Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2021/02925

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

нэхэмжлэгч-  Баянзүрх дүүрэг,*******,*******,*******,*******,*******,

хариуцагч- Баянзүрх дүүрэг,*******,*******,*******,,,,,,,

гуравдагч этгээд- Баянзүрх дүүрэг,*******,*******,*******,,,

гуравдагч этгээд- Баянзүрх дүүрэг,*******,*******,*******,,,

Баянзүрх дүүргийн*******,*******, Модун хотхоны*******, 09 тоотод байрлалтай 147.46 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204011215 дугаартай орон сууцны Б.Амгалангийн оногдох хэсгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хандмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Наранбулаг /ӨҮ-0637/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Дэлгэрцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нэхэмжлэгч Батдэлгэр, хариуцагч Амгалан нарын гэрлэлтийг 2019 оны 3 дугаар сарын 4-нд тус шүүхээс цуцалсан. Гэрлэлтийг цуцлах үед эд хөрөнгийн байдлыг шийдвэрлэхдээ хариуцагч Амгалан нь Баянзүрх дүүргийн*******,*******, Модун хотхоны*******, 09 тоотод байрлалтай 147.46 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204011215 дугаартай орон сууцыг дангаар өмчилж байсныг гэр бүлийн бусад гишүүд болох нэхэмжлэгч Батдэлгэр, эдгээр хүмүүсийн хүүхдүүд болох Анар, Болор нарыг хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх шидйвэр гарсан байдаг. Шүүхээс гэрлэлтийг цуцласан шүүх хуралдаанд хариуцагч Амгалан биечлэн оролцохдоо дээрх байрны өмчлөх эрхээс татгалзах талаар тайлбар гаргаж байсан. Энэ үед Амгалан нь гэр бүлийн гишүүдэд мэдэгдэлгүйгээр дээрх байрыг зээлийн барьцаанд тавьсан байгааг мэдэгдсэнээр Баянзүрх дүүргийн*******,*******, Модун хотхоны*******, 09 тоотод байрлалтай 147.46 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204011215 дугаартай орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Батдэлгэр, хариуцагч Амгалан, хүүхдүүд болох Болор, Анар нар өмчлөгчөөр бүртгэгдсэнээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлхэд Амгалан нь Батдэлгэрт байрыг барьцаанд тавьсан зээлийн өрийг төлж чадахгүй тул өрийг төлчихвөл өөрт ногдох хэсгийг шилжүүлэхээр санал гаргасан байдаг.

Амгалангийн зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байсан тул нэхэмжлэгч Батдэлгэр саналыг хүлээн авч бусдаас зээл авч Их Монгол Кредит ББСБ-д 2019 оны 6-р сард Амгалангийн зээлийн үлдэгдэлийг төлж барагдуулж, зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон тул улсын бүртгэлийн байгууллагад Амгалан ирдэггүй, нотариатын газар очиж хэлцэл хийе гэхээр ирэхгүй, нэхэмжлэгч Батдэлгэрийг удаа дараа хуурсан тул шүүхэд хандсан.

Харин улсын бүртгэлийн газраас өмчлөгчөөс хасагдах иргэний зөвшөөрөл байхыг шаардаж байгаа тул Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т заасан үндэслэлээр нэхэмжлэгч Батдэлгэр нь Баянзүрх дүүргийн*******,*******, Модун хотхоны*******, 09 тоотод байрлалтай 147.46 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204011215 дугаартай орон сууцны Амгаланд ногдох хэсгийн үнийг бүрэн төлсөн тул хариуцагч Амгаланд ногдох хэсгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан гэв.

 

Хариуцагч Б.Амгалан 2021-06-03-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа: нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Тус байрны /Баянзүрх дүүрэг, 15-р хороо, 41-9 тоот/ барьцаанд тавьсан мөнгийг Ш.Батдэлгэр нь төлсөн тул миний бие өөрийн нэрийг өмчлөгчөөс хасахыг зөвшөөрч байна гэжээ /хх-31/.

 

Хариуцагч Б.Амгалан 2021-07-06-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа: Тухайн үед би өөрийн нэр дээр байсан нэхэмжлэлд дурдсан орон сууцыг Их монгол кредит ББСБ-д зээлийн барьцаанд тавьж зээл авсан нь үнэн. Их монгол ББСБ-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Амгалан миний бие төлж барагдуулах боломжгүй байсан тул тухайн үед нэхэмжлэгч Ш.Батдэлгэрт миний өр төлбөрийг төлж барагдуулах, барагдуулсан тохиолдолд нэрээ уг үл хөдлөхөөс хасуулах санал тавьсан. Уг саналыг тухайн үед нэхэмжлэгч Ш.Батдэлгэр болон Их монгол ББСБ 2-уулаа зөвшөөрсөн. Үүний дагуу нэхэмжлэгч Ш.Батдэлгэр Их монгол ББСБ-тай миний өмнөөс харилцан тохирч, зээлийн үлдэгдэл 57.386.799 төгрөгийг төлсөн байсан. Гэтэл уг үл хөдлөхийн барьцааг Их монгол ББСБ нь одоог хүртэл барьцаанаас чөлөөлөхгүй байгаа тул миний бие дангаараа нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх боломжгүй байгаа нь надаас шалтгаалахгүй байна. Ш.Батдэлгэр тэр зээлийг төлж барагдуулсан тул уг орон сууцны ордерийг Их монгол ББСБ барьцаанаас чөлөөлөх байтал одоог хүртэл барьцаанаас чөлөөлөөгүй байна. Тиймээс нэхэмжлэлд дурдсан асуудал надаас хамаарахгүй, шалтгаалахгүй байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй байна гэжээ /хх-34/.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Батдэлгэр, Амгалан нар 2019 оны 3-р сарын 04-нд шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан. Тухайн үед Амгалан нь Их монгол кредит ББСБ-д өртэй байгаад шийдвэр гүйцэтгэлээр төлөх өрийн дарамтад орсон, зээлийг төлөх боломжгүй байсан тул Батдэлгэрт төлбөрийг төлж байрыг чөлөөлөх талаар хэлснээр Батдэлгэр нь Амгалангийн зээлийг төлсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас эрх шилжүүлэх гэрээ авчирах талаар зөвлөсөн тул Амгалан эрх шилжүүлэх, нэхэмжлэгч Батдэлгэр нь худалдах, худалдан авах гэрээ хийх санал гаргаснаар эдгээр иргэд хоорондоо маргалдаж бие биенээ доромжилсноор тохиролцоонд хүрч гэрээ байгуулаагүй тул хариуцагч Амгалан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа. Зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийн талаар тайлбар байхгүй, өмчлөгчөөс нэрээ хасуулахыг зөвшөөрч, байраа ав гэдэг асуудал яригдаж байгаа гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: А.Анар, А.Болор нарын ээж Ш.Батдэлгэр, аав Б.Амгалан нар 1987 онд гэр бүлж, хүү Анарыг 1988 онд, охин Болорыг 1991 онд төрүүлсэн. Ш.Батдэлгэр болон Б.Амгалан нар 2004 оноос эхлэн тусдаа амьдарч, нэхэмжлэгч Ш.Батдэлгэр нь ганцаараа ажил хийж, Б.Амгалангаас хүүхдийн тэтгэмж, тусламж, дэмжлэг авахгүйгээр Анар, Болор нарыг өөрөө өсгөсөн. Ш.Батдэлгэр, Б.Амгалан нар гэр бүл болсноос хойш 2019 онд гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж гэрлэлтээ цуцлуулах үед Ш.Батдэлгэр, А.Анар, А.Болор нар уг үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч болсон. Сүүлийн жилүүдэд Б.Амгалангийн зан ааш их өөрчлөгдөж үр хүүхэд, эхнэртээ хандах хандлага байхгүй болж, Ш.Батдэлгэр, Анар, Болор нарт мэдэгдэхгүйгээр, мөн зөвшөөрөл авахгүйгээр Анар, Болор, Батдэлгэр нарын амьдарч байсан байрыг зээлийн барьцаанд тавсьан болохыг Их монгол кредит ББСБ-н хүмүүсээс Батдэлгэр мэдсэн. Ш.Батдэлгэр нь Анар, Болор нартай ярилцаад Их монгол кредит ББСД-д тавьсан Б.Амгалангийн өр зээл болох 57.386.799 төгрөгийг бусдаас зээлж төлсөн. Тухайн үед Б.Амгалан нь Ш.Батдэлгэрт би өр зээлээ төлж барагдуулж чадахгүй болчихлоо, миний зээлийн өрийг төлөөд дуусгачихвал байрны өмчлөгчөөс өөрийнхөө нэрээ хасуулна гэсэн санал гаргасныг Ш.Батдэлгэр амьдарч байгаа орон сууцаа алдахгүй байх аргагүй эрхэнд зөвшөөрч, Б.Амгалангийн зээлийн өрийг Их монгол кредит ББСБ-д төлж барагдуулсан нь үнэн болно. Гэтэл Б.Амгалан тохирсон ёсоор нэхэмжлэгч Ш.Батдэлгэрээр өр зээлээ төлүүлж барагдуулсаны дараа улсын бүртгэл дээр очиж нэрээ хасуулах битгий хэл утсаа авахгүй, өөрийнхөө өмчлөх эрхээс татгаллзана гэж хэлсэн амлалтандаа хүрэхгүй өнөөдрийг хүрсэн. Анар, Болор нар нэхэмжлэгч Ш.Батдэлгэрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа бөгөөд Б.Амгалангийн тавьсан өр зээлийг Анар, Болор нар авч зарцуулаагүй, хэрэглээгүй, Б.Амгалангийн Их монгол кредит ББСБ-с авсан зээлийн 57.386.799 төгрөгийн зээлийн өрийг Ш.Батдэлгэр төлж барагдуулсан нь үнэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ /хх-71/.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын амаар болон бичгээр гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Батдэлгэр нь хариуцагч Б.Амгаланд холбогдуулан Баянзүрх дүүргийн*******,*******, Модун хотхоны*******, 09 тоотод байрлах, 147.46 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204011215 дугаартай орон сууцны Б.Амгаланд ногдох хэсгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Б.Амгалан зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан боловч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс эрх шилжүүлэх, худалдах, худалдан авах гэрээ хийнэ гэж талууд маргалдснаар хариуцагчийг доромжилсон тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Б.Амгалангийн гаргасан ...зээлийн төлбөрийг төлснөөр орон сууцыг барьцаанаас чөлөөлж, нэрээ хасуулна... гэх саналыг хүлээн авч 2019-06-17-ны өдөр Их монгол кредит ББСБ ХХК-д Б.Амгалангийн өмнөөс зээлийн 57.386.799 төгрөгийг төлсөн тул Баянзүрх дүүргийн*******,*******,*******, 09 тоотод байрлах, 147.46 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204011215 дугаартай орон сууцны Б.Амгаланд ногдох хэсгийн өмчлөгчөөр тогтоолгоно гэж тодорхойлсон.

 

Дээрх шаардлагатай холбогдуулан Баянзүрх дүүргийн*******,*******,*******ны 09 тоотод байрлах, 134,0 м.кв талбайтай, 6 өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээг 187.600.000 төгрөгөөр тогтоосон үнэлгээний тайланг хэрэгт нотлох баримтаар гаргаж /хх-77/, уг үнэлгээний 187.000.000 төгрөгийг орон сууцны өмчлөгч 4 иргэнд хувааж, нэг иргэнд буюу хариуцагч Б.Амгаланд ногдох 46.750.000 төгрөгийг 57.386.799 төгрөг болгон түүний хүсэлтээр зээлийг төлсөн гэж тайлбарласан.

 

Хариуцагч Б.Амгалан нь нэхэмжлэлийн хувийг 2021 оны 06 дугаар сарын 3-ны өдөр шүүхээс гардан авч /хх-28/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө бүрэн төлөөлөн оролцох эрхийг 2021-8-10-ны өдөр төлөөлөгч А.Дэлгэрцэцэгт олгосноор /хх-76/ хэргийн материалтай 2021-6-3, 2021-8-19-ний өдрүүдэд танилцсан байх боловч хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлоогүй, дээрх орон сууцны үнэлгээний талаар маргаагүй болно.

 

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд Ш.Батдэлгэр, Б.Амгалан нарын гэрлэлтийг шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2019/00684 дугаар шийдвэрээр цуцалж, Баянзүрх дүүргийн*******,*******, Модун*******, 09 тоотод байрлах, 147.46 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204011215 дугаартай орон сууцны хамтран өмчлөгч нь Ш.Батдэлгэр, А.Анар, А.Болор нар мөн болохыг тогтоож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Б.Амгалан нь бусдад төлөх зээлийн гэрээний үүргээ нэхэмжлэгчээр төлүүлэх, ингэж төлүүлснээр дээрх орон сууцны өмчлөх эрхээс нэрээ хасуулах хүсэл зоригоо нэхэмжлэгчид илэрхийлснээр Их монгол кредит ББСБ ХХК-д 57.386.799 төгрөгийг Б.Амгалангийн зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгч Ш.Батдэлгэр шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон /хх-16/ тул зохигчдын хэн алины хүсэл зориг бодитоор илэрхийлэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Харин Ш.Батдэлгэр, Б.Амгалан нарын хоорондох тохиролцооны зүйл нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх байх бөгөөд гэрээг бичгээр байгуулах, зохих бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлага хангаагүй боловч Б.Амгалангийн бусдад төлөх зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч Ш.Батдэлгэр нь 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гүйцэтгэсэн үйл баримтад хариуцагч тал маргаагүй тул хариуцагчийн бусдын өмнө хүлээсэн үүргийг нэхэмжлэгч гүйцэтгэснээр хариуцагчийн дээрх орон сууцны өмчлөх эрх дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх татгалзаж буй тайлбар, түүний үндэслэлээ тайлбарлаагүй, баримтаар нотлоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасан нь эд хөрөнгийг худалдаж, үнийг нь хэсэгчлэн төлөхийг худалдан авагчид зөвшөөрсөн худалдагчид чиглэсэн зохицуулалт юм.

 

Гэтэл нэхэмжлэлийн шаардлага болох Баянзүрх дүүргийн*******,*******,*******, 09 тоотод байрлах, 147.46 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204011215 дугаартай орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч, хариуцагч нар тэдгээрийн хүүхдүүд бүртгэгдсэн буюу дээрх хөрөнгө нь үл хөдлөх эд хөрөнгө болохын хувьд өмчлөгчийг улсын бүртгэлд бүртгүүлснээр тодорхойлох /хх-11/ тул уг үл хөдлөх хөрөнгө нь зохигчийн дундын өмч байна.

 

Иргэний хуулийн 490 дүгээр зүйлийн 490.1-д дундаа хэсгээр өмчлөгч нь өөрт оногдох хэсгээр үүргийн гүйцэтгэлийг хариуцах бол өмчлөгч бүр дундын өмчийн эрх дуусгавар болсон тохиолдолд тухайн ногдох хэсгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардах эрхтэй гэж,

хуулийн 489 дүгээр зүйлийн 489.6-д Дундын өмчлөлийн зүйлийг биет байдлаар хувааж болохгүй бол энэ хуулийн 159 дүгээр зүйлд заасан журмын дагуу худалдах, эдэлбэр газар болон үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах, олсон ашгийг хуваарилах замаар дундын өмчийн эрхийг дуусгавар болгож болно гэж,

108 дугаар зүйлийн 108.6-д Дундаа хэсгээр өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн тодорхой хэсгийг тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрхтэй байна гэж тус тус заасан.

 

Иймд хариуцагч Б.Амгалан нь дээрх орон сууцны өмчлөх эрхээс нэрээ хасуулах хүсэл зоригоо биелүүлээгүй, түүний хүсэлтээр нэхэмжлэгч Ш.Батдэлгэр нь 57.386.799 төгрөгөөр түүний зээлийн гэрээний үүргийг 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр төлснөөр зохигчдын хооронд маргаан гарсан гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгч нь хариуцагчийн Баянзүрх дүүргийн*******,*******,*******, 09 тоотод байрлах, 147.46 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204011215 дугаартай орон сууцны өмчлөх эрхийг дуусгавар болгохоор шаардах эрхтэй гэж шүүх дүгнэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татагдсан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Ш.Батдэлгэрийн нэхэмжлэлтэй, Б.Амгаланд холбогдох хэрэг маргаанд гуравдагч этгээдийн хувиар хариу тайлбар хүргүүлсэн, нэхэмжлэгч, хариуцагч нарын хүүхдүүдийн албан ёсны байр суурийг бичгээр хүргүүлсэн тул гуравдагч этгээдүүдийг байлцуулахгүйгээр эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй /хх-72/ гэх тайлбар, хүсэлтийг гаргаж, зохигчийн дундын үл хөдлөх эд хөрөнгөөс хариуцагчид ногдох хэсгийг нэхэмжлэгч худалдан авсан үйл баримтад бусад хамтран өмчлөгч нар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс урьдчилан 2021-4-12-ны өдөр төлсөн 461.900 төгрөгнөөс 46.750.000 төгрөгт ногдох хэсгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагад ногдох 391.700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагчаас 391.700 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.6, 489 дүгээр зүйлийн 489.6-д заасныг тус тус заасныг баримтлан хариуцагч Боржигин овогт Балжиннямын Амгалан /УК65111119/-н Баянзүрх дүүрэг,*******,*******,*******ны 09 тоотод байрлах, 147.46 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204011215 дугаартай орон сууцны өмчлөх эрх дуусгавар болсон болохыг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 461.900 төгрөгний 391.700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Амгалангаас 391.700 төгрөгийг,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг баримтлан улсын төсвөөс илүү төлсөн 70.200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ш.Батдэлгэрт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

4Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ