2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1038

 

 

 

 

 

 

 

 

 

   2025          04          15                                    2025/ШЦТ/1038

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,

улсын яллагч Ц.Ганцэцэг /цахимаар/,

шүүгдэгч ******, түүний өмгөөлөгч А.Цогтбаяр, С.Батнасан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Гэгээнтэн овогт Рэнцэндоржийн ******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ********** тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ********* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, **********.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ****** нь 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 16 цаг 36 минутын орчимд Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэр ******худалдааны төвийн харалдаа явган хүний зохицуулдаггүй гарц дээр ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарц дээр явган зорчигч болох 59 настай эмэгтэй ******/РД: ********/-ийг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ****** мэдүүлэхдээ: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргахгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн...” гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

102 дугаарын утсанд ирсэн дуудлага, мэдээлэл /хавтаст хэргийн 3 дахь тал/,

 

3ам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 4-9 дэх тал/,

 

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 10-12 дахь тал/,

 

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 13 дахь тал/,

 

Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

 

Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 14 дэх тал/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 15 дахь тал/,

 

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын санхүү бүртгэлийн хэлтсийн “******ЭМД сангаас 49.920 төгрөгийг...2025.01.29-нд төлсөн нь үнэн болно” гэсэн тодорхойлолт /хавтаст хэргийн 74-75 дахь тал/,

 

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******:

“...Би 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 19 цаг 30 минутын үед аав, ах хоёр залгаад замын цагдаа дээр хүрээд ир гэсэн тэгээд юу болсон талаар мэдсэн. Шинэ тэрэгний хойд талын явган хүний гарц дээр машинд мөргүүлсэн талаар мэдсэн. ...Аав хэлэхдээ дэлгүүр орж хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг үзнэ гээд гэрээсээ ганцаараа гарсан гэж хэлсэн. Би түрүү долоо хоногт уулзсан. ...Миний ээж надаа бусдын төлөө гэж явдаг энийг хийчихье, тэрийг хийе гэсэн сэтгэлтэй хүн байсан. Нөхөртэйгөө хоёулхнаа хамт амьдардаг. Тэр хоёр бие биедээ хайртай сайхан харилцаатай архи согтууруулах ундааны зүйл болон тамхи гэх мэтийн муу зуршилгүй. ...Маш их гомдолтой байна. Амь насыг нь үнэлэх боломжгүй тул хэцүү байна. Ээжийн минь байхгүй байгаа өдрийг үнэлэх боломжгүй ээ. Бүх гарсан зардлыг жолоочоор төлүүлнэ. ...Шүүх цагдаагийн байгууллага нь үнэн бодитоор шийдвэрлээд өгөөрэй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 369 дугаартай:

“...Амь хохирогчийн цогцост хийсэн шинжилгээгээр дээрх оношинд тусгагдсан хавсарсан гэмтлүүд тогтоогдлоо. Тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, дарах, шахах, үрэх, нидрэгдэх механизмаар үүсгэгдэнэ.  Шинжилгээгээр үхлийн шалтгаанд нөлөөлөх өвчингүй байна. Хавсарсан олон гэмтлийн улмаас гэмтлийн шокт орж нас баржээ. 2025.12.23-ны 22:00 минутын цогцост анх үзлэг хийхэд нас бараад 6-8 цаг болсон байжээ. А/II/ бүлгийн цустай байна. ******цус, ходоодны шингэн спиртийн зүйл илрээгүй. Ходоодны шингэнд хүчил шүлт илрээгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 106-110 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 641 дугаартай:

“...Шинжилгээнд “******” гэж хаяглан ирүүлсэн “002072541, 002113222” хуруу шилний дугаартай цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Ирүүлсэн цусны дээжээс спиртийн агууламж илрээгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн  125-127 дахь тал/,

 

Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1000458 дугаартай:  

“...Дээрх тээврийн хэрэгслийн тоормосны системийн ажиллагаа хэвийн хэдий ч 1-р тэнхлэг тоормосны хүчний зөрүү тээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлага хангахгүй, сойдог тэнхлэг дахь дугуйн хээний гүн стандартын шаардлага хангахгүй байна... Уг тээврийн хэрэгсэл нь хий-шингэн дамжуулгатай ABS тоормосны системтэй. Үзлэгийн төвийн тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 4.3кН, баруун талдаа 5.5.кН, зөрүү нь 21.8% (стандарт <20%), 2-р тэнхлэг дахь дугуйн тоормосны хүч зүүн талдаа 4.2кН, баруун талдаа 5.8кН, зөрүү нь 27.5% (стандарт <30%), 3-р тэнхлэг дахь дугуйн тоормосны хүч зүүн талдаа 4.3кН, баруун талдаа 4.4кН, зөрүү нь 2.2% (стандарт <30%), тоормосны системийн ажиллагаа хэвийн хэдий ч тоормосны хүчний зөрүү авто тээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангахгүй байна. Зогсоолын тоормос зогссон...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 133-137 дахь тал/,

 

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Тэлмэнгийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 50 дугаартай “Мөрдөгчийн магадалгаа” /хавтаст хэргийн 141 дэх тал/,

 

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******иас хохиролтой холбоотой гаргаж өгсөн баримтууд /хавтаст хэргийн 29-72, 76-77 дахь тал/,

 

Шүүгдэгч ******ы яллагдагчаар өгсөн:

“...хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гарсан хохирол мөнгийг барагдуулах хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 154 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч ****** нь “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас “хүний амь нас хохирсон” болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,  

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батнасан “миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлж барагдуулсан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Цогтбаяр “миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа, хохирол төлбөрийг төлсөн байгаа. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс энэ хэргийг урьд нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байгаа” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан бөгөөд шүүгдэгч ****** нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч ******ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч ****** нь:

2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 16 цаг 36 минутын орчимд Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэр ******худалдааны төвийн харалдаа явган хүний зохицуулдаггүй гарц дээр ******улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарц дээр явган зорчигч болох 59 настай эмэгтэй ******/РД: ******/-ийг мөргөж амь насыг нь хохироосон болох нь: ****** зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ******ыг  “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас “хүний амь нас хохирсон” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******иас оршуулгын зардал болон хохирол төлбөртэй холбоотой баримтаар 11.931.580 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч ****** ы зүгээс оршуулга болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохиролд нийт 121.000.000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гомдол, саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авхуулах” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Цогтбаяр “ ...Миний үйлчлүүлэгчийн хувийн байдал, бага насны 3 хүүхэдтэй, хохирол төлсөн байдал зэргийг харгалзан үзэж улсын яллагчийн санал болгож байгаа дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батнасан “...Улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан. 

 

Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

 

Шүүгдэгч ****** нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Иймд шүүгдэгч ******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хэрэгжилтэд нь хяналт тавихыг Дорноговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2503000000101 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ****** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан  “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас “хүний амь нас хохирсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****** ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаан/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч ******д “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хэрэгжилтэд нь хяналт тавихыг Дорноговь аймгаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаан/ жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч ******д анхааруулсугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ****** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй  болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч ******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9 Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ