаартай дүгнэлтээр, тэрээр ковш жолоодох тохирох ангиллын эрхгүй болох нь шүүгдэгч, гэрч, иргэний хариуцагч нарын мэдүүлгээр тус тус тогтоогдсон байна.
Шүүгдэгч Э.Б жолоодох эргүй үедээ, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тодорхойлсон.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Б эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба хохирол нэхэмжилсэн баримт ирүүлээгүй, хохирол төлбөрт нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй талаар шүүхэд мэдэгдсэн, эрүүл мэндийн даатгалын санд хохирол учраагүй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хохирогч Н.Болорчимэг нь энэ гэмт хэргийн улмаас цаашид эмчилгээ хийлгэх тохиолдолд холбогдох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.
Иргэний нэхэмжлэгч М.Б эзэмшлийн ... СБА улсын дугаартай Тоёота Ланд Круйкер-300 загварын тээврийн хэрэгсэлд 44,670,230 төгрөгийн гэм хорын хохирол учирсан болох нь эрх бүхий байгууллагын үнэлгээний тайлангаар тогтоогджээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1-д “...Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...”,
498.1 “…Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ…”
499.1 “…Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй…”,
499.4 “…Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй…”,
510.1 “…Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө…” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Э.Б нь "А" ХХК-ний Сэлэнгэ аймаг дахь салбарын ... хэсэгт агрономчийн ажил эрхэлдэг болох нь хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай салбарын даргын тушаал хх-н 46, 47, хөдөлмөрийн гэрээний хуулбар хх-н 48-53, ажлын байрны тодорхойлолт хх-н 54 дүгээр тал зэрэг баримтаар,
Иргэний хариуцагч Б.Ж нь "А" ХХК-ний Сэлэнгэ дэх салбарын ... хэсэгт Автын хэсгийн ахлах механикийн ажил эрхэлдэг болох нь хөдлөмөрийн гэрээ байгуулах тухай салбарын даргын тушаал хх-н 58, хөдөлмөрийн гэрээний хуулбар хх-н 59-64 дүгээр талд авагдсан баримтаар тогтоогдож байна.
Ажлын байрны тодорхойололтоос үзвэл Э.Б нь ковш жолоодон цас цэвэрлэх үүрэг хүлээгээгүй, Б.Ж нь салбарын техник хэрэгслийн аюулгүй, бэлэн байдлыг хангаж, жолооч нарыг техникээр ханган ажиллах үүргийг хүлээсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд “А” ХХК-ыг иргэний хариуцагчаар татсан ба тус компаний итгэмжлэгсэн төлөөлөгчөөр тус компаний ажилтан Х.Т томилсон нь хуульд нийцсэн буюу тус компаний захирал П.Ц нь итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох эрх бүхий этгээд болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Осол гарах үед жолоодож явсан шар өнгийн ковшийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй боловч АХХК-нь ХХК-аас худалдаж авсан, тус компаний өмч болох нь гаалийн бичгийн хуулбар, иргэний хариуцагч нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.
Тухайн ковшийг ажилд гаргах, бүрэн бүтэн байдлыг хариуцах үүргийг ажлын байрны тодорхойлолт зааснаар иргэний хариуцагч Б.Ж хүлээсэн байна. Өөрөөр хэлбэл тухайн цаг хугацаанд уг ковшийн эзэмшигчээр Б.Ж, өмчлөгч нь А ХХК байна.
Б.Ж нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхдаа ковш жолоодох эрхгүй агрономич Э.Б тээврийн хэрэгслийг жолоодох зөвшөөрөл олгож улмаар зам тээврийн осол гарсан. Б.Ж, Э.Б нар нь А ХХК-нд ажилладаг тухайн үед гэрээгээр хүлээсэн тус тусын үүргээ гүйцэтгэж байсан буюу ээлжийн хуваарийн дагуу ажил үүргээ гүйцэтгэж байжээ.
Иймд Иргэний хуулийн 497, 498, 499, 510 дугаар зүйлд тус тус зааснаар шүүгдэгч, иргэний хариуцагч нарын үйлдэл оролцоо, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг харгалзан шүүгдэгч Э.Б 5,000,000 төгрөг, иргэний хариуцагч Б.Ж 5,000,000 төгрөг, “А" ХХК-аас 34,670,230 төгрөг тус тус гаргуулж иргэний нэхэмжлэгч Сэлэнгэ аймаг ........... тоотод оршин суух хаягтй ... овогт М.Б./РД:.../-д олгох нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Шүүгдэгч Э.Б нь шүүхээс гаргуулахаар заасан 5.000.000 төгрөгийн гэм хорын хохирлыг иргэний нэхэмжлэгчид төлсөн тул энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүхээс Э.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч Э.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөр төлсөн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн байр суурь, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан шүүгдэгч Э.Б Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаарр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Б оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тэнссэн хугацаагаар буюу 1 жилийн хугацаагаар хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ялтан шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тогтоолоор мэдэгдэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилго, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болно.
Шүүгдэгч Э.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ... овогт Э.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Б 01 /нэг/ жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял шийтгэснийг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар ялтан шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож хуульд заасан журмын дагуу ял оногдуулахыг мэдэгдэж биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч Э.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б нь энэ гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Б.Ж 5,000,000 төгрөг, иргэний хариуцагч “А” ХХК-аас 34,670,230 төгрөг тус тус гаргуулж иргэний нэхэмжлэгч Сэлэнгэ аймаг .......тоотод оршин суух хаягтй ... овогт М.Б./РД:.../-д олгосугай.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ