Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2021/ДШМ/300

 

     2021           3              25                                        2021/ДШМ/0300                               

 

 

О.Т, О.Д, Т.З, Б.Т,

М.Э, О.Э нарт холбогдох

         эрүүгийн хэргийн тухай     

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ц.Оч, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Батгэрэл,

өсвөр насны шүүгдэгч О.Т, түүний хууль ёсны төлөөлөгч А.Д, түүний өмгөөлөгч Н.Эрдэнэтуяа,

шүүгдэгч О.Дгийн өмгөөлөгч С.Мөнхгэрэл,

шүүгдэгч Т.З, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг,

шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Б.Борхүү,

шүүгдэгч М.Э, О.Э,

нарийн бичгийн дарга М.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 2021/ШЦТ/30 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Батгэрэлийн бичсэн 2021 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 05 дугаартай эсэргүүцлээр, шүүгдэгч Б.Тийн өмгөөлөгч Б.Борхүүгийн гаргасан давж заалдах гомдлоор О.Т, О.Д, Т.З, Б.Т, М.Э, О.Э нарт холбогдох эрүүгийн 2005015681304 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овгийн Т-ын З,

 

          Боржигон овгийн О-ийн Д,

          Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

          Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2019/ШЦТ/259 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн.

 

          Боржигон овгийн Б-ийн Т,

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 554 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэжээ.

 

Чонос овгийн О-ын Т,

 

Боржигон овгийн М-ын Э,

 

Боржигон овгийн О-ийн Э,

 

          Шүүгдэгч Т.З, О.Д, Б.Т, О.Т нар нь бүлэглэж 2020 оны 4 дүгээр сарын 20-ноос 21-нд  шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байрны 1 дүгээр орцны гадна хохирогч Б.Еийн гар утсыг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон,

          шүүгдэгч Б.Т нь 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” ХХК-ийн “Инчон” гэх илгээмж үйлчилгээний газрын гадаад валютын дансыг ашиглан тус компаниас 3,862,000 төгрөгийг иргэн Б.Цгийн дансаар шилжүүлэн авч залилсан,

 

          шүүгдэгч Б.Т, О.Э, М.Э нар нь бүлэглэж 2020 оны 2 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Цамбагарав үйлчилгээний төвийн орчимд иргэн Б.Мыг “...интернэт банкны үйлчилгээг чинь ашиглаж гүйлгээ хийх гэсэн юм ...” гэж хуурч, түүний эзэмшлийн Хаан банкны 5270171038 данснаас 6 удаагийн гүйлгээгээр 19,501,300 төгрөгийг иргэн О.Агийн Хаан банкны 5619015307 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

          Баянгол дүүргийн прокурорын газраас О.Дд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Т.З, Б.Т, О.Т нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Б.Т, М.Э, О.Э нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

          Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Дг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож О.Дг гэм буруугүйд тооцон цагаатгаж, шүүгдэгч Т, З, Т нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, шүүгдэгч Тийг ганцаараа болон бүлэглэн будын эд хөрөнгийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Э, Э нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хуурч шилжүүлэн авсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.Тийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил хорих ялаар, шүүгдэгч Т.Зыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил хорих ялаар, өсвөр насны шүүгдэгч О.Тг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хорих ялаар, шүүгдэгч Б.Тийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 1 /нэг/ жил хорих ялаар, шүүгдэгч М.Энхтулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дах хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч О.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйл, 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 2019/554 дугаартай шийтгэх тогтоолоор 6 сарын хорих ял оногдуулж, уг тогтоолоор оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хойшлуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Тийн нийт эдлэх ялыг 3 жил 6 сараар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тд оногдуулсан 3 жил 6 сарын хорих ял, шүүгдэгч Т.Зт оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, шүүгдэгч Б.Т, Т.З нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Тд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, өсвөр насны шүүгдэгч О.Тг зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамруулахыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт, хараа хяналтдаа байлгаж хянан хүмүүжүүлэх үүргийг хууль ёсны төлөөлөгч А.Дд тус тус даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Э, О.Э нарт мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Т нь шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол эрх бүхий этгээдийн дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг анхааруулж, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 3 /гурав/ ширхэг СД-г хавтаст хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэсэн болохыг, шүүгдэгч Б.Т, Т.З нар нь цагдан хоригдсон 8 /найм/ хоногтой болохыг тус тус дурдаж, цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тэс нийт 7.192.800 /долоон сая нэг зуун ерэн хоёр мянга найман зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Бд 3.862.800 /гурван сая найман зуун жаран хоёр мянга найман зуу/ төгрөг, хохирогч Б.Мд 3.330.000 /гурван сая гурван зуун гучин мянга/ төгрөг тус тус олгохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Тийн өмгөөлөгч Б.Борхүү давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Б.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцож 2 жилийн хорих ялаар, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож 1 жилийн хорих ялаар, 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 2019/554 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 6 сараар тогтоосон. Б.Т нь шийтгэх тогтоолын үндэслэл болсон гэм буруутай үйлдэл хийх үедээ 18 нас хүрээгүй байсан нь хавтаст хэрэгт нас тоолсон мөрдөгчийн тэмдэглэлээр тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 18 нас хүрсэн ба 21 нас хүрээгүй хүнд, ерөнхий ангийн 8 дугаар бүлгийг хэрэглэж болохоор заасан. Энэ нөхцөлүүдээс үзэхэд Б.Тийн насны байдал нь үүнтэй уялдаж ял шийтгэл оногдуулах хуулийн үндэслэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлгийг хэрэглэж ял шийтгэлийг оногдуулах хуулийн зохицуулалттай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заавал хэрэглэх хуулийн шаардлага тавигдаагүй ба Б.Т уг заалтад хамаарахгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд заасан хорих ялыг оногдуулахдаа мөн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эдлэх ялыг 2 дахин багасгана гэсэн заалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй юм. Иймд гомдлыг хүлээн авч хангаж шийдвэрлэж өгнө үү ...” гэжээ.

 

Прокурор С.Батгэрэл бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхээс 2020 оны 4 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө шүүгдэгч Т.З, Б.Т, О.Т нарын бүлэглэж, хохирогч Б.Еийн гар утсыг хүч хэрэглэж авахаар довтолсон үйлдэлд шүүгдэгч О.Дгийн хатгагчаар оролцсон гэх үйл баримт хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар эргэлзээгүйгээр, хангалттай нотлогдон тогтоогдсонгүй гэж дүгнэж, О.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож түүнийг гэм буруугүйд тооцон цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг гэмт хэргийн хатгагч гэнэ. Бусдыг гэмт хэрэгт бусдаар дамжуулан хатгасан хүнийг гэмт хэргийн хатгагчид тооцно” гэж заасан. Мөн шүүх гэмт хэргийн хатгагч гэсэн хууль зүйн ойлголт нь хэн нэгэн этгээдийг гэмт хэрэг үйлдэхэд нь идэвхитэй үйл ажиллагаа явуулсныг хэлнэ. Хатгагч нь бусдыг гэмт хэрэг үйлдэхэд хүсэх, гуйх, ятгах, ямар нэгэн зүйл амлах, тушаал үүрэг өгөх, хариуцлага хүлээхгүйгээр мултарч болно гэж итгүүлэх, заналхийлэх, хуурч мэхлэх аргыг хэрэглэн гүйцэтгэгч  нь хатгагчийн гэмт санаа сэдэлд удирдагдан өөрийн хүсэл зоригийн эсрэг хатгагчийн нөлөөнд автан гэмт хэрэг үйлдсэн байх, хатгагч нь гэмт хэргээс ямар нэгэн байдлаар ашиг олох, өөртөө давуу байдал бий болгосон байна. ... Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй яллагдагч О.Тгийн /1хх 98-99/, О.Дгийн яллагдагчаар өгсөн /1хх 85/, О.Тгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон бусад хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч О.Д нь насанд хүрээгүй О.Т, Б.Т, Т.З нарыг буюу бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн, О.Дгийн гэмт үйлдэл нь шүүхийн тайлбарласнаар “хэн нэгэн этгээдийг гэмт хэрэг үйлдэхэд нь идэвхитэй үйл ажиллагаа явуулсан мөн бусдыг гэмт хэрэг үйлдэхэд ятгасан, гүйцэтгэгч буюу шүүгдэгч О.Т, Б.Т нар нь хатгагч буюу О.Дгийн гэмт санаа сэдэлд удирдагдан өөрийн хүсэл зоригийн эсрэг хатгагчийн нөлөөнд автан гэмт хэрэг үйлдсэн, хатгагч нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж барьцаалдан зээлдүүлэх газар гар утсыг 220,000 төгрөгний барьцаанд тавьж ашиг олж, өөртөө давуу байдал бий болгон өөрийн автомашиныг засварласан. Шүүгдэгч О.Д нь шүүгдэгч О.Т, Б.Т, Т.З нарыг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулж, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн байх тул анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж заасныг зөрчсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, тус шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

 

Өсвөр насны шүүгдэгч О.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүх хуралдаанд хэлэх тайлбаргүй” гэв.

 

Шүүгдэгч Т.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүх хуралдаанд хэлэх тайлбаргүй” гэв.

 

Шүүгдэгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүх хуралдаанд хэлэх тайлбаргүй” гэв.

 

Шүүгдэгч М.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүх хуралдаанд хэлэх тайлбаргүй” гэв.

 

Шүүгдэгч О.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүх хуралдаанд хэлэх тайлбаргүй” гэв.

 

Өсвөр насны шүүгдэгч О.Тгийн хууль ёсны төлөөлөгч А.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүх хуралдаанд нэмж хэлэх тайлбаргүй” гэв.

 

Өсвөр насны шүүгдэгч О.Тгийн өмгөөлөгч Н.Эрдэнэтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэмж хэлэх тайлбаргүй” гэв.

 

Шүүгдэгч О.Дгийн өмгөөлөгч С.Мөнхгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч Б.Борхүүгийн гаргасан давж заалдах гомдолтой холбогдуулж хэлэх тайлбар байхгүй. Харин прокурорын эсэргүүцэлтэй холбогдуулж тайлбар хэлье. О.Дд холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжин оролцож байна. О.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээгүй, гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байх тул түүний цагаатгаж шийдвэрлэсэн. Хэрэгт авагдсан нөхцөл байдлаар О.Дгийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг зөвхөн О.Т, Б.Т нарын мэдүүлгээр тогтоох асуудал яригддаг. Өөр бусад байдлаар түүнийг энэ гэмт хэрэгт холбогдож дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн, бусдын биед халдаж, хүч хэрэглэсэн үйлдэл тогтоогддоггүй. Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд Т.З, Б.Т, О.Д нарын мэдүүлгээр О.Д нь энэ хэрэгт хамааралгүй бөгөөд хатгасан, хүчилсэн үйлдэл гаргаагүй нь тодорхой байдаг. Гагцхүү өсвөр насны шүүгдэгч О.Тгийн мэдүүлгээр нотлогдсон гэж асуудалд хандсан. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд нотлох баримтад тооцохгүй байх үүргийг заасан. О.Т анх гэрчээр асуугдахдаа 15 настай байсан. Гэтэл түүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлд зааснаар хууль сануулж мэдүүлэг авсан. 15 настай хүүхдэд хууль сануулж мэдүүлэг авч болохгүй байхад хууль сануулж мэдүүлэг авсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон. Үүнээс үзэхэд О.Тгийн өгсөн мэдүүлэг нь хууль зүйн хувьд нотолгооны шинж чанараа алдсан. Иймд дээрх нөхцөл байдлууд болон хэрэгт авагдсан бүхий л нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

Шүүгдэгч Т.Зын өмгөөлөгч Л.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх тайлбар байхгүй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Прокуророос шүүгдэгч Т.З, О.Д, Б.Т, О.Т нарын бүлэглэж хохирогч Б.Еийн гар утсыг хүч хэрэглэж авахаар довтолсон үйлдэлд шүүгдэгч Т.З, Б.Т, О.Т нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч О.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Тийн ганцаараа бусдын эд хөрөнгийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, “М” ХХК-д 3,862,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн М.Э, О.Э нарын хамт бүлэглэн бусдын эд хөрөнгийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, Б.Мт 19,501,300 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд шүүгдэгч Б.Т, М.Э, О.Э нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх “... шүүгдэгч Т.З, Б.Т, О.Т нарын бүлэглэж, хохирогч Б.Еийн гар утсыг хүч хэрэглэж авахаар довтолсон үйлдэлд шүүгдэгч О.Дгийн хатгагчаар оролцсон гэх үйл баримт хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар эргэлзээгүйгээр, хангалттай нотлогдон тогтоогдохгүй байна” гэж дүгнэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугүйд тооцох зарчмыг баримтлан шүүгдэгч О.Дгийн дээрэмдэх гэмт хэрэгт хатгагчаар оролцсон үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүйн гадна шүүгдэгч Б.Т, Т.З, О.Э нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэр хүчингүй болох үндэслэл болохоор заажээ.

 

Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн сэргээн тогтоохдоо нотлох баримтын шинж чанар, тэдний хоорондын болон хэргийн хамаарал, хуульд заагдсан арга хэрэгсэл шаардлагын дагуу цугларсан эсэхийг дүгнэж, улмаар баримтуудыг харьцуулан шинжилж, эсрэг болон холбогдогчтой нэг ашиг сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн агуулга, нотолгооны тэнцвэр, хэргийн нөхцөл байдалтай хэрхэн уялдаж байгаа зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлдэг.

 

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй”, мөн хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг тогтоолын тодорхойлох хэсэгт тусгахаар хуульчилсан.

 

Гэтэл анхан шатны шүүх хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийн бодит байдлыг тогтооход онцгой ач холбогдолтой байж болохоор насанд хүрээгүй шүүгдэгч О.Тгийн яллагдагчаар өгсөн “... Тэгэхэд О.Д ах надад хандаж “тэр замаар явж байгаа ахын гар утсыг булаагаад авчих” гэсэн, тэгэхээр нь би “за” гэж буугаад тухайн ахын ойр орчмоор нь эргэлдэж байгаад буцаж машин руугаа очиж Д ахад “чадахгүй нь ээ, дүү нь” гэхэд О.Д ах “тэгвэл Б.Т ахтайгаа явчихаад ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь “за за тэгье” гэж хэлээд Б.Т ах бид хоёр буусан. Тэгээд Б.Т ах бид хоёр тухайн ахын ойролцоо машинуудын ард нуугдаж ахыг ажиглаж байхад Д ах машинтайгаа хоёр билүү гурван удаа бид нарын хажуугаар эргэлдсэн. Дээрэм хийх санааг Д ах гаргасан. Д ах л анх “тэр согтуу хүний гар утсыг шүүрчих, авчих” гэж хэлсэн ...” /1хх 47-49, 98-99/, шүүгдэгч Б.Тийн “... О.Д машинаа зогсоогоод “тэнд согтуу хүн явж байна. Т ахын дүү гялс буугаад утсыг нь шүүрчих” гэж хэлсэн. Т машинаас буугаад тухайн согтуу хүний хажууд очиж байж байгаад “аймар их хүн байна, чадахгүй нь ээ” гэсэн. Тэгсэн чинь Д надад хандан “Тэ чи Ттэй цуг очоод гар утсыг нь авчих” гэсэн. ...Д Зтай байрыг машинтайгаа аажуухан тойроод Т бид хоёрт хандаж “нөгөө согтуу ах чинь тэр байрны цаана сууж байна шүү дээ” гэж хэлсэн” /1хх 51-53/, насанд хүрээгүй шүүгдэгч О.Тгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... О.Д ах намайг “тэр согтуу хүний утсыг шүүрээд ир” гэж хэлсэн. Би буугаад тэр хавиар явж байгаад “би чадахгүй юм байна” гэж хэлсэн. Бид хоёрыг буухад нөгөө ах байхгүй байсан. Бид хоёр байрны дунд сууж байгаад Т ах “хоёулаа болих уу ахын дүү” гэхээр нь “за тэгье” гээд буцаад явж байсан чинь нөгөө ах байрны орцны хажууд утсаар яриад сууж байсан. Тэр машины ард сууж байхад О.Д ах тэр хавиар 2-3 удаа эргэлдсэн” гэсэн мэдүүлгүүдийг хэргийн үйл баримттай харьцуулан судалж, нягтлан шалгаагүй байх ба шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны явцад өгсөн мэдүүлгүүд харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ заалгүйгээр дан ганц эргэлзээтэй гэх үндэслэлээр  хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

 

Хатгагч гэдэг нь хэн нэгэн этгээдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан, өдөөн түлхсэн, хөлсөлсөн, өөрөөр хэлбэл, түүнд тодорхой гэмт хэрэг үйлдэх шийдмэг бодол санаа төрүүлэхийн тулд идэвхитэй үйл ажиллагаа явуулсан этгээдийг хэлэх бөгөөд О.Тг дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхэд түлхсэн, ятгах аргаар гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн, зоригжуулсан нөхцөл байдал шүүгдэгч О.Дгийн үйлдэлд байгаа эсэхэд үндэслэлтэй дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иймээс О.Т, О.Д, Т.З, Б.Т нарын хохирогч Б.Еийн гар утсыг хүч хэрэглэж авахаар довтолсон үйлдэлд мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудад бодитой үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийсний эцэст гэм буруугийн талаар дүгнэлт хийх шаардлагатай гэж үзлээ.

 

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг зохицуулсан бөгөөд 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрсэн ба 18 насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл,журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасан.

 

Дээрэмдэх болон залилах гэмт хэргийг үйлдэх үедээ шүүгдэгч Т.З нь 17 нас, 7 сар, 11 хоногтой /1хх 78/, шүүгдэгч Б.Т нь 17 нас, 9 сар, 7 хоногтой /1хх 92/, 17 нас, 10 сар, 16 хоног, 17 нас, 7 сар, 12 хоногтой /2хх 161/, шүүгдэгч О.Э нь 17 нас, 10 сар, 29 хоногтой /2хх 172/ байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

Анхан шатны шүүхээс энэхүү хуулийн зохицуулалтын дагуу гэмт хэрэг үйлдэхдээ арван найман насанд хүрээгүй байсан шүүгдэгч Т.З, Б.Т, О.Э нарт оногдуулсан хорих болон нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.3 дугаар зүйлийн 2, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглээгүй орхигдуулж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул энэ талаар бичсэн шүүгдэгч Б.Тийн өмгөөлөгч Б.Борхүүгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн, өсвөр насны шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-д заасны дагуу хорих ял оногдуулахдаа мөн хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмын дагуу тусгай ангид заасан хорих ял оногдуулсны дараа эдлэх ялыг хоёр дахин багасгана гэдгийг анхаарах шаардлагатай.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд уг эрүүгийн хэргийг шийдвэрлэх боломжтой байх тул прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч Б.Тийн өмгөөлөгч Б.Борхүүгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 5ы өдрийн 30 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч О.Т, О.Д, Т.З, Б.Т, М.Э, О.Э нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцтэл шүүгдэгч шүүгдэгч О.Т, О.Д, Т.З, Б.Т, М.Э, О.Э нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

            ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ