| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2017/00539/И |
| Дугаар | 103/ШШ2018/00095 |
| Огноо | 2018-04-16 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 103/ШШ2018/00095
| 2018 оны 04 сарын 16 өдөр | Дугаар 103/ШШ2018/00095 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 1979 онд Завхан аймгийн Яруу суманд төрсөн, эмэгтэй, халх, дээд боловсролтой, эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт, Улаанбаатар хот Багануур дүүргийн 3 дугаар хороо, 39 дүгээр байрны 07 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, Цэцэн сартуул овогт Чулуунбатын Баасанжавын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1986 онд Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Багануур дүүргийн 3 дугаар хороо, 39 дүгээр байрны 07 тоотод оршин суух бүртгэлтэй, одоогоор Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Санзай амралтын газарт оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Боржигон овогт Батаагийн Сэргэлэнд /ТК86051219/ холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч Б.Сэргэлэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Ч.Баасанжав шүүхэд гаргасан нэхэмжлэл, 2018 оны 01 сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие Б.Сэргэлэнтэй 2004 оны 12 сард танилцаж улмаар 2006 оны 02 сарын 22-нд гэрлэлтийн №0020414 тоот баталгаагаар гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах
хугацаанд 2006 оны 01 сарын 20-нд хүү Баттүшиг, 2011 оны 02 сарын 06-нд охин Наранхишиг нар төрсөн. Сэргэлэн нь 2015 оны 12 сард Турк улс руу ажил хийнэ гэж яваад 2017 оны 04 сард буцаж ирээд мөн л ажил хийнэ гээд Улаанбаатар хот явсан. Сүүлийн 2 жил хамтран амьдраагүй, сая 11 сарын 29-нд өөр хүнтэй хамтран амьдарч байсныг мэдсэн. Энэ хүн гэр бүлээ байнгын гэр бүлийн хүчирхийлэлд байлгадаг, санхүүгийн туслалцаа үзүүлдэггүй, өр зээлэнд оруулдаг, архи уудаг учраас гэрлэлтээ цуцлуулж, дээрх хугацаанаас өнөөдрийг хүртэл хүү, охин хоёр миний асрамжинд хүмүүжиж байгаа учраас хүүхдүүдийг миний асрамжинд үлдээж өгнө үү. 4 сард ирээд гэртээ 3 хоноод хот руу ажил хийнэ гээд явсан, гэртээ ирэхээрээ 1-2 цаг болоод буцаад явчихдаг, би эвлэрэхгүй, хүүхдүүдээ энэ хүнтэй дахин уулзуулахгүй, одоо миний сэтгэл хөрсөн. Тэр хүүхэндээ би эхнэрээсээ салсан, надтай суугаач гэж өвдөг сөгдөөд гуйсан гэж тэр хүүхэн нь над руу ярьж хэлсэн, тэр хүүхэндээ өнгөрсөн амьдралаа бүгдийг ярьсан байна лээ гэв.
Хариуцагч Б.Сэргэлэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 12 сарын 27-нд Турк улс руу ажил хийхээр явсан. Тэнд нэг хүнтэй танилцсан. Гэхдээ тэр хүүхэнтэй хамтран амьдарч байгаагүй, хааяа уулздаг байсан. 2017 оны 4 сард Монголд ирсэн, Багануур дүүрэгт хийх ажил олдохгүй байсан учраас хотод ажилд орсон. Монголд ирээд тэр хүүхэнтэйгээ хааяа уулздаг байсан, одоо бол холбоо байхгүй, тэр хүүхэн намайг чадах гээд өс хонзон санаад манай эхнэрт буруугаар ойлгуулсон байна лээ. Би хоёр хүүхдээ бодоод, өдий олон жил ханилсан эхнэр хүүхдүүдээсээ салах хүсэлт байхгүй, эвлэрмээр байна. Би эхнэрээ зоддоггүй, хааяа архи уудаг, эдийн засгийн хувьд нэмэр болохгүй байгаа зэргээ хүлээн зөвшөөрч байна. Шүүхээс 3 сарын хугацаагаар эвлэрүүлэх арга хэмжээ авсан хугацаанд Багануур дүүргийн Хүүхэд хөгжлийн төвөөс над руу залгасан, би хол байсан учраас ирж амжаагүй, салсан нь дээр гэж бодож байна, бид хоёрын хувьд зай завсар орсон, энэ 3 сарын хугацаанд ямар ч холбоо байгаагүй, тогтсон ажилгүй байгаа болохоор бараг ганцаараа явж байсан нь дээр, би ер нь Баасанжавын шалгуурт нийцэхгүй юм байна гэж бодож байна, хүүхдүүдийн асрамжин дээр маргах татгалзах зүйл байхгүй, би өөрийн дугаараас болон танихгүй дугаараас залгаж ярих гэж үзсэн боловч ерөөсөө утсаа авдаггүй, 2 хүүхдээ харчихья гээд гэрийнхээ гадаа 2-3 цаг зогссон боловч харж чадаагүй гэв.
Шүүхээс хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Баасанжав нь хариуцагч Б.Сэргэлэнд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгч Ч.Баасанжав, хариуцагч Б.Сэргэлэн нар нь 2004 онд гэр бүл болж 2006 оны 02 сарын 22-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хамтран амьдарч байх хугацаандаа 2006 оны 01 сарын 20-нд хүү Баттүшиг, 2011 оны 02 сарын 06-нд охин Наранхишиг нарыг төрүүлсэн болох нь 0020414 тоот гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, 0137395, 0000626540 тоот хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогджээ.
Зохигчид нь 12 жил хамтран амьдрах хугацаанд хариуцагч Б.Сэргэлэн нь архи уудаг, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, гэр бүл үр хүүхдээ гэх сэтгэлгүй, өөр эмэгтэйтэй эр эмийн харьцаа тогтоосон, санхүүгийн туслалцаа үзүүлдэггүй, өр зээлэнд оруулсан учраас нэхэмжлэгч нь 2010-2015 оны хооронд Цагдаагийн байгууллагад удаа дараа хандан гомдол гаргаж хариуцагчид захиргааны арга хэмжээ авахуулж байсан, 2016 оноос хойш тус тусдаа амьдарч эхэлсэн байна.
Зохигчид нь хоорондоо зан харьцаа, сэтгэл санаа таарч тохирохгүй, хариуцагч нь архидан согтуурч, гэр бүлээс гадуур өөр эмэгтэйтэй эр эмийн харьцаа тогтоосон, гэр бүл, үр хүүхдэдээ анхаарал халамж тавьдаггүй, санхүүгийн туслалцаа дэмжлэг үзүүлдэггүй, шүүхээс гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авч хэрэг хянан шийдвэрлэх хугацааг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн боловч тодорхой үр дүнд хүрээгүй, гэрлэгчид нь гэр бүлд зөвөлгөө өгөх төвөөр үйлчлүүлээгүй, эвлэрэх талаар хэн аль нь санаачлага гаргаагүй, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчтай уулзалт зохион байгуулсан боловч уулзалт амжилтгүй болсон болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас шүүхэд ирүүлсэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалтын тэмдэглэл, Багануур дүүргийн Гэр бүл Хүүхэд Залуучуудын хөгжлийн хэлтсийн 2018 оны 04 сарын 11-ний өдрийн 76 дугаар албан бичиг зэргээр тогтоогдсон, эргэж хамтран амьдрах хүсэлгүй, бие биеэ гэх хайр сэтгэлгүй болсон байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална гэж зааснаар тэдний гэрлэлтийг цуцалж хүүхдийн нас, хүйс, өсөж торних орчин нөхцөл бололцоо, эхийн хайр халамж, ёс суртахууны байдал зэргийг нь харгалзан хүү Баттүшиг, охин Наранхишиг нарыг эхийнх нь асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ. Нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 140.400 төгрөг төлөхөөс 2017 оны 12 сарын 06-ны өдрийн 103/ШЗ2017/01897 дугаартай шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар 140.400 төгрөгийг хариуцагч Б.Сэргэлэнгээс гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчид шүүх хуралдааныг товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуарлдаанд ирээгүй, хариуцагч нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулсан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж дүгнэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-д зааснаар Цэцэн сартуул овогт Чулуунбатын Баасанжав, Боржигон овогт Батаагийн Сэргэлэн нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2006 оны 01 сарын 20-нд төрсөн хүү Баттүшиг, 2011 оны 02 сарын 06-нд төрсөн охин Наранхишиг нарыг эх Ч.Баасанжавын асрамжид үлдээсүгэй.
3 Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Багануур дүүргийн бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Нансалмаад даалгасугай.
4.Нэхэмжлэгч Ч.Баасанжав нь 2017.12.06-ны өдрийн 1898 дугаартай шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж 140.400 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1-д зааснаар хариуцагч Б.Сэргэлэнгээс улсын тэмдэгтийн хураамжид 140.400 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ