| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 101/2021/02547/И |
| Дугаар | 101/ШШ2021/03376 |
| Огноо | 2021-10-26 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 101/ШШ2021/03376
2021 10 26 101/ШШ2021/03376
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
*******,*******, Олимп хотхон 423 дугаар байрны 119 тоотод оршин суух бүртгэлтэй боловч мөн дүүрэг*******,*******,*******,
хариуцагч- Баянгол дүүрэг,*******,*******,*******,,,*******,,,
орон сууцнаас албадан чөлөөлүүлэх, түрээсийн төлбөрт 14.200.000 төгрөг, ашиглалтын зардалд 439.940 төгрөг, зээлээр авсан барааны төлбөрт 2.400.000 төгрөгийг тус тус гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Будсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Аззаяа /ӨҮ-31-11/, хариуцагч Б.Долгормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016-4-17-ны өдрөөс өөрийн үл хөдлөх өмч болох Баянзүрх дүүрэг 26-р хорооны 424-р байрны 42 тоотын 49,20 м.кв хоёр өрөө байраа Б.Долгормаад сарын 550.000 төгрөгөөр түрээслэж гэрээний дагуу 2018 оныг дуустал түрээсийн мөнгөө хугацаанд нь өгч байгаад 2019 онд 2.300.000 төгрөгийг цувуулж өгөөд 2019 оны түрээсийн төлбөрөөс 4.300.000 төгрөг дутуу 2020 оны түрээс огт өгөөгүй, 6.600.000 төгрөг өгөх ёстой. 2021 оны түрээс одоо 6-р сарын 17 хүртэл 1.100.000 байрны түрээс нийт 12.000.000 төгрөг өгөөгүй. Дээр нь надаас 2.400.000 төгрөгийн бараа аваад мөнгийг нь өгөөгүй. Мөн СӨХ-н төлбөр 289.760 төгрөг төлөөгүй. Би олон удаа түрээсийн мөнгөө өгөхийг шаардсан ч өгөлгүй 2 жил 3 сар миний байранд амьдарч түрээсээ ч төлөхгүй байрыг минь суллаж өгөхгүй байгаа тул байрнаас минь гаргаж байрыг чөлөөлж өгнө үү. Байрны түрээсийн төлбөрт 12.000.000 төгрөг, зээлээр авсан барааны төлбөрт 2.400.000 төгрөг, СӨХ-ны төлбөр 289.760 төгрөг, нийт 14.689.760 төгрөгийн хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ /хх-1, 12/.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэмэгдүүлсэн шаардлагадаа: шүүхэд иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч уг орон сууцанд амьдарч байгаа хугацаанд түрээсийн төлбөр тооцох болон байр ашиглалтын төлбөрийг үндсэн нэхэмжлэл дээр нэмж гаргуулах шаардаж байна. Иймд 2021 оны 6-р сарын 17-ны өдрөөс 2021 оны 10-р сарын 17-ны өдрийг хүртэл 4 сарын түрээсийн төлбөрт 2.200.000 төгрөг, 6-9-р сарын байр ашиглалтын зардалд 150.180 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ /хх-52-53/.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн орон сууцыг түрээслүүлсэн, эхний 3 жил төлбөрөө төлсөн боловч 2019 оны 4-р сарын 17-ны өдрөөс хойших хугацааны түрээсийн төлбөр төлөөгүй тул харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Хариуцагч өмнөх төлсөн төлбөрт маргаагүй, түрээсийн гэрээтэй холбоотой маргаагүй. Мөн 2020 оны 10-р сараас хойших сууц өмчлөгчдийн холбооны төлбөр төлөөгүй байгаа тул энэ хугацааны төлбөрийг нэхэмжлэгч Алтантуяа өөрөө төлсөн байгаа. Харицагч Долгормаа нь нэхэмжлэгчийн байрыг чөлөөлж өгөхгүй байгаа тул орон сууцыг чөлөөлүүлэх шаардлага гаргасан. Орон сууц хөлслөх харилцаа 2016 оны 4-р сарын 17-ны өдрөөс үүссэн бөгөөд талууд амаар тохиролцон орон сууц хөлслөх гэрээг сунгаад явж байсан. Тухайн үед үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараагүй байгаад хаягаа өөрчлөөгүй байсан тул 2019 оны 4-р сарын 17-ны өдрөөс 2021 оны 10-р сарын 17-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөрт 14.200.000 төгрөгийг нэхэмжилж байгаа.
Мөн 2020 оны 10-р сараас 2021 оны 9-р сарыг хүртэлх хугацааны сууц өмчлөгчдийн холбооны 439.940 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байгаад нэхэмжлэгч Төрийн банкаар дамжуулж энэ төлбөрийг төлсөн тул уг төлбөрийг нэхэмжилж байгаа. Хариуцагчийн тайлбараар зээлээр бараа материал авсан болох нь нотлогдож байгаа тул зээлээр авсан барааны төлбөрт 2.400.000 төгрөгийг тус тус нэхэмжилж байгаа. Хариуцагч өөрөө будилж тайлбар гаргаад байна. Түрээсийн төлбөрт нийт 2.300.000 төгрөг өгсөн гэдгийг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхойлсон байгаа, уг мөнгийг 2020 онд өгсөн боловч 2019 оны төлбөрт тооцсон байгаа гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Алтантуяагийн байрыг 2016-4-17-ны өдрөөс эхлэн одоог хүртэл хөлслөн амьдарч байгаа бөгөөд 2016-4-17-ны өдрөөс 2019-4-17-ны өдрийг хүртэлх 2 жилийн хугацааны хөлсийг бүрэн төлж барагдуулсан. Харин 2019-4-17-ны өдрөөс 2021-4-17-ны өдрийг хүртэл хугацааны хөлс болох 11.000.000 төгрөг төлөгдөөгүй байгаа. Энэ нь дэлхий нийтийг хамарсан цар тахал ковид-19 өвчний шалтгаанаар ажилгүй болж, орлого буурсантай холбоотой байдаг. Уг мөнгийг Д.Алтантуяатай уулзаж ярилцаад тооцоо нийлж, тодорхой хугацаа тохирч төлж барагдуулж болно гэж бодож байна.
Орон сууц албадан чөлөөлүүлэхийг зөвшөөрөхгүй, энэ байранд миний эд хөрөнгө тавилга бүтэн тавьсан байгаа, Алтантуяагийн өөрийнх нь гаргасан зөрчил байгаа учраас байр чөлөөлөхийг зөвшөөрөхгүй.
Түрээсийн төлбөрийн 14.200.000 төгрөгийн тухайд 2020 оны 8-р сард бэлэн 1.000.000 төгрөг, дараа нь 800,000 төгрөг бэлнээр өгсөн тул 12.400.000 төгрөгийг зөвшөөрөхгүй, өөр тооцоо байгаа тул зөвшөөрөхгүй. Түрээсийн гэрээний хугацаа дуусаад 1 жил өнгөрсөн, анх байгуулсан гэрээнд заасан 32 тоотод хүн байгаагүй тул 7-р давхарын 42 тоотод амьдарч байгаа нь үнэн, энэ хаягт 2017 оны 4-р сарын 17-ны өдрөөс хойш амьдарч байгаа тул 2019 оны 4-р сарын 17-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөрт маргаан байхгүй. 2019 оны 4-р сарын 18-ны өдрөөс хойш түрээсийн төлбөр төлөхгүй гээд байгаа нь мөнгө олох боломжгүй байсан ч 2020 онд 1 сая төгрөг, 800.000 төгрөгийг бэлэн өгсөн боловч баримт үйлдээгүй. Түрээсийн төлбөрт 2021 оны 10-р сар хүртэлх хугацааны төлбөрийг төлөхгүй, барьцаанд 500.000 төгрөг бэлэн өгсөн байгаа. Би өөрөө үзмэрч хүн учраас надад бэлэн мөнгө байдаг учир Алтантуяад бэлнээр өгсөн байгаа. Зээлээр бараа авсан 2.400.000 төгрөгийг зөвшөөрөхгүй, цагаан сарын үеэр авсан 10 подвалкны үнэ 500.000 төгрөгийг 2020 оны 7 сард Алтантуяагийн Хаан банкны 50851049 тоот дансанд шилжүүлсэн, түүнээс 2.400.000 төгрөгийн хэмжээний бараа зээлээ аваагүй тул зөвшөөрөхгүй.
Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг зөвшөөрнө, уг төлбөрийг бидний хэн аль нь төлөөгүй байгаа. 2020 онд 1.800.000 төгрөг нэхэмжлэгчид өгсөн байгаа тул Алтантуяа нь худлаа нэхэмжлэл өгсөн байна. Худлаа нэхэмжлэл учраас хэлэх үг алга, иргэн өөрийгөө өмгөөлөх эрхтэй, Алтантуяа гэрчилгээний талаарх баримтыг надад өгөөгүй гэв /хх-19, шүүх хуралдааны тэмдэглэл/.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Алтантуяа нь хариуцагч Б.Долгормаад холбогдуулан Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Хүннүгийн гудамж, 424-р байрны 42 тоотод байрлах орон сууцыг түүний хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, түрээсийн 2019 оны 4-р сарын 17-ны өдрөөс 2021 оны 10-р сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөрт 14.200.000 төгрөг, 2020 оны 10-р сараас 2021 оны 9-р сар хүртэлх хугацааны ашиглалтын төлбөрт 439.940 төгрөг, зээлээр худалдан авсан барааны төлбөрт 2.400.000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан /хх-1, 12, 52-53/.
орон сууцнаас албадан чөлөөлүүлэх шаардлагын тухайд
Хэрэгт авагдсан баримтаар маргааны зүйл болох Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Хүннүгийн гудамж, 424-р байрны 42 тоотод байрлах, 49,20 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр БНСУлсын иргэн Дашдэндэв Алтантуяа /Dashdendev Altantuya/ бүртгэлтэй болох нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2204091184 дугаартай гэрчилгээгээр нотлогдож байна /хх-5/.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан бөгөөд дээрх орон сууцны өмчлөгч нь нэхэмжлэгч БНСУлсын иргэн Дашдэндэв Алтантуяа /Dashdendev Altantuya/ болох нь нотлогдож байх тул өмчлөх эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой шаардлага гаргах эрхтэй байна.
Дээрх орон сууцыг нэхэмжлэгч тал 2016 оны 4-р сарын 17-ны өдрөөс хөлслүүлсэн талаар, хариуцагч 2017 оны 4-р сарын 17-ны өдрөөс хөлслөн суусан гэж тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан Үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээ-ний огноо нь 2016 оны 4-р сарын 17 гэж бичигдсэн байх боловч гэрээний 1.1-д Баянзүрх дүүрэг, 26-р хороо, F байр 270 айлын 32 тоот хаягт байрлах, 47,60 м.кв хоёр өрөө орон сууц гэж, гэрээний 2.1-д үл хөдлөх хөрөнгийг 2017 оны 4-р сарын 17-ны өдрөөс 2018 оны 4-р сарын 07-ны өдрийг хүртэл нэг жилийн хугацаагаар хөлслүүлнэ гэрээний талууд тохиролцсон байна /хх-5/.
Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан тул зохигчийн хооронд байгуулагдсан дээрх үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа нь 2017 оны 4-р сарын 17-ны өдрөөс эхэлсэн гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд гэрээний 1.1-д заасан 32 тоотод бус 424-р байрны 7-р давхарын 42 тоотод амьдарч байгаа болохыг хариуцагч зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
Тиймээс нэхэмжлэгч дээрх үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээг дуусгавар болгож тухайн орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх шаардлага гаргаж байгааг хангах үндэслэлтэй байна.
Учир нь, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан.
Өөрөөр хэлбэл үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд тус тус зааснаар эрх бүхий байгууллагад тийнхүү бүртүүлснээр шинэ өмчлөгчийн өмчлөх эрх үүсэх учиртай.
Хариуцагч нь үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээний үндсэн дээр нэхэмжлэгчийн өмчлөлийн 424-р байрны 42 тоотод амьдарч байгаа болохыг хүлээн зөвшөөрч, энэхүү байранд өөрийн эд зүйлийг байрлуулсан, Алтантуяа байрны цоожны голыг сольсноор гэртээ хэд хоног орж чадаагүйгээр Алтантуяагийн гаргасан зөрчилж байгаа тул байрыг чөлөөлөх боломжгүй гэх тайлбарын хувьд өмчлөх эрхийг хуульд заасны дагуу шилжүүлээгүй тохиолдолд хууль ёсны өмчлөгч нь улсын бүртгэлд бүртгэгдсэнээр БНСУлсын иргэн Дашдэндэв Алтантуяа /Dashdendev Altantuya/ байх тул хэн нэгэн этгээд үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж байгаа тохиолдолд түүнийг өмчлөгч гэж үзэхгүй бөгөөд Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар бүртгэл үнэн зөв байх зарчмын хүрээнд гагцхүү улсын бүртгэлд бүртгэгдсэн этгээдийг өмчлөгч гэж тооцно.
Иймд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг тул хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэгч нь хариуцагчийн хууль бусаар орон сууц эзэмшиж байгаа үйлдлийн улмаас өмчлөх эрх нь зөрчигдсөн гэж үзэн Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-д заасан эрхийг хүлээн зөвшөөрүүлэхээр шаардлага гаргасан нь үндэслэлтэй байх тул хариуцагч Б.Долгормаагийн хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх шаардлагыг хангах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
түрээсийн төлбөрт 14.200.000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд
Зохигчдын хооронд 2016 оны 04-р сарын 17-нд үл хөдлөх хөрөнгө хөлслөх нэртэй гэрээ бичгээр байгуулагдаж, нэхэмжлэгч Д.Алтантуяа нь Баянзүрх дүүрэг,*******, F байр, 270 айлын 32 тоотод байрлах, 47,60 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай байрыг хариуцагч Б.Долгормаад нэг жилийн хугацаанд түрээслүүлэх, сарын төлбөр 550.000 төгрөг байхаар харилцан тохиролцсон /хх-5/ байх боловч хариуцагчид Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Хүннүгийн гудамж, 424-р байрны 42 тоотод байрлах, 49,20 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг хөлслүүлсэн, тухайн байранд хариуцагч одоо амьдарч байгаа болохыг шүүх хуралдаанд тайлбарлаж, талууд маргаагүй.
Талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан байх бөгөөд хэрэгт авагдсан 2021-5-23-ны өдрийн огноотой Б.Долгормаа миний бие Д.Алтантуяад 2020 оны байрын түрээс 6.600.000 өгөөгүй үнэн болно. 23 хоногт энэ 42 тоотыг суллаж өгөх нь үнэн болно. Ус, гэрэл бусад асуудал шийдвэрлэж өгнө гээд тайлбар бичсэн гэж гарын үсэг зурсан баримт /хх-8/-г хариуцагч үгүйсгэж маргаагүй, нэхэмжлэгчийн дээрх орон сууцыг хүлээлгэн өгөөгүй, эзэмшиж, ашиглаж байгаа болохыг шүүх хуралдаанд тайлбарласан.
Хариуцагчийн хариу тайлбарт хавсаргаж ирүүлсэн 2018-4-17=2019-4-17 хүртэл 1 жилийн түрээсийн төлбөр 6.600.000 төгрөг авав Д.Алтантуяа, өгсөн Долгормаа гэж бичсэн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичгийн нотлох баримтын хэлбэрийн шаардлага хангаагүй тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй боловч энэ хугацааны түрээсийн төлбөрийг төлсөн үйл баримтад зохигчид талууд маргаагүй.
Хөлслөгчийн хариуцлагыг тодорхойлсон Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2-т эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх, 289.1.5-д гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх үүрэгтэй гэж заасан ба хариуцагч нь орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй байх тул уг гэрээний үүргийн биелэлтийг нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Зохигчдын тайлбар өөрөө нотлох баримт болох тул хариуцагч 2019 оны 4-р сарын 17-ны өдрөөс 2021 оны 10-р сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр төлөөгүй болохыг тайлбарлаж талууд маргаагүй тул шүүх Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.1-д зааснаар талуудын хооронд байгуулсан орон сууц хөлслөх гэрээний хугацаа болон гэрээ нь дуусгавар болсон, мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2-т зааснаар хөлслөгч эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн шаардсан 14.200.000 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэх үндэслэлэй гэж үзэв.
Учир нь, талууд 2019 оны 4-р сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг төлсөн үйл баримтад маргаагүй бөгөөд орон сууц хөлслөх гэрээний сарын төлбөрийг 550.000 төгрөгөөр тогтоосон дүн өөрчлөгдөөгүй, гэрээг дахин бичгээр байгуулаагүй болохыг талууд тайлбарлаж байх тул 2019 оны 4-р сарын 18-ны өдрөөс 2021 оны 10-р сарын 17-ны өдрийг хүртэлх 30 сарын хугацааны төлбөр 16.500.000 төгрөг байх боловч шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд уг шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 439.940 төгрөг гаргуулах шаардлагын тухайд
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т тогтоосон хэмжээгээр зардлыг төлөх үүргийг зохицуулжээ. Өөрөөр хэлбэл орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалтын засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй болохыг хуулиар үүрэгжүүлсэн байна.
Тиймээс Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.3-т талууд тохиролцсон бол нэмэлт зардлын төлбөрийг нэгэн адил төлнө гэж заасан бөгөөд 2016-4-17-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээний 5.3-т ашиглалтын зардлыг хөлслөгч төлөхөөр гэрээгээр тохиролцсон байх бөгөөд хариуцагч энэхүү үүргээ хэрэгжүүлсэн болох нь хэргийн баримтаар нотлогдоогүй.
Харин нэхэмжлэгчээс Олимп хотхон СӨХ-нд Төрийн банкнаар дамжуулан 2021-8-24-нд 362.380 төгрөгийг /хх-32-33/, 2021-9-22-нд 36.310 төгрөгийг /хх-31/, 2021-10-18-нд 41.246,15 төгрөгийг /хх-57/ тус тус төлсөн талаарх баримтыг нотлох баримтаар гаргаснаар Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж зохицуулсан тул хариуцагчаас сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт төлсөн 439.940 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж тул хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Б.Долгормаа нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөхгүй гэх татгалзалын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй буюу шүүхэд нотлох баримт гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
зээлээр худалдсан барааны төлбөрт 2.400.000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д ...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй... тул нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй.
Тиймээс зохигчдын тайлбар өөрөө нотлох баримт болох хэдий ч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал үгүйсгэж байгаа тохиолдолд үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг өөрөө нотлох, нотлосон баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
Нэхэмжлэгч зээлээр худалдсан барааны төлбөрийн талаарх шаардлагын үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, ямар төрлийн барааг хэзээ худалдсан болох нь, хариуцагч 2.400.000 төгрөгийн бараа хүлээн авсан гэх байдал хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх тул зээлээр худалдсан барааны төлбөр гаргуулах шаарлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг тул хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбар зэргийг үндэслэн
хариуцагч Б.Долгормаагийн хууль бус эзэмшлээс нэхэмжлэгчийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Хүннүгийн гудамж, 424-р байрны 42 тоотод байрлах орон сууцыг чөлөөлж,
уг орон сууцны түрээсийн төлбөрт 14.200.000 төгрөг,
сууц өмчлөгчдийн холбооны ашиглалтын зардалд нэхэмжлэгчийн төлсөн 439.940 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх зээлээр худалдсан барааны төлбөрийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн урьдчилан 2021-6-16-ны өдөр хоёр баримтаар төлсөн 301.900 /231.700+70.200/ төгрөг, 2021-10-19-ний өдөр төлсөн 52.560 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хангагдсан шаардлагад ногдох 301.350 /70.200+231.150/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч БНСУлсын иргэн Дашдэндэв Алтантуяа /Dashdendev Altantuya/-н өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204091184 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Хүннүгийн гудамж, 424-р байрны 42 тоотод байрлах орон сууцыг хариуцагч Б.Долгормаагийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.
2. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2, 147 дугаар зүйлийн 147.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг тус тус баримтлан 2019 оны 4-р сарын 18-ны өдрөөс 2021 оны 10-р сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт 14.200.000 төгрөгийг,
2020 оны 10-р сараас 2021 оны 9-р сар хүртэлх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалтын засвар, үйлчилгээтэй холбогдсон зардалд 439.940 төгрөг, нийт 14.639.940 /арван дөрвөн сая зургаан зуун гучин есөн мянга есөн зуун дөчин/ төгрөгийг хариуцагч Б.Долгормаагаас гаргуулж, нэхэмжлэгч БНСУлсын иргэн Дашдэндэв Алтантуяа /Dashdendev Altantuya/-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2.400.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан гурван баримтаар төлсөн 354.460 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Долгормаагаас улсын тэмдэгтийн хураамжид 301.350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч БНСУлсын иргэн Дашдэндэв Алтантуяа /Dashdendev Altantuya/-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ