Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2021/ДШМ/277

 

      2021           3              18                                      2021/ДШМ/0277                         

 

 

     Г.Бд холбогдох эрүүгийн

                                                                          хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч Х.Цэцэгхорлоо,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э,

нарийн бичгийн дарга П.Э нарыг оролцуулан,

              Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэнгийн даргалж хийсэн  шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/96 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Эын гаргасан давж заалдах гомдлоор Г.Бд холбогдох эрүүгийн 2003000000456 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

             

 

              Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 11 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Эвтэй дөрвөн амьтан” хөшөөний хойд замд “ДЮЦ” ХХК-ийн эзэмшлийн “Дэү” маркийн 54-81 УБЛ улсын дугаартай автобусыг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Х.Ныг мөргөж эрүүл  мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

                 Тээврийн прокурорын газраас: Г.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

                

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас явган зорчигч Х.Ныг мөргөн эрүүл  мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хэрэгт хураагдан ирсэн тээврийн хэрэгсэл жолоодох B,C,D ангиллын 254929 дугаартай жолоочийн үнэмлэхийг өөрт нь буцаан олгож, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Бас хохирол төлөх зориулалтаар тус шүүхийн тамгын газрын дансанд байрлуулсан 1.893.475 төгрөгийг хохирогч Х.Над олгож, хохирогч Х.Н нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлж гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Үндсэн Хуулийн 16 зүйлийн 14 дэх заалтад “нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх эрхтэй” гэсэн заалтыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн С.Пүрэвсүрэнгийн 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 96 шийтгэх тогтоолоор маш ноцтойгоор зөрчиж биднийг хохироолоо. Автобусны жолооч Б нь уулзварт бусад жолооч нартайгаа уралдаж давхиж яваад нилээн хурдтай орж ирж намайг мөргөж, намайг насан туршийн үүрдийн тахир дутуу, эрэмдэг зэрэмдэг болгож гэмтээж хохироолоо. Энэ авто ослоос болж миний зүүн талын гуяны дунд чөмөгний тал хэсгийг өөр металл ган төмрөөр сольж хийсэн. Гэтэл дунд чөмөгний металл ган төмрөөр хийгдсэн чөмөгний толгой хэсэг нь хүний мах, ясан хэсэг биш болохоор сүүжнийхээ нүхнээс 2020 оны 12 дугаар сарын 5-ны өдөр мултарсан. Мултарсан үед гэмтлийн эмч нар дахин үзлэг хийгээд бидэнд хэзээ ч дахин хуучин шигээ болохгүй гэдгээ дахин давтан хэлэхэд л би насан туршийн үүрд тахир дутаа болсон гэдгээ бүрэн ойлгосон. Цагдаа, прокурор, шүүгч нар нь шинжээч эмч Нандинцэцэгт нөлөөлж “Хүнд” гэмтлийн зэрэглэлийг нэг шатлал бууруулж “Хүндэвтэр” гэмтлийн зэрэглэлд хамааруулж чадлаа. Бид шинжээч эмч Нандинцэцэгийн хүнд гэмтлийг хүндэвтэр гэмтлийн зэрэгт хамааруулан гаргасан дүгнэлтэнд гомдолтой байгаа тухай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дарга, эмч Дд гомдлыг гаргах боломжийг цагдаа, прокурор, шүүгч нар нь бидэнд боломж бололцоо, хугацаа олгоогүй. Мөн бидэнд учирсан бусад хохирлыг нотлох баримтаар гаргах, гэрч, шинжээч томилуулах, өөр олон янзын баримтыг цуглуулах боломж бололцоо бидэнд олгоогүй. Өөрөөр хэлбэл, авто осол болсноос хойш 1 сар хүрэхгүй хугацааны дотор гэмт хэргийг шүүх рүү шилжүүллээ гэж дарамтлаад ч байгаа юм шиг эсвэл 1 талыг барьж, хагас дутуу гэмт хэргийг шийдвэрлэх гээд улайраад зүтгээд байгаа байдал нь үнэхээр өмнөөс нь хүн ичмээр байдлыг бий болгосон. Үүний цаана цагдаа, прокурор, шүүгч нар нь авилгал авсан, ашиг сонирхлын зөрчилдөө хөтлөгдсөн гэж би хардах эрхээ эдэлдэг. Үүнийгээ ч хүний эрхийн хуульч Н.Э би шүүх хуралдаан дээр илэрхийлж шүүгч С.Пд хандаж “Гэмт хэргийг ингэж хагас дутуу, нэг талыг барьж хууль бусаар шийдвэрлэж болохгүй юм. Энэ хэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны олон хуулийн заалтыг маш ноцтойгоор зөрчсөн. Би шүүгч С.П таны талаар Улсын Их Хурлаас шинээр үүсгэн байгуулагдаж байгаа Шүүхийн сахилгын хороонд гомдол гаргана гэж хэлээд шүүх хуралдаанаас гарах зөвшөөрлийг шүүгчээс аваад шүүх хурлын танхимыг орхиж явсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааж өгнө үү. ... Мөрдөн байцаагч дуудахаар нь очиход хэргийн материалтай танилцаад гарын үсэг зурчих гэсэн. Цар тахлын үе байсан итгэмжлэл авах боломж байгаагүй. “Яаж гарын үсэг зурах вэ” гэхэд мөрдөн байцаагч “ээжийнхээ нэрийг биччих” гэсэн. Бын ахтай нь утсаар ярьсан. Хөх хотод эмчилгээ хийлгэхэд 13.000.000 төгрөгийн зардал гарах талаар хэлсэн” гэв.

 

Шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч Х.Цэцэгхорлоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэргийн газрын үзлэгээр хурд хэтрүүлсэн гэж тогтоогдоогүй. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол, төлбөрийг төлсөн. Ямар нэгэн хохирол төлбөр байхгүй. 13.000.000 төгрөгийн талаарх баримт хэрэгт авагдаагүй учраас төлөх боломжгүй байна. Хэрэг 2 талын буруугаас болж гарсан. Хохирогч Замын хөдөлгөөний дүрмийн 5 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг зөрчсөн. Хэн аль нь буруутай байсан. Хохирлыг боломжоороо төлсөн. Шүүгдэгч нь хүнд хахууль өгөх боломжгүй. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчид учирсан гэмтэл нь хүндэвтэр гэмтэл болох нь тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. Энэ хэрэгт ямар нэгэн нэмэлт ажиллагаа хийх шаардлага байхгүй. Нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай гэж үзвэл прокурорт буцаадаг болохоос анхан шатны шүүхэд буцаах үндэслэл байхгүй” гэв.

 

Прокурор Ц.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хэрэгт ослын үеийн нөхцөл байдлыг дүрслэн үзүүлсэн бичлэг авагдсан. Өөр бусад тээврийн хэрэгсэлтэй уралдсан, хурд хэтрүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих байдал нотлогдон тогтоогдсон бол хэргийг хурдан шийдвэрлэхээр хуульд заасан. Хэргийн оролцогчдын эрхийг зөрчөөгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н гэмтлийн улмаас босч чадахгүй байгаа байдал болон түүний хүү болох Эын мөрдөн шалгах ажиллагаанд оролцох хүсэлтийг үндэслэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилон оролцуулсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаас өөр журмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагддаг. Хохирогчийн эрхийг хамгаалах, сэргээлгэх үүднээс мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн нээлттэй оролцуулсан. Уг зам тээврийн осол нь явган зорчигч нь Замын хөдөлгөөний дүрмийн 5 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг зөрчсөн, жолооч нь гарцгүй газраар гарч байсан явган зорчигчийг хараад тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй гэсэн харилцан хамаарал бүхий зөрчлөөс болж гарсан. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед чөмөгт ясны хугарал гэсэн гэмтэл тогтоогдсон. Чөмөг нь хугарсан бол хүнд гэмтэлд хамаардаг бусад хэсгээр хугарсан бол хүндэвтэр зэрэгт хамаардаг. Хохирогчийн биед учирсан гэмтэл нь чөмөгт ясны толгой хэлбэрээр хугарсан учраас Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.2-т зааснаар хүндэвтэр гэмтэлд хамаарна гэдэг талаар шинжээч дүгнэлт гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон тул шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Шүүгдэгч Г.Бд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад прокуророос хянавал зохих байдлыг хянаж шийдвэрлээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэж хуульчилжээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад 2020 оны 12 дугаар сарын 10ы өдөр М.Ныг хохирогчоор тогтоож, мэдүүлэг авсан байх бөгөөд тэрээр 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр шинжээчийн дүгнэлттэй танилцаж гарын үсэг зурсан байна.

Харин Г.Бд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэний дараа буюу 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хохирогч М.Н “босож явж чадахгүй болсон тул намайг төлөөлж хүү Н.Эыг шүүх хуралдаанд оролцуулж өгөхийг хүсье” гэсэн агуулга бүхий хүсэлт гаргасны дагуу Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЗ/190 дугаартай шүүгчийн захирамжаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Н.Эыг томилжээ.

 

Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э нь “... хэргийн материалыг хохирогч М.Над танилцуулаагүй. Намайг хэргийн оролцогч биш байхад хохирогчийн оронд надаар “М.Н” гэж нэрийг нь бичүүлж авсан” гэж мэдүүлж байх бөгөөд хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд хохирогч М.Ныг мөрдөгчийн магадлагаа болон хэргийн материал танилцуулсан нь эргэлзээтэй /хх 57, 84/ байх бөгөөд мөн шүүхийн шатанд хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт хэргийн материалыг танилцуулсан тухай баримт хэрэгт цуглараагүй байна.

 

     Түүнчлэн хохирогч М.Нын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүхтэй холбоотой бичиг баримтууд болон шүүх хуралдааны үед гаргаж өгсөн амбулаториор эмчлүүлэгчдийн карт зэргийг судлан үзэхэд хохирогч нь 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зам тээврийн осолд орсон даруйдаа эмнэлэгт хэвтэн мэс засалд орж, улмаар хэвтрийн дэглэм сахиж байсан нь тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад “хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, мөрдөн байцаалт дууссан бол хавтаст хэргээс өөрт хамааралтай хэсэгтэй танилцах, нэмэлт ажиллагаа хийлгэх тухай хүсэлт гаргах” заасан эрхийг мөрдөн шалгах ажиллагааны явцад эдлүүлээгүй, хүний эрхийг хаасан, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Хохирогч болон хууль ёсны төлөөлөгчид хэргийн материалыг танилцуулаагүй нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримт, санал, хүсэлт гаргах зэрэг эрхийг эдлэх боломжгүй байдлыг үүсгэж, тэдгээрийн эрхийг хязгаарласан гэж үзнэ.

 

Аливаа хүний эрхийг дээдэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, зорилтод нийцэх юм.

 

Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой, хүний эрхийг зөрчсөн энэхүү алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжгүй бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э нь шинжээчийн дүгнэлттэй холбоотой хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргах боломжтой болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/96 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Бд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан прокурорт буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Г.Бд холбогдох хэргийг тус шүүхээс прокурорт буцаасан тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Эын  давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/96 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Бд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр анхан шатны шүүхээр дамжуулан хэргийг Тээврийн прокурорын газарт буцаасугай.

 

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Г.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

 

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

 

 

                 ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ