Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 130/ШШ2020/00706

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ц сумын 6 дугаар багт оршин суух, Б Нгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв /захирал И.Ж/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Н, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: 500000 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Н нь 2017 оны 9 дүгээр сард аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн сангаас малжуулах төсөл хөтөлбөрт хамрагдаж 5 сая төгрөг авч байсан ба 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр эргэн төлөлт болох 500,000 төгрөгийг сумын халамжийн байцаагчийн бичиж өгсөн данс болох Төрийн сангийн 00000 тоот дансанд тушаасан юм. Гэтэл буруу дансанд орсон байна гэж сумын халамжийн байцаагч хэлэхээр аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хандахад Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд хандаарай гэж хэлсэн.

Тэгээд Б.Н би 2020 оны 02 дугаар сард тус аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн даргад хандаж ...тус төвийн дансанд тушаагдсан 500000 төгрөгөө буцааж авах талаар бичгээр хандсан боловч ...2018 онд тус дансанд тушаасан гэх 500,000 төгрөг нь тухайн оны төсөвт орсон тул одоо олгох боломжгүй ба уг мөнгө нь шууд дээшээ татагдаж явсан болно гэх хариу өгсөн болно. Түүний хэлснээр миний тушаасан мөнгийг аймгийн сангаас татаж авсан тул Төрийн сангийн хэлтсээс нэхэж авах ёстой гэсэн утгатай зүйл бичжээ. Ингээд уг мөнгийг би аймгийн Санхүү, төрийн хэлтсээс нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Б аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал И.Ж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Нгийн тус шүүхэд гаргасан 500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцлаа. Хариуцагчийн зүгээс уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь:

 

Нэхэмжлэгч Б.Н нь тус сургуулиас нэхэмжилж буй 500000 төгрөгийг тус сургуулийн дансанд өөрийн буруутай үйлдлээс болж 2018 онд андуурч хийсэн байна. Тус андуурч хийсэн мөнгө нь сургуулийн аймгийн Төрийн сан дахь дансанд орсон ба сургууль ямар нэгэн байдлаар ашиглаагүй, тухайн дансанд жилийн эцэс хүртэл байсан. Жилийн эцэс болж манай сургуулийн харьяалагдах яам төрийн сангийн холбогдох данснаас сургуулийн үлдэгдэл төсвийг татахад уг мөнгө татагдсан байна. Иймд сургуулийн зүгээс тухайн жилд батлагдаж ирсэн төсвийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг, батлагдсан төсвийг зориулалтын дагуу ашиглах зохицуулалттай, илүү төсөв батлагдаж ирдэггүй учир нэхэмжлэгч Б.Нгийн нэхэмжилсэн 500000 төгрөгийг гаргаж өгөх ямар ч боломжгүй байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт 500000 төгрөг тушаах ёстой байсан. Би эрх бүхий албан тушаалтны бичиж өгсөн дансанд 500000 төгрөгийг тушаасан. Тухайн гүйлгээ хийсэн мөнгө нь төрийн санд орсон, зөв тушаасан байна гэж хэлсэн. Уг үйл явдлаас хойш 2 жилийн дараа надад таны тушаасан мөнгө буруу данс руу орсон байна, Б аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн дансанд орсон байна гэж хэлсэн. Би Б аймгийн МСҮТ-ийн дарга И.Жтай уулзсан. Тэрээр албан бичгээр надад хариу өгсөн. Миний бие анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаар аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийг татсан байсан ч манай байгууллага хариуцахгүй, МСҮТ хариуцна гэсэн тул хариуцагчаа сольсон. Иймд миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 500000 төгрөгийг Б аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс гаргуулж өгөхийг хүсэж байна гэв.

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны жилийн эцсээр илүү мөнгийг Сангийн яамнаас татаад явдаг. Б.Н 2 жилийн дараа нэхэмжлэл гаргаж байна. Иймд Нгийн нэхэмжилж байгаа 500000 төгрөгийг олгох боломжгүй гэв.

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч байгууллагын зүгээс уг нэхэмжлэлтэй холбоотой тайлбараа бичгээр гаргаж өгсөн. Б.Н нь 2018 онд данс андуурч гүйлгээ хийсэн мөртлөө манай байгууллагад 2020 оны 02 дугаар сард албан ёсны өргөдөл гаргасан. Түүний гаргасан өргөдөлд албан ёсоор бичгээр хариу өгсөн. Уг хариуг үндэслээд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Б.Нгийн андуурч хийсэн гүйлгээ болох 500000 төгрөг манай байгууллагын дансанд орсныг мэдээгүй. Мөн уг мөнгийг захиран зарцуулаагүй. Манай байгууллагын харьяалах яам 500000 төгрөгийг 2018 оны жилийн эцсээр татсан. Covid-19 гарсантай холбоотой бүх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа зогссон. Манай байгууллага ажилчдын цалин хөлсийг олгож байгаа. Б аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн төсөвт илүү мөнгө байхгүй, Б.Нгийн нэхэмжилж буй 500000 төгрөг байхгүй тул төлөх боломжгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Н нь Б аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс 500000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсжээ.

 

Нэхэмжлэгч нь анх хариуцагчаар Б аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийг тодорхойлж ирүүлсэн ба хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагчаар Б аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг тодорхойлж хариуцагчийг солих тухай хүсэлт гаргасны дагуу хариуцагчийг сольж, хариуцагчаар Б аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг оролцуулсан болно.

 

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ миний бие 2017 онд Хөдөлмөр эрхлэлтийн сангаас малжуулах төсөл хөтөлбөрт хамрагдаж 5 сая төгрөг зээл авч байсан ба 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр эргэн төлөлт болох 500000 төгрөгийг төрийн сангийн 00000 тоот дансанд тушаасан боловч тухайн данс нь аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн данс байсан тул уг мөнгийг буцаан шаардаж байна гэжээ.

 

Хариуцагчаас Б.Нгийн андуурч хийсэн мөнгө нь тус сургуулийн төрийн сан дахь дансанд орсон ба сургууль ямар нэгэн байдлаар ашиглаагүй, тухайн дансанд жилийн эцэс хүртэл байсан бөгөөд жилийн эцсээр манай сургуулийн харьяалах яам төрийн сангийн холбогдох данснаас сургуулийн үлдэгдэл төсвийг татахад уг мөнгө татагдсан. Сургууль нь батлагдсан төсвийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлажээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Б.Н нь Х банкны 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн мөнгөн шилжүүлгээр төрийн сан дахь Б аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 00000 тоот дансанд 500000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байх ба хариуцагч нь уг 500000 төгрөг тус төвийн дансанд орж ирсэн болохыг хүлээн зөвшөөрч тайлбарлажээ. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй: 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заажээ.

 

Хэрэгт авагдсан баримтууд болон зохигчдын тайлбараас үзэхэд хөрөнгө олж авсан этгээд болох Б аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон үүрэг гүйцэтгэгч болох Б.Н нарын хооронд ямар нэгэн үүрэг үүсээгүй байх тул нэхэмжлэгч Б.Н нь шилжүүлсэн хөрөнгө болох 500000 төгрөгийг үндэслэлгүйгээр авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй байна.

 

Иймд Б аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс 500000 төгрөгийг гаргуулан Б.Нд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар хариуцагч Б аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс 500000 /таван зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Нд олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 620.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15650 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс 15650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК