Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2022/0490

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би, “А*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах тухай хүсэлтийг бичгээр ирүүлснийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “А*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э******* шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “А*******” ХХК нь 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/12 дугаар тушаалын  “А*******” ХХК-д холбогдох заалтыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 3094 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, ажиллагаа явагдаж байгаа билээ. “Манай байгууллагын зүгээс цаашид нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах нөхцөл байдал үүссэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасны дагуу нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“А*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны даргад холбогдуулан гаргасан “Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/12 дугаар тушаалын  “А*******” ХХК-д холбогдох согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагад захиргааны хэрэг үүсгэсэн байна.

Нэхэмжлэгч  “А*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 06 дүгээр сарын 20-ны өдөр дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ...” гэж заасантай нийцэж байна.

Түүнчлэн  “А*******” ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э*******  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх” талаар тайлбарласан, нэхэмжлэгч нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж баримтад гарын үсэг зурсан болно.

​          Иймд нэхэмжлэгч “А*******” ХХК нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

​          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан  “А*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны даргад холбогдуулан гаргасан “Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/12 дугаар тушаалын  “А*******” ХХК-д холбогдох согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ​ ​                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ