Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2022/00507

 

2022 02 08 101/ШШ2022/00507

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- Баянзүрх дүүрэг, 13-р хороо, 14-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 119А байрны 98 тоотод оршин суух, Сайн эмчийнхэн овогт Сурангаа Уранчимэг /ФБ67121902/-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Жанжин 7-р гудамж 172 тоотод хаягийн бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүрэг, 3-р хороо, 12-р хороолол, 47Б байрны 7 тоотод оршин суух, Бэсүд овогт Баттөмөр Цэрэннадмид /ШУ88072209/,

хариуцагч- Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Жанжины 23 гудамжны 506 тоотод хаягийн бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүрэг, 3-р хороо, 12-р хороолол, 47Б байрны 7 тоотод оршин суух, Тайж овогт Нацагдорж Хүдэрчулуун /УХ89022355/ нарт холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 5,800,000 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Уранчимэг, түүний өмгөөлөгч М.Хандармаа, хариуцагч Б.Цэрэннадмид, Н.Хүдэрчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамгарав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Уранчимэг нь хариуцагч Б.Цэрэннадмид, Н.Хүдэрчулуун нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,700,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 5,800,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлон тайлбарлаж байна.

Би Цэрэннадмид гэх хүнийг огт танихгүй бөгөөд надтай утсаар холбогдож зээл авах хүсэлт гаргахад нь өгөхгүй гэдгийг хэлсэн боловч Булган гээд ТҮЦ-ний хүнээр дамжуулж ярьсан учраас түүнд маш олон удаагийн зээл олгосон боловч зээлсэн мөнгөө өгч чадахгүй болсон. Цэрэннадмидын надаас зээлсэн мөнгөөр нөхөр нь мөрийтэй тоглоом тоглодог гэдгийг хүнээс сонссон. Зээл авахад зуучилсан хүмүүс нь дарамтлаад байна гэхээр нь тэр хүнтэй нь холбогдохгүй зөвхөн Цэрэннадмидтай холбогдох болсон. Анх зээл өгөхдөө 10 хувийн хүүтэй зээлсэн боловч одоо хүүгээ авахаа болиод байгаа.

Ингээд 2021 оны 6-р сард очиж уулзахад 5,800,000 төгрөгийг 7 сард төлнө гэж тайлбар бичиж өгсөн тул уг мөнгийг Цэрэннадмидаас нэхэмжилж байна. 5,800,0000 бүхлээр нь зээлдүүлээгүй 2021-4-10-нд 3,000,000 төгрөг зээлээд буцаагаад авсан, 2021-5-2-нд зээлсэн 2,000,000 төгрөгийг хүнээс авч зээлдүүлсэн, 2021-5-3-ны 3,000,000 төгрөгийг мөн хүнээс авч зээлдүүлсэн, 2021-5-7-ны өдрийн 1,000,000 төгрөг, 2021-5-23-ны өдрийн 2,000,000 төгрөг, нийт 8,000,000 төгрөг зээлснээс хариуцагч Цэрэннадмид нь 3,446,650 төгрөгийг төлсөн байгаа. Хариуцагч Н.Хүдэрчулуун нь гэр бүлийн хүн учраас энэ зээлийг хамт хэрэглэсэн гэж үзээд хариуцагчаар татсан гэв.

 

Хариуцагч Б.Цэрэннадмид хариу тайлбартаа би хувиараа дэлгүүр ажиллуулдаг тул бараа татах шаарлага гарч таньдаг хүнээс мөнгө асуухад өдрийн зээл олгодог хүн байдаг гээд С.Уранчимэгийн утас өгсөн тул өдрийн зээл авахаар залгасан, дараа нь охин нь ирж манай дэлгүүрийг үзээд бараа сайтай, дажгүй залуучууд байна гээд явсан. 2021 оны 4-р сард 3 сая төгрөг зээлж аваад төлж дууссан байсан.

Гэтэл ээжийн маань бие муудаж мөнгө төгрөгийн хэрэгцээ шаардлага гарсан тул 2021-5-4-нд 3 сая төгрөгийг зээлж 2021-5-26-ны өдөр хүртэл өдөр бүр 110,000 төгрөг төлж байсан. Үүнээс 770,000 төгрөг төлөгдөөгүй үлдсэн байгаад 2021-5-8-нд дахин 1 сая төгрөг зээлж аваад өдөр бүр зээлээ төлж байгаад төлөх боломжгүй болж зогсоосон. Энэ хугацаанд 2021-5-2-нд 2 сая төгрөгийг 2,200,000 төгрөг болгож төлөхөөр тохирч зээлсэн, дахин мөнгөний хэрэг гарсан тул 2021-5-25-нд 2 сая төгрөг зээлсэн, ингээд өмнөх зээлийн үлдэгдэлтэй хамт төлье гээд авснаар нийт 8,800,000 төгрөг зээлж, төлснөөр 5,353,350 төгрөг үлдсэн, үүнд нь 10 хувийн хүү орсон байгаа.

Энэ хугацаанд ээжийн маань бие хэцүүдэж ээжийг сахих хүн байгаагүй, миний ажиллуулж байсан дэлгүүр хадам аав, ээж хоёрын дэлгүүр байсан тул дэлгүүрийг зарья гэсэн зар өгснөөр худалдан авахаар ирсэн хүмүүс нь зээлээ хөөцөлдөж байхдаа дэлгүүрийн хуучин бараа авахгүй гэсэн тул дэлгүүрийн барааг хөдөө ачуулсан. Ингээд дэлгүүрээ хоослоод байж байтал наадам болж байхад хаалга чулуугаар нүдэж намайг доромжилж, хашгирсан тул гарч С.Уранчимэгтэй уулзаж дэлгүүрээ зарж байгаа тул наадмын дараа мөнгийг төлнө гээд гараараа бичиг хийж өгсөн.

Гэтэл нөгөө дэлгүүр авах хүмүүсийн зээл нь гараагүй тул би дэлгүүрээ зарах гэж өдөр бүр зар оруулж байгаа. Надад зээл авахыг зуучилж өгсөн эгч рүү С.Уранчимэг нь дайрч, давшилж байгаа гээд, би Уранчимэг гэх хүнээс мөнгө зээлсэн байхад түүний охин гэх хүн утсаар залгаж доромжилдог болсон байгаа.

С.Уранчимэг нь шүүхэд өгсний дараа шүүхийн дуудсан бичиг нь буцаж ирснийг туслах нь хэлсний дараа С.Уранчимэг нь хашааны гадаа ирж хаалга нүдэж хашгирч, гэртээ байгаа хүүхдүүдийг минь айлгасан тул би гэртээ байхгүй байгааг утсаар хэлсээр байтал хашааны гадаа орилж хашгираад байсан тул би аргагүй эрхэнд цагдаа дуудаж байсан. Тиймээс гараар бичсэн бичвэрийн дагуу 5,800,000 төгрөгийг төлье гэж байгаа гэв.

 

Хариуцагч Н.Хүдэрчулуун хариу тайлбартаа Б.Цэрэннадмидыг зээл авахад нь оролцсон, бид хоёр зээл авсан нь үнэн төлөх нь үнэн ингэж төлөхөд цаг хугацааны асуудал байгаа, бид дэлгүүрээ зарах гээд явж байгаа боловч дэлгүүр зарагдахгүй байгаа гэв.

 

Нэхэмжлэгч талаас Б.Цэрэннадмидын гараар бичсэн хүсэлт /хх-4/, Б.Цэрэннадмидын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-4/,

хариуцагчаас Б.Цэрэннадмидын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-27-42/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Уранчимэгийн нэхэмжлэлийн шаардлагаас 4,553,350 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 1,246,650 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022-01-27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 2,900,000 төгрөгөөр багасгаж, нэхэмжлэлийн шаардлагаа 5,800,000 төгрөг гэж тодорхойлсон /хх-44/.

 

Нэхэмжлэгч нь шаардах эрхийн үндэслэлээ хариуцагч Б.Цэрэннадмид нь надтай утсаар холбогдож зээл авах хүсэлт гаргаад 2021-4-10-нд 3,000,000 төгрөг зээлж аваад буцаагаад төлсөн, 2021-5-2-нд зээлсэн 2,000,000 төгрөгийг хүнээс авч зээлдүүлсэн, 2021-5-3-ны 3,000,000 төгрөгийг мөн хүнээс авч зээлдүүлсэн, 2021-5-7-ны өдрийн 1,000,000 төгрөг, 2021-5-23-ны өдрийн 2,000,000 төгрөг, нийт 8,000,000 төгрөг зээлснээс 3,446,650 төгрөгийг төлсөн. Хариуцагч Б.Цэрэннадмид нь 2021 оны 6-р сард 5,800,000 төгрөгийг төлөхөөр гараар тайлбар бичиж өгсөн, хариуцагч Н.Хүдэрчулуун нь гэр бүлийн хүн учраас энэ зээлийг хамт хэрэглэсэн гэж үзээд хариуцагчаар татсан гэж тодорхойлон тайлбарласан.

 

Хариуцагч Б.Цэрэннадмид нь дэлгүүр ажиллуулдаг байхдаа бараа татах зорилгоор өдрийн зээл олгодог хүн гээд С.Уранчимэгийн утас өгсөн тул өдрийн зээл авахаар 2021 оны 3-р сард залгаж, зээл аваад 2021 оны 4-р сард 3,000,000 төгрөгийн зээлийг төлж дууссан боловч ээжийн бие муудаж мөнгө төгрөгийн хэрэгцээ шаардлага гарснаар нийт 8,800,000 төгрөгийг зээлж 3,446,650 төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөрийг төлөхөөр дэлгүүрээ зарах гэж зар тавьсан боловч зарагдаагүй наадмын дараа мөнгийг төлнө гээд С.Уранчимэгт гараараа бичиг хийж өгсөн гэж тайлбарласан.

 

Хариуцагч Н.Хүдэрчулуун нь Б.Цэрэннадмидтай гэр бүлийн хүмүүс бөгөөд зээл авсан нь үнэн төлөх нь үнэн ингэж төлөхөд цаг хугацааны асуудал байгаа, бид дэлгүүрээ зарах гээд явж байгаа боловч дэлгүүр зарагдахгүй байгаа гэж тайлбарласан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг хариуцагч Цэрэннадмидын дансанд зээлсэн мөнгийг шилжүүлсэн тул хариуцагчийн бичгээр гаргасан тайлбараар хариуцагчийн зөвшөөрлийг батлуулна гэж тодорхойлсон.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй хэдий ч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй.

 

Хавтаст хэргийн 4-р талд авагдсан ...С.Уранчимэг гэдэг хүнээс 5,800,000 төгрөг, 10 хувийн хүүтэй зээлсэн нь үнэн. Одоо өрөө 2021-7-10-ны өдөр гэхэд төлж барагдуулна, Б.Цэрэннадмид гэж гараар бичсэн бичвэр, түүний Хаан банкны 5400731701 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зохигчийн тайлбараар нэхэмжлэгч С.Уранчимэг нь зээлдэгч болох Б.Цэрэннадмидад 2021-5-2-ны өдөр 2,000,000 төгрөгийг, 2021-5-3-ны өдөр 3,000,000 төгрөгийг, 2021-5-7-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2021-5-23-ны өдөр 2,000,000 төгрөгийг, нийт 8,000,000 төгрөгийг зээлдүүлсэн байна.

 

Хариуцагч Б.Цэрэннадмид нь нэхэмжлэгч С.Уранчимэгтэй утсаар холбогдон 2021-5-2-ны өдрөөс 2021-5-23-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 8,000,000 төгрөгийг зээлсэн болох нь хэрэгт авагдсан хариуцагч Б.Цэрэннадмидын банкны дансны хуулга, зохигчийн тайлбараар тогтоогдож, хэн аль нь маргаагүй тул эдгээр зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан хэлцлийн үндсэн дээр үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүсэж, талууд зээлийн гэрээг амаар байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зохицуулснаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсэж, харилцан үүрэг үүссэн гэж үзэхээр байна.

 

Хэдийгээр, талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсэж, үүрэг үүссэн байх боловч хариуцагч Б.Цэрэннадмид нь 3,446,650 төгрөгийг төлсөн, гараар бичсэн төлөхөөр зөвшөөрсөн 5,800,000 төгрөгт нь 10 хувийн хүү багтсан гэж тайлбарлаж байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан бөгөөд зохигчид хооронд бичгээр зээлийн гэрээ байгуулагдаагүй болохыг хэн аль нь тайлбарлаж, маргаагүй.

 

Иймд хэрэгт авагдсан хариуцагч Б.Цэрэннадмидын банкны дансны хуулга болон зохигчийн тайлбарыг үндэслэн хариуцагч Б.Цэрэннадмид нь зээлсэн 8,000,000 төгрөгөөс 3,446,650 төгрөгийг төлсөн байх тул нэхэмжлэгч нь 4,553,350 төгрөгийг хариуцагч Б.Цэрэннадмидаас шаардах эрхтэй байна.

 

Харин хариуцагч Н.Хүдэрчулуунд зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч шилжүүлсэн гэх байдал, тэдгээрийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх байдал хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй, нэхэмжлэгч нь 5,800,000 төгрөгийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрөө нотлох, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй.

 

Иймд дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Б.Цэрэннадмидаас 4,553,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Уранчимэгт олгож, шаардлагаас үлдэх 1,246,650 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 154,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Цэрэннадмидаас нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад ногдох хураамжид 87,804 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Цэрэннадмидаас 4,553,350 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Уранчимэгт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаарлагаас 1,246,650 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Цэрэннадмидаас 87,804 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Уранчимэгт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ