2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1133

 

 

 

 

 

 

 

 

    2025         04           23                                    2025/ШЦТ/1133

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,

улсын яллагч Е.Хулан /томилолтоор/,

шүүгдэгч *****, түүний өмгөөлөгч Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *****ад холбогдох эрүүгийн ***** тоот дугаартай, 3 хавтас хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлагын мэргэжилтэй, *****ХХК-ны гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт, ***** тоотод оршин суух, урьд:

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 589 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 11.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, *****,   

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ***** нь иргэн Ц.Туяаг “...Дарханы Төмөрлөгийн үйлдвэрээс арматур төмөр авна...вагон түрээслэх ашигтай...хөрөнгө оруулаач” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож төөрөгдөлд оруулсны улмаас түүний Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наадам центр” төвийн Хаан банкнаас 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 108.000.000 төгрөг, мөн оны 06 дугаар сарын 09-ний өдөр 16.620.000 төгрөг, мөн оны 06 дугаар сарын 10-ны өдөр 5.380.000 төгрөг, мөн оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 20.000.000 төгрөг мөн өдөр 10.000.000 төгрөг, мөн оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 10.000.000 төгрөг, мөн оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 19.000.000 төгрөг, мөн оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 1.000.000 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 09-ний өдөр 2.000.000 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 14-ний өдөр 20.000.000 төгрөг буюу 10 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 212.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5003895504 тоот дансаар шилжүүлэн авсан буюу залилах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***** мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Хохирогч Ц.Туяагийн:

“...би 2022 оны 06 дугаар сард Мөнх-Оргил гэх залуугаар дамжуулан Энхмандах гэх хүнтэй танилцаж байсан юм. Тухайн үед Энхмандах нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс арматур төмөр оруулж ирнэ 2 хоногийн хугацаатай 155.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээч танд их хэмжээний ашиг өгнө гэж хэлсэн тул 06 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наадам центр” төвийн Хаан банкин дахь өөрийнхөө 5007973771 тоот данснаас Энхмандахын 5003895504 тоот данс руу 108.000.000 төгрөгийг шилжүүлсэн, 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 16.620.000      төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 5.380.000 төгрөг, нийт 130.000.000 өгөөд 7 хоногийн дараагаас надад өгөх ашиг яасан бэ арматур төмөр яасан бэ гэж асууж эхэлсэн чинь Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс арматур төмөр аваад Хятад хүмүүст зарсан мөнгө нь удахгүй орж ирнэ гэж хэсэг хэлсэн би ч удаа дараа мөнгө нэхсэн чинь манай ээжийн ах нь төмөр замд нөлөө бүхий ажил хийдэг нэг цуваа вагоныг 300 сая төгрөгөөр түрээслэхээр гэрээ байгуулсан гэрээгээ хятадуудад 400 сая төгрөгөөр зараад 100 сая төгрөгийн ашигтай ажиллана та дахиад жоохон хөрөнгө оруулалт хийгээч сарын дотор болж дуусна гэж хэлээд тухайн үед найз Анандыг дагуулж ирсэн бөгөөд Ананд нь хятад хэлний орчуулагч гэж надад танилцуулсан. Тэгээд би итгээд 2022 оны 09 дүгээр сарын эхээр “Тоёота приус 30” автомашиныг 15.000.000 төгрөгт бодож өгсөн, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр наадам центр төвийн киоск машинаар 10.000.000 төгрөгийг Энхмандахын дансанд шилжүүлэн өгсөн бөгөөд вагон тээвэр чинь бүтэж байна уу гэж асуухад одоо бүтэх гэж байна удахгүй, гэх зэрэг янз бүрийн шалтаг хэлээд өнөөдрийг хүртэл ямар ч мөнгө өгөөгүй байна. Би энэ хугацаанд Энхмандах руу удаа дараа залгаж ярьсан бөгөөд заримдаа утсаа авдаг заримдаа огт авахгүй тасалдаг байсан. Өнөөдрийн байдлаар Энхмандах нь надаас 167.300.000 төгрөгийг авсан байна. Ананд надаас мөнгө авсан зүйл байхгүй, Энхмандах Анандтай хамт ирж надтай уулзахдаа бид хоёр тээврийн компани байгуулсан гэж ярьсан 2 хоногийн хугацаанд танаас хөрөнгө оруулалтаар авсан мөнгийг буцаан өгч цаашид өндөр ашиг өгнө гэж хэлсэн боловч яг ямар ашиг гэдгийг надад хэлээгүй. Нэгэнтээ л мөнгө өгсөн юм чинь хурдан ажил нь бүтээд мөнгөө хурдан авахын тулд ажил нь бодит гэж итгээд л дахин мөнгө шилжүүлж өгсөн. Энхмандах руу мөнгийг дансаар шилжүүлж өгсөн болохоор дансны хуулга байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 160 дахь тал/,

 

Хохирогч Ц.Туяагийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн:

“...миний бие Энхмандахад нийт 212.000.000 төгрөг болон 15.000.000 төгрөгийн үнэлгээтэй “Приүс-30” маркийн автомашин өгсөн бөгөөд нийт 227.000.000 төгрөгийг түүний итгэл төрүүлсэн худал хуурмаг яриануудад итгэн түүнд өгч залилуулсан. Улмаар *****аас удаа дараа нэхэж шаардаж, миний хохирол төлбөр тооцоог барагдуулахгүй бол явдаг газраар нь явж олж авна шүү гэх мэтээр түүнд хэлсний эцэст...нийт 59.700.000 төгрөгийг буцаан авсан байгаа. Одоо 167.300.000 төгрөг өгөөгүй байгаа...” гэсэн дахин мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 163 дахь тал/,

 

Хохирогч Ц.Туяагийн өмгөөлөгч О.Буянтөрийн хамт 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өгсөн:

“...би мөнгө зээлүүлсэн зүйл байхгүй, эгчээ ажил бүтэхээр ашиг өгнө, вагон тавих гэрээ байгуулсан. Тэрийгээ Хятадуудад зараад мөнгө ороод ирнэ гэх мэт гоё сайхан зүйлс ярьж намайг хуурсан...” гэсэн дахин мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 94 дэх тал/,

 

Гэрч Т.Баярсайханы:

“... “Ай Ди Си Ай” Групп ХХК нь 2009 онд үүсгэн байгуулагдаж тэр цагаасаа хойш барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан юм. 2022 оны 05 дугаар сард *****ХХК-аас арматур төмөр худалдан авах гэрээ хийж арматур худалдан авч байхад *****ХХК нь 274.389.170 төгрөгийн арматур төмөр нийлүүлээд цаашид дахин арматур төмөр нийлүүлэх боломжгүй болсон тухай албан бичгээр мэдэгдсэн. Тухайн үед арматур төмөр төлбөр гэрээнд заасны дагуу 3 автомашиныг *****ХХК-ийн захирал *****ад 119.000.000 төгрөгт бодож шилжүүлэн өгсөн. 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр *****ХХК-аас арматур төмрийн үлдэгдэл 165.389.108 төгрөгт манай компани барьж байгаа 16 давхар барилгаас 49.06 мкв талбай бүхий 2 өрөө байрыг Чойсүрэн овогтой Энхтайваны нэр дээр шилжүүлэх хүсэлтэй байгааг албан бичгээр өгсөн тул хүсэлтийн дагуу 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулан Ч.Энхтайваны нэр дээр 1 мкв үнийг 4 сая төгрөгөөр тооцон Чингэлтэй дүүргийн 9-р хороо Усан сан А блок 4 давхрын 15 тоот 2 өрөө 49.06 мкв талбай бүхий орон сууцыг 196.240.000 төгрөгт бодож гэрээг Ч.Энхтайвантай байгуулсан. Энхмандах нь одоо манай компанид санхүүгийн анхан шатны баримтаар 30.850.330 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Манай компани нь *****ХХК-аас авсан арматур төмрөөр тухайн орон сууцны барилгыг барьж байсан. ...манай компани *****ХХК-аас арматур төмөр аваад төлбөрт нь “Ачинскай” ХХК-аас авах байрнаасаа өгөхөөр тохиролцож гэрээ байгуулж өгсөн боловч хоорондын маргааны улмаас байрыг өгөхгүй болж гэрээг цуцалсан тул дахин төлбөр төлөхөөр 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гэрээ байгуулан *****ын хүсэлтээр Ч.Энхтайваны нэр дээр шилжүүлэн өгсөн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр сарын 167 дахь тал/,

Хохирогч Ц.Туяагийн эзэмшлийн Хаан банкны 5007973771 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэлд:

 “...2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 10 удаагийн үйлдлээр ...212.000.000 төгрөгийг 5003895504 тоот дансанд шилжүүлсэн...” тухай /1 дүгээр хавтаст хэргийн 112-113 дахь тал/,

 

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ны Захиргаа удирдлагын газрын дарга Г.Ганболдын 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн:

“...компанийн архивын болон борлуулалт, санхүүгийн гүйлгээний баримтуудыг шүүж үзэхэд ******* *****ХХК /РД:6342043/-аас 2022-2024 онд арматур төмөр худалдан авахаар хүсэлт гаргаагүй, худалдан авах гэрээ хийгээгүй байна...” гэсэн 02/1289 дугаартай албан бичиг /3 дугаар хавтаст хэргийн 58-61 дэх тал/,

 

Улаанбаатар Төмөр замын Хууль зүйн албаны орлогч дарга Б.Мөнхтулгын:

“...УБТЗ ХНН-ийн ачаа тээврийн мэдээллийн санд ЗЮ94072710 регистрийн дугаартай *****, УК95120114 регистрийн дугаартай Т.Ананд, УХ95011511 регистрийн дугаартай Г.Очирням нар нь бүртгэлгүй. “УБТЗ” ХНН нь төмөр замаар тээвэрлэх экспортын ачилтын захиалгыг АТҮЦС программд бүртгэлтэй, гэрээ байгуулсан зөвхөн хуулийн этгээд аж ахуйн нэгж байгууллагаас хүлээн авдаг ба иргэн, хувь хүнээс экспортын ачилтын захиалгыг хүлээн авдаггүй болно...” гэсэн 03/597 дугаартай бичиг холбогдох баримтууд /3 дугаар хавтаст хэргийн 63-82 дахь тал/,

Цэнддоржийн Туяагийн эзэмшлийн Хаан банкны 5007973771 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 114-158 дахь тал/,

 

Хохирогчид хохирол төлсөн талаарх баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ***** нь хохирогч Ц.Туяагийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах, мөн шүүгдэгч *****ын энэ хэрэгт цагдан 10 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ялын 15 нэгжээр тооцож, түүний эдлэх ялаас хасаж тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батбаяр “Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд хохирогч болон ***** нарын хооронд төлбөр мөнгөтэй холбоотой зээлийн харилцаа үүссэн. *****ын бартераар авсан байр зарагдахгүй болсонтой холбоотой хохирогч цагдаагийн газарт гомдол гаргасны дагуу шалгаж, хохирлын тооцоог гаргахад 165 орчим сая төгрөгийн үлдэгдэлтэй гэж гарсан.  Прокурорын шат хүртэл иргэний эрх зүйн харилцаа гэсэн байдлаар гэм буруутай гэдэгтээ маргасан. Энэ хугацаанд *****ын эрх зүйн байдлыг дордуулсан ял шийтгүүлсэн асуудал 2023 онд гарч ирсэн. Ар гэрийнхэнтэй нь ярилцан хохирлоо төлж барагдуулж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хувьд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахад тодорхой хэмжээний хохирлыг төлсөн байсан. Залилах гэмт хэргийн иргэний эрх зүйн маргаанаас ялгагдах гол шинж нь буцаан төлөх зорилгогүйгээр бусдын эд хөрөнгийг хариу төлбөргүйгээр авах үйлдэл байдаг. ***** нь хэрэг шалгагдахаас өмнө хохирлын гуравны нэгийг төлсөн байсан бөгөөд прокурорын шатанд үлдсэн хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хувьд хохирлыг төлөхгүй байх шинж харагддаггүй. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. *****ын хувьд айлын ганц хүүхэд бөгөөд нийгэмд байр сууриа олох гэж ажил хөдөлмөр эрхэлж байгаад алдсан байдаг. Ам бүлийн хувьд эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Цаашид хуульчаас зөвлөгөө авах, бизнесийн асуудалд болгоомжтой, хариуцлагатай хандах хүнээс авсан мөнгөө өгөхгүй байх ямар эрсдэлтэй гэдгийг ойлгож дүгнэлт хийсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан. 

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *****ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч ***** нь:

“Дарханы Төмөрлөгийн үйлдвэрээс армотур төмөр авна. ...вагон түрээслэх ашигтай. ...хөрөнгө оруулаач” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож төөрөгдөлд оруулж хохирогч Ц.Туяагаас Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наадам центр” төвийн Хаан банкнаас 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 108.000.000 төгрөг, мөн оны 06 дугаар сарын 09-ний өдөр 16.620.000 төгрөг, мөн оны 06 дугаар сарын 10-ны өдөр 5.380.000 төгрөг, мөн оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 20.000.000 төгрөг, мөн өдөр 10.000.000 төгрөг, мөн оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 10.000.000 төгрөг, мөн оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 19.000.000 төгрөг, мөн оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 1.000.000 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 09-ний өдөр 2.000.000 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 14-ний өдөр 20.000.000 төгрөг буюу 10 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 212.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5003895504 тоот дансаар шилжүүлэн авсан болох нь: ******* болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *****ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.    

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Туяад нийт 212.000.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч ***** нь мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.                            

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч *****ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх”  гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батбаяр “Миний үйлчлүүлэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо төлсөн байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, улсын яллагчийн саналыг хүрээнд торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч ***** нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан

Иймд шүүхээс шүүгдэгч *****ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 20.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн цагдан хоригдсон 10 хоногийн 1 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 150.000 төгрөгийг түүнд оногдуулсан 20.000.000 төгрөгийн торгох ялаас хасаж, нийт 19.850.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, уг ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн ***** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ***** нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *****ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар үргэлжилсэн үйлдлээр “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч *****ыг 20.000 /хорин мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч *****ын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэл энэ хэрэгт цагдан хоригдсон 10 хоногийн 1 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 150.000 төгрөгийг түүнд оногдуулсан 20.000.000 төгрөгийн торгох ялаас хасаж, нийт 19.850.000 /арван есөн сая найман зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****ад оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***** нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ***** нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *****ад урьд авсан “хувийн баталгаа гаргах” болон “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *****ад авсан “хувийн баталгаа гаргах” болон “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ