| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Ганзориг |
| Хэргийн индекс | 185/2017/8888/Э |
| Дугаар | 322 |
| Огноо | 2018-09-05 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., |
| Улсын яллагч | М.Буяннэмэх |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 322
А.О-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, хохирогч Ч.Б-ын өмгөөлөгч Г.Амгалансуурь, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 200 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 439 дүгээр магадлалтай, А.О-т холбогдох 201725020142 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1983 онд төрсөн, эрэгтэй, Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 419 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 08 сар хорих ял шийтгүүлж, таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, мөн шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 153 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 08 сар хорих ял, мөн шүүхийн 2005 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 09 сар 03 хоног хорих ял тус тус шийтгүүлж байсан Х овогт А-гийн О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “Хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч А.О-ыг хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 5 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 79 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар...” гэж, 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар...” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар...” гэж, 4 дэх заалтын “...79 хоногийг...” гэснийг “...81 хоногийг...” гэж тус тус өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.О-, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарын гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг гаргасан гомдолдоо “...Шүүх “хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаас үзэхэд хохирогч нарын зохих буруутай үйл ажиллагаа гэмт хэрэг гарахад нөлөөлсөн” гэж дүгнэжээ. Хохирогч Ч.Б-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь зөрүүтэй, үйл явдлын талаар тодорхой мэдүүлээгүй, түүнчлэн архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэснээс хэрхэн, яаж гэмтэл авсан талаар мэддэггүй юм. Шүүгдэгч А.О- нь хохирогч Ч.Б-ын биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн гэрч Б.О-, Ц.О- нарын мэдүүлгээр тогтоогдохгүй байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэсэн заалтад хамаарахгүй юм. Харин мөрдөгч, прокурор мөрдөн шалгах ажиллагааны явцад хэт нэг талын яллах нотлох баримтыг цуглуулж, түүнийг шүүх мөн яллах болон хүндрүүлэх талыг барьж үнэлж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан заалт зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдож байна. Шүүгдэгч А.О- нь хохирогч Ч.Б-ын эрх чөлөөнд халдах үед санаа сэтгэлийн хувьд хэвийн байсан гэх үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд шүүгдэгч А.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар ял шийтгэл оногдуулсан нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн байна. Шүүгдэгч А.О- нь хохирогч Ч.Б-ын халдлагад өртөгдсөний дараа санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж түүнд хүнд гэмтэл учруулсан болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа бөгөөд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж шүүгдэгч А.О- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 11.2 дугаар зүйлээр тус тус яллагдах үндэслэлтэй байна. Шүүгдэгч А.О- нь хохирогч Ч.Б-д гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн барагдуулсан, шүүгдэгч анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхэд хохирогч нарын буруутай үйлдэл нөлөөлсөн болохыг шүүх дүгнэсэн атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх заалтыг хэрэглээгүй нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж дүгнэх үндэслэлтэй байна” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогч Ч.Б-ын өмгөөлөгч Г.Амгалансуурь хэлсэн саналдаа “...Миний үйлчлүүлэгч шүүгдэгчийг цохиж, зодсон болон өдөөн хатгасан шинжтэй ямар нэгэн үйлдэл гаргаагүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
Мөн хуралдаанд прокурор М.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч А.О- нь хоёр хүний биед хүнд хохирол учруулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна. Хохирогч Ч.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шүүгдэгч А.О-тай харилцан зодолдсон үйл баримт тогтоогддог боловч Ч.Б-ын довтолгоо төгссөн хойно А.О- түүнийг цохиж бие махбодид нь хүнд хохирол учруулсан дээрх үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэх үндэслэлгүй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.О- нь 2016 оны 12 дугаар сарын 24, 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдрүүдэд Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт В.Д-, Ч.Б- нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, тэднийг цохиж, тус бүрд нь амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
А.О-ын 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн, 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн үйлдэл нь 2017 оны 07 дугаар сарын 01-нээс мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн үйлчлэлд тус тус хамаарах боловч анхан болон давж заалдах шатны шүүх дээрх тус тусдаа, өөр өөр санаа зорилгоор, өөр цаг хугацаанд үйлдэгдсэн гэмт хэргүүдийг 2017 оны 07 дугаар сарын 01-нээс мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 буюу “хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн ял оногдуулж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Учир нь хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг зүйлчлэхэд гэмт хэрэг үйлдсэн этгээдийн нэг, эсхүл тусдаа өөр санаа зорилгоор өөр өөр цаг хугацаанд хохирол учруулсан болон нэг үйлдэл, нэг санаа зорилгоор хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хохирол учруулсан эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” нь уг гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ буюу хэдэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж байгаа тооны шинжээр тодорхойлогдох тул уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж болж хуульчлагдсан болно.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласны улмаас шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нь “...А.О-ын Ч.Б-д хохирол учруулсан үйлдэлд гэм буруугийн санаатай хэлбэр агуулагдаагүй, тэрээр хохирогч Ч.Б-ын эрх чөлөөнд халдах үед санаа сэтгэлийн хувьд хэвийн байсан гэх үндэслэл тогтоогдохгүй эргэлзээтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 11.2 дугаар зүйлээр тус тус яллагдах үндэслэлтэй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх заалтыг хэрэглээгүй” гэсэн гомдол гаргажээ.
А.О- нь Ч.Б-, В.Д- нарын толгойд цохихдоо гэмтэл, хохирол учруулахгүй гэж тооцсон, эсхүл гэмтэл, хохирол учрахыг мэдээгүй байж болохыг тодорхойлох нотлох баримтууд хэрэгт авагдаагүйн дээр хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн эсрэг бус харилцан зодолдох явцдаа Ч.Б-ыг цохиж гэмтэл учруулсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх нөхцөл бүрэн бүрдээгүй талаар анхан болон давж заалдах шатны шүүх хангалттай, тодорхой, үндэслэлтэй дүгнэлт хийсэн бөгөөд ийнхүү шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 200 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 439 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН