Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 174

 

 

                         


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                        Хэргийн индекс: 166/2017/0091/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.*** даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч,
Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ***  холбогдох эрүүгийн 201609000666 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
 
Монгол улсын иргэн, ***, 1973 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Увс аймгийн *** суманд төрсөн, 44 настай, яс үндэс халх, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт ***  тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шиийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,  *** регистрийн дугаартай.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь 2016 оны 11 дүгээр сарын 14-ний орой 19:30 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байрлах Эрүүлжүүлэх баривчлах байранд зөрчил гаргагч ***тай маргалдан улмаар 00-ын өрөөний үүдэнд түүний гарыг мушгиж /өчиж даран/ гарыг нь хугалан бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

2016 оны 11 дүгээр сарын 14-ны орой 18 цагт Цагдаагийн газар дээр жагсаж орой эргүүлийн үүрэг авч томилогдсон. Ажил үүргээ гүйцэтгэхээр гарцгаасан. Тухайн өдөр намайг эргүүлийн машины цагдаагийн ажилд томилсон байсан. Тэгээд би эргүүлийн офицер ахмад ***, жолооч *** нарын хамт шинэ Дарханд явж байтал Мангирт хэсэгт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан ***, *** нар дуудлагаар хоёр хүн авлаа хүлээлгэж өгье гэж хэлсний дагуу Дархан сумын 16 дугаар багийн Үйлчилгээний төв дээр очиж авахад ***, *** гэх хоёр хүн байсан. Зөрчлийг нь асуухад хоорондоо зодолдсон гэж хэлсэн байсан. Тухайн үед  ***ы хоёр гарыг нь хойд талд нь гавалчихсан байсан. Тэгээд гавыг нь тайлаад машины хойшоо тэр хоёрыг суулгахад тэр хоёр хоорондоо зодолдох гээд байхаар нь Дархан өргөө сургуулиас зөрчил гарган баригдсан залууг урагшаа суулгаж *** гэх залууг хойш нь холдуулж суулгасан. Тэгээд хоорондоо хэрэлдэж маргалдаад байхаар нь чимээгүй явцгаа гэж хэлэхэд *** гэх залуу над руу агсараад хэлэх хэлэхгүй үг хэлж доромжлоод байсан. Тэгээд Саатуулах байрны гадаа машинтай ирж зогсоод зөрчил гаргасан хүмүүсийг машинаас буулгаж саатуулах байр луу оруулахад *** *** хоёр хоорондоо маргалдаад байсан. Тэгээд би *** гэх залууд хандаж чи одоо саатуулах байранд хүргэгдэн ирчихээд юундаа хэрэлдээд байдаг юм, муу ч гэсэн төрийн байгууллага шүү гэж хэлсэн. Тэгтэл *** гэх залуу нь ***д хандаж наадах чинь эрүүлжүүлэхэд олон жил ажилласан хар *** гэдэг хүн чинь энэ гэж хэлсэн. Тэгсэн чинь *** над руу хандаж энэ олон жил эрүүлжүүлэхэд хүний бөгс ухсан нөхөр байна даа гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад ***д хандаж чи төрийн байгууллагад орж ирчихээд төрийн албан хаагчийг доромжилдог хэн бэ гээд цааш нь түлхээд 2 удаа өгзөг рүү нь өшиглөсөн. Тэгээд саатуулах байранд хүлээн авдаг ширээний хажуу талд ***ыг авчирхад намайг дахин доромжилсон. Тэр үед би ***д хандаж чи намайг хүндлэхгүй бол миний цолыг хүндлээрэй гэж хэлээд гараараа эрүү хэсэг рүү түлхээд зүүн гар хэсгээс нь урагшаа татахад *** гараа хойш татаж миний гараас гараа мулталж авсан. Тэгээд би нойлын өрөө рүү бие засах гээд явахад *** миний хойноос дагаж явсан. Тэр үед *** хойноос нь дагачихсан миний хойноос ирсэн. Тэгээд намайг бие засчихаад нойлоос гарч ирэх үед *** цонхны хажуу талд тохойлдчихсон *** руу харчихсан зогсож байсан. Тэр үед *** надад хандаж *** ахаа наад хүнээ аваачиж хувцасыг нь хүлээлгэж өг гэж хэлэхэд нь би ***ы зүүн гараас нь татахад *** би яахаараа эрүүлжүүлэхэд орох ёстой юм гээд гараа хойш нь угз татаж авахдаа цонхны хажуу талын ирмэгийг цохичихоод гар гэмтчихлээ гэж хэлээд доошоо газар суусан. Тэр үед жолооч *** хүрч ирээд *** бид хоёр ***ыг орхиод саатуулах байрны эмчийг дуудах гээд явсан. Тэгээд саатуулах байрны эмч *** *** дээр очиж гарыг нь үзээд гэмтчихсэн юм шиг байна наадхаа эмнэлэгт аваачиж үзүүл гэж хэлсэн. Тэгээд бид нар ***ыг аваад эмнэлэг рүү аваачиж үзүүлэхэд гар нь хугарчихсан гэж хэлсэн. Бид нар ***ыг эмнэлэг дээр орхиод явсан. Би ***д эмчилгээнй зардал гэж 750 000 төгрөг өгсөн гэх мэдүүлэг,

Хохирогч ***ы мөрдөн байцаалтад өгсөн: 

2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр найз ***ын хамт 2 пиво уусан. Тэгээд *** бид хоёр муудалцаад маргалдах үед *** цагдаад дуудлага өгчихсөн байсан.  Тэгээд удалгүй эргүүлийн цагдаа ирээд *** бид хоёрыг машинд суулгаад Үйлчилгээний төв дээрээс Цагдаагийн микро автобусанд суулгасан. Тэгээд бид хоёр эрүүлжүүлэх дээр хүргэгдэж ирсэн. *** бид хоёр микро автобусанд сууж явах үедээ хоорондоо маргалдах үед цагдаа нар бид хоёрыг дуугүй явцгаа гэж хэлсэн. Тэгээд эрүүлжүүлэх байрны гадаа хүрч ирээд зөрчил гаргасан гэх хүмүүсийг машинаас буулгаад хойно хойноосоо цувуулж эрүүлжүүлэх байр луу орох гээд явж байх үед *** цагдаа миний хойноос хурдан яваад гээд миний хөл рүү өшиглөсөн. Тэр үед би эргэж хараад яагаад намайг өшиглөж байгаа юм бэ гээд уурлаж хэлэхэд *** цагдаа надад хандаж чи юундаа томроод байгаа юм гэж хэлээд эрүүлжүүлэх рүү оруулсан. Тэгээд би Эрүүлжүүлэх байранд ороод *** цагдаатай маргалдаж байтал хажуу талаас туранхай дунд зэргийн нуруутай цагдаа миний баруун талаас барьж татаад нойлын өрөө чигтээ мухар луу дагуулж очоод цонхны хажууд аваачих үед *** цагдаа хойноос ирээд миний зүүн гарын шууны хойд хэсгээс бариад хойш нь татах үед би гараа татсан. Тэр үед миний гар эвгүй болоод би доошоо газар суусан. Тухайн үед *** цагдаа миний гарнаас бариад өчиж цонхны тавцан дээр дарах үед миний гар эвгүй болчихсон. Түүнээс биш гараараа цонхны тавцан цохисон эсэхээ санахгүй байна. Тэгээд би гар хугарчихлаа гэж *** цагдаад хэлэхэд эрүүлжүүлэх байрны эмч хүрч ирээд намайг дагуулаад үзлэгийн өрөөндөө оруулаад миний хувцасыг тайлж биед үзлэг хийчихээд өрөөнөөс гараад явсан. Тэгээд намайг эмнэлэгт очиж үзүүлж зураг авхуулахад зүүн гарын булчин хэсгээрээ яс нь хугарчихсан байна гэж хэлсэн.  Одоо миний биеийн байдал сайн байгаа. Хугарсан гараа хагалгаанд орж хадуулсан. *** надад эмчилгээний зардал гээд 750 000 төгрөг өгсөн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-32-34/,

Гэрч Х.***ийн мөрдөн байцаалтад өгсөн: 

2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын саатуулах байрны жижүүрийн цагдаагийн үүрэг гүйцэтгэж байх үед 19:30 цагийн орчим эргүүлийн офицер ***, ***, жолооч *** нар зөрчил гарган эрүүлжүүлэгдсэн хүмүүсийг хүргэж авчирсан. Тухайн үед *** цагдаа зөрчил гаргасан гэх *** гэх залуутай маргалдсаар орж ирсэн бөгөөд хувцас хадгалах өрөөний үүдэнд *** цагдаа ***ыг зүүн гуя хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэр үед *** гэх залуу *** цагдаад хандаж чих яахаараа намайг өшиглөдөг юм гэхэд *** цагдаа чи шаардлага биелүүл гэж хэлээд ***ыг ширээ рүү түлхсэн. Тэгэхэд *** уурлаж *** цагдаатай барьцалдаад авсан. Тэр үед би дундуур нь орж салгаад ***д хандаж чи тайван бай асуудлыг чинь маргааш шийдэж өгье гэж хэлчихээд эргүүлийн офицер ***ийн хойд талд очиж зогсох үед *** *** цагдааг хэл амаар доромжилсон. Тэр үед *** цагдаа уурлаад ***ыг наашаа хүрээд ир гэж дуудаад нойлын өрөөний зүг рүү явсан. Тэр үед *** цагдаагийн аюулгүй байдлыг хангах үүднээс хойноос нь явж очоод тэр хоёрын дундуур орж нойлын өрөөний хаалганы босгон дээр зогссон. Тэгээд *** ***т хандаж чамайг хаана явсан газар чинь ална, чи эрүүлжүүлэхийн буг биз дээ гэж хэл амаар доромжилсон. Тэр үед *** цагдаа ***ы зүүн гараас нь барьж аваад цонхны тавцан тал руу дарах үед *** ёолж орилоод доошоо суугаад ***т хандаж чи миний гарыг хугалчихлаа би чиний хөлийг хугална гэж орилсон. ...эмч *** нөгөө залууг өрөө рүүгээ оруулж үзчихээд саатуулах байранд хүлээн авах боломжгүй Нэгдсэн эмнэлэг рүү очиж гарынх нь зургийг авхуулах шаардлагатай гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-39-41/,

Гэрч Б.***ын мөрдөн байцаалтад өгсөн: 

...***, *** нар Мангиртаас зөрчил гарган хүргэгдэн ирсэн залууг дагуулчихсан нойлын өрөө рүү чиглээд явж байсан. Тэгээд яах гэж байгаа юм бол гэж бодоод хойноос нь очих үед нөгөө залуу газар суучихсан ***, *** нар хажуу талд нь зогсож байсан. Тэгээд би ***, *** нараас юу болсон талаар асуухад зүгээр зүгээр гэж хэлээд миний хажуугаар зөрөөд гарсан. Тэгээд би хойноос нь буцаж дагаад хүн хүлээж авдаг хэсэг дээр очиход нөгөө залуу хойно муухай орилоод байхаар нь би ганцаараа явж очиход саатуулах байрны эмч *** хойноос ирж бид хоёр нөгөө залууг өргөж босгоод үүдний хэсэг рүү авч очсон. Тэгээд эмч нөгөө залуугийн гарыг үзээд саатуулах байранд хүлээх авах боломжгүй эмнэлэг рүү авч явж үзүүлэх шаардлагатай гэж хэлээд бид нар нөгөө залууг аваад эмнэлэг рүү очиж гарынх нь зургийг авхуулахад гар нь хугарчихсан байна гэж хэлсэн. Тэгээд нөгөө залуу эмнэлэгт хэвтээд бид нар ар гэрийнхэнд нь дуудаж хэлчхээд ажилдаа гарсан гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/,

Гэрч Д.***ын мөрдөн байцаалтад өгсөн: 

...Цагдаагийн ахлах ахлагч *** саатуулах байранд иргэдийг оруулж ирэхдээ *** гэх залуутай маргалдаж зууралдсаар орж ирсэн. Тэгээд *** саатуулагдахаар ирсэн хүмүүсийг коридорт эгнүүлэн зогсооход *** цагдаа ***тай маргалдсан хэвээр байсан. *** би зүгээр байхад яагаад эрүүлжүүлэх рүү орох ёстой юм гээд маргалдсан. *** цагдаа ***д хандаж чи цаашаа зогс гэж хэлэхэд нөгөөдөх нь би орохгүй, яалаа гэж орох ёстой юм бэ гэж хэлэхэд *** цагдаа *** гэх залуугийн гуя руу нэг удаа өшиглөхөд тэр хоёр барьцалдаад авсан. *** дундуур нь орж хоёр тийш нь болгосон. Тэгээд би үүдэнд хүн авах гэж ирсэн хүмүүстэй уулзчихаад хаалган дээрх хүмүүсийг түр хүлээж бай гэж хэлчихээд буцаад ирэх үед ***, *** нар миний өөдөөс хүрч ирээд уулзая гээд үүдний жижүүрийн өрөө рүү дагуулж ороод *** гэх залуугийн гар нь эвгүй болчихлоо гэхээр нь нойлын урд тал руу очиход *** гараа барьчихсан доош суусан байдалтай танай цагдаа миний гарыг хугалчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би босгоод гэрэлтэй газар очиж үзье гээд ***ын хамт босгоод үүдний жижүүрийн өрөөнд хувцасы нь тайлаад биед нь үзлэг хийсэн. Тэр үед *** өвдөөд байна гээд ойртуулахгүй байсан. Тэгээд би *** цагдаад хандаж энэ хүний гар хугарсан юм шиг байна эмнэлэгт аваачиж зургийг нь авхуулах шаардлагатай гэж хэлсэн  гэх мэдүүлэг /хх-ийн 45/, 

Гэрч Ц.***ын мөрдөн байцаалтад өгсөн: 

... *** бид 2 цагдаагийн газрын саатуулах байранд ирээд анкет бөглөөд байж байхад *** гэж цагдаа ***ыг хувцсаа тайл гээд харин *** хувцсаа тайлахгүй гээд хоорондоо маргалдаад байсан. Тэгсэн чинь *** гэх цагдаа ***ыг саатуулах байрны 00-ын өрөө тийш аваад явсан. Удаагүй байж байсан чинь *** “гар хугарчихлаа” гээд орилоод байсан гэх мэдүүлэг  /хх-ийн 36/,

Гэрч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: 

...Тэр залуу халаасандаа гараа хийчихээд гараа авахгүй байхаар нь *** ахлагч нөгөө залууг өшиглөөд нойлын өрөөний чигт дагуулаад аваад явсан. ...Тэгээд удалгүй нөгөө залуу гар эвгүй болчихлоо гээд хүрч ирээд цагдаа нар нөгөө залууг буцаагаад аваад явсан гэх мэдүүлэг  /хх-ийн 37/,

Гэрч ***ийн  мөрдөн байцаалтад өгсөн: 

...нэг залуу *** цагдаагийн өөдөөс янз бүрийн зүйл хэлж улмаар *** цагдаа уурлаж нөгөө залууг 2 удаа хөл рүү нь өшиглөсөн гэх мэдүүлэг  /хх-ийн 38/,

         Гэрч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: 

...***, *** нар *** гэх залууг дагуулаад цаашаа нойлын өрөө чигт явж байсан. Тэгээд удаагүй *** гэх залуу миний гарыг хугалчихлаа гээд орилсон гэх мэдүүлэг /хх-ийн 42/,

***ын мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-103-104/, гэрч Ц.*** /хх-165/, Х.*** /хх-166/, ***/хх-167/, ***/хх-168/, Б.*** /хх-169/, ***/хх-170/, ***/хх-171/ мэдүүлгүүд, ***ы сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-178-179/, 
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 17-ны  *** дугаартай шинжээчийн дүгнэлт:
“1.***ы биед зүүн гарын атгаал ясны битүү хугарал тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. 4.***ы биед учирсан дээрхи гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно” гэжээ /хх-ийн 23/,

Эрүүлжүүлэх, саатуулах байрны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-19/, гэрч Х.***ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-101-103/, эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол, хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-18, 20-21/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 22-ны 154 дугаартай шинжээчийн дүгнэлт “Шинжилгээнд авсан ***ы цусны бүлэг нь BIII байна” гэжээ /хх-26/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 22-ны 224 дугаартай шинжээчийн дүгнэлт “шинжилгээнд авсан ***ы цусанд 0.6 промиль этилийн спирт илэрсэн болно. *** нь хөнгөн зэргийн согтолттой болно” гэжээ /хх-27/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-61/ зэрэг болно. 

Шүүгдэгч *** нь цагдаагийн албан үүргээ гүйцэтгэж байхдаа 2016 оны 11 дүгээр сарын 14-ний орой 19:30 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байрлах Эрүүлжүүлэх баривчлах байранд зөрчил гаргагч ***тай шаардлага биелүүлээгүй гэх шалтгаанаар маргалдан улмаар Эрүүлжүүлэх байрны нойлын өрөөний үүдэнд түүний гарыг өчиж хохирогч ***ы бие махбодид биед зүүн гарын атгаал ясны битүү хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь мөрдөн байцаалтад хохирогч *** /хх-32-34/, гэрч Ц.*** /хх-36/, ***/хх-37/, *** /хх-38/, Х.*** /хх-39-41/, *** /хх-42/, Б.*** /хх-43-44/, Д.*** /хх-ийн 45/ нарын өгсөн мэдүүлгүүд, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 17-ны  1222 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.   

Хохирогч *** нь “...***аас 750 000 төгрөг авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснээр шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч ***т ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнийг хувийн байдал /Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт 1997 оноос дадлагажих ажилтнаас эхлээд тус Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт харуулын цагдаа ахлагч цолтой болтол өнөөг хүртэл тасралтгүй тогтвор суурьшилтай ажилласан /хх-55/, 2006-2011 оны хооронд Цагдаагийн академийг "эрх зүйч" мэргэжлээр дүүргэсэн, түүний ажиллаж байх хугацаандаа авсан цол, тэмдэг /хх-58-60,78/, хохирогчийн буруутай үйл ажиллагаа зэргээс дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т заасан хорих ялын доод хэмжээгээр оногдуулж, оногдуулсан хорих ялыг дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.   

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан хохирогч ***ы гарны рентген зураг 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч ***д буцаан олгож, Эрүүлжүүлэх баривчлах байрны камерын бичлэг бүхий CD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, 
хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч *** цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

    Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно. 
 
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                     ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *** ***ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар шүүгдэгч ***ыг 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэсүгэй. 
            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.  

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, хянан харгалзсан хугацаанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулсугай.  

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч ***ы гарны рентген зураг 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч ***д буцаан олгож, Эрүүлжүүлэх баривчлах байрны камерын бичлэг бүхий CD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

             6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дүгээр зүйлийн 306.1-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                 
    

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Т.***