Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 09

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                Б.Тийн нэхэмжлэлтэй иргэний

                                                       хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 129/ШШ2019/00096 дугаар шийдвэртэй

Б.Тийн нэхэмжлэлтэй

Архангай аймгийн Ж сумын ЗДТГт холбогдох

ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагчийн өмгөөлөгч В.Удвалын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч В.Удвал, нарийн бичгийн дарга Б.Энхбаяр нар оролцов.

    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Миний бие Б.Т нь 2017.12 сараас Архангай аймгийн Ж сумын Засаг даргын Тамгын газрын манаачийн орон тоонд хөдөлмөрийн гэрээгээр томилогдон ажилласан. Тухайн албан тушаалд томилогдон ажилласнаас хойш ажлын байрандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй ажилласаар ирсэн болно. 2018.11.25-ны өдөр буюу ням гаригт гэртээ амарч байхад нярав дуудахаар нь 14 цагт ажил дээр ирэхэд манаач Самбуу, Дашпил хоёр түлээ хагалж байсан. Байгальцэцэг байхгүй байсан. Хүлээгээд байж байтал манай эхнэр “гэрийн өрхний оосор тасарчихлаа” гэж манай ажил дээр ирсэн. Би 17 цаг 30 минутад ажлаас гараад явсан. Эхнэртэйгээ харих гээд явж байтал таньдаг хүн тааралдаад архинаас нь хоёр татсан. Тэгээд гэртээ харихаар явж байтал Байгальцэцэг над руу утсаар залгаад “одоо та хүрээд ир, сандлаа зөөнө” гэхээр нь “өдөр 14 цагт гэчихээд одоо орой болсон хойно дуудаад байхдаа яадаг юм, өдөржин хүлээлээ, цагтаа ирэхэд яадаг юм, одоо чадахгүй” гэж хэлсэн. Тэгэхэд 18 цаг болж байсан. 2018.11.28-ны өдрийн 09 цагт Тамгын дарга өрөөндөө дуудаад “чамд сахилгын арга хэмжээ авна” гээд мэдэгдэл өгсөн. 2018.12.03-ны өдөр Засаг дарга дуудаж “уучлалт гуйсан өргөдөл бичиж өг, би Тамгын дарга дээр авч орно” гэсэн. Өргөдөл бичиж өгсөний маргааш 2018.12.04-ний өдөр ажлаас халах тушаал гаргасан. Халагдсан тушаалыг 2018.12.18-ны өдөр гардан авсан. Би тухайн үед ажлын байранд архи уугаагүй. Иймд Архангай аймгийн Ж сумын Засаг даргын Тамгын газрын даргын тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. ” гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарт: “Архангай аймгийн Ж сумын Засаг даргын Тамгын газрын дарга Л.Нарангэрэл би тус сумын Баянцагаан багийн иргэн Боржигон овогт Бямба-Очирын Тийн 2018.12.26-ны өдөр танай шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч нэхэмжлэлийн хүрээнд дараах тайлбарыг хүргүүлж байна. 2018.11.26-ны өдөр манай байгууллага малчдын зөвлөгөөн зохион байгуулахаар төлөвлөсөн тул тус зөвлөгөөний бэлтгэл ажлыг хангахаар 2018.11.25-ны өдөр албан хаагчид ажилласан. Энэ өдөр ажиллах талаар 11.21-нд хуралдсан хамт олны хурал дээр албан хаагчдад танилцуулсан. Мөн зөвлөгөөнд хэрэглэгдэх сандлыг иргэний танхимаас Соёлын төв рүү зөөлгөх тул 11.25-ны өдрийн 1400 цагт ир гэж манаач нарт нярваар хэлүүлсэн. Манаач нар цагтаа ирсэн тул тэд нараар зөвлөгөөнд хэрэглэгдэх эд зүйлсийг дэлгүүрээс зөөлгөж өрөөндөө авчруулсан. Манай бусад ажилчид зөвлөгөөний бэлтгэл ажлаа хийж дуусаад Соёлын төв рүү ороход манаач нар сандлаа зөөгөөгүй байсан тул нярваар дуудуулсан. Гэтэл манаач Б.Т нь согтуу орж ирээд нярав бид хоёрыг хэл үгээр дайрч зодох гэж хөөсөн. Би Б.Тийн дээрхи үйлдлийг үндэслэж сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлж ажлаас нь халсан. 2018.11.25-ны өдөр амралтын өдөр байсан хэдий ч манаач Б.Ттай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.3-т “Ажилтан шаардлагатай тохиолдолд ажил олгогчийн шийдвэрээр илүү цагаар ажиллана”, 7.1.4-т “Ажил олгогчийн санаачилгаар зохион байгуулж буй тухайн ажилтанд шууд хамааралтай болон нийтийг хамарсан бүхий л арга хэмжээнд татан оролцуулах эрхтэй” гэж тус тус заасан, түүнчлэн энэ талаар хамт олны хурал дээр удаа дараа танилцуулсан тул Б.Тийг ажил үүргээ гүйцэтгэж байхдаа согтууруулах ундаа хэрэглээд зогсохгүй бусдыг хэл үгээр дайрч доромжилсон, хөдөлмөрийн гэрээний 6.2.3, 6.2.7-д заасан үүргээ биелүүлээгүй гэж үзсэн. Иймээс Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолын 1.7-д “...төрийн байгууллагын байр, ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх, ашиглахыг байгууллагын дотоод журамд тусган хориглож, зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох", байгууллагын дотоод журмын 10.1.7-д “Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох”, 12.1.1-т “Ажил үүрэг гүйцэтгэж байхдаа согтууруулах ундаа хэрэглэсэн бол ноцтой зөрчилд тооцох”, байгууллагын ёс зүйн дүрмийн 2.3-т “ажил үүргээ гүйцэтгэж байхдаа болон ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хатуу хориглох” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэж сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлж Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх заалтыг үндэслэн ажлаас халсан. Иймээс Б. Тийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна.” гэжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 129/ШШ2019/00096 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Боржигон овгийн Бямба-Очирын Тийг Архангай аймгийн Ж сумын Засаг даргын Тамгын газрын манаачийн ажилд эгүүлэн тогтоож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг хариуцагч Архангай aймгийн Ж сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж орон нутгийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч В.Удвалын давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 129/ШШ2019/00096 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Архангай аймгийн Ж сумын ЗДТГт манаачаар ажиллаж байсан иргэн Б.Т 2018.11.25-ны өдөр ажил үүрэг гүйцэтгэж байхдаа согтууруулах ундаа хэрэглэсэн сахилгын зөрчил гаргасан нь нэхэмжлэгч Б.Тийн өөрийнх нь шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байдаг. 2018.11.25-ны өдөр хэдийгээр амралтын өдөр байсан боловч сумын Засаг даргын захирамжаар маргааш нь малчдын зөвлөгөөн зохион байгуулагдах байсан учраас Засаг даргын ажлын алба болох Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчид уг арга хэмжээний бэлтгэл ажлыг хийж гүйцэтгэх байсан бөгөөд Засаг даргын Тамгын газрын дарга ажилчдын хийж гүйцэтгэх ажил үүргийг хуваарилж дөрвөн манаачид сандал зөөх ажил үүргийг өгсөн байдаг. Б.Т нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх, хөдөлмөрийн гэрээнд тусгагдаагүй ч ажил олгогчийн санаачлагаар болон хамт олны зохион байгуулж байгаа ажил үүргийг чанартай хийж гүйцэтгэх үүргийг хөдөлмөрийн гэрээгээрээ хүлээсэн байдаг. Б.Т нь хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөн ажиллах үүрэгтэй юм. Түүний гаргасан зөрчил нь нотлох баримтаар хангалттай тогтоогдож байгаа учраас гаргасан зөрчилд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд зааснаар сахилгын арга хэмжээ авсан тушаал нь агуулга, зорилгын хувьд хуульд нийцэж байна. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримтлан Б.Тийн хөдөлмөрийн гэрээг цуцлах ёстой байсан гэсэнтэй санал нийлэхгүй байна. Ажилтан сахилгын зөрчил гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд зааснаар сахилгын арга хэмжээ авах нь ажил олгогчийн эрх байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Б.Т Архангай аймгийн Ж сумын ЗДТГт холбогдуулан манаачийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн ба шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Архангай аймгийн Ж сумын Засаг даргын тамгын газрын манаачаар ажиллаж байсан Б.Тийг ажил олгогч 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/44 тоот тушаалаар ажлаас чөлөөлжээ.

Дээрх шийдвэрийг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй ба Б/44 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д заасныг үндэслэл болгожээ.

Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах хуульд заасан нөхцлүүдийн аль нэгийг заавал баримталсны үндсэн дээр ажил олгогч шийдвэр гаргах бөгөөд тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан ямар үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь тодорхойгүй байна.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч татгалзахдаа зохигчийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.3-т “Ажилтан шаардлагатай тохиолдолд ажил олгогчийн шийдвэрээр илүү цагаар ажиллана”, 7.1.4-т “Ажил олгогчийн санаачилгаар зохион байгуулж буй тухайн ажилтанд шууд хамааралтай болон нийтийг хамарсан бүхий л арга хэмжээнд татан оролцуулах эрхтэй” гэж тус тус заасныг үндэслэж нэхэмжлэгчийг ажлаас халсан нь хууль зөрчөөгүй гэж маргасан байна.

Ажил олгогчийн тушаалын агуулгаас үзвэл тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан байх бөгөөд хэргийн баримтаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлгүй байна.

Зохигчийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлд гэрээг дуусгавар болгох буюу цуцлах үндэслэлийг тодорхой заасан байх бөгөөд 8.1-д “Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн буюу ажилдаа согтуу ирсэн”, 8.2-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр урьдчилан мэдэгдэлгүй ажлын хоёр өдөр ажил тасалсан, ажлаас удаа дараа хожимдсон, нийлбэр дүн нь нэг сард ажлын 16 цаг болсон”, 8.3-д “Байгууллагын өмч хөрөнгийг хулгайлах, санаатайгаар эвдэж гэмтээх, алга болгох, хаяж үрэгдүүлэх” гэж заажээ.

Талуудын хооронд үүссэн маргаанд 8.2, 8.3-д заасан үндэслэл хамааралгүй байна.

Харин ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон үндэслэл нь хөдөлмөрийн гэрээний 8.1-д заасан үндэслэл юм. Уг заалтын “Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн” гэдэг нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байх ба “ажилдаа согтуу ирсэн” зөрчил гаргасан эсэх нь маргааны зүйл болжээ. 

Ажилтныг зайлшгүй шаардлагаар долоо хоногийн амралтын өдөр ажиллуулахдаа хуульд заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар, эсхүл ажил олгогч ажилтантай тохиролцсоноор ажиллуулж болно.    

Ажил олгогчийн шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх шаардлагатай.

Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д ажилтныг долоо хоногийн амралтын өдөр ажил олгогчийн санаачилгаар ажиллуулах, 78.2-д ажил олгогч ажилтантай тохиролцсоноор ажиллуулж болох зохицуулалт тус тус тусгагджээ.

Хэргийн баримтаас үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д заасан нөхцөл үүсээгүй төдийгүй ажил олгогч ажилтантай долоо хоногийн амралтын өдөр ажиллуулахаар тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй байна. 

Дээр дурдсанаас үзвэл Б.Тийг долоо хоногийн амралтын өдөр ажиллуулах хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэх үндэслэлтэй.

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд зааж буй “2018.11.25-ны өдөр хэдийгээр амралтын өдөр байсан боловч сумын Засаг даргын захирамжаар маргааш нь малчдын зөвлөгөөн зохион байгуулагдах байсан учраас Засаг даргын ажлын алба болох Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчид уг арга хэмжээний бэлтгэл ажлыг хийж гүйцэтгэх байсан бөгөөд Засаг даргын Тамгын газрын дарга ажилчдын хийж гүйцэтгэх ажил үүргийг хуваарилж дөрвөн манаачид сандал зөөх ажил үүргийг өгсөн байдаг” гэх шалтгаан нь хууль зүйн хувьд ажилтныг долоо хоногийн амралтын өдөр ажиллуулах үндэслэл болохгүй юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д заасан нөхцөл үүсээгүй тохиолдолд ажилтантай тохиролцохгүйгээр долоо хоногийн амралтын өдөр ажиллуулж байгаа нь хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан ажилтны амрах эрхийг зөрчсөн гэж үзнэ.

Иймд Б.Тийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай нийцсэн байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 129/ШШ2019/00096 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2. Хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ДАВААСҮРЭН

 

                             ШҮҮГЧИД                                      В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                                                                                    Д.БЯМБАСҮРЭН