Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 103/ШШ2019/00169

 

 

19 05 14 103/ШШ2019/00169

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүгч П.Туяа, шүүгч Т.Эрдэнэтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, 39 дүгээр байрны 31 тоотод оршин суух, Булгад овогт Цэндцэсэмийн Байгалын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хөвсгөл аймгийн .................... оршин суух, Барнууд овогтД.Б холбогдох нэр төр гутаасан гэм хорын хохирол 2 сая төгрөг

Хариуцагч: Баянзүрх дүүргийн ............................... оршин суух, Далантай овогт Х.Э-д холбогдох нэр төр гутаасан гэм хорын хохирол 2 сая төгрөг

Хариуцагч: Багануур дүүргийн ......................... оршин суух, Цогт овогт МБ-д холбогдох нэр төр гутаасан гэм хорын хохирол 3 сая төгрөг

Хариуцагч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагын 19 дүгээр гудамжны 1 тоотод оршин суух, Мэргэд овогт ЧА-д холбогдох сэтгэл санааны хохирол, нэр төр гутаасан гэм хорын хохирол 1.500.000 төгрөг

Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуус задгайн 27 тоотод оршин суух, Боржигон овогт Цэндийн Д-д холбогдох нэр төр гутаасан гэм хорын хохирол 1.500.000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б, хариуцагч М.Б, Х.Э, Ц.А, Ц.Д, гэрч Ё.С, иргэдийн төлөөлөгч Ж.н, нарийн бичгийн дарга Б.Одгэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б-л шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Цагдаагийн байцаагч Д.Буянжаргал, прокурор Х.Э, М.Бн нар нь хамтран намайг Ц.н гэрээс М.Б-ы өмчлөлийн эд зүйл гэх цамц, өмд /бүстэй/ хантааз 2 ширхэг, машины хучлага зэргийг аваад гарсан гэж үндэслэлгүйгээр гүтгэж хулгайн гэмт хэрэгт холбогдуулан Багануур дүүргийн Цагдаа, Прокурор, Шүүхийн байгууллагын өмнө миний нэр төрийг гутаасан. Намайг олон түмний дунд хулгайч гэж амаар мэдээлэл тараасан. Өөрийн ойр орчны хүмүүсдээ мөн ийм ойлголт төрүүлсэн. М.Баярсайханы үндэслэлгүй гүтгэлгийг Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 87 дугаар цагаатгах тогтоолоор надад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон. Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Э-а нь М.Б-ны үндэслэлгүй гүтгэлгийг үндэслэж 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 45 дугаартай яллах дүгнэлт үйлдсэний улмаас миний нэр төр хугарснаас гадна хуулийн байгууллагуудын ажилд ихээхэн чирэгдэл учрууллаа. Миний нэрийг гутаасан энэ гүтгэлэгт Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч Д.Б-л эрүүгийн хэрэг үүсгэж хяналтын прокурор Х.Э-а нар шууд санаатайгаар миний нэр хүндийг гутаахад оролцсон гэж үзэж байна.

Прокурор Х.Эрдэнэтуяад энэ хэргийг шилжиж очиход би хэрэг үйлдээгүй шүү, та хэргээ сайн хараарай гэж хэлж байсан. Миний хэргийг 3 шатны шүүхээс цагаатгасан боловч прокурор Х.Эрдэнэтуяа нь 3 удаа эсэргүүцэл бичиж байсан. Прокурорыг эсэргүүцэл бичээд байхаар нь аргагүй эрхэнд хийгээгүй хэргийнхээ төлөө өмгөөлөгч авсан. Нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд Прокурор эсэргүүцэл бичсэн. Шүүх хуралдаан болж хэргийг цагаатгасан. Улсын дээд шүүхэд мөн адил эсэргүүцэл бичсэн боловч Дээд шүүх хурал хийлгүй хэрэг дууссан. Би хурал болох тоолонд сэтгэл санааны дарамтанд ордог байсан. Миний аав насаараа прокурорт ажилласан хүн. Охин нь хийгээгүй хэргийнхээ төлөө 3 шатны шүүхээр дамжаад явахад миний аавын сэтгэл санаа ямар байх уу, мэдээж хэцүү л байгаа. Баярсайхан, Амарсайхан нар нь миний эцэг эхийг хүртэл хулгайч гэж доромжилж байсан. Гэрч намайг Баярсайханы эд зүйлийг аваагүй гэж мэдүүлсэн байхад намайг буруутгах гээд хийгээгүй хэргийг хийсэн болгох гээд 3 шатны шүүхээр эсэргүүцэл бичиж миний нэр төр, сэтгэл санаанд асар их дарамт үзүүлсэн Х.Э-с нэр төр гутаасан гэм хорын хохиролд 2 сая төгрөг нэхэмжилнэ.

Мөрдөн байцаагч Д.Б-л нь энэ хэргийг мөрдөж байхдаа эхлээд хэрэг чинь хэрэгсэхгүй болно гэж хэлж байсан. Сүүлдээ нилээн удаан шалгаж байснаа та ер нь хэргээ хүлээчих гэж хэлсэн. Би хийгээгүй хэргээ хүлээхгүй гэсэн. Сүүлд хэргийг прокурорт шилжүүлэхдээ миний мэдүүлгийг зассан байсан, яагаад зассан юм бэ гэхэд нэрийг чинь буруу биччихлээ гэж хэлээд эхний 3 хуудсыг зассан байсан. Тэгээд надад өмгөөлөгч ав гэж хэлсэн. Тэр байтугай намайг хохирол нь хоёр зуу гаран мянган төгрөг юм байна шүү дээ, та энэ мөнгийг төлчих гэж хэлж байсан, тэгэхээр нь би энэ хэргийг хийгээгүй ээ, хийгээгүй хэргийнхээ төлөө өмгөөлөгч авмааргүй байна гэж хэлсэн боловч Цэцэгээ гэдэг хүнийг өмгөөлөгчөөр авсан. Хариуцагч Б-н шүүхийн шийдвэрийн дагуу надад 5.800.000 төгрөгийг өгөхөөр болсон байсан. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дарга Д-л гэж хүн намайг дуудсан. Би гайхаад ямар хэргээр намайг дуудаж байгаа юм бэ? гэж асуухад Баярсайхан ирчихээд байна, та хоёрыг нүүрэлдүүлэх гэсэн юм гэж хэлэхээр нь би очсон. Тэгэхэд Дүүрэнцэнгэл гэж хүн сая Буянжаргал байцаагч ирсэн чи хулгайн хэрэгт шалгагдаж байгаа юм байна, чи Баярсайханаас 5.800.000 төгрөгөө авахгүй гэх юм бол Баярсайхан цагдаагаас хэргээ татаж авъя гэж хэлж байна гэж надад хэлсэн, Тэгэхээр нь би гайхаад хэн намайг хулгайн хэрэг шалгагдаж байгаа гэж таньд хэлсэн юм гэж асуухад Буянжаргал цагдаа сая ирээд явахдаа тэгж хэллээ гэж хэлсэн. Би Дүүрэнцэнгэл даргад шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байна, цагдаагийн ажилтан байж шийдэгдээгүй хэргийг ямар учраас яриад явж байгаа юм бэ? би энэ хэргийг хийгээгүй, Баярсайханаас мөнгөө авна гэдгээ хэлсэн. Буянжаргал нь цагдаагийн мөрдөн байцаагч хүн байж шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байхад намайг хулгай хийсэн гэж гадуур яриад явж байсан. Иймд хийгээгүй хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж миний нэр төрд халдсан учраас Буянжаргалаас 2 сая төгрөгийг нэхэмжилж байна.

Хариуцагч М.Б-н надад 5 сая төгрөг өгөх ёстой байснаас цагдаагийн байгууллага 2 сая гаруй төгрөгийг нь суутгаж авсан байгаа, одоо хүртэл цагдаа дээр шалгагдаж байгаа бөгөөд дахин шалга гэж Нямдорж сайд үүрэг өгсөн. Энэ хүн дахин шалгагдах гэж байгаа учраас надад 3 сая төгрөг өгөхөд татгалзаад байх зүйл байхгүй байхаа. Баярсайхан нь миний нүүрний ясыг 3 удаа цөмөлсөн. Өнөөдөр би хуруугаа хүртэл хугалуулчихаад явж байна. Баярсайхан нь Амаржаргалтай сууснаас хойш намайг хулгай хийсэн гэж цагдаад гомдол мэдүүлсэн байна лээ, гэрчүүд намайг хашаанд ороогүй гадаа байж байгаад явсан гэж хэлсээр байтал миний юмыг хулгайлсан гэж гүтгэсээр байгаад намайг шалгуулж миний нэр төрийг гутаасан. Хулгай хийсэн гээд байгаа зүйл нь өмд гутал, надад Баярсайханы хэрэглэсэн өмд гутал хэрэггүй. Би Баярсайхан гэдэг хүнээс болж өчнөөн жил шүүх, цагдаагаар явж эцэг эхийнхээ нэрийг гутааж байна. Иймд Баярсайханаас нэр төр гутаасан үндэслэлээр 3 сая төгрөгийг гаргуулж өгнө үү .

Хариуцагч Ч.А-л нь Баярсайхан гэдэг хүнтэй хамтран амьдарсанаас хойш надтай гудамж талбай олон нийтийн газар таарах болгондоо намайг гологдол хүүхэн, гичий, амьд үхдэл гэж хэл амаар доромжилдог. Миний аав өндөр настай хүн, гэхдээ арай ч амьд үхдэл болох дээрээ тулаагүй байна. Би аавтайгаа хамт зам хөндлөн гарах гэж байхад Баярсайхан, Амаржаргал хоёр Хас банкны гарцан дээр машинтай явж байгаад машиныхаа цонхоор амьд үхдэлүүд явж байна гэж хүртэл хэлж байсан. Надад 70 гарсан аавыгаа амьд үхдэл гэж хэлүүлэхэд маш хүнд байсан. Би энэ улсуудад байнга хэл амаар доромжлуулж маш их сэтгэлээр унаж байсан, одоог хүртэл эмчилгээ хийлгүүлж байгаа. Би одоо нүүрний гоо сайхны мэс засалд орох гэж байгаа, тэрний өмнө сэтгэл санааны бэлтгэлээ хийгээд энэ муухай улсуудаас хурдан салмаар байна. Намайг нөгөө хэрэг чинь юу болж байна гээд хүмүүс асуудаг, тэр болгонд би хулгай хийгээгүй гээд 3 шатны шүүхийн шийдвэрийг харуулаад байх хэцүү байдаг. Ийм учраас би Амаржаргалыг миний нэр хүндэд халдсан гэж үзээд 1.5 сая төгрөг нэхэмжилж байна.

Хариуцагч Ц.Долгормаа 7 дугаар байрны 59 тоотод оёдол хийдэг. Би Баярсайханаас салсны дараа Долгормаагийн өрөөнд ороод Баярсайхан нэг оёдолчинтой сууж байгаа гэж дуулдаад байна, та нар тэр оёдолчныг нь таних уу гэхэд Долгормаа надад Амаржаргалын 88152665 гэсэн дугаарыг өгсөн. Баярсайхан, Амаржаргал нар нь над руу байнга утсаар залгаж гологдол хүүхэн, хулгайч хүүхэн гэж доромжлоод байхаар нь очиж уулзах гээд гэрт нь очсон чинь л намайг хулгайн хэрэгт гүтгэсэн. Долгормаа нь намайг танихгүй, би ерөөсөө Байгалын талаар ярьж байгаагүй гэж хэлдэг боловч 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр цагдаад Амаржаргал нь Байгалын талаар надад ярьсан. Байгал зарлал нааж цагдаагаар торгуулсан гэж ярьж байсан гэсэн мэдүүлэг өгсөн байна. Долгормаа нь орсон гарсан бүх хүмүүст Байгал, Баярсайханы хувцасыг хулгайлаад эрүүгийн хэрэгт шалгагдаад явж байгаа юм байна лээ гээд ярьдаг бөгөөд тухайн үед энэ хэрэг нь мөрдөн байцаалтын шатанд явж байхад мэдсэн байсан. Энэ бүхнийг надад цуг ажилладаг Болормаа нь хэлсэн. Би энэ хүнийг миний хэргийн талаар яаж мэдсэн юм бол гэж гайхдаг байсан чинь Долгормаагийн хүү Оргил шүүхэд ажилладаг байсныг сүүлд мэдсэн. Тэгээд би Долгормаагийн хүү Оргилтой уулзаад өөрт нь миний нэр төрд халдсан байна, дахиад нэг удаа ийм яриа гаргавал би хуулийн байгууллагад хандана шүү гэж сануулсан. Намайг хулгай хийгээгүй гэдгийг нь 3 шатны шүүхээр батлагдсан, энэ хүн намайг танихгүй гэж удаа дараа мэдүүлэг өгсөн байна лээ, энэ хүн намайг танихгүй биш танина. Намайг хулгайч гэж нэр төр гутаасан үйлдэлд нь 1.500.000 төгрөг нэхэмжилнэ гэв.

Хариуцагч Х.Эрдэнэтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Багануур дүүргийн Прокурорын газарт хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих прокуроор ажиллаж байхдаа Ц.Байгалыг 2018 оны оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзэж түүний гэм бурууг тогтоолгохоор шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээс Ц.Б-ын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй байна гэж дүгнэн цагаатгаж шийдвэрлэсэн. Миний бие Монгол Улсын Үндсэн хууль болон Прокурорын тухай хуульд заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэн уг хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд хувь хүний хувьд Ц.Б-н нэр төрийг гутаасан үйлдэл хийгээгүй болно. Би өөрөө тангараг өргөсөн хуульч хүн. Энэ хэрэг анхан шатны шүүхээр шийдэгдээд, Нийслэлийн Давж заалдах шатны шүүхээр явсан хэрэг юм. Энэ хэрэг нь хулгайн хэрэг биш хуучнаар дээрмийн хэрэг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар илээр авах дээрэмдэх гэмт хэрэг юм. Нэхэмжлэгч Байгаль нь үндэслэлгүйгээр намайг гүтгэсэн гэж тайлбарлаад байгаа боловч энэ хүнийг гүтгэсэн үйлдэл байхгүй, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлсэн. Би энэ хүнийг хулгайн гэмт хэрэг үйлдсэн, дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэж хэвлэл мэдээллийн байгууллагаар яллах дүгнэлт, шийтгэх тогтоолыг тараагаад энэ хүний нэр хүндийг гутаасан үйлдэл огт хийгээгүй. Би заавал Байгалыг энэ гэмт хэргийг хийсэн байна гээд шууд санаатай асуудалд хандаагүй, өөрийн дотоод итгэлээр болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасны дагуу уг хэргийг тал бүрээс нь шалгасны эцэст гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасны дагуу бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан үйлдэл болон энэ хүний хувийн нууцтай асуудлыг нийтэд тараасан зүйл огт байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Буянжаргал шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Д.Буянжаргал би 2018 оны 11 дүгээр сард иргэн М.Баярсайханаас ирүүлсэн гомдлын дагуу Ц.Байгалд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг болох Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан хэргийг шалгаад яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай Дүүргийн Прокурорын газарт шилжүүлсэн. Ц.Байгалд холбогдох эрүүгийн хэргийг хуулийн дагуу шалган шийдвэрлэсэн бөгөөд Ц.Байгалын нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тарааж гүтгэсэн асуудал гаргаагүй тул Ц.Байгалын нэхэмжлэлийг хууль бус гэж үзэж байна. Миний бие цагдаагийн албанд мөрдөгчөөр ажиллах хугацаандаа шалгасан гэмт хэргийн талаар бусдад мэдээлэл хийх, задруулах, гэрч, хохирогч, яллагдагч нарын хувийн байдлыг бусдад задруулж мөрдөгчийн ёс зүй болон хууль зөрчсөн асуудал гаргаж байгаагүй болно гэжээ.

Хариуцагч М.Баярсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Багануур дүүргийн 4 дүгээр хороо Байдлагийн 19 дүгээр гудамжны 1 тоотод 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Ц.Байгал нь очиж бусдын эд хөрөнгийг авч зугтсан үйл баримт болсон. Энэ дагуу цагдаагийн байгууллага шалгах ажиллагаа хийгээд шүүхээр орсон ч дээрмийн гэмт хэрэг биш байна хэмээн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Улсын яллагч Х.Эрдэнэтуяа нь 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 11 тоот эсэргүүцэл бичиж 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 736 дугаар магадлал гарсан байгаа. Дээрх магадлалын хянавал хэсэгт Ц.Байгал нь өөртөө эд хөрөнгийг ашиг олох гэсэн шунахайн сэдэлтэй гэхээсээ илүү гэр бүлийн таарамжгүй харилцаанаас үүдэлтэй өш хонзон авах зорилгоор Амаржаргалын гэрээс өмнө нь хамтын амьдралтай байсан М.Баярсайханы хувцас эд зүйлсийг авсан гэж дүгнэсэн байсан . Эрүүгийн хуульд өс хонзон өвөртөлж айл гэрт орж эд зүйлсийг хулгайлсан, дээрэмдсэн гэх хуулийн заалт байхгүй нь миний буруу биш гэж бодож байна. Иймд би Ц.Байгалыг бусдын гэрт орж эд зүйлийг аваагүй байхад авсан гэж гүтгэсэн зүйл байхгүй. Харин Давж заалдах шатны шүүхийн дүгнэлтэд ач холбогдол өгөөгүй орхигдуулсан хууль хяналтын байгууллагын албан тушаалтанд гомдолтой байна. Төрийн албан хаагчдын ажлаа хийж чадаагүйн төлөө би ямар нэгэн хариуцлага хүлээхгүй. Ер нь миний хувьд Байгалыг доромжилж байсан удаа байхгүй. Байгал миний эд зүйлийг авсан нь үнэн. Энэ хүн өөрөө л намайг цагдаа шүүхээр шалгуулаад яваад байгаа болохоос би энэ хүнд холбогдуулан нэг ч удаа гомдол гаргаж байгаагүй, харин өөрөө миний нэр төрд халдаж автобусны буудал дээгүүр Баярсайхан хулгайч гэж цаасан дээр бичээд нааж байгаад цагдаад баригдаад торгуулсан. Ингэж торгуулсандаа л өс санаад байгаа юм. Үүнээс хойш Төмөрбаатар цагдааг надтай нийлж торгуулийн мөнгийг хувааж идсэн гэж гүтгээд Авлигатай тэмцэх газар шалгуулсан. Энэ хүн өөрөө өөрийгөө л хүмүүст зарлаад явдаг болохоос биш хэн ч энэ хүний талаар ярьдаггүй шүү дээ. Тухайлбал намайг эрүүгийн хэргээр шалгуулж шийдвэрлэх үед шүүгчид өрөвдөлтэй байдал гаргаж Баярсайхан миний гарыг хугалчихлаа гээд гараа боогоод шүүх хуралд очдог байсан, шүүх хурал дуусахаар гарын боолтыг авчихаад зүв зүгээр ажлаа хийгээд явдаг, тийм л жүжигчин хүн. Энэ хүн өөрөө ажил хийхгүй, бусдын ажлыг хийлгэхгүй байнга л цагдаа шүүхэд намайг өгдөг, цагдаа нар хэргийг шалгаад хэрэгсэхгүй болгохоор Баярсайханы найз, хамт архи уудаг гээд даргад нь хэлээд аль болохоор тухайн албан тушаалтанд арга хэмжээ авахуулахыг боддог. Юманд их өс санадаг тийм хүн. Зүгээр ажлаа хийж байгаа улсуудыг хүртэл хорлож байдаг. Энэ хүнээс би байтугай цагдаагийн алба хаагч нар хүртэл залхаж байна, ингэж худлаа зүйл бичиж хуулийн байгууллагын ажлыг хүндрүүлэх шаардлагагүй. Би энэ хүний нэр төрийг гутаасан үйлдэл хийгээгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Ц.Долгормаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Байгалмаа нь миний эсрэг гомдол гаргаж 1.500.000 төгрөг ямар ч үндэслэлгүй нэхэмжилсэн байна. Би Байгалын талаар нэг ч хүнд нэр төрд нь халдах мэдээлэл тарааж байгаагүй. Надад тийм хүмүүжил, ёс зүй байхгүй. Харин Ц.Байгал өөрөө намайг 2018 онд цагдаад гомдол гаргаж 3 удаа тайлбар өгч, ажлын байранд ирээд үйлчлүүлэгчдийн дэргэд хэл амаар олон удаа доромжилж байсан. Нэр төр гутаалаа гэх юм. Миний нэр төр хамаагүй юм уу. Надад хүн муулж, хов жив ярих зав цаг байдаггүй. Би таван хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх гэж нэг өдөр ч амрах завгүй ажиллаж ирсэн. Одоо өвчтэй ээжийгээ асарч эмчлүүлж байгаа. Намайг олон түмэн, хамт олон, оёдолчид бүгд гэрчилнэ. Ц.Байгалтай хууль, цагдаагийн газраар явж бие биедээ өс санах учир байхгүй. Би Цагдаагийн байгууллагад Байгалыг таньдаггүй гэж огт хэлээгүй, Байгалыг 2000 оны эхээс таньдаг болсон. Би Амаржаргал гэдэг хүнтэй найз биш, бид ажил хэргийн хувиар бие биенийгээ таньдаг. Байгал надаас Баярсайхан, Амаржаргал гэдэг хүнтэй хамт амьдарч байгаа гэж дуулдаад байна, Амаржаргал гэж ямар хүн байдаг юм бол гэж надаас асуусан. Би Амаржаргалыг бүтэн нэрээр мэддэггүй байсан бөгөөд надтай хамт ажилладаг миний шавь охин таны утсан дээр Амаржаргал гээд хүний дугаар байсан гэж хэлэхээр нь дугаарыг нь өгсөн. Би Байгалын талаар хүүгээсээ огт сонсож байгаагүй. Байгал өөрөө манай өрөөнд орж ирчихээд танай хүү чинь шүүхэд ажилладаг юм байна лээ, би Оргил, Баттуяа хоёрыг шүүхийн Ерөнхий зөвлөлд шалгуулахаар өргөдөл өгсөн байгаа гэж хэлж байсан. Дараа нь намайг өөрийнхөө нэр төрд халдсан гэж цагдаад өгсөн байсан. Би цагдаад болсон бүх зүйлийн талаар мэдүүлэг өгсөн, тэрнээс хойш чимээгүй болсон. Сүүлд манай өрөөнд орж ирээд намайг архичин гэж элдвээр загначихаад л гараад явсан, дараа нь Болормааг Долгормаа чамайг энэ байрнаас гаргахгүй гэж хэлсэн үү, чи худлаа мэдүүлэг өгсөн гэж хэлээд загнаад гараад явсан, тэрнээс хойш би Байгалтай таарвал холуур зөрөхийг боддог болсон. Би Байгалыг үйлчлүүлэгч нартаа болон оёдолчин нарт муулсан, нэр төрийг нь гутаасан зүйл огт байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Ц.Амаржаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр гаргасан нэхэмжлэгч Байгалын нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Байгал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ 3 үндсэн агуулгатай гаргасан байна. Нэхэмжлэгч нь намайг утсаар удаа дараа доромжилсноос болж сэтгэл санааны хямралд оруулсан гэж бичсэн байна. Би Байгалын утсыг мэдэхгүй, 2017 оноос хойш Байгал нь өөрөө байнга над руу залгаад байхаар нь аргаа ядаад 88152665 гэсэн утасны дугаараа сольсон. Намайг утасны дугаараа сольж шинэ дугаартай болсноос хойш 2019 оны 03 дугаар сарын дундаас бас л энэ хүн байнга над руу залгаад байхаар утсыг нь блок хийсэн. Гэтэл 2019 оны 04 дүгээр сарын 19-ний орой 17 цагийн үед 99989804 гэсэн дугаараас залгаад байхаар нь би аваагүй, тэгсэн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 13-15 цагийн хооронд дээрх дугаараас залгахаар нь санаандгүй автал тэр Баярсайхан чинь Ноён амралтын газар хамтран амьдрагчтай болсон байна лээ гэж хэлээд салгасан, дахиад 16 цагийн үед дугаараа нууцалж залгаад байхаар нь ажилтай байсан тул уг дуудлагыг аваагүй. Үнэхээр би энэ хүнийг доромжилсон бол нотлох баримтаа гаргаж өгөх ёстой. Ийм баримт алга байна. Намайг Долгормаатай нийлж өөрийг нь муулсан гэж бичсэн байна. Долгормаа бид хоёр оёдолчдын холбоонд харъяалагддаг хүмүүс болохоос найз нөхдийн холбоо байхгүй. Бид хоёр хааяа тааралдахаараа ажил хэргийн талаар ярьдаг, Байгалыг муулж, хулгайч гэж олон түмэнд зарласан удаа байхгүй. Мөн Багануур дүүргийн Жижиг дундын байрнаас надаас болж гарсан гэж бичсэн байсан. Би Итгэл оёдлын цехэд оёдолчин хийдэг, манай цех Баянгол худалдааны төвд ажиллаж байгаад 2019 оны 1 сарын 11-ний өдөр Жижиг дунд үйлдвэрийн байранд нүүж орсон. Нүүж ороод үйл ажиллагаагаа явуулж байтал Байгал 2019 оны 4 сарын эхээр уг байранд нүүж ирсэн. Би Байгалтай аль болох таарахгүй байхыг боддог, гудамжинд зөрөхөөсөө хүртэл айж зөрдөг, би энэ хүнийг гэхээсээ илүү энэ хүн намайг 2 жил гаруй хугацаанд доромжилж сэтгэл санааны хямралд оруулж байна. Би жижиг дундын байрнаас хэн нэгнийг дур мэдэн гаргадаг эрх мэдэлтэй хүн биш. Байгал намайг ажил хийлгэхгүй цагдаад 5 удаа өгсөн, шүүхэд 1 удаа өгсөн. Би энэ хүний гүтгэлэг, доромжлолыг олон удаа тэсэж гарсан, нэг удаа ч хуулийн байгууллагад өгч байгаагүй. Би бусдын нэр төрийг гутаан доромжлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Байгаль нь хариуцагч М.Баярсайханд холбогдуулан хулгай хийсэн гэж гүтгэж Цагдаагийн байгууллагад үндэслэлгүй мэдүүлэг өгч нэр төр гутаасан үндэслэлээр 3 сая төгрөг,

хариуцагч Д.Буянжаргал нь М.Баярсайханы мэдүүлгийг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалт явуулж нэр төрийг гутаасан үндэслэлээр 2 сая төгрөг,

хариуцагч Х.Эрдэнэтуяа нь үндэслэлгүйгээр хулгайн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлж нэр төрийг гутаасан үндэслэлээр 2 сая төгрөг,

хариуцагч Ч.Амаржаргал нь гологдол хүүхэн, гичий , амьд үхдэл гэх мэтээр хэл амаар доромжилж сэтгэл санааны хохирол учруулсан, хулгай хийсэн гэж худал мэдээлэл тарааж нэр төрийг гутаасан үндэслэлээр 1.500.000 төгрөг,

хариуцагч Ц.Долгормаа нь 7-р байрны 59 тоотод орж гарсан бүх хүнд Байгал хулгай хийсэн гэж худал мэдээлэл тарааж нэр төрийг гутаасан үндэслэлээр 1.500.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус шүүхэд гаргажээ.

Шүүх зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ц.Байгалыг эрүүгийн 170400144008 дугаартай хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.05.30-ны өдрийн 87 дугаартай Цагаатгах тогтоолоор Ц.Байгалд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан, уг цагаатгах тогтоолыг Давж заалдах шатны шүүхээр хянаж хэвээр үлдээсэн болох нь 2018.01.26-ны өдрийн 15 дугаартай яллах дүгнэлт, 2018.05.30-ны өдрийн 87 дугаартай цагаатгах тогтоол, 2018.08.02-ны өдрийн Давж заалдах шатны шүүхийн магадлал болон зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбараар тогтоогдож байна. /хх-3-29 дүгээр хуудас/

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцна гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Ц.Байгал нь хууль бусаар яллагдагчаар татагдсаны гэм хорын хохирлыг Д.Буянжаргал, Х.Эрдэнэтуяа нараас бус төрөөс нэхэмжлэх эрхтэй байна.

Иймд хариуцагч Д.Буянжаргал, Х.Эрдэнэтуяа нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч М.Баярсайхан нь нэхэмжлэгч Ц.Байгалд холбогдох эрүүгийн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн болох нь хэрэгт авагдсан яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолоор тогтоогдож байгаа боловч тухайн нөхцөл байдалд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгах нь албан тушаалтны эрх хэмжээний асуудал бөгөөд тухайн үед болсон явдлын талаар М.Баярсайхан гэрчээр мэдүүлэг өгснийг мөрдөн байцаагч, прокурортой хамтран бусдын нэр төрийг гутаасан гэж үзэх үндэслэлгүй юм.

Хариуцагч Ч.Амаржаргал, М.Баярсайхан нар нь нэхэмжлэгчийг гологдол хүүхэн, гичий , амьд үхдэл гэх мэтээр хэл амаар доромжилж сэтгэл санааны хохирол учруулсан, хулгай хийсэн гэж худал мэдээлэл тарааж нэр төрийг гутаасан гэх үйл баримт, хариуцагч Ц.Долгормаа нь 7-р байрны 59 тоотод орж гарсан бүх хүмүүст Байгал хулгай хийсэн гэсэн мэдээлэл тарааж нэр төрийг гутаасан гэх үйл баримтууд хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч Ц.Долгормаа, Ч.Амаржаргал, М.Баярсайхан нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ц.Байгал нь хариуцагч Долгормаа нь намайг хулгай хийсэн гэж орсон гарсан бүх хүмүүст худал мэдээлэл тараасан болохыг цуг ажиллаж байсан Ж.Болормаа надад хэлсэн гэж тайлбарлаж байгаа хэдий ч түүний тайлбар нь гэрч Ж.Болормаагийн 2019.04.29-ний өдөр шүүхэд өгсөн Долгормааг Байгалийн шийдэгдээгүй бүх хэргийн талаар орсон гарсан бүх хүмүүст ярьсан, мөн Долгормаагийн хүү Оргил шүүхэд ажилладаг, тэгээд энэ талаар мэдээд яриад байгаа юм бишүү гэж би хэлээгүй. Манай охин хажууд хамт байсан. Надад Байгал янз бүрийн юм яриад байхаар нь чи наад хэрүүлээ болиочээ гэж хэлсэн болохоос Долгормаа тэгсэн ингэсэн гэж юу ч яриагүй. Би тэр энэ гэж нэр ч дурдаагүй. Та нарын хэрүүл маргаан надад хамаагүй гэсэн. Би тэгж хэлээгүй юм чинь юу гэж хэлсэн гэж хэлэх вэ дээ. Хүн гүтгэж болохгүй байх шүү гэсэн мэдүүлгээр няцаагдаж байна. /хх- 104-105/

Хариуцагч Ч.Амаржаргал нь гэрчээр Г.Өлзийсайхан, Г.Баянмөнх нарыг асуулгах хүсэлт гаргасан хэдий ч шүүхэд гаргасан хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдах нь зүйтэй. / хх ийн 116,119, 158 дугаар хуудас/

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 174.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага

болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсгүүдэд зааснаар нэр төр гутаасан гэм хорын хохиролд хариуцагч Барнууд овогт Дарамжавын Буянжаргалаас 2 сая төгрөг, Далантай овогт Хас-Очирын Эрдэнэтуяагаас 2 сая, Цогт овогт Магсарын Баярсайханаас 3 сая төгрөг, Мэргэд овогт Чойжилсүрэнгийн Амаржаргалаас 1.500.000 төгрөг, Боржигон овогт Цэндийн Долгормаагаас 1.500.000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэгч Булгад овогт Цэндцэсэмийн Байгалын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ

ШҮҮГЧИД П.ТУЯА

Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ