Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/41

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн  Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр,

     Улсын яллагч Н.Бадам,

Шүүгдэгч ..... нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

     Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..... холбогдох эрүүгийн 24330001370012 тоот хэргийг 2025 оны 03 дугаар сарын 25-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .... оны .... дүгээр сарын ....-ны өдөр .... аймгийн .... суманд төрсөн, .... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мах махан бүтээгдэхүүний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, ...... хотын ..... дүүргийн .....-р хороо ..... тоотод оршин суух, ял шийтгэлгүй,  ..... овогт ............ (РД:..........)   

   

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ....... нь 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр  ........... аймаг ....... сумын “...........” ....... дугаар багийн нутаг “.........” гэх газраас зохих зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдсан гэмт хэрэгт холбогджээ.(Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ........ нь 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр  ..... аймаг ...... сумын ....... .. дугаар багийн нутаг “.......” гэх газраас зохих зөвшөөрөлгүй ашигт малтмалын эрэл хайгуул явуулан  экскаватороор газар  ухаж 59.63 метр кв талбай эвдсэн үйл баримт  нь:

1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ....... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“... Би ухсан газрын талаар мэдэхгүй байна. Надаас ямар нэгэн хүн хуулийн этгээд ямар нэгэн зөвшөөрөл аваагүй. Ямар нэгэн байдлаар уул уурхайн үйл ажиллагаа явуулах тохиолдолд надад бүртгүүлж газраа заалгах журамтай байдаг. Байгаль орчинд учирсан хохирол нэхэмжилнэ....

2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ....... сумын “.........” ....-р багийн нутаг “......” гэх газарт очиж өөрийн биеэр үзэхэд техникийн нөхөн сэргээлт хийгдсэн байсан. Нөхөн сэргээлт гэж хөндөгдсөн газрыг тухайн хөрсөөр нь булж дүүргэлт хийн хэвийн  байдалд оруулахыг хэлдэг...” гэх мэдүүлэг (хх-ийн 23,27,30-р хуудас),

2.Иргэний нэхэмжлэгч ........... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн гэмт хэргийн улмаас миний эзэмшлийн Хьюндай робекс 3600LC-7 загварын экскаватор битүүмжилсэн байгаа. Хэрэв миний тээврийн хэрэгслийн улсын орлого болгох асуудал яригдвал Х.Өлзийгөөс тээврийн хэрэгслийн үнэ нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (хх-ийн 34-35-р хуудас)

           3.Гэрч ............ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 11 сарын 20-ны өдөр манайхыг хариуцаж байсан ......... ах ....... аймгийн ........ сумын  .....-р багийн нутаг “.......” гэх газарт голын эрэг дээр  энэ газрыг ухчих гээд  зааж өгөөд  тэгээд би Хьюндай 3600 LC-7 загварын экскаватороор газар  ухаж байхад  цагдаа нар ирээд үйл ажиллагааг  зогсоосон...” гэх мэдүүлэг (хх-ийн 41-42-р хуудас),

            4.Гэрч ........ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 11 сарын 20 ны өдөр манай ах .....  операторчин ......... нарын хамт....... аймгийн .... сумын ..... багийн нутаг “..........” гэх газарт  газар ухаж байхад цагдаа нар ирсэн. Тухайн үед Хьюндай 3600 LC-7 загварын экскаватор ажиллаж байсан. Өөр техник байгаагүй. Тухайн газрыг ......... ах ух гэж хэлээд ухуулсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 44-45-р хуудас),

 5. 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ......... аймгийн ....... сумын Сум дундын Цагдаагийн  хэлтэст гомдол мэдээллийг бүртгэлийн  №408 /1100-5437/ дугаарт хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 4-р хуудас)

6. 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хэргийн газарт  үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 5-9, 10-13-р хуудас)

7.Байгаль орчны зөвлөх “...........” ХХК-ний 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №1/106 дугаартай

“...Иргэн ....... нь ...... аймгийн ....... сумын ........ багийн нутаг ”.” нэртэй газар.......т ашигт малтмал хайх үйл  ажиллагаа явуулсан байна. Дээрх үйл ажиллагааны улмаас нийт 59.63 м/кв талбай эвдрэлд өртсөн байна. Эвдэгдсэн талбайд  урьд хайгуул, ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явагдаж байгаагүй эрүүл газар байсан байна. Тус газар нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд бүрэн хамаарч байна. Ямар нэг ашигт малтмал ашиглалтын болон хайгуулын талбай, бичил уурхайн талбайтай давхцалгүй байна. Тухайн талбайн байгаль орчинд 239,773 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд тухайн эвдэгдсэн талбайд хийх нөхөн сэргээлтийн ажлын зардал нь 252,567 төгрөг болж байна. Тухайн талбай нь нөхөн сэргэлт хийгээгүй байна.  Тус талбай нь урьд өмнө  эрүүл газар байсан байна. Шинжээч ................” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 75-76, 77-105-р хуудас),

8........... аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 01-29-02/279/18 дугаартай:  

-......... аймгийн ....... сумын ......... дугаар багийн нутаг “.........” гэх газарт ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдсан гэх зөрчилд БОАЖЯ-ны сайдын 2010.05.27-ны А-157 тоот тушаалаар баталсан “Байгаль орчны хохирол тооцох аргачлал”-ыг үндэслэн гаргасан 2024.11.28-ны өдрийн 1/106 дугаартай “.............” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, Монгол улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3, 49.4.5, 49.5.1, 49.5.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн тооцоход  газрын хэвлийд учруулсан хохирол 73.643х2=147.286 төгрөг, газарт учруулсан хохирол 58х3=174 төгрөг, хөрсөн бүрхэвчинд учруулсан хохирол 152.495х3=457.485 төгрөг, ургамалд учруулсан хохирол 13.578х5=67.890 төгрөг буюу нийт хохирлын хэмжээ 672.835 төгрөг (хх-ийн 114-р хуудас),

9. Хөрөнгө үнэлгээний “...........” ХХК-ний 2024 оны 11 дүгээр сарын 25-ний өдрийн шинжээчийн:

“...Хьюндай робекс 3600LC-7..." маркийн NA0110234 тоот арлын дугаартай, улсын дугааргүй шар өнгийн экскаваторын (хуучирсан, ашиглалтын хугацаа дууссан, явах эд анги муудсан, өнгө үзэмж чанар байдал муудсан) хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2024 оны 11 дүгээр сарын 25-ны байдлаар 12,000,000 төгрөг байна...” гэх дүгнэлт (хх-ийн 123-124-р хуудас),  

10.Шүүгдэгч ......... шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би уурхайн үйл ажиллагаа зогссоны дараа экскаватороор  газар ухаж байгаад цагдаа нарт баригдсан. Би нээх их ухаагүй 2-3 шанага л ухсан. Энэ талаар нутгийн улсууд мэдэж байгаа, алт байж магадгүй гэж ухсан, алт олоогүй, дөнгөж дээрээс нь 2-3 шанагадаж байсан гэсэн мэдүүлэг  зэрэг  нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна гэж дүгнэв.

 Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана”  гэжээ.

  Шүүгдэгч .......... нь 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр  ....... аймаг ........... сумын .......... дугаар багийн нутаг “..........” гэх газраас зохих зөвшөөрөлгүй ашигт малтмалын эрэл хайгуул явуулж  алт олох зорилгоор экскаватороор газар ухаж 59.63 метр кв талбай эвдсэн нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна гэж дүгнэлээ.

   Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлд заахдаа “...Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн. Төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй...” гэж заажээ.

 Шүүгдэгч .......... нь Ашигт малтмалын тухай хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрх олгосон баримт бичиггүй тул түүнийг ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй гэж дүгнэлээ.

  Иймд ........ тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд  тооцох  хуулийн үндэслэлтэй байна.

  ......... нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэж гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлджээ.  

Прокуророос шүүгдэгч .......... үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хуулийн шаардлагад нийцжээ.

  Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа болно.

 

  Иргэний нэхэмжлэлийн талаар:

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч .......... нь шүүгдэгч ......... байгаль орчинд учруулсан хохиролд 672,835 төгрөг нэхэмжилсэн ба ........ нь Байгаль орчин, уур амьсгалын сангийн ............ тоот дансанд 672,83 төгрөг шилжүүлсэн баримтыг шүүхэд  ирүүлсэн  байна.   

        Гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн байна гэж дүгнэв. (х.х-ийн 164, 182-р хуудас)

                Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэжээ.

                Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Хьюндай робекс 3600LC-7” маркийн NA0110234 тоот арлын дугаартай экскаваторыг шүүгдэгч ......нь  иргэн ....... байгуулсан түрээсийн гэрээний дагуу эзэмшиж байсан нь  2024 оны 09-р сарын 30-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан 0/3 тоот түрээсийн гэрээ, иргэний нэхэмжлэгчийн .......... “2024 оны 09-р сарын 20-ны өдөр ........ гэдэг хүнтэй гэрээ байгуулаад 13,000,000 сая төгрөгөөр түрээслүүлээд ......... аймгийн .......... сум явуулсан. ...миний  эзэмшлийн  “Хьюндай 3600LC-7..." маркийн экскаватор битүүмжлэгдсэн байгаа хэрвээ миний тээврийн хэрэгслийг улсын орлого болгох асуудал яригдвал ......... тээврийн хэрэгслийг нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. (х.х-ийн 34,67-рт)

                Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Хьюндай робекс 3600LC-7” маркийн NA0110234 тоот арлын дугаартай экскаватор  шүүгдэгч ......... өмчлөлд байсан нь тогтоогдоогүй тул тээврийн хэрэгслийн эзэмшигч, иргэний нэхэмжлэгч ............ буцаан олгож шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн хариуцлагын талаар:

            Шүүгдэгч ........... нь “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх  үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол нөхөн төлсөн  байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ........ 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар .......... торгох ялын 6,000,000 төгрөгийг 02 жилийн хугацаанд хэсэгчилсэн төлж барагдуулахаар тогтоосон болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор  тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Хьюндай робекс 3600LC-7” маркийн NA0110234 тоот арлын дугаартай экскаваторын үнэ 12,000,000 төгрөгийг шүүгдэгч ........... хувьд ногдох хөрөнгөнөөс албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “Хьюндай робекс 3600LC-7” маркийн NA0110234 тоот арлын дугаартай экскаваторыг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь  шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8  дугаар  зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх шүүгдэгчийн өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4,  36.6, 36.7, 36.8-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1........... овогт ........... “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ..........6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 зургаан сая төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ........ торгох ялын 6,000,000 төгрөгийг 02 жилийн хугацаанд хэсэгчилсэн төлж барагдуулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг  шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор  тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Хьюндай робекс 3600LC-7” маркийн NA0110234 тоот арлын дугаартай экскаваторыг эзэмшигч .......... буцаан олгож, экскаваторын үнэ 12,000,000 төгрөгийг шүүгдэгч ........... хувьд ноогдох хөрөнгөнөөс албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

 6.Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ““Хьюндай робекс 3600LC-7” маркийн NA0110234 тоот арлын дугаартай экскаваторыг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ............ авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч  тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Г.САРАНТУЯА