Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/114

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг  
Улсын яллагч М.Өлзийбаатар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар: 
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймаг Баян-Уул суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг Талын шилтгээн хотхоны ******* тоотод оршин суух улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* *******. /РД:*******/ 
Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 30-аас 31-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар баг "Яргай уулын ар" гэх газарт хохирогч эзэмшлийн 2 тооны үхрийг Тоёота Приус 20 маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээж байна. Прокуророос санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.
Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 30-аас 31-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар баг "Яргай уулын ар" гэх газарт хохирогч эзэмшлийн 2 тооны үхрийг Тоёота Приус 20 маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ын шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Гэм буруугаа хүлээж байна. Прокуророос санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг, 
мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч : “...Би Дорнод аймгийн Баяндун сумын 3-р баг Улхад гэх газарт эхнэр хүүхдүүдийн хамтаар мал маллаж амьдардаг... Би хөдөө гэртээ эхнэр хүүхдийн хамтаар байдаг бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 31-ны өглөө 10 цаг өнгөрч байх үед гэртээ байж байх үед манай хүү малдаа явж ирээд “Манай үхэрт хулгай орсон байна” гэж хэлэхээр нь би “Чи яаж мэдэж байгаа юм” гэж асуухад “хоёр үхрийг бэлчээрт нядалж махалсан байна, нэг үхрийнх нь махыг аваад явсан байна. ... би уг газарт машины мөр байхаар нь уг мөрөөр араас явж үзэхэд Яргай уулын баруун доор жалганд улаан өнгийн приус-20 маркийн машин байна. ... мөрөөр нь явж байхад Яргай уулын ард хэсэгт машиных нь гуперын хагархай нь замд үлдсэн мөн машины масло шиг хар юм гоожсон байдалтай байна лээ” гэж хэлэхэд нь би “За чи хониндоо явж байгаарай тэр машин нь явчих вий зургийг нь дарчхаарай” гэж хэлээд хүүгээ явуулчхаад би өөрөө сумын төвд байх дүү рүү утсаар залгаж “Манай 2 үхрийг хөдөө нядалсан байна гэнэ ээ, машин байна гэнэ, цагдаад мэдэгдмээр байна” гэж хэлээд утсаа залгасан. ... замаар явж байтал замын зүүн талд уг бэлчээрт нядлагдсан 2 үхрийн сэг зэм харагдаж байсан ба бид хэд хажуугаар нь гарч яваад цаашаа буюу уг үхэр нядлагдсан газраас баруун урагшаа чиглэлд 3-4 км орчим зайд яваад Яргай уулын баруун доор жалганд очиход улаан өнгийн приус-20 маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан. ... бөгөөд уг машин дээр нөгөө хоёр цагдаатай очоод үзэхэд уг машин дотор хүн байхгүй цоожтой байсан бөгөөд уг машины арынх нь цонхоор харахад уг машин дотор миний нөгөө улаан үнээний мах нь арьстайгаа байж байсан. ... Арьсыг нь хамт аваад явсан байна лээ уг хоёр үхэр нь хоорондоо 500 метрээс 1 м орчим зайтай нядлагдсан байсан. Тэгээд би нөгөө хоёр цагдаатай хамт уг үхэр нядлагдсан газрын ойр орчмоор мөр хайж явж байгаад тэндээсээ сүлжээ орох газар хаяж яваад тэгээд сүлжээндээ ороод цагдаа нар аймгийн цагдаагийн газарт мэдэгдсэн. ... Уг 2 тооны үхэр нь миний эзэмшлийнх байгаа юм... Тухайн газарт манай үхрээс өөр айлын үхэр байхгүй, мөн би цагдаа нартай уг нядлагдсан газарт нь очиж харахад им, зүсээрээ миний эзэмшлийн үнээнүүд илтэд мөн байсан... Уг 2 үхэр нь хоёулаа улаан зүстэй үнээнүүд байсан бөгөөд нэг үнээ нь 6 настай, нөгөө үнээ нь 7 настай бөгөөд зүүн чих хойноосоо догол, баруун чих нь  араасаа татам имтэй юм... Уг бэлчээрт цусалж үлдээсэн үнээ нь 6 настай, казакийн цагаан толгойт үүлдрийн үнээ байгаа юм, харин нөгөө нядлаад махыг нь аваад явсан үнээ нь 7 настай бөгөөд Абонданс үүлдрийн үнээ байгаа юм би уг хоёр үнээнээс жил болгон төл авч, нэг төл малаа 2.000.000 төгрөгөөр үнэлж зарж борлуулж ашиг олдог байсан бөгөөд тийм учраас уг хоёр үнээгээ тус бүр 5,000,000 төгрөгөөр үнэлж байна мөн уг хоёр үнээ нь хоёулаа хээлтэй байсан бөгөөд ингэж нядлаагүй байсан бол би уг төлөө авч тус бүр 2,000,000 төгрөгөөр үнэлж зарах байсан тийм учраас би 2 үнээнийхээ төлийг тус бүр 2,000,000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-75 тал/
Гэрч “... Би 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өглөө 11 цагийн орчимд ажил дээр байж байхад 85708981 гэсэн дугаараас тус сумын 3 дугаар баг Яргай гэх газарт оршин суух гэх айлын 2 үхрийг нядалсан байна гэсэн дуудлага мэдээллийг хүлээн авч хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч хамт 3 дугаар баг Яргай гэх газарт гэх иргэнтэй очиж уулзахад тухайн гэх иргэний 1 үхрийг нь нядалсан харин нөгөө үхрийг нь цуслаад жижиглэж янзлаагүй алаад орхичихсон байсан. Би хэсгийн цагдаагийн хамт иргэнтэй тухайн тээврийн хэрэгслийн мөрийг дагаж тээврийн хэрэгслээ нуусан байсан Яргай гэх уулын баруун доод талын жалганд улаан өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэл байхыг очиж шалгахад тухайн тээврийн хэрэгсэл дээр ямар нэгэн хүн байхгүй байсан. Тэгээд хэсгийн цагдаагийн хамт тухайн тээврийн хэрэгсэл байсан жалганаас урагшаа 100-150 метр орчмын зайд өөрийн унаж явсан тээврийн хэрэгслээ хүний нүдэнд харагдахааргүй газарт зогсоож тухайн тээврийн хэрэгслийг байгаа жалгыг отож зогссон. Тэгээд орой 18 цагийн орчимд харуй бүрий болохоор нь хэсгийн цагдаагийн хамт машинтайгаа зогсож байсан газраасаа хөдөлж тухайн тээврийн хэрэгсэл нуусан байсан жалганаас 60 орчим метрийн зайд тээврийн хэрэгслээ орхиод хэсгийн цагдаа хамт тухайн жалганд байгаа тээврийн хэрэгслийг шалгахад урд тухайн улаан өнгийн приус-20 маркийн ДОР гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч талын хаалга онгорхой хаалганы доод талын гэрэл ассан хажуу талд нь нэг дээлтэй хүн зогсож байхаар нь шууд жалга руу доошоо гүйж байхад нөгөө дээлтэй иргэн цаашаа алхаж зугтах үйлдэл хийх гэж оролдохоор нь “Цагдаа байна зогс” гэж хэлэхэд тухайн иргэн эргэж хараад зогсоход би жалга руу уруудаад хажуу талд нь очоод бариад авахад хэсгийн цагдаа араас ирэхэд бид хоёр тухайн дээлтэй иргэнийг барьж авсан. Би тухайн иргэнээс хэн болох талаар асуухад өөрийг ******* гэж хэлж байсан. Тээврийн хэрэгслийн талаар асуухад тухайн ******* гэх иргэн миний тээврийн хэрэгсэл гэж хэлэхээр нь дотор нь байгаа зүйлийн талаар асуухад ажилласан нэг үхрийн мах, бугуйл, хутга, хагарсан машины дугуй байгаа талаар хэлсэн. Би хэсгийн цагдаатай хамт тухайн иргэний биед хутга мэс байгаа талаар гадна талаас хувцсанд үзлэг хийж хэсгийн цагдаагийн хамт ******* гэх иргэнийг аваад сүлжээнд орж даргаас үүрэг чиглэл авахаар явсан... Тухайн үед ******* гэх иргэн цаашаа алхаж зугтах үйлдэл хийх гэж оролдохоор нь “Цагдаа байна зогс” гэж хэлэхэд тухайн иргэн эргэж хараад зогссон. Тухайн жалга цаад талаасаа ч наад талаасаа ч өндөр жалга байсан учир би жалганаас доош уруудаж гүйж байхад тухайн ******* гэх иргэн эргэж хараад жалга өөд алхаж зугтах үйлдэл хийхээр нь би “Цагдаа байна зогс” гэж хэлэхэд зогссон. Тухайн иргэдтэй уулзаад мөр хараад явж байхад иргэд бол ууланд нуугдаад бид нарыг хараад байж байгаа байх өөр машин унаа ирсэн бол мөр нь гарах ёстой өөх машины мөр байхгүй болохоор сүлжээнд ороод аймгийн төвөөс юм уу оройхон Сэргэлэн сум, Баяндун сумаас хүн ирэх байх гэж ярьж байсан... Тухайн үед хэсгийн цагдаагийн хамт тээврийн хэрэгслийг отож манаагүй бол иргэн ******* нь тээврийн хэрэгслээ аваад гэмт хэрэг үйлдсэн бугуйл, хутга, үхрийн арьстай мах зэргийг устгах зарж борлуулах байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 76-78 хуудас/

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 тал/
- “DAMNO” хөрөнгийн үнэлгээний ХХК-ний үнэлгээ /хх-ийн 61-67, 98-103 талууд/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна шүүгдэгч ******* нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд “Бусдын малыг хулгайлсан бол” гэж мал хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг, мөн зүйлийн 2 дахь хэсэгт энэ гэмт хэргийг “олон тооны мал хулгайлж”, “Машин механизм ашиглаж” үйлдсэн бол хүндрүүлэх зүйлчлэхээр хуульчилсан ба энэ зүйлд заасан "олон тооны мал" гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг дөрвөн богоор тооцно гэж тайлбарласан бол “Машин механизм” гэдэгт хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх, буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зэрэг зориулалттай машин механизмууд хамаарна. “Машин механизм ашиглах” гэдгийг бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж, түргэтгэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгоно гэжээ.
Өөрөөр хэлбэл, ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 30-аас 31-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баяндун сумын 3 дугаар баг "Яргай уулын ар" гэх газарт хохирогч эзэмшлийн 2 тооны үхрийг Тоёота Приус 20 маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх үйл баримтаар тогтоогдож байх бөгөөд бэлчээрт байх үхэрээс бугуйлдаж 2 тооны үхрийг барьж нядалсан үйлдэл нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар “мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна гэж дүгнэв. 
Шүүгдэгч ******* нь хохирогч С.ад учирсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.  

Иймд шүүгдэгч *******ыг прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын баривчлагдсан 1 /нэг/ хоногийг эдлэх ялд оруулах нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.ад 8,500,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг нэхэмжлэхгүй гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг хохирогч С.ад төлөх төлбөргүй гэж үзлээ. 
Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл  Б.Сарангуагийн эзэмшлийх болох нь түүний 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэрчээр өгсөн “ ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг миний бие өөрийн нэр дээр “Sendly” ББСБ-аас ... 3 жилийн хугацаагаар авсан...” гэж мэдүүлсэн болон шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч *******аас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Toyota Prius-20 маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 7,091,200 төгрөгийн гаргуулж, улсын орлогод оруулбал зохино. 


Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн баримтаар хутга 4 ширхэг, Хараа нэртэй архины шил 1 ширхэг, бугуйл 2 ширхэг, ажлын бээлий 1 хос, төмөр сүх 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болцогц устгах, хэрэгт Б.Сарангуагийн эзэмшлийн Toyota Prius-20 маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, тээврийг хэрэгслийг эзэмшигч буцаан олгох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд хүргүүлэх нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогтой ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан бусдын олон тооны малыг, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч *******ыг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын баривчлагдсан 1 /нэг/ хоногийг эдлэх ялд оруулах тооцсугай.  


3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Toyota Prius-20 маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 7,091,200 төгрөгийн шүүгдэгч *******аас гаргуулж, улсын орлого болгосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн баримтаар хутга 4 ширхэг, Хараа нэртэй архины шил 1 ширхэг, бугуйл 2 ширхэг, ажлын бээлий 1 хос, төмөр сүх 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болцогц устгах, хэрэгт Б.Сарангуагийн эзэмшлийн Toyota Prius-20 маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, тээврийг хэрэгслийг эзэмшигч буцаан олгох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Л.БАТЖАРГАЛ