Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2021/ДШМ/332

 

      2021             4              1                                       2021/ДШМ/0332                               

 

 

     А.Эд холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Тунгалагтуяа,

шүүгдэгч А.Эгийн өмгөөлөгч Ж.Гантулга,

хохирогч Э.Сийн өмгөөлөгч Д.Очирваань,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

          Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 2021/ШЦТ/151 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Эгийн өмгөөлөгч Ж.Гантулгын гаргасан давж заалдах гомдлоор А.Эд холбогдох эрүүгийн 2008000001032 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Э,

 

          Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 200 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

         

          Шүүгдэгч А.Э нь 2020 оны 5 дугаар сарын 25-ны 23 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд байрлах дугуй засварын хажууд иргэн Э.Сийг шалтгаангүйгээр зодож түүний биед үүдэн хоёр шүдний хугарал, зүүн зовхинд зулгаралт, дээд, доод уруулын салстад язрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: А.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овгийн Анхбаярын Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эг 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Эд энэ тогтоолоор оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1111 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 200 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялын хэмжээг 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхийа нгийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч А.Эгаас 6,337,350 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Сэд олгож, хохирогч Э.Сэ нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч А.Эгийн өмгөөлөгч Ж.Гантулга давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч А.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай хэсэгт “... хохирогч Э.Сийн зүгээс үүдэн хоёр шүдний хугарал гэмтэл учирч “Голден дент” шүдний эмнэлэгт 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр үзүүлж, “Гялс дент” шүдний эмнэлэгт имплант үүдэн хоёр шүд хийлгэсэн талаарх баримтыг шүүхэд гаргаж өгснийг шүүх нотлох баримтын шаардлага хангасан гэж үнэлсэн болно. Иймд шүүгдэгч А.Эгаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт нийт 6,337,350 төгрөг гаргуулж хохирогч Э.Сэд ...  гэж дүгнэсэн байна. Би анхан шатны шүүхийн шүүгдэгч А.Эд оногдуулсан эрүүгийн хариуцлага гэм буруугийн дүгнэлт, шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг хэмжээг үндэслэлгүй тогтоосон үндэслэлээр гомдол гаргаж байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар “Гялс дент” шүдний эмнэлэг нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч компани байх тул хохирогч Э.Сэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримтыг түүний нэмэгдсэн өртгийн албан татварын баримтаар баталгаажсан баримтыг үндэслэн хохирлын хэмжээг тогтоолгүй анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргасан байна. Анхан шатны шүүх хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаж хэрэгт авагдсан баримтыг үнэлж шийтгэх тогтоолыг гаргаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад өөрчлөлт оруулан хохирогч Э.Сэд 6,337,350 төгрөг гаргуулах хэсгээс 6,000,000 төгрөгийг хасч өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

 

Хохирогч Э.Сийн өмгөөлөгч Д.Очирваань шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүх эмнэлэгийн шинжээчийн дүгнэлтээр үүдэн хоёр шүдний хугарал, зүүн зовхинд зулгаралт, дээд, доод уруулын салстад няцралт гэмтэл тогтоогдсон. Хохирогч Э.Сийн хувьд үүдэн хоёр шүдгүй болсон. Үүдэн хоёр шүдэндээ имплант хийлгэсэн. Имплант хийлгэсэн зардлынхаа баримтыг гаргаж өгсөн. Уг баримтыг үндэслээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор хохирол 6,337,350 төгрөгийг гаргаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Шүүгдэгч А.Эгийн өмгөөлөгч Ж.Гантулгын гаргасан гомдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл нь хууль зүйн хувьд тогтоогдохгүй байна” гэв.

 

Прокурор А.Тунгалагтуяа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 151 дугаартай шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. “Гялс дент” ХХК-ийн “Голден дент” шүдний эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн төлбөрийн баримт нь санхүүгийн тамга, тэмдэг, гарын үсэг, он, сар өдөртэй зардлын баримтыг гаргаж өгсөн. Шүүхээс нотлох баримтуудыг үнэлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлгүй байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав. 

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна. 

 

Шүүгдэгч А.Э нь 2020 оны 5 дугаар сарын 25-ны 23 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд байрлах дугуй засварын хажууд иргэн Э.Сийг шалтгаангүйгээр зодож түүний биед үүдэн хоёр шүдний хугарал, зүүн зовхинд зулгаралт, дээд, доод уруулын салстад язрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

хохирогч Э.Сийн “...үл таних 3 залуу дугуй засварын үүдэнд зогсож байсан. Хамгийн жижиг биетэй залуу нь намайг эхэлж мөрлөхөөр нь “чи чинь яаж байна” гэтэл “уучлаарай гэж байгаа юм биш үү” гээд намайг заамдаад авсан. Тэгтэл цаанаас нь нэг махлаг залуу нь эхлээд миний зүүн талын нүүр рүү шанаадахаар нь би доошоо тонгойтол халимаг үстэй толгойн баруун талдаа өдний, нөгөө талдаа 69 гэсэн шивээстэй өндөр залуу нь ирээд миний нүүр лүү гутлаараа хоёр удаа өшиглөсөн. Тэгтэл миний үүдэн хоёр шүд хугараад уруул хавдаад хамар амнаас цус гарсан. Тэгтэл эхний заамдаж авсан залуу нь миний баруун хөлөөс чирээд нүүр лүү нэг удаа цохисон. Би тэр гурваас зугтаагаад камертай газар ирэхэд араас ирээгүй ...” /хх 8/,

 

гэрч Р.Эын “... би тэр хоёртой хамт “Соёрхол” нэртэй 0,75 литрийн архи уучихаад Баянхошууны тойрог руу Бг гэрт нь дөхүүлэх санаатай алхаж байгаад Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд байрлах дугуй засварын үүдэнд зогсож байсан. Нэг танихгүй хүн бид нарын өмнөөс алхаад ирж байхаар нь би мөрлөчихсөн. Тэгээд би цаашаа хараад алхтал Б, Э нар араас ирсэн. Тэгээд дээшээ нийлээд алхаад явж байтал цагдаагийн машин ирээд Б бид хоёрыг аваад явсан ...” /хх 17/,

 

гэрч О.Тгийн “... Р.Э, А.Э, Б.Б нарын хоорондын яриагаар бол Э тэр залууг мөрлөөд Б хажуу талаас нь цохиод тонгойход нь Э нүүр лүү нь хөлөөрөө өшиглөсөн гэж яриад байсан ...” /хх 19/,

 

гэрч Б.Бгийн “... Би тэр залуугийн хөмсөг хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Э хажуу талаас нүүр лүү нь 2 удаа өшиглөсөн. Бид нар зугтаасан ...” /хх 21/,

 

Шинжээч эмч Т.Нийн “... Э.Сийн биед учирсан үүдэн хоёр шүдний хугарал, дээд, доод уруулын дотор салстад язрал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин зүүн зовхинд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба тусдаа нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлд үүснэ” /хх 26-27/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 6340 дугаартай “... Хэсэг газрын үзлэгт зүүн дээд зовхинд 0,6х0,1 см, доод зовхинд 1х0,2 см хүрэн зулгаралттай, дээд уруулын дотор салстад 0,8х0,6 см, доод уруулын дотор салстад 1х0,2 см хэмжээтэй шаргал өнгийн язралттай, дээд үүдэн хоёр шүд ганхаж хөдөлсөн байдалтай цус хурсан, эмзэглэлттэй. ЗОННЕ шүдний эмнэлгийн бичигт гэмтлийн гаралтай шүдний цөгц ба ёзоорын хугарал 11, 21 шүдийг авч имплант суулгах яаралтай заалттай.

Э.Сийн биед үүдэн хоёр шүдний хугарал, зүүн зовхинд зулгаралт, дээд, доод уруулын дотор салстад язрал гэмтэл тогтоогдож, уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хх 24-25/ зэрэг хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч А.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч А.Эг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шалтгаангүйгээр хохирогч Э.Сэд хүч хэрэглэсэн буюу нүүрэн тус газарт нь өшиглөх үйлдэл хийснээс эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Эгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон байна.

 

Шүүгдэгч А.Эгийн өмгөөлөгч Ж.Гантулга “... нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үнэлж, хохиролд нийт 6000000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Анхан шатны шүүхийн хохирогч Э.Сээс мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан 337,350 төгрөгийн хохирлын баримт, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн “Гялс дент” эмнэлгийн имплант шүд хийлгэсэн гэх 6,000,000 төгрөгийн баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан баримт гэж үзээд хохирогчийн нэхэмжилсэн нийт 6,337,350 төгрөгийг бүхэлд нь гаргуулахаар хийсэн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Өөрөөр хэлбэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаар гаргасан 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 6340 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “хохирогчийн биед үүдэн хоёр шүдний хугарал, зүүн зовхинд зулгаралт,дээд доод уруулын дотор салстад язрал” бүхий гэмтэл учирсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, ЗОННЕ шүдний эмнэлэгийн бичигт гэмтлийн гаралтай шүдний цөгц ба ёзоорын хугарал 11, 21 шүдийг авч имплант суулгах яаралтай заалттай гэсэн байх ба энэ нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шалтгааант холбоотой бөгөөд хохирогч Э.Сэ нь шүдэндээ имплант суулгасан, түүний шүүхэд гаргаж өгсөн зарлагын баримтууд /хх 38-41/ болон “Гялс дент” ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн “имплант шүдний төлбөр 6,000,000 төгрөг” гэсэн агуулга бүхий кассын орлогын баримт /хх 172/ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд тус тус зааснаар нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж байгаа,эдгээрийг үнэлж имплант шүд хийлгэсэн зардлыг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулгын энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Энэ нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь...хиймэл эрхтэн хийлгэх,...зэрэг зайлшгүй зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэсэн бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах хуулийн зохицуулалтанд нийцэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Эгийн өмгөөлөгч Ж.Гантулгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 4ий өдрийн 2021/ШЦТ/151 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Эгийн өмгөөлөгч Ж.Гантулгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                    О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                                    Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                                    Б.БАТЗОРИГ