| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/0103/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/121 |
| Огноо | 2025-04-16 |
| Зүйл хэсэг | 11.5.1., |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/121
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг
Улсын яллагч М.Мэндбаяр
Насанд хүрээгүй хохирогч *******
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Энхтуяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Мэндбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Гурванзагал суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дорнод аймгийн Гурванзагал сумын 2 дугаар баг, “*******” гэх газарт оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* овогт ******* ******* /РД:/.
Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь Гурванзагал сумын 2 дугаар баг "*******” гэх газарт 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.11, дэх хэсэгт "Уралдаанч хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдаан болон морины сунгаа, бэлтгэлийн үед морь унуулах зөвшөөрлийг бичгээр авсан байх, мөн Үндэсний морин уралдааны уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага MNS6264:2018 стандартын 1,1-т "Энэ стандарт нь үндэсний морин уралдааны уралдаанч хүүхдийн уралдаан болон бэлтгэл сургуулилтын үед өмсөх хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлагыг тогтооход хамаарна", 1,2-т Уралдаанч хүүхэд хамгаалалтын малгай буюу дуулга, хантааз, гутлыг уралдаан тэмцээн, бэлтгэл сургуулилтын үед өмсөж хэрэглэнэ" гэсэн заалтыг зөрчиж, насанд хүрээгүй хохирогч *******гээр хурдан морь унуулсны улмаас мориноос унаж баруун шуу богтос ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Гэмт хэрэг үйлдсэн гэмт буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэв.
Насанд хүрээгүй хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "... ******* ах манайд ирээд "ойрхон морь тарлаад өгчих" гээд надаас гуйсан. Тэгэхээр нь би зөвшөөрөөд морийг нь эмээлгүй зайдан унасан... Хөдлөөд 1 км гаран явж байгаад ташуурдсан чинь морь нь булгиад би ойчсон Тухайн үед ээжээс болон хамт байгаа Ганаа ах нараас зөвшөөрөл аваагүй. ...Тухайн үед Гурванзагал суманд байх эгчийн хөдөө гэрт нь байж байхад саахалт айлын ах ******* нь гэрт ирснээ "ойрхон морь тарлах гэсэн юм" гэж хэлээд намайг гэрт маань өмсөж байсан хувцас болох саарал цамц, хар гуталтай тэр чигт нь морь унуулсан. Ямар нэг хамгаалах хувцас хэрэглэл өвдгөвч, тохойвч, каск малгай, бээлий огт өмсүүлээгүй. Гэртээ өмсөж байсан хувцастай минь тэр чигээрээ морь унуулсан ... Тухайн үед ******* ах хөдөө гэрт ирснээ "ойрхон морь тарлаад өгчих" гэж хэлээд намайг морь унуулсан. Гэхдээ манай ээж болон миний ойр дотны хүнд намайг морь унуулж болох талаар утсаар ярьж зөвшөөрөл авсан зүйл огт байхгүй..." гэжээ. / гэжээ. /хх-ийн 16-17,19 тал/
Хууль ёсны төлөөлөгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “...Манай хүү ******* нь мориноос унаснаас хойш эмчилгээний зардалд нийт 1,500,000 орчим төгрөг болсон. Энэ зардлыг би өөрөөсөө гаргасан. ******* нь манай хүүг Гурванзагал суманд мориноос унагаад аймаг руу авч явах болсон гэдгийг нь мэдээд Дашбалбар сумаас аймаг орох замын зардал гэж 100,000 төгрөгийг дансаар өгсөн. Дорнод аймагт ирээд хүүд маань эмчилгээ хийлгэснээс хойш бэлнээр 300,000 төгрөг өгсөн. Тэрнээс өөр ямар нэгэн эмчилгээний зардалд төлбөр мөнгө өгөөгүй...” гэжээ. /хх-ийн 21 тал/
Иргэний нэхэмжлэгч Ш.Энхмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...хохирогч *******гийн эмчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас зардал зарцуулсан эсэх талаар 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс хойш шүүж үзэхэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байна. Насанд хүрээгүй хохирогч *******гийн эмчилгээний зардалд 1,772,333 төгрөг зарцуулсан байна. ...хуулийн заалтыг бүрэн хэрэгжүүлэх үүднээс насанд хүрээгүй хохирогч *******гийн биед гэмтэл учирсан хэрэгт буруутай этгээдээс уг зардлыг нэхэмжилэх болно...” гэжээ. /хх-ийн 25 тал/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр манай хонийг харах гээд үлдсэн *******г хажуу саахалт айлын залуу ******* нь өөрийнхөө уяж байсан морио унуулж байгаад мориноос унагаад гарыг нь хугалсан гэж *******ын ааваас нь мэдсэн... ******* маань тухайн үедээ хүний морь унахаар боллоо гэдэг талаараа надад болон ээждээ хэлж зөвшөөрөл авсан зүйл огт байхгүй. Хэрвээ надаас болон ээжээс нь зөвшөөрөл авсан бол хүүхдээ юу гэж хурдны морь унуулах билээ. Морь малнаас хол байлгах талаараа бодно шүү дээ..." гэжээ. /хх-ийн 30 тал/,
Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч Б.Өнөрборгилын 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 449 дугаартай дүгнэлтэд:
“...*******гийн биед баруун шуу, богтос ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй" гэжээ. /хх-ийн 34-35 тал/,
- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 13 тал/
- *******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 73 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь Гурванзагал сумын 2 дугаар баг "*******” гэх газарт 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.11, дэх хэсэгт "Уралдаанч хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдаан болон морины сунгаа, бэлтгэлийн үед морь унуулах зөвшөөрлийг бичгээр авсан байх, мөн Үндэсний морин уралдааны уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага MNS6264:2018 стандартын 1,1-т "Энэ стандарт нь үндэсний морин уралдааны уралдаанч хүүхдийн уралдаан болон бэлтгэл сургуулилтын үед өмсөх хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлагыг тогтооход хамаарна", 1,2-т Уралдаанч хүүхэд хамгаалалтын малгай буюу дуулга, хантааз, гутлыг уралдаан тэмцээн, бэлтгэл сургуулилтын үед өмсөж хэрэглэнэ" гэсэн заалтыг зөрчиж, насанд хүрээгүй хохирогч *******гээр хурдан морь унуулсны улмаас мориноос унаж баруун шуу богтос ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч *******, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, анхны үзлэгийн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно" гэж заажээ.
Дээрх гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийг "Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол..." гэж хуульд заасан.
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-т "Үндэсний их баяр наадам" гэж Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх, соёл, өв уламжлал, зан заншлыг бэлгэдсэн үндэсний уламжлалт баярыг", 5.1-т "Үндэсний их баяр наадам нь улс, аймаг, сумын баяр наадмаас бүрдэнэ", 14 дүгээр зүйлийн 14.7.11 дүгээр зүйлд "Уралдаанч хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдаан болон морины сунгаа, бэлтгэлийн үед морь унуулах зөвшөөрлийг бичгээр авсан байх талаар хуульчилсан.
Мөн "Үндэсний морин уралдааны уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага" MNS6264:2018 стандартын 1.1-т "Энэ стандарт нь үндэсний морин уралдааны уралдаанч хүүхдийн уралдаан болон бэлтгэл сургуулилтын үед өмсөх хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлагыг тогтооход хамаарна. 1.2-т Уралдаанч хүүхэд хамгаалалтын малгай буюу дуулга, хантааз, гутлыг уралдаан тэмцээн, бэлтгэл сургуулилтын үед өмсөж хэрэглэнэ" гэж заасан,
Я.Цэвэлийн "Монгол хэлний их тайлбар" тольд "морь хөлслөх" гэдэг нь "морь малыг уях хагсаахад хөлсийг гаргаж засах; уралдааны морь тарлаж хөлслөх" гэж тайлбарласан ба энэ нь хурдан морины уралдааны "бэлтгэлийн үе"-д хамаарч байна.Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, харилцан хамаарал бүхий, хэрэгт ач холбогдолтой нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзнэ.
Иймд шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учирсан бөгөөд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нар нь насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролд 1,918,340 төгрөг өгч, авалцахаар тохиролцсон тул шүүгдэгчээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******аас нийт 4,558,340 төгрөгийг гаргуулж, насанд хүрээгүй хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг шинжээчийн дүгнэлтэд зааснаар 1 дүгээр зэрэглэлээр тогтоосон тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 2,640,000 төгрөгөөр, насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг 1,918,340 төгрөгөөр тус тус тооцож нийт 4,558,340 төгрөгийг гаргуулж, Дорнод аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр баг “” багт оршин суух, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* /РД: /-д олгох нь зүйтэй гэж үзлээ.
Харин иргэний нэхэмжлэгч Ш.Энхмаа нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 1,772,333.15 төгрөгийг нэхэмжилнэ гэж мэдүүлсэн байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******аас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 1,772,333.15 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******аас нийт 4,558,340 төгрөгийг гаргуулж, насанд хүрээгүй хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг шинжээчийн дүгнэлтэд зааснаар 1 дүгээр зэрэглэлээр тогтоосон тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 2,640,000 төгрөгөөр, насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг 1,918,340 төгрөгөөр тус тус тооцож нийт 4,558,340 төгрөгийг гаргуулж, Дорнод аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр баг “” багт оршин суух, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* /РД: /-д олгосугай.
5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******аас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 1,772,333.15 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого болгосугай.
6 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ