Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батбайн Мангилик |
Хэргийн индекс | 130/2019/00049/И |
Дугаар | 130/ШШ2019/00166 |
Огноо | 2019-03-13 |
Маргааны төрөл | Төлбөр төлөгчийн цалин хөлс, түүнийтэй адилтгах бусад орлогоос төлбөр гаргуулсан маргаан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 130/ШШ2019/00166
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б аймгийн Б сумын орон нутгийг хөгжүүлэх сан (Б сумын ОНХС-г төлөөлж тус сумын Засаг дарга Т.М, утас:)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Алтай сумын 1-р багт оршин суудаг, Ж хоршоoны дарга, С ХХК-нд менежер ажилтай, утас:, РД: Т Аад холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б сумын Засаг дарга Т.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Айбек, хариуцагч Т.А, хариуцагчийн өмгөөлөгч К.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Ж хоршооны дарга Т.Ааас гүйцэтгээгүй ажлын хөлс 34500000 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч Б аймгийн Б сумын орон нутгийг хөгжүүлэх санг төлөөлж тус сумын Засаг дарга Т.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б сумын ОНХС-ийн хөрөнгөөр Хүүхэд залуучуудын тоглоомын талбай байгуулах төслийг хэрэгжүүлэхээр сумын ИТХ-ын тогтоолоор батлагдсан билээ. Үүний дагуу худалдан авах ажиллагааны төлөвлөгөө батлагдаж, тендер шалгаруулалт явагдаж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалт 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр явагдаж Н ХХК шалгарсан бөгөөд маргаан гарсны улмаас уг тендерийг Сангийн яамнаас хүчингүй болгож дахин тендер шалгаруулах эрхийг аймгийн Худалдан авах ажиллагааны албанд шилжүүлсэн. Аймгийн үнэлгээний хороо 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр тендер шалгаруулалт явуулж үнэлгээ хийж бүх тендерээс татгалзсан гэсэн дүгнэлт гаргасан. Улмаар уг тендерийг орон нутагт шилжүүлж шууд худалдан авах гэрээ байгуулах замаар шийдвэрлэх зөвлөмжийг тендерийн материалын хамт ирүүлсэн. Үүний дагуу тус сумын Засаг даргын тамгын газраас хуулийн хүрээнд тендерт өрсөлдөөн бий болгох үүднээс тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий 6 компаниудад урилга хүргүүлж зохион байгуулсан ба уг ярилцлагад 4 компани оролцож Улаанбаатар хотын С ХХК шалгарч уг ажлыг өөрийн хөрөнгөөр шууд эхлэхээр тусгаж нийт 73908580 төгрөгийн дүнтэй гэрээ байгуулсан. С ХХК-ийг төлөөлж итгэмжлэлийн дагуу Т.А оролцсон.
Энэхүү сонгон шалгаруулалтын талаар оролцогч бусад компаниудын зүгээс ямар нэгэн маргаан, гомдол гаргаагүй бөгөөд тендер шалгаруулалтын материалын хувийг хуулийн дагуу Сангийн яаманд хүргүүлж баталгаажуулсан. Тендерээр шалгарсан С ХХК-тай 2014 оны 8 дугаар сарын 24-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу гүйцэтгэгч ажлаа эхэлсэн. ОНХС-ийн хөрөнгийн хуваарилалтыг харгалзан санхүүжилтийг хэсэг хэсгээр нь олгож байсан. Гэрээний хэрэгжилтийн явцад тус С ХХК-ний захирал Ц.М нь гадаад улсад удаан хугацаагаар явах болсон тул цаашид олгох санхүүжилтийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Тн Аын 3067939 улсын бүртгэлийн дугаартай Ж хоршооны Т банк дахь 00000 тоот дансанд болон Т.Аын хүсэлтээр хувийн 00000 тоот дансанд шилжүүлж байсан. Гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр аймгийн Шүүхийн эвлэрүүлэн зуучлах албанд гомдол гаргасан боловч гүйцэтгэгч компанийн төлөөлөл Т.А нь эвлэрлийн гэрээ байгуулахаас эрс татгалзсан. 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр С ХХК-ний хаягийн дагуу Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч ЗДТГ-ын дарга түр орлон гүйцэтгэгч гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. 2018 оны 10 дугаар сарын 01-нд Сүхбаатар дүүргийн шүүхэд гэрээ хийсэн С ХХК-ийн хаягаар дахин нэхэмжлэл гаргахад хэрэг үүсгэснээс хойш хариуцагчийн хаяг тодорхойгүй болсон гэх үндэслэлээр 2018 оны 10 дугаар сарын 15-нд манай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. 2015-2016 онуудын санхүүжилтийг Т.Аын хувийн 51809587158 тоот дансанд болон 3067939 дугаартай улсын бүртгэлтэй Т.А даргатай Ж хоршооны Т банк дахь 00000 тоот дансанд шилжүүлж байсан. 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Т.Аын Х банк дахь хувийн дансанд 1 сая төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Х банк дахь 00000 тоот дансанд 500000 төгрөгийг, 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Х банк дахь 00000 тоот дансанд 1сая төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 03-ны Ж хоршооны Т банк дахь 00000 тоот дансанд 5 сая төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 27-ны Ж хоршооны Т банк дахь 00000 тоот дансанд 11 сая төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 18-ны Ж хоршооны Т банк дахь 00000 тоот дансанд 7 сая төгрөгийг тус тус шилжүүлсэн байна.
Иргэн Т.Аын хувийн болон Ж хоршооны дансанд нийт 34500000 төгрөгийг шилжүүлсэн байна. Энэ төсөл хөтөлбөрийн ажил цалгардаж, ажил хийгдэхгүй өдий болсон нь тус ажил гүйцэтгэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж хоршооны дарга Т.А буруутай гэж үзэж байна. Иргэн Т.А нь янз бүрийн заль хэрэглэж захиалагч Хятад улсаас тоглоомын ком авахаар гэрээ хийлээ, гэрээний дагуу 14 сая төгрөгийн урьдчилгаа өгсөн гэх мэтээр худал нэмж санхүүжилт авсаар ирсэн. Дээрх хугацаанд Ж хоршооны дарга Т.Атай удаа дараа уулзаж захиалагчийн зүгээс ажлаа хийж дуусгах, ажлаа эрчимжүүлэх талаар утсаар ярьж, хэлж байсан. Хүүхэд залуучуудын тоглоомын талбайн ажил хийгдээгүй байгаа. Тодорхой санхүүжилтийг өөрийнхөө хувийн болон Ж хоршооны дансаар шилжүүлэн авсан ба ажлаа гүйцэт хийгээгүй нь санаатай хэрэг гэж үзэж байна. Бидний зүгээс хохирлоо барагдуулж авахаар хуулийн байгууллагад хандсан боловч өдий хүртэл шийдэгдээгүй байна. Иймд Ж хоршооны дарга Т.Ааас 34500000 төгрөгийг гаргуулан орон нутгийн хөгжүүлэх санг хохиролгүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж хоршооны захирал Т.А шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөх боломжтой байна. Учир нь, Б сумд Хүүхэд залуучуудын талбай байгуулах төсөл хэрэгжүүлэхээр ОНХС-аас 73903580 төгрөг батлагдаж гүйцэтгэгч компани шалгаруулах процессыг тодорхой дурдаж эцэст нь С ХХК шалгарч тухайн компанитай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж уг компанийг төлөөлөн миний бие Т.А гарын үсэг зурсныг тодорхой дурдсан байна. Энэ захиалагч Б сумын Засаг даргын Тамгын газар болон гүйцэтгэгч С ХХК нарын хооронд байгуулсан 05 дугаар бүхий Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ээр нотлогдож байгаа юм. Энэхүү ажиллагаанд миний оролцооны хувьд С ХХК-ны инженерийн хувьд удирдлагаас надад итгэмжлэл олгосноор тухайн компани буюу хуулийн этгээдийг төлөөлөн гэрээнд гарын үсэг зурсан болохоос Т.А гэх хувь хүний хувьд захиалагчтай гэрээ байгуулаагүй юм.
Иймд тус компанийн ажилтны хувьд үүргээ гүйцэтгэсний төлөө компанийн өмнөөс хувь хүний хувьд би хариуцлага хүлээх учиргүй бөгөөд энэ маргааны хариуцагч би биш бөгөөд хариуцагч гэрээ байгуулсан С ХХК байх учиртай. Үүнийг нэхэмжлэгч тал мөн адил хариуцагч С ХХК гэдгийг хүлээн зөвшөөрсний илрэл С ХХК-аас уг мөнгийг нэхэмжилж удаа дараа шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШЗ2018/01904 дугаар бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тухай шүүгчийн захирамж, мөн тус шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШЗ2018/11331 дугаар бүхий хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжуудаар тус тус нотлогдож байна. Ийнхүү С ХХК-ний хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр С ХХК-наас нэхэмжилсэн нэхэмжлэл хэрэгсэхгүй болонгуутаа энэхүү мөнгөө гэрээнд гарын үсэг зурсан байдлыг далимдуулж надаас нэхэмжилж байгаа хууль зөрчсөн, арга ядсан байдлын илрэл болно. Миний хувийн данс болон Ж ХХК-ний дансанд шилжүүлсэн гэх мөнгөний хувьд С ХХК-ний төв нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг бөгөөд би энэхүү компаний инженерийн хувьд компаниас өгсөн үүрэг даалгаврын дагуу уг ажлыг газар дээр хариуцаж ажилласан ажилтан юм. С ХХК-ний гол үйл ажиллагаа явуулдаг төв нь Улаанбаатар хотод байдаг тул захиалагчтай өдөр тутам харьцаж ажиллахад төвөгтэй олон шат дараалалтай байх тул тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулах Ж ХХК-д итгэмжлэл олгож санхүүжилтийг Ж ХХК болон миний хувийн дансанд шилжүүлж байхыг хүсэн итгэмжлэл олгосноор уг итгэмжлэлийн дагуу Ж ХХК С ХХК-аар дамжилгүй шууд орж ирсэн санхүүжилтийн зарцуулалтын тайланг тайлагнах үүргийн дагуу итгэмжлэл олгогч С ХХК-д үүрэг хүлээсэн. Харин Ж ХХК болон би захиалагч болох Б сумын Засаг даргын Тамгын газрын өмнө санхүүжилтийн тайланг тайлагнах үүрэг хүлээхгүй бөгөөд шууд орж ирсэн санхүүжилтийн зарцуулалтын асуудал С ХХК-д хүргүүлж тооцоогоо хийж дуусгасан. Иймд Б сумын Засаг даргын нэхэмжлэл үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б аймгийн Б сумын орон нутгийг хөгжүүлэх санг төлөөлж тус сумын Засаг дарга Т.М шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахад: Би Б сумын Засаг даргаар 2 дахь удаа сонгогдоод ажиллаж байна. Би анх 2013 онд Засаг даргаар томилогдож ажилласан. Энэ хугацаанд Орон нутгийн хөгжлийн сангийн журмын дагуу иргэд Хүүхэд залуучуудын тоглоомын талбай байгуулах төслийн санал гаргаснаар ажлын хэсэг байгуулж ажилласан. Нэгдүгээрт эрэмбэлэгдсэн асуудлыг сумын иргэдийн төлөөлөгчийн Хурлаар танилцуулдаг журамтай тул уг асуудлыг хурлаар авч хэлэлцсэн. Сумын иргэдийн төлөөлөгчийн Хурлын 21 гишүүний саналаар Хүүхэд залуучуудын тоглоомын талбай байгуулах тухай тогтоол гарсан. Хүүхэд залуучуудын тоглоомын талбай-г 2014 оны орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлэх тогтоол шийдвэр гарсан. Уг тогтоолын дагуу худалдан авах үйл ажиллагааг сумын Засаг даргын Тамгын газрын дарга Худалдах авах тухай хууль, журмын дагуу зохион байгуулах ёстой. Тухайн үед Б сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Б нь үнэлгээний хороо байгуулаад худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулсан. Гэвч дээрх худалдан авах ажиллагаа 2 удаа хүчингүй болсон ба тухайн орон нутаг шууд гэрээ байгуулах замаар уг асуудлыг шийдвэрлэж болох талаар зөвлөмж ирсэн. Дээрх зөвлөмжийн дагуу Б сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Б, орон нутгийн сангийн төсөл хөтөлбөрийг хариуцдаг мэргэжилтэн М нар аж ахуй нэгжүүдэд үнийн санал ирүүлэх урилга хүргүүлсэн. 6 компани үнийн санал ирүүлсэн ч 4 компани ярилцлагад оролцсон. Б сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Б, орон нутгийн сангийн төсөл хөтөлбөрийг хариуцдаг мэргэжилтэн М нар ярилцлагад орсон компаниудаас С ХХК-тай гэрээ байгуулах шийдвэр гаргасан. Би сумын Засаг даргын хувьд төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд С ХХК-тай байгуулсан гэрээг баталгаажуулсан.
Санхүүжилт нь төсвөөс санхүүждэг тул тухайн ажлын хөлс нь цаг хугацаанд нь ирэхгүй байх, Сангийн яамнаас шалтгаалж төсөв товлосон цагт ирэхгүй байх асуудал байдаг. Б сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Б, орон нутгийн сангийн төсөл хөтөлбөрийг хариуцдаг мэргэжилтэн М нар нь С ХХК-ийг сонгож гэрээ байгуулах болсон гол 2 шалтгаанаа надад гүйцэтгэгч захлагчийн санхүүжилтийг хүлээхгүйгээр төсөвт тусгагдсан ажлын 60 хувийг өөрийн хөрөнгөөр шууд санхүүжүүлэн гүйцэтгэнэ, гүйцэтгэгч өөрийн хөрөнгөөр дараах ажлуудыг төсвийн гадуур хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцов. Үүнд: 1. Том хүн хүүхдийн бие засах газар 1 /эрэгтэй, эмэгтэй байгуулах/, 2. Талбайд бүхэлд нь олон наст тариалах замаар зүлэгжүүлэх, 3. хогийн сав байрлуулах 2 ширхэг, 4. Хашааг тойруулах мод тарих 100 ширхэг, 5. Бага насны хүүхдэд зориулсан сагсны шийд байрлуулах 1 ширхэг, 6.Явган хүний зам тавих / цементээр цутгах урт нь 60 метр/ ажлыг хийх болсон тул сонгосон гэж тайлбарлаж байсан. Гэрээний 2.2 дугаар заалтад Тоглоомын талбай байгуулах ажлыг 2004 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд гүйцэтгэж дуусгана гэж заасан.
С ХХК нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг бүртгэлтэй компани байсан. С ХХК нь тухайн ажлыг 60 хувийг өөрийн хөрөнгөөр байгуулна гэдгийг нотлох банкны хуулга материалд авагдсан байсан. С ХХК нь тухайн үед дансандаа 100 сая төгрөг байсан. С ХХК-ний төлөөлөгч Алтай сумын иргэн Т.А гэх хүн ирээд би уг ажлыг хийж гүйцэтгэнэ гэж гэрээ байгуулсан. Тендерийн ажиллагаа 2 удаа хүчингүй болгож, маргаан гарч уг ажлыг хийж гүйцэтгэх нь хойшилсоор байгаад 8 дугаар сард гэрээ байгуулсан байсан. Бид уг ажлыг хүйтрэхээс өмнө дуусгах зорилготой байсан тул С ХХК нь өөрийн хөрөнгөөр хурдан хугацаанд барьж дуусгана гэж байсан тул итгээд гэрээ байгуулсан. Мөн С ХХК-ний бие төлөөлөгч Алтай сумын иргэн А байсан тул итгэсэн. А гэрээ байгуулсны дараа ажлаа эхэлсэн. Тэрээр бид нарын тавьсан шаардлагын дагуу хашаа барьж эхэлсэн. Аын хийсэн ажлын талаар баримтууд байгаа байх. Би хашаа барьж эхлэнгүүт тоглоомын талбайн ажил хурдан шуурхай явах юм байна гэж бодсон. Тэр үед цэцгийн мандлын суурь, сагсны шийдний талбайн цементийг цутгасан. С ХХК нь 1 сарын дотор тоглоомын талбайг барьж дуусгана гэх амлалтдаа хүрээгүй. Мөн С ХХК- нь өөрийн хөрөнгөөр тоглоомын талбайг барьж дуусгана гэх амлалтдаа хүрээгүй хөрөнгө мөнгө муу байна гэх асуудал ярьсаар 10 сар өнгөрсөн. С ХХК нь тодорхой хэмжээний зардал гаргаж хашаа барьсан байх. 2014 оны жилийн эцэс байсан тул санхүүжилт Сангийн яамнаас хомсдолтой ирж байсан. Учир нь, тухайн үед Б суманд ганц тоглоомын талбай биш өөр олон төрлийн бүтээн байгуулалтын ажил хийгдэж байсан. Ганц С ХХК өөрийн зардлаар тоглоомын талбайн ажлыг эхлүүлнэ гэсэн тул санхүүжилт хийгдэж байсан. Тоглоомын талбайн ажлынх ихэнх нь барилгын цутгалттай холбоотой ажлууд байсан тул хүйтэрсэнтэй холбоотой ажил зогссон.
Бид тоглоомын талбай байгуулах ажилд хяналт тавьж, Т.Атай байнга уулзаж байсан. Т.А ийм нөхцөл байдал үүслээ, зөвөөр ойлгоорой, хавар дулаарангуут бүрэн гүйцэт шуурхай дуусгаж өгнө, Хятад улс руу тоглоом захиалсан ба удахгүй ирнэ гэх тайлбар хэлсээр ирсэн. 2015 он 2 ч удаа гүйцэтгэгчээ сольж байсан. 2015 онд ажил удааширсан. 2015 онд бид нараас санхүүжилт хүсэх үед ирсэн гэрээ байгуулсан бүх ажилд боломжийнхоо дагуу хуваарилж өгч байсан. Бид А ажлаа хийхгүй байсан тул түүнийг дуудаж, холбогдох албан тушаалтнуудыг оролцуулаад миний өрөөнд хурал хийсэн. Би Аад уг ажил 1 жилийн нүүр үзлээ, та ажлаа хийж чадах уу, ажил сунжирсан тул иргэдээс хэл ам гарч байна гэж асуусан. Тэр үед А би хуурч мэхлэхгүй, уг ажлыг дуусгана, тоглоом хил дээр ирчихсэн, та нар санхүүжилт өгөөч, бэлэн мөнгийг өгөхгүй бол тоглоомыг хилээр оруулахгүй байна гэсэн. Гэрээний дагуу 20 хувийн мөнгийг авч үлдээж, ажил дууссаны дараа өгөх ёстой байсан. Гэрээний 3.4-д ажлын нөхцөл байдал, бараа материал худалдан авах боломжийг харгалзан үзэж захиалагч тал санхүүжилтийг нэмж олгож болно гэсний дагуу 20 хувийг хясаж авч үлдэх биш, олгоя гэж бодоод санхүүжилтийг олгосон. Төслийн санхүүжилтийн 90 гаруй хувийг Т.Аад олгосон. Бид нар шилжүүлсэн мөнгөний төрийн сангийн банкны хуулга, холбогдох баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Ж хоршооны дансанд шилжүүлсэн нотлох баримтыг гаргаж өгсөн. 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Т.Аын Х банк дахь хувийн дансанд 1 сая төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Х банкны 00000 дугаар дансанд 500000 төгрөг, 3 дугаар сарын 25-ны өдөр Х банкны мөн тоот дансанд 1 сая төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Ж хоршооны Т банк дахь дансанд 5 сая төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Ж хоршооны Т банк дахь дансанд 11 сая төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Ж хоршооны Т банк дахь дансанд 7 сая төгрөгийг тус тус шилжүүлсэн. Миний бие Б сумын Засаг даргын хувьд орон нутгийг хөгжүүлэх сангаас мөнгө олгоход эхний гарын үсгийг зурдаг учир нэхэмжлэгч мөн болно. Иймд иргэн Т.Аын хувийн дансанд болон Ж хоршооны дансанд нийтдээ 34500000 төгрөгийг шилжүүлсэн боловч гэрээнд заасан ажлаа гүйцэтгээгүй тул энэхүү 34500000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэв.
Хариуцагч Т.А шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа: 2014 оны 7, 8 дугаар сард С ХХК надтай холбогдож намайг туслан гүйцэтгэгч хийж өгөх тухай санал гаргасан. Мөнгө санхүүжилтийг удаашруулсан. Би сумын Засаг даргын Тамгын газрын даргатай очиж уулзахад хувь хүнтэй гэрээ байгуулахгүй, заавал компанитай гэрээ байгуулна гэж хэлсэн. Анх гэрээ байгуулахдаа С ХХК нь өөрийн хөрөнгөөр ажлаа эхлүүлнэ гэж хэлсэн. Би С ХХК-нд инженер хийдэг. Надад С ХХК-ийн тамга тэмдэг байхгүй тул бүх бичиг баримтыг онгоцоор явуулахад гарын үсэг зураад явуулдаг байсан. Гэрээг С ХХК-тай байгуулсан. Гэрээнд ажил эхлэхэд 30 хувь, ажлын явцад 50 хувь, ажил дууссаны дараа 20 хувийг олгохоор заасан байсан. Гэхдээ С ХХК нь санхүүжилтийг хүлээхгүйгээр ажлаа өөрийн хөрөнгөөр эхэлж байна гэх санал ирүүлсэн байна. Би өөрийн хөрөнгөөр ажлаа эхэлсэн байгаа. Б сумын Засаг даргын Тамгын газар С ХХК-нд 25900000 төгрөг шилжүүлсэн байна.
С ХХК-аас миний хувийн данс болон Ж хоршооны дансанд ямар нэгэн мөнгө орж ирээгүй. Б сумын Засаг даргын Тамгын газар нь С ХХК-иас олгосон итгэмжлэлийн дагуу миний хувийн данс болон Ж хоршооны дансанд нийтдээ 34500000 төгрөгийг шилжүүлсэн байна. Би 34500000 төгрөг шилжүүлснийг хүлээн зөвшөөрч байна. Иймд, би С ХХК-ийн ажилтны хувьд үүргээ биелүүлсний төлөө тухайн компани нэрийн өмнөөс хариуцлага хүлээх учиргүй. Би миний дансанд орсон 34500000 төгрөгийн зарцуулалтын тайланг хуулийн дагуу гаргаж С ХХК-нд хүргүүлсэн. Харин би захиалагч болох Б сумын Засаг даргын Тамгын газарт санхүүжилтийн зарцуулалтын тайланг хүргүүлэх үүрэг хүлээхгүй бөгөөд шууд орж ирсэн санхүүжилтийг тайланг С ХХК-нд хүргүүлж тооцоогоо дуусгасан байгаа. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Учир нь, 2014 оны 8 дугаар сарын 04-ны өдөр захиалагч Б сумын Засаг даргын Тамгын газар, гүйцэтгэгч С ХХК-ийн хооронд №05 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх (Хүүхэд залуучуудын тоглоомын талбай байгуулах) гэрээг Б сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Б, гүйцэтгэгч С ХХК-ийн захирал Ц.М нар байгуулан гарын үсэг зурж, тус тусын тамгаа дарж баталгаажуулан, Б сумын Засаг дарга Т.М батлав гэж гарын үсэг зурж тамга дарсан байна.
Нэхэмжлэгч Б сумын Сумын Засаг дарга Т.М нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтын а-д зааснаар нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл, гүйцэтгэлийн тайлан, орон нутгийн төсвийн болон түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл, төсвийн гүйцэтгэлийн тайланг батлуулахаар тухайн Хуралд оруулах, батлагдсан хөтөлбөр, төсөв, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, б-д зааснаар харьяалах нутаг дэвсгэрийнх нь эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлаар төрийн эрх бүхий байгууллагаас батлах төсөл, хөтөлбөрт санал өгөх, тэдгээрийн хэрэгжилтийг зохион байгуулах бүрэн эрхтэй байна.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 153 дугаар тогтоолоор баталсан Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам-ын 3.5-д зааснаар Сангийн үйл ажиллагааны талаар сумын Засаг дарга хэрэгжүүлэх чиг үүргийн талаар зохицуулсан байх бөгөөд мөн журмын 3.5.2-д Энэ журамд заасны дагуу зээл олгох шийдвэр гаргах, 3.5.3-д энэ журмын 3.5.2-т заасан төслийг хэрэгжүүлэх иргэн, хуулийн этгээдтэй зохих журмын дагуу зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, биелэлтийг хангуулах, явц, үр дүнд байнгын хяналт тавьж ажиллах гэж тус тус заасан байх тул Б сумын Засаг дарга Т.М нь тус сумын Орон нутгийг хөгжүүлэх сан-г төлөөлөн нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд байна гэж үзлээ.
Энэхүү захиалагч Б сумын Засаг даргын Тамгын газар, гүйцэтгэгч С ХХК-ийн хооронд 2014 оны 8 дугаар сарын 04-ны өдөр байгуулсан №05 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх (Хүүхэд залуучуудын тоглоомын талбай байгуулах) гэрээ нь агуулгын хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байна.
Энэхүү гэрээний 1.1-д Гүйцэтгэгч нь батлагдсан зураг төсвийн хүрээнд Б сумын ЗДТГ-т Хүүхэд залуучуудын тоглоомын талбай-г гэрээнд заасан хугацаанд техникийн тодорхойлолт болон хэлэлцээний үед тохиролцоонд хүрсэн ажлуудыг нэг бүрчлэн, чанарын шаардлагад нийцүүлэн бүрэн гүйцэтгэж захиалагчид шилжүүлнэ, 1.2-т Захиалагч шаардлага хангасан Хүүхэд залуучуудын тоглоомын талбай-г зураг төсөл, гэрээний дагуу сайн, чанарын өндөр түвшинд хийлгэж, гүйцэтгүүлэн хүлээн авч эцсийн тооцоо хийнэ гэж тус тус заасан байна.
Иймд Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д Хуулийн этгээд удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцоно гэж заасны дагуу тухайн гэрээнд гүйцэтгэгч С ХХК-ний захирал Ц.М гарын үсэг зурж, тус компанийн тамгыг дарсан байна.
Уг 2014 оны 8 дугаар сарын 04-ны өдрийн №05 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх (Хүүхэд залуучуудын тоглоомын талбай байгуулах) гэрээг байгуулсан захиалагч Б сумын Засаг даргын Тамгын газар нь удаа дараа гүйцэтгэгч С ХХК-нд холбогдуулан Иргэний хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар компанийн захиргаа байршиж байгаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №181/ШЗ2018/11331 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж болон Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн №181/ШЗ2018/01904 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тухай шүүгчийн захирамжаар тус тус нотлогдож байна.
Хариуцагч Т.А нь гүйцэтгэгч С ХХК-ийн инженерийн хувьд 2014 оны 8 дугаар сарын 04-ны өдрийн №05 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх (Хүүхэд залуучуудын тоглоомын талбай байгуулах) гэрээнд гүйцэтгэгчийг төлөөлж гэдэгт гарын үсэг зурсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа боловч тухайн компанийг төлөөлөх эрх бүхий этгээд биш болно.
Хавтаст хэрэгт авагдсан Б аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Төрийн санд гэж хаягласан С ХХК-ийн захирал Ц.Маас олгосон Итгэмжлэлд: Тус сумын Хүүхдийн тоглоомын талбайн төслийн гүйцэтгэгч С ХХК-ийн захирал миний бие Ц.М нь гадаад руу удаан хугацаагаар явах болсон тул төсөл арга хэмжээний санхүүжилтийн мөнгийг цаашид тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Т.А даргатай Улсын бүртгэлтэй 0000, 0000 регистрийн дугаартай Ж хоршооны Т банк дахь 00000 тоот дансанд шилжүүлж байхыг мэдэгдье гэж дурджээ.
Энэхүү С ХХК-ний захирал Ц.Маас хариуцагч Т.Аад олгосон гэх Итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан бичгээр олгосон итгэмжлэлд тавих шаардлагыг хангаагүй буюу Иргэний хуулийн 64.2.2-т зааснаар хуулийн этгээдийн эд хөрөнгийг хүлээн авах, бусдад шилжүүлэх, захиран зарцуулах, эрх олгосон итгэмжлэлд эрх баригчаас гадна нягтлан бодогч гарын үсэг зураагүй, мөн 64.2.3-д зааснаар итгэмжлэл олгосон он, сар, өдрийг заагаагүй тул мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4-д зааснаар энэхүү итгэмжлэл хүчин төгөлдөр бус байна.
Мөн С ХХК-ийн захирлын олгосон Итгэмжлэл гэсэн гарчигтай болохоос агуулгын хувьд төсөл арга хэмжээний санхүүжилтийн мөнгийг Т.Аын Ж хоршооны Т банк дахь 00000 тоот дансанд шилжүүлж байхыг мэдэгдэж, зөвшөөрсөн албан бичиг байх тул хариуцагч Т.Аад С ХХК-ийг төлөөлөх бүрэн эрх олгосон хууль ёсны итгэмжлэл гэж дүгнэх боломжгүй байна.
Энэхүү С ХХК-ний захирал Ц.Маас олгосон бичгийг үндэслэн Б сумын Засаг даргын Тамгын газраас нийтдээ 34500000 төгрөгийг хүлээн авсан гэдгээ хариуцагч Т.А өөрөө хүлээн зөвшөөрч байгаа ба хавтаст хэрэгт авагдсан Төлбөрийн хүснэгт, мөн Б сумын Төрийн сангийн төлөөлөгч Р.Сы гаргасан Тоглоомын талбай ба С ХХК, Ж хоршоонд олгосон мөнгөний жагсаалт, мөн Б сумын Орон нутгийг хөгжүүлэх сангийн буюу төсвийн байгууллагын Х банк дахь 2015.01.01-2015.11.30; 201512.01-2015.12.28, 2016.0.01.01-2016.12.31-ний өдрийн дансны хуулга, мөн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Б аймаг дахь Цагдаагийн газрын Улаанхус сум дахь Цагдаагийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Үтод өгсөн А.Аын гэрчийн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байна.
Мөн 2014 оны 8 дугаар сарын 04-ны өдрийн №05 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх (Хүүхэд залуучуудын тоглоомын талбай байгуулах) гэрээг байгуулсан захиалагч Б сумын Засаг даргын Тамгын газар нь (дарга Д.Б) хариуцагч Т.Аад холбогдуулан 47597238 төгрөг гаргуулах тухай өргөдлийг Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан боловч талууд эвлэрч чадаагүй болох нь 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 14 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэл-ээр нотлогдож байна.
Иймд хариуцагч Т.А нь 2014 оны 8 дугаар сарын 04-ны өдрийн №05 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу Хүүхэд залуучуудын тоглоомын талбай байгуулах ажлыг гүйцэтгэсэн гэх С ХХК-ийг бүрэн төлөөлөх эрх бүхий этгээд гэдгийг нотлох баримт байхгүй тул хариуцагч Т.Ааас гүйцэтгээгүй ажлын хөлс 34500000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Б аймгийн Б сумын Засаг даргын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, энэхүү нэхэмжлэл нь төсвийн байгууллагын нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1-ийг тус тус баримтлан хариуцагч С овогт Тн Ааас гүйцэтгээгүй ажлын хөлс 34500000 (гучин дөрвөн сая таван зуун мянга) төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Б аймгийн Б сумын орон нутгийг хөгжүүлэх сан (Б сумын ОНХС-г төлөөлж тус сумын Засаг дарга Т.М)-гийн нэхэмжлэлийг бүхэд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК