Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 180

 

                                                                                                                                                

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс:166/2017/0192/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Т***,
Шүүгдэгч Э.У*** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.У***т холбогдох эрүүгийн **** дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Э.У***, *** өдөр Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хотын *** тоотод оршин суух бүртгэлтэй боловч Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 3**р хороо **-р байрны ** тоотод түр оршин суух, “***” ХХК-ний гүйцэтгэх захирал ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй,
1.2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн 426 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, **** регистрийн дугаартай. 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Э.У*** нь давтан үйлдлээр 2017 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дүгээр багийн ** дүгээр хорооллын “Бадрах-Уул” сууц өмчлөгчдийн холбооны хариуцдаг **-р байны ** дугаар орцны хаалганы цоожны пинал ** ширхэг, соронз ** ширхэг, тэжээлийн блок ** ширхэг, соронзон төмөр ** ширхэг, ** дүгээр орцны хаалганы цоожны соронз ** ширхэг, соронзны төмөр ** ширхэгийг хулгайлж 575 000 төгрөгийн,
“***” сууц өмчлөгчдийн холбооны хариуцдаг ** дүгээр байрны ** дугаар орцны хаалганы цоожны пинал ** ширхэг, ** дугаар орцны цоожны пинал ** ширхэг, тэжээлийн блок ** ширхэгийг хулгайлж 415 000 төгрөгийн, 
“***” сууц өмчлөгчдийн холбооны хариуцдаг ** дүгээр байрны ** дугаар орцны хаалганы цоожны пинал ** ширхэг, соронзны төмөр 1 ширхэг, 
** дугаар байрны ** дүгээр орцны хаалганы цоожны пинал 1 ширхэг, соронзны төмөр 1 ширхэг, тэжээлийн блок 1 ширхэг, соронз 1 ширхэг, ** дугаар орцны хаалганы пинал 1 ширхэг, тэжээлийн блок 1 ширхэг,
** дугаар байрны ** дүгээр орцны хаалганы пинал 1 ширхэг, ** дугаар орцны пинал 1 ширхэг, 
** дугаар байрны 1 дүгээр орцны хаалганы пинал 1 ширхэг, ** дугаар орцны пинал 1 ширхэг, тэжээлийн блок 1 ширхэг, соронзны төмөр 1 ширхэгийг тус тус хулгайлж              1 575 000 төгрөгийн нийт 2 565 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүгдэгч Э.У***ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  

2016 оны 05 дугаар сард Г*** гэж хүний кодтой төмөр хаалга хийдэг компанид ажилд орсон. Надад сард 500 000 төгрөгний цалин өгнө гэж тохирсон. Цалингаа анхнаасаа бүрэн өгдөггүй хагас дутуу өгдөг байсан бөгөөд 7  дугаар сард 180 000 төгрөгний цалин өгөөд тэрнээс хойш цалин өгөөгүй Г*** ах зуны амралт боллоо хөдөө амрах гэж байгаа гээд яваад өгсөн. Тэрнээс хойш цалин өгөөгүй нэг хүнд 3 хаалга суулгаж өгөөд 100 000 төгрөг аваарай гэсэн чинь тэр хүн нь Г*** надад өртэй өрөндөө хийлгэж байгаа гээд надад мөнгө өгөөгүй. Энэ мэтээр надад бүх ажлаа хаяаад яваад өгсөн би ганцаараа арын ажлыг нь хийж байсан. Ингэж явсаар байгаад 8  дугаар сард намайг 7 хоног амраад ир гэхээр нь би самарт яваад 10 хоноод ирсэн чинь 2 хүн шинээр ажилд орсон байсан. Тэр хүмүүс нь ажил сайн хийж чадахгүй байсан болохоор би тэр асуудлаас нь болж Г*** болон тэр хүмүүстэй нь үл ойлголцож байсан хамгийн гол нь Г*** дарга надад цалинг хангалттай өгнө гээд өгөхгүй байсан. Тухайн үед буюу 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр миний эхнэр төрөөд би хүүхэдтэй болсон болохоор маш их мөнгөний хэрэг гараад Г***аас цалингаа авья гэхэд чиний цалин өрөндөө дууссан өөр цалин байхгүй гэсэн. Тэгэхээр нь би хүүхэд төрөөд мөнгө хэрэгтэй байна гэдгийг хэлсэн чинь цалин мөнгөн дээр санаа зовох хэрэггүй гэсэн тэгж байтал 10 сард Дархан-Уул аймагт 50 хаалга хийх ажил гараад Г*** дарга намайг энэ ажил дээр сайн ажиллах юм бол чамд цалинг хангалттай өгнө гэхээр нь би итгээд ажилласан. Эхний 10 гаруй хаалгыг Улаанбаатар хотод хийгээд Дарханд суулгахаар ирсэн. Цалингаасаа урьдчилгаа авья гэсэн чинь над руу дайраад чи  урьдчилгаа авдаг хэн юм гээд уурлаад байхаар нь би чинь хүн юм байгаа биз дээ надад мөнгөний хэрэг байна хүүхэд төрсөн байгаа та надад сүүлийн хэдэн сар цалин өгөөгүй биз дээ гэж маргалдаад ажлаасаа гарчихсан. Би ажлаасаа гараад хувиараа хаалга хийх санаа гаргаж өөрийн төрсөн дүү болох Э***ийн хамтаар хийж эхэлсэн. Ингээд миний ажил сайн болж Улаанбаатар хотод 10 гаруй төмөр хаалга хийсэн. Тэгтэл зэрэгцээ байранд Г*** дарга бид хоёр хаалга хийхэд миний хаалга гадны нөлөөллөөс шалтгаалаад эвдэрээд байсан. Тэгэхээр нь би Г***ыг намайг хохироож байгаа юм байна гэж бодоод өөрийг нь хохироохоор шийдээд Дархан-Уул аймагт хийсэн ажил санаанд ороод Дархан явахаар шийдэж Болдоо гэж танил дүүгээс 80 000 төгрөг зээлээд *** гэж танил дүүгийн гар утсыг 20 000 төгрөгийн барьцаанд тавьсан. Хүмүүст хэлэхдээ би зээлийн мөнгө тушаах гэсэн чинь мөнгөний хэрэг гараад байна гэсэн. Ингээд мөн танил дүү болох *** машинтай болохоор нь А***гуйж Дархан орж хүнээс юм авах хэрэг гараад байна гэж гуйгаад 50 000 төгрөг бэлнээр өгөөд 50 000 төгрөгөнд бензин хийж өгөөд Улаанбаатар хотоос Дархан руу шөнийн 00 цагийн орчим гарсан. Тэгээд Дарханд шөнийн 03 цагийн орчим ирээд нэг байрны гадна ***г машин дотор нь үлдээгээд би хүнээс юм аваад ирье гэж яваад цаг гаран явж байрнуудын хаалганаас 10 ширхэг дуудлагын блок буюу пинал, 5 ширхэг тэжээлийн блок, 3 ширхэг соронз, 5 ширхэг шар төмөр зэргийг бахь, отвертка, жижиг тусгай түлхүүр ашиглаж хулгайлсан. Хулгайлсан эд зүйлийг уутан дотор хийгээд буцаж Улаанбаатар руу явсан. Дарханаас 05-06 цагийн орчим гарч Улаанбаатар хотод өглөө 09 цаг өнгөрч байхад ирсэн. Хувийн маргаанаас болж айл өрхөд хүндрэл учруулсандаа харамсаж байна. Бүх хаалгыг засаж хохиролгүй болгосон. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг, 

    Хохирогч Я.С*** мөрдөн байцаалтад өгсөн:

Би Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг ***ны гүйцэтгэх захирал хийдэг. Манай СӨХ нь Дархан сумын ** дүгээр багт байрлах ** дүгээр байрыг хариуцан ажиллуулдаг. 2017 оны 01 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө манай ** дүгээр байрны **, ** дугаар орцнуудын гадна талын хаалгануудын пинал 2 ширхэг, тэжээлийн блок 1 ширхэг тус тус хулгайд алдагдсан байсныг Цагдаагийн байгууллагаас алдагдсан эд зүйлээ буцаагаад хүлээгээд авчихсан. Алдагдсан эд зүйлс зүгээр хэвийн ажиллаж байгаа гэх мэдүүлэг /хх-192/,

    Хохирогч Э.Э*** мөрдөн байцаалтад өгсөн:

    Би Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг *** СӨХ-ийн гүйцэтгэх захирал хийдэг. Манай СӨХ нь Дархан сумын ** дүгээр багт байрлах **дугаар байрыг хариуцан ажилладаг. 2017 оны 01 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө манай **дугаар байрны ** дугаар орцны гадна пинал 1 ширхэг, тэжээлийн блок 1 ширхэг, соронз 1 ширхэг, соронзны төмөр 1 ширхэг, ** дүгээр орцны соронз 1 ширхэг, соронзны төмөр 1 ширхэг тус тус алдагдсан байсныг буцаагаад хүлээгээд авчихсан. Алдагдсан эд зүйлс зүгээр хэвийн ажиллаж байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 194/, 

Хохирогч Р.Ц*** мөрдөн байцаалтад өгсөн:

Би Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг *** нэртэй СӨХ-ны гүйцэтгэх захирал хийдэг юм. Манай СӨХ нь Дархан сумын ** дүгээр багт байрлах **, **, **, ** дугаар байрыг хариуцан ажилладаг. 2017 оны 01 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө манай 
-** дүгээр байрны 3 дугаар орцны гадна талын пинал 1 ширхэг, соронзны төмөр 1 ширхэг, 
-** дугаар байрны ** дүгээр орцны хаалганы пинал 1 ширхэг, соронзны төмөр 1 ширхэг, тэжээлийн блок 1 ширхэг, соронз 1 ширхэг, мөн байрны ** дугаар орцны хаалганы пинал 1 ширхэг, тэжээлийн блок 1 ширхэг,
-** дугаар байрны ** дүгээр орцны хаалганы пинал 1 ширхэг, мөн байрны ** дугаар орцны хаалганы пинал 1 ширхэг, 
-** дугаар байрны ** дүгээр орцны хаалганы пинал 1 ширхэг, мөн байрны ** дугаар орцны хаалганы пинал 1 ширхэг, тэжээлийн блок 1 ширхэг,  соронзны төмөр 1 ширхэг тус тус хулгайд алдагдсан байсныг буцаагаад хүлээгээд авчихсан. Алдагдсан эд зүйлс зүгээр хэвийн ажиллаж байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 196/, 

Иргэний нэхэмжлэгч Б.Г***ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

Манай компани 2016 оны 9 дүгээр сард Дархан-Уул аймгийн засаг даргатай гэрээ байгуулаад Дархан сумын 9 дүгээр багийн **гэсэн орон сууцанд код бүхий төмөр хаалга хийсэн. Энэ ажлаа 2016 оны 12 дугаар сард аймгийн засаг даргын тамгын газрын хүлээн авах комиссод хүлээлгэн өгсөн. Ингээд ажлаа хүлээлгэж өгөөд байж байтал 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өглөө оршин суугч байсан байх одоо би хэн гэдгийг нь мэдэхгүй байна таны хийсэн хаалга код болон бусад эд зүйл алдагдсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би ** дүгээр багийн засаг даргатай холбогдоод юу болсон талаар нь тодруулахад дээрх байрнуудын хаалганы удирдлагын блок, дуудлагын блок /гадна пинал/, соронзон цоожууд алдагдсан байна гэж хэлсэн. Тэгээд байж байтал Дархан-Уул аймгийн Цагдаагийн алба хаагч холбогдоод ийм гэмт хэрэг гарлаа таньд ямар нэгэн сэжиглэж байгаа хүн байна уу гэхээр нь би одоо шууд хэлж мэдэхгүй байна гэхдээ манай компанид ажиллаж байсан ганц нэг хүн гарсан тэр хүмүүс байж магадгүй гээд манай компанид урьд нь ажиллаж байсан Г*** гэх залуу хувиараа миний хийж байгаатай адил хаалга хийж байгаа сурагтай байсан. Тэгэхэар тэр залуу байж магадгүй гэхдээ би харж үзсэн юм байхгүй гэдгээ хэлсэн. Ингээд Дарханы Цагдаагийн албан хаагч нар шалгаад Г*** дээрх гэмт хэргийг үйлдсэн болохыг тогтоосон.
Би тухайн үед Улаанбаатар хотод ажилтай байсан учраас хэрэг гарсан хугацаанд нь очиж амжаагүй байтал алдагдсан эд зүйлийг Улаанбаатараас хураан аваад өөрөөр нь буцаан орон сууцуудад хийлгэсэн байсан. Би хэрэг гарсанаас хэд хоногийн дараа очиход ихэнх хаалганы кодуудыг буцаан хийсэн байсан. Би хэрэг гарсанаас хэд хоногийн дараа очиход ихэнх хаалганы кодуудыг буцаан хийсэн байсан. Энэ кодтой хаалга ОХУ-ын Визит компаний үйлдвэрийн цоож байгаа юм энэ нь үйлдвэрийн кодтой тэр кодоор нь тохируулж оршин суугч бүрт код, чип өгч тааруулдаг. Эргээр кодыг хулгай хийсэн хүнээр хийлгэж болохгүй гээд би өөрийн компаний 3 ажилтанг авч очоод Г***ын буцаан буруу хийж суурилуулсан кодуудыг шалгаж бүгдийг шинээр өөрчлөн суурилуулсан мөн огт хийгээгүй байсан эд зүйлийг буцаан суурилуулж хэвийн ажиллагаанд оруулсан. Манай ажилчид 2 удаа Дархан-Уул аймагт очсон унаа, цалингийн зардал, 1 соронзон цоож ажилгүй, 2 соронзоны наалт төмөр дутуу байсан эдгээрийг өөрөөсөө гаргаж хийсэн. Хулгай гарсан гээд би өөрийн биеэр 3 удаа очсоны бензиний зардал гээд нийт 2 500 000 төгрөг гарсан гэх мэдүүлэг /хх-ийн 60-61/, 

    Гэрч С.С*** мөрдөн байцаалтад өгсөн:

    2017 оны 01 дүгээр сарын 03-ны 19 цагийн орчим би дэлгүүрээс нэгж авах гээд гарахад найз Ө*** дэлгүүрийн гадаа тааралдсан. Тэгэхэд Ө*** би Э***эд 5 000 төгрөг өгөх ёстой юмаа хоёулаа гэрт нь цуг очъё гэсэн бид хоёр Э***ийн гэрт  очиход тэр гэртээ байгаагүй харин түүний ах Г***байсан. Ө*** 5 000 төгрөг түрийвчнээсээ гаргаад Г***ахад өгөөд энэ мөнгийг Э***эд өгчихөөрэй гэхэд Г***ах Ө***оос ахын дүү ахдаа зээлэх мөнгө байна уу гэсэн. Ө*** өөрт байсан 80 000 төгрөгөө түүнд өгсөн. Г***ах надаас зээлэх мөнгө байна уу гэж асуусан би түүнд мөнгөгүй гэдгээ хэлэхэд тэр миний Samsung-S3 маркийн гар утсыг барьцаанд тавьчихъя гэж гуйгаад авсан. Үүнээс хойш хоёр хоногийн дараа буюу 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Г***ах миний гар утсыг надад буцааж өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 65/, 

Гэрч О.Э***ийн мөрдөн байцаалтад өгсөн:

    Би ах УуГ***тай хамтарч 2016 оны ** дүгээр сараас эхлэн орон сууц хорооллын орцны төмөр хаалгыг солих ажлыг хийж эхэлсэн. Г***ах орон сууцны сууц өмчлөгчдийн холбоотой очиж хамтран ажиллах гэрээ болон засвар үйлчилгээ хийх гэрээ хийж ажлын хөлсийн нийт үнийн дүнгийн 50 хувийг урьдчилж аваад ажлаа гүйцэтгээд 50 хувийг нь авдаг юм. Бид хоёр Улаанбаатар хотын Баянгол дүүргийн ** дүгээр байр Дулаан хаан СӨХ, Сонгинохайрхан дүүргийн Өнөр, ** дүгээр *** зэрэг байгууллагуудтай хамтарч ажиллах орцны хаалгуудыг солих ажлыг хийсэн.
Манай ах Э.У*** өмнө нь Г*** захиралтай “***” нэртэй орцны кодтой хаалга хийдэг компанид ажилладаг байсан тэгээд захиралтай цалин мөнгөний асуудлаас болоод ажлаасаа гарчихсан. Ах бид хоёрын хийсэн зарим орон сууцны буюу Г*** захирлын хаалга сольж хийсэн орон сууцны хажуугийн орон сууцны сольсон хаалганы код нь солигдсон, чипээ танихгүй байх, хаалга гажих гэх мэт гадны хүчин зүйлийн нөлөөллөөс эвдрэл, гэмтлүүд үүсээд байсан үүнийг Г*** захирал хийсэн байж магадгүй гэж бид сэжиглэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 66/, 

    Гэрч С.Н** /хх-ийн 67/, Д.Н*** /хх-ийн 68-69/, Д.Н*** /хх-ийн 70-71/, Ч.Г*** /хх-ийн 72-73/, Р.Р*** /хх-ийн 74-75/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, 
    Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-12/, хураан авах тогтоол, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 38-39, 42/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 42-45/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 46/, эд хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 84, 204/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 118-119/,  шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 151-155/ зэрэг болно.  

Шүүгдэгч Э.У*** нь давтан үйлдлээр 2017 оны 01 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дүгээр багийн ** дүгээр хорооллын “Бадрах-Уул” сууц өмчлөгчдийн холбооны хариуцдаг **-р байны ** дугаар орцны хаалганы цоожны пинал 1 ширхэг, соронз 1 ширхэг, тэжээлийн блок 1 ширхэг, соронзон төмөр 1 ширхэг, ** дүгээр орцны хаалганы цоожны соронз 1 ширхэг, соронзны төмөр 1 ширхэгийг тус тус хулгайлж 575 000 төгрөгийн,
“***” сууц өмчлөгчдийн холбооны хариуцдаг ** дүгээр байрны ** дугаар орцны хаалганы цоожны пинал 1 ширхэг, ** дугаар орцны цоожны пинал 1 ширхэг, тэжээлийн блок 1 ширхэгийг тус тус хулгайлж 415 000 төгрөгийн, 
“***” сууц өмчлөгчдийн холбооны хариуцдаг ** дүгээр байрны ** дугаар орцны хаалганы цоожны пинал 1 ширхэг, соронзны төмөр 1 ширхэг, 
** дугаар байрны 1 дүгээр орцны хаалганы цоожны пинал 1 ширхэг, соронзны төмөр 1 ширхэг, тэжээлийн блок 1 ширхэг, соронз 1 ширхэг, ** дугаар орцны хаалганы пинал 1 ширхэг, тэжээлийн блок 1 ширхэг,
** дугаар байрны ** дүгээр орцны хаалганы пинал 1 ширхэг, ** дугаар орцны пинал 1 ширхэг, 
** дугаар байрны 1 дүгээр орцны хаалганы пинал 1 ширхэг, *** дугаар орцны пинал 1 ширхэг, тэжээлийн блок 1 ширхэг, соронзны төмөр 1 ширхэгийг тус тус хулгайлж              1 575 000 төгрөгийн нийт 2 565 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, дээрх гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. 
   
Иргэний нэхэмжлэгч Б.Г***ын ирэх очих унааны зардал болон ажилчдын хөлс зэрэгт нэхэмжилсэн 2 500 000 төгрөг нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх тул Б.Г*** нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.  

Шүүгдэгч Э.У*** нь 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-т заасан хүндэвтэр гэмт хэрэгт 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн болох нь Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 426 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан ялгүй болох хугацаанаас үлдэх хугацааг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-т зааснаар хэрэгсэхгүй болох тул түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. 

Шүүгдэгч Э.У***т ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бахь 1 ширхэг, отвёртка 1 ширхэг, тусгай түлхүүр 1 ширхэг зэргийг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Э.У***ын эзэмшлийн “Go Fiy” маркийн товчлууртай гар утсыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн  тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
    
   Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1.Шүүгдэгч Э.У***ыг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-т зааснаар шүүгдэгч Э.У***ын ялгүй болох хугацаанаас үлдэх хугацааг хэрэгсэхгүй болгосугай. 

    3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Э.У***ыг эд хөрөнгө хураахгүйгээр, 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч  Э.У***т оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Э.У***т оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний хянан харгалзсан хугацаанд хяналт тавихыг Улаанбаатар хотын Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст хариуцуулсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бахь 1 ширхэг, отвёртка 1 ширхэг, тусгай түлхүүр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч Э.У***ын эзэмшлийн “***” маркийн товчлууртай гар утсыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 

8.Хэрэгт иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч Э.У*** нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгч Б.Г*** нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дүгээр зүйлийн 306.1-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.У***т урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Т.БАТЖАРГАЛ