Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2022/01872

 

2022 04 21 101/ШШ2022/01872

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

*******,*******,*******,*******,

хариуцагч- Баянзүрх дүүрэг,*******,*******,*******,*******,

хариуцагч- Баянзүрх дүүрэг,*******,*******,*******,,

хариуцагч- Баянзүрх дүүрэг,*******,*******,*******,,

гэрээний үүрэгт 47,923,066.80 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхмаа, Ч.Очирбат,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Б.Саша,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ариг банк ХХК нь Б.Саша, Ё.Нарантуяа, С.Бадралт нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 47,923,066.80 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухайн нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зээлдэгч Б.Саша, Ё.Нарантуяа, С.Бадралт нартай 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 2109006757 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 45,000,000 төгрөгийн зээлийг жилийн 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай олгосон. Зээлдэгч нар зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлд 14,204,229.70 төгрөгийг, зээлийн хүүүд 10,123,197.02 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүд 12,572.38 төгрөгийн төлөлт хийж, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш төлөлт хийгээгүй, гэрээний хугацаа 2021 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр дууссан тул зээлээ төлөхийг удаа дараа банкнаас шаардасан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй. Б.Саша, Ё.Нарантуяа, С.Бадралт нар 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 30,795,770.30 төгрөг, зээлийн үндсэн хүү 15,539,356.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,587,940.01 төгрөг байгаа тул нийт 47,923,066.80 төгрөгийг гаргуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна гэж тодорхойлсон.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа 47.923.066.80 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, 2019 оноос цар тахал гарч хөл хорио тогтоосноор манай гэр бүлийн мөнгө олж байсан эх үүсвэр хаагдсан. Тэр үед төлбөр төлөх боломжгүй болсон талаараа банкинд хэлж хүүг багасгах талаар санал тавьж бичгээр хүсэлт гаргаж байхад банк бичгээр хариу өгөөгүй. Банк ганц өөрийн эрх ашгийг бодож цар тахлын хэцүү цаг үед ингэж хүү төлбөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрч чадахгүй. Гэрээний хугацаа 2021 оны 11 дүгээр сарын 20-ний өдөр дуусаж байгаа тул энэ хүртэлх хугацааны хүүг төлнө, гэрээний хугацаа дууссанаас хойш бодогдсон хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх нь хүндрэлтэй байна гэв.

 

3. Нэхэмжлэгчээс 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 2109006757 дугаартай зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, зээл, зээлийн хүү төлөх хуваарь, 11-1309172 дугаартай барьцаалбар, 11-13091711 дугаартай барьцаалбар, зээл хүсэгчийн анкет Б.Саша, Ё.Нарантуяа, С.Бадралт, зээлийн дансны хуулга, Б.Сашаагийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 4-р хороо, 15 дугаар хороолол, АОС гудамжны 17 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2204051635 дугаартай, 76,5 м.кв талбатайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн 000258608 дугаартай гэрчилгээ, Ё.Нарантуяагийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 4-р хороо, 15 дугаар хороолол, АОС гудамжны 17С тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2204087573 дугаартай, 85,7 м.кв талбатайтай амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн 000542613 дугаартай гэрчилгээ, 45,000,000 төгрөгийн дүн бүхий мемориалын баримт, Б.Сашаагийн эзэмшлийн Баянзүрх дүүрэг 4-р хороо, нэгж талбарын 3012/0158 дугаартай, 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй, 436 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай газрын 0220667 дугаартай гэрчилгээ, кадастрын зураг, 2021-10-21, 2021-11-4, 2021-11-8, 2021-11-30, 2021-12-03-ны өдрийн Ариг банкнаас зээлдэгч Б.Саша, Ё.Нарантуяа, С.Бадралт нарт гэж хаягласан мэдэгдэл, 2021-7-28-ны өдрийн Б.Сашад гэж хаягласан анхааруулсан мэдэгдэл, 2021-07-28-ны өдрийн зээлдэгч Б.Сашатай уулзсан тэмдэглэл, 2020-8-6, 2021-09-27, 2021-10-01, 2021-9-27, 2021-10-01, 2021-10-11, 2021-10-14-ний өдрийн Б.Саша, Ё.Нарантуяа, С.Бадралт нарт гэж хаягласан анхааруулсан мэдэгдэл, 2021-10-14-ний өдөр зээлдэгчтэй уулзсан тэмдэглэл, зээлийн дансны хуулга зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ариг банк ХХК-ийн нэхэмжлэлээс 46,335,126.79 төгрөг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийг хангаж, 1,587,940 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд

Зээлдэгч Б.Саша, Ё.Нарантуяа, С.Бадралт нартай 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 2109006757 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 45,000,000 төгрөгийн зээлийг жилийн 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай олгосон боловч гэрээний хугацаа 2021 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр дууссан, зээлээ төлөхийг удаа дараа банкнаас шаардасан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаарх үндсэн зээл 30,795,770.30 төгрөг, зээлийн хүү 15,539,356.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,587,940.01 төгрөг, нийт 47,923,066.80 төгрөгийг гаргуулах, уг зээлийн гэрээний үүргээ сайн дураар гүйцэтгэхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж тодорхойлсон.

 

3. Хариуцагч нар нэхэмжлэлийг шаардлагын үгүйсгэсэн үндэслэлээ 2019 оноос цар тахал гарч хөл хорио тогтоосноор манай гэр бүлийн мөнгө олж байсан эх үүсвэр хаагдсан тул төлбөр төлөх боломжгүй болсон талаараа банкинд мэдэгдэж, хүүг багасгах талаар санал тавьж бичгээр хүсэлт гаргахад банк бичгээр хариу өгөөгүй. Банк ганц өөрийн эрх ашгийг бодож цар тахлын хэцүү цаг үед хүү төлбөр нэхэмжилж байгааг, гэрээний хугацаа 2021 оны 11 дүгээр сарын 20-ний өдөр дууссан байхад үүнээс хойш тооцсон хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Ариг банк ХХК нь хариуцагч Б.Саша, Ё.Нарантуяа, С.Бадралт нартай 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 2109006757 тоот зээлийн гэрээ байгуулж, 45,000.000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй зээлдүүлсэн байна.

 

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаанд 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2109006757 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр Б.Саша-н эзэмшлийн 15 жилийн хугацаатай эзэмших, Баянзүрх дүүрэг 4-р хорооны нэгж талбарын 3012/0158 дугаартай 436 м.кв талбайтай, амины орон сууцны зориулалттай газар, Б.Саша-н өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 4-р хороо, 15 дугаар хороолол, АОС гудамжны 17 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2204051635 дугаартай, 76,5 м.кв талбатайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ё.Нарантуяагийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 4-р хороо, 15 дугаар хороолол, АОС гудамжны 17С тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2204087573 дугаартай, 85,7 м.кв талбатайтай амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан байна.

 

5. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт барьцааны гэрээг бичгээр байгуулна гэж, 156.2 дахь хэсэгт үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ гэж тус тус зааснаар талууд үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2109006757 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлэн улсын бүртгэлд 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр бүртгүүлсэн байна.

 

6. Түүнчлэн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7-д газар эзэмших эрхээ энэ хуульд заасан журмын дагуу барьцаалах эрхтэй гэж, мөн 35.3.6-д энэ хуульд заасны дагуу эрхийн гэрчилгээгээ барьцаалах, шилжүүлэх тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх гэж, 38 дугаар зүйлийн 38.5-д газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ гэж тус тус зааснаар иргэн Б.Саша-н эзэмшлийн газар эзэмших эрхийг барьцаалах тухай гэрээг Нийслэлийн газрын албанд бүртгүүлсэн байна.

 

7. Тиймээс зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зээлийн гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр байна.

 

8. Дээрх зээлийн гэрээгээр зээлдэгч Б.Саша, Ё.Нарантуяа, С.Бадралт нар 45,000,000 төгрөгийг 36 сарын хугацаанд ашиглаж, сар бүр үндсэн зээл, зээлийн хүүгийн төлөлт хийх үүрэг хүлээснээр 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн мөнгөн хөрөнгийг төлж дуусгахаар гэрээний талууд тохирч, зээлдэгч нар гэрээний хугацаанд үндсэн зээлд 14,204,229.70 төгрөг, зээлийн хүүд 10,123,197.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 12,572.38 төгрөгийн төлөлт хийж, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн болох нь зээл төлөлтийн дансны хуулга, зээлийн дансны хуулга болон зохигчийн тайлбар, зээл төлөх мэдэгдэл зэргээр тогтоогдож, хариуцагч тал маргаагүй.

 

9. Нэхэмжлэгч Ариг банк ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаарх үндсэн зээлийн үлдэгдэл 30,795,770.30 төгрөг, зээлийн үндсэн хүү 15,539,356.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,587,940.01 төгрөг, нийт 47,923,066.80 төгрөгийг гаргуулахаар шаардсанд хариуцагч тал гэрээний хугацаа 2021 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр дууссан тул уг хугацаанаас хойш тооцсон хүүг зөвшөөрөхгүй гэж татгалзсан тайлбар гаргаж маргасан.

 

10. Зохигчдын хооронд байгуулсан гэрээгээр хүлээсэн үүрэг болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээлийн мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээх бөгөөд мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хүү, хэтэрсэн хугацааны хүүг шаардах эрхтэй.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж зохицуулснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн зөрчлийг зээлдэгч нар гаргасан, зээлийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр зээлдүүлэгч нь зээлдэгч нараас үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй байна. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн этгээд үүргээ тогтоосон хугацаанд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг хугацаанд үүргээ аливаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

 

Хэрэгт авагдсан 2021 оны 10-р сарын 21, 11-р сарын 04, 11-р сарын 8, 11-р сарын 30, 12-р сарын 03-ны өдрүүдийн мэдэгдэлд зээлдэгч нартай утсаар ярьсан талаарх тайлбарыг бичсэн байх бөгөөд 2021 оны 7-р сарын 28-ны өдрийн зээлдэгчтэй уулзсан тэмдэглэлд хариуцагч Б.Саша гарын үсэг зурсан байна.

Мөн 2020 оны 8-р сарын 6, 2021 оны 09-р сарын 27, 10-р сарын 01, 10-р сарын 11, 10-р сарын 14-ний өдрүүдийн анхааруулсан мэдэгдэл зээлдэгч Б.Саша гарын үсэг зурсан, 2021 оны 10-р сарын 14-ний зээлдэгчтэй уулзсан тэмдэглэлд хариуцагч Б.Саша гарын үсэг зурсан байна.

 

11. Хариуцагч тал дэлхий нийтийг хамарсан цар тахалтай холбоотойгоор хөл хорио тогтоосноор 2019 оноос манай гэр бүлийн мөнгө олж байсан эх үүсвэр хаагдсан. Тэр үед төлбөр төлөх боломжгүй болсон талаараа банкинд хэлж хүүг багасгах талаар санал тавьж бичгээр хүсэлт гаргаж байхад банк бичгээр хариу өгөөгүй гэх татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй, энэ талаарх ямар нэгэн баримтыг шүүхэд гаргаагүй.

 

12. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж тус тус заасан.

 

13. Нэхэмжлэгч нь хариуцагч нараас талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу нэмэгдүүлсэн хүүг дээрх хуульд заасан үндэслэлээр шаардах эрхтэй боловч хэрэгт авагдсан баримтаар зээлдэгч нар зээлийн гэрээний үүргийг 2019 оны 12 дугаар сараас хойш зохих ёсоор гүйцэтгээгүй зөрчил гаргасан байхад зээлдүүлэгч гэрээний үүргийг 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гарган шаардаж байгаа нь тухайн цаг хугацаагаар зээлдэгч нарын хариуцлагын хэмжээ болох нэмэгдүүлсэн хүү нэмэгдэх үндэслэл болсон байна.

Өөрөөр хэлбэл, зээлдэгч нар гэрээ байгуулсны дараагаас гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байхад зээлдүүлэгч нь үүргээ гүйцэтгээгүй цаг хугацаанаас хойш шаардах эрхээ хэрэгжүүлээгүйгээс төлөгдөөгүй байсан үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх дүн өсөхөд нөлөөлсөн, нэхэмжлэгч нь зээлийн гэрээнд заасан гэрээ цуцлах арга хэмжээг аваагүйгээс төлөгдөх эсэх нь эргэлзээтэй болсон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нэмэгдснээр зээлдэгч нарын төлбөр төлөх үүрэг нэмэгдсэн байна.

 

14. Иймд зээлдүүлэгч болох банк гэрээний дагуу шаардах эрхээ хэрэгжүүлээгүйгээс зээлдэгч нарын хариуцлагын хэмжээ нэмэгдсэн байх тул зээлдэгчээс нэмэгдүүлсэн хүү шаардах нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэж заасантай нийцэхгүй гэж үзэн нэмэгдүүлсэн хүүг хасаж тооцох нь зүйтэй гэж үзэв.

 

Дурдсан үндэслэлүүдээр хариуцагч нараас үндсэн зээл 30,795,770.30 төгрөг, зээлийн хүүд 15,539,356.49 төгрөг, нийт 46,335,126.79 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,587,940.01 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгчээс хариуцагч нарт холбогдуулан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргасан.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж,

хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана гэж,

мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасан.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчдын хооронд байгуулсан барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн эрх нь хариуцагч Б.Саша, Ё.Нарантуяа нарын өмчлөлийн хөрөнгө байх бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд өмчлөгч Б.Саша, Ё.Нарантуяа нар гарын үсэг зурсан байна.

 

Иймд зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй, зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгчээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардсан тул барьцааны гэрээнд барьцаалсан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 467,766 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хангагдсан нэхэмжлэлийн шаардлагад ногдох хураамжид 459,825.6 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Саша, Ё.Нарантуяа, С.Бадралт нараас 46,335,126.79 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ариг банк ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,587,940.01 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Б.Саша-н эзэмшилд бүртгэлтэй, 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй, Баянзүрх дүүрэг 4-р хорооны нэгж талбарын 3012/0158 дугаартай 436 м.кв талбайтай, амины орон сууцны зориулалттай газар, түүний өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 4-р хороо, 15 дугаар хороолол, АОС гудамжны 17 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2204051635 дугаартай, 76,5 м.кв талбатайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч Ё.Нарантуяагийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 4-р хороо, 15 дугаар хороолол, АОС гудамжны 17С тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2204087573 дугаартай, 85,7 м.кв талбатайтай амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүнгээс хангуулсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 467,766 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Саша, Ё.Нарантуяа, С.Бадралт нараас 459,825.6 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ариг банк ХХК-нд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ