2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1070

 

 

 

 

 

 

 

 

 

    2025         4            17                                     2025/ШЦТ/1070

 

              

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн

улсын яллагч Ц.Цэрэнбалжир

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Х.Гантулга

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: ***

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч *** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 18 цагт 24 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Толгойтын замд согтуугаар “Toyota Prius” маркийн, 38-53 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөний улмаас “Hyundai Sonata” маркийн, ***УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргахгүй. Мөргөсөн машины хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Би саяхан гавал тархины хагалгаанд орсон байгаа гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

иргэний нэхэмжлэгч ***** “... уг тээврийн хэрэгсэл нь миний өмчлөл эзэмшилд байдаг ба би 2023 оны 11 дүгээр сарын орчим 3.000.000 төгрөгөөр хувь хүнээс худалдан авч байсан. Тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээг “Сүлд үнэлгээ” ХХК-иар гаргуулахад нийт 533.000 төгрөгийн хохирол гэж гарсан. Энэ хохирлыг буруутай жолооч 100 хувь төлж барагдуулсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 44/ гэж,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч **** “... уг тээврийн хэрэгсэл миний өмчлөл эзэмшилд байдаг ба би 2023 онд 12.000.000 төгрөгөөр хувь хүнээс худалдан авч байсан. Уг тээврийн хэрэгсэлд ямар нэгэн эвдрэл гэмтэл үүсээгүй тул надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 59/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 8-12/, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлагч О.Батхишигийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 3-4/, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2536 дугаартай шийтгэвэр /хх-н 39-40/, хөрөнгийн үнэлгээний “Сүлд үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 3-373 дугаартай үнэлгээний тайлан /хх-н 30/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.

 

Шүүгдэгч *** 2024 оны 9 дүгээр сарын 11-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2536 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж, 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл хүлээж байжээ.

 

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан шийтгэлийн хугацаа дуусаагүй байхад буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр шүүгдэгч *** согтууруулах ундааны зүйл хэрэглэн 2.78%-ийн согтолттойгоор “Toyota Prius” маркийн, 38-53 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, улмаар 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 18 цаг 24 минутад Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Толгойтын замд “Hyundai Sonata” маркийн, ***УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 3 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч ***д хорих ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримтлахын зэрэгцээ гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэв.

 

Шүүгдэгч *** хувийн байдалтай холбоотой:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /хх-н 71/, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-н 72/, жолоочийн лавлагаа мэдээлэл /х-н 73/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 74/  баримт хавтаст хэрэгт авагдсан байна.

 

Хохирол төлбөрийн хувьд:

“Сүлд үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 3-373 дугаартай үнэлгээний тайлангаар иргэний нэхэмжлэгч ****тээврийн хэрэгсэлд 533.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч *** уг хохирлыг төлж барагдуулжээ. Мөн иргэний нэхэмжлэгч, хариуцагч *** “... гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгч *** бусдад төлөх төлбөргүй болно.

 

Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүйг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. *** “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, түүнд 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

 

3. Шүүгдэгч ***д оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хорих ял эдлэх хугацааг 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тоолж, түүнд “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. Шүүгдэгч ***д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “хорих” ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Шүүгдэгч *** бусдад төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч ***, иргэний нэхэмжлэгч, хариуцагч *** гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, жолооч *** гэх “Жолоочийн үнэмлэх” шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д авагдсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  О.ЖАНЧИВНЯМБУУ