Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 31

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Цэнд-Аюуш

     Улсын яллагч: Н.Бадам

     Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

          Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шүүхэд шилжүүлэх тогтоол үйлдэж ирүүлсэн Хулд овогт *******д холбогдох 201718010048 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 06 дугаар  сарын 27-ны өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 0000 оны 12 дүгээр сарын 08-ны өдөр Завхан аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, группт байдаг, ам бүл 2, ээжийн хамт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Ивэн 1 дүгээр баг, Амарбаясгалант хийдэд амьдардаг, хөдөлмөрийн чадвар 60 хувь алдалттай, хэрэг хариуцах чадваргүй,  Хулд овогт ******* /РД:ИЦ-/,

            Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг Жимстэй хороололд оршин суух иргэн *******ын гэрээс 40 инчийн зурагт хулгайлсан хэрэгт холбогджээ. /эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шүүхэд шилжүүлэх тогтоолд бичигдсэнээр/

                                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр би Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Төмөр замын хэсэг дээр ажил дээрээ байж байсан юм. Тэгсэн өдөр 12 цаг өнгөрч байхад манай үеэл дүү Лхагвахүү над руу 99304445 гэх дугаараасаа залгаад та хаана байгаа юм бэ? гэж асуусан тэгэхлээр нь би ажил дээрээ байж байна гэсэн чинь ******* танай гэрээс нэг хүн юм аваад явчихлаа гэж надад хэлсэн. Тэгэхлээр нь би наад хүнээ бариад ав юун хүн юм болоо гэж хэлсэн чинь ******* за гэж хэлээд утсаа салгачихсан. Тэгээд би Лхагвахүүг буцаад залгахыг нь хүлээгээд байж байтал нэг танихгүй дугаар залгаад цагдаагаас ярьж байна. Танай гэрт хулгай орсон байна, гэртээ хүрээд ир гэхээр нь би замаараа эхнэрийнхээ ажлаар ороод эхнэртээ хэлээд хамт гэртээ очсон. ...Манай гэрээс Панасоник маркийн 40инчийн телевизор хулгайд алдагдсан юмаа. Өөр алдагдсан эд зүйл байхгүй. ...Би 2016 оны намар Улаанбаатар хотоос худалдаж авч байсан. Тухайн үед 780.000 төгрөгөөр худалдаж авсан санагдаж байна. Тиймээс 780.000 төгрөгөөр үнэлж байна. Панасоник маркийн хар өнгийн 40 инчийн лэд зурагт байгаа.  Суурь нь дөрвөлжин, голдоо нүхтэй байгаа ямар нэгэн эвдэрч хэмхэрсэн зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 25-26 дугаар хуудас/,

2. Гэрч *******гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байсан би өдөр 12 цаг өнгөрч байсан юм. Өдрийн цайны цаг болоод гэрлүүгээ өөрийнхөө 3116 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ганцаараа явж байгаад Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутаг Жимстэй хороололын хар замын ард байдаг Цэвэгжав ахын гэрийн хашааны урдуур замаар явж байтал Цэвэгжав ахын гэрийн хаалга онгорхой байхаар нь Цэвэгжав ахынх хоол унд хийсэн байгаа болов уу гэж бодоод Цэвэгжав ах руу залгасан чинь утсаа авахгүй байж байгаад 2 дахь залгалтан дээр Цэвэгжав ах утсаа авахаар нь та гэртээ байгаа юм уу гэж асуусан чинь Цэвэгжав ах би гэртээ байхгүй ажил дээрээ байна гээд утсаар ярьж байсан чинь Цэвэгжав ахын гэрээс нэг хүн нилээн том юм барьчихсан гараад ирэхээр нь би Цэвэгжав ахад танай гэрээс нэг хүн юм аваад гарч явна гэж хэлсэн чинь юун хүн юм бол очоод уулзаадах гэхээр нь би машинтайгаа Цэвэгжав ахын гэрээс юм бариад гарч явсан хүний араас нь яваад очсон чинь Цэвэгжав ахын гэрийн зурагтыг нь хөнжлийн давуунд ороочихсон тэврээд явж байсан. Тэгэхлээр нь тэр хүнээс та хаанаас юу авч яваан гэж асуусан чинь би гэрээсээ явж байна гэхээр нь юу яриад байгаан яагаад эзэнгүй айлаас юм зурагт авч байгаа юм гэсэн чинь тэр хүн би хулгай хийгээгүй намайг явуулчих би ганцхан зурагт л авсан намайг явуулчих гээд л гуйгаад байсан. Тэгээд л би цагдаад дуудлага өгсөн. ...Би тэр Цэвэгжав ахын гэрээс хулгай хийсэн хүнийг огт танихгүй хүн байна лээ. Урьд өмнө ч харж байгаагүй. Тэр хүн 40 гаран насны хар өнгийн куртик өмссөн, цэнхэр биеийн тамирын өмдтэй, бор гуталтай, туранхай үрчлээтэй бор царайтай эрэгтэй хүн байсан. Жаахан архи уучихсан бололтой архи үнэртэж байсан. Өөрийгөө Зулаа гээд заримдаа Мөнхзул гээд хэлээд байсан. ...Би тэр Мөнхзул гэх хүнийг Цэвэгжав ахын гэрээс зурагт авч гарч байхыг өөрөө харсан тэгээд очоод авч явсан зурагтыг нь харахад 40 инчийн хар өнгийн Панасоник маркийн зурагт байсан. Тэр зурагт Цэвэгжав ахын зурагт мөн ...” гэсэн мэдүүлэг /хх-27-р дугаар хуудас/,

3. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгаас өглөөний вагоноор Сэлэнгэ аймгийн Сайхан суманд буусан юм. Тэгээд эндээсээ Баруунбүрэн явах гэж байсан юм. Тэгээд би сондгой ганц төмөр хашаатай айл байхаар нь тэр айлд хүн байвал орж цай уучихаад зам руу гаръя гэж бодоод хашааны завсараар нь  харсан чинь гэр нь хүн байхгүй цоожтой байсан. Тэгэхлээр нь би гэрийнх нь хаалгыг онгойлгоод орж цай уучихаад гаръя гээд гэрийнх нь үүдэнд нь очсон чинь цоожны даруулганы ард нэг түлхүүр байхаар нь аваад гэрийнх нь цоожийг онгойлгоод гэрт орсон чинь зуухных нь ард данх байхаар нь цай байна уу гэж харсан чинь цай байхаар нь би цайнаас уусан. Тэгсэн гэрийн хойд хэсэгт тавиур дээр нэг зурагт байхаар нь орон дээрээс даавуу аваад давуунд ороогоод гарч явсан. Зурагт аваад гарч явахдаа гэрийнх нь хаалгыг буцааж цоожилчихоод хашааных нь хаалгаар гарч явсан. Тэгээд хар зам руу дөхөөд явж байсан чинь нэг машинтай залуу ирээд надаас юу авч яваа юм бэ гэж асуухаар нь би айлаас авч яваа юм аа гэж хэлсэн. ...Надад хоол ундны мөнгө, Баруунбүрэн сум руу авах замын зардлын мөнгө байхгүй байсан учраас хулгай хийх болсон юм... гэсэн мэдүүлэг /хх-н 35-36 дугаар хуудас/,

4. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Ам цангаад айлд ороод цай ууж, хоол идээд зурагт байсныг нь бариад явсан ...гэх мэдүүлэг,

5. Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн магадлагаа №39/17 тоот дүгнэлтэнд:

Онош: Зан төрхийн бусад хямралтай, Оюуны хөнгөн хомсдол

Дүгнэлт: - Сэжигтэн ******* нь Олон улсын өвчний X ангилалын V бүлгийн F70.8 онош бүхий сэтгэцийн өвчинтэй болно.

- Сэжигтэн ******* нь Олон улсын өвчний X ангилалын V бүлгийн F70.8 онош бүхий /Зан төрхийн бусад хямралтай, оюуны хөнгөн хомсдол/ сэтгэцийн өвчинтэй болно. Энэ нь төрлөхийн өвчин болно.

- Сэжигтэн ******* нь өөрийн өгч байгаа мэдүүлгийнхээ мөн  чанарыг ойлгож, үнэн зөв мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадваргүй болно... гэх дүгнэлт /хх-ийн 22 хуудас/,

6. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5 хуудас/,

7. Сайхан сумын үнэлгээний комиссын 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 47 тоот актаар ...

Панасоник 40 инчийн зурагт 1 ширхэг, нэг бүрийн үнэ  600.000 төгрөг гэх үнэлгээ .../хх-ийн 18-р хуудас/,

8. Хулд овгийн *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа .../хх-ийн 66-р хуудас/,

9. 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн эд зүйлд үзлэг хийж, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт... /хх-ийн 11-12-р хуудас/,

10. 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн  эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-14-р хуудас/,

11. *******ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас .../хх-ийн 43-р хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч ******* нь 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг Жимстэй хороололд оршин суух иргэн *******ын гэрээс 40 инчийн зурагт хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон хохирогч *******, гэрч ******* нарын мэдүүлэг, Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлэгийн магадлагаа №39/17 тоот дүгнэлт, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Сайхан сумын үнэлгээний комиссын 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 47 тоот акт, 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн эд зүйлд үзлэг хийж, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн  эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэнээр 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллагдагчаар татаж, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шүүхэд шилжүүлэх тогтоол үйлдэж шилжүүлжээ.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар ...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ... гэсэн заалтын дагуу 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар,  хууль бусаар  авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэл оногуудах үндэслэлтэй боловч шүүгдэгч ******* нь оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн төрөлхийн өвчтэй болох нь Дархан-Уул аймгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн №39/17 тоот магадлагаагаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн 7.4 дүгээр зүйлийн 3-т зааснаар Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан хүний сэтгэцийн байдал нь өөртөө, бусдад аюул учруулахааргүй бол шүүх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр сэтгэцийн эрүүл мэндийн холбогдох байгууллагад эмчлүүлэх, асран хамгаалагчид халамжлуулахаар шилжүүлж болно... гэж заасны дагуу шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн байдал /сэтгэцийн өвчний шинж байдал/ зэргийг нь харгалзан үзэж өөртөө болон бусдад аюул учруулахааргүй байна гэж дүгнэв.

Мөн шүүгдэгч ******* нь бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэрэг үйлдээгүй, өөрийнхөө амийг хорлох, дэмийрэх, хий юм харах зэрэг хүнд төрлийн сэтгэцийн эмгэггүй бөгөөд Эрүүл мэндийн сайдын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 180 тоот тушаал, тушаалын хавсралтанд заагдсан Албадан эмчлэх шаардлагатай сэтгэцийн эмгэгийн жагсаалтанд шүүгдэгчийн сэтгэцийн эмгэгийн онош багтаагүй тул албадан эмчлэх шаардлагагүй гэж шүүх үзсэн болно.

Иймд шүүгдэгч *******д эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр асран хамгаалагчид халамжлуулахаар шилжүүлж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь ээжийн хамт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Ивэн 1 дүгээр багийн  Амарбаясгалант хийдэд оршин суудаг бөгөөд ээж нь өвчний учир нүдний хараа муутай гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг харгалзан шүүгдэгч *******ын төрсөн дүү болох Лувсандагвын Байгал /ИЧ:87041969 регистрийн дугаартай, Эрдэнэт хот Баян-Өндөр сум 15-17-74 тоотод оршин суух хаягтай, “Мөнхийн тус” эмнэлэгт уламжлалтын эмчээр ажилладаг/-аар халамжлуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн өвчний шинж байдлыг харгалзан шүүх хуралдаанд оролцуулж шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч нь 72 хоног цагдан хоригдсон бөгөөд бусдад төлөх төлбөргүй, хураан авсан, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 4.2,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 4-т заасныг удирдлага болнон

ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч Хулд овгийн *******ыг будсын эд хөрөнгийг  хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 7.4 дүгээр зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******ыг эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр асран хамгаалагчид халамжлуулахаар шилжүүлсүгэй.  

3. Шүүгдэгч ******* нь 72 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

4. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хураан авсан, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ДЭЛГЭРСАЙХАН