Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 103/ШШ2018/00280

 

 

 

 

2018 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 103/ШШ2018/00280

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Ажилчны гудамж өөрийн байранд байрлах, Ялгуусан ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар байрны 29 тоотод байрлах, Үлэмж буян ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.326.518.208 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Хяналтын шатны шүүхээс 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Сүхбаатар, Д.Ганбаатар, хариуцагч байгууллагын төлөөлөгч Ч.Нямцогт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ялгуусан ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Үлэмж буян ХХК 2011 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн манай ХХК санхүүгийн хүнд байдалд орох гээд байна зээл олгож туслаач хэмээн манай ХХК дээр ирж уулзсан. Уг ХХК-ийн захирлын төрсөн дүүг таньдаг байсан учраас итгэж 2011 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүртэл нийт 1.326.518.208 төгрөгийг зээлдүүлсэн. Тус компани бусдад асар их хэмжээний өртэй байсан нь дараа нь мэдэгдэж бид тэдэнд хөрөнгө оруулалт хийх, хамтарч ажиллах санал тавьсан. Гэтэл тус компанийн захирал манай компанид өөрийн компаниа 2 тэрбум төгрөгөөр авбал ав үгүй бол өгөхгүй, хамтарч ажиллахгүй гэж тулгаж эхэлсэн. Иймд Үлэмж буян ХХК-иас 1.326.518.208 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Р.Сүхбаатар шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Хариуцагч Үлэмж буян ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Нямцогт гуай манай компанийн захиралтай 2011 оны 05 дугаар сарын 26-ны өдөр өөрийн төрсөн дүү болох Алтантүлхүүрээр дамжуулан танилцаж манай компани санхүүгийн хүнд байдалд орох гээд байна зээл олгож туслаач хэмээн манай компани дээр ирж уулзсан. Хариуцагч Нямцогт гуайн төрсөн дүүг таньдаг байсан учраас 2011 оны 08 дугаар сарын 20-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээг байгуулж 110.000 ам доллар, 100.000.000 төгрөгийн зээлийг 2 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй, зээлийн хугацаа дууссанаас үл хамааран гэрээний 2.1.2-д зааснаар зээлийн хүүг зээлээ төлж дуусах хүртэл хугацаанд төлөх нөхцөлтэйгээр зээлдүүлсэн. Гэрээний хавсралтад Үлэмж буян ХХК-д 110.000 ам доллар, 100.000.000 төгрөгийг бэлнээр олголоо гэж 2 талын захирлууд гарын үсгээ зурж тамгаа дарсан байна. Барьцаанд Багануур дүүргийн Нарийн нуур 037/а тоот 49.998 мкв га газар, 25.000 ширхэг блокоор барьсан хашаа, өндөр хүчдэлийн трансфарматор, 18х54 харьцаатай байшингийн гэрчилгээ, 2590 толгой мал зэргийг барьцаалсан барьцааны гэрээ байгуулсан. Үлэмж буян ХХК нь хоёр жилийн турш ямар ч эргэн төлөлт хийгээгүй учраас бид дахин уулзаж компанийн үйл ажиллагааг нь хэвийн явуулж өр төлбөрөө авах үүднээс дахин мөнгө зээлж байсан. 2015 онд эднийх Баялаг эмээлт ХХК-иас тэжээл аваад мөнгөө төлөөгүй, тэдний байгууллага шүүхэд өгөх гээд байна. Хамтарч ажиллаж байгаа нь үнэн гэсэн бичиг хийгээд өгөөч гэж манай захирлыг гуйж байгаад бичиг хийлгэсэн. Энэ бичигнээс болоод манай компани шүүхэд хамтран хариуцагчаар татагдан эдний өмнөөс 42.000.000 төгрөгийн зээлийг манайх төлж барагдуулсан. 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хоёр тал хамтран тооцоо нийлж 947.160.545 төгрөгийг Үлэмж буян ХХК манай компанид төлөхөөр баримт үйлдэж хоёр тал гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан. Манай компани Багануур дүүрэгт замын ажил хийж банкны баталгаа хэрэгтэй байсан учраас Үлэмж буян ХХК-ийн зээл түүний хүү болох 84.100.000 төгрөгийг төлж барагдуулсан. 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар олгосон зээл, зээлийн хүү эдний компанийн өмнөөс манай компани бусад байгууллага, хувь хүмүүст төлсөн өр зэрэгт нийт 1.434.834.924 төгрөгийн өр төлбөр үүсээд байгаа. Өмнөх шүүх хурлуудад манай компаниас огт хүүтэй мөнгө зээл авч байгаагүй гэж хэлж байсан боловч өнөөдрийн шүүх хуралдаанд сарын 2 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээл авсан гэдгээ хэллээ. Хамтарч ажиллах протокол хийгдсэн. Энэ протоколоор үйл ажиллагааг өргөтгөх орлого ашгийг хуваан эзэмших талаар нарийвчилсан гэрээг хамтран хийж болно гэж шийдвэрлэсэн. 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн тооцоо нийлсэн актын талаарх хүүг яаж бодсон талаар огт мэдээгүй гэж ярьж байна. Би энэ хүнийг нягтлан мэргэжилтэй гэж сонссон нягтлан хүн тооцоо нийлсэн актыг яаж бодсон талаар маш сайн мэдээд энэ акт дээр гарын үсэг зурсан гэж бодож байгаа. Тахианы үйл ажиллагааг сэргээх талаар ярилцаж тохиролцоод аж ахуйгаа галлаад байж байя гээд 500.000 төгрөгийг компаниас аваад явсан боловч эргээд хариу өгөхгүй таг болсон. 2015 онд замын ажил хийж байхдаа Ч.Нямцогтоос хонь ямаа авч байсан. Тухайн үедээ мөнгөөр авна гэж тохиролцоогүй, тусалж байна, туслалгүй яахав гээд өөрөө өгсөн болохоор хэдэн төгрөгөөр авсныг сайн санахгүй байна. Гэхдээ нэгэнт авсан нь үнэн, төлбөрөөсөө хасуулна гээд байгаа болохоор 6.660.000 төгрөгийг харилцан төлбөрт тооцоход татгалзах зүйл байхгүй гэв.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.Ганбаатар шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Манай компанийн захирал хариуцагч байгууллагын захирал Нямцогт гуайд маш их итгэдэг байсан учраас бусдаас 110.000 ам доллар, 100.000.000 төгрөгийг бэлнээр зээлж аваад машиныхаа цонхоор өгч байсан удаа бий. Үүнээс хойш Үлэмж буян ХХК нь таг алга болохоор нь манай захирал Үлэмж буян компанийг Багануурт үйл ажиллагаа явуулж байна уу? шалгаад ир гээд намайг явуулсан. Энд ирээд би өөрийн нүдээр үзэхэд газар авсан, худаг гаргасан, байшингийнхаа суурийг барьсан, өндөглөгч тахиагаа аваад үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байхаар нь итгэл төрөөд захиралдаа очоод үйл ажиллагаагаа эхэлсэн байна гэж хэлсэн. Манай захирал хүнд их тусархуу хүн байдаг учраас Нямцогт гуай манай захирал дээр ирээд тэжээлийн мөнгө, ажилчдын цалин гэж гуйж ирэх тоолонд нь нэхсэн мөнгийг нь өгөөд явуулдаг байсан. Компани өөрт мөнгөгүй байсан ч хувь хүнээс хүүтэй мөнгө зээлж өгдөг байсан, эргүүлээд ямар ч мөнгө төлөөгүй. Сүүлдээ аргаа бараад ядахдаа бэлнээр хүнээс авч өгсөн 110.000 ам доллар, 100.000.000 төгрөгийн зээл болон хүүг нь төлөөч гэж гуйсан. Капитал банкнаас манай компани баталгаа гаргуулах болсон чинь Үлэмж буян ХХК нь Капиталд их хэмжээний өртэй байсан учраас манай компаниас өрийг нь төлөхийг нь шаардсан. Манай компани баталгаа гаргуулахын тулд Үлэмж буян ХХК-ийн зээл түүний хүү болох 84.100.000 төгрөгийг төлсөн.

2015 оны 10 дугаар сард тооцоо нийлэхэд манай компанид Үлэмж буян ХХК 947.160.545 төгрөгийг төлөх тооцоо гарсан, үүнийг зөвшөөрч гарын үсгээ зурсан. Тооцоо нийлсэн актан дээр байгаа 110.000 ам доллар, 100.000.000 төгрөгөөс бусад өгсөн мөнгөнүүд дээр хүү тооцсон нь баримт байхгүй учраас 22.887.000 төгрөгийн хүүгээс татгалзаж байна. Хариуцагч байгууллагын төлөөлөгч манай байгууллагаас шилжүүлсэн 53.775.545 төгрөгийг өөрийнхөө зээл болон дүү Оргиохүүгийн зээлэнд төлүүлсэн юм. Өөрөө л хэлж шилжүүлсэн болохоос бид нар өр зээлийг нь мэдэхгүй байж шилжүүлнэ гэж байхгүй, нэгэнт компани хариуцахгүй гээд байгаа бол яахав компаниас биш өөрөөс нь дахин тусдаа нэхэмжилнэ. Мөн 20.000.000, 15.000.000, 1.000.000 төгрөгүүдийг авснаа хүлээн зөвшөөрөхгүй энэ мөнгөнүүд нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас үнийн дүнг хасч тооцож болно. Нийт өр төлбөр нь 2018.08 сарын байдлаар 1.434.834.924 төгрөг болсон, гэхдээ манайх шаардлагаа нэмэгдүүлээгүй, анх нэхэмжилсэн 1.326.518.208 төгрөгөө л нэхэмжилсэн. Одоо энэ шаардлагаасаа хүү 22.877.000 төгрөгөөс татгалзаж, хонь ямаа авсан 6.660.000 төгрөгийг төлбөрт харилцан тооцохыг зөвшөөрч байгаа, үлдэгдэл 1.296.981.208 төгрөгийг нэхэмжилнэ. Хамтран ажиллах талаар ярилцахад урд зээлийн төлбөрийг яаж төлж дуусгах талаар тохиролцоогүй учраас зээлийн гэрээний дагуу 110.000 ам доллар, 100.000.000 төгрөгийг хүүгийн хамт 2018.08.20-ны өдрийн байдлаар нэхэмжилсэн гэв.

Хариуцагч Үлэмж буян ХХК-ийн төлөөлөгч Ч.Нямцогт шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие нь Үлэмж буян ХХК-ийг үүсгэн байгуулсан. 2010 онд Багануур дүүргийн 5 дугаар хороонд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалтаар 5 га газар эзэмших зөвшөөрөл авсан. 2011 онд 30 мянган толгой өндөглөгч тахиатай шувууны цогцолбор аж ахуй эрхлэхээр шийдэж уг авсан газартаа өөрийнхөө хөрөнгөөр бетонон суурьтай блокон хашаа, гүний худаг, худгийн байр, 350 метрээс эрчим хүчний шугам татаж, цахилгааны дэд станц суурилуулж ашиглалтанд оруулсан. Цаашид дэгдээхэй бойжуулах, тахиа өндөглөх зориулалттай байр барих, дэгдээхэй, тоног төхөөрөмж суурилуулахад өөрийн хөрөнгө хүрэлцэхгүй болсон тул Жайка олон улсын байгууллагаас санхүүжилт хүсэж төсөл боловсруулсан. Энэ үед буюу 2011 оны 8 дугаар сарын 20-ны өдөр дүүгийнхээ сайн танил нутгийн ах Ялгуусан ХХК-ийн захирал Санжаадоржтой очиж уулзаад тахианы аж ахуй байгуулах гэж байгаа мөнгө хэрэгтэй байна гэж очиж уулзсан. Манай компани нь Ялгуусан ХХК-иас 2011 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 100.000 ам доллар, 100.000.000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авсан. Ялгуусан ХХК-иас зээлж авсан мөнгө болон өөрт байсан мөнгөө нийлүүлээд 15.000 тахиа өндөглүүлэх, 30.000 толгой дэгдээхэй бойжуулах барилга барихаар барилгын суурь хийж шалыг нь цутгасан. Ингээд зээл төлөх хугацаа болсон тул Санжаадорж захиралтай очиж уулзаад Жайка төслийн зээлээс манай компани 1 тэрбум 500 сая төгрөгийг хүссэн ч манай байгууллагын барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй байна гээд 400.000.000 төгрөгийн төсөл дэмжигдсэн байна одоо яах вэ? би Засгийн газрын үнэ тогтворжуулах төсөлд орох санаа байна гэж хэлэхэд тэр төсөл хөтөлбөртөө хамрагдахыг бод, манай мөнгө төгрөгөнд санаа зовох зүйлгүй гэж надад хэлсэн. 2013 оны 3 дугаар сард Засгийн газрын үнэ тогтворжуулах төслийн сонгон шалгаруулалт болоод манай компани шалгарсан. Үүний дагуу НВЦ ХХК-иас 15.000 дэгдээхэй, 4 сар идэх тэжээлийг зээлээр авч дэгдээхэйгээ бойжуулах ажилдаа орсон. 2013 оны 6 дугаар сард Ялгуусан ХХК-иас манай үйл ажиллагааг шалгахаар 4-5 хүн ирсэн. Тэр хүмүүстэй хамт Ганбаатар цуг ирсэн Санжаадорж захирал Багануурт 2 хүнд нилээд их хэмжээний мөнгө өгөөд явуулчихсан тэр ер нь юу болж байна үзээд ир гэсэн гээд ирсэн. Тэр үед төслийн санхүүжилт орж ирнэ гэсэн хүлээлттэй, 15.000.000 толгой дэгдээхэйгээ бойжуулаад өндөглөгч тахианыхаа байранд суулгачихсан өндөгөө тосоод эхэлчихсэн байсан тул ирсэн хүмүүст аж ахуйгаа нэг бүрчлэн тайлбарлаж танилцуулаад явуулсан. Тэгтэл 2013 оны 10 дугаар сард төслийн зээлийн санхүүжилт Засгийн газар мөнгөгүй болсон гэсэн шалтгаанаар олгогдохооргүй болсон тул манай аж ахуйн үйл ажиллагаа хүнд байдалд орсон. 2013 оны 11 сард Ялгуусан ХХК-ийн захирал Санжаадоржтой очиж уулзаад учир байдлаа хэлээд танай компанийн мөнгийг өгч чадахгүй нь бусдад өр төлбөртэй, аж ахуйгаа зарчихдаг ч юм билүү? таньд хөрөнгө оруулж хамтарч ажиллах арга байна уу? гэхэд Санжаадорж захирал танай аж ахуйтай манай ажилчид очиж танилцаад ам сайтай ирсэн, аж ахуйгаа зараад яах юм бэ? нэгэнт төслийн зээл чинь бүтэхээргүй болсон юм чинь манай компани танай компанид туслая гэж хэлээд 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хамтарч ажиллах тухай протоколыг үйлдэж, хамтарч ажиллахаар тохиролцсон. Манай компанид хэрэгцээтэй байгаа мөнгийг Ялгуусан ХХК нь гаргахаар, манай компани хүчин чадлыг бүрэн дүүрэн ашиглаад олсон цэвэр ашиг, алдагдлыг 51:49-ийн харьцаагаар эзэмшиж хариуцахаар тохиролцсон. Санжаадорж захирал энэ онд манай компанид улсаас 6 орчим тэрбум төгрөг орж ирнэ, мөнгө орж ирэхээр танай компанийн өрийг дарна гэж хэлсэн учраас бид өдөр бүр Ялгуусан ХХК руу мөнгө төгрөг орж байна уу, тахиа хоолгүй болчихлоо гэж очдог болсон. Санжаадорж бид нарыг өдөр бүр очоод байхаар аргаа ядаад хүнээс 5 хувиас хэтрүүлэхгүйгээр хүүтэй мөнгө зээлээрэй гэж хэлэхээр нь хүүтэй мөнгө зээлж үйл ажиллагаагаа түр аргацааж байсан. Энэ байдал 2 жил гаруй хугацааанд үргэлжилсэн сүүлдээ бидэнд мөнгө зээлэх ч хүн олдохгүй болсон. 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Ялгуусан ХХК дээр очиход Багануур дүүрэгт зам тавихаар болж урьдчилгаа мөнгө орж ирсэн гээд компани дээр хөл хөдөлгөөн ихтэй байсан. Бид Санжаадорж захирлын өрөөнд ороход энэ ажлын урьдчилгаа мөнгийг авахад Капитал банкаар баталгаа гаргуулсан. Чиний болон дүүгийн чинь нэр дээр байсан зээлийг хаасан мөн Баялаг эмээлт ХХК руу мөнгө шилжүүлсэн өнөөдөр гэхэд л 100 гаруй сая төгрөгийн шилжүүлэг хийчихлээ, танайд өгсөн мөнгөний тооцоо юу болж байна вэ? тэрийг нэг үзэж харъя гээд санхүүгийнхээ хүнийг дуудсан. Санхүүгийн ажилтан Энхбаатар хүснэгтэн тооцоо хийж орж ирсэн би тэр тооцоог аваад үзэхэд учиргүй их хүү тооцсон байхаар нь би гайхаад Санжаадорж захирлаа энэ юун хүү юм бэ? гэж асуухад өө энэ яах вэ? манайх хүнээс хүүтэй мөнгө зээлээд тэрнээс танайд өгснийг санхүүгийнхэн тооцоондоо тусгасан байгаа гэж надад хэлэхээр нь би нэг бүрээр анхан шатны баримтаар нь тулгаж үзээгүй гарын үсгээ зурж тамга дарсан, үр дүн гарч эцсийн тооцоо хийхэд 51:49 хувь дээр өөрчлөлт орох юм байна гэж бодсоноос замын дунд хөрөнгө оруулах хамтарч ажиллах гэрээнээсээ буцаж хүүтэй мөнгө нэхнэ гэж огт бодоогүй. 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Санжаадорж захирлын өрөөнд Капитал банкны зээлийн график зөрчигдөж яаж төлөх тухай ярилцаад сууж байхад Капитал банкны захирал Батнягт гаднаас орж ирээд зээлийн график хэвийн болоход 84.100.000 төгрөгийг төлвөл зөрчилгүй зээл болохоор байна гэж хэлэхэд Ялгуусан ХХК уг мөнгийг Капитал банк руу шилжүүлэхээр, манай компани хөрөнгийн баталгаа гаргахаар, зээлийн үлдэгдэл 196.000.000 төгрөгийг 2020 он дуустал графикийн дагуу Ялгуусан ХХК төлөхөөр ярилцаад гэрээ байгуулахаар болоод салцгаасан. 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр би гэрээгээ төлөвлөөд Ганбаатар бид хоёр нотариатын газар уулзаад гэрээгээ батлуулах гээд орсон боловч миний төлөвлөсөн гэрээ, Ганбаатарын төлөвлөсөн гэрээ агуулгын хувьд эрс зөрүүтэй байсан учраас бид хоёр буцаад Санжаадорж захиралтай очиж уулзахад Санжаадорж захирал миний гэрээтэй танилцаад Ганбаатарын төлөвлөсөн гэрээгээр гэрээгээ хийнэ, үгүй бол тахианы аж ахуй, мужааны цехээ манай компанид өгөөд тооцоо дуусгая гэж надад хэлэхээр нь би зөвшөөрөөгүй. Нотариат дээр гэрээгээ батлуулах гээд очиход Ганбаатарын хийсэн гэрээ нь манай компанийг бөөн өрөнд оруулахаар гэрээ байсан учраас би гарын үсэг зураагүй. 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн тооцоо нийлсэн актыг нэг бүрчлэн тооцоо нийлж үйлдээгүй. 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хамтарч ажиллах гэрээнээс хойшхи өр төлбөрийг хамтран ажиллах гэрээгээр тооцож өгөөч. Ялгуусан ХХК нь хамтарч ажиллах тухай протоколоор хүлээсэн үүргээ биелүүлэхгүй Үлэмж буян ХХК-д хөрөнгийн эх үүсвэрийг удаан хугацаанд гаргаагүйгээс манай компанийн үйл ажиллагаа доголдож өр төлбөрт орж дампуурах хэмжээнд хүрсэн. Ялгуусан ХХК нь манай компанийн хүчин чадлыг бүрэн дүүрэн ашиглаад, олсон цэвэр ашиг, алдагдлыг 51:49-ийн харьцаагаар эзэмшиж хариуцахаар тохиролцсоны дагуу Ялгуусан ХХК нь оруулсан хөрөнгөнийхээ 49 хувийн эрсдлийг өөрсдөө хүлээх ёстой, эрсдэлтэй бизнест хөрөнгө оруулсан, хөрөнгө оруулсан мөнгөө манай компаниас өчнөөн хүүтэй нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. 2015.10.09-ний өдрийн 53.775.545 төгрөгийг Үлэмж буян ХХК нь аваагүй учраас Нямцогт болон Оргиохүүгээс тусад нь нэхэмжлэх хэрэгтэй. Манай Үлэмж буян ХХК нь нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилсэн мөнгөнөөс зээлийн гэрээгээр авсан 100.000 ам доллар, 100.000.000 төгрөг, хамтран ажиллахаар тохиролцож авсан 2015.10.14 ний өдрийн 27.868.000 төгрөг, мөн өдөр шилжүүлсэн 32.000.000 төгрөг, 2015.12.30 ны өдрийн 19.500.000 төгрөг, 2015.09.18 ны өдрийн 30.000.000 төгрөг, 2016.01.21 ний өдрийн 12.193.200 төгрөг, 2017.06.03 ны өдрийн 84.100.000, 2013.12.17 ны өдрийн 8.000.000 төгрөг, 2013.11.12 ны өдрийн 3.000.000 төгрөг, 2013.12.04 ний өдрийн 10.000.000 төгрөг, 2015.06.30 ны өдрийн 20.000.000 төгрөг, 2015.08.02,03 ны өдрийн 30.000.000 төгрөг, 2016.02.26 ны өдрийн 500.000 төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин 2015.10.09 ний өдрийн 53.775.545 төгрөг, 2016.01.22-ны өдрийн Ганчимэгт өгсөн гэх 15.000.000, 2015.07.08-ны өдрийн өмгөөлөлийн хөлс 1.000.000, 2014.09.03-ны өдрийн 20.000.000 төгрөг эдгээрийг хүлээн зөвшөөрөхгүй, манай компани хариуцахгүй. Төлөх төлбөрөөс хонь ямааны 6.660.000 төгрөгийг хасаж тооцуулах хүсэлтэй байгаа, 1 эр хонь 100.000 төгрөг, 33 толгой хонь 3.300.000 төгрөг, 36 эр ямаа нэг нь 80.000 төгрөг 2.880.000 төгрөг, 4 эр хонь нэг нь 120.000 төгрөг 480.000 төгрөгөөр тооцож өгсөн. Тооцоо нийлсэн актаар тооцсон хүүг зөвшөөрөхгүй, зээлдэж аваагүй, хамтран ажиллана гэж манайд өгсөн мөнгө, алдагдал хохирлыг хамтран хариуцахаар тохирсон учраас Ялгуусан ХХК манайхтай адил алдагдал хүлээх ёстой. Шүүхээс хүсэхэд манай байгууллагын хөрөнгийг битүүмжилсэн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 954 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг уншиж судлаад:

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч Ялгуусан ХХК нь хариуцагч Үлэмж буян ХХК-иас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 1.326.518.208 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч байгууллага нь 122.000.000 төгрөгийн хүү 22.877.000 төгрөгийн шаардлагаасаа татгалзсан болно.

Хариуцагч Үлэмж буян ХХК нь 1.326.518.208 төгрөгийн шаардлагаас 100.000 ам доллар, 377.161.200 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч үлдэх шаардлагыг Ялгуусан ХХК нь манай компанитай хамтарч ажиллах гэрээнээсээ татгалзсан, хамтран ажиллах гэрээгээр авсан мөнгөнүүд учраас хүүнүүдийг төлөхгүй, эрсдлийг хамтран хариуцана гэсэн үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

1.Зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Ялгуусан ХХК, хариуцагч Үлэмж буян ХХК-ийн хооронд 2011 оны 08 сарын 20-ны өдөр Зээлийн гэрээ байгуулагдаж 110.000 ам долларыг 6 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй, зээл авсан өдрөөс эхлэн түүнийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлийн хугацаа дууссанаас үл хамааран хүүг сар бүр төлөхөөр, гэрээний хавсралтад 110.000 ам доллар дээр 100.000.000 төгрөгийг нэмж зээлдүүлэн эргэн төлөлтийн хуваарийг зээл тус бүр дээр 6 сараар тооцон 110.000 ам долларын 6 сарын хүүд 13.200 ам доллар, 100.000.000 төгрөгийн 6 сарын хүүд 12.000.000 төгрөг төлөхөөр тус тус харилцан тохиролцож гэрээ байгуулсан байх бөгөөд гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т энэхүү гэрээний дагуу байгуулсан хавсралт гэрээ нь хууль зүйн хувьд ижил хүчинтэй болно гэж тусгажээ.

Зээлийн гэрээ болон хавсралт гэрээнээс харахад зээлдүүлэгч нь зээлдэгчид 110.000 ам доллар, 100.000.000 төгрөгийг зээлдүүлсэн, зээлдэгч нь тухайн мөнгийг хүлээн авсан болох нь гэрээ болон гэрээний хавсралтад талууд гарын үсгээ зурж, өөр өөрийн компанийн тамга тэмдгийг дарж баталгаажуулсан, бэлэн мөнгөний зарлагын баримтаар мөнгийг хүлээн авсан зэргээр тогтоогдож байх ба Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлдүүлэгч Ялгуусан ХХК нь зээлдэгч Үлэмж буян ХХК-иас зээлийн гэрээний үүргийн биелэлтээ шаардах эрхтэй байна.

Хариуцагч Үлэмж буян ХХК 110.000 ам доллар биш, 100.000 ам доллар зээлдэж авсан гэж маргадаг боловч хариуцагч нь 110.000 ам долларыг тухайн өдрийн ханш 1237.78 төгрөгөөр тооцон хүлээн авч, гарын үсгээ зурсан болох нь хавтаст хэргийн 22 дугаар хуудсан дахь бэлэн мөнгөний зарлагын баримт, 143-146 дугаар хуудсан дахь зээлийн гэрээ, гэрээний хавсралт зэрэг баримтаар тогтоогдож байх ба хариуцагч Үлэмж буян ХХК нь 100.000.000 төгрөг зээлдэж авсан үйл баримтад маргаагүй болно.

а/ Зээлийн гэрээгээр тохиролцсон үүргийг шүүх тооцож үзэхэд:

Талуудын хооронд 2011 оны 08 сарын 20-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ болон гэрээний хавсралтад зааснаар зээлдэгч нь 110.000 ам долларын сарын хүүд 2.200 ам доллар, 6 сарын хүүд 13.200 ам доллар, 100.000.000 төгрөгийн сарын хүүд 2.000.000 төгрөг, 6 сарын хүүд 12.000.000 төгрөг төлөх үүрэгтэй байсан. Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд үүргээ зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй, үүрэг гүйцэтгэх гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн учраас гэрээний 2.2-д Зээлдэгч нь зээл авсан өдрөөс эхлэн түүнийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлийн хугацаа дууссанаас үл хамааран энэхүү гэрээний 2.1.2-д заасан хүүг төлнө гэж зааснаар 2011.08.20-ны өдрөөс нэхэмжлэгчийн тооцож нэхэмжилсэн өдөр болох 2018.08.20-ны өдөр хүртэлх зээлийн хүүг төлөх үүрэг үүсжээ.

100.000.000 төгрөгийн үүрэгт 2011.08.20-ноос 2015.10.14- ний өдөр хүртэлх 49 сар 24 хоногийн хүүд 99.599.999 төгрөг, 2015.10.14-нээс 2018.08.20-ны өдөр хүртэлх 34 сар 6 хоногийн хүүд 68.399.999 төгрөг нийт 167.999.998 төгрөгийн хүү төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч нь 2015.10.14 нөөс 2018.08.20 ны өдөр хүртэлх хүүд 66.903.225 төгрөг нэхэмжилсэн учраас үндсэн зээлд 100.000.000 төгрөг, хүүд 166.503.224 төгрөг нийт 266.503.224 төгрөгийг гаргуулах, 110.000 ам долларын үүрэгт 2011.08.20-ноос 2015.10.14-ний өдөр хүртэлх 49 сар 24 хоногийн хүүд 109.550 ам доллар, 2015.10.14- нээс 2018.08.20-ны өдөр хүртэлх 34 сар 6 хоногийн хүүд 75.240 ам доллар, үндсэн зээл 110.000 ам доллар, хүү 109.550 ам долларыг Монгол банкны 2015 оны 10 сарын ханшаар тооцож / 1993.35 / 437.639.992 төгрөг, 2015.10.14 нээс хойшхи хүү 75.240 ам долларыг 2018.08.сарын ханшаар тооцон /2458.64/ 184.988.073 төгрөг нийт 622.628.065 төгрөгийг тус тус гаргуулахаар шийдвэрлэв. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэжээ. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 6 сарын хугацаа дууссан, төлбөр гүйцэтгэх хугацаа дууссанаас хойш мөнгөний ханш өссөн байх тул 2015.10.14-ний өдрөөс хойшхи төлбөрийг 2018.08 сарын мөнгөний ханшаар тооцсон болно.

Нэхэмжлэгч байгууллага нь 2015.10.14-ний өдөр хийсэн тооцоо нийлсэн баримтаар нэхэмжилсэн 110.000 ам доллар, 100.000.000 төгрөгөөс бусад нийт 122.000.000 төгрөгийн хүү болох 22.877.000 төгрөгөөс татгалзсан учраас Ялгуусан ХХК-иас Үлэмж буян ХХК-д зээлүүлсэн мөнгө хүүгийн хамтаар гэх баримтыг шүүхээс талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу гэрээний үүргийг тооцоход харгалзан үзээгүйг дурдав.

Хариуцагч Үлэмж буян ХХК нь 2013 оны 11 сарын 20-ны өдөр хамтран ажиллах протокол байгуулагдсанаар зээлийн гэрээний хүү зогсох ёстой, хамтран ажиллах хөрөнгө оруулалт руу шилжүүлэхээр тохиролцсон гэж шүүх хуралдаан дээр тайлбарласан бөгөөд хамтран ажиллах протоколд зээлийн болон барьцааны гэрээний талаар, үүргийг харилцан тооцож дуусгавар болгох, хамтран ажиллах, хөрөнгө оруулалтад шилжүүлэх талаар тохиролцсон гэх үйл баримт баримтаар тогтоогдоогүй, хариуцагч нь өөрийн тайлбар татгалзлаа нотолж чадахгүй байх тул зээлийн гэрээний үүргийг 2013.11.20-ны өдрөөр дуусгавар болгох, энэ өдрөөс хойш хүү тооцохгүй байх үндэслэлгүй гэж шүүх үзсэн болно.

б/ Барьцааны гэрээний талаар:

Талууд 2011 оны 08 сарын 22-ны өдрийн Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон тухайн өдрөө 1 дугаартай барьцааны гэрээг байгуулжээ. /ХХ-ийн 140-142-р тал/ Тус гэрээгээр барьцаалуулагч нь барьцаанд Багануур дүүргийн 3 дугаар хороо Нарийн нуур 037а тоот 49998 м кв га газар, 25000 ширхэг блокоор барьсан хашаа, өндөр хүчдэлийн трансформатор, 18х54 хэмжээтэй сендвичин байшингийн гэрээ, 2590 толгой мал тус тус барьцаалсан байна. Нэхэмжлэгч байгууллага нь барьцааны гэрээний дагуу тухайн эд хөрөнгүүдийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д зааснаар битүүмжлүүлэх хүсэлтийг 2018.07.17-ны өдөр шүүхэд гаргасан бөгөөд шүүх 2018.07.31-ний өдрийн 103/ШЗ2018/00954 дугаартай захирамжаар хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

Хариуцагч Ч.Нямцогт нь 2018.07.31-ний өдрийн 103/ШЗ2018/00954 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах хүсэлтийг шүүх хуралдаан дээр гаргасан.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт 1.326.518.208 төгрөгийг гаргуулах шаардлагыг гаргахдаа үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргаагүй бөгөөд тухайн гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-д заасан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээндзаана гэсэн шаардлагыг хангаагүй учраас 156.3-д Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж зааснаар хүчин төгөлдөр бус гэрээ байна. Иймд хариуцагчийн хүсэлтийг хүлээн авч 2018.07.31-ний өдрийн 103/ШЗ2018/00954 дугаартай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

  1. Хамтран ажиллах гэрээний талаар:

Ялгуусан ХХК болон Үлэмж буян ХХК-ууд нь 2013 оны 11 сарын 20-ны өдөр Хамтран ажиллах тухай протокол нэртэй баримт үйлдэн, хоёр компанийн захирал гарын үсгээ зурж, хуулийн этгээдийн тамга тэмдэг дарж баталгаажуулсан байна. Протоколоор Үлэмж буян ХХК-ийн тахианы аж ахуйд хэрэгцээтэй байгаа хөрөнгийн эх үүсвэрийг Ялгуусан ХХК гаргах, тахианы аж ахуйн үйл ажиллагааг үр ашигтай хүчин чадлыг бүрэн дүүрэн ашиглаж олсон цэвэр ашгийг, мөн алдагдлыг 51:49-ийн харьцаагаар эзэмшиж хариуцахаар, цаашид аж ахуйн үйл ажиллагааг өргөтгөх, ашиг орлогыг хуваан эзэмших талаар нарийвчилсан гэрээг хамтран хийж болохоор тохиролцжээ.

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2.-т зааснаар хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээдэг бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болдог байна. Үлэмж буян ХХК-ийн тахианы аж ахуйд хэрэгцээтэй байгаа хөрөнгийн эх үүсвэрийг Ялгуусан ХХК гаргах, тахианы аж ахуйн үйл ажиллагааг үр ашигтай байлгах зорилгоор хамтран ажиллахаар харилцан тохиролцсон зохигчдын хэлцэл хамтран ажиллах гэрээний шинжийг агуулсан байна.

Талуудын хооронд амаар байгуулагдсан энгийн хэлбэрийн гэрээнд удирдлагын бүтэц, эрх, үүрэг, ашиг алдагдлыг хуваарилах, гэрээг дуусгавар болгох үндэслэл, дундын эд хөрөнгийг хэрхэн хуваарилах зэрэг асуудал бүрэн хэмжээгээр тусгагдах боломжгүй, дээрх асуудлын талаар талууд тодорхой тохиролцоо хийгээгүй байх нь хамтран ажиллах гэрээ байгуулагдаагүй гэж үзэх, үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

Хамтран ажиллах тухай протокол болон Ялгуусан ХХК-иас 2014.10.04-ний өдөр Баялаг эмээлт ХХК-д явуулсан Манай компани нь Үлэмж буян ХХК-тай хамтран ажилладаг бөгөөд тус компанийн худалдан авсан 30 тонн өндөглөгч тахианы тэжээлийн үнэ 32.4 сая төгрөгийн төлбөрийг 10 дугаар сард багтааж барагдуулах болно гэсэн албан бичиг зэргээр талуудын хамтран ажиллах хүсэл зориг илэрхийлэгдсэн байна гэж дүгнэлээ.

2013 оны 11 сарын 20-ны өдөр талуудын хооронд Хамтран ажиллах тухай протокол үйлдэгдсэнээс хойш Үлэмж буян ХХК-д болон түүний бусдад төлөх өрөнд 2013.12.04-ний өдөр 10.000.000 төгрөг, 2015.08.03-ны өдөр 30.000.000 төгрөг, 2015.10.14-ний өдөр 59.868.000 төгрөг, 2015.12.30-ны өдөр 19.500.000 төгрөг, 2015.09.18-ны өдөр 30.000.000 төгрөг, 2016.01.21-ний өдөр 12.193.200 төгрөг, 2017.06.03-ны өдөр 84.100.000 төгрөг нийт 245.661.200 төгрөгийг данснаас данс хооронд, 2013.11.12-ны өдөр 3.000.000 төгрөг, 2013.12.17-ны өдөр 8.000.000 төгрөг, 2015.06.30-ны өдөр 20.000.000 төгрөг, 2016.02.26-ны өдөр 500.000 төгрөг нийт 31.500.000 төгрөгийг бэлнээр тус тус өгсөн болох нь Капитал банкны 2017.10.18-ны өдрийн депозит дансны харилцагчийн монгол хуулга, Голомт банкны 2017.10.31-ний өдрийн дансны хуулга, Капитал банкны төлбөрийн баримт, Ялгуусан ХХК-ийн 2011.08.26, 2011.08.29, 2013.11.12, 2013.12.04, 2013.12.27, 2015.06.30, 2015.08.03, 2016.02.26-ны өдрүүдийн бэлэн мөнгөний зарлагын баримтууд, ХААН банкны 2013.12.04-ний өдрийн орлогын мэдүүлэг, Капитал банкны 2015.07.31-ний өдрийн орлогын мэдүүлэг зэргээр тогтоогдож байгаа ба нийт 277.161.200 төгрөгийг хамтран ажиллах гэрээний дагуу авсан гэдгээ хариуцагч хүлээн зөвшөөрч маргаагүй .

Хариуцагч Үлэмж буян ХХК нь хамтран ажиллах протоколоор олсон цэвэр ашгийг, мөн алдагдлыг 51:49-ийн харьцаагаар эзэмшиж хариуцахаар тохиролцсон учраас манай компанийн алдагдал, хохирлыг Ялгуусан ХХК хамтран хариуцах үүрэгтэй гэж тайлбарладаг.

Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11-д хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна гэж заасан боловч Ялгуусан ХХК-иас хамтран ажиллах протоколын дагуу зохих хэмжээний хөрөнгө оруулсаны улмаас Үлэмж буян ХХК ямар хэмжээний алдагдал хүлээсэн эсэх нь тодорхой бус, алдагдал хүлээсэн, хохирол учирсан гэх тайлбараа баримтаар нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул хариуцагчийн тайлбарыг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлгүй юм.

  1. Хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шаардлагын тухайд:

2015.10.09-ний өдөр дансаар Нямцогтын зээл хаах 7.849.002.78 төгрөг, Оргиохүүгийн зээл хаах 45.926.542.71 төгрөг гэсэн утгатайгаар шилжүүлсэн 53.775.545 төгрөгийг хариуцагч Үлэмж буян ХХК-д шилжүүлсэн гэсэн баримтгүй, 2016.01.22-ны өдөр Ганчимэгт ҮБ ХХК-д шилжүүлэхээр гэсэн утгатайгаар өгсөн гэх 15.000.000 төгрөгийг Үлэмж буян ХХК хүлээн авсан гэх баримт хэрэгт авагдаагүй, 2014.09.03-ны өдөр өгсөн гэх 20.000.000 төгрөг нь хариуцагчид хүлээлгэн өгсөн гэх баримтгүй, өмгөөлөгч Сүхбаатарын өмгөөлөлийн хөлс зардал гэх 1.000.000 төгрөгийг өмгөөлөлийн гэрээ байхгүй, өмгөөлөлийн хөлсөнд шилжүүлсэн гэх баримтгүй, зээлийн гэрээний шаардлагаас нэхэмжлэгчийн татгалзсан 22.877.000 төгрөгийн шаардлагыг хасаж тооцон 45.573.174 төгрөгийг нотлох баримтгүй гэх үндэслэлүүдээр нийт 137.348.719 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Хэрэгт авагдсан бичгийн баримтууд, шүүх хуралдаанд өгсөн талуудын тайлбараар хариуцагч Үлэмж буян ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 889.131.289 төгрөг, хамтран ажиллах гэрээний үүрэгт 277.161.200 нийт 1.166.292.489 төлөх үүрэгтэй байх ба Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.4-д Хооронд нь тооцож дуусгавар болгох шаардлагуудын хэмжээ харилцан адилгүй байвал бага хэмжээний шаардлагыг бүрэн хэмжээгээр тооцох бөгөөд их хэмжээний шаардлагын нөгөө шаардлагаар нөхөгдөөгүй хэсэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж зааснаар хариуцагч нь нэхэмжлэгч талд өгсөн 37 толгой хонь, 36 толгой ямааны үнэ 6.660.000 төгрөгийг төлвөл зохих төлбөрөөс хасуулах хүсэлтийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрснийг харгалзан хасаж тооцон 1.159.632.489 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгийн хураамжид төлсөн 6.790.541 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Үлэмж буян ХХК-иас 1.159.632.489 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 5.956.112 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ялгуусан ХХК-д олгох нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.4, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Үлэмж буян ХХК-иас 1.159.632.489 / нэг тэрбум, нэг зуун тавин есөн сая, зургаан зуун гучин хоёр мянга, дөрвөн зуун наян есөн/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ялгуусан ХХК-д олгож, 137.348.719 /нэг зуун гучин долоон сая, гурван зуун дөчин найман мянга, долоон зуун арван есөн/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч Ялгуусан ХХК нь 122.000.000 төгрөгийн зээлийн хүү 22.877.000 төгрөгийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.

3.Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 сарын 31-ний өдрийн 103/ШЗ2018/00954 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

4. Шүүхийн шийдвэрийн хувийг Шийдвэр гүйцэтгэлийн албанд хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Нансалмаад даалгасугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ялгуусан ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6.790.541 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Үлэмж буян ХХК-иас 5.956.112 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ялгуусан ХХК-д олгосугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ