Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/104

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг
Улсын яллагч М.Өлзийбаатар
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн *******6 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хэлэлцэв. 

    Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Гурванзагал суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, газрын тосны техникч мэргэжилтэй, Гурванзагал сумын сургуулийн ******* *******, ам бүл 4, эх, ах, дүү нарын хамт Дорнод аймгийн Гурванзагал сумын 3 дугаар баг “Өнөр” ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* *******. /РД: /
Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь Дорнод аймгийн Гурванзагал сумын Эрүүл мэндийн төвийн зүүн талд 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 20 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч үл ялих шалтгааны улмаас маргалдаж түүний бие, эрх чөлөөнд нь халдаж доод эрүүний ооч хэсэг, зүүн үелэх сэртэн хэсгийн хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.
Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь согтуурсан үедээ Дорнод аймгийн Гурванзагал сумын Эрүүл мэндийн төвийн зүүн талд 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 20 цагийн орчимд хохирогч үл ялих шалтгааны улмаас маргалдаж цохьсоны улмаас түүний биед нь “доод эрүүний ооч хэсэг, зүүн үелэх сэртэн хэсгийн хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...” гэх мэдүүлэг, 
мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч : Би Дорнод аймаг Гурванзагал суманд амьдардаг. Болсон зүйлийн талаар гэвэл: Би 2025 оны 02 сарын 11-ны орой соёлын төвд тоглолт болж байхаар нь 20 цагийн орчимд очсон юм. Тэгсэн сургуулийн ******* ******* *******ын машин зогсож байсан бөгөөд дотор нь хүмүүс дуугараад байхаар нь жолооч талын хаалгыг татахад ******* өөрөө сууж байсан бөгөөд машин дотроо 4, 5-лаа байсан юм. Тэгсэн ******* намайг "Яах гээд байгаа юм яв" гээд хөөгөөд байсан бөгөөд тухайн үед би бас архи уучихсан байсан юм. Тэгэхээр нь "Чи ахдаа агсраад яах вэ дээ адилхан согтуу байж" гэж хэлсэн чинь машинаасаа бууж ирээд "Хоёулаа зодолдъё" гээд хувцсаа тайлаад агсраад байхаар нь "Хоёулаа хүмүүсийн хажууд муудалцаад яах вэ ийшээ явъя" гээд эмнэлгийн зүүн талд очсон. Тэгээд би *******ыг эхэлж 2 удаа алгадчихаад эргэж хараад алхаад явж байхад миний араас алхаад явж байсан. Тэгснээ "Хөөе" гээд дуудахаар нь эргээд харахад шууд миний зүүн эрүү, хацар хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгэхээр нь би заамдаж аваад хавирч газар унгаагаад нүүр рүү нь 2,3 удаа цохисон. Тэгэхэд хамт байсан гэх залуу ирээд "Боль" гээд салгасан. Тэгсэн миний уруулаас цус гараад тогтохгүй мөн эрүү хөндүүр болсон байхаар, нь эмнэлэг орж үзүүлсэн юм. Ингээд өнөөдөр 14 цагийн үед аймагт ирээд эмнэлэгт үзүүлж зураг авхуулахад эрүү чинь хугарсан байна хот руу явж хагалгаанд ор гэж хэлсэн... ******* бид хоёрыг зодолдож байхад хажууд өөр хүн байгаагүй. Бид хоёр л байсан ... Би өмнө нь 2011 онд байх мотоциклоос унаад эрүүний баруун хэсгээр 2 хугарч хадаас тавиулж байсан... Би *******ын биед гэмтэл учирсан эсэхийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 хуудас/,
Хохирогч ийн дахин өгсөн “...******* нь надад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан бөгөөд эмчилгээний зардал гэж 1,400,000 төгрөгийг өгсөн. Надад цаашид гаргах гомдол санал байхгүй би сэтгэцэд учирсан хор уршгийн хохирол болох хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгийг нэхэмжлэхгүй. Би шүүх хуралд оролцохгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуудас/
Иргэний нэхэмжлэгч “...Би эрүүгийн *******6 дугаартай хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцоход татгалзах зүйл байхгүй. Монгол Улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлнэ гэсэн хуулийн заалтыг бүрэн хэрэгжүүлэх үүднээс хохирогч гэх хүний биед гэмтэл учирсан явдалд буруутай этгээдээс уг зардал болох 2,947,760 төгрөгийг нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг, /хх-ийн 18-20 хуудас/,
Гэрч “...Би гэр бүл болоод 11 жил болж байна дундаасаа 3 хүүхэдтэй... Би 2025 оны 02 сарын 11-ны орой ажил дээрээ байхад нөхөр нь 20 цаг өнгөрөөгөөд над руу залгасан. Тэгснээ би хүнд зодуулчихлаа эмнэлэг дээр байна гэхээр нь эмнэлэг рүү яваад очиход архи уусан байдалтай амнаас нь цус гарсан эмч үзлэг хийгээд байж байсан тэгээд эрүү нь гаднаасаа хугарсан эсэх нь мэдэгдэхгүй байна маргааш аймаг явж үзүүлээрэй гэж хэлсэн. Тэгээд нөхөр 02 сарын 12-ны өдөр аймаг явж эмнэлэгт үзүүлсэн бөгөөд зураг авхуулсан чинь хугарсан байна энд хагалгаанд орохгүй Улаанбаатар хот яв гэж байсан гэж утсаар хэлсэн. Ингээд 02 сарын 13-ны өдөр Улаанбаатар хот руу явж хагалгаанд 19-ны өдөр орсон... Нөхөр нь сургуулийн ******* ******* *******од цохиулсан гэж хэлсэн... Нөхөр нь *******од цохиулахаас өмнө биеийн байдал нь хэвийн зүгээр байсан...” гэх мэдүүлэг, / хх-ийн 21-22 хуудас/ 

    Дорнод аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Н.Уянгын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Дор/0725/137 тоот дүгнэлтэд: “...ийн биед доод эрүүний ооч хэсэг, зүүн үелэх сэртэн хэсгийн хугарал гэмтэл тогтоогдлоо... Тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна... Дээрх тогтоогдсон доод эрүү ясны хоёрлосон хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо... Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлтийн байдлаас шалтгаална...” гэх дүгнэлт /хх-ийн 33-34 тал/ болон бусад нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.  
  
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч ******* нь хохирогч ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна шүүгдэгч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй шүүгдэгчид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй” гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ. 
Харин иргэний нэхэмжлэгч Ш.Энхмаа нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 2,947,760 төгрөгийг нэхэмжилнэ гэж мэдүүлсэн байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******оос эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 2,947,760 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогод оруулах нь зүйтэй байна. 
Шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.  
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан байна.
Иймээс прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял оногдуулах нь зүйтэй байна. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцсугай. 
2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******оос эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 2,947,760  төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого болгосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******ын тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй. 
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Л.БАТЖАРГАЛ