| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 313/2025/0062/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/68 |
| Огноо | 2025-04-18 |
| Зүйл хэсэг | 18.3.1., |
| Улсын яллагч | А.Амгалан |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/68
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч А.Амгалан,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Б,
Шүүгдэгч Н.Т, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа,
Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н-ын Т-д холбогдох 2502000000063 тоот эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Т нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ш” ХХК-ийн гүйцэтгэх албан тушаалтан буюу нягтлан бодогчоор ажиллаж байхдаа их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2022 оны жилийн эцсийн татварын тайлант хугацаанд “А” ХХК-иас 9 ширхэг падаанаар 874,639,828 төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлон, хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 87,463,978 төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Н.Т-ийг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Өмнө өгсөн мэдүүлэгт өөрчлөлт орсон зүйлгүй байна. Нэмж хэлэх зүйлгүй гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Ш” ХХК нь үйл ажиллагаа явуулж байхдаа 2022 оны 10 дугаар сард “А” ХХК-аас 9 ширхэг хий бичилттэй падаан авсан. Энэ нь улсад төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас зайлсхийх хэлбэрээр бусадтай үгсэн тохиролцож падаан ашиглаж төлөх татвараа бууруулсан зөрчилтэй байсан. Энэ нь цагдаагийн байгууллагаар орж шалгагдаад өөрийнхөө гэм бурууг хүлээж татварын албанаас тавьсан шаардлагын дагуу 2023 оны 04 дүгээр сарын 18-нд 6 ширхэг 870,417,103 төгрөгийн хий бичилттэй падаанаа засварлаж, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх дүнгээ нэмэгдүүлж, 2022-2025 оны хооронд нэмэгдсэн өртгийн албан татварын төрлөөр 1,146,749,581 төгрөгийг төлсөн байна. Мөн компани нь бусад аж ахуй нэгж болон цалин хөлсний татвараар 597,028,134 төгрөгийн татварыг төлсөн байна. Тийм учраас өнөөдрийн байдлаар татварын албанд татварын төрлөөр ямар нэгэн өр төлбөргүй байна. “А” ХХК-аас авсан хий бичилтийн тайланг засварласан нөхцөл байдалтай байна. Энэ ажиллагааг нягтлан өөрөө бие даан хийсэн гэж байгаа боловч Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Татварын тухай хуулиар тухайн компанийн захирал, гүйцэтгэх албан тушаалтан, ерөнхий нягтлан бодогч санхүү болон татварын тайлангийнхаа үнэн зөвийг хариуцдаг. Тийм учраас цаашдаа анхаарч ажиллах байх гэж бодож байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Миний бие Нийслэлийн Татварын хэлтэст татварын улсын байцаагчаар ажилладаг бөгөөд танайхаас хүргүүлсэн албан бичгийн дагуу Татварын ерөнхий газрын даргын энэ оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01/2643 тоот албан бичгээр Татварын ерөнхий газрын эрсдэлийн удирдлагын газрын татварын улсын байцаагч С.Ихбаярын хамт энэ хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцохоор болсон байгаа. “Ю” ХХК, “А” ХХК, “Т” ХХК-иуд нь санхүүгийн анхан шатны баримт байхгүй, үйл ажиллагаа явуулдаггүй компаниуд байсан тул бусад аж ахуйн нэгжүүдэд татвар төлөхөөс зайлсхийх боломж олгож НӨАТ-ын хий бичилт хийсэн нь шинжээчийн дүгнэлт, магадлагаагаар тогтоогдсон байна. Шинжээчийн дүгнэлт, магадлагаагаар “А” гэх аж ахуйн нэгжээс “Ш” ХХК нь 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд 9 ширхэг падаанаар 874,639,828 төгрөгийн бараа материал худалдан авсан мэтээ НӨАТ-ын хий бичилт хийж улсын төсөвт төлөх татвараа 87,463,978 төгрөгөөр бууруулсан байна. Иймд дээрх аж ахуйн нэгжийн улсад учирсан хохирлыг нэхэмжилж байна.” (1 дүгээр хавтаст хэргийн 08-09 дэх тал)
Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай “Ш” ХХК нь 40-60 орчим ажилчинтай, нягтлан бодогчоор 2021 оноос хойш Н.Т ажиллаж байгаа. Манай “Ш” ХХК БНХАУ, ОХУ-аас дэд бүтэц, эрчим хүчний чиглэлээр бараа материал нэлээд их хэмжээгээр оруулж ирдэг. Манай санхүүгийн чиглэлийг нягтлан Т бүгдийг нь хариуцдаг бөгөөд тухайн үед би өөрөө эзгүй байсан учраас Т бүгдийг нь хариуцаж байсан. Тухайн үед би сүлжээгүй газар явсан учраас Т надад болсон асуудлыг сүүлд мэдэгдсэн. Тэгээд “А” гэх аж ахуйн нэгжтэй холбогдож каргогоор бараа материал оруулж ирж байгаа гэж хэлж байсан. Үүний дараагаар Өмнөговь аймгийн Татварын хэлтсээс холбогдож манай компанийг “А” гэх аж ахуйн нэгжээс хий бичилттэй падаан худалдан авсан байна гэсэн учраас би Тийг торгууль, татвараа төлөөд нөгөө хүнээ цагдаагийн байгууллагад өгөөрэй гэдгийг хэлсэн. Тухайн үед цагдаагийн байгууллагаас тодорхой хариу хэлэлгүй өнгөрсөн бөгөөд манайх Өмнөговь аймгийн Татварын хэлтэст хандаж татварын өр төлбөрөө төлж барагдуулан залруулгаа хийсэн.” (1 дүгээр хавтаст хэргийн 12-13 дахь тал)
Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт: “2022 оны 10 билүү 11 дүгээр сард ширийн нуруунд гэртээ байж байгаад фейсбүүкээр “нөат авна” гэсэн зарын дагуу А гэх хаягтай хүнтэй холбогдоход “нөат авах гэсэн юм өөрт чинь байгаа юу” гэж асуухад нь би “байгаа зарна” гэж хэлээд өмнө харилцаж байсан Б гэсэн хаягтай хүнтэйгээ холбогдож, нэг ёсондоо тэр хоёрын дунд би зуучлах маягтай ажил хийсэн. Энэ хоёр ч бас яг нэг нэгнийгээ мэдэхгүй байсан ч надаар дамжуулж ажил явж байгааг мэдэж байсан. Тэгээд А надаас тамгатай гэрээ нэхээд байхаар нь би Б /М/ гэх хүн рүү “нөгөө хүн гэрээ нэхээд байна” гэж хэлтэл надад цагаан цаасны гол хэсэгт “А” гэсэн нэртэй компанийн тэмдэг дараад над pyy скайнердэж миний ... гэсэн хаяг руу явуулсан. Тэгээд би тэрийг шууд А руу явуулсан. “А” ХХК нь М-гийн компани. Үйл ажиллагаа явуулдаггүй, тэр компани нь цаасны компани юм шиг байна лээ. Яаж тухайн компанитай танилцсан бэ гэвэл 2022 оны 08 дугаар сард “нөат-ын баримт зарна” гэсэн зарын дагуу холбогдож компаниудад нөат-ын баримт шивүүлдэг байсан. Нийтдээ ойролцоогоор 10 орчим компанид нөат-ын баримтыг “А” ХХК-иар шивүүлж байсан. “А” ХХК-ийн иргэн Х.А-той байгуулсан гэрээний талаар огт мэдэхгүй. Би ийм гэрээ байгуулаагүй. Тухайн гэрээн дээрх гарын үсэг ч минийх биш.” (1 дүгээр хавтаст хэргийн 20-21 дэх тал)
Гэрч Х.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт: “А гэх аж ахуйн нэгжээс Б нь хэд хэдэн аж ахуйн нэгж дээр НӨАТ-ын баримт шивж өгч байсан. Өөрөөр хэлбэл би НӨАТ-ын баримт зарна гэж зар оруулж улмаар зарын дагуу миний ... дугаарын утас руу холбогдсон аж ахуйн нэгжүүдийг Б руу явуулахад Б нь “А” гэх аж ахуйн нэгжээс бараа материал зарж борлуулсан мэтээр НӨАТ-ын баримт шивдэг байсан. Би “А” ХХК-ийн захирал болон нягтлан бодогч нарыг танихгүй урьд өмнө харж байгаагүй. НӨАТ-ын шивэлт хийлгүүлэх аж ахуйн нэгжүүд нь “А” ХХК-тай байгуулсан гэрээ байна уу гэж хэд хэдэн удаа асуухад нь би Б-д хэлсэн, ингээд Б нь “А” ХХК-ийн тамгатай гэрээг миний цахим хаяг руу явуулж тус “А” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б гэсэн бичиглэл бүхий гэрээг боловсруулан Б-гаас ирсэн “А” ХХК-ийн тамгатай гэрээг компьютерээр хуулж аван өөрийн боловсруулсан гэрээн дээр тавьж нөат-ын баримт худалдан авах гэж байгаа иргэн аж ахуйн нэгжүүдэд үзүүлдэг байсан.” (1 дүгээр хавтаст хэргийн 24-25 дахь тал)
Гэрч М.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт: “Тус аж ахуйн нэгжүүд нь манай “А” гэх аж ахуйн нэгжээс нөат-ын баримтыг бичүүлж авсан бөгөөд нийт үнийн дүнгийн 1-1,5 хувиар тооцож бичүүлсэн. Би яг хэдэн төгрөг, хэзээ, хэнээс авсан гэдгээ одоо сайн санахгүй байна. “А” ХХК нь тус аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж бараа материал худалдан борлуулж байгаагүй бөгөөд “А” ХХК нь тус аж ахуйн нэгжүүдэд нөат-ын хий бичилт бичсэн.” (1 дүгээр хавтаст хэргийн 28-29 дэх тал)
Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт: “Би Хаан банканд ... тоот дансыг 2018 оноос 2023 оны 6 дугаар сарыг хүртэл ашигласан. Надаас өөр хүн бол ашигладаггүй. Би “А” ХХК-ийн талаар мэднэ, фейсбүүкээр болон утсааp ..., ... холбогдож байсан. Тус компанийг НӨАТ-ын илүүдлээ зардаг компани гэж мэднэ... Миний бие фейсбүүк зар дээрээс “А” ХХК-ийг НӨАТ-ын баримт шивдэг талаар мэдсэн ба утсаар нь ярьж үзсэн. Компанийн регистрийн дугаар болон ямар чиглэлээр НӨАТ шивүүлэх, хэдэн төгрөгт шивүүлэхээ хэлчих юм бол НӨАТ-ын баримт шивээд өгчихнө гэж хэлж байсан... Үүний дагуу миний бие фейсбүүкт 2022 оны 01 дүгээр сарын сүүлээр өөрийн Г гэх фейсбүүк хаягаас НӨАТ-ын илүүдэл байна, зарна чат бичээрэй гэж зарыг байршуулсан ба зарын дагуу над руу 14-15 хүн холбогдсон, тухайн хүмүүст бүгдэд нь НӨАТ шивнэ гэж хэлээд тухайн байгууллагынх нь регистрийн дугаар, хэдэн төгрөгт НӨАТ шивэх мэдээллийг нь аваад “А” ХХК-ийн хүн рүү холбогдоод НӨАТ шивүүлэх компанийн мэдээлэл болон НӨАТ-ийн хэмжээг хэлээд тухайн компани руу нь НӨАТ-ын баримтыг нь шивүүлээд мөнгийг өөрийн хаан банкны ... тоот данс руу авдаг байсан. Өөрөө тухайн мөнгөнөөс тодорхой хувийг аваад үлдэгдэл мөнгийг Хаан банкны ... тоот “А” ХХК-ийн М гэх хүний данс руу шилжүүлдэг байсан.” (1 дүгээр хавтаст хэргийн 31-33 дахь тал)
Шүүгдэгч Н.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “2022 оны 10 сарын сүүлээр фэйсбүүкт байршуулсан “... НӨАТ шивнэ...” гэсэн зарын дагуу ... дугаарын утас руу залгаж холбогдоход эрэгтэй хүн утас авсан бөгөөд “А” гэх аж ахуйн нэгжийг Гурвалжин худалдааны төв дээр барилгын материалын худалдаа эрхэлдэг гэж хэлсэн. Тэгээд манай компани гаднаас каргогоор барилгын материал оруулж ирдэг учраас танай компаниар дамжуулаад зуучлалаар бараа материалаа оруулж ирвэл манайд НӨАТ шивж өгөх боломжтой юу гэтэл тухайн хүн манай компани зуучлалаар бараа материал оруулж ирээд НӨАТ-н 3 хувиар шивээд өгч болно гэсэн, тэгээд би мэйл хаягийг нь аваад бараа материал худалдан борлуулах гэрээ, нэхэмжлэх зэрэг баримтуудыг тухайн хүний мэйл хаяг руу явуулсан. Удалгүй НӨАТ-өө шивчихлээ мөнгөө хийгээрэй гэхээр нь би тухайн эрэгтэйн өгсөн данс руу НӨАТ шивсэн үнийн дүнгийн 3 хувиар тооцож мөнгөө шилжүүлсэн. Тэгээд тухайн “А” гэх аж ахуйн нэгжээр дамжуулан бараа материал авах байсан боловч НӨАТ шивж өгөөд мөнгөө авсныхаа дараа холбогдох боломжгүй болоод алга болчихсон. Нийтдээ 9 ширхэг падаанаар 874 сая төгрөгийн падаан шивүүлж Хаан банкны ... тоот Г гэх хүний данс руу өөрийнхөө ... тоот данснаас нийтдээ 13,925,000 төгрөг шилжүүлэн өгсөн, мөн “Ш” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны ... тоот данснаас ойролцоогоор 16 сая төгрөг шилжүүлэн өгсөн. “Ш” ХХК 2013 оноос хойш Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрт дулааны шугам, эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа үндсэн 41 ажилчинтай, доороо 4, 5 туслан гүйцэтгэгч компанитай. “Ш” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Б ажилладаг. Дээрх “А” ХХК-тай холбоотой асуудлыг тухайн үедээ Б захирал мэдээгүй байсан бөгөөд НӨАТ-ын падаан шивэгдсэний дараагаар би Б захиралд болсон асуудлын талаар хэлсэн. Тэгээд 2022 оны тайлан гаргаж дууссаны дараагаар 2023 оны 02 дугаар сарын 10-наас өмнө манай компани татвараа төлөөд байж байтал 03 сарын үед татвараас холбогдоод “А” гэх аж ахуйн нэгжээс хий шивэлт хийлгэсэн байгаа тул буцаалт хийж төлбөрөө төлж барагдуулах шаардлагатай байна гэхээр нь “А” ХХК-тай холбогдох гэсэн боловч холбогдох боломжгүй байсан. Тэгээд манай компаниас “А” ХХК-иас шивэгдсэн баримтуудыг буцаалт хийж, тайлангаа засварлаад татварт төлөх төлбөрөө төлж барагдуулсан.” (1 дүгээр хавтаст хэргийн 16-17 дахь тал)
Шүүгдэгч Н.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “2022 оны 10 дугаар сард “А” ХХК-ийн захирал гэх хүнтэй фейсбүүк чатаар холбогдож НӨАТ-н талаар асууж гадаад улсаас бараа материал оруулж ирэх талаараа тайлбарлах, хамтран ажиллах эсэхийг нь асуусан. Тухайн хүн өөрийгөө Г гэж танилцуулсан бөгөөд надад утасны дугаараа өгсөн учраас би утсаар нь холбогдоод НӨАТ-н шивэлт хийлгэхээр тохиролцож НӨАТ-н үнийн дүнгийн 3 хувиар тооцож би өөрийн данснаас болон “Ш” ХХК-ийн данснаас Г-ын Хаан банкны данс руу төлбөр тооцоогоо шилжүүлж “А” ХХК-иас НӨАТ шивүүлсэн. Гэтэл 2023 оны 03 сард Өмнөговь аймгийн Татварын хэлтсээс холбогдож тайлангаа засварлах талаар мэдэгдсэн тул “А” ХХК-иас шивэгдсэн 9 падааныг буцаалт хийж тайлангаа залруулсан. Тухайн үед манай “Ш” ХХК-тай “А” ХХК-тай гэрээ байгуулан гадаадаас бараа материал оруулж ирэхээр тохиролцож байсан боловч яг бодитоор “А” ХХК-иас бараа, ажил үйлчилгээ авсан зүйл байхгүй. “А” ХХК-ийн захирал Г гэж өөрийгөө танилцуулсан хүнтэй уулзаж байгаагүй, фейсбүүк чатаар болон утсаар холбогдож байсан. Тухайн үед манай захирал Э.Б хөдөө орон нутагт ажилтай явж байсан учраас “А” ХХК-ийн талаар мэдээгүй, сүүлд татварын албанаас ярих үед захирал энэ талаар мэдсэн. Мөрдөгчийн магадлагаа, шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Дүгнэлт, магадлагаатай холбоотой санал хүсэлт байхгүй, хүлээн зөвшөөрч байна. “А” ХХК-иас шивэгдсэн 9 ширхэг падааныг буцаалт хийж тайлангаа тухайн үед засварласан тул төлөх өр төлбөр байхгүй.” (1 дүгээр хавтаст хэргийн 137-138 дахь тал)
Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын санхүүгийн шинжээч чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ц.Э-ийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 07230018 дугаартай мөрдөгчийн магадлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 34-59 дэх тал)
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 97 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 64-94 дэх тал)
Прокурорын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 77 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 131-133 дахь тал)
Иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 221 дэх тал)
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 222 дахь тал)
Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 223 дахь тал)
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 224 дэх тал)
Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /иргэн өмчилж байсан/ (1 дүгээр хавтаст хэргийн 225 дахь тал)
Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 226 дахь тал)
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 227 дахь тал)
“Ш” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 21 дугаартай албан тоот (2 дугаар хавтаст хэргийн 11 дэх тал)
Монголын Татварын албаны Аж ахуй нэгж, байгууллагын тодорхойлолт (2 дугаар хавтаст хэргийн 12-13 дахь тал)
Татвар төлсөн баримт (2 дугаар хавтаст хэргийн 14-15 дахь тал).
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Н.Т-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Н.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь улсын яллагчаас яллаж буй хэргийн зүйлчлэлтэй маргахгүй, миний үйлчлүүлэгч энэ хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан ... гэх дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс хэлэх зүйл байхгүй гэх тайлбарыг,
Шүүгдэгч нь өмгөөлөгчийнхөө дүгнэлтийг дэмжиж байна, гэмт хэрэгт холбогдсондоо гэмшиж байна гэх тайлбарыг тус тус гаргав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Н.Т нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ш” ХХК-ийн гүйцэтгэх албан тушаалтан буюу нягтлан бодогчоор ажиллаж байхдаа их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2022 оны жилийн эцсийн татварын тайлант хугацаанд “А” ХХК-иас 9 ширхэг падаанаар 874,639,828 төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлон, хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 87,463,978 төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Б-гийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 08-09 дэх тал), гэрч Д.Б-гийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 20-21 дэх тал), гэрч Х.А-ын мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 24-25 дахь тал), гэрч М.М-гийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 28-29 дэх тал), гэрч Б.Г-ын мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 31-33 дахь тал), Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын санхүүгийн шинжээч чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ц.Э-ийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 07230018 дугаартай мөрдөгчийн магадлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 34-59 дэх тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 97 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 64-94 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шинжээчийн дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтүүдийг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болголоо.
Монгол улсын Үндсэн хуулийн Арван долоодугаар зүйлд хуулиар ногдуулсан албан татвар төлөх нь Монгол Улсын иргэний ёсчлон биелүүлбэл зохих үндсэн үүрэг байхаар хуульчилсан бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу татвар төлөх үүргээ биелүүлээгүй бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульд заажээ.
Монгол Улсын татвар нь албан татвар, төлбөр, хураамж /цаашид “татвар” гэх/-аас бүрдэнэ гэж заасан бөгөөд хууль тогтоомжийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын орлого, эд хөрөнгө, бараа, ажил үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр улсын болоод орон нутгийн төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг албан татвар гэнэ. Татвар төлөгч нь татвар ногдох зүйл болон татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, түүнтэй холбогдох тооцоо, мэдээ, тайланг хугацаанд нь Татварын албанд хүргүүлэх үүргийг хүлээдэг байна.
Хуулиар тогтоосон татвар ногдох орлоготой буюу эд хөрөнгөтэй, эсхүл тодорхой ажил үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, хэн боловч төрд мөнгөн хэлбэрээр татвар заавал төлөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, төлөхөөс зайлсхийсэн тохиолдолд гэмт хэрэгт тооцож, Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл хүлээлгэх учиртай.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэрэг нь мөн хуулийн 18 дугаар бүлэгт заасан “Эдийн засгийн гэмт хэрэгт” хамаарах бөгөөд уг гэмт хэргийн үндсэн шинжийг “Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан” үйлдэл байхаар тодорхойлж хуульчилсан байна.
Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн субъект нь татвар ногдвол зохих орлого, эд хөрөнгөтэй болон ажил үйлчилгээ эрхлэн гүйцэтгэж байгаа, хэрэг хариуцах чадвартай, Монгол улсын иргэн, гадаадын харьяат, аль ч улсын харьяалалгүй хүн, хэн ч байж болох бөгөөд тухайн гэмт хэргийн объектив шинж нь татвар ногдох их хэмжээний орлого, эд хөрөнгө, бараа, ажил үйлчилгээг нуух, тэдгээрийн тоо хэмжээ, үнэлгээг зориуд бууруулан мэдээлэх зэрэг арга хэлбэрээр татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн идэвхтэй үйлдэл байхаас гадна татвар ногдох орлогоо үнэн зөв тодорхойлж өгөхгүй байх, татварыг зохих ёсоор төлөхгүй байх гэсэн гэм буруугийн шууд санаатай, шунахай сэдэлттэй үйлдэл, эс үйлдэхүйн хэлбэрээр илэрхийлэгдэнэ.
Татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан гэдэгт албан татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа, ажил үйлчилгээг татварын албанаас өнгөлөн далдлах буюу данс бүртгэл, тайлан балансад тусгахгүй байх, үндэслэлгүйгээр бусдад шилжүүлэх, хууль бус хэлцлээр халхавчлах, хуурамчаар өглөг үүсгэх, холбогдох баримт бичгийг нууцлах, орлого, эд хөрөнгө, ажил үйлчилгээний тоо, хэмжээ үнийн дүнг нягтлан бодох бүртгэл, тайлан мэдээ, тайлан тэнцэл, орлого, татвар тодорхойлох хуудсанд дутуу мэдээлж татварын хэмжээг багаар тооцох зэргийг ойлгох юм.
Шүүгдэгч Н.Т нь “Ш” ХХК-д ерөнхий нягтлан бодогчоор буюу гүйцэтгэх албан тушаалтнаар ажиллаж байсан болох нь гэрч Э.Б-ийн “...Манай “Ш” ХХК нь 40-60 орчим ажилчинтай, нягтлан бодогчоор 2021 оноос хойш Н.Т ажиллаж байгаа...” (1 дүгээр хавтаст хэргийн 12-13 дахь тал) гэх мэдүүлэг болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 224 дэх тал), “Ш” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 21 дугаартай албан тоот (2 дугаар хавтаст хэргийн 11 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг” их хэмжээний хохиролд, энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна гэж тус тус тодорхойлж хуульчилсан тул татвар ногдох их хэмжээний орлого гэдэг нь 50,000,000 төгрөг, түүнээс дээш хэмжээний мөнгөн дүн байна гэж ойлгоно.
Шүүгдэгч Н.Т нь 87,463,978 төгрөгийн татварыг улсад төлөхөөс зайлсхийсэн болох нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь “татвар төлөгч...хуулийн этгээд, иргэн...татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогыг зориуд худал тодорхойлсон, нуусан” буюу “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэм буруутай үйлдэл байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар татвар төлөгч хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Тухайн хэргийн хувьд шүүгдэгчийн нөхөн төлөхөөс зайлсхийсэн нийт татварын дүн болох 87,463,978 төгрөг нь нийтийн ашиг сонирхолд учирсан гэмт хэргийн хохирол болох бөгөөд шүүгдэгч нь уг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирол төлбөр төлсөн баримт (2 дугаар хавтаст хэргийн 12-15 дахь тал), мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б-гийн шүүхэд хандан “...2022-2025 оны хооронд нэмэгдсэн өртгийн албан татварын төрлөөр 1,146,749,581 төгрөгийг төлсөн байна. Мөн компани нь бусад аж ахуй нэгж болон цалин хөлсний татвараар 597,028,134 төгрөгийн татварыг төлсөн байна. Тийм учраас өнөөдрийн байдлаар татварын албанд татварын төрлөөр ямар нэгэн өр төлбөргүй байна...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялын зорчих бүсийг Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрээр тогтоох тухай дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь Эрүүгийн хариуцлагын зорилго гэдэг нь тухайн хүнийг нийгэмшүүлэх, цээрлүүлэх, өөрөөр хэлбэл цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх гэдгийг ухамсарлуулах төлөвшүүлэх байдаг. Эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд тодорхой хэмжээнд ял шийтгэл авна гэдгээ өөрөө ухамсарлаж ойлгож өнөөдрийг хүртэл гэмт хэрэгт холбогдсон цагаасаа хойш дахин гэмт хэрэг үйлдээгүй, холбогдоогүй байгаа нь эрүүгийн хариуцлагын зорилгыг нэг талдаа гүйцэлдүүлэх боломжтой, ойлгож байгаа гэдгийг харах нь зүйтэй байна. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байна. Хувийн байдлын тухайд нягтлан бодох мэргэжилтэй, Санхүү эдийн засгийн дээд сургуульд магистрын зэрэг хамгаалах гээд өөрийгөө хөгжүүлэх, төлөвшүүлэх, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхээр зүтгэж байгаа залуу боловсон хүчин байна. Шүүгдэгч нь “Ш” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч ажилтай бөгөөд тухайн компани нь хаана тендер авна тэнд нягтлан бодогч нь очиж тооцоо, сан бүртгэл явуулах, ажилчдын цалин хөлсийг бодох гэх мэтчилэн бүхий л санхүүтэй холбоотой үйл ажиллагааг энэ хүн зохицуулж авч явдаг. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж тухай зүйл, хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ял оногдуулж өгнө үү. Тухайн ял шийтгэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц биелүүлэх боломжтой гэх дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс хэлэх зүйл байхгүй гэх тайлбарыг,
Шүүгдэгч нь торгох ял оногдуулж өгнө үү, гэмшиж байна гэх тайлбарыг тус тус гаргав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорихоос өөр төрлийн ял оногдуулахаар заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байх боловч хөөн хэлэлцэх хугацаа тоолох тусгай журам үйлчлэхээр хуульчлагджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш таван жил байна” гэж тусгайлан хугацаа тогтоож хуульчилсан байх тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн ангиллаас үл шалтгаалан хөөн хэлэлцэх хугацаа таван жил байна. Иймд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Т-ийн гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Н.Т-ийг татвар төлөгч хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан гурван төрлийн ялаас хөнгөн буюу торгох ялыг сонгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т-ийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т-д шүүхээс оногдуулсан 1,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчид 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах тухай, шүүгдэгчийн өмгөөлөгч нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай дүгнэлтийг тус тус гаргаж оролцов.
Шүүх шүүгдэгч Н.Т-ийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон “Ш” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор үргэлжлүүлэн ажиллаж байгаа хувийн байдлаас гадна түүнийг ажил хөдөлмөр эрхлэх боломжоор нь хангах зорилгоор тухайн зүйл, хэсэгт заасан торгох ялыг сонгож хэрэглэсэн бөгөөд харин уг ялын хэмжээг гэмт хэргийн улмаас улсад их хэмжээний буюу 87,463,978 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэсэн болно.
Бусад асуудлаар.
Шүүгдэгч Н.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Н.Т нь төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварт 87,463,978 (наян долоон сая дөрвөн зуун жаран гурван мянга есөн зуун далан найм) төгрөг төлсөн, энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Н-ын Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан татвар төлөгч хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т-ийг 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т-д шүүхээс оногдуулсан 1,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Н.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Н.Т нь төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварт 87,463,978 (наян долоон сая дөрвөн зуун жаран гурван мянга есөн зуун далан найм) төгрөгийг төлсөн, энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ