2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1092

 

   

                                 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Сэрчмаа,

улсын яллагч Т.Баянмөнх,

шүүгдэгч ********* нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2505 00205 0266  дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Монгол Улсын иргэн, ***** оны 06 дугаар сарын 01-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, хувиараа барилгын ажил хийдэг гэх, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн ****** дүгээр хорооны ***** байрны ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, *********,**********,********

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрийгөө өмгөөлөх” эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

         шүүгдэгч ******** шүүхийн хэлэлцүүлэгт “...мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Эрүүгийн 2505002050266 дугаартай хэргээс:

Улсын яллагч: хохирогч  ****** мэдүүлэг (хавтаст хэргийн 32,70 дахь тал), гэрч ****** мэдүүлэг (хавтаст хэргийн 34,68 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 1380 дугаартай шинжээчийн дүгнэлт  (хавтаст хэргийн 40-41 дэх тал), таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл  (хавтаст хэргийн 10-17 дахь тал), яллагдагчаас гаргаж өгсөн гэх камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 19-25 дахь тал),сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар (хавтаст хэргийн 09 дэх тал), хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн тухай маягт  (хавтаст хэргийн 5-9 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

 

Шүүгдэгч нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн 2505002050266  дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч оролцсон бол улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

 

шүүгдэгч ****** нь 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******** байрны 4 давхрын орцонд “муухай харсан” гэх шалтгаанаар хохирогч *******  нүүр хэсэг рүү нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь "уруулын шарх, нэг шүдний сулрал, баруун чихний зөөлөн эдийн няцрал, хүзүүний цус хуралт" гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож, уг хэрэгт шүүгдэгч ***** нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

 

Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч  **** “...би 2024 оны 12 дугаар сарын 26-ны өглөө 06 цагийн үед хороололд байдаг Апекс гээд нэртэй ПС тоглоомын газар манай найз ****** бид хоёр цуг тоглож байгаад гараад явж байгаад ганц хоёр пиво уугаад тэгээд манай ********* орцонд орох гээд лифтэнд сууж байсан чинь бид хоёрыг ямар муухай хардаг юм гээд байсан тэр нээх согтуу бол биш байсан, тэгээд 4 давхарт лифт зогссон чинь залуу манай найз ****** заамдалцаад тэгээд цохиод унагаах шиг болсон тэгснээ намайг чи нааш ир пизда минь гээд цээж толгой хэсэг рүү 6-7 удаа гараараа цохиод тэгээд би шатан дээр сууж байсан чинь миний нүүрэнд хөлөөрөө өшиглөөд миний уруулыг сэтэлсэн, тэгээд би нүүр яаж байгаа юм бэ гэсэн чинь тэр залуу гэр рүүгээ гүйгээд орсон. Тэгэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан байгаа. ...жижигхэн зүйлээс болсон муухай харлаа гээд байсан. ...уруул сэтэрч 4 оёдол тавиулсан, өөр зүйл байхгүй байна. ...би тухайн өдөр өөрийн найз ***** цуг гэрт нь орох гээд явж байгаад орцных нь үүдэнд тамхи татаад орох үед нэлээн өндөр 40 орчим насны залуу цуг ороод муухай харлаа гэдэг шалтгааны улмаас ****** маргалдаад лифтэнд суух үед нь маргалдаад байхаар нь би үлдээд тэгээд байж байсан удалгүй хүн чанга орилоод байхаар нь би 4 давхарт гүйгээд гараад очсон чинь ******** лифтэнд унасан байсан, тэгсэн чинь ****** муудалцаад байсан залуу чи одоо наашаа ороод ир пизда минь гэж хэлээд л цээж хэсэгт 3-4 удаа гараараа цохиод нүүрээ хамгаалаад доошоо суусан чинь нүүрэнд нэг удаа хөлөөрөө өшиглөсөн, тэгээд тэр залуу гэр рүүгээ орсон. ... тухайн залуутай ноцолдоогүй тэр залуу над руу чиглэж алхаж ирээд л шууд цээж рүү цохиод суусан чинь нүүрэнд өшиглөөд л яваад өгсөн. ...тэр залуу ****** муухай харлаа гээд л байсан. ...****** муухай харлаа гэж маргаад л тэр уур нь даа намайг зодсон. ...тэр залууд угаасаа бид хоёр хүрээгүй, ноцолдож барьсан зүйл байхгүй, манай найзыг цохиж унагаад намайг шууд зодчихоод л гэртээ яваад орсон. ...сэтгэл санааны хохирол дээр шинжээч томилуулахгүй хоёрдугаар зэргээр тогтоосон байсан тэрүүгээр явна. ...эмчилгээний зардал нэхэмжлэх баримт байхгүй...”гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32,70 дахь тал)

            мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ******* “...2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр би найз ****** уулзаад 23 цагийн үед хамт РС тоглож байгаад найзынхаа гэрийн үүдэнд лаазтай пиво уугаад сууж байгаад гэр рүү орох гээд лифтэнд ортол нэг эрэгтэй хамт сууж таарсан бөгөөд манай гэр 8 давхарт байдаг бөгөөд би 4 давхарт тэр ахтай юм ярих гээд дагаад буусан. Тэгээд тухайн ахтай маргалдаад тэр ах манай найз бид хоёрыг цохисон. ...уруул язарсан байна. ...***** уруул зүсэгдсэн байна. ...лифтэнд таарсан хүн миний биед болон манай найзын биед гэмтэл учруулсан. ...надад сүртэй гэмтэл учраагүй байсан тул шүүх эмнэлэгт үзүүлээгүй. ...би гэрчийн мэдүүлэг өгсөн үзүүлэхгүй талаараа дурдсан. ...****** бид хоёр байсан, бид хоёрыг зодсон нэг 40 орчим настай, 182 см орчим өндөртэй эрэгтэй хүн бас нэг 10 жилийн бололтой хүүхэд байсан, тэр хүүхэд бид хоёр халдсан зүйл байхгүй. ...манай найз ******* хохирсон хэргийг үнэн зөвөөр нь шийдэж, хохирлыг нь шийдэж өгнө үү. ...би тухайн өдөр өөрийн амьдардаг Баянгол дүүргийн 14 дүгээр хороо ***** байрны *** тоотод гэртээ орох гээд орцоороо ороод явж байсан чинь нэг залуу юугаа муухай хараад байгаа юм гэж намайг хэлэхээр нь би чамайг харахаар яадаг юм гэж хэлээд цуг яваад 4 давхар дээр буугаад тэгсэн чинь тэр залуу чи яагаад байгаа юм гэхээр нь би чи яагаад байгаа юм гээд ярьж байсан чинь намайг гараараа нэг удаа цохиод би лифтэнд унасан босоод ирсэн чинь манай найз ****** хүрээд ирсэн, манай найзыг бас гараараа 2 удаа цохиод хөлөөрөө хоёр удаа өшиглөх шиг болсон, тонгойлгож байгаад бас өвдөглөөд байсан, манай найзын уруул болон миний амнаас цус гарсан. ...зүгээр байгаарай ална шүү л гэж хэлсэн өөр нээх олон зүйл хэлээгүй, намайг цохиод намайг унасан байх үед ******болиоч гээд ирсэн чинь л шууд цохисон. ...****** гэхдээ арай том байсан. ...бид хоёр тэр хүнд хүрээгүй, зайнаас цохиод унагасан, тэр хүнтэй зууралдаагүй зүгээр зайнаас л намайг нэг удаа цохиж унагаагаад манай найз шатаар гүйж ирээд болиоч гээд ирсэн чинь манай найзыг зодож гэмтэл учруулсан. ...тэр хүн уур бухимдалтай байсан байх...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34,68 дахь тал),

         Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 1380 дугаартай “...****** биед уруулын шарх, нэг шүдний сулрал, баруун чихний зөөлөн эдийн няцрал, хүзүүний цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. .. дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. ...эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо....” гэсэн шинжээчийн дүгнэлт  (хавтаст хэргийн 40-41 дэх тал),

         таньж олуулах ажиллагаа явуулсан тухай “...хохирогч ****** хандан “эдгээр зургуудыг та сайтар ажиглаж байгаад таны биед халдсан хүнийг заана уу” гэж хэлэхэд тэрээр “2” дугаар дээр байгаа хүн намайг зодсон хүн мөн байна. Би тухайн хүнийг гэрэлтэйд удаан харсан тул зургийг нь хараад шууд таньж байна” гэсэн тэмдэглэл  (хавтаст хэргийн 10-17 дахь тал)

          яллагдагчаас гаргаж өгсөн гэх камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 19-25 дахь тал)

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар (хавтаст хэргийн 09 дэх тал)

хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн тухай маягт (хавтаст хэргийн 5-9 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг бодитой учирсан байхыг шаардана. Тодруулбал энэ төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын заавал байх, зайлшгүй тогтоох шинж нь шалтгаант холбоо юм.

 

Хохирогч ***** эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч ****** нүүр хэсэг рүү гараараа цохиж, уруул хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн идэвхтэй үйлдлийн улмаас үүсгэгдсэн шалтгаант холбоо тогтоогдсон, шүүгдэгч нь бусдын бие мах бодид халдвал аливаа хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирол, хор уршигт үйлдлээрээ зориуд хүргэсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч ****** дээрх хууль бус үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн 2505002050266 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогдсон ****** эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь эмчилгээний зардлын баримт ирүүлээгүй, 499,000 төгрөгийг шүүгдэгчээс хүлээн авсан, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгож, дүгнэлт гаргуулахгүй талаар хүсэлт гаргасан, 499,000 төгрөгийг хохирогчийн Хаан банкны ******* тоот дансанд шилжүүлсэн дансны хуулгыг шүүгдэгчээс ирүүлсэн (хавтаст хэргийн 74,76 дахь тал) байна.

 

Улсын яллагчаас “...Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй байна. Нийтийн эрх ашигт  учирсан баримтыг шүүгдэгчид танилцуулсан  тул хохирогч ******* гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан тусламж, үйлчилгээний зардал 322,030 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах, сэтгэцэд учирсан хор уршгийн 2 дугаар зэрэглэл тогтоогдсон боловч хохирогч татгалзсан талаар хүсэлт гаргасан тул шүүхээр тогтоолгох шаардлагагүй..” гэх байр суурь илэрхийлсэн.

 

Мөрдөгчөөс Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, түүнд нийцүүлэн гаргасан Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын дагуу “хоёрдугаар” зэрэглэл тогтоосныг хохирогч ******* танилцуулахад зөвшөөрсөн баримтыг (хавтаст хэргийн 09 дэх тал) хэрэгт хавсаргасан байна.

 

 Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “...Шинжилгээний байгууллага  ...Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг ... гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана...” гэж заасан тул хохирогч ****** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт “..гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ, 3 дахь хэсэгт “...мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргаж иргэний нэхэмжлэгчээр тогтооно...” гэж хуульд заажээ.

 

Улсын яллагчаас хохирогч ******* гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан тусламж, үйлчилгээний зардал 322,030 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн ба хэрэгт нэхэмжлэх эрх бүхий этгээдийг иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй, эрх шилжүүлсэн талаар итгэмжлэлгүй, хууль ёсны төлөөлөгч томилогдоогүй, иргэний нэхэмжлэгч нь уг хохирлыг нэхэмжлэх эрхээ хэрэгжүүлэх эсэх талаар мэдүүлэг, тайлбар авагдаагүй байхад иргэний нэхэмжлэлийг дан ганц төрийн үйлчилгээний цахим системийн лавлагаанд үндэслэн бүхэлд нь шүүгдэгчээс гаргуулах боломжгүй тул хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдох эрх бүхий этгээд  нь шүүгдэгч ******* 322,030 төгрөг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Хоёр.  Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх...”..шүүгдэгч “....эхнэр зүрхний өвчтэй, торгох ялыг багасгаж өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус  гаргав.

 

Шүүхээс шүүгдэгчид оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, ингэхдээ эрүүгийн хариуцлагын нийтлэг зорилгыг хангах, түүнчлэн гэмт үйлдлийн шинж чанар болон ял шийтгэлийн хэр хэмжээ хоорондын харьцаагаар зүй зохистой нийцсэн байх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн. 

 

Шүүгдэгч ******** эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр ял оногдуулж, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                    

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******,***********,********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** оногдуулсан 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг 6 (зургаа) сарын  хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдох эрх бүхий этгээд  нь шүүгдэгч ******* хохирогч ******* эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал 322,030 төгрөгийг нэхэмжлэх,  хохирогч ******** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

 6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

7. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.ЭНХЦЭЦЭГ