Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2021/03742

 

2021 11 16 101/ШШ2021/03742

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

*******,*******,*******,*******,*******,

хариуцагч- Баянзүрх дүүрэг,*******,*******,*******,,,,

Төрийн банкны чулуун овоо салбар дахь Д.Баттулгын эзэмшлийн 105200534243 дугаартай дансыг хамтран эзэмшигчээр бүртгүүлэхээр тохирсон талуудын 2019 оны 11-р сарын 25-ны өдрийн аман хэлцлийг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийг ашиглан үндэслэлгүйгээр олж авсан 521.381.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Баттулга, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий, хариуцагч Б.Цэен-Ойдов, түүний өмгөөлөгч М.Цэндсүрэн, гэрч А.Алимаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмгөөлөгч Ц.Бат-Өлзий 2020-08-13-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Д.Баттулга, хариуцагч Б.Цэен-Ойдов нар 2011 оноос эхлэн хамтран амьдарч, 2012 оны 05 сарын 18-нд том охин Б.Мишээл, 2014 оны 01 сарын 07-нд бага охин Арвинхишигт нар төрсөн байна. Нэхэмжлэгч Д.Баттулга нь олон жил ганцаараа хөөсөнцөр сэндвичний үйлдвэр ажиллуулж, Төрийн банкны Баянзүрх дүүргийн Чулуун овоо салбарт 105200534243 тоот хадгаламжийн данс нээлгэж энэ дансандаа өөрийн хөдөлмөр орлогоор олсон 536.381.959 төгрөгийг 2018 оны 09 сарын 07-ны өдөр байгуулсан тусгай нөхцөлд, хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээний нөхцөлөөр байршуулж, банканд хадгалуулж байсан байна.

Д.Баттулга нь банканд данс нээлгэж дээрх дүн бүхий мөнгийг өөрийн хөдөлмөр орлогоор бүрдүүлсэн нь банкны депозит дансны гүйлгээ бусад баримтаар нотлогдох тул түүнийг Иргэний хуулийн 90.1, 91.1-д зааснаар дансны хууль ёсны эзэмшигч уг дансанд байгаа мөнгөн хөрөнгийн өмчлөгч гэж үзнэ. Гэтэл 2019 оны 11 сарын 25-ны өдөр Б.Цэен-Ойдов нь 2 хүүхдийн эхийн хувьд хадгаламжийн дансны чинь гүйлгээг хянаж байя хамтран эзэмшигчээр бүртгүүлж өг гэж хүсэхэд нь зөвшөөрч банканд хүсэлт гаргасан байна. Энэхүү хүсэлтээр Д.Баттулга нь хамтран эзэмшигч Б.Цэен-Ойдовт данс эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүй орлого зарлагын гүйлгээ хийх эрхийг олгоогүй байна. Мөн хадгалагч, хадгалуулагч нарын хооронд үүссэн хадгаламжийн гэрээг цуцлах, өөрчлөх, хадгаламжийн мөнгөн хөрөнгийг захиран зарцуулж, өөртөө шилжүүлж авах эрхийг Б.Цэен-Ойдовт олгоогүй байна. Уг хөрөнгө өмчлөгчийн мэдэлд, түүний өөрийн нь дансанд байршиж байгаа, уг хөрөнгийг хууль ёсоор хүсэл зоригийн дагуу шилжүүлээгүй, тийм эрхийг олгоогүй тул Б.Цэен-Ойдовыг Иргэний хуулийн 89, 90, 93-р зүйлд зааснаар тухайн хөрөнгийн эзэмшигч гэж үзэхгүй ба түүнд хууль ёсны эзэмшигчийн эрх үүсэхгүй тэрчлэн хуульд зааснаар эсвэл хэлцлээр хөрөнгө олж авсан гэж үзэх үндэслэлгүй. Мөн Иргэний хуулийн 108-р зүйлд заасан хамтран өмчлөгч, гэр бүлийн хөрөнгийн хамтран өмчлөгч ч гэж үзэх үндэслэлгүй байна.

Гэтэл Б.Цэен-Ойдов нь 2020 оны 07 сарын 21-нд банкин дээр очиж өмчлөгчийн зөвшөөрөлгүй хадгаламжийн гэрээг цуцлан данс эзэмшигчийн өмч 521.381.000 төгрөгийг 106200441401 дугаартай данс руу шилжүүлэн авсан байна. Д.Баттулга нь ийм байдлаар мөнгийг авсан нь үндэслэлгүй болохыг мэдэгдэж буцааж шилжүүлэх шаардлага тавихад авах ёстой учраас авсан, цаашид чамтай хамтран амьдрахгүй гэж хэлээд 2 хүүхдээ авч явсан, одоо уулзах, ярилцах, тохиролцохоос зайлсхийж байгаа байна.

Ийнхүү хэлцэл хийхээр хууран мэхэлж хамтран эзэмшигчээр бүртгүүлж энэ байдлыг ашиглан хэлцлийн нөгөө талдаа хохирол учруулсан нь үйл баримтаар нотлогдож байгаа тул мэхлэгдсэн тал буюу Д.Баттулга нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар хууран мэхэлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар, тэрчлэн энэхүү хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавраас учирсан хохирлоо шаардах эрх, үүрэг үүсч байна.

Б.Цэен-Ойдовын энэ үйлдлийг товч дүгнэхэд хууран мэхэлж хэлцэл хийх замаар бусдын хөрөнгийг хууль бусаар, шударга бусаар олж үндэслэлгүй хөрөнгөжсөн байдал тодорхой байна. Хадгаламж эзэмшигч Д.Баттулга нь ийнхүү мөнгөө алдсан явдалтай холбогдуулж Төрийн банкны тухайн салбарт хандсан байна, банк хамтран эзэмшигчээр бүртгүүлэх хүсэлт, дансны гүйлгээ, хадгаламжийн гэрээ зэргийг гаргаж өгснөөс өөр арга хэмжээ авч өгөхгүй байгаа гэдгийг дурдах нь зүйтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч хариуцагчийг сонгох эрхтэй, нэхэмжлэлд дурдсан мөнгийг Б.Цэен-Ойдов авсан нь тодорхой тул түүнийг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан болно.

Энэхүү нэхэмжлэл нь урьдчилан шийдвэрлүүлэхээр хуульд заагаагүй нэхэмжлэл тул шууд шүүхэд хандах нь үндэслэлтэй гэж үзнэ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад банкийг хамтран хариуцагчаар нэмж татах, тухайн банкнаас холбогдох нотлох баримтыг шүүхийн журмаар гаргуулах, банканд холбогдуулж жич гэм хорын нэхэмжлэл гаргах эрх нэхэмжлэгч талд нээлттэй байгааг дурдаж байна.

Нэхэмжлэлийг төлөөлөн гаргаж байгаа Ц.Бат-өлзий надад нэхэмжлэгч Д.Баттулга нь дээрх маргаан бүхий асуудлаар шүүхэд төлөөлж нэхэмжлэл гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж оролцох эрхийг итгэмжлэлээр олгосон болно. Төлөөлүүлэгч шүүхэд өөрийгөө өмгөөлөгч Ц.Бат-Өлзийгөөр төлөөлүүлэх хүсэл зориг түүнээс олгосон итгэмжлэлд тусгалаа олсон. Ийм учраас хариуцагч Б.Цэен-Ойдовт холбогдуулан төрийн банкны Чулуун овоо салбар дахь Д.Баттулгын эзэмшлийн 105200534243 дугаартай дансыг хамтран эзэмшигчээр бүртгүүлэхээр тохирсон талуудын 2019 оны 11 сарын 25-ны өдөр аман хэлцлийг Иргэний хуулийн 59.1 дүгээр зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийг ашиглан үндэслэлгүйгээр олж авсан 521.381.000 төгрөгийг хариуцагч Б.Цэен-Ойдовоос гаргуулж Д.Баттулгад олгуулахаар тус тус нэхэмжилж байна гэжээ /1-р хх-1-2/.

 

Нэхэмжлэгч Д.Баттулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчтай 2012 оноос хамтын амьдрал эхэлж, 2 охин төрснөөр бид 2012-2020 он хүртэл хамт амьдарсан. Энэ хугацаанд гэрлэлтээ бүртгүүлээгүй, хариуцагч олон удаагийн хүсэлт гаргаснаар хүүхдүүдийн чинь эх учраас данс дахь мөнгийг нь хянаж байх зорилгоор дансны хамтран эзэмшигчээр бүртгүүлэх хүсэлт гаргасан тул хамт явж дансны хамтран эзэмшигчээр бүртгүүлсэн. Гэхдээ захиран зарцуулах эрхийг олгоогүй, 2020-3-17-ны өдөр хадгаламжийн хугацаа дууссан байсан тул би өөрөө очиж 6 сарын хугацаагаар сунгах хүсэлт гаргасан байхад 2020-7-24-нд миний зөвшөөрөлгүйгээр хугацаатай хадгаламжийн гэрээг цуцалж, данс дахь бүх мөнгийг Цэен-Ойдов өөрийн данс руугаа шилжүүлж авсан байдаг.

Би 2020-7-27-ны өдөр мах аваад гэртээ орж ирэхэд хариуцагч Цен-Ойдов нь худлаа хашгирч, уйлж цагдаа дуудсанаар намайг цагдаагаас баривчилсан тул бодит байдлыг тайлбарлан хэлсээр байтал намайг 300,000 төгрөгөөр торгосон, уг төлбөрийг би зөвшөөрөхгүй гэж маргаж байхад хариуцагч Цэен-Ойдов өөрийн биеэр очиж төлсөн байдаг.

Мөн 2020-8-27-ны өдөр хариуцагч Цэен-Ойдов нь надтай хамтын амьдралтай болохыг тогтоолгосон шүүхийн шийдвэр гаргуулсан байгааг ч зөвшөөрөхгүй. Би ажил хөдөлмөр эрхэлж, гэр бүлээ тэжээн тэтгэж ирсэн. Энэ хугацаанд Цэен-Ойдовыг сургуульд сургаж, үр хүүхдээ асарч байсан. Түүний хүсэлтээр 2017 онд цайны газар барьж өгснөөр шинээр бизнес эхлүүлж орлогыг нь Цэен-Ойдов өөрөө хэрэглэж байсан, би жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж орлого олж байсан. Гэтэл Цэен-Ойдов нь цайны газраа 2 жил ажиллуулаад хаясан, одоо цоожтой байдаг.

Би 2020-7-28-ны өдөр дансанд байсан мөнгийг авсан талаар мэдсэнээр Цэен-Ойдовт хэлэхэд намайг гэрээс хөөсөн. Манай гэр бүлийн амьдарч байсан орон сууц нь хариуцагч Цэен-Ойдовынх боловч өмчлөх эрхийн гэрчилгээ нь эгчийн нь нэр дээр авсан байдаг. Одоо бол энэ байрыг түрээслэж сар бүрийн түрээсийг авдаг байгаа. Би Цэен-Ойдовт итгэж Төрийн банкин дахь дансныхаа хамтран эзэмшигчээр бүртгүүлсэн нь алдаа байсан тул Цэен-Ойдовыг хугацаатай хадгаламжийн дансны хамтран эзэмшигчээр бүртгүүлэхээр тохиролцсон хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргасан гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зохигчид хамтын амьдралтай байсан, нэхэмжлэгч өөрийн хөдөлмөрөөр олсон хөрөнгөө дансанд байршуулсан, хариуцагч Цэен-Ойдовын хүсэлтийг хүлээн авч банкны дансны хамтран эзэмшигчээр бүртгүүлсэн байгаа нь Иргэний хуулийн 42-т заасан талууд хүсэл зоригоо илэрхийлж, үйлдэл хийгдсэнээр хэлцэл хийгдсэн гэж үзэхээр байгаа тул нэхэмжлэгч Д.Баттулгыг хууран мэхлэх зорилгоор хийгдсэн хэлцэл гэж үзэж байгаа. Хариуцагч нь нэхэмжлэгчид мэдэгдэлгүйгээр шүүхээр хамтын амьдралтай болохыг тогтоолгосон байдаг, мөн дансан дахь мөнгийг нэхэмжлэгчид мэдэгдэлгүйгээр авсан байдаг. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй байхад цагдаад мэдэгдэж, торгуулийн арга хэмжээ авахуулсан байдаг, уг төлбөрийг хариуцагч Цэен-Ойдов өөрөө төлсөн байдаг тул хууран мэхэлсэн байдлыг бүрдүүлж байна гэж үзэж байгаа. Хууран мэхэлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах үр дагаврыг шаардаж байгаа гэв.

 

Хариуцагч 2020-09-08-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Баттулгын нэхэмжилсэн 521.381.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би 2008 оноос 2020 оны 8-р сар хүртэл хамтран амьдрах хугацаанд 2012-05-18-нд Б.Мишээл, 2014-01-07-нд Б.Ариунхишиг нарыг төрүүлсэн. Хоёр охины төрсний гэрчилгээг эцэг Д.Баттулгаар овоглуулан авсан. Бид 12 жилийн хугацаанд хамтран амьдарсан. Энэ хугацаанд миний бие гэр бүлийн гишүүний эрх үүргээ биелүүлэн хоёр охиноо эрүүл чийрэг өгсөн хүмүүжүүлж, Д.Баттулга ажил хөдөлмөр эрхэлж байх хугацаанд Иргэний хуулийн 128.1 дэх зүйлд зааснаар би гэр бүлийн гишүүний хувьд хамтран өмчлөх дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлж өмч хөрөнгөө өсгөн арвижуулахын тулд өөрийн хүч хөдөлмөр, сэтгэл санаагаа зориулж байсны тулд Д.Баттулгын нэхэмжилсэн 521.381.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар сөрөг нэхэмжлэл гаргах болно. Уг 521.381.000 төгрөгийг хоёр охины амин хувийн хэрэгцээг хангахын тулд орон байр, сурч боловсроход зориулан зарцуулж байгаа болно гэжээ /хх-42/.

 

Хариуцагч Б.Цэен-Ойдов шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид танилцах үед Америкийн нэгдсэн улсад ажиллаж, амьдарч байсан тул гэрлэлтээ бүртгүүлж амжаагүй бөгөөд Монголдоо ирэхэд хүүхэд маань 8 сартай, би жирэмсэн байсан тул хоёр нялх хүүхэдтэй байсаар гэрлэлтээ батлуулахгүй явсаар өдийг хүрсэн. Бидний арван хэдийн жилийн амьдралын өнгөрсөн хугацааг эргээд харахад гутаж байна. Д.Баттулга нь үүрэг хариуцлага хүлээх чадваргүй, бидний амьдралд зөндөө зүйл тохиолдолж байсан, бидний хүсэл зоригоор дансны хамтран эзэмшигчээр намайг бүртгүүлсэн байгаа. Би энэ хүнийг хууран мэхэлсэн зүйл байхгүй. Арван хэдэн жил бид хамт амьдарсан байхад яагаад эрх чөлөөтэй нийгэмд амьдарч байж хүний элэгдэл хорогдлыг тооцдоггүй юм. Бид салж нийлээд явсаар 2020 оны 7-р сараас тусдаа амьдарч байгаа. Ингэж тусдаа амьдарсан хугацаанд Д.Баттулга нь утсаар байнга дарамталж байдаг. Хамтран эзэмшигчийн хувьд надад эрх нь байсан тул төрийн банк надад мөнгийг шилжүүлсэн. Бид орон гэргүй байсан тул хоёр хүүхдийнхээ эрх ашгийг хамгаалах зорилгоор тэр мөнгийг авсан. Д.Баттулга нь гэр бүлээс гадуур харилцаа тогтоосон байгаад дахиж ийм асуудал гаргахгүй гэж амласан боловч дахиад л ийм харилцаа гаргасан тул дансан дахь мөнгийг авч орон байр худалдан авсан. Төрийн банкинд дансны хамтран эзэмшигчээр бүртгүүлэх хүсэлтийг нэхэмжлэгч өөрөө гаргасан.

Д.Баттулгатай хамтын амьдралтай байсныг тогтоолгоход Д.Баттулга нь өөр Болорцэцэг гэдэг хүнтэй гэрлэлтээ батлуулсан байсан, Солонгос улсын визэнд орох зорилгоор гэрлэлтээ батлуулсан гэж хэлсэн. Өнгөрсөн хугацаанд гэр бүлийн арын албыг би дангаар хариуцаж байсан, санхүүг Д.Баттулга хариуцаж байсан ч хангалттай байгаагүй. Бие сэтгэлийн хувьд цаг хугацаа их зарцуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс аман хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлага гаргасан бөгөөд Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. Энэ тохиолдолд хууран мэхэлсэн этгээд ашиг хонжоо олох, эсхүл мэхлэгдсэн этгээдэд гэм хор учруулах зорилготой байсан эсэх нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход нөлөөлөхгүй гэж заасан. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Д.Баттулга хууран мэхлэгдсэн гэх байдал байхгүй. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг хууран мэхлэх хүсэл сонирхол байгаагүй, бодитой үйлдэл гаргасан зүйл ч байхгүй. Өөрөөр хэлбэл зохиомол байдлаар бий болгож нэхэмжлэгчийг хуурсан гэх байдал нотлогдохгүй байна. Орон сууц худалдах худалдан авах гэрээнээс харахад гэр бүлийн гурван гишүүний амьдрах зориулалтаар худалдан авсан, нэхэмжлэгч Д.Баттулгын хүүхдүүдийн амьдрах орчин нөхцөлөөр хангасан нь нэхэмжлэгчийг хууран мэхэлсэн зүйл болохгүй.

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Иргэний хуулийн 56-р зүйлийн үр дагаврын талаар шаардлага гаргаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй байна. Нэхэмжлэгч тал хүсэлтийн маягтыг үндэслэлээ гэж заагаад байх шиг байна. Уг хүсэлтийн баримтаар нэхэмжлэгч Д.Баттулга өөрөө хүсэл зоригоо илэрхийлсэн байгаа. Дансны зарлагыг Төрийн банк хийсэн бөгөөд хариуцагч Цэен-Ойдовт банкнаас зарлага хийхийг хориглосон зүйл байхгүй. Хэргийн баримтаас харахад нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй байхад иргэний хэрэг үүсгэсэн байгаа. Мөн Д.Баттулгаас иргэнд итгэмжлэл өгсөн байхад өмгөөлөгчийн хувиар нэхэмжлэл гаргах эрхгүй байгаа.

Шүүх хуралдаанд Иргэний хуулийн 492.1-р үндэслэлгүй хөрөнгөжсөн гээд байгаа боловч шаардлагаа Иргэний хуулийн 59.1-р гэж тодорхойлон тайлбарлаад байгаа нь ойлгомжгүй байна. Иргэний хуулийн 59.4-т сонирхогч этгээд энэ зүйлд заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах үндэслэл байгааг мэдсэнээс хойш нэг жилийн дотор нөгөө талдаа гомдлын шаардлага гаргах эрхтэй гэж байгаа тул хүчин төгөлдөр бус хэлцлийг ашиглан үр дагавар гэж шаардаж байгаа нь үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэл тодорхойгүй байх тул хууль зүйн үндэслэл тайлбар гаргах боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Баттулга нь хариуцагчаар иргэн Б.Цэен-Ойдовыг тодорхойлон татаж, түүнд холбогдуулан Төрийн банкны чулуун овоо салбар дахь өөрийн эзэмшлийн 105200534243 тоот дансны хамтран эзэмшигчээр хариуцагчийг бүртгүүлэхээр тохирсон 2019 оны 11-р сарын 25-ны өдрийн аман хэлцлийг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийг ашиглан үндэслэлгүйгээр олж авсан 521.381.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан /1-р хх-1-2/.

 

Дээрх шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч талаас ...хариуцагч Б.Цэен-Ойдов нь 2 хүүхдийн эхийн хувьд хадгаламжийн дансны чинь гүйлгээг хянаж байх хэрэгтэй байна гэснээр Төрийн банкин дахь хугацаатай хадгаламжийн хамтран эзэмшигчээр бүртгүүлэх хүсэлтийг банканд гаргасан боловч хариуцагч нь мэдэгдэлгүйгээр хугацаатай хадгаламжийн хугацааг цуцалж, дансанд байсан мөнгийг авсан нь хууран мэхэлсэн гэж тайлбарласан.

 

Хариуцагч Б.Цэен-Ойдов нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх татгалзлын үндэслэлээ ...бид 2008 оноос 2020 оны 8-р сар хүртэл хамт амьдарсан, 2012-05-18-нд охин Б.Мишээл, 2014-01-07-нд охин Б.Ариунхишиг нарыг төрүүлснээр гэр бүлийн гишүүний эрх, үүргээ биелүүлэн хоёр охиноо эрүүл чийрэг өгсөн хүмүүжүүлж, Д.Баттулга ажил хөдөлмөр эрхэлж байх хугацаанд гэр бүлийн гишүүний хувьд хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлж өмч хөрөнгөө өсгөн арвижуулахын тулд өөрийн хүч хөдөлмөр, сэтгэл санаагаа зориулж байсан. Төрийн банкин дахь хадгаламжийн хамтран эзэмшигчээр бүртгүүлэх хүсэлтийг нэхэмжлэгч өөрөө гаргасан тул түүнийг хууран мэхэлсэн зүйл байхгүй, 521.381.000 төгрөгийг хоёр охины амин хувийн хэрэгцээ болох орон байр худалдан авах, сурч боловсроход зориулан зарцуулж байгаа гэж тайлбарласан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д ...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй... бөгөөд нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх учиртай.

 

Ийнхүү тодорхойлон гаргасан шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангасан эсэхийг шалгах нь шүүхийн үүрэг тул хуулийн 62.1.4-т нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар нэхэмжлэлд тусгахаар нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн талаар хуульчилсан.

 

Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх ёстой ба нэхэмжлэлийн шаардлага нь тухайн үндэслэлд тулгуурлан нэхэмжлэгч шүүхээс юу хүсэж байгааг илэрхийлэх бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл 2-ыг ялган зааглаж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулснаар нэхэмжлэгч ямар шаардлага гаргах, улмаар шүүх зөрчигдсөн эрхийг сэргээх асуудлыг шийдвэрлэх боломжтой.

 

Тиймээс нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд байх, хэний нэхэмжлэлтэй хэнд холбогдох маргааныг шүүх шийдвэрлэхийг тодорхойлохоос гадна хариуцагчийн зүгээс нэхэмжлэл түүний үндэслэл, шаардлагын дагуу мэтгэлцэх, шүүхийн шийдвэр тодорхой буюу ойлгомжтой, биелэгдэх боломж зэрэгтэй шууд холбоотой байдаг.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2012 оны 05-р сарын 18-ны өдөр төрсөн Мишээл, 2014 оны 01-р сарын 7-ны өдөр төрсөн, Арвинхишигт нарын эцгийг Доржшувагийн Баттулга гэж, эхийг Батдэмбэрэлийн Цэен-Ойдов гэж бүртгэсэн /1-р хх-6, 7/ байх бөгөөд хариуцагч Б.Цэен-Ойдовыг 2008 оны 10-р сараас 2020 оны 8-р сарыг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч Д.Баттулгатай хамтын амьдралтай байсан болохыг тогтоосон 101/ШШ2020/02958 дугаартай шийдвэр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 8-р сарын 27-ны өдөр гарсан байна /1-р хх-48-50, 244-245/.

 

Тусгай нөхцөлт хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээг нэхэмжлэгч Д.Баттулга нь Төрийн банк ХХК-ийн Чулуун овоо тооцооны төвтэй 2018 оны 9-р сарын 7-ны өдөр байгуулж, гэрээний хугацааг 2018-9-7-ны өдрөөс 2019-9-12-ны өдрийг хүртэлх хугацаанд дансанд орлого, зарлагын гүйлгээ хийхгүй гэж байгуулсан /1-р хх-8 225/ байх боловч уг дансанд хамтран эзэмшигчээр бүртгүүлэх хүсэлтийн 2019-11-25-ны өдрийн маягтад данс эзэмшигч 1 гээд нэхэмжлэгч Д.Баттулга, данс эзэмшигч 2 гээд хариуцагч Б.Цэен-Ойдов нар гарын үсэг зурсан байна /1-р хх-11, 228/.

 

Хэргийн 1-р хавтасны 226-р талд авагдсан баримтын гарчиг байхгүй, 105200534243 дугаартай гэрээг 2020-3-17-ны өдрөөс 2020-9-13-ны өдрийг хүртэлх хугацаагаар сунгаж, данс эзэмшигч 1 гээд Д.Баттулга гэсэн нэрийн урд гарын үсэг зурсан /1-р хх-226/ байх ба дансны үйлчилгээ авах хүсэлтэд Д.Баттулга хугацаа сунгаж өгнө үү гэж хүсэлт гаргасан байна /1-р хх-227/.

 

Төрийн банк ХХК-ийн 2020-8-31-ний өдрийн 20/101 дугаартай албан бичигт Чулуун овоо тооцооны төвийн харилцагч Д.Баттулга нь 105200534243 дугаартай данс эзэмшиж, 2018-9-7-нд 536,381,959 төгрөгийг хадгалуулсан. Эхнэр Б.Цэен-Ойдовыг 2019-11-25-нд тухайн дансанд хамтран эзэмшигчээр бүртгүүлж, аль ч эзэмшигч нь нөгөө хамтран эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр орлого, зарлагын гүйлгээ хийх, гэрээ цуцлах, данс хаах зэргээр адил эрх эдлэх гэсэн эрхүүдийг олгосон байна гэж дурджээ /1-р хх-229/.

 

Дээр дурдсан баримтуудаар нэхэмжлэгч нь талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болох бөгөөд хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон бол амаар хэлцэл хийж болно гэж зааснаар хариуцагч Б.Цэен-Ойдовын гаргасан хадгаламжийн дансны хамтран эзэмшигчээр бүртгүүлэх саналыг нэхэмжлэгч Д.Баттулга хүлээн зөвшөөрч Төрийн банк ХХК-нд илэрхийлэн гаргасан субьектив хүсэл сонирхлоо Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар хууран мэхлэгдсэн тул хуулийн 59.1-д зааснаар мэхлэгдсэн этгээд шаардах эрхтэй гэж тайлбарласан.

 

Аливаа хэлцэл, гэрээ хүчин төгөлдөр болоход тавигдах шалгуур нь субъект, агуулга, хэлбэр болон субьектив талын шинжүүд байна.

Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. Энэ тохиолдолд хууран мэхэлсэн этгээд ашиг хонжоо олох, эсхүл мэхлэгдсэн этгээдэд гэм хор учруулах зорилготой байсан эсэх нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход нөлөөлөхгүй гэж заажээ.

 

Тиймээс Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар нэхэмжлэгч Д.Баттулга нь Төрийн банк ХХК-ийн Чулуу овоо тооцооны төвд 2019 оны 11-р сарын 25-ны өдөр хамтран эзэмшигчээр Б.Цэен-Ойдовыг бүртгүүлэх хүсэлт гаргаснаар тус банкны 105200534243 тоот дансны хамтран эзэмшигчээр Б.Цэен-Ойдовыг бүртгэсэн болохыг түүнд хамтран эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр орлого, зарлагын гүйлгээ хийх, гэрээ цуцлах, данс хаах зэрэг эрхийг дансны хамтран эзэмшигч Д.Баттулга олгосон болохыг Төрийн банк ХХК нь тодорхойлсон байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Д.Баттулгын Төрийн банк ХХК-нд гаргасан өөрийн нэр дээр бүртгэлтэй хугацаатай хадгаламжийн дансны хамтран эзэмшигч нэмж бүртгүүлэх хүсэлтийг Төрийн банк ХХК хүлээн авснаар хариуцагч Б.Цэен-Ойдовыг нэхэмжлэгчийн нэр дээрх дансны хамтран эзэмшигчээр бүртгэсэн гэж үзэхээр байна.

 

Зохигчийн хамтран эзэмшиж байгаа Төрийн банк ХХК-ийн 105200534243 тоот хугацаатай хадгаламжаас хариуцагч Б.Цэен-Ойдовын хүсэлтээр 2020-7-21-ний өдөр 521,381,000 төгрөгийн зарлагын гүйлгээг Төрийн банк ХХК хийсэн болох нь тус банкны депозит дансны харилцагчийн монгол хуулга /1-р хх-9-10/ баримтаар нотлогдож байх бөгөөд ийнхүү хамтран эзэмшиж байгаа данснаас нэг хамтран эзэмшигчийн хүсэлтээр зарлагын гүйлгээ гаргасантай холбоотойгоо Төрийн банк ХХК-нд холбогдуулан ямар нэгэн шаардлага гаргаагүй болохыг нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд тайлбарласан.

 

Зохигчийн маргааны зүйл нь Д.Баттулга, Б.Цэен-Ойдов нарын Төрийн банк ХХК-ийн 105200534243 тоот данснаас хариуцагч Б.Цэен-Ойдов нь 521,381,000 төгрөгийн гүйлгээ хийсэн нь хамтран эзэмшигч Д.Баттулгыг хууран мэхлэх замаар шилжүүлж авсан гэх үйл баримт учраас хэргийн баримт, зохигчийн тайлбараар нэхэмжлэгч Д.Баттулга нь хариуцагч Б.Цэен-Ойдовын гаргасан дансны хамтран эзэмшигчээр бүртгүүлэх хүсэл зоригийг хүлээн авснаа Төрийн банк ХХК-нд илэрхийлж гаргасан, тухайн банканд зохигчийн хамтран эзэмшиж байсан хугацаатай хадгаламжийг нэг эзэмшигч дангаар цуцалж зарлага гаргасан үйлдлээр нэхэмжлэгчийг хууран мэхэлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэл болсон хууран мэхлэгдсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй болно.

 

Харин хариуцагчийн зүгээс хамтран эзэмшиж байсан данснаас авсан мөнгөөр насанд хүрээгүй хүүхдүүдийн амьдрах орчныг бүрдүүлэхээр орон сууц худалдан авсан болон хүүхдүүдийн нэр дээр хугацаатай хадгаламж нээж хадгалуулсан гэж тайлбарлаж,

хүүхдийн мөнгөн хадгаламжийн 140034106200441417 тоот гэрээг хариуцагч Б.Цэен-Ойдов нь 2021-6-3-ны өдөр Төрийн банк ХХК-тай байгуулж, Б.Арвинхишигт 151,500,000 төгрөгийг 2032-01-7-ны өдрийг хүртэлх хугацаагаар /2-р хх-6-7/, хүүхдийн мөнгөн хадгаламжийн 890034106200441425 тоот гэрээг хариуцагч Б.Цэен-Ойдов нь 2021-6-3-ны өдөр Төрийн банк ХХК-тай байгуулж Б.Мишээлд 151,500,000 төгрөгийг 2021-7-21-ний өдрийг хүртэлх хугацаагаар /2-р хх-8-9/ байгуулсан гэрээ,

ГовьХангай мебель ХХК-ийн тооцооны хуудас /1-р хх-89-93/,

Баянзүрх дүүрэг,, 12-р хороолол, Токиогийн гудамж 24А байрны 3 тоотод байрлах, 66,25 м.кв талбайтай гурван өрөө орон сууц худалдах, худалдан авах гэрээ /2-р хх-1/,

Баянзүрх дүүргийн, 12-р хороолол, Токио гудамж 24А байрны 2 тоотын 18,2 м.кв талбайтай автозогсоол худалдах худалдан авах гэрээ /2-р хх-3/,

Б.Арвинхишигтын дансанд 150,000,000 төгрөг, Б.Мишээлийн дансанд 150,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн Төрийн банкны мөнгөн шилжүүлэг /1-р хх-246, 247/, байрны үнэ гэж 172,000,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн баримт /1-р хх-248/, гараашны үнэ гэж 30,000,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн баримт /1-р хх-249/ зэргийг нотлох баримтаар гаргасан.

 

Нэхэмжлэгч талын хүсэлтээр оролцсон гэрч А.Алимаа нь нэхэмжлэгч Д.Баттулгын ээж нь байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар мэдүүлэг өгөөгүй ба Д.Баттулга, Б.Цэен-Ойдов нартай хамт амьдарч байгаагүй, Баттулгаар овоглосон хүүхдүүд хэний хүүхэд болохыг мэдэхгүй гэж мэдүүлсэн болно.

 

Зохигчийн нотлох баримтаар гаргасан нэгдүгээр хавтаст хэргийн 56-81-р талд авагдсан монгол болон латин үсгээр бичигдсэн баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичгийн нотлох баримтын хэлбэрийн шаардлага хангаагүй бөгөөд зохигчид мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар хүсэлт гаргаагүй тул эдгээр баримтыг нотлох баримтаар үнэлгээгүй болно.

 

Дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч нь хариуцагчийн гаргасан банкин дахь дансны хамтран эзэмшигчээр бүртгүүлэх хүсэл зоригийг хүлээн авсан субьектив байдлаар хууран мэхлэгдсэн гэх байдал, хамтран эзэмшиж байсан хугацаатай хадгаламжийг нэг эзэмшигч дангаар цуцалсан үйлдэл нь нөгөө хамтран эзэмшигчийг хууран мэхэлсэн, ингэснээр хариуцагч ашиг орлого олж, хамтран эзэмшигч болох нэхэмжлэгчид гэм хорын хохирол учруулсан гэх байдал нотлогдон тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ хууран мэхлэгдсэн гэж хүчин төгөлдөр бус гэж тооцох хэлцлийг тодорхойлсон Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг тодорхойлсон атлаа 521,381,000 төгрөгийг хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндэслэл, үр дагаврыг тодорхойлсон Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар шаардаж буй нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Зохигчид 2008 оноос хамтын амьдралтай байсан болохыг тайлбарлаж, 2012, 2014 онд төрсөн Мишээл, Арвинхишигт нарын эцэг, эхээр бүртгэгдсэн байх тул тэдгээрийг эвлэрүүлэх, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцох, шүүх шийдвэр гарахаас өмнө эвлэрлийн талаар асуухад зохигчид эвлэрэхгүй гэснээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн болно.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс 2020-8-13-ны өдөр хоёр баримтаар төлсөн 2,835,055 /70,200+2,764,855/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Цэен-Ойдовт холбогдуулан гаргасан Төрийн банкны чулуун овоо салбар дахь өөрийн эзэмшлийн 105200534243 тоот дансны хамтран эзэмшигчээр бүртгүүлэхээр тохирсон 2019 оны 11-р сарын 25-ны өдрийн аман хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийг ашиглан үндэслэлгүйгээр олж авсан 521.381.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Д.Баттулгын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,835,055 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ