Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 130/ШШ2020/00876

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б аймгийн Д сумын .. дүгээр багт оршин суух, Хийн Сын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Д сумын ... дугаар багт оршин суух, Бийн Тт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, хариуцагчийн өмгөөлөгч К.Е, гэрч С.Х, С.Х, С.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Өсвөр насны шүдлэн үрээ буюу 800000 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч Х.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би өөрөө Д сумын 4 дүгээр баг, Ч Рашаан гэдэг газарт уулархаг, чулуулаг газарт амьдардаг бөгөөд 2019 оны хавар миний маллаж байсан адуун дотор байсан өсвөр насны шүдлэн үрээ маань чононд хазуулж, уулархаг газраар өөрөө бэлчих боломжгүй хүнд байдалд орсон тул 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр уг өсвөр насны шүдлэн үрээг миний хүү С.Ж нь өөрийн машиндаа ачиж, миний эхнэрийн дүү болох Д сумын 5 дугаар багийн иргэн С.Хн хотонд аваачсан юм. Үүнээс хойш С.Х уг өсвөр насны шүдлэн үрээг харж хамгаалан маллаж байхаар болж, бид хоорондоо тохиролцоод явсан боловч дараа нь уг адуу маань алга болсон гэж сонссон. Би уг адуугаа удаа дараа Д сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээр хайгаад явсан боловч олдоогүй.

Сүүлд С.Х нь өөрийн адуунуудад им тавих үеэр миний адууны зүүн талын чихэнд өөрийн адуутай адил ухам им тавьсан байна лээ. Дараа нь уг адуу нь Д сумын 5 дугаар багийн иргэн Б.Тийн адуунд нийлсэн явж байна гэсэн сураг сонсоод би хүүгээ дагуулж очоод С.Хн хамт үзэхэд миний адуу мөн гэдгийг шууд таньсан юм. Учир нь миний адуу зүүн талын гуяны дотор талд чононд хазуулсан сорвитой байсан учраас би уг адууг өөрөө аваад явсан.

Гэтэл дараа нь Б.Т Цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар, Д сумын хэсгийн төлөөлөгч уг асуудлыг шалгасан боловч С.Хн адуу би гэж тогтоон, хэргийг хэрэгсэхгүй болгож хаасан боловч Б.Т нь хамгийн сүүлд манай хотонд Д сумын хэсгийн төлөөлөгчийн хамт ирээд уг адууг хүчээр ачиж явсан ба Д сумын хэсгийн төлөөлөгч надад Та нар асуудлыг шүүхээр шийдвэрлүүлж аваарай гэж хэлсэн юм. Би анх уг адуу манай хотонд байхад зургийг нь авч бэхжүүлсэн ба сүүлд Б.Т уг адууг аваад явахад мөн адил зургийг нь бэхжүүлсэн болно. Д сумын ЗДТГазрын ажилтан нь уг адуунд үзлэг хийхэд мөн адил зүүн талын гуяны дотор талд чононд хазуулсан сорвитой байсан гэдгийг тогтоосон болно. Иймд Д сумын 4 дүгээр багийн иргэн Б.Тээс өсвөр насны шүдлэн үрээ буюу 800000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Б аймгийн Д сумын 4 дүгээр багт оршин суух Х.С нь Б.Тт холбогдуулан өсвөр насны шүдлэн үрээ буюу 800000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар гаргаж байгаа. Маргаан бүхий адуу 2017 оны унага. 2017 оны хавар чононд хазуулсан. 2019 оны 06 дугаар сарын эхээр уг адууг өөрийн хүү С.Жын машинаар ачиж эхнэрийн дүү болох Д сумын 5 дугаар багт оршин суух С.Хн хотхонд аваачсан байдаг. С.Х тухайн адууг шууд хүлээж аваад баруун талын чихний хойд талд ухмал им тавьсан байдаг. Маргаан бүхий адуу 10 хоног С.Хн хотхонд байж байгаад алга болсон. Зунжингаа алга болоод 11 дүгээр сард Б.Тийн адуунд байна гэдгийг сонсоод Х.Сын хүү болон С.Хн хүү нар очиж адууг авсан байдаг. Тухайн үед Х.С адууг хүлээж авсны дараа зөв талын чихний ард ухмал им мөн зөв талын урьд хөлийн гуянд саран тэмдэг тавьсан байдаг. Тухайн үед Б.Т Цагдаагийн газарт миний адууг хулгайлсан гэж гомдол гаргасан байдаг. Цагдаагийн байгууллага уг маргааныг 2-3 сар шалгаж байгаад хэрэг нээхээс татгалзсан байдаг. Ингээд иргэний журмаар нэхэмжлэхээр шүүхэд хандсан байгаа. Уг адуу Х.Сын адуу мөн болохыг гэрч нар нотолж байгаа. Прокурорын байгууллагын зөвшөөрлөөр уг адууг хурааж авсан үед зөв талын гуянд саран тэмдэг, баруун талын чихэнд ухмал имтэй байсан бөгөөд өөр ямар нэгэн тэмдэг байгаагүй. Х.С уг адууг хүлээж авсны дараа зөв талын чихэнд ухмал им, зөв талын гуянд саран тэмдэг тавьсан байдаг. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ бол уг адуу даага байхдаа зөв талын чихний ард талд ухмал им тавьсан гэж байгаа. Тухайн үед им тавигдаагүй гэдгийг адууг хурааж авсан тогтоол болон гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байгаа. Энэ адууны хамгийн гол маргаж байгаа шинж тэмдэг бол зүүн талын гуяны дотор талд чононд хазуулсан сорвитой байсан гэдэг нь сумын эмч болон аймгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Иймд Х.Сын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье гэв.

Хариуцагч Б.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Д сумын 5 дугаар багийн Утсай гэдэг газарт өвөлждөг. Би өөрийн адуун сүргээ өөрийнхөө өвөлжөөнд бэлчээдэг. 2019 оны 12 дугаар сарын 08-ний өдөр миний бэлчээрт байсан адуун сүрэг маань алга болсон тул 2 өдөр ойр хавиас хайж олдоогүй учир Д сумын хуучин төв, Борты гэдэг газруудаас 2 өдөр хайж явж байхад миний өвөлжөөнөөс 20 км газарт байдаг хуучин төв, Борты гэдэг газар адуун сүрэг маань байсныг олж авлаа. Гэтэл уг адуун сүрэг дотор хээр байдас буюу 3 настай гунжин гүү маань байхгүй болсныг харлаа. Миний адууг 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Х овогтой С гэгч туугаад /20 км газар/ Борты гэдэг газарт хүргэж Сын хүү Жын Истана маркийн тээврийн хэрэгсэлд ачуулж явуулсан байна. Тэр хавьд өвөлжиж байсан айлуудаас сураглаж байж энэ тухай олж мэдлээ. Миний хээр байдсыг хулгайлж авч очиж, чихэнд нь им тавьж, тамгалж им тамгыг нь өөрчилж хаясан байв. Миний байдсыг Х.С, С.Ж нар бүлэглэн хулгайлж авч явсан учир Д сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгчид гомдол гаргасан. Хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Т миний гомдлыг шалгаад, миний байдсыг надад буцаагаад авч өгсөн. Би өөрөө очиж Саас хүчээр авч яваагүй.

С.Х гэдэг хүн зунжингаа бидэнтэй хамт зусдаг. Ямар ч алга болсон адууны тухай хэлж ярьж байгаагүй. 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Х.С, А гэдэг залуучууд манай хотонд ирж /тэр өдөр миний адуун сүрэг хотонд байсан/ манай хөрш айлын залуучуудаас Тийн адуунд өөр хүний адуу байна уу гэж асуусан байна. Хөрш айлын залуучууд Тийн адуунд өөр хүний адуу байхгүй гэж хэлсэн байна. Хэрэв тэд яг өөрсдийн алдуул адуугаа таньж байсан бол надтай ирж уулзаад яагаад манай адуу байна гэж хэлдэггүй юм. Иймд тэд албаар ингэж ирж асууж явсан, миний адуун сүрэг хажууд нь хотонд байхад дотор нь орж хараагүй, надтай уулзаагүй яваад өгсөн байгаа юм.

Дараа нь тэд хээр байдсыг хулгайлж авчхаад байдсыг эргүүлж тойруулж бүх биеийг нь сайтар үзэж харж биеийнх нь аль хэсэгт нь ямар шинж тэмдэг байгааг олж харж аваад хулгайн хэргээ хаацайлгах гэж худлаа миний алдуул адуу байсан гэж маргаан үүсгэж байна.

Уг байдас бол миний өөрийн унаган адуу юм. Хээр үрээний эх, азарга /эцэг нь/ амьд байгаа. Тиймээс цусны шинжилгээ авч шалгаж болно. Хээр байдсын баруун талын чихэнд Х овгийн ухмал /казахаар ойых/ имтэй, тэмдэг дараагүй байсан. Би 2017 онд Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж ирсэн. Тэр жил намайг байхгүй үед төрсөн 5 унаганд тэмдэг тавигдаагүй. Д сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч дахин дахин шалгаж бүгд тогтоогдсон. Адуу мал бол хотонд хашиж малладаг хонь биш, хээр, эзгүй ууланд явдаг. Хээр байдасны сорви нь чулуу уултай газар явдаг учир чулуунд авахуулсан байж болно, азарганд хазуулсан байж болно, чононд хазуулсан ч байж болно. Иргэн Х.С нь М  овогт, С.Х нь Ш овогт хүмүүс байхад тэд яагаад адуундаа Х овгийн ухмал имийг тавьдаг юм. Овог болгон өөр өөрийн им тамгатай. Үүнийг эрхэм шүүгч сайтар анзаарч, анхааралдаа авч үзнэ биз ээ. Иргэн Х.С адуугаа алдсан бол цагдаагийн байгууллагад гомдол гаргах, байсан. Үүнээс гадна адуу алдсан тухай зарласан ч юм байхгүй. Тийм байхад миний адуун сүрэг дотор байсан миний унаган адууг хулгайлж авчхаад ийнхүү маргаан үүсгэж байгаад нь гомдолтой байна.

Үүнээс гадна Х.Сын адуу алдагдсан нь үнэн эсэх нь эргэлзээтэй байна. Тэр С.Х гэдэг хүнд маллуулж байсан гэжээ. Магадгүй С.Х өөрөө завшчихаад ижил нас, өгнө зүсний миний байдсыг хулгайлан иргэн Х.Сад таны байдас энэ байна гэж гаргаж өгсөн байж магадгүй гэж бас бодож байна. Тиймээс Д сумын иргэн Х.Сын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, хээр байдас миний өөрийн унаган адуу мөн болохыг баталж байна гэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.С нь хариуцагч Б.Тээс өсвөр насны шүдлэн үрээ буюу 800000 төгрөг гаргуулж өгөхийг шаарджээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ миний бие Д сумын Ч рашаанд уулархаг, чулуулаг газарт амьдардаг бөгөөд 2019 оны хавар миний маллаж байсан адуун дотор байсан өсвөр насны шүдлэн үрээ маань чононд хазуулж, уулархаг газраар өөрөө бэлчих боломжгүй байдалд орсон тул 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр уг өсвөр насны шүдлэн үрээг эхнэрийн дүү С.Хн хотонд аваачсан ба С.Хн адуун сүрэгт байсан хугацаанд адуу маань алга болсон бөгөөд уг адуу Б.Тийн адуунд нийлсэн явж байна гэж сураг сонсоод би хүүгээ дагуулж очоод С.Хн хамт үзэхэд миний адуу мөн гэдгийг шууд таньж аваад явсан. Гэтэл Б.Т нь Цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар Д сумын хэсгийн төлөөлөгчийн хамт ирээд уг адууг хүчээр аваад явсан тул Б.Тэээс өсвөр насны шүдлэн үрээ буюу 800000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар С.Х, багийн Засаг дарга Хайратхан, Д сумын Засаг даргын орлогчийн тодорхойлолт, малын эмч М.Зүкира, С.Х, Д сумын ЗДТГазрын ажилтан Ж.Тамара нарын тодорхойлолтыг гаргаж өгсөн боловч энэхүү баримтууд маргаж буй адуу нь Х.Сын адуу болохыг шууд нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй байна.

Тухайлбал, С.Хн тодорхойлолт болон гэрчийн мэдүүлэг нь Х.Саас 3 настай гүүг өөрийнх нь адуунд нийлүүлснийг болон алга болсныг нотлох болохоос хариуцагч Б.Тийн адуун сүрэгт байсан 3 настай гүү Х.Сын адуу мөн болохыг шууд нотлохгүй байгаа. Багийн дарга Хайратхан, Д сумын Засаг даргын орлогчийн тодорхойлолтод С нь Хд хээр зүсмийн шүдлэн гүүгээ нийлүүлсэн, шүдлэн алга болсон талаар тэмдэглүүлсэн гэж дурдсан байгаа боловч нутгийн захиргааны байгууллага алдуул малыг ямар байдлаар бүртгэсэн нь тодорхойгүй, Х.Сын алдсан адууны талаар Цагдаагийн байгууллага болон олон нийтэд ямар байдлаар мэдээлж байсан тухай нотлох баримтгүй байгаа, малын эмч М.Зүкирагаас Х.С нь 2019 оны хавар адууны шархыг эмчлэхээр эм тариа авсан талаар тодорхойлсон боловч тухайн эм тариаг ямар адуунд хэрэглэхээр авсан нь тодорхой бус бөгөөд тухайн тодорхойлолт нь Б.Тийн адуун сүрэгт байгаа хээр зүсмийн гүү нь Х.Сын адуу гэдгийг нотлохгүй тул тухайн баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Мөн шүүхээс маргаан бүхий адуунд шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шинжээч томилсон бөгөөд шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 23-ы өдрийн дүгнэлтэд тухайн адуу нь хээр зүстэй, 4 настай хязаалан гүү, 2017 оны унага, зөв чих үзүүр хойд талаас ухам, буруу чих хойноос ухам, зөв хаан дээр хойшоо харсан хүнхэр, жижиг саран тамгатай, тухайн гүүний хаан дээр байгаа тамгыг ойролцоогоор 6 сарын өмнө дарсан байх магадлалтай, зөв чихний имийг сүүлийн 6-8 сар дотор шинэ тавьсан байх магадлалтай бүрэн эдгээгүй, буруу талын имийг урьд тавьсан им бүрэн эдгэсэн, буруу хойд талын боривны дотор талд арьсан дээрээ үү хэлбэрийн шарх гарсан, хязаалан хээр гүүний буруу талын чихний им Тийн ижил сүргийн имтэй маргаангүй таарч байна. Тухайлбал, эх гэх хээр гүүтэй адилхан байна. Сын эх нь гэх бор гүү нь хээр хязаалантай адилхан шинж тэмдэг байхгүй байна. ... Хээр гүүний шарх арьсны гүнд гэмтэлгүй өнгөн хэсэг дээрээ үү хэлбэрийн шарх гарсан. Хээр гүүний зөв чихний им сүүлд тавьсан им болно. Сын авч ирсэн бор гүү нь 12 орчим настай, хязаалан гүүний эх гэж хэлэхэд эргэлзээтэй. Тийн эзэмшилд байгаа хязаалан хээр гүү нь үзлэгийн явцад хагас эмнэг гүү байсан. Энэ нь Сын номхон гэх тайлбартай нийцэхгүй байна. Тийн эх нь гэх хээр гүүний буруу талын чихний им Сын маргаж байгаа хээр гүүний буруу талын чихний имтэй адилхан, Тийн гүүтэй төстэй байна. Хязаалан хээр гүүний буруу хойд хөлийн боривны дотор талын шарх чононд хазуулсан гэхэд эргэлзээтэй гэж дурджээ.

Талуудын тайлбар болон гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд нэхэмжлэгч хариуцагч нар нь адуун сүрэгтээ уламжлалт им тавьдаг байсан бөгөөд нэхэмжлэгч Х.С М  овгийн им буюу зөв талын чихний хойд талаас ухмал им, хариуцагч Б.Т нь Х овгийн буюу буруу талын чихний хойд талаас ухам им тавьдаг байсан байх ба нэхэмжлэгч Х.С нь Б.Тийн адуун сүргээс маргаан бүхий адууг авч явсны дараа өөрийн уламжлалт им буюу зөв талын чихний хойд талаас шинээр М  овгийн буюу зөв талын чихний хойд талаас ухам им тавьсан, мөн шинээр зөв хаан дээр саран тамга тавьсан нь тогтоогдож байна. Хариуцагчийн хувьд тухайн адуу өөрийн унаган адуу болох талаар болон өөрийн овгийн буюу Х овгийн им болох буруу талын чихний хойд талаас ухмал им тавьсан талаар тайлбарласан ба Б.Т нь өөрийн адуундаа буруу талын чихний хойд талаас ухмал им тавьдаг болох нь, маргаан бүхий адуу нь Б.Тийн адуунд төстэй болох талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэж үзлээ. Гэрч С.Х нь маргаан бүхий адуунд буруу талын чихний хойд талд ухмал им тавьсан гэж байгаа боловч тухайн им нь Х.Сын адуунд тавих имтэй таарахгүй байгаа, ямар учраас тухайн имийг тавьсан нь тодорхойгүй байгаа болно. Мөн шинжээч дүгнэлтэд Тийн эзэмшилд байгаа хязаалан хээр гүү нь үзлэгийн явцад хагас эмнэг гүү байсан. Энэ нь Сын номхон гэх тайлбартай нийцэхгүй байна. ... Хязаалан хээр гүүний буруу хойд хөлийн боривны дотор талын шарх чононд хазуулсан гэхэд эргэлзээтэй гэж дүгнэсэн байгаагаас үзэхэд нэхэмжлэгчийн тайлбар нь зөрүүтэй, маргаан бүхий адууны хөлөнд үүссэн шархыг нэхэмжлэгчийн тайлбарласан шинж тэмдэгтэй тохирч байгаа гэж үзэх үндэслэлгүй байгаа болно.

Дээрх байдлаас үзэхэд маргаан бүхий адууг Б.Т нь үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд хариуцагчийн тухайн адуу нь өөрийн унаган адуу гэх тайлбарыг няцаах нотлох баримт байхгүй байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч Х.Сын хариуцагч Б.Тээс өсвөр насны шүдлэн үрээ буюу 800000 төгрөг гаргуулж өгөх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 491.1, 492.1.1-д заасан баримтлан нэхэмжлэгч М  овгийн Хийн Сын хариуцагч Х назар овгийн Б-н Тээс өсвөр насны шүдлэн үрээ буюу 800000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Сын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23750 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК