2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1119

 

 

 


 

 

 

 

    2025         04           22                                    2025/ШЦТ/1119

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,

улсын яллагч Л.Солонго /томилолтоор/,

шүүгдэгч ****, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****д холбогдох эрүүгийн **** дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ****** оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, охины хамт ********** тоотод оршин суух хаягтай боловч одоо ***************** тоотод түр оршин суух, урьд:

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний төгрөг буюу 702.000 төгрөгөөр торгох ял,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 600 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан, **** /РД: **************/.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч **** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 08 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө 03 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт CU сүлжээ дэлгүүрийн орчим зам дагуу явж байсан Г.Батнямын хоолойноос боож газарт унаган гэдэс орчим нь өшиглөн гарт нь байсан LG фирмийн Q-51 загварын 150.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг хүч хэрэглэн авч дээрэмдэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч **** мэдүүлэхдээ: “...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн 150.000 төгрөгийн гар утсыг буцаагаад өгсөн...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-6 дахь тал/,

 

Хохирогч Г.Батнямын:

“...2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр би Сонгинохайрхан дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрандаа ганцаараа амарч байхдаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн юм. Тэгээд унтаж байгаад шөнө буюу 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 03 цагийн орчим гэрээсээ гараад Сонгинохайрхан дүүргийн 8-р хороо, Баянхошууны хуучин эцсийн автобусны буудал дээр байрлах СU сүлжээ дэлгүүр орж ундаа болон пиво аваад гараад гэртээ харих гээд зам дагуу алхаж байтал миний араас нэг үл таних хүн хоолойноос боож унагаад гэдэс орчим өшиглөөд миний гарт байсан гар утсыг булааж аваад зугтаагаад яваад өгчихсөн юм. Тухайн үед би гэртээ унтаж байгаад сэрээд гарч ирсэн, согтсон асуудал байгаагүй, бараг эрүүл байсан. Болсон явдлыг санаж байна. Миний биед учирсан гэмтэл шарх сорви байхгүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. 30-35 орчим насны туранхай, бор царайтай согтуу хүн байсан. Тухайн үед би СU сүлжээ дэлгүүрээр гараад зам дагуу ганцаараа алхаж байсан. Намайг боож унагаадаг хүн мөн адил ганцаараа явж байсан. Шөнө болсон болохоор бид хоёроос өөр хүн ойр орчим байгаагүй. Тухайн хүн миний гарт байсан LG фирмийн Q-51 маркийн гар утсыг булаагаад авсан. Би гар утсаа 2024 оны 06 сард гар утас худалдааны төвөөс 200.000 төгрөгөөр худалдан авч байсан. Дэлгэц нь хагарсан байсан. Өөр алдагдсан эд зүйл байхгүй. Хохирлоо барагдуулмаар байна. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгох шаардлагагүй...” гэсэн мэдүүлэг /хавтас хэргийн  9 дэх тал/,

 

Гэрч А.Отгонсүрэнгийн:

“...Би өчигдөр буюу 2024 оны 08 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Баянхошууны хуучин эцэс дээр зүс таних Очхүү, Энхтүвшин, үл таних эрэгтэй хүний хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн явж байгаад бие засах гээд СU-гийн бие засах газарт орчхоод буцаад гараад ирэхэд надтай хамт явж байсан зүс таних Очхүү, Энхтүвшин, үл таних эрэгтэй хүн алга болчихсон байхаар нь би гайхаад зам хөндлөн гараад явж байхад гудамжны ойролцоо зогсож байхаар нь чи яваад очиход надтай хамт явж байсан зүс таних Очхүү, Энхтүвшин, үл таних эрэгтэй хүний хамт бас нэг үл таних эрэгтэй хүн зогсож байсан бөгөөд тухайн үл таних эрэгтэй хүн надтай хамт явж байсан зүс таних Очхүү, Энхтүвшин, үл таних эрэгтэй хүнээс гар утсаа нэхээд байсан бөгөөд удалгүй цагдаа нар ирсэн. Тухайн үед бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байдалтай, согтуу явж байсан. Би бие засах газар орчхоод гарч ирсэн болохоор хэний гар усыг яаж авсан талаар сайн мэдэхгүй байна. Би тухайн үед хамт байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/,

 

Гэрч Э.Энхтүвшиний:

“...Өчигдөр буюу 2024 оны 08 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 888 нэртэй баарны үүдэнд зүс таних Очхүү, Отгонсүрэн болон үл таних эрэгтэй хүний хамт байж байхад 888 нэртэй баарнаас үл таних эрэгтэй хүн ганцаараа гарч ирсэн бөгөөд тухайн үл таних эрэгтэй хүн СU нэртэй дэлгүүрээс гараад явж байсан чинь надтай хамт явж байсан Очхүү тухайн эрэгтэй хүний хажуугаар гарах үедээ өөрийнхөө мөрөөр тухайн эрэгтэй хүний мөр хэсэг руу түлхчихсэн чинь тухайн үл таних эрэгтэй хүн газар унасан бөгөөд Очхүү нь тухайн хүний дээрээс дарж байгаад гарт нь байсан гар утсыг аваад цаашаа зугтаасан. Очхүү тухайн хүний гар утсыг ганцаараа аваад зугтаачихсан. Отгонсүрэн болон хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үл таних хүн бид нар 888 нэгтэй баарны ойролцоо зогсож байсан. Харин Очхүү бид нараас доошоо зам дагуу ойролцоогоор 50 метр зайд тухайн хүнийг газар унагаагаад утсыг нь аваад зугтаасан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,

 

Гэрч Б.Бямбабатын:

“...Нэг мэдэхэд Очхүү нь хүнтэй муудалцаж газарт унагаад утсыг нь аваад гүйгээд явсан. Тухайн хүнтэй юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. Гайхаад хүлээгээд байж байтал цагдаа нар ирээд Отгонсүрэн, Энхтүвшин бид гурвыг аваад явсан. Тухайн үед Энхтүвшин ах, Отгонсүрэн, Очхүү бид дөрөв архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Гэхдээ юу болсон талаар санаж байна. Тухайн үед Очхүү гэх хүн 888 гэх нэртэй баарны үүдэнд хүнтэй маргалдаж газарт унагаад утсыг нь аваад зугтаачихсан. Нэг мэдэхэд л Очхүү муудалцаад газарт унагаагаад гар утсыг нь аваад зугтчихсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

 

Гэрч Л.Цэлмэгийн:

“...Би Сонгинохайрхан дүүргийн 8-р хороо, Баянхошуу хуучин эцсийн автобусны буудал дээр байрлах СU сүлжээ дэлгүүрт цагийн ажилтан хийдэг бөгөөд 2024 оны 08 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө ажил дээрээ байж байтал шөнийн 03 цаг 40 минутын үед манай дэлгүүрээс ундаа болон пиво худалдаж аваад гарсан ах үүдэнд хүнтэй хальт маргалдаж байгаад явсан. Тэгээд удалгүй буцаж орж ирээд ах нь гар утсаа дээрэмдүүлчихлээ цагдаа дуудаад өгөөч гээд байсан. Тухайн хүнтэй маргалдсан хүн нь манай дэлгүүрийн ойролцоо архи согтууруулах ундаа хэрэглэдэг хүн байсан юм. Энэ хүмүүстэй хамт архиддаг юм гэтэл тэр ах дэлгүүрээс гараад үүдэнд байсан 3 хүнээс гар утсаа нэхээд нөгөө хүнээ зааж өгсөн гэснээ миний гар утаснаас цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Тэр 3 хүн нь хамт архи уусан гэхдээ одоо байхгүй мэдэхгүй гээд байсан. Цагдаа ирсний дараа манайхаас нэлээд доошоо яваад зам дагуу гэж байсан. Цагдаа нар манай камерыг үзээд харагдахгүй байна гэж байсан. Биедээ ил харагдах гэмтэл шарх сорви байгаагүй. Утас нь бол шороо болчихсон намайг газар унагаасан гээд байсан. Би хараагүй болохоор мэдэхгүй байна. Надад хэлэхдээ дэлгүүрээс гарахдаа маргалдсан нэг хүн араас ирээд унагаагаад утас авчихлаа гэж байсан. Тухайн хүнтэй маргалдсан хүний хамт явж байсан 3 хүн нь манай дэлгүүрийн үүдэнд яваагүй байж байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,

 

“Тэргүүн үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 24/018 дугаартай LG фермийн Q-51 загварын гар утсыг 150.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнийн магадалгаа /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

 

2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр LG фермийн хар өнгийн дэлгэцтэй 1 ширхэг гар утсыг ****гээс хүлээн авч Г.Батнямд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 83-84 дэх тал/,

 

Шүүгдэгч ****гийн сэжигтнээр өсгөн:

“...зүс таних хүмүүстэй гудамжинд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тэгээд нэг мэдэхэд би шөнийн 2-3 цагийн үед Баянхошууны хуучин эцсийн автобусны буудал дээр байж байсан ба танихгүй хүнтэй маргалдаад тухайн хүнийг унагаагаад гарт нь байсан гар утсыг нь аваад гэртээ харьсан байсан. Тухайн үед би маш их согтолттой байсан тул зарим зүйлийг сайн санахгүй байна. Тасраад нэг ухаан ороход шөнийн 2-3 цаг болсон Баянхошууны хуучин эцсийн автобусны буудал дээр зогсож байсан. Надад ямар  нэг зорилго байгаагүй. Архи уусан байхдаа ийм үйлдэл гаргасан байна. Би тухайн гар утсыг ганцаараа авсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч **** нь хохирогч Г.Батнямын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан” буюу дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.  

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч ****гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч **** нь:

2024 оны 08 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө 03 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт CU сүлжээ дэлгүүрийн орчим зам дагуу явж байсан Г.Батнямын хоолойноос боож газарт унаган гэдэс орчим нь өшиглөн гарт нь байсан “LG фирмийн Q-51” загварын 150.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг хүч хэрэглэн авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.Батням, гэрч А.Отгонсүрэн, Э.Энхтүвшин, Б.Бямбабат, Л.Цэлмэг нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,  “Тэргүүн үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 24/018 дугаартай хөрөнгийн үнийн магадалгаа, 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр “LG фермийн хар өнгийн дэлгэцтэй 1 ширхэг гар утсыг ****гээс хүлээн авч Г.Батнямд хүлээлгэн өгсөн” тухай тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “хүч хэрэглэж авч дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Батнямын гар утсыг дээрэмдэн авч 150.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч **** нь хохирогчийн гар утсыг биет байдлаар буцаан өгсөн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ****г Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргаагүй, хохирогчид учирсан хохирлыг биет байдлаар буцаан өгсөн, бага насны 3 хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан энэ зүйл заалтад заасан хорих ялын доод хэмжээнээс бага ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Иймд шүүхээс шүүгдэгч ****г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчид учирсан хохирлыг биет байдлаар буцааж өгсөн, түүнчлэн урьд энэ төрлийн гэмт хэрэг буюу дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан атлаа нийгэмшихгүй, хүмүүжихгүй байгаа түүний хувийн байдал зэргийг харгалзан, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн **** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч **** нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “хүч хэрэглэж авч дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****гийн энэ хэрэгт цагдан хоригдсон 19 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч **** нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч ****д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ