| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 101/2021/01097/И |
| Дугаар | 101/ШШ2022/00226 |
| Огноо | 2022-01-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 101/ШШ2022/00226
2022 01 07 101/ШШ2022/00226
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
*******,*******,*******,*******,*******,*******,
хариуцагч- Баянзүрх дүүрэг,*******,*******,,,
гуравдагч этгээд- Баянзүрх дүүрэг,*******,,,,,,,
нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулахыг хүссэн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбазар, түүний өмгөөлөгч Э.Батжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амарнасаа, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Алтанцэцэг, түүний өмгөөлөгч А.Гантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Энхболор нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Янжин нь хариуцагч Б.Баясгаланд холбогдуулан түүний 2018 оны 10-р сарын 04-ний өдөр иргэн Н.Алтанцэцэгт олгосон 55 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлон тайлбарласан. Үүнд
Нэхэмжлэгч Ш.Янжингийн хүү Б.Баатархүү нь 2017 оны 9-р сарын 12-ны өдөр нас барснаар түүний эзэмшилд байсан Баянзүрх дүүргийн 9-р хороо, 49 дүгээр гудамжны 816 тоотын 400 метр квадрат газрын эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ зэрэг баримтууд нэхэмжлэгч Ш.Янжинд байсан.
Талийгаач Б.Баатархүү нь эх Ш.Янжинтай хамт амьдарч байсан бөгөөд түүнийг нас барснаас хойш 1 жилийн дараа буюу 2018 оны 9-р сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Б.Баясгалантай очиж уулзахад холбогдох бичиг баримтуудаа бүрдүүлж ирэх, талийгаач Б.Баатархүү нь гэр бүлийн баталгаатай байх тул эхнэртэй нь уулзаж тохиролц гэснээр өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг хүлээн аваагүй буцаасан. Талийгаач Б.Баатархүүгийн эхнэр Н.Алтанцэцэгтэй уулзахаар Сүхбаатар дүүргийн Хангайн 2-ийн 98 тоотод очиход Н.Алтанцэцэг байгаагүй, нүүсэн гэж хэлсэн.
Нэхэмжлэгч Ш.Янжин нь Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Б.Баясгаланд талийгаач Б.Баатархүүгийн эзэмшлийн газрыг өвлөн авах хүсэл зоригоо илэрхийлсэн байхад бичиг баримтуудын бүрдлийг шалгахгүйгээр талийгаач Б.Баатархүүтэй хамт амьдарч байгаагүй Н.Алтанцэцэгт өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул Н.Алтанцэцэгт өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч хариу тайлбартаа иргэн Н.Алтанцэцэгт 2018 оны 10-р сарын 4-ний өдөр 55 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо Иргэний хууль, нотариатын тухай хууль, нотариатын үйлдэл хийх заавар зэрэг эрх зүйн актыг чанд баримтлан олгосон. Тухайн үед Баянзүрх дүүргийн 9-р хорооны засаг даргын 2018 оны 10-р сарын 03-ны өдрийн оршин суугаа газрын тодорхойлолтоос үзэхэд Б.Баатархүү нь нас барах хүртлээ эхнэр Н.Алтанцэцэгтэй хамт амьдарч байсан нь нотлогдож байсан. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 9-р сарын 17-ны өдрийн лавлагаагаар Н.Алтанцэцэг нь өвлүүлэгч Б.Баатархүүгийн хууль ёсны эхнэр мөн гэдэг нь нотлогдсон. Түүнчлэн Монголын нотариатчидын танхимаас өвлүүлэгчийг нас барснаас хойш 1 жилийн хугацаанд өв хүлээн авах хүсэлтийг гаргасан өвлөгч байгаа эсэхийг тодруулахад хүсэлт гаргасан өвлөгч олдоогүй гэсэн хариуг өгсөн болно.
Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т зааснаар аливаа өвлөгч нэг жилийн дотор өв хүлээн авах хүсэлтийг нотариатад гаргаагүй тохиолдолд түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үздэг. Иймд нотариатч миний бие үйлчлүүлэгчийн хувийн байдал, шалгавал зохих баримт бичгийг хуульд зааснаар шалгаж, Иргэний хуулийн 531-р зүйлийн 531.2, Нотариатын тухай хуулийн, нотариатын үйлдэл хийх зааварт тус тус заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээг өвлөгч Н.Алтанцэцэгт олгосон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Алтанцэцэг нь хариуцагчийн тайлбарыг дэмжсэн үндэслэлээ нөхөр Б.Баатархүүтэй 2000 онд танилцаж, 2002 оноос хамт амьдарсан. 2004 онд талийгаач Б.Баатархүү автын осолд орж, суга таягтай явдаг болсноор группт орсон. Бид 2006 онд гэрлэлтийн баталгаа хийлгэсэн. 2015 онд 4 айлын газрын бичиг баримтыг иргэдэд олгохоор болоход Ш.Янжин болон түүний хүүхдүүдээс хэн нь ч авахгүй, хашаа барьж хатгаж чадахгүй гэснээр бид өөрсдөө авч группийнхээ мөнгөөр 4 айлын газрын банз авч хашаа хатгасан. Тухайн газар нь 814, 815, 816, 817 гэсэн дугаартай байгаад нөхөр бид хоёр 816-д байсан. Тухайн газрыг би өөрийнхөө нэр дээр авах гэж байтал аав, ээжийнхээ хаяг дээр бүртгэлтэй байдаг болохоор таны нэр дээр хөрөнгө бүртгэлтэй байна гэснээр талийгаачийн нэр дээр уг газрын гэрчилгээ гарсан. Ингээд биднийг газартай болоход нөхөр Баатархүүгийн найз Ганбаатар бид хоёрт гэр өгснөөр дээрх газар дээрээ 2016 оноос гэрээ бариад амьдарч байхад нөхөр маань 2017 онд нас барсан. Би нөхөртэйгөө 17 жил хамт амьдарсан. Нөхөр өнгөрснөөс хойш ээж нь над руу яриад чи яахаараа газрыг нь авдаг юм гэж загнаж байсан гэв.
Нэхэмжлэгч талаас Б.Баатархүү нь Ш.Янжингийн хүү мөн болохыг тодорхойлсон төрөл садангийн тухай лавлагаа, Монголын нотариатчидын танхимын дэргэдэх сахилгын зөвлөлийн2019-9-7-ны өдрийн 36 дугаартай хариу хүргүүлэх тухай хуулбар, Монголын нотариатчидын танхимын 2020-9-2-ны өдрийн 509 дугаартай лавлагааны хариу хуулбар, 2018-10-04-ний өдрийн 55 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн 2021-6-18-ны өдрийн 101/ШЗ2021/09713 дугаартай захирамж, нэхэмжлэгчийн төлөөлөгч томилсон 2021-8-03-ны өдрийн итгэмжлэл, Баянзүрх дүүргийн 9-р хорооны засаг даргын 2018-9-12-ны өдрийн оршин суугаа газрын тодорхойлолт, Б.Баатархүүгийн төрсний бүртгэлийн лавлагаа, Б.Балдандоржийн нас барсны бүртгэлийн лавлагаа, Б.Баатархүү, Н.Алтанцэцэг нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг архивын газрын 2021-12-08-ны өдрийн 1270 дугаартай тодорхойлолт зэрэг баримтуудыг /хх-4-10, 17, 34-38, 126/,
хариуцагч талаас 2018-10-4-ний өдрийн 55 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, Монголын нотариатчидын танхимын 2021-12-20-ны өдрийн 956 дугаартай албан бичиг, Н.Алтанцэцэгийг 2018-10-04-ний өдөр гаргасан өвлөх эрхийн гэрчилгээ авах тухай өргөдөл, Б.Баатархүүгийн нас барсны гэрчилгээний хуулбар, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, Баянзүрх дүүргийн 9-р хорооны засаг даргын 2018-10-03-ны өдрийн оршин суугаа газрын тодорхойлолт, Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Б.Баясгалан танаа гэж 2018-10-03-ны өдрийн 2367 дугаартай архивын ажилтны лавлагаа, Хаан банкны орлогын мэдүүлэг, Б.Баатархүү, Н.Алтанцэцэг нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 9-р хорооны засаг даргаар уламжлуулан Баянзүрх дүүргийн газрын албадан Н.Алтанцэцэгийн гаргасан өргөдөл зэрэг баримтуудыг /хх-117-124/,
бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Алтанцэцэгийн талаас Сүхбаатар дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн тодорхойлолт, Баянзүрх дүүргийн 9-р хорооны засаг даргын тодорхойлолт, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9-р хороо Энэрэл ББН өрхийн эрүүл мэндийн төвийн 2021-12-15-ны өдрийн тодорхойлолт, Б.Баатархүүгийн нас барсны бүртгэлийн лавлагаа, Б.Баатархүү, Н.Алтанцэцэг нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, 2018-10-4-ний өдрийн 55 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, тус шүүхийн шүүгчийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2021-2-25-ны өдрийн 101/ШЗ2021/03292 дугаартай захирамж, Н.Алтанцэцэгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2021-3-04-ний өдрийн 71 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021-11-12-ны өдрийн 128/ШШ2021/0756 дугаартай шийдвэр /хх-56- 60, 63-67, 76, 82-97, 128-131/ зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж шүүх үзэв.
Нэхэмжлэгч Ш.Янжин нь хариуцагч Б.Баясгаланд холбогдуулан 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 55 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ талийгаач Б.Баатархүүгийн өвийг хүлээн авахаар эхэлж нотариатчид хүсэлт гаргахад баримтууд бүрдүүлж ир гэснээр бичиг баримтаа бүрдүүлээд очиход талийгаач Б.Баатархүүгийн эхнэртэй нь тохиролцож ир гэж хүсэлтийг хүлээн авалгүй буцаасан боловч 2018 оны 10-р сарын 04-ний өдөр иргэн Н.Алтанцэцэгт Б.Баатархүүгийн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь үндэслэлгүй гэж тодорхойлсон.
Хариуцагч нь нотариатын үйлдэл хууль зөрчөөгүй буюу иргэн Н.Алтанцэцэгт 2018 оны 10-р сарын 4-ний өдөр 55 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо Иргэний хууль, нотариатын тухай хууль, нотариатын үйлдэл хийх заавар зэрэг эрх зүйн актыг баримтлан Баянзүрх дүүргийн 9-р хорооны засаг даргын 2018 оны 10-р сарын 03-ны өдрийн оршин суугаа газрын тодорхойлолт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 9-р сарын 17-ны өдрийн Н.Алтанцэцэг, Б.Баатархүүгийн нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Монголын нотариатчидын танхимаас өвлүүлэгчийг нас барснаас хойш 1 жилийн хугацаанд өв хүлээн авах хүсэлтийг гаргасан өвлөгч байхгүй тухай тодорхойлолт зэргийг үндэслэн олгосон гэж татгалзлын үндэслэлээ тодорхойлж, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргасан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Иргэн Балдандоржийн Баатархүү нь 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр нас барсан /хх-59/, нэхэмжлэгч Ш.Янжин түүний ээж /хх-4/ байх бөгөөд Б.Баатархүү, Н.Алтанцэцэг нар гэр бүл болсныг 2006 оны 10 дугаар сарын 25-ны бүртгүүлсэн /хх-37/ байх тул талийгаачийн эхнэр Н.Алтанцэцэг нь 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдөр нотариатч Б.Баясгаланд талийгаач Б.Баатархүүгийн нэр дээр бүртгэлтэй эзэмших эрхтэй Баянзүрх дүүргийн 9-р хороо, шархад 49-р гудамж 816 тоот хаягт байрлах 400 м.кв талбайтай газрын эрхийг өвлөх хүсэлт гаргасны дагуу нотариатч нь 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 55 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг олгож, нотариатын тамга тэмдгийг дарж, гарын үсэг зурснаар нотариатын үйлдлийг хийсэн байна /хх-63, 117/.
Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4-т заасан өвлөх эрхийн гэрчилгээ олгох үйлдлийг нотариат хийх бөгөөд энэхүү үйлдлийг хийхдээ мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т заасан баримт бичгийг үндэслэх журамтай. Үүнд нь өвлөгч болохыг нотлох баримт бичиг, өвлүүлэгчийн нас барсны гэрчилгээ, өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа газар, бүрэлдэхүүн, тоо хэмжээ, тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичиг, өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлт, түүний оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг баримт бичгийг үндэслэхээр байна.
Тиймээс Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т энэ хуулийн 31.1-д заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцно гэж зохицуулснаар нэхэмжлэгч Ш.Янжин нь нэхэмжлэл гаргах эрхтэй боловч нотариатын үйлдэл нь нэхэмжлэл гаргагч этгээдийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хэрхэн зөрчсөн, зөрчигдсөн ямар эрхийг сэргээх үндэслэл байгаад эрх зүйн дүгнэлт өгөх учиртай.
Нэхэмжлэгч Ш.Янжин нь өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах үндэслэлээ ...талийгаач Б.Баатархүүгийн нэр дээрх газар эзэмших гэрээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ зэрэг нь эх хувиараа надад байхад бичиг баримтыг нягтлаж шалгахгүйгээр гэрлэлтийн баталгаатай боловч хамт амьдраагүй эхнэр Н.Алтанцэцэгт өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл нь хууль ёсны өвлөгчийн эрхийг зөрчсөн гэж тайлбарласан.
Нотариатч Б.Баясгалан нь өв хүлээн авагчийн гаргасан хүсэлт, өвлүүлэгчийн гэр бүлийн байдлын талаарх лавлагаа, өвлөгдөх эрхийн талаар хүсэлт гаргаагүй тухай Монголын нотариатын танхимын архивын ажилтны 2018-10-3-ны өдрийн 2367 дугаартай тодорхойлолт зэрэг баримтыг үндэслэн Баянзүрх дүүрэг, 9-р хороо, шархад 49-р гудамжны 816 тоотод байрлах эзэмших эрхтэй газрын эрхийг өвлөх эрхийг 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Н.Алтанцэцэгт олгож, 55 дугаартай гэрчилгээг олгожээ.
Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг ойлгоно гэж, 3.1.7-д "газар эзэмших эрхийн гэрчилгээ" гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг ойлгоно гэж, хуулийн 27.1-д газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж зохицуулсан байна.
Нотариатч нь өвлөгчид Өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа газар, бүрэлдэхүүн, тоо хэмжээ, тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичгийг үндэслэх тул өвлөгдөх хөрөнгийн эрх болох Баянзүрх дүүрэг, 9-р хороо, шархад 49-р гудамж 816 тоотод байрлах гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаанд эзэмших эрхтэй газар нь нотариатчийг өвлөх эрхийн гэрчилгээ олгох үед өвлүүлэгч Б.Баатархүүгийн эзэмшилд байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.
Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө гэж заасны дагуу нотариатч Б.Баясгалан нь өвлүүлэгч Б.Баатархүүгийн нэр дээр гарсан Баянзүрх дүүрэг, 9-р хороо, Шархад 49-р гудамж 816 тоотод байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн газрын эрхийг талийгаач Б.Баатархүүгийн эхнэр Н.Алтанцэцэгт өвлүүлсэн байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Б.Баясгалан нь гуравдагч этгээд Н.Алтанцэцэгт өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо хууль ёсны өвлөгч мөн эсэх, түүнээс өөр хууль ёсны өвлөгч байгаа эсэхийг тодруулаагүй гэх боловч хариуцагч Б.Баясгалан нь Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзэв.
Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйл болон Хууль зүй дотоод хэргийн сайдын 2011 оны 171 дүгээр тушаалаар батлагдсан Нотариатын үйлдэл хийх зааврын 2.2-т нотариатын үйлдэл хийхэд шаардагдах баримт бичгийн бүрдүүлбэрийг үйлчлүүлэгч хангасан тохиолдолд нотариатч үйлдэл хийхээр 8 дугаар зүйлд өвлөх эрхийн гэрчилгээ олгох нөхцөлүүдийг тодорхойлсон.
Тиймээс хариуцагч Б.Баясгалан нь гуравдагч этгээд Н.Алтанцэцэгийн гаргасан өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг дээрх хууль болон журамд нийцүүлэн шалгаж, холбогдох баримт бичигт үндэслэн, Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т заасан нэг жилийн хугацаа өнгөрсний дараа өвлөх эрхийн гэрчилгээг олгосон байх тул нотариатын уг үйлдлийг хууль зөрчсөн гэж үзэхээргүй байна.
Хариуцагч Б.Баясгалан нь дээрх хуульд заасан журмын дагуу гуравдагч этгээд Н.Алтанцэцэгт өвлөх эрхийн гэрчилгээ олгосон болох нь Н.Алтанцэцэгийг 2018-10-04-ний өдөр гаргасан өвлөх эрхийн гэрчилгээ авах тухай өргөдөл, Б.Баатархүүгийн нас барсны бүртгэлийн лавлагаа, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000595381 дугаартай гэрчилгээ, кадастрын зураг, Баянзүрх дүүргийн 9-р хорооны засаг даргын 2018-10-03-ны өдрийн оршин суугаа газрын тодорхойлолт, 2018-10-03-ны өдрийн 2367 дугаартай Баянзүрх дүүрэг, 9-р хороо, шархад 49-р гудамж, 816 тоот хаягт байрлах 400 м.кв газрыг өвлөх эрхтэй холбогдуулан түүний хууль ёсны өв залгамжлагчид өв хүлээн авах хүсэлт гаргасан, өв хүлээн авахаас татгалзсан хүсэлт гаргасан, нотариатчаас өвлөх эрхийн гэрчилгээ олгосон эсэхийг танхимын өвийн нэгдсэн бүртгэлээс шүүж үзэхэд бүртгэгдсэн мэдээлэл байхгүй тухай архивын ажилтны лавлагаа, Б.Баатархүү, Н.Алтанцэцэг нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 9-р хорооны засаг даргаар уламжлуулан Баянзүрх дүүргийн газрын албанд Н.Алтанцэцэгийн гаргасан өргөдөл зэргээр тогтоогдож байна.
Харин Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.3-т гэрчилгээ олгох тухай хүсэлт гаргасан буюу өвлөгдсөн эд хөрөнгийг авсан этгээдээс өөр өвлөгч байхгүй нь лавтай баримтаар нотлогдвол гэрчилгээг энэ хуулийн 531.2-т заасан хугацаанаас өмнө олгож болно гэж зааснаар хугацаанаас нь өмнө өвлөх эрхийн гэрчилгээ олгох тохиолдолд өөр өвлөгч байгаа эсэх лавтай баримтыг шалгах үүргийг нотариатчид хүлээлгэсэн байна.
Нэхэмжлэгчийн хувьд гуравдагч этгээд Н.Алтанцэцэгт өвлөх эрхийн гэрчилгээгээр газрын эзэмших эрхийг шилжүүлсэнтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн засаг дарга, Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанаас 2019-6-10-ны өдөр Б.Баатархүүд олгосон 00015984 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмшүүлэх гэрээг, Баянзүрх дүүргийн засаг даргын 2019-8-23-ны өдрийн А/330 дугаар захирамжийн Н.Алтанцэцэгт холбогдох хэсгийг, түүнд 2019-11-8-ны өдөр олгосон 000058450 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий хэргийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх 2021-11-12-ны өдрийн хуралдаанаар хянан хэлэлцэж 128/ШШ2021/0756 дугаартай шийдвэр гарсан байна /хх-85-97/.
Тиймээс нэхэмжлэгчийн тодорхойлсон 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр олгогдсон өвлөх эрхийн 55 дугаартай гэрчилгээтэй холбоотой нотариатын үйлдэл хийх асуудлын хүрээний шаардлагыг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иймд нотариатч Б.Баясгалангийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 55 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг олгосон үйлдэл нь нэхэмжлэгч Ш.Янжингийн Газрын тухай хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор газрыг гэрээний үндсэн дээр эзэмших эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9.4.7, Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 43 дугаар зүйлийн 43.1-т заасныг тус тус баримтлан нотариатч Б.Баясгалангийн 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдөр 55 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг Н.Алтанцэцэгт олгосон нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч Ш.Янжингийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ