Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 130/ШШ2020/00985

 

Б аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б аймгийн Ц тосгоны төвд оршин суух, Мийн Бийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 4 дүгээр багт байрлах, РД:, утас, Б аймгийн Онцгой байдлын газар холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Б, хариуцагч Б аймгийн Онцгой байдлын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц, орчуулагч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Е.Х нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Онцгой байдлын газрын Улсын нөөцийн салбарын Ц дахь шатахууны агуулахын засварчин,насосчины орон тоог 3 сарын дотор дахин бий болгосон тул урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ.

Нэхэмжлэгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие М.Б нефтийн сав тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй бөгөөд анх 1994 онд Ц дахь Нефть хангамжийн газарт Усчин, түлээчингээр ажиллаж эхэлсэн. Үүнээс эхлэн Б аймгийн Онцгой байдлын газрын Улсын нөөцийн газарт 25 жил тасралтгүй ажиллаж ирсэн. Хамгийн сүүлд тус газарт хийж байсан ажил гэвэл Ц дахь шатахууны агуулахын засварчин,насосчинаар ажиллаж байсан. Зөвхөн энэ албан тушаалд гэхэд 16 жил 6 сар ажиллаж байна. Гэтэл 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Онцгой байдлын газрын хүний нөөцийн мэргэжилтэн, дэслэгч Ч.Ц ирээд 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн огноотой мэдэгдэх хуудас гардуулан,намайг орон тооны цомхотголд оруулан ажлаас чөлөөлснөө мэдэгдэж, ажлаа хүлээж авсан. Намайг ажлаас чөлөөлсөн шалтгааныг Онцгой байдлын Ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Орон тоо батлах тухай А/461 дүгээр тушаалаар бүтэц орон тооны цомхотголд орсон гэж тайлбарласан. Миний бие тус шийдвэрийг эс зөвшөөрч хуульд заасан хугацааны дотор шүүхэд гомдол гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт 1 /нэг/ сарын өмнө мэдэгдээгүй учраас ажилд эгүүлэн томилж өгнө үү гэж гомдол гаргасан боловч хүлээн аваагүй, бүхэлдээ хэрэгсэхгүй болгож 2 шатны шүүхээс шийдвэрлэсэн юм. Миний бие шүүхэд зөвхөн ажлаас чөлөөлөхдөө журам зөрчсөн гэсэн үндэслэлээр л хандаж байсан тул шүүх нь хуульд заасан журмыг зөрчөөгүй байна гэж дүгнэлт хийсэн. Ажил олгогч маань миний ажиллаж байсан Ц дахь шатахууны агуулахын засварчин, насосчины орон тоог намайг ажлаас халсны дараа дахин бий болгож Б гэдэг иргэний томилон ажиллуулж байсныг сүүлд нь мэдлээ. Өөрөөр хэлбэл миний ажиллаж байсан Ц дахь шатахууны агуулахын засварчин, насосчин гэсэн орон тооны нэрийг Ц дахь шатахууны агуулахын засварчин, инженер гэж өөрчилөн өөр хүнийг томилон ажиллуулсан байна. Энэ нь хууль бус бөгөөд 25 жил ажилласан намайг ажлаас халахын тулд л ийм арга хэрэглэсэн байжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-т энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар орон тоо хасагдсан гэх боловч түүнийг гурван сарын дотор дахин бий болгож,орон тоо хассан нь үндэслэлгүй болох нь тогтоогдвол тухайн ажилтныг ажилд нь эгүүлэн тогтооно гэж заасан байна. Иймд миний ажиллаж байсан Ц дахь шатахууны агуулахын засварчин,насосчины орон тоог 3 сарын дотор дахин бий болгосон тул намайг урьд эрхэлж байсан ажилд минь эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б аймгийн Онцгой байдлын газрын дарга дэд хурандаа Б.А шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Тус газрын Ц тосгон дахь Улсын нөөцийн салбарын шатахууны агуулахын насосчиноор ажиллаж байсан М.Б нь Улсын нөөцийн газрын Б аймаг дахь салбарын эрхлэгчийн 2002 оны 06 дугар сарын 06-ны өдрийн 07 дугаар тушаалаар нефтийн агуулахын засварчин, насосчинаар томилогдон тасралтгүй 16 жил 6 сар ажиллаж байгаад Онцгой байдлын Ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Орон тоо батлах тухай А/461 дүгээр тушаалаар бүтэц орон тооны цомхотголд орсон. Уг тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор Онцгой байдлын газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Чөлөөлөх тухай А/09 дүгээр тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр цуцалсан болно.

Нэхэмжлэгч М.Б нь ажил олгогч маань миний ажиллаж байсан Ц тосгон дахь Шатахууны агуулахын засварчин, насосчины орон тоог 3 сарын дотор дахиж бий болгож Х.Б гэдэг иргэний томилон ажиллуулж байсныг сүүлд нь мэдлээ. Миний ажиллаж байсан Ц дахь шатахууны агуулахын засварчин, насосчин гэсэн орон тооны нэрийг Ц дахь шатахууны агуулахын засварчин, инженер гэж өөрчилөн хүн томилон ажиллуулсан байна гэж тус шүүхэд гомдол гаргасан байна.

Ц тосгон дахь Шатахууны агуулахын Сав тоног төхөөрөмжийн засварын инженерээр ажиллаж байгаа Х овогтой Б нь Улсын нөөцийн салбарын даргын 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Ажилд томилох тухай Б/18 дугаар тушаалаар Ц тосгон дахь Шатахууны агуулахын түгээх станцын сэлгэгчээр, Улсын нөөцийн салбарын даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Ажилд томилох тухай А/32 дугаар тушаалаар Ц тосгон дахь Шатахууны агуулахын инженерийн албан тушаалд дэвшүүлэн томилж, Онцгой байдлын Ерөнхий газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн томилох тухай Б/218 дугаар тушаалаар Ц тосгон дахь Шатахууны агуулахын Сав, тоног төхөөрөмжийн засварын инженерээр, Онцгой байдлын Ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Орон тоо батлах тухай А/461 дүгээр тушаалаар Б аймгийн Онцгой байдлын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн томилох тухай Б/14 дүгээр тушаалаар Ц тосгон дахь Шатахууны агуулахын сав, тоног төхөөрөмжийн засварын инженерээр томилогдон одоо хүртэл ажиллаж байна. Иймд нэхэмжлэгч М.Б нь Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Онцгой байдлын Ерөнхий газрын даргын баталсан бүтэц орон тоог санаатайгаар засварласан мэтээр Онцгой байдлын байгууллагыг үл хүндэтгэж худал мэдүүлсэн байна гэжээ.

Нэхэмжлэгч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Цын нефтийн баазад анх 1994 онд ажилд орсон. Тус байгууллагад 28 гаргуй жил тогтвор суурьшилтай ажиллаж байсан. Тэгээд 4-5 жилийн өмнө Аймгийн Онгой байдлын газарт Сав тоног төхөөрөмжийн засварчин албан тушаалд шилжүүлэн томилж ажиллуулсан. 2004 онд Улаанбаатар хотод очиж, Шинжлэх ухааны техникийн их сургуульд Сав тоног төхөөрөмжийн засварчин мэргэжлээр 40 хоногийн мэргэжлийн курс суралцаж мэргэжлийн үнэмлэх авсан. Би тухайн байгууллагад 28 жил ажиллаж байхад миний орон тоонд инженер гэсэн үг нэмж намайг ажлаас чөлөөлсөн. Б аймгийн Онцгой байдлын газрын Улсын нөөцийн салбарын Цын шатахууны агуулахын насосчин, засварчин болон Б аймгийн Онцгой байдлын газрын Улсын нөөцийн салбарын Цын шатахууны агуулахын сав тоног төхөөрөмжийн засварын инженер гэсэн хоёр орон тоо миний бодлоор адилхан орон тоо юм шиг байна.Зөвхөн инженер гэдэг үгийг нэмсэн болохоос биш адилхан орон тоо. Би зөвхөн засварчин гэдэг орон тоонд маргаж байгаа. Инженер гэж дахиж нэг хүн нэмж ажиллуулах нь ямар учиртай юм вэ. Тэрийг нь ойлгохгүй байна. Тийм учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц шүүх хуралдаанд нэхэмжлэлтэй холбоотой гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгийн зүгээс өмнөх ажиллаж байсан албан тушаалд эргүүлэн тогтоолгохыг хүссэн тухай тайлбар гаргаж байна. Энэ маргааны талаар 3 шатны шүүхийн албан ёсны эцсийн шийдвэр гарч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Одоо нэхэмжлэгч Б аймгийн Онцгой байдлын газрын Улсын нөөцийн салбарын Цын шатахууны агуулахын сав тоног төхөөрөмжийн насосчин, засварчины албан тушаалыг 3 сарын дараа бий болгож намайг чөлөөлсний дараа иргэн Х.Бийн миний оронд томилсон. Томилсон тухай шийдвэрийг сүүлд мэдсэн гэж тайлбар гаргасан байна. Уг нь нэхэмжлэгч тухайн Х.Б гэдэг иргэнтэй олон жил хамт ажиллаж байсан хамаатан хүмүүс. Тухайн хүн нэхэмжлэгчийг чөлөөлсний дараа тухайн орон тоонд гэнэт орж ирээгүй. Миний зүгээс Х.Б өмнө нь ажиллаж байсан талаарх 2012 оны хоёр эрхийн актыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Сав тоног төхөөрөмжийн засварын инженер нь албан тушаалын тодорхойлолтын дагуу дээд боловсролтой хүнийг авч ажиллуулахаар заасан байгаа. Нэхэмжлэгч өөрөө бүрэн бус дунд боловсролтой. Сав тоног төхөөрөмжийн насосчин, засварчин гэдэг албан тушаал Онцгой байдлын Ерөнхий газрын даргын 2018 оны А/461 дугаартай тушаалаар батлагдсан орон тоо, нэхэмжлэгчийн өмнө нь ажиллаж байсан орон тоо уг тушаалаар цомхотлголд орсон. Б аймгийн Онцгой байдлын газрын Улсын нөөцийн салбарт Сав тоног төхөөрөмжийн насосчин, засварчны орон тоо дахиж бий болоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Бийн хариуцагч Б аймгийн Онцгой байдлын газарт холбогдуулан тус газрын Улсын нөөцийн салбарын Ц дахь шатахууны агуулахын засварчин,насосчины орон тоог 3 сарын дотор дахин бий болгосон тул урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч М.Бээс нэхэмжлэлийн үндэслэлээ миний өмнө ажиллаж байсан Ц тосгон дахь Шатахууны агуулахын засварчин, насосчины орон тоог намайг ажлаас халсны дараа 3 /гурван/ сарын дотор дахин бий болгож Ц дахь шатахууны агуулахын засварчин, насосчин гэсэн орон тооны нэрийг Ц дахь шатахууны агуулахын засварчин, инженер гэж өөрчилөн Х.Б гэдэг хүнийг томилон ажиллуулж байсныг сүүлд нь мэдсэн тул уг ажилд өмнө нь ажиллаж байсан би ажиллах ёстой гэж, хариуцагчаас нэхэмжлэгч М.Бийн Ц тосгон дахь Шатахууны агуулахын засварчин, насосчины ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийг тус шүүхээс бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Х.Б нь тус байгууллагад 2012 оноос эхэлж Ц тосгон дахь Шатахууны агуулахын түгээх станцын сэлгэгчээр, Ц тосгон дахь Шатахууны агуулахын инженер тус тус ажиллаж байсан ба Онцгой байдлын Ерөнхийн газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Орон тоо батлах тухай А/461 дүгээр тушаалаар Б аймгийн Онцгой байдлын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн томилох тухай Б/14 дүгээр тушаалаар Ц тосгон дахь Шатахууны агуулахын сав, тоног төхөөрөмжийн засварын инженерээр томилогдон одоо хүртэл ажиллаж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

Шүүх хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь, нэхэмжлэгч М.Бийг Б аймгийн Онцгой байдлын газрын Улсын нөөцийн салбарын Цын шатахууны агуулахын моторч, насосчин, засварчинаар ажиллаж байхад нь хариуцагч Б аймгийн Онцгой байдлын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн чөлөөлөх тухай А/09 дугаар тушаалаар орон тоо нь хасагдсан гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ба түүнийг М.Бээс эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 130/ШШ2019/00224 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Улмаар нэхэмжлэгчээс шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 121/МА2019/00024 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаснаар 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ХТ2020/00283 дугаар тогтоолоор[1] анхан шатны шүүхийн шийдвэр болон магадлалыг тус тус хэвээр үлдээж гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Онцгой байдлын Ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Орон тоо батлах тухай А/461 дүгээр тушаалаар Б аймгийн Онцгой байдлын газрын орон тоог хавсралтаар баталж, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс мөрдөхөөр шийдвэрлснийг үндэслэж 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Б аймгийн Онцгой байдлын газрын даргаас Цын Сав тоног төхөөрөмжийн засварын инженерээр тус байгууллагад 2012 оноос эхэлж Цын Шатахууны агуулахын түгээх станцын сэлгэгч болон Цын шатахууны агуулахын инженерээр тус тус ажиллаж байсан Х.Бийг томилсон ба нэхэмжлэгч М.Бээс уг орон тоо нь миний өмнө ажиллаж байсан Цын шатахууны агуулахын насосчин, засварчин гэснийг өөрчилж инженер болгож 3 сарын дотор дахин бий болгосон тул уг орон тоонд би ажиллах ёстой гэж гомдол гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Тодруулбал: маргаан бүхий Цын Сав тоног төхөөрөмжийн засварын инженер-ийн орон тоог Онцгой байдлын Ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Орон тоо батлах тухай А/461 дүгээр тушаалаар Б аймгийн Онцгой байдлын газрын орон тоог хавсралтаар баталж, хавсралтын 6 дахь хэсэгт Ө сум дахь Улсын нөөцийн салбар гэсний 12-д Ц сум дахь Улсын нөөцийн цэг: Сав тоног төхөөрөмжийн засварын инженер-1, ... гэж баталсан байжээ.

Мөн дээрхи хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт Онцгой байдлын Ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Орон тоо батлах тухай А/461 дүгээр тушаалаар Б аймгийн Онцгой байдлын газрын орон тоог хавсралтаар баталж, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс мөрдөхөөр шийдвэрлэсэн ба хавсралтанд бичигдсэн жагсаалтаар нэхэмжлэгч М.Бийн ажлын байр хасагдсан болох нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон ба нэхэмжлэгчийн Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-т зааснаар миний ажиллаж байсан Цын шатахууны агуулахын насосчин, засварчины орон тоог гурван сарын дотор дахин бий болгосон гэх гомдол нь үндэслэлгүй болно.

Нэхэмжлэгчээс миний ажиллаж байсан Цын шатахууны агуулахын насосчин, засварчин гэсэн орон тоог Цын Сав тоног төхөөрөмжийн засварын инженер гэж өөрчилсөн би Нефтийн сав тоног төхөөрөмжийн засварчны 3 (гуравдугаар) зэргийн мэргэжлийн үнэмлэхтэй тул би ажиллах ёстой гэж маргаж байгаа боловч Сав тоног төхөөрөмжийн засварын инженерийн албан тушаалын тодорхойлолтын албан тушаалд тавигдах тусгай шаардлага нь Бакалавр ба түүнээс дээш боловсролтой, Газрын тосны инженер, Эдийн засаг-нөөцийн ажил мэргэжилтэй байх шаардлагыг хангахыг шаардсан байх тул ажил олгогчоос нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг нь зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Дээрхи хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч М.Бийн өмнө нь ажиллаж байсан Б аймгийн Онцгой байдлын газрын Улсын нөөцийн салбарын Цын шатахууны агуулахын насосчин, засварчины орон тоо гурван сарын дотор дахин бий болгож, орон тоо хассан нь үндэслэлгүй болсон нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч М.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх маргаан тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.Бийн хариуцагч Б аймгийн Онцгой байдлын газарт холбогдуулан аймгийн Онцгой байдлын газрын Улсын нөөцийн салбарын Ц дахь шатахууны агуулахын засварчин,насосчины орон тоог 3 сарын дотор дахин бий болгосон тул урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хэргийн оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ